Latin

Чехийн Эртний Домог - 2 - 1

Süzlärneñ gomumi sanı 4383
Unikal süzlärneñ gomumi sanı 2198
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
Йираасек Алоис

ЧЕХИЙН ЭРТНИЙ ДОМОГ

Дэд дэвтэр

“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ХОРОО” Улаанбаатар хотноо 1968 онд эрхлэн хэвлүүлсэн номоос

Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.




Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Alois Jirásek

STARÉ POVĚSTI ČESKÉ

Z cestiny prelozil akademic prof. dr. Rincen


Чех хэлнээс академич др. проф. Ринчен орчуулав.

Черны Венцеславын зурсан зураг


ЖИЖКИЙН ДОМОГ

I

Өдгөө чех нутгийн өмнө зүг уруудсуу. Тэр зүгт, бяцхан тосгоны тэнд онцгойдуу, хөл үймээнгүй Троцновын сууц хороо бий1 Ойр хавьд нь нуга тариан, царс мод, хар төгөл, түүний цаана наран шингэх зүг Крумловын уул хөхрөнхөн харагдах ажээ.
Модны сүүдэрт хөвд ургасан дээвэртэй тэр хуучин тайжийн сууц хороог халайн үз. Манай эрийн сайн жанжны залуу бага насандаа сууж байсан газар нь юм шүү.
Унасан газар, угаасан ус нь тэр шүү!
Хорооны нь тэртээ, цөөрмийн цаана, модны захад, бухаар тариалангийн дэргэд нэг сайхан дэвийн тэнд мундаг царс мод байсны ёроолд төрсөн юм гэдэг. Зун цаг, Троцновын тайжийн авгай нь, тариа хадаж байсан хүнийг эргэх гэж яваад тэнд Ян гэдэг хүү нь мэндэлж, тэр лут царс шиг мундаг зоригт хатан эр болсон юм гэдэг.
Багадаа Троцновын сууц хороонд орчин тойрны нь зэлүүд газар өсөн торниж, бага насандаа тэр үеийн чех хот байсан Прахатицад сургууль дагаж суусан нь, Хусинец гэдэг газраас Ян гэдэг ядуу хүүгийн явдаг сургуульд явдаг байжээ. Тэр хүү, Бланице голын дагуу явахдаа ядраад, одоо хүртэл очвол үзэгддэг голын захын ургаа том чулуу дээр амарч суудаг асан гэдэг.
Жижка алдартай Ян хүү, эрийн цээнд хүрэхдээ, эцгийнхээ өмч, тэр Троцновын сууц хорооны эзэн болсон боловч, тэндээ удтал амгалан сууж чадсангүй. Тэр өмнөд хязгаарын ноён, чадал ихтэй эзэрхэг учраас, эзэн вантайгаа цэргийн хүчээр үзэлцдэг Розенберкийн Ийндшихтэй эв тасарсан гэдэг. Тэр Розенберкийн ноён зах нийлсэн тайж нарын эрхэнд аймшиггүй халддаг тул, нэр мэдлээ алдахаас эмээж, зэмсэг барин Крумловын ноёнтон, бас эв тасарсан Будейовецийн германтай өстөн дайсан бололцжээ.
Тулахдаа хүч мөхөстөж, ядуу тайж яахин хүч зузаан ноёнтой ба вангийн баян хотынхонтой тулалдан давах аж. Ядахдаа, чадлынхаа хэрээр хариугаа авах гэж оролдсоор, тэр тулаанд сууц хороогоо үнсэн товрог болгуулаад байдаг хөрөнгөө алдахдаа, хөвч модонд зайлан хоргодоод, тэгшгүй тулаанаа хийж байтал нь, найз нөхөд нь өрөвдөж, ван ноёнд тал засан айлтгажээ.
Чингээд дөрөвдүгээр Вацлав вангийн өршөөлөөр Эзэн Тэнгэрийн 1409 онд Праг орж, вангийн шадар албанд ороод, Жофие хатны хаалгач болоод, хожим самбаачлан Польш орост, герман морьтны эсрэг цэрэглэх албанд Польшид хүчин зүтгээд Эзэн Тэнгэрийн 1410 оны долоон сарын арван тавнаа польшийн цэрэгт явсан олон чех морав хүнтэй хамт Танненберкийн газар байлдаж, германы морьтон гэгчийг хиар дарсан билээ.
italki
Тэр Танненберкийн тулаанд Жижка баатарлан байлдаж өрөөсөн нүдээ алдсан бөгөөд, Польшид баахан байзнасхийгээд нутагтаа буцаж Прагад зангийн дэргэд очиж гэнэ ээ. Жофие хатны дэргэдийн хүн тул Хусинцын Ян гэдэг алдарт номч багшийн ном тавихыг сонссоор Бетлемийн дуганд очиход нь хүргэж өгдөг байжээ. Чингээд, түүнээс болж Троцновын тэр тайж, Ян багшийн ном сургаалд маш дуртай болоод, хурц билигт тул, тэр Бетлемийн ном тавьдаг багшаас тэр үеийн шашин төр нийгэм даяарын үл бүтэх аливаа ёсон бус юмыг чичин заахад нь үнэн санаанаас ойшоодог байлаа.
Чингээд тэр чин бишрэлт номч багшийг гар хөлд нь гав гинж зүүж, Констанце хотноо булай муухай шоронд хийгээд, олны элэг доог болгон шатааж хороосонд тэсгэлгүй хорсоод, «Хүсын эсэргүүцэл этгээд бүгдийг харийн хүн, уугал Чех хэмээн ялгалгүй занан жигшиж хилэгнэн хялайжээ. Тэгээд Ян багшийг Прагийн Йероним гэдэг номын садан лугаа хамт гашуунаар насан элэгдсэн тэр явдлыг байн байн санаж, Вышехрад дахь вангийн шилтгээн харшийн дотор удтал бодол гунил болж, цааш нааш алхан явдаг байжээ.
Нэгэн удаа чингэж явах үес Вацлав ван дайралдаад, машид бодлого болсон байдлыг ажин гайхаж учрыг асууваас, Троцновын тэр Ян өчрүүн:
— Өршөөлт ван еэ, манай чех хүнийг, сайн удирдагч нарыг хааны хамгаалах бичиг байсаар атал, шударга бусаар шатаан хороосонд үнэн голоос хорсон гашуудаж байна. Тийм муухай юм болж байхад, хэн баяр цэнгэл болж байх вэ? гэхэд нь ван:
— Ээ, Ян минь тэр гашууг шулуутгаж болно уу? сүвэгчлэх арга байвал хэлж өг. Бид сонсохыг хүснэ гэхэд нь Жижка, вангийн тэр үгнээс ишилж би нэг үзнэ гээд тэр ёсоор болгожээ.


