Latin

Эрдэмтэй Хөршид Явуулсан Захидал

Süzlärneñ gomumi sanı 1675
Unikal süzlärneñ gomumi sanı 978
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
А. ЧЕХОВ

ЭРДЭМТЭЙ ХӨРШИД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ

“Улсын хэвлэлийн газар” УЛААНБААТАР хотноо 1956 онд эрхлэн хэвлүүлсэн “А. П. Чехов: Сээхэлзүүр” (Өгүүллэгүүд) номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.



Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Б. Ринчений орчуулга

Хавтасны зураг: А. П. Чеховын төрсөн ах Николай Павлович Чеховын зурсан (1880), уг өгүүллэг 1880 оны 3 сарын 21-нд “Стрекоза” (Тэмээлзгэнэ) сэтгүүлд анх хэвлэгдэхэд дагалдсан зураг


ЭРДЭМТЭЙ ХӨРШИД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ

Хуймгаа идчихсэн гэдэг тосгоноос

Эрхэм дотнохон хөрш минь! Максим ... (аавын тань алдраар өргөмжлөн цоллох гээд мартчихлаа, өршөөн вуучлаарай!) Таныгаа бичгийн дэмий донгосох үгээр нуршиж аймшиггүй залхааж байгаа, хүний төрөл олсон өөдгүй сүнс, өтөлсөн муу өвгөн намайгаа вуучлан айлдаж хайрла аа. Та, манай энэ тивд өчүүхэн хүн болох миний айл хүрш болж оршин суусаар бүтэн нэг жил болсон боловч, би ч таныг нүүр танихгүй, та ч өчүүхэн тэмээлзгэнэ хорхой шиг намайг зүс танихгүй байна шүү дээ.
Муу өвгөн миний энэ шар үсгээр ч гэсэн дамжуулж, эрдэнэт хөрш Тантайгаа танилцаж, эрдэмтэй гарыг тань сэтгэлээрээ атган барьж, таныгаа эзэн хот Санкт-Петербургээс хөдөөгийн хүдэх амьтад тариачин ардын буюу плебе дорд язгууртны суудаг, манай энэ муу тивд хүрэлцэн морилж ирсэнд тань баяр хүргэе. Шинжлэх ухаан гэдэг маань, нэг ёсондоо бидний төрсөн эх бөгөөд иргэншилтэй тэр тухай эгээ л нэг болохын дээр миний бие ер олонд алдартай лавд цэцэг, цан хөгжим, одон тэмдэг, лент аттестатаар чимээстэй алдар их нэр нь энэ орчлонт ертөнцийн үзэгдэх болон үл үзэгдэх орон хэсэг бүхэнд нь буюу саран доорх ертөнцөд тэнгэрийн дуу аянга шиг түрхрэн дуурьсаж байдаг тийм нэр цолтой хүнийг зүрхнийхээ голоос хүндэтгэдэг тулд ба Тантай танилцах жавшаан хэдийн эрж явдаг юм сан. Би одон шинжилдэг хүнийг, яруу найрагч нарыг, авирдармын ном судлагч хүнийг, дээд сургуульд заах эрхтэй багш нарыг, химич нарыг хүндэтгэдэг, цэцэн баримт, шинжлэх ухааныгаа салаа мөчир буюу үйлдэхүүн ба үр бүтээлээрээ та ч гэсэн шинжлэхүй ухааны санваартан биз ээ. Тийм хүнд халуун хайртай байдаг. Сонсвол, та дуран мөн халууны хэмжүүр шил бариад, хорхой хүрмээр сайхан зурагтай, гадаадын өдий төдий ном овоолж, олон ном зохион хэвлүүлсэн гэдэг.
Саяхан миний харьяат өчүүхэн нутгаар, миний муу эвдэрхий оронцог байшин балгасаар Герасимов хөрш минь дайран ороод, мухар сүсгийнхээ үүднээс таны тэр хүү хүн төрөлхтний бий болсон зэрэг үзэгдэл ертөнцийн бусад үзэл бодлыг тань эсэргүүцэж, муу хэлээд, (огторгуйн чулуу солир, гэрэлт од, гариг дүүрсэн таны ухаан оюуны агаар, сэтгэхүй тэнгэрийн хормойг эгдүүцэн буруушааж байсан билээ.
Амьтны хувь зохиол нь үзэгдэх, үл үзэгдэх ертөнцийн гүн хөрсөн дотроос эрдэнийн төмөрлөг, төмөрлөг шиг, засмал алмас эрдэнэ ухаж гаргахын төлөө хүн төрөлхтөнд шинжлэхүй ухаан хайрласныг би ганц тэжээл болгож, түүгээр л амьдардаг тул Герасимовтай, таны оюун ухааны бодлын тухай ер санаа нийлэхгүй боловч эрхэм Авгай минь, мэлмийд тань арай гэж үзэгдэх өчүүхэн хорхой шиг амьтан намайг өвгөн хүний ёсоор, байгалийн чухам магадын тухай таны санааг аймшиггүй сөхөөж үзвэл минь өршөөгөөрэй.
