Latin

Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 3

Süzlärneñ gomumi sanı 3857
Unikal süzlärneñ gomumi sanı 1497
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Адуунд орвоос
Хоёр загал харьж ирсэн ажгуу
Өл буурал азарга нь үүрсэн байж
Үүрд хагацав гэж билээ би
Эдүгээ өдөр ирэв үү та хэмээн
Баярлан байж эвшээн байв
Эрмэг цагаагчин гүү эх нь
Хоёр нүднээс нулимс гаргаж
Уйлан баярлаж байхыг үзэв
Эр хоёр загал нь
Эх юүгээн энд тэндээс нь харж байхыг үзэв
Боол Бачин үзээд
Хоёр загалыг барин гэв
Хоёр загал эс баригдав
Хоёр загал ирж
Өл буурал азаргатай авч ирэв гэж
Хаан эзэн сод богдод айлтгав
Сод богд хаан эзэн нь
Нэг ханцуйгаа түргэн өмсөн гарав
Ээ хоёр загал минь
Мэнд буюу та гэв
Бага загал нь
Зэв онтдохуйн төдий газраа байж хэлэв
Гурван цавчуур зорьсон хойно
Хоёр загалд юу буй
Гучин түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь харин мэнд буюу та
Алтай ханыг зорьсон
Алиа муу хоёр загалд юу билээ
Арван түмэн улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь харин мэнд буюу чи
Хөхүй ханыг зорьсон
Хөөрхөн аальт хоёр загалд юу билээ
Хүй олон улсыг эзлэн суусан
Хаан эзэн минь харин мэнд буюу чи гэв
Сод богд зарлиг болж
Ээ хоёр загал минь
Та юуны тул ямар учиртай
Газарлав та гэж асуув
Их загал дуун эс гарав
Бага загал сод богд эзэндээ хэлэв
Ээ хаан эзэн минь
Хоёр загалыг хайрлах болоосой
Дааган цагт минь давтах билээ та
Үрээ цагт минь
Өрөн санах билээ та
Хязаалан цагт минь
Хяхан унах билээ та
Соёолон цагт минь
Сорин унах билээ та
Алтай ханыг авлахуй цагт
Аргал угалзыг гүйцэн алав
Арван түмэн авын хүн үл магтав
Хөхүй ханыг хөвчлөн авлахуй цагт
Хүйлэн хөх чоныг гүйцэн алав
Хэдэн түмэн хүн чинь үл магтав
Хэнтий ханыг хэрэн авлахуй цагт
Хэдэн түмэн хүн чинь эс магтав
Онон хатны ой талыг авлахуйд
Ойр хол адил боловч
Олон түмэн чинь эс магтав
Тиймийн тулд газарлав бид
Аймаг шувуу донгодлоо
Хүний хөвгүүн газартаа суув
Хүлгийн хөвгүүн газраа санав
Хаан эзэн сод богд минь гэв
Тэнгэхүйд их загал хэлэв
Бор туурам байг гэв
Хаан эзэн минь намайг уна гэв
Тэр үгийг зөвшөөж
Бага загалыг найман жил хурлав
Найман жил хагсаав
Намрын тэргүүн сард
Авд мордъё гэж
Ав мордон
Алтай ханыг арлан авлав
Арван түмэн хүн магтан гайхав
Хөхүй ханыг хөвчлөн авлав
Хэдэн олон амьтныг гүйцэн алав
Хэлхүй авын хүн гайхан магтав
Хэнтий ханыг хэрэн авлав
Хэдэн олон амьтныг гүйцэн алав
Хэлхүй авын хүн гайхан магтав
Онон хатан мөрний ой талыг авлав
Олон түмэн амьтныг
Хядан алав
Хэмжээгүй гайхан магтав
Хоёр загалын санаа амархан жаргав
Сод богд Чингис хаан
Бага загалд хив татаж сэтэрлэв гэлээ
Хив татахын ёсон
Бага загалаас болов гэлээ
Эзэн богд Чингис хааны
Эр хоёр загалын тууж төгсөв.

italki
Тайлбар
Үүнийг 1916 оны орчим, Монгол улсын гадаад яамнаас хорголжин бараар хэвлэсэн эхийг баримталж бусад бичмэл туужтай нийлүүлэн засаж хэвлэвэй.