II

Чингэтэл асар удалгүй бүх Прагийнхан улс олны ихэнхийн нэгэн адил, цөм Хус Ян багшийн номлол, мөн дуган сүмийн шүтээний газраас хишиг хувь хүртэхдээ хоёр ёсоор хүртэх тухай сэтгэл машид чилцгээжээ. Прагийн их сүмийн ламас дарс боорцгийн хишиг хувь хүртээхгүй гэх болсонд Хусын Микулаш морьтон тайж олныг оройлон, хутагт Аполинаржийн их сүмийн хавьд гудамжнаа Вацлав вангийн өмнө очин, хоёр ёсны хишиг хувь хүртээдэгт нь их дуган сүмийн олонхыг өгмүү гэж айлтган гуйжээ.
Ван, тэр их хөлтэй олноос эмээн сандраад, Хусын Микулашийг Прагаас үлдэн зайлуулж, шинэ хотын зөвлөл яаманд шинэ түшмэл суулгаад, Прагийнхныг хүн бүр байдаг бүх зэр зэмсэг, хуяг дуулга жад, алман сүх, хулхавч нум, бэгтэр, дуулга, бамбайгаа хутагт Мартины өдөр Вышехрадад авчирч вангийн өмнө тэр зэмсгээ хураа гэж зарлиг буулгажээ.
Хотын яамны түшмэд түүнийг сонсоод ихэд гэлмэж, эс дагавал хилэгнэхээс эмээгээд, зэр зэмсгийг хураалгавал хүчин буурай болно гэж бас дурлахгүй байжээ. Тэгж байтал нь Жижка Ян зүйтэй үг зөвлөн сануулж, хотын нийгэм олныг зарлан хуралдуулж, уг зарлиг тушаал хотын түшмэл бидэнд ч хамаагүй, ван ноёнд ч хамаагүй юм гэж таниулаад, хүн бүр зэр зэмсгээ агсаж хуяглаад, цугласан олноороо жагсаж Вышехрадад үй олноороо очицгоо. Ван тэр цагт лав хуягаа тайлж, зэмсгээ хая гэхгүй байх гэсэн нь тэр ёсоор боллоо.
Хутагт Мартины өдөр бүх Прагийнхан өвч зэвсэглээд Вышехрад чиглэж, Жижка Ян морьтон баатрын хуяг зэвсэг зэвсэглээд, тэр олныг тэргүүлэн манлайлжээ. Олон бүгд вангийн ордны хүрээнд туг хиурын дор өвч зэвсэгтэй жагссанд, тэр сүрт жагсаалын далбаа зэмсэг наранд гялалзан, ван цонхоороо сочин харж сэтгэл түгшсэнд түшмэл Жижкийг:
— Ах, үг айлтга! гэсэнд, жагсаалын өмнө гараад ванд:
— Өршөөлт ван еэ! Албат олноо өвч хуяглан зэвсэглээд, хуяг зэвсгээ авч ир гэсэн ёсоор чинь ирээд зогсож байна. Манай хуяг зэмсэг энэ байна, өршөөлт эзэн ноён минь. Одоо бид энэ хуяг зэмсэгтэйгээ яах ёстой болсныг зааж хайрла. Хаа л оч, ямар л дайсантай тул гэвэл чинь, дуртайяа хүчин зүтгэж, Ван ноёндоо, гүрэн төрдөө, бүлээн цусаа шавхтал зүтгэн тулна гэхэд нь вангийн дотор онгойж, мишээгээд өгүүлрүүн:
— Зүйтэй сайхан үг байна. Би та нарт итгэж байна. Түмэн олноо гэр оронд нь тархаан буцаа гэхэд нь, тэр олон амьтан маш журамтай сайхнаар Шинэ хотын яаманд эргэж буцаад, тэндээсээ тарцгаажээ. Хуяг зэмсгээ гэр гэртээ аваачаад, ван ноёноо ч хилэгнүүлэлгүй өнгөрчээ. Чингээд Прагийнхан түүнээс хойш Жижкийн ам хардаг болжээ.
Вацлав ванг 1419 онд нас элэгдсэн хойно бүр ч их биширдэг болсон гэдэг.
Маш олон дайсан чех түмний эсрэг хүчин нийлсэн тун хэцүү бэрх ч цаг үе байж, хамгийн хэцүү дайсан нь Вацлав вангийн төрөл Унгарын Зигмунд ван, Чех нутагт нэг ч чех хүн үлдээхгүй болгоно гэвэл, Унгар нутгаа өгөхөөс хойш харахгүй гэж олны өмнө хэлж байсан байна. Тэр үес, манай ван төрийг үгүй хийж, чех хэлийг баллах гэж байсанд, тайж угсаатай, тэр алдарт чехээр, баатар хатан зоригт, ганц нүдэт бөгөөд биеэ Калихын гэдэг Троцновын Жижка Ян босож ирсэн билээ.
Тэнгэрийн өршөөлөөр тэр эр, ард түмнийхээ дайсны өөдөөс, мөн дайсантай нийлсэн буюу Хус Ян багшийн дайсан, дуган сүмд сахиусны хувь хишгийг хоёр зүйлээр түгээхийг үл хүлээгчийн өөдөөс дайлан морджээ. Тэр бүхнийг эсэргүүцнэ гэж олныг зэвсэглэн, бүгдээрээ, хөгшин залуу ч гэсэн цаг бүр цагд гэж зарлан, тэр бэрх цагт бүү гунигтун, бүгдээрээ зоригтой хөдөлцгөөж, ихийн өөдөөс бид бага байна, олны өөдөөс цөөдөөд байна, хуягтын өөдөөс хуяггүйдээд байна гэж бүү гутар гэжээ.
