🕥 34 minut uku

Боол 3 - 6

Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
Süzlärneñ gomumi sanı 4414
Unikal süzlärneñ gomumi sanı 2093
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
   — Шинээр сонгогдогсод хамтаар хотын тамгын газрын хуралдаанд суух болоход хотын дарга Шеффельвайс нэг нь хөрөнгөтөн, нөгөө нь үргэлж урагшаа давшигч ажилчин ангийг төлөөлжээ гээд тэр хоёрт баяр хүргэв. Дидерих дараагийн хуралдаан дээр маргаанд маш ажил хэрэгчээр оролцож эхлэв. Тэр хуралдаан нь Геббелхэн гудамж дахь ус сувгийн асуудлыг авч хэлэлцжээ.
   Дидерих: — Хорьдугаар зууны босгон дээр ирээд байгаа энэ үед энэ гудамжны оршин суугчдын олонх нь муу усаа ил задгай нүхэнд асгасаар байгаа нь хотын энэ хэсгийн агаарыг бохирдуулахад хүрчээ гэв. «Мөнх ногоон тэнгэр» гэдэг пивоны газар орсон тэр үдэш иймэрхүү юм нээрээ л бодож явсан байжээ.
   Санхүү техникжилтийн бэрхшээлийн тухай ярьсан хотын тамгын газрын нэгэн гишүүний үгэнд няцаалт болгож тэрээр одоо:
   — Германч оюун сэтгэлгээ гэдэг бол соёлч байна гэсэн үг ээ! гэж манай агуу их эзэн хаантан маань айлдсан билээ, эрхэмсэг ноёд оо! Мөн өөр нэгэн удаад гэгээн эзэнтэн маань аливаа бузар булай эмх замбараагүй бүхнийг дуусгах цаг нэгэнт болжээ гэж хэлсэн нь бий.
   Далайцтай хөдөлье гэсэн бүхэнд, эзэн хаантан маань өөрийнхөө гэгээн тунгалаг бодлоор, өдөр нь болбоос наран мэт, шөнө нь болбоос саран мэт бидний замыг гийгүүлнэм! гэж хашхиртал
   — Урай! гэж зүүнтэйгээс нь хэн нэгнийг хашхирахад эргэж харвал Наполеон Фишерийн инээвхийлсэн доогтой царай нүдэнд нь тусав. Дидерих одоо улам гэдийж, нүдээ цахилуулсаар
   — Ухайс даа! Би яриагаа хэрхэн төгсгөхөө мэдэж байна. Эзэн хаантан маань урт удаан наслах болтугай! Урай! Урай! гэж хар чангаар бархирав.
   Танхим аягүйрхэм анир чимээгүйд автав. Тэгтэл социал демократуудыг инээлдэхэд баруунтаа суусан олны дундаас хэдэн хүн «Урай!» гэж хашхиралдав.
   Хойтойфель эмч харин ямар ч хамаагүй юман дээр ноён доктор Хеслингийн ийн эзэн хаантныг дурдаж байгаа нь чухамдаа эзэн хаантны нэр төр, алдар хүндийг доромжилсон хэрэг бус уу? гэж асуутал хурлын дарга хонхоо цохиж асуулт, санал шүүмжлэл тасалсныг айлтгав.
   Хэвлэл сонинд хотын тамгын газрын хуралдааны тухай маргаан үргэлжлэв. Депутат доктор Дидерихийн хурал дээр хэлсэн үгийг «Ардын дуу хоолой» сонин адгийн бузар бялдуучлал гэхэд «Нетцихийн хуудас» сонин гал цогтой эх оронч хүний чийрэг дуу хоолой гэж сайшаав. Тэгтэл нэг өдөр эзэн хаантны өөрийн нь сонин «Берлиний Локаль-Анцайгер»-т энэ тухай хэвлэгдсэнээс хойш бяцхан сонинуудын маргаан намдав. «Берлинер Локаль-Анцайгер» сонин Нетцих хотын депутат доктор Хеслингийн зориг самбааг магтаад энэ бол эзэн хаантны эхлэн санаачилсан үндэсний үзэл санаа хязгаар бөглүү нутагт ч түгэн дэлгэрч германчууд нойрноос сэрэн, хэн түүний эсрэг, хэн түүний төлөө! гэдгээ үзүүлж эхэлж байгаагийн яруу тод жишээ гэж дүгнэжээ. Сонины өгүүлэл: «Энэхүү ноён доктор Хеслингээс манай бусад хотын олон олон депутат үлгэр дуурайл авах болтугай» гэж төгсжээ. «Локаль-Анцайгер» сонины магтаалаар сэтгэл зүрхээ бүлээцүүлж явсан Дидерих найм дахь хоног дээр нь бага үдийн нам гүм цагаар Вильхелмийн гудамжаар замаа буруулан явсаар Клапшийн пивоны газрын араас нь сэмхэн ороод ирвэл Наполеон, Рилле хоёр тэнд сууж байв. Уушны газар өөр хэн ч байгаагүй боловч өнөө гурав нэг өнцөгт очин шигдэж суугаад Клапшийн охиныг пиво авчирч ширээн дээр тавимагц