Latin

Чандруу Алмаас Хоёр - 06

Süzlärneñ gomumi sanı 4444
Unikal süzlärneñ gomumi sanı 1897
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
— Тийш ээ! гэж шивнээд, тэр зүг эргэж, шинэ навч нахиандаа хүндэрсэн мөчрийг болгоомжтойгоор зайлуулж, огт андуурахгүй урагшлан одтол, гэнэт зогсож,
— Ирлээ! гэхэд нь Фелек дөхөж ирээд,
— Уухай даа. Үүгээр нээрээ дөт байна гэхэд нь,
— Эс хэл лүү гэлээ.
Тэдний өмнө бараг нэг алхмын газар, ширэлдэм өвс намхан бут ургасны дунд нэг хонхор нүх харагдаж, зоориноос гарч байгаа юм шиг хүйтэн чийг ханхалжээ. Чингээд бөхийгөөд, нарийн хонгилоор дотогшлон орвоос, ёроол нь тэгшгүй, чулуурхаг. Тэгтэл харанхуйд цаанаас нь нэг хүн нам дуугаар:
— Хэн бэ? гэсэнд, Алек төв байдлаар
— Эрх чөлөө гэж мэдэгдлээ.
Фелек нэг чулуунд тороод,
— Ай харла! Марцин, битгий мангуур, гэрэл гарга гэвээс, гар чийдэнгийн гэрэл тэр хонгилд гэрэлтүүлж үзвээс баахан дор, бяцхан бие жижиг Богуцки Марцин адар маш намхан газар зогсон буйд Фелек хонгилын туургыг харж үзээд,
— Яах нь тэр вэ, энэ нүх бага болчхов уу? гэхэд,
— Чи л том болчихсон байлгүй гэж Алек инээгээд, тэгэхдээ нэг их базаасан гэж үү хэмээвээс,
— Надад л болоод байгаа юм гээд, Марцин гар бариваас цэл хүйтэн бөгөөд чийгтэй, лавдуу биед сайнгүй ажээ.
— Юрек бий юу? гэж Алекийн асуухад,
— Хамгийн түрүүнд ирээд, удаж байна гээд гар чийдэнгээ унтрааж, цаашаа тэр хонгил гэнэт эргэсэнд нэг их уудам бус боловч, нэлээд өндөр зоорь шиг юманд орвоос, туурганд өлгөөстэй нэгэн дэнлүүний сүүмэлзэх гэрэлд улаан туурга, тэгшгүй боловч сайн чигжсэн хатуу шалтай бөгөөд буланд харанхуй, зарим газар том чулуу өрөөстэй цайран харагдаж байгаа нь, дээр цагт Индианы эрхэм удирдагч цуглаж, ёслолын хурал хийж байна гэж тоглодог байх үедээ суудал болгон зассан чулуу нь харагдаж, тийм нэгэн чулууг хөлөөрөө тулж Шреттер Иерзы зогсож байлаа гэнэ. Нуруу өндөр, урангивтар, үс хонгор, толгой хавчиг бөгөөд шувууны толгой шиг, биед өмссөн нь биеийн тамирын хувцастай, богинохон арьсан цээжмэг дээлтэй ажээ. Дэргэд нь шахуу Котович Януш байдал урьдын адил ганган, баахан ядарсхийсэн шинжтэй, чухамлавал, тийм байдал сүр бадруулан үзүүлж зад индүүдсэн үстэй даавуун өмдтэй, урт өргөн пиджактай, ажиггүй туурга түшин зогсож байсанд Фелек, тэр зооринд ороод, байдлыг харуут,
— Хараач ер ондоо болоогүй, ганц арай хэмжээ нь биш болчихсон шиг
— Сервус, Юрек! гэж Йерзын бага нэрээр дуудан ёсолсонд Шреттер толгойгоо өндийлгөөд,
— Оройтчихлоо шүү! гэж хариу дуугарахдаа, өөрийнхөө биеийг өргөсхийж бусдыг баахан хөнгөн үзэх үес нөхөр ханийн зүг ярьдаг зангаа гаргаж айван тайван байдалтайгаар дуугарахад нь Алек улайж, Фелек нь Йерзын удирдангуй байдлыг нэг их юм болгодоггүй тул, далаа хавчаад,
— Тэгж үү? Нэг их ч хождоогүй байх аа! гэхэд нь Шреттер Юрек, хоорондоо ойрхон ёнхор нүдээрээ Фелекийн зүг ширвээд,
— Их багын тухай би арай хэлээгүй, зөвхөн хожигдлоо л гэж байна. Тэр болоо юм биш үү, гэсэнд Котович Януш ёжтойгоор инээсхийснээ далдлахыг огт бодсонгүй. Чингээд үстэй даавуун өмднөөсөө янжуурын алтан сав гаргаад тамхи татаж гарсанд Фелек,
— Хүнд тамхилахгүй юм уу, муу гахай, чи? гэхэд нь Котович, тамхиныхаа хайрцаг сарвайгаад,
— Татаач... гэлээ.
Алек бас нэг янжуур авбаас, Мардин тамхи татдаггүй, Шреттер Юрек бас татахгүй гээд тамхины нь сав харж,
— Шинэ олз уу? гэхэд нь,
— Сайхан санагдаж байна уу? гэвээс,
— Миний хэрээс хэтэрхий сайхан эд байна гэлээ.
— Чиний мэдэх хэр гэж дээ! гэлцтэл, Шреттер тэдний үг таслан
— Сууцгаа! Та нарт сануулах нь, бид нөхөрсөг цуглаанд юм уу, шар айраг уудаг газар хүрэлцэн ирсэн хэрэг бус гэсэнд Януш
— Ээ харла! гэж аман дотроо аяархан дуугарахыг гагцхүү дэргэд нь зогсож байсан Фелек л сонсжээ.
Чингээд, чулуун дээр чив чимээгүй сууцгаатал, Фелек,
— Золиг чинь яасан янгиа хатуу юм бэ? гэж ярвайгаад Янушийн зүг бөхийж, — Бөгсөө үүн дээр хөлдөөчих вий дээ... гэлээ.