Хоёр загалын тууж (Ордосоос олдсон гар бичмэл)
Эрт нэгэн цагт эзэн Чингис хааны бум сүргийн доторх, буурал улаан азаргаас эрмэг цагаагчин гүүнээс эр хоёр загал төрөв гэнэ. Тунгалаг мөрний захад, товцог уулын оргил дээр, догшин хурын өдөр унагалсан хоёр загал гэнэ. Дөрвөн туурай нь агшаагүйд, эрмэгч цагаагчин эхээ тойрон тоглож явахдаа, түнгэрцгийн чинээ чулууг түлхэн унагаж, аяганы чинээ чулууг алс хол хаялан наадаж байтал, эзэн Чингис их ав тавьж явахуйдаа улаан буурал азаргын эрмэгч цагаагчин гүүний эр хоёр загалын тоглож наадан байхуйг ажааран үзээд ихэд баясаж, шинжлэн үзээд сайн заяат хүлэг хэмээн сайшааж, эцэг тэнгэрийн минь хайрласан эр хоёр загал хэмээн магтаж есөөд есөөд гүүнд тэллэн хөхүүлж өсгөөд унага ахууд нь уяж, даага ахууд нь давтаж, соёолон цагт хуяглаж жагсаан гурван сар хагсааж, нэгэн өдөр эзэн зарлиг болруун: “Энэ хоёр загал морио энэ өдөр сорьж үзье” хэмээгээд их цэрэг аваа хөдөлгөн явахуйд, хөх чоно нэгэн бүлэг дайрагдсаныг хөдөлгөлгүй цөм дайран унагаж гарав. Аргал угалзыг агнан хөөвөөс, аргагүй гүйцэгдэж алуулав. Ямармайн авчин нэгэн хоёр ч эс гүйцэв гэнэ.
Энд хоёр загалд уярах сэтгэл төрж, охилох нулимс гаргав. Харьж ирсний хойно, бага загал дүү нь, их загал ахдаа хэлэв, авгай минь, чи бид хоёр явъя, асарч унах нь эрх зээрд биш үү. Алан болон унах нь чи бид хоёр байнам. Хайрлаж унах нь хар хулан биш үү. Хатуу ширүүнд унах нь чи бид хоёр байнам. Эмгэнээ мэт санагч эрх зээрд биш үү. Энгийн мэт санагч нь чи бид хоёр байнам. Хатнаа мэт санагч хар хулан нь биш үү. Хартан мэт санагч нь чи бид хоёр байнам. Авхайгаа мэт санагч ал зул бор морь биш үү. Алан болон асанчлагч нь чи бид хоёр байнам. Авгай минь чи бид хоёр явъя. Алтай хан гэгч газар байнам. Агь шаваг өвстэй гэнэм. Ар өвөргүй устай гэнэм. Алдуулан хүрч амарч хэвтье. Хөхүй хан гэгч газар байнам. Хөвд бүр өвстэй гэнэм. Хөөрөм бүр устай гэнэм. Гүйж хүрч урваж хөрвөж хэвтье. Хуухайн гурван цавчуур гэгч газар гэнэм. Горви бүр өвстэй гэнэм. Хотгор бүр нь хужиртай гэнэм. Холдож хүрч урван хөрвөн амаръя. Ай Авай минь алдуулж хүрье. Амарч хэвтье, босож идье. Халуун өдөр баринам биш үү. Хаттал чилтэл уянам биш үү.
Хар шар тохом тохном биш үү. Хайр чулуу үмхүүлнэм биш үү. Авгай минь явъя.
Хүйтэн өдөр баринам биш үү. Хөх төмөр, үмхүүлнэм биш үү. Гөрмөл тохом тохном биш үү. Хүйтэн цас үмхүүлнэм биш үү. Яахия, авгай минь явъя гэв. Дүү бор загал тэр мэт нууж хэлэхэд, их загал ах нь, дүү бага загалдаа хэлэв, ай янаг бор загал минь, Чи юу гэж ингэж уйднам билээ. Эр хүн баярлавч манлай үл хагарнам гэлээ. Агт морь таргалавч саарь үл язарнам гэлээ. Ай янаг бор загал минь, юу гэнэм. Хадны өвс хагдтай ч болов. Халуурам байж идье. Бутны өвс богтой ч болов, болгором байж идье. Ай янаг бор загал минь юу гэнэм. Манийг үзсэн хүн хүний гэж хөөн үлдэх биз. Дайсны гэж даяар үлдэх биз. Зэрлэг гэж зэвээр унагаах биз. Ай янаг бор загал минь юу гэнэм. Эзэн гэж Чингис хаантай адил эзэн олдох буюу. Ээж гэж эрмэг цагаагчин гүүнд адил ээж олдох буюу. Ийнхүү санахул байгаасай Авай минь. Арван сар болтол гэдсэндээ өргөсөн, ангир шар уургаа саан хөхүүлсэн хотгор нуруугаа чилтэл өргөсөн, хонгор шар уургаа саан хөхүүлсэн эрмэг цагаагчин ээж юүгээн Яахиж мартъя гэнэм. Өсгөн төрүүлсэн улаан буурал ахай юугаан Яахиж мартъя гэнэм. Өдгөө ханилсан олон нөхдөө яаж мартъя гэнэм. Ай янаг бор загал минь юун ингэнэм гэж хорьтол, эс тогтож өндөр ухаа довон дээр гарч, харан харан