хөөж гаргав. Клапш, өөрөө очиж хаалган дээр чихээ нааж чагнавал цаас шаржигнахаас өөр юу ч эс дуулдав. Тэгэхээр нь пиво түгээдэг бяцхан цонх руугаа хүрч очтол ийм цонхны учрыг Клапшаас дутуугүй сайн мэддэг Рилле ухасхийн босоод дотроос нь хан ян түгжиж орхилоо. Тэглээ ч гэсэн доктор Хеслинг босон харайж: «Би үндэсний үзэлтний хувьд ийм баларсан юманд оролцохгүй!» гэж явахыг завдан байсныг нь Клапш мэдэж амжжээ. Эцэст Клапшийн охин пивоныхоо үнийг хурааж авахаар ороод очиход гурван хүний гарын үсэгтэй нэгэн бичиг ширээн дээр хэвтэх нь харагджээ. Тэр өдрийн үдээс хойш хоёр бүсгүй дүү нь муж улсын ерөнхийлөгчийнд цай уухаар очиход Дидерих тэдэнд бараа болон явав. Дүү охид нь дээгүүр харан ихэмсэг алхацгаана. Дидерих тэр хоёрын дунд Вильхелмийн гудамжийг өгсөн явахдаа бортого бүрхээ толгойноосоо үе үе хөндийрүүлэн өөрийн нь муж улсын ерөнхийлөгчийнд хэрхэн орохыг харахаар сониучирхан Масоныхны тагтат довжоон дээр зогсож байгаа хүмүүс рүү хандан мэндлэхчээ болно. Тэгж явсаар ерөнхийлөгчийн өргөөний урд хүрч очихдоо харуултай нь хэзээ язааны танилын байртай гар өргөн мэндчилэв. Ороод очтол хоёр дүүг нь таньдаг болсон залуухан офицерууд хатагтай нартайгаа өлгүүрийн дэргэд зогсож байв. Давируулаа хангинатал өсгийгөө хавсрах сурвалжтаны дэслэгч Брицен, Эммид гадуур хувцсаа тайлахад нь туслав. Эмми талархлаа илэрхийлэн дэслэгч рүү мөрөн дээгүүрээ эргэж толгой дохих нь хэзээ язааны гүнгийн авхай шиг намбатай ажээ. Тэгснээ Дидерихийн хөл дээр гишгээд авах нь «Дэг журам нь нарийн шүү, анхааралтай бай!» гэж дохио өгсөн хэрэг байлаа. Нээрээ л нарийн дэг журамтай ажээ. Дэслэгч Брицен дагуулан дотогш ороод ерөнхийлөгчийн хатагтайн өмнө очихдоо эрчүүл давируулаа нэг жигдээр дуугаргаж өсгийгөө нэг жигдээр хавсрах нь эдний дунд анх удаагаа орж ирээд байгаа хүнд зүрх алдмаар хэцүү санагдана. Тэгээд гоёмсог торгон даашинзтай хоёр хатагтайн дунд суудал таараад гар дахь аягатай цайгаа асгачихгүй юм сан гэж хичээн суутал хажуугийн хатагтайдаа бялууны дийз авч өгөх, тэр завсар ерөнхийлөгчийн хатагтайн жүжгийг магтах, ерөнхийлөгчийн төрдөө бүтээж өгч байгаа албаны чухлыг цохон тэмдэглэх, үймээн самуун гаргагчидтай хайр найргүй тэмцэж эзэн хаандаа шударга үнэнчээ үзүүлэхээ андгайлах, ядахдаа бас хоол гуйгаад салж өгөхгүй байгаа гэрийн эрх нохойд үмх бялуу хаяж өгөх гэгч нь хэр баргийн хүний давах даваа биш ажээ. Тэд пивоны газрын ч юм уу, дайнчдын нийгэмлэгт тааралддаг эрээвэр хураавар улстай байдаг шиг чөлөөтэй байхын аргагүй байв. Энд духныхаа тэг дундаас дагзаа хүртэл улаан халз сорвитой, сурвалжтаны Кехериш гэгч ахмадын нулимс цийлгэнэсэн хүйтэн нүд рүү гөлрөхдөө, хүчээр инээмсэглэн дээр нь бас хээрийн сургуулийн тухай уйтгартай намтар паянг нь сонсох хэрэгтэй байв. Цэрэгт явж байсан уу? гэх болов уу гэхээс хүйтэн хөлсөө асгаруулан суутал хажууд суугаа, шаргал үсээ хойш нь толийтол самнасан, наранд борлосон сартгар хамартай хатагтай гэнэт морины тухай бурж гарна. Дидерихийг хэлэх үгээ олж ядаж суутал харин Эмми аминд нь оров. Эмми нь нэлээн дотно харьцаатай болсон төлөвтэй сурвалжтаны дэслэгч Брицений дэмээр морины тухай мэргэжлийн хүний яриа эхэлснээ түдэлгүй, өөрийнхөө авга эгчийн эдлэн газар мориор очиж байсан юм ярилаа. Түүнийг нь сонссон дэслэгч:
   — Үүнээс хойш хоёул мориор хааяа салхинд явж байя л даа гэвэл Эмми
   — Ээж маань морь унахад минь дургүйцээд байдаг юм л даа гэж аятайхан татгалзаж байлаа.