Цанхигар туранги царайтай, элэнхий оготор пиджактай, даарчихсан шинжтэй, алгаа баахан хийрхсэн байдалтайгаар хавирч байв. Нэгэн хэсэг цөм чимээгүй суутал санаваас тэр туурга, тэр бараг бүрэгт туурга адарт сүүдэр хөдөлцгөөж, баахан хөгц ургасхийсэн тэр чулуу хэчнээн юм сэтгэл санаанд сэргээвэй!
Алек тэсэж ядаад,
— Юрек Өндөр Шонхорыг3 санаж байна уу? гэвээс, урьд тийм нэр зүүж явсан Шреттер хөмсгөө атируулан,
— Багын тэр дэмий тоглоомын тухай сүүлд яривал яана? гэхэд нь
— Тун сайхан зугаацдаг байсан түүнийг яриад барахгүй гэж Фелек хажуугаас нь дуугарваас, Шреттер дуугүй болоод, тэнд байсан хүний дундаас ганцаараа суулгүй, цааш нь чиг гэсэн, өрөөсөн гараараа эрүүгээ тулаад, өрөөсөн хөлөөрөө чулуу өшиглөөд зогссоор байсанд лааны сүүмэлзэх гэрэл, эцэнгэ зууван царайд нь тусч, сүүдэр нь том гэгчийн бөгөөд мөр нь нугарсан байдалтайгаар араас нь туурга адар хоёрт тусгаж байлаа. Газар дор байдгаас өөр тохиолд байдаггүй жигтэйхэн чимээ имээгүй аж, бас газар дор дуугарсан юм шиг тэнгэрийн дуу маш холоос дүнгэнэсхийн дуулдсанд Марцин,
— Аянгатай бороо гэж шивнэвээс, дахин тэнгэр нижигнэн дуугарлаа.
Цөмөөрөө тэр чимээ чагнасхийтэл, Шреттер нуруу тэнийн тэр тухайд арай дотно найрсаг өнгөтэй тодхон дуугаар
— Та минь сонсоцгоо. Миний хүсэх минь, дэмий будилаан маргалдахаас зайлсхийвэл дээр бий... гэтэл нь, Фелек дэмжин баталж,
— Зүйтэй хэмээвээс, Йерзы түүнийг сонсоогүй дүрэм үзүүлэн
— Бид бие биеэ хар багаасаа өдий олон жил мэддэг, хуучин найзууд шүү дээ, тийм үү? Одоо бол, би та бүхний дарга. Миний тушаахад та нар дагаж гүйцэтгэх ёстой. Бид байгууллагынхаа анхны тав даруй мөн. Байгууллагаа бид бий болгоод, хойшдоо бидний л ямар болговол, тийм байх болно. Миний үгийн учир утгыг та ухаж байгаа байлгүй. Танил тал хүний тоглоом зугаа биш шүү энэ маань гэхэд Фелек, шүднийхээ завсраар тамхитай шүлсээ хаян,
— Мөн дөө, явуулаад л бай! гэхэд нь
— Тэр учрыг би дахин давтахыг хүсэхгүй, тэр та нарын мэдэх хэрэг. Би юу ч болсон, юу хийхийгээ мэдэж байна гэвээс, Фелек чулуун дээрээ хөдөлсхийгээд. Йерзын зүг хялам хараад, дахин юм дуугарсангүй. Шреттер нь цаашаа хэлэхдээ
— Одоо чухам хэрэг учраа ярьсугай. Өчигдөр та бүхэн миний тушаал авсан. Миний анхны тушаал. Өнөө орой хүн бүхэн таван мянгыг авч ир гэснээ онцолъё. Тушаалыг ёсоор болгосон байлгүй гэж итгэж байна. Гэвч тэр мөнгө багадаад байна гэхэд нь,
— Бас багадах нь уу? гэж Фелек санаа зовнивоос,
— Байз. Тэр гол биш. Хүн бүр мөнгө авчирсан уу гэж мэдэхийг хүсэж байна гэхэд нь Алекийн царай улайгаад, түүнээ нуух гэж толгойгоо дарваас, Шреттер,
— Өөрөөсөө эхэлье гээд халааснаасаа мөнгө гаргаад, хөлөөрөө тулаад байсан чулуун дээр хаяж,
— Таван мянга. Мотоцикл авах гэж хуримтлуулж байсан мөнгөний минь нэг хэсэг. Нарийвчилбал, бүх мөнгөний минь дөрөвний гурван хувь гээд, мөнгөө яасан бэ гэж ойр сууж байсан Котовичоос
— Януш аа! гэхэд нь тэр нь зовсон царай гаргаж, мөнгөнийхөө ихэнхийг гаргаад, хэдэн дэвсгэртийг яаран тоолж,
— Таван ширхэг. Нуух юм алга. Энэ мөнгө бол валют гүйлгэж олсон миний хувийн ариун орлого. Та нар юу андах вэ гэхэд нь Шреттер,
— Зүйтэй гэж баталлаа. Тэгээд дараачийн хүний зүг эргэвээс, тэр нь Шимански Фелек байжээ.
— Чи яасан бэ? гэхэд, үг дуугүй мөнгө гаргаж чулуу дээр тавилаа.
— Хаанаас олсон бэ? гэхэд Фелек хөмсгөө атируулан,
— Яасан салдаггүй ноцдог юм бэ? Цагаа борлуулчихсан даа, мэдэв үү? Бас хэлэх юм байна уу? гэхэд нь Шреттер нэг хэсэг дуугүй байгаад, эцэст
— За, болж. Дараа нь хэн бэ, Алек уу? хэмээвээс, Алек, үснийхээ угт хүртэл улайснаа мэдээд, мөнгөө эв муутайхан гаргаж, түрүүний мөнгө тавьсны дэргэд нь тавилаа. Шреттер Алект бусдаас дотно тул зориут дуугаа ширүүн болгож,
— Хаанаас олж авсан? гэхэд нь Алек бэндэж,
— Өөрийн бага сага мөнгө байсан... гэтэл,
— Хэчнээн? хэмээсэнд
— Мянга таван зуу гэхэд нь,
— Бусад нь? гэж асуухад дуугарсангүй.