явж үд болоход, гурван улиасан модны сүүдэрт сүүдэрлэж байхад дөрвөн зүгээс нь дөрвөн өнгөт алтан гургалдай шувуу босон жиргэв. Урд газрын өвс нь унага даага чимхэх мэт сайхан байнам. Хойд газрын өвс нь хонь хурга чимхэх мэт байнам. Урд газрын ус нь нуур далайд адил байнам. Хойд газрын ус нь хойгийн шавар шалчигт адил байнам. Бас урд газрын эрийн гэзэг нь алд хийгээд дэлэм сайхан байнам. Хойд газрын эрийн гэзэг нь ямааны сүүлтэй адил байнам. Бас, урд газрын агтын гуя, тэвэрч багташгүй мэт сайхан байнам. Хойд газрын агтын гуя хүүрзгэнэ царцааны гуяд адил байнам, гэж жиргэв. Харцгай шувуу хадан дээр суун жиргэв. Хаан эзний хоёр загал газарлах ёсон түүнээс болов. Богширго шувуу босон жиргэв. Богд эзний хоёр загал газарлах ёс түүнээс болов. Алтан гургалдай шувуу улиас модны мөчир дээр ирэн жиргэв. Агт хоёр загал газарлах ёсон түүнээс болов. Хөхүй ханы ар дахь хөхөө шувуу ирэн жиргэв. Хөөрхий хоёр загал хол газарлах ёс түүнээс болов.
Тэдгээр шувууг дөрвөн зүгээс жиргэхүйд тэр хоёр загал морь, хоёр чихээ сэртийж, сүүлээн сагсайлгаж, хамраа хуухирч чагнан байгаад, хайрт бага загал газарлан явав.
Тэр загал морь түргэн түргэн явахуйд түнгэрцгийн чинээ чулууг хөдөлгөн, аргар аргар явахуйд аяганы чинээ чулууг цохилон явав. Төдий хуухайн гурван цавчуурыг зорин явж хүрч байтал, их загал ах нь дүү бага загалын тоосыг харж байгаад эс тэсэн, хойноос хүрч ирэхдээ хар хөлсөө гаргаж, хамраан сартайж, арайхан гэж амь тэмцэх мэт гүйцэж ирэв.
Тэр шөнө, хаан эзэн нойрссоныхоо хойно зүүдлэв. Эрт босож боол Мэчиндээ зарлиг болов. Эрхт эцэг тэнгэрээс эштэй төрсөн эрх хоёр загал минь, ийлэн газарлав гэж зүүдлэв би. Хаан тэнгэр эцгээс заяатай төрсөн, хайрт хоёр загал минь, харь болон газарлав гэж зүүдлэв би. Ай, боол Мэчин минь, адуунд орж үз, үнэн буюу худал буюу. Үнэн бөгөөс таван өнгө дөрвөн харийн улсад минь, эрт манагаар тунхаг өгч цуглуулж ир гэв.
Төдий боол Мэчин адуунд орж үзвээс, хоёр загал үгүй ажгуу. Эрмэг цагаагчин гүү нь ийш тийш харж, хоёр нүднээсээ нулимс гаргаж, хоёр хөхнөөсөө сүү цувруулж байв. Төдий боол Мэчин эрт манагаар явж, таван өнгө дөрвөн харийн улсаа цуглуулж аваачив. Ирсний хойно ачит хаан эзэн ал зул бор мориндоо алтан эмээл тохмоо тохож, алтан саадгаа бүсэлж, алангир цагаан нумаа дүрж, ал начин харцгайгаа бариулж, ам цагаан шар нохойгоо хөтөлгөж, агт хоёр загалаа эрэхүйд авын их улсдаа зарлиг болов, тэр хоёр загалыг минь хэн хүн гүйцвээс бүү харва. Дам дамаар тосож угтаж барь. Тэр барьсан хүнд, дөрвөн хошуу малаас тэгш хувааж өгье гэв. Хөхүй ханы өврөөр цуван явж Алтай ханы араар авалцъя. Төвийн хүн түргэн яв. Отойн хүн урьд яв, тахимын хүн тасран бүү хоцор гэж зарлал өгөөд, Хөхүй ханы өврөөр Алтай ханы араар авалцаж ирэхүйд, их загал ах нь бага загал дүүдээ авын хүн ирэв гэж дахин дахин хэлэхүйд бага загал хэлэв, ай авгай минь, Чи эм хүн мэт охорхон санаатай чинь юу буй. Чи бид хоёулыг гүйцэх байтугай манай барааг харах морь тэнд буй билүү. Барааг маань харах болохул ал зул бор морь яахинам болов.
Тэгэвч юун буй. Гайгүй явъя Авай минь. Төвийн хүнд тоосоо үзэгдье. Отойн хүнд бараагаа харагдъя гэв. Хөхүй ханы өврийг даван гарахад хөх халзан бугыг өшигчин унагаж бууя. Алтай ханы араар буухад, аргал угалзыг гишгэлж бууя. Тэр хэлсэн үгээр өшигчин унагаж гаран очив.