   Дидерих, Эммигээ тийм гэж ердөө ч санаагүй явсан ажээ. Эммийн авхаалжтай сэргэлэн нь нөхөр сүүдрээ олоод амжсан Магдагийнхаас ч илүү байв. Тэгээд ч Дидерих хэд хоногийн өмнө өнөөх «Мөнх ногоон тэнгэр» гэгч уушны газраас буцаж явахдаа: "Энэ хүүхнүүд хэцүү улс шүү, дөнгөх дур нь хүрвэл эрчүүл биднийг яагаад ч дөнгөчих л юм даа" гэж бодож байснаа ахин санав. Ингэж эмсийн залийн тухай бодож суугаад гэрийн эзэгтэйн асуултыг анзааралгүй өнгөрүүлчихжээ. Цөм дуугүй болчихсон түүний юу хэлэхийг хүлээж байв. Тэрээр амь тэмцэн амьтны толгой дээгүүр харвал, харц нь сахлын нь хоёр үзүүрийг догшин хоёр нүд рүү нь өрвийлгөн, хүйтнээр алсыг ширтэн зогсоогоор зурсан хаантныхаа хөрөг дээр тусахад, улам ч сандран балгасан цайндаа хахаж цацтал сурвалжтаны Брицен дэслэгч нуруу руу нь алгадав.
   Тэгтэл ашгүй нэгэн хатагтай дуулах юм болж, халбага сэрээгээ тавиад зэргэлдээх өрөө рүү оров. Дидерих дуу хуур сонсохоор баясаж хөөрсөн хүмүүсийг даган ороод хаалганы дэргэд зогсоод сэмээр цагаа гаргаж хартал ард нь хүн дуугарав. Эргэж харвал ерөнхийлөгчийн хатагтай
   — Ноён доктор оо, би таныг чухал чухал алба ажил үүсгэн буй үед тань, дэмий яриа найр наадмаараа цагийг чинь үрж буйгаа ойлгож байна. Миний нөхөр таныг хүлээж байна. Морилогтун! гээд өмнө нь орон, нэг хуруугаараа уруулаа чагтлан дарсан чигээр нэгэн эзгүй өрөөн дундуур явж өнгөрснөө хаалгыг зөөлөн тогшив.
   Чимээ гарахгүй байхад нь ухаан алдталаа айсан хатагтай түүнийг эмээнгүй харснаа хаалттай хаалганд чихээ наан аргадангуйгаар
   — Отто! Отто! гэвэл хэсэг зуур болсны дараа аймшигт аргил дуун:
   — Отто, Мото гэхгүй байж болохгүй байна уу? Цаадах үхрүүдээ надгүй л цайгаа гударцгаа гэж хэл гэж хүнгэнэвэл царай нь зэвхийсэн ерөнхийлөгчийн хатагтай
   — Энэ маань толгой өндийхөөргүй ажилтай байх шиг байна. Энэ буруу номтнууд үүнийг маань бүүр галзууруулах нь шиг байна. Ээ би одоо зочид руу очихгүй бол болохгүй нь. Таны тухай хаалгач мэдэгдэх байлгүй... гээд Дидерихийг тэнд орхиод яваад өглөө. Дидерих өнөөх ирэх ёстой хаалгачийг нь тэвчээр заан үе мөчөө хөштөл хүлээв. Харин тэгтэл Вулковын аймшигт том нохой нь гэнэтэд орж ирээд түүнийг сэжиглэнгүй харснаа дэргэдүүр нь өнгөрөн хаалган дээр хүрч очоод урд хоёр хөлөөрөө маажвал тэрхэн дор нь «Шнапс аа ор, ор!» гэж өнөөх аргил дуун хүнгэнэвэл нохой ч хаалга онгойлгон оров. Дидерих хаалга онгорхой үлдсэнийг самбаачлан орчихлоо. Вулков бичгийн ширээний хажууд тамхины бөөн утаан дунд цааш харан овойн суув.