Жижкийн цэргийн гол нь хөдөөгийн ардууд байсан ч, байн байн тулан байлдахдаа хуяг зэмсэг сайтай морьтон баатар, сургуультай цэргийг ч дардаг байжээ. Тулаанд алдсан удаа нэг ч үгүй. Дайснаа даран хядахдаа зориг бадрахад улам чадал орох цэргийн дан хар хүчээр ч биш, цэрэг удирдах жанжны эрдэм чадал, бас арга бодлогоор ялгуулан давдаг байжээ.
Жишээлбээс, 1921 оны гуравдугаар сард Плзен хотоос саяхан босгосон Табор хот хүртэл бүх хүн олонтойгоо явахдаа эмс болон сая дүүгүүрдэж сурсан багачуул нийлэн дөрвөн зуугаас хэтрэхгүй хүн явж, байлдааны тэрэг арай хийж арван хоёрын төдий, унах морь есхөнтэй явахад нь, хоёр талаас нь Унгарын вангийн албаны ноёд хавчин байлдах гэж нэг зарим нь Писек буюу Элст хэмээх газраас шамдан хөдөлж, Плзен хавийн ноёд Страконицын их багш ноёноор удирдуулан Страконицын зүгээс давшжээ.
Жижкийг Штекен гэдгийг өнгөрөөд, Судомершицийн зүг хар ус олонтой, нуга ихтэй газраар явтал нь, ноёд хөөн ирж цаашаа яваач эсэргүүцэл этгээдийн давуу хүчнээс зайлахын аргагүй боллоо. Хойноос нь гэзэг даран хоёр мянган шилдэг морин цэрэг, цөм сайн хуягтай, «төмөр ноёд» гэж цуу тарж, амьтан айн гэлмэж байв гэнэ гэжээ. Жижка огт сандарсангүй. Их төлөв тариа цайлгадаг түгсүүрээр зэвсэглэсэн цөөхөн баг цэрэгтэйгээ Муухай гэж нэртэй хар цөөрмийн ус нь тэр үед боолт нь нээлгээтэй байсны ард буун жагсаж, тэргээ өндөр даланд нь тулган угсарчээ.
Цэргийнхээ эмэгтэйг тэр цөөрмийн шавартай ёроолд өвс зэгс алчуур, ваадан, хувцаснаасаа дэвсэцгээ гэж тушаатал өнөөх «төмөр ноёд» айсаж, цэргийн хиур намиран хийсэж наранд үй олон эр цэргийн хуяг дуулга, зэр зэвсэг нь гялалзан, тал нуга бас уудам цөөрөм ч гэсэн, хүнд хуягт морин цэргийн хүнээр арзайтлаа дүүрчээ.
Мари дагинад бошиг үзүүлсэн дүйцэн өдрийн үдээс хойш, үдшийн мөргөлийн цаг болж байхад, тэр «төмөр ноёд» зүг зүгээс хэдгэнэ шумуул мэт шуугинаж, тэрэг далан хоёроор хийсэн хориглолтын зүг дайран орж муухай ихээр хашхиран гууглаж, тэсгэлгүй оморхоглон баярлацгаажээ. Гар ч хөдлөлгүй, илдээр ч цавчилгүй, жадаар ч чичилгүй, Жижкийн тэр цөөн цэргийг мориороо няц гишгүүлж, агтын туурайгаар товрог болгоно гэж дайрчээ.
Чингэтэл, морьтой давхиад тэр далан шороонд ч хүрч чадсангүй. Арга буюу мориноосоо буугаад, олонх нь ус ширгэсэн тэр цөөрөм дундуур дайран орлоо. Шавар туулан давшихад «төмөр ноёд» шигдэж даланд ойртмогц унаж эхэлсэн нь, гутлын төмөр өргөсөн даравчинд нь алчуур ваадан мэт асан тээглээд, хөлөөсөө салгах гэж оролдох тусам улам орооцолдож, улам хүндрэн шигдэж, унах тусах нь их болж ирлээ. Араас нь эгнээ эгнээ, жагсаал жагсаалаараа түрээд, өвөрт нь түрүүлж явснаа түлхэн чихэлдэж шаварт шигдээд замбараагаа алдаж сандан үймэлдтэл нь Жижкийн олон «садан» цэрэг дээрээс нь дайран тарианыхаа түгсүүрээр нүүр нүдгүй нүдэж гарсан нь, хуяг дуулга нь харчигнан шарчигнаж, аймшигтай тулалдаанд «төмөр ноёд» сандан мэгдэж, ялангуяа нар, жаргах цагаасаа өмнө харвуулсан юм шиг уулын цаагуур далд орсонд, тийнхүү оройн мөргөлийн цагаар урьд үзэгдээгүй жиг ургасанд бүр ч их гэлмэгдэн сандарчээ. Тэр дороо харанхуй болж, хэн хэнийгээ балбаж байгааг ч харахын аргагүй болж «төмөр ноёд» бие биеэ цохин цавчилцаж ухрахад хүрлээ. Ихэд ичгүүр хохирол хүлээж, зүг зүг зугтахдаа зарим нь хороон гасалж:
— Жад минь тэднийг чичихгүй, илд минь цавчихгүй, хулгавч нум минь харваж чадахгүй болчихлоо! гэж халаглаж явсан гэдэг.