— Бусдыг хаанаас олж авсан бэ? гэтэл, бэрхшээлтэй, хар баагаар биеэ шахаад,
— Хулгай хийсэн гэсэнд Шимански Котович хоёр гэнэт зэвүүрхэн хөдөлсхийлээ. Фелек уртаар исгэрээд орхилоо. Тэгтэл Алек нэгэнт хэлснээс дотор нь онгойж, Шреттерийн цааш нь лавлан,
— Хэнээс хулгайлсан бэ? гэхэд нь,
— Эжийгээсээ гэж хэлүүт, санаа талбиуран амарч ер нь буруушаахгүйгээр үл барам, харин чиг ойшоох вий гэж бодтол Шреттер Юрек,
— За болж, Марцинд юу байна? гэхэд, өвдөг хоорондоо хуруугаа солбицон бодлого болж, захдуу сууж байснаа, нэрээ сонсоод, толгой өндийлгөн, бодол болсон нүдээр Шреттерийн өөдөөс харваас, Йезрын царайд сүүдэр тусан өнгөрөх шиг болж,
— Мөнгө чинь аль вэ? гэсэнд, нам дуугаар
— Алга аа надад гэлээ.
Котович Януш, босоод нэг юм хэлэх гэсэн юм шиг хөдөлсхийвээс, Фелек татаж тогтоогоод,
— Битгий үймүүл, ямар хамаатай юм бэ? гэлээ. Марциныг тун бэрх ядуу. Эх охин дүү тэжээхдээ, лекцээр аргацаах юм олдог гэдгийг цөмөөрөө андахгүй ажээ. Гэтэл, Шреттер, зүйл хараахан дуусаагүй гэж үзээд,
— Тушаал тодорхой байсан шүү дээ, тийм үү? Чи л гүйцэтгэсэнгүй гэхэд эс хариулсанд
italki
— Учир нь юу билээ? гэсэнд Марцины ам чичив татав хийгээд,
— Учрыг чи мэдэлгүй яах вэ? Надад таван мянга байвал дүү охиндоо гутал авч өгөх юм сан... гэхэд нь Котович Януш тэсэж ядан ухасхийгээд,
— Тэр чиний хувийн хэрэг. Энд охин дүү чинь бидэнд ямар хамаатай вэ? гэхэд Марцин түүний зүг хараад,
— Надад хамаатай юм аа. Тэгээд, санаа битгий зов. Би дүүдээ гутал авч өгөөгүй. Таван мянга надад байхгүй гэхлээр нь,
— Коссецки шиг хулгай хийвэл таарах байж гэсэнд Шреттер
— Намдацгаа, та нар. Януш чамд тэр зүйл хамаагүй шүү. Сануулах хүн нь энд миний бие мөн гэвээс, Марцин босоод, Шреттерийн өмнө зогсон, царай нь зэвхийрээд, гар нь чичирч, амьсгал давхацсанаа дарж ядан,
— Хүлцэнэ үү, надад анхааруулахаас чинь урьд би нэг хэдэн үг хэлэх үү? гэсэнд Шреттер ажин хараад,
— Одоо хэрэггүй сүүлд, хоёулхнаа яримз гэвээс Марцин яахыгаа ч гайхан атал, мөр дээр нь гараа тавиад
— Суу гэлээ.
Марциныг дуулгавартайгаар үг дагасан хойно хойшоо ухасхийн, мөрөөрөө туурга түшээд,
— Сонсоцгоо, уг хэргийн байдлыг хэлбэл, цаад зах нь даваа гараг хүртэл бүх мөнгө буюу өөрөөр хэлбэл, хоёр түм таван мянгыг, нэг мөнгө дутаалгүй бэлэн болгох учиртай. Юу гэвэл, зэвсэг худалдан авах нэг онц завшаан тохиолдож байгааг мэдэцгээ. Яаж авах тухай би мэдье. Одоо... гээд хоромхон бодлого болуут, саях дутуу мөнгийг нөхөн гүйцэлдүүлэх аргыг хэлбэл, Алек тушаалыг минь дагаж мөнгө олох гэж хулгай хийсэн тэр мөнгийг би буцааж өгье гэтэл, Алек ухасхийн босож царай час улайгаад,
— Би зөвшөөрөхгүй! Мөнгө хаанаас яаж олсон нь миний мэдэх хэрэг... гэтэл, Шреттер Юрек түүнд хариу хэлэхийг огт тоолгүйгээр
— Нөгөө Марцины дутуу хувийг манайхны дундаас хамгийн их мөнгөтэй хүн даавал таарна гэсэнд, ухасхийн босох ээлж Котович Янушт тохиолдон, хөөрхөн боловч хүүхэлдэйн царай шиг царай нь унтууцсандаа хачин эвгүй болж,
— Тэр санах хэрэг биш! Би түүний төлөө гэж төлбөрт орох вэ?! гэтэл,
— Оролгүй яах вэ. Орох орохдоо, одоохон гаргаад өг гэсэнд Котович ухарсхийгээд, дэмжих хүн байна уу гэсэн шиг наадуулыгаа харваас, хажуугаас нь Марцин даруй Шреттерийн зүг
— Йерзы чи намайг ичээн доромжилж байна гэхэд нь өөдөөс нь,
— Чамайг уу? гээд, Котовичийн зүг хараад,
— Чамд бодох хагас минутын чөлөө өглөө гээд цагаа харан хэрэв одоо таван мянгыг гаргаж өгөхгүй бол, торгуулж, биедээ байгаа бүх мөнгөө өгч шийтгүүлнэ. Гүйцлээ. Шийд гэхэд нь, Фелек гүнгэнэн,
— Хөгөө чирэх нь! гэлээ.
Алекийн зүрх амаараа гарчих шахаж, Марцин уруулаа зууж, толгой даран зогсож, Котовичын царай харин зэвхий цагаан болоод, унтууцах шинж нь алга болон, ухаангүй айж хулчийсан байдал тодроод, тэр зооринд айдас хүрмээр чимээ ч үгүй болчихсонд, гаднаас нэгэн маягийн баахан бөглүү болсон чимээ гарч байгаа нь хөөсөрсөн ус урсаж байгаа юм шиг. Салхи хөдөлмөөр ч юм шиг. Түрүүнийхийг бодвол тэнгэрийн дуу нэлээд ойроос нижигнэлээ. Үүнд Шреттер цагаа дахин хараад,
— Арван долоон хором гэхэд нь Котович гэдрэгээ бас нэг алхам ухраад, хонгилын зүг гөлийсхийн харваас Шреттер Коссецки Шимански хоёрт дохиж,
— Гарах үүдэнд та хоёр зогс гэхэд нь хоёулаа өөрөө хөдөлдөг оньс шиг юм уу ховсод автагдсан хүн шиг дуугүй дагасан хойно нь Котович шүдээ зуун,
— Ингэдэг юм бий? Хүнээ мөн олж шилдэг юм шив дээ. Сүрхий хань, сүрэг тонуулчин шив дээ! гэхэд нь,
— Зургаан хором үлдлээ хэмээлээ.