   Дидерих хоёр өсгийгөө хавсран
   — Ноён ерөнхийлөгч, лагшин амгалан уу? гэвэл Вулков эргэж ч харалгүй
   — За хө Шнапс минь чи чинь хэдийнээ хүний хэлээр чалчдаг болов? гэв. Тэгж хэлээд ямар нэгэн бичгийг хоёр нугалан янжуураа асаахад нь Дидерих «За даа одоо л нэг» гэж бодов. Гэтэл Вулков ахиад л өөр нэгнийг бичиж эхлэв. Вулковын ажлын өрөөнд чухамдаа Дидерих гэдэг хоёр хөлтэй амьд хүн байна гэж мэдэж байгаа ганц амьтан бол өнөөх нохой л байлаа. Тэр нохой яагаад энэ амьтан чинь энд ороод ирдэг бил ээ? гэсэн янзтай илэрхий дургүйцсэн байртай, хавцал шиг том хар амаа ангалзуулан шүдээ ярзайлгаж Дидерихийн борви булчинг байн байн үнэртэнэ. Тэр нь тоглоомоос асар ангид ажээ. Шуугиан дэгдээхгүйг хичээсэн Дидерих дэмий л шүд зуун, хоёр хөл дээрээ займчихад харин нохой эзэн нь мэдчихээд цаашид тэгж дамшиглахыг нь зогсоочих вий гэсэн шиг болгоомжтой архиран хоёр хөлтийг элдэвлэнэ. Дидерих ихэд зовсны эцэст арай гэж нэгэн сандал шүүрч аваад өмнөө халхлан тавьж авбал тэр нь ямар ч бай эргэхэд хүрвэл араасаа ноцуулчихгүй байх найдвар төрүүлэв. Хэсэг болоод нохой нь Дидерихийг дамшиглах хүсэл нь ханав бололтой. Эзнийхээ сандлын хөлд очин хэвтэж аваад хөлсөө арчин зогсоо хоёр хөлтийг «Чи ч дээ, хөөрхий» гэсэн байртай харна.
   Дидерих: «Хараал идсэн муу гөлгийг!» гэж бодтол гэнэт дотор нь бачимдан, аахилах шахан:
   «Ингэж дамшиглуулж байдаг би чинь хэн сэн бил ээ! Миний хамгийн адгийн ажилчин ч өөрийгөө надаар ингэж доромжлуулж зогсохгүй дэг! Би чинь доктор гэвэл доктор, депутат гэвэл депутат! Энэ бух шиг лүглэгэр мулгуу амьтан надад хэрэг болохоос өмнө би түүнд хэрэг болно биз ээ!» гэж бодов. Дидерих бүх амьдралдаа өнөөдрийн үд дэх шиг доромжлол үзээгүй санжээ. Өмнөхөн нь бас борвины нь бохир арилаагүй нэг муу дэслэгч ууц нуруу руу нь далимдуулан өгчилгөснийг яана! «Эдгээр хувалзууд амин хувийн аар саар юмаа ярьж зугаагаа гаргахад би юугаа ярихаа мэдэлгүй балай юм шиг суусан гэж үү? Энэ ихэмсэг хувалзууд хэний хүчээр амьдардаг бил ээ? Бидний шүү дээ, бидний хүчээр!» гэж бодтол бачимдаж байсан дотор нь улам ч харанхуйлан, ариун нандин гэж бодож явсан бүхнээ үзэн ядаж эхлэв.
   «Хүний цусыг сорогч яргачин дээрэмчид! Биеэ тоосон шаарнууд! Бид та нар шиг дээрэмчидтэй учраа олон хужраа тунгаана. Гайгүй. Харж байгаарай» гэж дотроо бодон нударгаа зангидтал нь нүдэнд нь тун саяхан болтол унасан мориных нь туурайг нь ч үнсэхэд бэлэн явсан хаан нь хамгийн өөдгүй зальхай амьтан болон харагдах шиг болов. Тэгтэл: «Бид энэ өөдгүй амьтныг яагаад шүтээн болгож хүндэтгэдэг болоов?» гэсэн асуулт гарч ирэв. Хариу нь: «Боол байх нь бидний мах цусанд шингэсэн болохоор, бид өөрсдийгөө тэр амьтны цэр нулимдас доторх өчүүхэн эсхэн гэж боддог болохоор!» гэж гарч ирж байлаа. Тамхины цэнхэр утааны цаана ханан дээрээс эзэн хаан төмөр мэт догшин цонхигор царайлан, нүдээ гялалзуулан харна. Гэвч Дидерих ууртаа айхыг умартсан тул, өөдөөс нь нударгаа далайв.