Жижка тэр тулалдааны газар хоноод, үүрээр Таборын зүг хөдлөн саадгүй хүрэхэд Таборынхан ихэд сайхнаар хүндэтгэн тосжээ...
Судомершийн тэнд Жижка жанжин, дайсны үй олон морьт цэргийн өөдөөс эмсийн алчуур хувцсаар аргалсан нь тэр билээ. Бас өөр тулаанд гурвалжин төмөр өргөс, урд талдаа газар цацаад, дайсан, Жижкийн цэргийг довтлон дайрахдаа, морь нь тэр өргөст төмөр гишгэж, доголох нь доголж, тэсгэлгүй өвдөхдөө булгиж бусгахад хүрч, жагсаалаас мулт үсрэн, араас яваа нь үргэж жагсаал эвдэрч сандран үймдэг байжээ.
Заримдаа Жижка жанжин мориныхоо тахыг буруу харуулан тахлуулж, дайсан Жижкийн цэргийн агт цувааны мөрийг нь андуурч, буруу замаар эргэж хөөж мэхлүүлдэг байжээ. Ингээд Жижкийн хамгийн их ашигтай бөгөөд алдартай арга нь гэвэл, их төлөв явган хөдөөгийн хүнээр бүрдсэн цэргээ чухал цагт тэргээрээ хүрээлэн хамгаалдаг арга байв.
Харьяат олноо сургаж, байлдааны болон ачаа хүнсний тэргийг тухайн дайсны тоо хүчинд тааруулан давшгүй хүрээ болгон угсруулах буюу байлдах газрын байр байцад тааруулж зээтүү, тармуур, хадуур зэргийн ер тариачны сайн мэдэх хэлбэр байдлаар жагсаан хэрэглэдэг байлаа. Бэрх байдалд учирваас, зарим ачааныхаа тэргийг өндөр газар гаргаж чулуу ачуулж дайсанд мэдэгдэлгүй урагшлуур ангийнхаа тушаа зэхүүлээд, дайсныг тэр тушаа дор нь хүрч ирээд дайран орохыг завдахад, Жижкийн морин цэрэг Жанжныхаа тушаалаар зам талбин зайлаад өгөхтэй зэрэг, ар талд нь байсан тэр чулуу ачаастай тэрэг доош нь түлхэн тавимагц, уруудах тусмаа тэр тэрэгний гүйдэл нь ширүүсэж, нижигнэн пижигнэж газар донсолтол давхисаар, тогтоох зогсоохын аргагүй ширүүлж, дайсны цэргийг тачигнан дайрч сүйдлэн онхолдон хөмрөхдөө ч их л аюул хохирол учруулдаг байлаа. Чингээд, дайсныг тэр тэргэнд дайруулж сандарснаа ухаа ортол, Жижкийнхэн жанжныхаа тушаалаар хэдийн дайран ордог байлаа. Христос тэнгэрийн мэндэлсэн цагаас хойших 1424 онд Жижка Малешовын тушаа Прагийнхантай тулахдаа энэ арга хэрэглэсэн гэдэг.
Жижка өөрөө цагаан морь унадаг байжээ. Тэр үед нэлээд настай, нуруу дунд зэрэг гавшгай бөгөөд мөр өргөн, нүүр дугариг зүүн нүд нь боолттой, ширвээ хүрэн соёо сахалтай, байлдааны үед хуяглаж гартаа жанжны бялуу барин явдаг байв. Эсвээс арьсаар эмжсэн дугуй малгай өмсөн, үс нь ханцуйгүй тоосовч дээлд нь хүртэл малгай дороос унжиж, тэр тоосовчныхоо дотор цэмбэн дээл, хөлдөө урт түрийтэй гуталтай явдаг байжээ.
Харьяат цэргийн тушаалтай хүнээр тойруулан аялж явахад урд нь нэг санваартан, модон гуутай адистидат шүтээн залж явдаг байжээ. Тэр санваартан, Жижкийнхний санваартны номт хувцас хурал номдоо хэрэглээд номт хормогч зүүж явдагтай адил хормогч хэрэглэдэг бөгөөд бусдыгаа мөргөл залбирлын үес энгийн хувцас, урт түрийтэй гуталтайгаар, номт хормогчгүй байдгийг нь үл тааламжлан санваартан биш гуталчин гэдэгт нь цаадуул нь дургүйцэж, өөрийг нь ёрог даавуу нэхээчийн санваартан гэж хочилдог байжээ.
Жижка олон хот шилтгээн байлдан эзэлсэн боловч, хамаг олзоо садан гэдэг хамт олондоо өгч өөрөө юу ч авдаггүй, ганц «аалзны шүлс» хэрэглэнэ гэдэг байжээ. Хот байлдан эзлээд, садан олныг олзонд яв, би аалзны шүлс шүүрдэнэ гээд зуухны хулан яндан дотор өлгөөстэй гахайн гуя, утсан мах хайн түүх гэж явдаг байжээ. Бүгдийг нь хамж, тэр «аалзны шүлс» гэж нэрлэдэг юмаа, мундаг мундаг том бодонгийн хаа гуя, давсалсан мах тэргэнд ачуулж, хэрэгтэй цагт өөртөө болон садан олондоо нөөц болгож явдаг байжээ.