Хаан, Хөхүй ханы өндөр дээр гарч, барааг тасартал харж байгаад, эс гүйцсэнд Болтын бор тал дээр бууж, тохмоо дэлгэж, бүсээ хүзүүндээ өлгөж, тэнгэр эцэгтээ мөргөв. Хар багын сайнаар хаан эс боллоо би. Хаан тэнгэрийн хайраар хаан болов би. Хазаараа яахиж эгэлдэрч харъя. Эрэмгий сайнаар хаан эс боллоо би. Эрхт тэнгэр эцгийн заяагаар хаан болов би. Эмээлээ яахиж үүрч харъя би. Олон их ав болном биз. Юундаа эмээлээ тохном. Учирт их уралдаан болном биз. Юугаа жагсаан хагсаая. Хүй их ав болном биз. Юугаа эмээллэе би. Хүнд их цэрэг болном биз. Юугаа хуяглая би. Харьтан дайсан болохул юугаа унанам. Хайран хоёр загал минь гэж хайлав. Төдий гүйцсэнгүй эзэн богд гэртээ өөд болж харив.
Хоёр загал Хуухайн гурван цавчуурт хүрч нутаглав. Гурван жил болоход бага загал саарь мэдэн таргалав. Их загал нь хатаж зогссон морь мэт явбай. Чингэж байтал, бага загал дүү нь их загал ахдаа хэлэв, ай, авгай минь чи өвлийн цаг болохул хоёр хацарт чинь аяганы чинээ мөс гөрж явнам. Зуны цаг болохул хоёр хацар чинь халцгайрсан мэт явах чинь юун буй. Өвсийг болбоос эрүүгээр идэн, усыг болбоос уруулаар адилхан ууж атал, ай, авгай минь, чи арьстай шөрмөстэй ингэж хатсан чинь юун буй. Ачит Авай минь, чамайг үхүүлж арьсыг чинь өмсөв үү би. Махыг чинь идэв үү би. Авай минь санаагаа над хэлээсэй хэмээхүйд их загал нь хэлэв, ай янаг бор загал минь. Чи омгоо дараагүй, уушгиа хатаагүй чинь юун буй. Янаг бор загал минь, өсгөн төрүүлсэн эрмэг цагаагчин ээж юүгээн санахул, авгай чинь би өвсөнд эрүүгээ хүргэж ядав, усанд уруулаа хүргэж ядав. Ай янаг бор загал минь, олон их ав болном билээ. Улсын урд жагсааж хагсаадаг билээ. Улаан эмээл тохмоо тохож улс монголын өмнө эрхэмшүүлэн хөтөлж ирнэм билээ. Хөхүй ханы өврөөр буун ирэхүйд, хөх халзан угалзыг буулган ирээд угтуулан харванам билээ.
Хөвчин улс маань, хүрзний чинээ цагаан шүдийг минь татаж гайхдаг билээ. Өвсний үзүүрийг идэвч, усны тунгалгийг уувч юуны тус гэж хэлээд охилохуйд бага загал хэлэв, ай авгай чи эр хүн мэт эрвэс эрвэс гэж инээж явах буй за. Эм хүн мэт ярвас ярвас гэж охилох нь юун гэж хэлээд, бага загал нь зөв хандан инээж буруу хандан уйлж, гэнэт уярах сэтгэл төрж гэнэхрэн өвсийг нэг хоёр хазлан байгаад хэлэв. Ай авгай минь чи сайн өвсийг ид, сайн усыг уу, санаагаа амрааж саарь мэдэн таргалсны хойно явъя гэв.
Их загал нь зөв гэж хэлээд, өвс усыг идэн ууж, урван хөрвөн биеэ амарч урьдах мэт таргалсны хойно бага загал хэлэв, ай авгай минь. Явъя эдүгээ харъя гэв. Тэгж хэлэхэд их загал нь баярлан хатирав. Бага загал нь сун сун гэж явав. Өөрийн газартаа харих болоход бага загал нь хэлэв, ай авгай минь. Гурван сарын газрыг боловч гурван хоногт хүрье. Болжмор шувуу жиргэхүйн урьд богд эзэн өөд болохын урьд хүрье. Хайргана шувуу жиргэхийн урьд хаан эзэн өөд болохын урьд хүрье. Алтан гургалдай жиргэхүйн урьд ачит эзнээ өөдлөхийн урьд хүрье. Улаан наран гарахын урьд, унага даага барилахуйн урьд өсгөн төрүүлсэн улаан буурал ахайдаа, өргөн төрүүлсэн эрмэг цагаагчин ээждээ, өдий олон ханилсан нөхдөдөө үүр шарлахын урьд хүрье хэмээн хэлээд зэрэгцэн хатираад, гурав хоногт хүрч ирэв.
Хоёр загалаа хүрч ирсэн шөнө, Богд эзэн хоёр загалыг ирэв хэмээн зүүдлэв.
Хаан эзэн эрт манагаар сэрээд, боол Мэчиндээ зарлиг болов, хаан тэнгэрээс заяатай төрсөн хоёр загал минь харьж ирснийг хазаарлаж байнам гэж зүүдлэв.