Марцин, чулуун дээрээ суугаад, нүүрээ алгаараа халхалтал,
— Хоёр хором гэж Йерзын тодхон дуу дуулдсанд Котович гэнэт босон харайнгуут, өнөөх өлгөөстэй дэнлүү шүүрвээс, лааны нь гэрэл сүүмэлзэн, бүх зоорийг зурвас зурвас сүүдэр жирэлзүүлтэл, Шреттер, ухасхийж, хоёр гараараа заамдаж цаана нь байгаа харанхуй булан руу түлхчихсэнд ойчуут босон харайгаад, өмднийхөө шороо тоос гүвж эхэлтэл, уруулаа хага цохичихсон тул цус гарчээ. Шреттер, дээлийнхээ ханцуй шамласхийгээд, аажуухнаар дэргэд нь очоод, уруулаа арчих гэж алчуураа гаргаж байтал нь, халхлахын зав өгөлгүй, нүүр лүү нь цохиод авчээ. Тэгэхлээр нь алчуураа алдаад, шарвасхийгээд, цочирдсондоо ер эсэргүүцсэнгүй. Шреттер гараа зангидаад, тасалдалгүй дээр дээрээс нь балбаж гарав.
— Юрек! гэж Фелекийн хашхирахад, анзааралгүй, өнөөхийгөө балбаж байгаа үүнд тэнхэл муутай бөгөөд биеийн тамир хийж үзээгүй Януш, хүүхэлдэй шиг нэг ийшээ эргэтэл нүдүүлэн, наадахынхаа чиглүүлэн цохихыг гараараа халхалж чадахгүй ажээ. Марцин, нүүрээ гараараа дараад, огт хөдлөлгүй сууж байсан тэр үед Фелек,
— Монди вэ! Ингэж хүний мах арьс урахад би дургүй. Бөөлжис хутгамаар гэхэд нь Алек юм дуугарсангүй, Йерзын сүр хүчинд дарагдчихаад, мод шиг болчхоод, Янушыг тоодоггүй тул, Йерзын талд сэтгэл бишрэн оржээ. Чингэж байтал Котович ойчоод өглөө. Шреттер дээр нь нэг баахан зогсосхийснээ, эргээд, хажуу тийшээ зайлан, дээлийнхээ шамласан ханцуй буулгаж, янжуураа гаргалаа. Байдалд нь ер хувирсан шинжгүй, урьд адил биеэ сүрхий барьсан, ажиггүй бөгөөд гагцхүү үсээ алгаараа илэн засаад, тамирчны сүрхий бөх гутлаараа чулуу тулаад, янжуураа сортол, Януш аяархнаар хөдөлж, өвдөг нугалан суугаад тоос болчихсон гараараа аньсагаа арчиж, одоо яадаг билээ гэж бодож байсан юм шиг сөхрөөстэйгөө нэлээд байгаад, өндийж босвоос, дээл хувцас нь шороо буртаг болж, нүүр нь хөх няц, цус нөж, нүд ам нь хавдаж, аймаар байдалтай. Хахирч, цус шавар холилдсон шүлсээ нулимж, нүүрээ пиджакийнхаа ханцуйгаар байн байн арчиж байтлаа, тэнхэл тасарч шарваад, туурга түшин тогтлоо. Тэгээд, сая толгойгоо өндийж, юм бараг харж чадахгүй болсон нүдээрээ дэргэдэх юмаа харж, хавдчихсан уруулд нь хорсон инээмсрэх байдал үзэгдэн, өмднийхөө халааснаас баглаастай мөнгөний дэвсгэртийг гаргаад, өмнөө чулуудангуут,
— Май гээд, пиджакаасаа бас нэг баглаа гаргаж хаяут,
— Гударцгаа! гэлээ.


Тэр зоорин хөндийн голоор нь мөнгөний тэмдэгт цацарч, Шреттер, тун хайхрамжгүйгээр янжуураа татан, тэр хэрэг явдал гарсанд ер анзаарахгүй атал, нөгөөдөх нь дахин халаасаа уудлан, нэг хэдэн долларын тэмдэгт цаас гаргаснаа, яая даа хоромхон зуур бодох шиг болж байснаа шүдээ зуун,
— Үгүй, муу сайн тануус үүнийг олж долоохгүй! гээд их л хорсон уурлаж тэр долларын банкны тэмдэгтийг дундуур нь нэг тастаад тасалснаа дахиад дундуур нь тастаж бас нэг таслан ураад, тэр олон ногоон тасархайг газар шидэхэд нь, наадмын үес өнгийн жижиг цаас хаядагтай адил цацран хийссэнд,
— Май! Бөгсөө арчихдаа хэрэглэвэл хэрэглэ! гэхэд нь Шимански Фелек, угаас юманд хайртай нямбай хүү тул, тэсэлгүй,
— Ээ, яадаг билээ? Януш, чи солиоров уу? гэж дуу алдтал, цаадах нь халааснаасаа задгай хоёр, мөн таван злотын үрчийсхийсэн цаас гаргаад,
— Солиоров уу гэнэ үү? Миний солиорсон эссэнийг мөд тануус үзнэ ээ! Үзүүлнэ дээ би танууст, намайг дурсаж явна даа тануус... гэхэд нь тэр зоориноо гарах аман дээр зогсож байсан Шимански, Коссецки хоёр өөд өөдөөсөө хараад Марцин хүртэл, толгойгоо өндийлгөтөл, Шреттер янжуураа чимээгүй татаж гүйцээд орхив.
— Монди вэ! гэж Фелекийн гүнгэнэсэнд, Алек түүний зүг хазайгаад,
— Ишш! гэлээ.