III

Жижка садан бол, Хус багшийн өшөөг айхавтар нэхдэг хүн байжээ. Хусын дайсны сүм хийд, шилтгээн өдий төдийг хайргүй шатаан балласан боловч хэлтрүүлсэн удаа ч бий. Жишээ нь Прагад нутагтай Аннын хийдийг үгүй хийх гэж улс олонтойгоо хүрээд ирэхэд нь хийдийн хаалга дээр нэг хамаатан гэлэнмаа нь өмнө нь сөгдөөд, намайг өршөөж хайрла, миний номын олон садан гэлэнмаа нарыг өршөөж, орон хийдийг маань бүү эвд гэж гуйж гувшихад нь Жижка өрөвдөөд хэлтрүүлсэн учир хутагтай Аннын хийд бүтэн үлджээ.
Кутна Хора буюу Уурхай уул гэдэгт нутгийн нэг их хийд хохироход хүрсэн нь, Жижка түүнийг улс олондоо ид гэж өгөхдөө, тэр хийдийн их дуган үнэхээр сайхан бүтээсэн тул гэмтээж болохгүй гэж захисан нь, нэг цэрэг эр сүмийн оройн хөндийд авиран гараад гал тавьж орхисонд тэр их сүм хайлж, утаа манаран, гал дурваганан гарч ирэхэд Жижка жанжин царай барайж, хэн гал тавьсан бэ? Эзэн нь гарч ирвэл алт их өгнө гэсэнд, тэр гал тавьсан хүн ирээд мэдэгдсэнд жанжин маш хилэгнэж, амласан алт өг, өгөхдөө урдаар хайлуулаад, аманд нь цутгаж өг гэж тушаан, тэр сайхан их дуганыг үгүй хийсэнд тун ч харамсаж билээ.
Силезийн герман, Полиц нутгийн хусынхныг харгислан зовоож хядсан Медхүй голын тэндэх Полицийн цаана буй Хсра гэдэг уулын зүг чиглэхдээ Влчинец гэдэг Чонон шилтгээний тэнд бэрх юмтай тохиолдсон гэдэг.
Тэр Влчинец гэдэг Чонон шилтгээн бол, Медхүй гол, Ждиарын цутгалангийн өндөр хясаа дээр мод дунд өндөрлөж маш бат бэх бөгөөд ямар нэг далдын хүчин хамгаалсан тул бууны сум, ер хэрэмд нь гэм болдоггүй байлаа. Хусынхан шагайхын сайнаар шагайж, буу нь орчин тойрны модонд хүнгэнэтэл цуурайтуулж өдөржин буун дуу тасрахгүй шөнө ч гэсэн буудаж байхад огт гэм болдоггүй, сум нь цамхаг цонж хэрмээс нь цацсан буурцаг мэт ойж байлаа.
Ядаад буудахаа зогсоход, Жижкийн цэргийн хүрээнийхэн сонсвоос, шилтгээнд хөгжмийн эгшиг дуулдав гэнэ. Ямархан нэг хүн чавхдаст хөгжим чавхдаж байгааг буудаж байх үед цамхгийн бяцхан цонхны тэнд хүн үзсэн байж гэнэ. Тэгээд Жижка жанжин, шилдэг буучид тэр хуурчийг бууд гэж тушааж, бууч нь буугаа шагайж шагайж, буудаад орхитол, хуурын чимээ ч алга болж, хуурч нь цонхонд үзэгдэхгүй болсонд Жижка жанжин байдаг буугаараа шилтгээнийг бууд гэж тушаалаа. Түрүүчийн сум тусмагц, хэрмээс тоос манаран, чулуу нураад, төдхөн их нүх гарч хэрэм нурав гэнэ. Чингээд, нар шингэхээс өмнө ялгуусан садан, тэр Чонон шилтгээнийг байлдан эзэлж баярлалдан уухайлсан гэдэг.