Эрхт тэнгэрээс эштэй төрсөн хоёр загал минь эргэж ирснийг эмээллэж байнам гэж зүүдлэв. Үнэн буюу худал буюу. Эрт манагаар адуунд орж үз гэж зарлиг болов. Хаан эзний зарлигаар боол Мэчин адуунд орж үзвээс, эрмэг цагаагчин гүү эх нь ийн тийн харан, хоёр загал юугаан ирснийг үзэж, хоёр хөхнөөс сүү цувруулж, хоёр нүднээсээ нулимс асгаруулж байв. Хоёр загал нь эрмэг цагаагчин гүүний энд тэндээс нь харж сөхрөн байв. Боол Мэчин барин ядаж, улаан буурал эцэг, эрмэг цагаагчин эхтэй нь элдэж ирээд эзэнд хоёр загал ирэв гэж морины дээрээс бархирсаар ирэхүйд, хаан эзэн сонсоод нөмгөн дээлээ яван яван ханцуйлаад, хоёр загалын өмнөөс угтаж гараад, ээ хоёр загал минь, мэнд ирэв үү гэж зарлиг болов. Чингэхүйд, их загал нь хэлэв, хуухайн гурван цавчуурт зорьсон хоёр загалд ч юун билээ. Гучин түмэн улсаа эзлэн суусан эзэн минь мэнд буй за. Хөхүй ханд зорьсон хоёр загалд ч юун билээ. Хүй их улс түмнээ эзлэн суусан хаан эзэн минь харин ч мэнд буй за. Алтай ханд зорьсон хоёр загалд ч юун билээ. Арван түмэн улсаа эзлэн суусан хаан минь харин ч мэнд буй за гэв.
Төдий мэндийг асуусанд хаан эзэн баясаж та хоёрыг минь хүн унав уу, гэж асууваас бага загал хэлэв, хуухайн гурван цавчуур хол биз. Гуталт хүн манийг яахиж унах билээ. Хөхүй хан гэгч өндөр биз. Хөлт хүн манийг яахиж унах билээ. Алтай хан гэгч өндөр биз. Албат хүн манийг яахиж баринам билээ. Арван түмэн цэргийн аваар эс барьсан манийг алт хүн яахиж барьж унах билээ. Олон их аваар барин эс болоод, оорцог хүн манийг яаж унах билээ. Өвс болбоос эрүүгээр, ус болбоос уруулаар адилхан идэн уун атал, хэн таргалсан, хэн эс таргалсныг хэн мэднэм гэж годил харвам газар сөхрөн байв.
Чингэж байхад, хаан эзэн хоёр загалыг минь барь. Эмээлийг минь тох гэв.
Төдийд, их загал хэлэв, бид хоёрыг барихад юу билээ гэж хэлээд зогсож байв.
Зогсож байгаад барьсан хойно бага загал хэлэв, хаан эзэн манийг санахул найман жил хурлаад, найман сар хагсаа. Эсвээс, гурван жил хурлаад, гурван сар хагсаа гэв.
Төдий хаан эзэн их хэнгэргээ дэлдэж, их түмэн улсаа хураав. Бага хэнгэргээ дэлдэж, бага түмэн улсаа хураав. Хол газар одсон хоёр загал минь ирэв. Хотол есөн хүсэл минь ханав хэмээн хоёр загалын ирсний учирт ноёд ихэстээ гурван өдрийн их хурим тавив. Их загалыг сэтэрлэж онголов. Бага загалыг өдөж газарлав гэж эзэн баахан уурласан ажгуу. Нуур далай мэт хурим хийв. Төдий богд хоёр загалаа хайрлав. Найман жил хурлуулав. Найман сар хагсаагаад, намрын тэргүүн сард авд мордвол Алтай хан, Хөхүй хан хоёрт ав тавив. Аргал угалз нэрт гөрөөсийг төхөөрөн гарав. Ар өвөргүй аргал угалзыг унагав. Арван түмэн хүн гайхан магтав. Аливаа авчинд гайхамшиг болов. Ачит эзний хоёр загалын алдар нэр дуурьсав.
* * *
Урьд эзэн богд нэгэн хэсэг оорцог улсыг оруулж авахуйд, хүлэг шинжигч Аругдай тайшийн хөвгүүнийг арван түмэн адуут Алагдай баянд өгсөн ажгуу.
Тэр хөвгүүн Алагдай баяны мянган бор хонийг адуулж явтал, нэгэн үдэш Алагдай баян малаа угтаж гаран очихул, хонь адуулсан тэр хөвгүүн нэгэн морины хувхай толгойг тэвэрч үүнийг хэн ал зул хүлгийн толгой гэнэм. Намайг хэн Аругдай тайшийн хөвгүүн гэнэм гэж уйлж байхад Алагдай баян түүнийг үзээд, чи энд юу хийж суунам. Хонь чинь аль газар буй гэж занчихад, тэр хөвгүүн хэлэв. Энэ хувхай толгой ал зул хүлгийн толгой байнам гэв. Урьд эцэг минь хүлэг шинжигч билээ.
Би үүнийг үзээд уйлж саатав. Хонь минь байх биз гэж хэлсэнд Алагдай баян хэлэв.
Миний арван түмэн адуунд хүлэг үгүй болоод, энэ хувхай толгой чамд хүлэг болов уу. Чи хүлэг таних байнам манагаар эрт адуунд минь шинжиж хүлэг олж ац гэв.
Манагаар эрт адуугаа хурааж ир гэв. Төдий адуугаа хураагаад чи шинж гэв.