   Нохой ахирч, ерөнхийлөгчийн аргил дуу гарахад Дидерих атгын чинээ болон хавчисхийв. Тэгээд «Би гэдэг амьтан юундаа ингэж аймшиггүй аашлахад хүрэв?» гэж өөрийгөө зэмлэв. Сэтгэл нь уужирч, юм бүхэн агшнаа хуучин журам байрандаа эргэж орох шиг болов. Ноён ерөнхийлөгч төрийн чухал албан ажилтай байгаа юм, түүнийг толгойгоо өөд татан, өөртэй нь ярих хүртэл хүлцэнгүй хүлээх нь Дидерихийн үүрэг ажээ. Тэгтэл сурвалжтан Вулков түүн рүү сандалтайгаа эргэн
   — Аа эрдэмтэн үү? За та тань яачхав? Харваас улс төрийн зүтгэлтэн болох тань үнэн байна. Наашаа суугтун! гэвэл Дидерих
   — Үндэснийхээ ариун хэргийн төлөө бага сага юм амжууллаа гэж өөрийгөө хуурахтай яваа минь үнэн билээ гэж ээрэгнэн өчив. Эрхэмсэг ерөнхийлөгч улаан нүүр лүү нь бөөн утаа үлээгээд онигор нүдээрээ түүнийг нэвт шувт ширтсэнээ
   — Хонгор минь! Та хотын тамгын газрын депутат болж анх дахь алхмаа хийлээ. Харин ямар аргаар хүссэндээ хүрэв гэдгийг танаас би асуухаа азная. Учир нь таны тэр үйлдвэр гэж сүр бадруулаад байгаа юм чинь дам сонсвол тарчиг даржинхан л эд юм даа гээд Дидерихийг агдас гэхэд сүртэй хөхрөн, — Та яагаа вэ? Манайд та биеэ битгий барь! Та намайг юу бичиж урдаа тавьчхаад сууна гэж бодно? гээд том сарвуугаараа урдах хуудсаа занган, — Би энэхүү өргөн толилуулах бичигтээ Нетцихэд манайхны үзэл санааг дэлгэрүүлэн буй таны зүтгэлийг үнэлэн, шагналд оруулж өгөөч гэж сайд дээдсээсээ гуйж байна. Та бодвол намайг ийм ачтай хүн гэж бодоогүй буйз? гэхэд нь мэл гайхан баярлахдаа муужрах шахсан Дидерих суугаагаараа хэдэнтээ бөхөлзсөнөө
   — Үнэндээ гэхэд юу бүтээснээ би мэдэхгүй байна... гэвэл Вулков,
   — Ямарваа нэгэн юмыг эхлэхэд хэцүү. Тэгэхэд гагцхүү зориглох л чухал даа. Лауэрийн хэргийг шүүхэд таны барьсан чиг зөв байсан. Суваг шуудууны тухай маргаан дээр таны хэлсэн үг тань манай эсрэг хэвлэлийнхнийг бултаар нь галзууруулсан тул одоогоор гурван ч хотод эзэн хаантныг доромжилсон хэргээр эсрэг этгээд шүүхийн сандал дээр муугаа үзэж сууна.
   Тиймээс ч бид таныг дэмжин хөхүүлэн урамшуулбал зохих хүн байна гэж бодож байна гэв.
   Дидерих тэгэхэд
   — Миний хувьд хамгийн өндөр шагнал бол хэнд ч үл анзаарах өчүүхэн миний нэрийг «Локаль-Анцайгер» сонинд хэвлэж нэг ч удаа бол эзэн хаантны гэгээн мэлмийд толилуулан соёрхуулсан нь юм аа гэвэл Вулков
   — Та тамхи тат л даа гэв.
   Тэгэхэд энэ чинь одоо л ажил төрлийн яриагаа эхлэх нь шив гэж ойлгосон Дидерих хэдий баяртай боловч «Вулковын энэхүү халамж ч нэг л баатай байх вий дээ» гэж эргэлзэн бодоод туршиж үзэхээр
   — Хотын тамгын газар Раценхаузен руу төмөр зам тавихыг төсөвжүүлэхээр тогтох бололтой гэвэл Вулков толгойгоо хэдэнтээ сэгсрэн,
   — Та бүхний аз болж дээ. Харин бидэнд бол Нетцихийнхэн дуртайяа зөвшөөрөх, бүүр хямд төсөл байсан юм сан. Үүнийг сайн тогтоож аваарай. Ингэхэд та хотын тамгын газрынхны төлөөлөгчдийг ухаалаг байлгахыг бодно шүү. Хэрэв тэгэхэд хүрвэл та бүхэн тодорхой болзлын дор сурвалжтан Квициний эзэмшүүн газрыг өөрсдийнхөө цахилгаан гэрлээр хангах болох байх шүү гэв. Дидерих гараа өршөөл эрэх мэт гозолзуулснаа
   — Түүнийг тань хотын тамгын газрынхан хотод хэтдээ ашиггүй гэж эсэргүүцэж байгаа юм. Учир нь сурвалжтан ноён Квицин, манд татвар төлөхгүй... Би одоо хотын тамгын газрын депутат бөгөөд үндсэрхэх үзэлтэй хүнийхээ хувиар гэтэл нь Вулков
   — Таныг би ингэж ч хэлэх болов уу? гэж бодож байсан юм. Тэгээд би танд миний үеэл сурвалжтан Квицин өөртөө цахилгаан станц бариулчихна шүү! Тэгэх нь түүнийг хотойлгох юм бус. Манай үеэлийн эдлэхүүн газар хоёр сайд үргэлж ирж ан авладаг юм... Тэгэхэд хүрвэл тэрээр Нетцихийнхэнд цахилгаан өгөхөд хүрэх байх шүү гэдгийг хэлмээр санагдана гэвэл Дидерих цэх зогсож