Шилтгээнийг эрхэндээ оруулж, галдан шатаасанд шөнөжин гэрэл туяа татаж, орчин тойрны уул модыг улбар туяа тусгасаар шатаж гүйцээд шилтгээнд байсан хамаг юм, автай живтэй аялгуу хөгжмөөрөө шилтгээнээ хамгаалж байсан хуурчтайгаа үнсэн товрог боллоо.
Эвдэрсэн нураа нь хоцроод ургах мод, улирах цагт эвдүүлсээр, одоо ором төдий нэг юм үзэгдэн, дээр нь мод ургаж, автай живтэй хуур хөгжим хангинаж, Жижка жанжны буу нижигнэн дуугарч байсан газар гагцхүү ой мод шуугинах ажээ.
Жижка садан гэдэг жанжин, Зикмунд вангийн найз холбоотонтой ингэж чех нутгаар тулан цэрэглэж, олон ч хот жанжныг дагаж олон ч шилтгээнийг байлдан эзэлсэн билээ. 1421 онд Плзенштийн Раби шилтгээнийг бүсэлжээ. Урд нь нэг удаа дагуулсан боловч бүслэн байлдсангүй. Чингээд, бүсэлж цэргээ удирдан давштал, хэрэм дээрээс харваж, наг сум жанжны ганц эрүүл нүдэнд нь туссан нь Коцов нутгийн Сезема тайж тэр алдарт жанжны нүд харвасан байжээ. Бас, заримууд тэр шилтгээнийг байлдахад, дайсны сум, лийрийн модонд тусаж, тэр модны өргөс нь Жижкийн нүдэнд шаасан юм ч гэлцдэг ёс бий. Тэр шарх маш хүнд тул Жижка жанжин арай гэж амьд үлдсэн бөгөөд, шархаа сувилуулахаар Праг орсон Таборын цэргийн дарга, Хлумчан нутгийн Лоуда Матей гэдэг эрдэмт эр Жижкийг хүргэлцэж, Прагад Хуучин Хот гэдэг хэсэгт нь «Хар хургат» гэдэг нэртэй байшиндаа2 хэвтүүлсэн гэдэг.
Тэнд эмч оточ, Жижкийн нүднээс харван орсон юмыг нь суга татаж авсан боловч, хараа оруулж чадсангүй хоёр нүд балай болжээ.
Жанжны нүд алдсан тэр Раби шилтгээний хаалганд зураг зурж Жижкийг өвч хуяглаад, бялуугаа гартаа барин, морин хүлгээ довтолгон, зэвсэгт цэрэг олноо удирдан довтолж явааг зураад цаана нь хаалгатай цамхаг зураад, тэр цамхаг дээр Коцовын тайж нумаа татаж, сумаа харвах гэж байгааг зураад, Жижка жанжинтай тэр тайжийн хэлэлцсэн үгийг бичсэн нь:
— Жижка садан, чи мөн биз дээ?
— Би мөн.
— Мухар толгойтыг аваад бай!3
Түүнээс хойш Жижка морь унаж цэрэг олноо удирдан байлдаанд оруулж чадахгүй болжээ. Гэвч байлдаан тулааныг урдын сүрхий мэргэнээр бодон удирддаг нь хэвээрээ. Их тугийн дэргэд, тэрэг дээр өндөр суудал засуулаад, цом хундаганы хөрөг тэмдэгтэй тугийнхаа хажууд сууж шадар улс нь дэргэд байлцаж, харьяат цэргийн дарга даамлууд нь Подебрадын Викторин ноён4 Всдинка Ян, Беловицын Кунеш гэдэг журамт «садан нөхөд нь газрын байдал зүйг хаа хадан хясаа, хаа мод тал газар, хаа хөндий гол, гуу жалга буюу дов толгой байгааг дэс дараалан хэлж өгдөг байлаа. Байлдахын өмнө хамаг байдлыг сайхан хэлж өгөөд тулалдаад ирэх үес юу болж, дайсан эсэргүүцэл чухам яаж байгааг нь нэгд нэгэнгүй хэлж өгдөг байлаа.
Жижка жанжин тэр байдлыг хянан бодоод, ингэ чингэ гэж тушааж Чех нутаг Морав нутагт Мажар вангийн тал баригсдыг ялан дардаг байжээ. Чингээд, тэндээс нэгтээ Эзэн Тэнгэрийн 1423 оны намар арван сард Зикмунд ванг байлдахаар мордсон билээ.
Дөрвөн цуваа тэрэг, аль л болох олон үхэр буу базааж хийгээд чех нутгийн хилийг уулаар давж. Унгар Мажаар нутагт ороод, явсан газраа сүйдэлж, 1420 онд Чех нутгаар Мажарууд вантайгаа явж, эмс охидоос эхлэн хэлэнд ороогүй улаан цурав хүүхдийг хядаж, маш харгисалж, шашин номын ёсонд нийлэхгүй муухай хэрэг өдүүлж байсныг нь хариу авчээ.
Таг газраар явсаар Жижка жанжин, доошоо Комарно хот, Эстергом хот хоёрын хоорондуур Дунай мөрөн хүрч, улс амьтан, түүний ойртох чимээгээр дүрвэж, мал сүргээ туун зайлж байсан тул, Жижка мах хүнсээр тасраад, Эстергомын дээд талд Дунайн захад байсан нэгэн гацаа айлд хүрэхэд нь, цөм дүрвэж зайлсан учир, орон гэр эзгүй хоосон, нэг ч хүн байхгүй, нэхээд ч олдохуйяа бэрх, цөмөөрөө онгоц салаар Дунайн нэг арал дээр гарч хоргодохдоо байдаг мал сүргээ тууж аваачаад, хотондоо ганц тугал бяруу, гахайн торойг их ус гаталгахад хэцүү гэж үлдээсэн байжээ.
Тэр аралд хоргодсон мажарууд, малаа Чехэд алдаагүй гэж, бас халдашгүй газар байгаадаа эрдэж арлаас хашхиран хүүхэрч гууглаж, Чехийн өөдөөс шоолон дохиж, манай энд сачийтай бол хүрээд ир, мал мах элбэг байна шүү гэж, Хүсийн цэрэг чехүүдийг онгоц салгүйг нь мэдээд санаа амар байсан нь, Жижка жанжин онгоц сал хэрэглэлгүй. Мажарыг чадаж орхисон билээ. «Садан» олноо харанхуй бүрэнхий болоод ирэхэд, айл гацааны хотонд байсан тугал бяруу, торой моройг нь хөөн гаргаж мөрний эргийн тэнд аваачаад зодож мөөрүүлэн гаслуул, гахайy торой нь гаслаг, тугал бяруу нь мөөрөхийн ихээр мөөрөг гэж тушаажээ.
Чингээд, Дунай мөрний тэнд чих дөжрөм дуу гарч, тугал бяруу мөөрөн шуугилдаж, гахайн торой муухай дуугаар гаслан дуугарахад, аралд байсан үнээ, мэгж гахай дуулаад, тогтоохын аргагүй усруу ухасхийн орж, мажарууд хашхиралдан хөөж, хараал ширээл тавьж, буцааж ядахдаа дэмий л шуугилдан, түрүүчийн үнээ гахай, тугал торойдос хүрэх гэж ус руу орсны хойноос бусад мал нь даган давхихыг зогсоох гэж сандарцгаав. Мөрний усаар дүүрэн мал самарч, усан дундаас мөөрөх дуугарах, эргийн зүгээс тугал бяруу, гахайн зулзага торойн шуугилдах шуугиан шумараан болж, ус гоожуулсан шал нойтон үхэр гахай эрэг дээр гарч ирэхэд Жижкийн цэрэг олон баярлан хашхиралдаж тосон барьж аваад гал түүдгийн зүг тууцгаан, шаагиан шуугиан болжээ.
Тэр үе хүртэл мажарууд, Жижка жанжныг эсэргүүцэн тулаагүйгээр, нутаг усандаа дотогшлуулан оруулж аваад даран дийлнэ гэж байсан санаа аргыг нь мэдэнгүүт тэргээ Морав нутгийн зүг эргүүлэн залахад нь, олон үхэр буутай гавшгай мажаар морин цэрэг хойноос нь хөөж бэрх юм боллоо. Зүг зүгээс нь дайрч, хүрээг нь довтлон идэх гэж оролдож, гол ус гаталж гарахад нь зовоодог байлаа. Тэгсэн ч нүдэн балай жанжин, Мажаар цэргийн халдан дайрахыг няцааж, арга мэхийг нь хийдүүлсээр Морав нутагт мэнд хүрчээ.
Жижка жанжны байлдан явсан дайн аян дотроос Мажарт аялсан нь аялан байлдсаныг нь хамгийн сүрхий алдарт явдал нь болж, байлдсан цагаас нь эхлэн тэр аян нэн хүнд аян байсан гэдэг. «Тэгэвч Мажаар газраас сугарч гарахад нь Тэнгэр сахиус тусалжээ».
Морав нутгаар дамжин Чех газраа хүрээд, Литомышл хотоор өнгөрөн Высоке Мыто гэдэг Өндөр Татарид хүрч зогсоцгоо гэсэн билээ. Амарч хоол иддэг үдийн цаг болоод жанжны бие нь аяншин чилжээ. Чингэхэд нь «садан» олон цэрэг нь хайртай жанжныхаа сэтгэлийг баясгах гэж, аятайхан амарч гүнцэглэх газар засаж өгье гэж сонгож олсон газартаа цэрэг тутам дуулгандаа шороо шавар дүүргэж хэд дахин тэр газар асгахад нь шороон овоо оройг нь тэгшлэн засаад, Жижка жанжнаа залан аваачиж хоол идээ барьсан гэдэг.