Төдийд тэр хөвгүүн гурав дахин адуунд орж үзээд үүнд хүлэг үгүй, хүлгийн баас байнам гэв. Төдий Алагдай баян уурлаж жанчиж байтал гэрийн хойно нэгэн морь янцгаав. Тэр хөвгүүн намайг бүү жанч гэв Хүлгийн дуу гарнам биш үү гэж хэлээд очихул, онгоц ховоо ачсан гол дунд дайртай годон сүүлтэй хулгар алаг морийг үзээд, хүлэг энэ мөн гэж хэлээд очиход, Алагдай баян бас уурлаж, миний арван түмэн адуунд хүлэггүй болоод, миний онгоц ховоо ачсан хулгар алаг морь чамд хүлэг болов уу гэж бас жанчихад хөвгүүн нь: “Ай авгай, намайг бүү жанч энэ алаг морийг гурван жил хурлуулж мэд гэв. Түүний хойно би чамд эр хүлгийг үзүүлж өгье” гэв.
Төдий Алагдай баян түүний үгээр гурван жил хурлуулав. За, энэ морь хүлгийг надад үзэхүл хэмээсэнд хөвгүүн өгүүлрүүн: “Гурван давхар олом, гурван давхар хударга, гурван уут шороо, гурван уут ээзгий хурууд ач” гэв. “Арван түмэн адуугаа хурааж бай” гэв. “Гурав эргэж ирэхүйд тэнд үзэж бай” гэж хэлэв. Түүний үгээр Алагдай баян цөм төгсгөж өгөв. Тэр хөвгүүн морийг нь унаад арван түмэн адууг нь гурав дахин эргэж үзээд, гурван уут шороог эргэхүй бүрд нэг нэгийг хагалж тоосыг гаргаад, хөвгүүн өгүүлрүүн: “Хүний хүү хөгжив, хүлгийн унага дэгжив” гээд явж одов.
Төдий Алагдай баян аргаа олон ядаж, ал зул бор морио унан очиж ачит эзэн богд минь айлдан соёрх. Эр биш эрдэнэ, морь биш хүлгийг алдав би. Арга үгүй эзэндээ айлтган ирлээ би. Миний гэр дэх нэгэн олзны хөвгүүн билээ. Тэр хурдан хүлэг шинжигч ажгуу. Нэгэн өдөр малаа өмнөөс угтаж гаран үзэхүл тэр хөвгүүн нэгэн морины хувхай толгой тэвэрч охилон байхыг би үзээд, чи юу хийж суунам, гэж асуусанд тэр хэлэв. Эцэг минь хүлэг танигч билээ. Энэ хувхай толгойг үзвээс ал зул хүлгийн толгой байнам гэж хэлэхүйд түүнийг би арван түмэн адуунд минь хүлэг байна уу үз гэв. Тэр хөвгүүн миний онгоц ховоо ачсан хулгар алаг морийг минь хүлэг мөн гэж хэлэв. Түүний үгээр юуг хэлбээс түүнд бүтээж өгөхүл, тэр хөвгүүн харин хүлгийг минь унаж явав. Эзэн минь арга юу буй айлд гэв.
Төдий эзэн зарлиг болов, Согдор сайхан хөвгүүн миний бага загалыг унаж гурван алд дэгээ барьж морд гэв. Чадваас хүн хүлэг хоёрыг давхраар барьж авчир.
Ядваас хүнийг барьж авчир хэмээгээд Согдор сайхан хөвгүүнийг мордуулав. Төдий гурав хоног явсан хүлгийг мөн өдөр гүйцэв. Гурван үе дэгээгээр татаж эс хүч хүрэв.
Хөвгүүний дээлийн нэгэн захаас татваас авч хүчрэв. Төдий хоёул сундалж харьж явтал, бага загал уртсаж үхэв. Төдий эзэн богд гомдож найман алд магнагаар ясыг сайхан барив.
Тэр цагт, Аругдай тайш өглөө үдэшгүй миний хөвгүүн олзонд явсан билээ. Арга үгүй хүлгийн сайныг таних билээ. Урваж хэзээ ч ирэх мэдээ үгүй гэж өндөр дээр гарч барааг харж яван атал, гэнэт нэгэн үдэш хүлгийн тоос гарахыг үзээд, гэртээ харьж ирээд эмдээ хэлэв. Ай чи мэдэв үү энэ үдэш өндөр дээр гарч яван атал хүлгийн тоос гарнам билээ. Хүлгийг таних хүн ер үгүй билээ. Миний хөвгүүн ирсэн буй за.
Лавтайхан миний хөвгүүн мөн. Тэр мөн болохул түүний хүлгийг гүйцэх морь үгүй.
Хэрвээ гүйцэх бөгөөс хар халзан морин буюу хэмээн жагсаан хагсаагаад Төмөрч урны гэрт одоод гурван алд төмөр дээс аваад угтаж байтал хүнгүй хүлэг хүрч ирэв.
Ээж эвүү миний хөвгүүн энэ хүлгээс унах ёсгүй билээ. Дээрх тэнгэр аваачив уу.
Доорх газар авав уу, гэж дав хийж хүлгийн түнхэлгийг дэгээгээр татваас, хүч эс хүрээд тавьж, биеэ амрааж хоёр үе эргээд, хүч эс хүрээд тавьж, биеэ амрааж хоёр эргээд тогтоон ядаад тавьж илгээв.
Түүнээс хойд хүлэг гадна, төрөх хятад газар тогтох ёс түүнээс болов.