   — Ноён Ерөнхийлөгч өө! Миний бие дайсагналын эсрэг үндсэрхэх үзлийн тугийг өндөрт өргөхөөр баттай шийдсэн гэснээ дуугаа намсган:
   — Энэ дайснуудаас бид эхлээд хамгийн хорлонтойг нь тухайлбал Гаузенфельдийн Клюзинг л намнах хэрэгтэй байгаа юм даа гэвэл Вулков, ашгүй дээ! гэсэн янзтай эгдүүтэй инээмсэглэн:
   — Түүнийг үү? Тэр тань ч бас л миний өрөөсөн гараас хишиг горьдсон амьтан даа. Манай муж улсын сонинд цаас нийлүүлдэг ухаантай юм гэв. Дидерих тэгэхэд нь:
   — Та түүнийг цаасаа үймээн самуунчуулын сонинд нийлүүлж байгаа эсэхийг мэдэх сэн гэдэг байх аа. Уучлаарай. Ноён ерөнхийлөгч өө, би энэ талаар танаас ч сайн мэдэж байгаа шүү гэвэл Вулков
   — Одоо ч «Нетцихийн хуудас» сонин маань ч үндсэрхэх үзлийн найдвартай түшиг болжээ гэв.
   Дидерих толгой дохин:
   — Тэгэлгүй яах вэ. Ноён ерөнхийлөгч өө! Тэр тань өвгөн Клюзингийн зөвшөөрснөөр манай үйлдвэр хэрэглэх цаасны нь хагасыг нийлүүлэх болсон тэр өдрөөс хойш юм шүү. Тэр хашир хөгшин тэгж надад өгөөмөр загнахдаа Гаузенфельдийнхээ цаасны үйлдвэрийг өмнөх захиалгаа дийлэхгүй байна гэсэн юм. Тэр нь ч чухамдаа намайг ямар нэгэн өөр үндэсний үзэлтэй сонин хэвлэлийн газартай тохиролцож магадгүй биз гэж айсных байх. Ноён ерөнхийлөгч өө! Тэрхүү этгээдийн айсан нь гээд дуугаа бүр тасалснаа ихэд нухацтайгаар муж улсын сонины цаасыг ч бас үндэсний үзэлтэй ямар нэг үйлдвэрээс хангуулахад хүрэх вий! гэж болгоомжлоо биз ээ гэвэл Вулков
   — Ингэхэд та одоо «Нетцихийн хуудас» сониныг цаасаар хангалцаж байгаа хэрэг үү? гэлээ.
   — Ноён ерөнхийлөгч өө! Би туйлбартай үндэсний үзэлч хүн болохоор тэр сониныг манай үзэл суртлын дуу хоолой болгох гэснээс л цаасаа тийш нь хаяж байгаа юм шүү гэв. Вулков гуяа тулан
   — За за одоо надад тодотголгүй ойлгомжтой боллоо. Ингэхэд та «Нетцихийн хуудас» сонины цаасыг бүхэлд нь, бас дээр нь муж улсын сонины цаасыг бүхэлд нь нийлүүлж байя гэж байх шив. Түүгээр ч барахгүй засгийн хэрэгцээт бүх цаасыг ганцаараа нийлүүлье гэхээс буцахгүй нь л дээ гэвэл Дидерих ихэд хичээнгүйгээр,
   — Ноён ерөнхийлөгч өө! Би тэгэхдээ хэзээ ч Клюзинг шиг үймээн самуунчдыг дэмжихгүй. Ноён ерөнхийлөгч та бас «Библи» судрын нийгэмлэгийн даргын хувьд үйлдвэрийг минь дэмжиж өгвөл үндэсний хэрэгт маань хэрэг болох сон гэв. Вулков:
   — Юутай сайн хэрэг вэ? гээд нүдээ ирмэв. Дидерих тэгэхэд бүүр ч омогшин
   — Ноён ерөнхийлөгч өө! Гаузенфельдэд Клюзингийнх байсан цагт тэр нь үймээн самуунчдын үүр уурхай байхаа болихгүй юм шүү. Түүний найман зуугаад ажилчдаас нэг нь ч гэсэн социал-демократуудын эсрэг саналаа өгөөгүй шүү дээ гэв. Вулков:
   — Танай ажилчид социал демократуудын эсрэг санал өгсөн гэж үү гэвэл Дидерих цээжээ дэлдэн:
   — Үйлдвэр дээр минь эзэн хаанд минь үнэнч бус нэг л хүн гардаг юм бол намайг түүнтэй хонь чонондоо тулж, хувийн болон гэр бүлийнх нь гай зовлонг үл хайхран тэр этгээдийг үйлдвэрээсээ хөөн зайлуулж, хэрэв ийм ажилчдын тоо олшрох юм бол үйлдвэрээ хаахаас буцахгүйг бурхан гэрчилнэ гэв. Вулковыг
   — Зөв л санаа байна гэхэд ерөнхийлөгчийг машид итгэмжтэй харсан Дидерих:
   — Би бол армид алба хаасан л эрсийг ажилд авдаг. Манайд одоогоор сүүлчийн дайны дөчөөд баатар ажиллаж байна. Шуудайтай муусайн бөс даавууны ард хүүхэнтэйгээ шалиглаж байж надтай тааралдаад хөөгдсөн тэр үл бүтэх эр тэр үдшээ танай харуулыг өдөөн байж буудуулснаас хойш би гэнэн хонгор залуусыг бүүр ч ажиллуулахаа больсоон гэв.