Тэгээд цэрэг нь хоолны сүүлээр цаашаа хөдөлж, жанжиндаа босгосон довцог толгойг хэвээр нь үлдээсэнд одоо хүртэл тэр довцог толгой хэвээрээ бөгөөд, тэр нутгийн ардууд одоо хүртэл түүнийг Жижка жанжны ширээ гэж нэрлэдэг5.


IV

Жижка жанжин Моравын зүг цэргийн хамт аялан явахдаа, замдаа Пшибыслав хот шилтгээн хоёрыг бүслээд, шоргоолжин хатгинд баригдаж, нэг их удтал зовсонгүй, нэгэнт босохоосоо өнгөрснөө мэдмэгц, шударга журамт дотно хайрт чех хүндээ онцлон Подебрадын Викторин ноёнд, хүү Ийржикийн мялаагууд хуримд нь байлцсаны хувьд дотнолон үзэж, Беловицын Күнш, Бэдинек Янд гэрээс үгээ хэлж тэнгэрийн шударга журмыг сахиж яваарагтун гэж захижээ.
Тэр гунигт үеэр Жижкийн дэргэд бас бичээч Лаудат Ян нь байлцаж, бас Житеницийн Коуделе Михал шадар байж, түүний гар дээр Жижка жанжин, хутагт Хавелийн өдрийн өмнө Бод гарагт насан эцэс болсон билээ. Домог үгэнд лийрийн мод дор амьсгалаа хураасан гэдэг. Зарим хүн, бас ондоогоор хэлж, царс мод дор төрсөнтэйгөө адил царс модны дор нөгчсөн гэдэг.6
Олон амьтан уй гашуу болж бэрхийг давж хатуужил төгөлдөр баатар зоригт сахалт эрчүүд ч гэсэн, нүдний нулимс асгаруулан гаслалдаж, Жижкийн харьяат олон нь, эцэг мэт хүнээ алдлаа гэж биеэ өнчид гэж нэрлэх болжээ.
Нас элэгдсэн жанжны чандрыг Лаб мөрний тэндэх Храдец гэдэг шилтгээнцэр хэмээх газар сүлд тэнгэрийн их сүмд оршуулсан билээ. Тэндээс сүүлд Чаславт нүүлгэн аваачаад хутагт Петер Павел хоёрын цогчин дуганд тавьж бурхан тахилын газар ойртуулж, нэг баганын ёроолд авсыг нь оршуулсан билээ.7
Авсан тушаа нь чулуун таваг8 өлгөөтэй байсан нь Жижка Янтан, зоог барихдаа тэр таваг хэрэглэдэг юм асан гэж хэлэлцдэг байлаа. Зарим хүн бас, Жижкийн лам нь тахилын хувийг тэр таваг дээр талбин, номын ёсоор хоёр зүйлээр амсуулдаг байсан гэж хэлэлцдэг.
Судомерш, Вожине, Жижков, Уурхайт уул, Гермат гарам, Хоршицын тэндэх хутагт Готхардын ууланд Малешовын тэнд, бас олон газар дайснаа дарж, өдий төдий хот шилтгээнийг эрхэндээ хураасан хусынхны цэрэг байгуул «ганц Тэнгэрийн ном шашны төлөө ч биш, бас чех слован хэлээ дарлалаас ангижруулах гэж байлдаж явсан Калих Хундагатын номын садан Жижка Ян чингэж нас барсан гэдэг».9
Нас барахад нь Храдец гэдэг шилтгээнцрийнхэн Жижка жанжныг хийр дээр морьтон баатрын өвч хуягтай, гартаа бялуугаа барьж, цагаан хүлгээ унасан дүрийг нь зуруулаад, яг л сэрүүн тунгалаг байхдаа морддог байдлаар нь дүрслүүлээд «тэр хийрийг залан, байлдаанд явахдаа ер дайнд дарагдаж явсан удаагүй гэдэг»
Чехийн түүх сударт нэр гарсан эрсийн дотроос ер тэр Троцновын баатар жанжин шиг ард түмнийхээ зүтгэлд хатангадан дурсгуулсан хүн байхгүй. Бас нас нөгчсөн газар нь ч мартагдаагүй. Жижкийн тал гэдэг нэртэй болоод, одоо хүртэл тэр нэр нь хэвээрээ бий. Тэр газар тариа тарих гэж хагалаагүй, атар хэвээрээ. Хожим хойно тэр алдарт баатрын нэр дурсгалыг бузарласан үед, тэр газарт нь тариа тарих гэж анжсаар хагалж эхлээд, анжис чирсэн мал нь гэнэт өвчин тусаж үхсэнд хагалахаа байжээ. Голт борын модонцор тэр газар нь ургаад, сагсайн саглайж том болоход нь, тэр газрын эзэн хүн, ухаж хаяулах гэсэн нь, зээтүүгээр ухах гээд тэр ухсан хүн хөлөө цавчуулж, сүх аваад цавчих гэхэд нь сүх нь ишээсээ сугараад, мод цавчих гэсэн хүнийг шархтуулсанд, тэр голт борын цэцэгт модонцорт халдах хүнгүй боллоо10. Бас Жижка жанжныг Троцнов гэдэг газар царс мод дор мэндэлсэн түүнээ өнөөх царс мод нь онгон дархан мод болж, ард амьтан их л хүндэтгэдэг байжээ. Хожим, Бела Хора гэдэг Цагаан уулын тэнд дайн болсноос хойш, Жижкийг ард олонд таниулахдаа муухай харгис зэрлэг, хүний мах цусанд ханадаггүй махчин гэж ухуулсан бөлгөө.