Герасимов надад хэлэхдээ нэг зохиол зохиож, хүн амьтны тухай тэдний эрт балар анхны байдал, эрт цагт усаар галав юүлэхээс өмнөх хүний ахуй байдлын тухай асар чухал биш санааг тэр зохиолдоо гаргасан гэж хэлсэн билээ. Та зохиож айлдахдаа, хүнийг муу сайн хүн гөрөөс, сармагчин зэрэг мичний аймгаас бий болсон гэж бичсэн юм гэнэ билээ. Муу өвгөн намайг вуучилж хайрлаарай, тэр чухал зүйлд би тантай санаа нийлэхгүйгээр үл барам, таны амыг таглаж чадна шүү.
Хэрэв дэлхий ертөнцийн эзэн болсон хүн төрөлхтөн гэдэг маань, амьсгал авч явдаг амьтны хамгийн их ухаантай нь мөртөө, тэр мэтчилэн тэнэг мунхаг мичнээс гарсан байдаг бол урт сүүлтэй, улиг домог болсон муухай дуутай амьтан байх юм биш үү? Хэрэв бид мичнээс гарсан бол цигаанууд биднийг олонд үзүүлэх гэж хөтөлж, хот суурин газраар дагуулж яваад, бид нь цигааны тушаалаар бүжиж, эсвэл гөрөөс хорьж олонд үзүүлдэг торон дотор сууж, бие биеэ мөнгөөр суухад хүрэх юм биш үү? Бид битүү үстэй амьтан гэж үү? Мичний мэддэггүй хуваас хунар бид хэрэглэдэг юм биш үү? Манай тайж нарын даргынд мягмар гариг бүр бидний очиж үздэг мичийн үнэр, эмэгтэй хүнээс өчүүхэн төдий ханхалбал бид яаж түүнийг тоож дурлах билээ? Манай өвөг дээдэс маань мичнээс гаралтай бол тэднийг христосын мөргөлтний яс тавьдаг газар хаанаас оршуулах гэж дээ.
italki
Миний хуланц эцэг Амвросий гэдэг хүн, тэр дээр цагт Польш улсад сууж байгаад, католик шашны хамба Иоаким Шостакийн дэргэд ясаа тавиулсан билээ. Гэр католик хамбын бичсэн тэмдэглэл, сэрүүн уур амьсгал мөн халуун архи сархад хэмжээгүй хэрэглэдгийн гэм учрыг бичсэн зүйл нь одоо ч гэсэн миний дүү (хушууч) Иванд бий. Католик хамба гэдэг гол католик шашны хийдийн их лам гэсэн үг. Ном сураагүй намайг таны эрдэмтний хэрэгт хутгалцан орж, эрдэмтэн болоод иргэншсэн хүмүүсийн тархинд нь байхаас, гэдсэнд нь байдаг зэрлэг байдалтай үхээнц бүдүүн санаагаа танд тулган дагуулах гэж, өвгөн хүний ёсоор өөрийнхөөрөө тайлбарлаж байгаагүй минь өршөөгөөрэй. Эрдэмтэн хүнийг ухаандаа буруу бодож байхыг би тун өнгөрүүлэх дургүй хүн болоод, танд эсэргүүцэл үг тавилгүй сууж чадахгүй нь ээ.
Герасимов надад хэлэхдээ, таныг сарын буюу амьтан хүнийг унтаж, таныг нэг газраас нэг газар цахилгаан залгаж, хий хоосон бодол болж байхад бидэнд түнэн хар харанхуйд нарны оронд байдаг сарны тухай буруу боддог юм гэж хэллээ. Та бичихдээ, сар дээр буюу саранд хүн аймаг оршдог гэсэн юм гэнэ билээ. Тийм юм байж болохгүй. Хэрэв тийм байх юм бол орон байшин, өнтэй бэлчээрээрээ тэр хүн амьтан бидэнд таатай сайхан шидэт сарны гэрлийг халхалж байх сан.
Бас хүн ер хур бороогүй сууж чадахгүй дэг. Хур бороо бол дээрээсээ газар дэлхийн зүг доошоо орохоос биш, сар өөд дээшээ ордог хур бороо гэж байх ёсгүй. Хүн саран дээр суудаг бол доошоо газар дээр ойчихсон, тэхэд тэгдэггүй шүү дээ. Амьтан хүнтэй саран дээрээс бузар буртаг, угаадас шингэн нь манай энэ тив рүү л гоожин унаж байх сан.
Ерөөс шөнө нь байгаад өдөр нь үгүй болчихдог саран дээр яаж хүн сууж болох юм бэ? Сар ерөөс алсалсан учир хүн хүрэхэд хэцүү тул амбан татвар зэргээс зайлсхийх этгээд тэр лүү оргож хоргодож болох учиртай дээрээс засгийн газраас ч гэсэн саран дээр нутаглан орших зөвшөөрөл олгох ёсгүй дээ. Та жаалхан ташаарсан байх аа. Таныг тэр цэцэн зохиол номдоо зохиож хэвлэхдээ, хамгийн их гэрэлт юманд наранд хүртэл хар мэнгэ бий гэж бичсэн гэж Герасимов надад хэлсэн. Тийм юм ерөөс байж болохгүй учраас, байх ёсгүй хэрэг. Энгүүн нүдээр нар өөд харж болохгүй байтал, та яаж нарны мэнгүүдийг харсан хүн билээ? Мэнгэгүй байж болдог хойно мэнгээр нар юугаа хийх юм бэ? Шатчихдаггүй нойтон бодисоор хийсэн байх ёстой болно тэр мэнгүүдийг? Таны боддогоор загас ч гэсэн бас наран дээр байж болох нь ээ? Ингэж тэнэгээр хошигнож байгаа хортой мангуу намайгаа вуучлаарай. Шинжлэхүй ухаанд би айтар хайртай юм шүү.