   Вулков гараа дохин:
   — За доктор минь! Тийм байж гээд энэ ярианаас салахын түүс болсон боловч Дидерих хэлье гэснээ ямар ч гэсэн хэлж авахаар шийдэн
   — Муусайн бөс даавууныхаа дэргэд ч би үймээний туламнууд ямарваа нэгэн хуйвалдаан зохион байгуулахыг тэвчишгүй. Хэнд ч! Харин бидний улс төрийн бодлогын хувьд бол өөр юм л даа. Тэр ч байтугай бидэнд хуйвалдаан зайлшгүй хэрэг болно. Учир нь тэгснээрээ бид чөлөөт сэтгэлгээтний тэр муусайн даавуугаар эзэн хаантандаа үнэнч цас шиг цагаан сайхан цаасыг гаргаж өгөх юм аа, гэж их л цэцэн юм хэлчихлээ гэж бодсон байртай додигор өгүүлэхэд тэрийг нь Вулков огт тоомсорлосон шинжгүй, харин уурсангуй мушилзан:
   — Доктор минь! Би гэнэн хонгор жаал биш шүү. Та өөрийнхөө механиктай юу тохиролцсоноо илэн далангүй ярих юм бус уу? гээд, Дидерихийг нуруугүй морь, эмээл хараад хэрхдэг шиг далбилзахад тавлангуйгаар тэр хүн тань бас л мөнөөх сүүлчийн дайны баатар уу? Эрхэмсэг депутат минь? гэв. Дидерих хий л шүлсээ хэдэнтээ залгиснаа тойрч гарах аргагүй болсныг нэгэнт ойлгомогцоо, — Ноён ерөнхийлөгч өө! гэж шийдсэн байртай дуу алдсанаа гүлсхийн ийн дуржигнуулав: — Тэр хүн Райхстагийн төлөөлөгч болох санаатай байгаа юм л даа. Үндэсний үзлийн үүднээс үзэхэд тэр бээр Хойтойфелийгээ бодвол алсдаа хэрэгтэй юм. Хэрэв тэгэх л юм болбол нэг талаас бүх чөлөөт сэтгэлгээтнүүд сандрахдаа үндэсний үзэлтэн болж болох, нөгөө талаасаа болбол бид хэрэв Наполеон Фишерийг сонгуульд ялуулбал Нетцихэд Вильхелм хаантны хөшөөтэй болох юм шүү. Би түүгээр ийм гэрээнд гарын үсэг зуруулж авсан юм аа гээд нэгэн хуудсыг ерөнхийлөгчид дэлгэн барив.
   Вулков тэр хуудсыг нь нэгэнтээ гүйлгэн харснаа гэнэт босон сандлаа хөлөөрөө өшиглөн зайлуулмагцаа янжуурынхаа утааг үе үе хүчтэй үлээн гаргаж өрөөндөө урагш хойш хэдэнтээ алхалснаа
   — Мөн дөө. Кюлманыг үхээд өгөхөд түүний таван буман маркаар хотын тамгын газар хүүхэд асрах газар бус, харин эзэн хаантны хөшөө байгуулах юм биз дээ гээд түүний өмнө ирснээ, — Хонгор минь энэ тань зөвхөн өөрийн тань хувьд л хэрэгтэй юу гэхээс өөр ямар ч ашиггүйг болгоогтун! Райхстагаа социал-демократ төлөөлөгчидтэй, харин их Вильхелм хаангүй болоход хүрвэл та намайг таньж авах болно. Тэр цагт миний заазуур таныг хүүхэд асрах газар ч очиж тэнцэхгүй болтол жижиглээд өгнө шүү! гэвэл балмагдахдаа Дидерих сандалтайгаа арагшаа унах шахан,
   — Ноён ерөнхийлөгч өө! үндсэрхэх аугаа их үйлийн нэр төрийн төлөө би өөрийгөө болон өөрийн ирээдүйгээ зориулах болно. Гэхдээ би бусад хүнтэй л адил хүн болохоор алдаа хийж болох шүү дээ гэв.