Улс олны дуртгалд Жижка жанжныг дайнд дарагдаж үзээгүй дайчин эр, ер бусын чадалтан байсан юм гэж хэлэлцүүлж, мэндэлсэн газарт нь байгаа тэр царс модонд их чадал эрдэм бий гэж итгэдэг байлаа.
Тэгээд зориуд тэр царсанд очиж, салаа мөчрийг нь огтлоод, их биеэс нь сүх алхны иш хийх гэж авдаг байж. Эдэлгээ сайтай бөгөөд, цохиж шархтуулахад айхавтар их шархтай болгодог юм гэж итгэдэг байсан байна.
Тэг тэгсээр тэр царс барагдаж, ганц хожуул хоцроод төмрийн дархан, тосгоны хүн тэр хожуулд очицгоож хадаас шааж, бяр сайтай зоригтой болдог юм гэж цувдаг болоод бас зэвсэг багажийн иш хийсээр байгаад тэр хожуулыг ч үгүй хийж орхилоо. Чингэж тэр мундаг царсыг үгүй хийгээд, хожуул нь ч ялзраад ирэхэд, зомгол залтсыг нь хүртэл түүж, сүх алхны ишид шаантаг шаахад бөх болдог юм гэдэг байлаа. Тэгээд тэр царснаас юу ч үлдсэнгүй. Манайханд ямар нэгэн барилга, нэртэй хийд шилтгээн, дайнд үрэгдэж эвдрэн сүйдсэн бүгдийг, ялангуяа гучин жилийн их дайны хөлд үрэгдсэнийг Жижкийн хүчинд автагдан сүйрсэн юм гэж хэлэлцэж үнэн голоосоо итгэдэг байлаа. Бас балар эртний хэрмийг мөн л Жижкийн босгосон хүрээ хэрэм гэж хэлэлцдэг болжээ.
Жишээ нь, Лүжийн орчин газар хуучин цогцолсон хэрэм далан байдгийг Жижкийн хүрээ гэж хэлэлцдэг. Бас Копидлины тэндэх том шороон хэрмийн тэнд хүрч, ойр хавьд нь суудаг хүнээс тэр балар эртний хүрээ хэрэм чухам аль үеийн болохыг мэдэх үү? гэж асуувал эртний чех хүрээ гэдэг юм аа, Жижкийн дайны үеийн юм гэж хэлдэг байна. Ард олон, Жижка жанжныг аялан явахдаа хаа үлдэж хаа хоносон газрыг нь андахгүй, хаанаас дайран ороод, хаа амарсан зэргийг үе улиран хэлэлцсээр иржээ.
Рымбуркийн тэнд Спалинец гэдэг нэртэй цөөрөм бий. Уг нь яагаад Спалинец буюу Хэншүүт гэсэн юм бэ? гэвэл, Подлажицийн хийдээс олзлон барьж авсан лам нарыг тэр хавьд шатааж хэншүү тавьсан юм гэдэг. Рымбуркад нь бас Жижкийн хясаа гэж нэгэн сүрхий хадан хясаа, тэр Рымбуркийн шилтгээн тушаа нэгэн нарийн хотгорын тэртээ байдаг. Жижка жанжин тэр хадан хясааны дунд биед үхэр буугаа зоож, шилтгээнийг сүрхий буудуулсан нь, одоо хүртэл шилтгээний хэрэмд хоёр бөөрөнхий чулуун сум шигдээстэй байдаг. Тэндээс нэлээд хол, манай ванлагийн баруун хойд зүгт Влшааны тэнд Жижкийн довцог толгой гэж нэртэй толгой бий. Жижка тэнд цэрэгтэйгээ буусан юм гэдэг. Одоогийн Чех нутгийн тэртээ тэр үед Чехийн харьяат Кладын гүнлигт Радек хотоос Бамбершиц орох замд модны захад нэг хадан хясаа бий. Тэр хясаа дээр өрөөсөн нүд нь боолттой, дуулгатай хүний толгой шиг чулуу харагддаг. Тэр хадан хясааг одоо ч Жижкийн толгойт гэдэг11.
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чехийн Эртний Домог - 2 - 2
  • Büleklär
  • Чехийн Эртний Домог - 2 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4383
    Unikal süzlärneñ gomumi sanı 2198
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4354
    Unikal süzlärneñ gomumi sanı 2096
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4403
    Unikal süzlärneñ gomumi sanı 2187
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4422
    Unikal süzlärneñ gomumi sanı 2250
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4625
    Unikal süzlärneñ gomumi sanı 2119
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4294
    Unikal süzlärneñ gomumi sanı 1998
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чехийн Эртний Домог - 2 - 7
    Süzlärneñ gomumi sanı 127
    Unikal süzlärneñ gomumi sanı 94
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.