Януш эднийг давлаа гэж нутад бодоод, пиджакаа засаад, хазайчихсан зангиагаа тэгшлээд, нүүрээ ханцуйгаараа дахин арчуут,
— За тоглоцгоож бай! гээд, хаясан мөнгөн дээгүүрээ шар шар гишгэн, чүү гэж хоёр алхтал нь Шреттер тэнийгээд, өмднийхөө халаасанд гараа хийсэнд, Марцин босон харайж,
— Йерзы! гэтэл, модоор хоёр удаа нэг юм цохисон шиг лүсхийн буун дуу, зузаан туурганд, дарагдасхийн хоёр удаа дуугарсанд, Януш, өлмий дээрээ өндөсхийгээд, бүжиж байгаа хүн шиг нэг хором тэр байдлаар тогтозноод, гараа алдлан гэдийгээд, гэнэт буруу эргээд гараа өргөсөөр сүүдэрт уруугаа харан ойчжээ.
Марцин бусдаас түрүүн түүний зүг ухас хийгээд, өөд нь харуулбал, элстэй шуудай шиг хүнд бөгөөд ухаан мэдээгүй байжээ. Сөхрөөд, ягаан торгон цамцыг нь элгэнд нь хага таттал, элэг өвчүүнээс нь цус нарийхнаар садран гарч, нам гүм чимээгүйн дунд, газрын дундаас чимээ гарч байсан юм шиг, холын үер борооны чимээ дуулдлаа.
Марцин, даруй Шреттерийн зүг эргэж
— Йерзы минь, Йерзы минь, бид яаж байгаа нь энэ вэ? гэсэнд, Шреттер, янжуурынхаа үлдсэн ишийг шунан сороод, газар хаяж, гутлаараа гишгэсэн хойно,
— Бид үү? Марцин минь, зүйтэй үг сонсох гэвэл, би чамд хэлж өгье. Бос, битгий сэтгэлээ дэмий чилээ гэтэл Шимански Фелек цаасан мөнгөн дээгүүр болгоомжлон гишгэж, тэр уначихсан өнөөхийн дэргэд очоод,
— Ээ харла аа! гэж аман дотроо дуугаран, нэг хэсэг ажин харснаа, сөхрөн дэргэд нь байгаа Марциныг,
— Бос, өвгөөн! гэж ширүүлэн дотнолж өгүүлрүүн энэ нэг мангуу хүүрээс болж сэтгэл чилээд яах юм гээд мөрнөөс нь тэврээд түшин босгоход Марцин аяыг нь дагасанд Фелек тэр цацаатай мөнгө хараад,
— Бузгай мөнгөтэй байж шүү! гэвээс, Алек дэргэд нь зогсон, уруугаа харж, доод уруулаа зуусхийн байлаа. Тэгтэл Фелек гэнэт тэсэж ядан,
— Ээ мондиуд, тануус, хэл чинь татчихсан юм шиг юунд дуугүй болчхов? За тэгээд? гэж Шреттерийг хараад, одоо яах юм бэ? гэхэд нь хариу юм дуугарсангүй.
— Юундаа хялайв, чи? Намайг хулчийлаа гэж бодов уу? гэхэд нь
— Тэгээгүй юм уу? гэсэнд,
— Яалаа гэж дээ. Чи зулайгаараа цохиж ойчив уу, яав? Энэ байтугай юм үзсэн хүн шүү. Аль вэ өнөөхийгөө үзүүл... гэхэд нь Шреттер, өмднөөсөө гар буугаа гаргаад Фелект өгвөөс, сүрхий нямбайлан үзээд,
— Зүгээр юм аа! Биккерс үү? гэхэд нь
— Тийм гэлээ. Тэгээд цагаа хараад, ес шахаж байгаа тул,
— Аль ээ! Явах цаг болчихлоо гээд, буугаа авч далд хийгээд, даргын байдлаар,
— За, ингээд дуусгая даа! Цаадхыгаа хажуу тийш нь болго, мөнгийг нь цуглуулаад ав, тэгээд цаашаа яахыг сүүлд нь хэлэлцье гэж бие сэтгэлээ барьж чадсан сэргэлэн дууг нь сонсоод, цаадуулын дотор онгойж, саяхан хийчихсэн тэр муухай явдал нь сая олонд мэдэгдэхгүй, гагцхүү зоорины дөрвөн туурган дотор болсон, дөрөвхөн хүний дундын явдал болсон үүнд, Коссецки Шимански хоёр өнөөх дэлсүүлчихсэн нөгөөдхийгөө хөл суганаас нь бариад, зоорины аль аль нэг буланд аваачин туурганы хаяанд тавьчихсанд, өнөөхийн бие нь харанхуйд ганцаараа хэвтэж байгаа нь агшиж бага болчихсон юм шиг харагдах ажээ. Тэгээд хаячихсан мөнгийг нь түүж эхэлсэнд Шреттер Юрек туслалцтал, гэнэт Фелек, банкны тэмдэгтийн нэг жаалхан тасархай сэгсрэн бариад,
— Ээ шарсан дэгдээхэй! Хорин доллар ингэчхэж, эрхмүүд ээ! гэж гэнэт хашхирлаа.
— Аль вэ? гэж Алек сонирхсонд,
— Харав уу, хорин доллар! Под хийсэн мөнгө биз! гэхэд нь Шреттер,
— Бушуул, бушуул! Дэмий юманд цаг бүү гарзад! гэж санууллаа.
Цаасан мөнгө тэдний гарт шар шар хийж, туурганд мөнгө түүж байгаа сүүдэр нь ямархан нэг гурван нүсэр амьтан яаралгүй хөдөлж байгаа юм шиг ажээ. Чингэж байтал Марцин гэнэт,
— Йерзы! гэсэнд Шреттер хоёр гартаа цаасан мөнгө дүүртэл атгаад өндийвөөс, Марцин өөдөөс нь баахан хараад, бодол болж зовчихсон шинжтэй хар нүд нь улам ч ёнхойж, үүл бүрхчихсэн юм шиг үзэгдэн, богино гэгчийн ханцуйтай, гандчихсан хэтэрхий бариу пиджактай, тун чиг өрөвдмөөр үзэгдэж, их л хүсэн гувших байдалтай, — би явбал яана даа гэсэнд Шреттер хөмсгөө атируулан.