Тайлбар
“Хоёр загалын тууж”˗ийг энд хэвлэхдээ, Эрдэнэтогтохын Ордос нутгаас олж аваад “Монгол түүх хэл бичиг” сэтгүүлийн 1958 оны тавдугаарт хэвлэж гаргасан эхийг гол болгон баримталж, Жамсраны Цэвээний мөн Ордосоос олж авсан бөгөөд Ленинградын номын санд байгаа эхтэй нийлүүлэн бага сага засаж бэлтгэснийг мэдэгдье.


“МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ” НОМЫН ГАРЧИГ:


ГАРЧИГ

НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
ОРШИЛ
МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН УЧИР
1. Монголын нууц товчооны долдугаар бүлэг
2. Алтан ордны үйсэн дээрх бичиг
3. Гурван зуун тайчуудыг дарсан домог
4. Аргасун хуурчийн домог
5. Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир
6. Чингисийн билэг
7. Богд Чингисийн магтан сургасан шастир
8. Оюун түлхүүр
9. Чингисийн хоёр эр загалын тууж оршив
10. Тогоонтөмөр хааны гэмшил
11. Чингис хааны их өчиг
12. Хонжин дэвтэр оршив
13. Гүүний сүүний цацлын судар оршив
14. Бэрийн ерөөл
15. Хуримын ерөөл
16. Гэрийн ерөөл
17. Галын тахилга
18. Гал тахих ёсон
19. Галын ерөөлийн судар оршив
20. Шувууны даллага
21. Манихан тэнгэрийг тахих ёсон
22. Ангийн сан
23. Тэмээний даллага
24. Бөөгийн дуудлага
25. Даян дээрхийн дуудлага
26. Долоон өвгөн хэмээх одны судар
27. Сулхарнайн тууж
28. Чойжи˗Одсэр, Бодичаръя Аватарагийн аравдугаар бүлгийн тайлбар
29. Чойжи˗Одсэр, Банзрагчийн төгсгөлийн шүлэг
30. Шантидэва, Бодичаръя Аватарагийн Зорин ерөөх аравдугаар бүлэг
31. Цавчаал боомтын хаалган дээрх бичиг
32. Алтангэрэлийн хорин дөрөвдүгээр бүлэг
33. Дамбадаржаа гүүш, Хураангуй Алтангэрэлээс
34. Сажа бандид Гунгаажалцаны зохиосон Субашид, Тарнич тойн
Сономгарагийн орчуулга
35. Хэтэрхий хоёр ухаантан
36. Мандухай цэцэн хатны домог
37. Даян хааны харьяат зургаан түмэн монголын магтаал
38. Монголын Убаши хун тайжийн тууж
39. Гэсэр хааны туужаас Ловсгоо мангасын бүлэг
40. Замлин сэнчний намтар
41. Жангарын үлгэрээс
42. Ногоон дара эхийн тууж
43. Нарны Гэрэл дагинын тууж (Цагаан дара эхийн тууж)
44. Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой
45. Молон тойны эхийн ач хариулсан судар
46. Цогт тайжийн хадны бичиг
47. Мялын намтраас, Гүүш цоржийн орчуулга
48. Мялын дууллаас, Гүүш цоржийн орчуулга
49. Маани Гамбумын орчуулгын төгсгөлд Ширээт Гүүш цоржийн бичсэн шүлэглэл
50. Үлгэрийн далайн дөчдүгээр бүлэг