Арван есдүгээр зууны далбаа дарвуул болсон төгрөг мөнгө надад шал дэмий санагдаж, түүнийг шинжлэхүй ухаан цаашхынхаа далавчаар миний нүднээс далдалчихсан юм шүү. Ямарваа нэг нээмт бол намайг нуруу нугас руу минь шаасан хадаас шиг овоолчихдог юм шүү.
Миний бие номгүй мунхаг, хуучин цагийн газар өмчийн эзэн хүн хэдий мөн боловч, энэ хэрэггүй хөгшин тархи чинь, шинжлэхүй ухаан, нээмтийн зүйлийг оролдож өөрийнхөө гараар бүтээхдээ, дэмий тархи, зэрлэг гавлаа санаа бодол, агуу их мэдлэгийн цогцоор дүүргэдэг хүн шүү.
Байгаль эх гэдэг бол үзэж харвал зохих судар юм шүү. Ямар ч шинэтгэн өөрчлөгчийн олоогүй тийм сүрхий нээмтийг би хар ухаанаараа олсон хүн шүү. Гайхуулж бардамналгүйгээр хэлбэл, үр хүүхдээ баян хээнцрээрээ боол зарцтай, цахилгаан хонхтой, зургаан давхар орон сууц тэргүүтнээрээ балладаг ураг элгэн буюу эцэг эх, эсвэл асрагч этгээдийн баян хөрөнгөөр олоогүй, даарьтатлаа холготлоо зүтгэж олсон боловсролын талаар хэлэлцэхэд хүрвэл, би тийм ч доогуур орох хүн биш үү. Сохор зоосны хар ухаанаар олсон минь гэвэл гал сацрагт манай их гартиг нар маань жилд нэг удаа өглөө эрт олон өнгийн гэрлээр сонирхол үзэмж төгс гийгүүлж, гайхалтай мяралзсанаараа сэтгэл зугаацуулдаг юм. Бас нэг нээмт минь гэвэл, өвөл цаг өдөр яагаад богино, шөнө яагаад урт, зун цаг тийм биш байдаг учир юу билээ гэхэд, өвлийн өдөр болбол үзэгдэх, үл үзэгдэх бүх бодисын нэгэн адил хүйтнээс болж агшаад, нар бас эрт ордгийн учир билээ. Өвлийн шөнө бол дэн зул, дэнлүү зэргийг барьдгаас халж тэлээд урт болдог байна. Бас миний олж нээсэн зүйл гэвэл хавар цаг нохой, хонь шиг өвс иддэг юм байна.
Кофе гэдэг бол цус ихтэй хүнд зохидоггүй толгой тархи эргүүлж, нүд бүдэг гэх зэргийн учир болдог юм байна. Аттестат гэрчилгээ байхгүй мөртөө, би энэ хэдээс гадна их олон нээмт хийсэн хүн юм аа. Эрхэм хөрш минь, манайдаа морилонхон ирж үзээч, нээрээ шүү, хоёулаа ололт хийж, утга зохиолоо оролдоод, та минь бузар намайгаа ёоз ёозын бодох аргад сургаж өгнө биз ээ.
Саяхан би Францын нэг эрдэмтний бичсэн зүйлд, арслангийн хушуу толгой нь хүний дүр царайтай адил гэж эрдэмтний боддогтой огт адилгүй юм гэж бичсэнийг үзлээ. Тэр тухайг ярилцан заа. Морилж ирээрэй. Та минь ээ, хичээ. Жишээ нь, маргааш ч ирсэн яах вэ. Бид одоо бацаг барьж байгаа боловч, танд тусгай зоог бэлдэн барина.
Наташа охин минь, Таныг цэцэн ном дэвтэр авч ирээрэй гэж гуйж байна. Охин минь биеэ даасан хүн болоод, хүн болгон тэнэг ганц тэр л өөрөө цэцэн ухаантай гэдэг юм. Одоогийн залуучууд гэж, Танд үнэнээ хэлбэл, горьгүй болж шүү. Яах вэ даа, хөөрхий зайлуул, тэгж л мандаж байг! Нэг долоо хоноод (хушууч) дүү Иван минь над дээр ирнэ. Хүнээр зүгээр амьтан боловч, эндээ аминчилж хэлэхэд, шинжлэхүй ухаанд дургүй Бурбон хүн шүү. Миний энэ захиаг Трофим түлхүүр ч минь яг оройн 8 цагт танд хүргэж өгнө. Хэрэв оройтож хүргэвэл нь эрдэмтэн багшийн ёсоор хацрыг нь алгадмуу. Тийм харчуултай ёс хэлэлцэж нарийн нанжин зан гаргасны хэрэг алга. Айлаар гийчилж айлчлах ёсыг бид үүсгэн гаргасан хэрэг биш, бид ч төгсгөн зогсоох хэрэг биш. Тиймийн тулд, Та минь заавал, олон жижиг машинтайгаа, номтойгоо ирээрэй. Би өөрөө танайд очих юм сан, даанч зүрх хүрэхгүй үхээнц хүн юм даа. Таныгаа алжаасанд муу намайгаа вуучлаарай.
Таныгаа хүндэтгэж суудаг, Доны цэргийн сул бага дарга ВАСИЛИЙ СЕМИБУЛАТОВ ёсоллоо.