— Одоо юу? гэвэл,
— Бүү зов, би та нарыг хэрэгт оруулахгүй гэсэнд
— Түүнийг хэлсэн хүнгүй гэлээ.
Фелек Алек хоёр, мөнгө түүхээ зогстол, Марцин,
— Надад л итгэдэг юм бол, намайг явуул. Би энд тусалж чадахгүй нь гэхэд нь,
— Даан ч дээ гэвээс,
— Чадахгүйг минь бодооч дээ гэлээ.
— Эд хоёр чадаад л байна шүү дээ гэж дэргэдэх нөхдөө заатал, Марцины ам нь чичив чичивхийж,
— Йерзы, бодооч дээ! Та нар юу гэж үзэж байгааг би мэдэхгүй, мэдье ч гэхгүй. Их л аягүй байна. Бод л доо. Манай нөхөр нэг хүн алуулчхаад хэвтэж байхад, та нар, яах ч үгүй, мөнгө тоолж, юм ярьцгааж... гэтэл,
— Чи солиорч байна уу? Тэр хоёр зүйл ямар хамаа байгаа юм бэ? Мөнгөө хаях уу, тэгээд? гэж хөндлөнгөөс Фелекийн хэлэхэд, Шреттер түүний зүг дохин,
— Чимээгүй бай! гээд, мөнгөө халаасандаа хийж, Марцины дэргэд очин, мөрөн дээр нь гараа тавиад,
— Би тусгүй юм хийж үү? гэвэл, өөдөөс нь зүрхтэй хараад,
— Тэгсээн гэлээ.
— За, тэгвэл, түүнийг би эс буудаж унагавал, хожим юу болно? Бид бүгд яаж балрах вэ? гэхэд нь,
— Йерзы, би түүнийг мэдэхгүй. Миний мэдсэнээс тэр маань хороолгочихлоо. Хар даа, юунаас бид эхэллээ... Түрүүнд нь бид юу гэж ярьдаг байлаа? Польш улсынхаа төлөө, хамаг сайн сайхан юмны тухай ярьдаг биш бил үү... Бүү инээмсэглэ, өөрөө чи тийм юм хэчнээн удаа хэлдэг байлаа гэхэд нь,
— Тэгдэг байсаан. Тэгээд яагаа вэ? гэсэнд,
— Тэгээд, бид тэмцэх л юм бол, эрх чөлөө, шударга үнэний төлөө тэмцэнэ гэж итгэцгээж байсан даа... гэтэл, Шреттерын царай барайж,
— Боль, одоо тэгж гиншдэг цаг биш гэсэнд,
— Одоо цаашаа бид юу хийх вэ? Ингэж цус урсгаж, ийм муухай юм дурдаж байгаад... хэмээвээс,
— Битгий дэндүүлээд бай. Олон юм донгосох хэрэг юу вэ? Цус! Цус яачихдаг юм бэ? гэхэд нь,
— Йерзы минь, бүү тэг. Тийм үг хэлж болохгүй... гэвээс,
— Цус цээрлэх зөв. Гагцхүү манай дайсны цус хамаагүй. Дайсныг бид буудаж л байгууштай. Тэгэхийн төлөө бид байгаа хэрэг, тэгэх нь бидний зүй. Цаадах чинь хамгийн түрүүнд яваад өгсөн нь тэгэх л учиртай ажээ. Хэтдээ тэгэхээс зайлахгүйг нь би мэдэж байсан гэсэнд,
— Мэдэж байсан гэж үү? гэвээс,
— Намайг түүнд итгэж байсан гэж бодсон уу, чи? Тэр чинь эгчмэд эмсийг мөлждөг зальхай тул, гагцхүү мөнгө гүйлгэдгээс нь болж ашиглан хэрэглэж байсан юм аа. Өөрөө надад огт хэрэггүй боловч, мөнгө нь хэрэгтэй байсан билээ. Дорхноо урвасан даа. Тэр нь шулуун. Байдал төрхийг нь мэдээд авсан, шулуун нь дээр гэсэнд Марцин, нүүрээ гараараа халхлаад,
— Сонсоход айдас хүрмээр байна, Йерзы минь гэхэд нь,
— Хэтрүүлж байна даа чи хэмээсэнд,
— Йерзы минь, Йерзы минь, хүнийг бодож явах ёстой шүү дээ, хүн бүр. Хүлцэх ёстой. Хэрэв үнэхээр л юм бол алахаас биш гэтэл,
— Үүнээс зүрх ор. Чи хүн хороож үзсэн үү? гэж асууваас, Марцин залдхийн,
— Үгүй гэлээ.
— Тийм шиг байна. Би ч үзсээн. Ганц үүнийг ч биш гэхэд нь,
— Германыг уу... гэтэл нь,
— Дайсныг. Чамд баталж хэлэхэд, ямар ч хүлцэлгүй гэхэд нь Марцин толгой даран
— Үгүй, үгүй гэж шивнэвээс,
— Юугаа үгүй? гэж асуутал,
— Тэгж болохгүй гэлээ.
— Болж л байгаа юм даа. За, яах вэ гэвэл, яв даа. Юуны өмнө ханатлаа унтаж ав. Өглөө манайхны нэг нь танайхаар орно. Гэртээ байж байгаарай гэхэд нь,
— За гэж мэлцэг саармаг байдалтай хариулсан нь, өөрөө өөрийгөө мэдэхээ байгаад гагцхүү өчүүхэн гэгчийн нэгэн ганцаардсан, горьгүйтэн гуньсан хэсэг нь, хэнд ч хэрэггүй болсон чөлөө учралаа хадгалан сахисаар буй гэдгээ сэхээрэн мэдэрч байлаа. Ер нь хүн болсоор ингэж гав ганцаараа орхигдож, өөрийнхөө хүсэн горьддог юмаа ийм муухайгаар хууртаж үзээгүйгээ сая үзжээ. Өчнөөн төчнөөн жил цусаа урсгаж байсан хорвоо ертөнц, эдгэн аниагүй шархаа дахин харуулан үзүүлж, харахаас нүд хорсон үл тоомсорлох үзэл, балай харгис балмадтай нийлэн, хүн амьтны сэтгэлийг хорлох ажээ. Хүн, амь зуухын эрхшээлээс болж ийм харгис муухайн учирт хүрдэг байхад, өөрийн бие, гагцхүү амь зууж, амьд явахыг сайхан юм гэж итгэж, хүний чанарыг эрхэм сайхан юм гэж итгэхээс өөргүй тул, миний юу ч хэлсэн цөм, цаасаар хайчилсан үг үсэг шиг, сонсоход чихний чийр л болно гэж ухааран мэджээ.