ХОЁРДУГААР ДЭВТЭР
51. Зарлигийн эрхт далай, Эндүүрэл хааны тууж
52. Пражня Сагара, Богд нэйж тойн далай Манзуширын домгийг тодорхой гийгүүлэгч чандмань эрих
53. Раднаабадраа, Зая бандидын намтар Сарны гэрэл хэмээх оршив
54. Бигармижид хааны туужаас гучдугаар бүлэг
55. Арж Бууж хаанд модон хүний өгүүлсэн үлгэрээс
56. Шидэт хүүрийн үлгэрээс
57. Наганжуна, Ардыг тэжээхүй дусал хэмээх шастир
58. Эрдэнийн чимэг хэмээх судар оршвой
59. Ловон бавуу, Вишиандар хааны цадиг
60. Ушаандар хааны тууж
61. Дагпуу Лувсандамбийжалцан, Саран хөхөө шувууны тууж
62. Агваанхайдав, Хонь, ямаа, үхэр гурвын яриа
63. Хэрээ шаазгай хоёрын хэлэлцсэн үгс
64. Ишсамбуу, Өнчин янзаганы үг
65. Хуульч Сандагийн шүлгүүд
66. Ноён хутагт Равжаа, Цаасан шувуу
67. Ноён хутагт Равжаагийн зохиосон, Наадмын шүлэг
68. Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон, Сэтгэлийг амраагч хэмээх сургаал
69. Ноён хутагт Равжаагийн зохиосон, Дөрвөн улирал
70. Тодорхой толь хэмээх сургаал оршвой
71. Орчлонгийн сав шимийн дуулал
72. Чин сүжигт Номун хааны дуулал
73. Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал
74. Тооваагийн гэгээн, Тоть шувууны сургаал
75. Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг
76. Гүнтан гэгээн Гончигдамбидонми, Модны шастир
77. Хар үхэрт хөвгүүний тууж
78. Ши Най Ан, Сүн улсын Хүйтэн уулын бичгээс
79. Пажай хуурч, Сүн улсын Хүйтэн уулын бичгийн хорин хоёрдугаар бүлэг
80. Гүлраансын шүлгүүд, Түрэмгийлэгчийг дараад ирмү
81. Инжинашийн “Хөх судар”˗аас
82. Балжин хатны домог
83. Намдол, Огторгуйд ниснэм хэмээх шүлэг
84. Данзанваанжил, Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал оршвой
85. Хишигбатын шүлгүүдээс
86. Эх хүүхэн хоёрын харилцсан дуулал
87. Эхийн ачийг хариулсан залбирал
88. Гэндэн мэйрэн, Хав муур хулгана гурвын үлгэр
89. Дорж мэйрэн, Туулай төлөг чоно гурвын үлгэр
90. Гамаал захирагчийн шүлэг, Найрын бөх
91. Оюутныг тэнсэх оньсогын бичиг
92. Гэлэгбалсан, Тэнгэрээс бороо хур гуйж тавьсан шүлэглэл
93. Гэлэгбалсан, Наадмын ерөөл
94. Гэлэгбалсан, Гүүний сангийн ерөөл
95. Гэлэгбалсан, Уулзахын ерөөл
96. Гэлэгбалсан, Айргийн ерөөл
97. Гэлэгбалсан, Мал тоолохын ерөөл
98. Гэлэгбалсан, Угтан баярлах ерөөл
99. Гэлэгбалсан, Мэндлэх ерөөл
100. Гэлэгбалсан, Учрахын ерөөл


“МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ” номын хэвлэн нийтлэлийн мэдээлэл:


Цэндийн Дамдинсүрэн
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН
IV БОТЬ
МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ
(Нэгдүгээр дэвтэр)
Эрхлэн хэвлүүлсэн А. Д. ЦЕНДИНА, Р. ОТГОНБААТАР
Хөрвүүлж, хэвлэлд бэлтгэсэн А. АМАРСАНАА, Н. БЯМБАСҮРЭН
Хянан тохиолдуулсан А. Д. ЦЕНДИНА, Р. ОТГОНБААТАР
Улаанбаатар
2017

"Монгол судлалыг дэмжих сан”˗гийн дэмжлэгээр БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралын хүрээнд академич Ц. Дамдинсүрэнгийн бүтээлийн чуулганыг эрхлэн хэвлүүлж байна.

Хэвлэлийн дизайнер: С. Амарзаяа
Хавтасны дизайнер: Б. Эрдэнэбулган
Цаасны хэмжээ: 176x250
Хэвлэлийн хуудас: 30. 9
Хэвлэсэн тоо: 300
ДАА˗800
ННА˗84
Д ˗ 275
ISBN 978˗99978˗1˗410˗4


Зохиолчийн өвийг эзэмшигчийн хүсэлтээр өөрийнх нь зориудаар бичсэн зарим үгийг засаагүй болно.


Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
  • Büleklär
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 1
    Süzlärneñ gomumi sanı 4017
    Unikal süzlärneñ gomumi sanı 1605
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 2
    Süzlärneñ gomumi sanı 4254
    Unikal süzlärneñ gomumi sanı 1750
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чингисийн Хоёр Эр Загалын Тууж Оршив - 3
    Süzlärneñ gomumi sanı 3857
    Unikal süzlärneñ gomumi sanı 1497
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.