Ринчен монголчилж, тэмдэглэх нь, Чехов, энэхүү Семибулатовыг үг үсгийг зөв бичиж чаддаггүй мөртөө мэдэмхийрдгийг нь даажигнаж бичсэнийг монголоор бас л үг үсгийг хазгай бичих зэргээр монгол үг үсгийн байдалд дурайлгалаа.


1956 оны “Сээхэлзүүр” номын Гарчиг

ХЭЛ БИЧГИЙН БАГШ
ЭРДЭМТЭЙ ХӨРШИД ЯВУУЛСАН ЗАХИДАЛ
БАЯРЛАСАН НЬ
БҮТЭЛГҮЙХЭН ЯВДАЛ
ТӨӨРСӨН ХОЁР
АЙДАС
ДУУЧИН ХҮҮХЭН
АНЮТА
ГОМДЛЫН ДЭВТЭР
ХҮЗҮҮНДЭЭ АННА
СЭЭХЭЛЗҮҮР
БАГА ДАРГА ДЭЛСДЭГ
САВХИН ГУТАЛ
ҮЙМЭЭН САНДРААН
ИОНЫЧ


1956 оны “Сээхэлзүүр” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл


Редактор Б. Ринчен

Техник редактор Д. Лодой
Хянагч Б. Уламбаяр

1956 оны 4 дүгээр сарын 30-нд үйлдвэрт шилжүүлж
10000 ширхэг хэвлэв.
Цаасны хэмжээ 84х108 1/32.
Хэвлэлийн хуудас 4, 75
Б-021920
Захиалсан № 115
Үнэ 2 тө 30 мө

Сүхбаатарын нэрэмжит Улсын Хэвлэх үйлдвэр
Улаанбаатар Чойбалсангийн гудамж, 2


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.