Чингээд, бөгцийгөөд харлан харагдах үүдний зүг аяар алхваас, нөгөө гурав нь далд ортол хойноос нь хараад хоцорчээ. Тэгээд хонгилоор тэмтрэн, байн байн торсоор, гараараа хүйтэн туурга тэмтэрч явахдаа, гар чийдэнтэйгээ огт мартчихаад явж байтлаа нэг зогсоод чагнавал ард нь чимээгүй, урд нь чимээгүй. Өнөө үер бороо өнгөрчихсөн бололтой.
Нээрээ ч, өнөөх нүхэн зоориноос гадагшаа гарахад нь бороо хэдийн зогсоод, таван сарын түр зуурын хур салхи өнгөрчээ. Тэгээд зүг зүгээс нь хаврын газар шорооны чийгтэй өвс ногооны толгой дүйрэм үнэр ханхалж, өвс навчинд сая тогтсон ус шүүдэр дуслах чимээ гарч байлаа. Зузаан үүл цаашаа нүүж, гэгээ тусч байгаа харанхуйд өөдөө өргүүлсэн тэнгэр нэн өндөр үзэгдэж, цэлмэг уудамд нь борооны дусаал мэт хэдэн залуу одон гялалзана.


V


Үг нь даан ч дуулдсангүй нь тоогүй. Гэвч Антонийн бичгийн өрөөнд дуугарч байгаа хүний дууг нь танимаар тодхон голдуу Подгурски юм ярьж, Антонийн өтгөн бөгөөд бүдүүн дуу хааяа хааяа дуулдах ажээ.
Алици байн байн ажлаа тасалж завсарлан, юм үйлдвэрлэх суурийн дуу чимээ нь түчигнэхээ байчихвал, хоолны өрөөнд тэр нам гүм болсон тухайд үдэш ингэж айлд зочлон ирсэн хойно, удаан саатаж болохгүйн олон зүйлийн шалтгааныг ухаарахад нь дөхөм болох болов уу? гэж бодох бүр, салах ёс гүйцэтгэн хэлэлцэх үгийн чимээ байдал мэдэгдэх болов уу? гэж нэг хоёр минут хүлээгээд, Подгурскийн дуу нь хаалганы цаанаас дуулдсаар байх тул, эргэж ажлаа хийгээд, бас л үйлдвэрлэх суурийн тачигнах чимээ дундуур Антонийн дуу мөн хэвээрээ дуулдахад, ажлаа дахин таслан чагнасхийж, амьсгалаа даран, ганц нэгэн үг олж сонсох гээд оролдов. Ганц нэгэн үг халти мөлт сонссон төдийхнөөс ч гэсэн, Антонийн хэлж байгаа үгийн утга санааг тайлан таньж чадах байх гэж бодож байлаа. Гэтэл, дуу нь даан ч нам бөгөөд төдхөн чимээгүй болж, дахиад л Подгурскийн дуу дуулдах ажээ.
Тэгээд, ажлаа нэгэн жигд болгохоор сэтгэлээ төв болгон барьж чадсангүй, босоод, хийвэл зохих юмаа олж ядан, тогооны байшинд орвол, тэнд нь бүрэг бараг харанхуй. Нэг цонх нь онгойсхийгээд, гаднаас бор шувууны оройн жиргэлдээ дуулдаж байлаа.
Розали, оройн хоолны таваг сав угааж байсан юм байж, Алиция гуай дороо хий нь хөдөлж,
— Гэрэл асаахаа яасан юм бэ? Харанхуй шөнө болоод байна шүү дээ. Аяга таваг хав харанхуйд угааж байсан юм уу? гээд, унтраалга эргүүлээд орхисонд, сэтгэлд нь зохимжгүй харанхуй дороо арилсан боловч, сэтгэл тавиун болсонгүй.
— Розалид ийм дэмий юмыг чамлахын хэрэг алга гэж хэчнээн хэллээ гэсэнд, эмгэн хариу эс дуугаравч, таваг сэрээ хангинуулан эргүүлэх нь ширүүн болсонд, Алици, дуугүй байж байгаа тэр хэрүүлч эмийг таваа ханан харж,
— Бодоод үз л дээ. Розали, тэр Подгурски гэж ямар хачин хүн бэ? Хүнтэй мэндийн үг солих гэж ороод, гарахаа мэдэхгүй, хорин минут бараг сууж байна шүү. Яаж ингэж болдог юм бэ? гээд Розали өндөр дуугаар
— Болдог юм байж л дээ! гээд, угаасан тавгаа ширээн дээр тас хийтэл тавьсанд, Алици цааш нь үг үргэлжлэх шалтаг гарлаа гэж өгүүлрүүн:
— Би л тэгж байхыг ухаарахгүй байна. Хүн ёс мэдэх хэрэгтэй шүү дээ гэхэд нь Розали түс хийтэл инээд алдаад,
— Ёс мэдэх гэнэ ээ, та? Одоо цагт хүнээс ёс мэд гэж шахах нь ээ та! гээд, эзэгтэйнхээ хорыг нь улам малтах гэж,
— Одоо цагт хүн хүнээ хүндэтгэхээ байсаан. Хар амиа л боддог болсон шүү гэхэд нь,
— Чи юу хэлж байгаа юм бэ? Ингэж хэлж болдог юм уу? гэж Алици харамсвал
— Хэлэх ч яамай. Харилцахдаа тийм болчихыг яана? гэсэнд Алици дэмий л гараа атган гасалж,
— Есүс Мариа, тэнгэр шүтээн минь, Розали чи яасан сүрхий амьтан бэ, үг хэлэхийн арга байхгүй гэсэнд
— Би яах вэ, байдгаараа л байгаа хүн гэж тэр хөгшин нэг егөөд авлаа.
Алици гуай, биеэ дарагдсанд тооцож, тогооны байшингаас гарвал таарах боллоо гэж бодовч, шууд гарч чадсангүй, сандал ойртуулаад сууж, элдэв юм үймцэн бодсон бодолдоо автагдлаа. Тэр завсар Розали, таваг арчаад, хажуу тийш нь чимээгүй тавьж, гадаа бор шувуу жиргэхийн хажуугаар гоожуурын ус дусагнах анир дуулдаж байсанд тэр цонхны зүг Коссецкийн авгай Алици хэдийн сурсан зангаараа хараад,
— Розали минь, маргааш угсраачийг ирүүлж гоожуур засуулах юм сан гэж хэлбэл,
— Маргааш бүтэн сайн өдөр шүү дээ гэсэнд,
— Нээрээ тийм! Даваа гарагт эртхэн ирүүлээрэй. Тэр гоожуурыг нэг л засаж аргалах юм сан. Розали, чи минь, Алекийн хоол үлдээсэн биз? гэхэд,
— Тэгэлгүй яах вэ! Түүнийг миний хүү байсан бол уу, би гэтэл,
— Өөрөө хүүхэдгүй чи л тэгж хэлэхээс гэж яаран үгийг нь тасалтал, нэг гартаа таваг, нөгөө гартаа алчуур бариад Розали Алицийн зүг мариатай том биеэрээ эргэж,
— Хэлэлгүй яах вэ? Хүүхэд гэж бөөн төвөг. Хүнийг зовоохоос өөр юмгүйг хэлээд ч яах вэ. Жишээ нь, та гэртээ суухдаа, хүүхдээ нэг нь нөгөөтэйгөө яаж байгаа бол? гэж сэтгэл зовно. Насанд хүрсэн юм даа гэж би Андшейн тухай юм хэлэлгүй, нөгөөг нь... гэтэл,
— Розали минь, Алек бас балчир хүүхэд биш, арван долоотой гэтэл
— Тэгээд яах санаатай юм бэ? гэхэд нь,
— Тэгээд өдөржин гэртээ яаж суух вэ дээ хэмээвээс,
— «Өдөржин» гэж би хэлээгүй шүү. Шөнө нь алга болдог тэр юу болох вэ? Та бас тэгээд түүнийгээ өмөөрөх санаатайяа! гэлээ.
— Би юу гэж, яалаа гэж өмөөрсөн юм бэ, Розали минь? гэж Алици оволзлоо.
— Ер нь тэгээд, намайг юм ажих бодохгүй байна гэх нь үү та? Оройн хоол үлдээ, гэртээ яаж сууж байх вэ гэх зэргээр толгойг нь та эргүүлж байна! Түүний явдлыг үзэхэд дотор аягүй болж байна! гээд, царайгаа улайтал унтууцан, тавгаа авч эргэнэгтээ хийгээд, эргэж сэрээ халбагаа хийх гэж хүрч ирэхэд нь Алици,
— Би тэгээд яах хүн болж байна? Намайг яавал зохихыг, Розали минь, хэлээд өг л дөө! гэж гаслан асууж, би байдлаа бүр өөрчлөх л учиртай болж байна уу даа. Юу ч болж байсан, хамаарахгүй байх уу? Розали минь, тэг гэснээр болж болох уу даа? Юу ч болж байхад анзаардаггүй эмэгтэйчүүд л тун таатай байдаг гэдгийг би мэддэг л дээ. Эр нөхрөө ч, үр хүүхдээ ч, гэр өрхөө ч хайхрахгүй байдаг л даа. Би л тэгж чадахгүй. Тэгье ч гэсэн, болж өгөхгүй гэхэд нь Розали, толгойгоо дохин,
— Тийм л дээ. Сэтгэлдээ нийцэхгүй юмыг яаж болох вэ гэхэд нь,
— Тэр зөв дөө, Розали гээд, эргэнэг дээр байсан сэрүүлгийг хараад, сандарсхийн хөдөлж, хэтэрхий түрүүлсэн юм билүү гэхэд,
— Розали минь, наад цаг чинь дэндүүлж байгаа юм биш биз? гэж асууваас, цаадах нь буруу дуулаад,
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Чандруу Алмаас Хоёр - 07
  • Büleklär
  • Чандруу Алмаас Хоёр - 01
    Süzlärneñ gomumi sanı 4362
    Unikal süzlärneñ gomumi sanı 2071
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 02
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2076
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 03
    Süzlärneñ gomumi sanı 4465
    Unikal süzlärneñ gomumi sanı 1948
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 04
    Süzlärneñ gomumi sanı 4379
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 05
    Süzlärneñ gomumi sanı 4449
    Unikal süzlärneñ gomumi sanı 1899
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 06
    Süzlärneñ gomumi sanı 4444
    Unikal süzlärneñ gomumi sanı 1897
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 07
    Süzlärneñ gomumi sanı 4502
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 08
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1737
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 09
    Süzlärneñ gomumi sanı 4484
    Unikal süzlärneñ gomumi sanı 1795
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 10
    Süzlärneñ gomumi sanı 4387
    Unikal süzlärneñ gomumi sanı 1921
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 11
    Süzlärneñ gomumi sanı 4424
    Unikal süzlärneñ gomumi sanı 1886
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 12
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1850
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 13
    Süzlärneñ gomumi sanı 4198
    Unikal süzlärneñ gomumi sanı 1992
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 14
    Süzlärneñ gomumi sanı 4530
    Unikal süzlärneñ gomumi sanı 1778
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 15
    Süzlärneñ gomumi sanı 4392
    Unikal süzlärneñ gomumi sanı 1884
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 16
    Süzlärneñ gomumi sanı 4487
    Unikal süzlärneñ gomumi sanı 1803
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 17
    Süzlärneñ gomumi sanı 4427
    Unikal süzlärneñ gomumi sanı 1785
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 18
    Süzlärneñ gomumi sanı 4537
    Unikal süzlärneñ gomumi sanı 1681
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 19
    Süzlärneñ gomumi sanı 4459
    Unikal süzlärneñ gomumi sanı 1934
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 20
    Süzlärneñ gomumi sanı 4550
    Unikal süzlärneñ gomumi sanı 1977
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Чандруу Алмаас Хоёр - 21
    Süzlärneñ gomumi sanı 1212
    Unikal süzlärneñ gomumi sanı 761
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.