   Вулков
   — Тэгвэл таныг бурхан өршөөтүгэй гээд Дидерихийг
   — Харин аа, Кюльманы бөөрний чулуу л гэнэт хайлж хөөдөхгүй бол ч учир бий гэхэд нь Вулков сандлаа нажигнуулан суугаад
   — Та л бүгдийг хариуцна шүү. Миний хувьд гэвэл толгойгоо зольсон ажил байна! гээд бөөн утаагаа үлээснээ түүнийгээ замхрах үед гэнэт хөгжилтэй болж
   — Би Хармони театрт хэлсэндээ хүрэх хүн шүү. Райхстагийг эдүгээгийнх шиг ийнхүү найдлага багатай болсон үед та ч энэ хотод идэвхийлэн ажиллах юм байгаа биз. Бук өвгөний эсрэг та надад тусал, Клюзингийн эсрэг би танд туслах болно оо гэж инээмсэглэвэл баярласандаа биеэ барьж чадахаа байсан Дидерих
   — Ноён ерөнхийлөгч өө! Та л хэрэв түүнээс цаасныхаа захиалгыг таслахаа битүүхэн мэдэгддэг сэн болбол цаадах хөгшин чинь уулын өмнөөс бэлийн дов гэгчээр зүрх алдан, хэрхэхээ эрэлхийлэх вий, магадгүй өөрийнхөө шилийг хазагчидтай ч... гээд Вулковыг
   — ...Гэрээ хэлэлцээр хийхэд хүрнэ гэж санааг нь гүйцээхээр, өөрийн эрхгүй босон харайж хоёр өсгийгөө хавсарснаа
   — Ноён ерөнхийлөгч өө!.. Гаузенфельд гэдэг чинь зүйрлэн хэлбэл олон мянган морины хүчтэй аварга том машин л гэсэн үг. Гэвч тэрээр тэжээлгүй зэврэн зогсоно. Энэхүү тэжээл гэдэг маань орчин үед хэрэгтэй зөв үзэл суртал билээ гэв. Вулков
   — Та л харин тэр орчин үеийн зөв үзэл суртлаар дутагдахын зовлонгүй хүн байна гэвэл өнөөх хөшөөний тухай ярианд эргэн орох гэсэн Дидерих
   — Ийм үзэл сурталтай байхаа би ариун үүргээ гэж бодно оо. Их Вильхелм хаантны хөшөөг бариулах хороо ноён ерөнхийлөгч таныг зөвшөөрвөл уг хорооны хүндэт даргаар сонгох саналтай байгаа гэхэд Вулков олон таван үггүй
   — Зөвшөөрч байна гэв.
   Дидерих
   — Хороо ч хүндэт даргынхаа хүчин чармайлтыг үнэлэх болно гэхэд Вулков
   — Та юу гэв ээ? Тодруулагтун! гэв. Энэ дуунд уур уцаар нуугдаж байгааг Дидерих анзаарч сонссонгүй,
   — Энэ саналыг хорооныхон ултай бодож боловсруулсан юм. Их хаантны хөшөөг хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар сүндэрлүүлэн түүний эргэн тойрон хаан эзэнтэн, харц олны хэлхээ холбоог бэлгэдэж, өтгөн сайхан мод цэцэрлэгт хүрээлэнг байгуулах болно оо. Үүний тулд хотын төвд тухайлбал: Майзе гудамжны орчинд ихээхэн хэмжээний уудам талбайг гаргах болно гэвэл Вулков
   — Аа тийм бий. Майзе гудамжийг гэв үү? гээд хөмсгөө сүртэй атируулав.
   Тэгэхэд базаахгүй юм хэлчихлээ гэдгээ Дидерих мэдсэн авч нэгэнт эхэлснээс хойш дуугүй болгочхож болохгүй тул цааш нь
   — Бид газар эдэлбэрийн тухайд зүйд үл нийцэх дам үсэргэж болох тул, энэ тухай уг ажлаа эхлэхийн өмнө сайтар шүүн ярилцсан. Тэгэхдээ бид энэ тухайд манай хорооны хүндэт ноён даргын айлтгалыг үг дуугүй дагах ёстой... гэтэл Вулков: «Бурхан минь та намайг хэн л гэж бодоод байна? Би тань панзны түнш чинь биш! Миний бие ийм ичгүүргүй юм сонсоогүй билээ. Эзэнт төрийн ерөнхийлөгчтэй бузар панз үсэргэх санаа яаж төрөв дөө! гээд паржигнатал хашхирахын зэрэгцээгээр хөлс үнэртүүлэн урагшаа дөхөхөд нохой нь ч бас үсрэн босож ирээд дайрлаа. Ингээд муж улсын ерөнхийлөгчийн албан тасалгаа тулалдааны талбар болон хувирлаа. Ерөнхийлөгч гэнэт
   — Ноёнтоон! Та албаны минь нэр төрийг гутаасныхаа бааг гайгүй үзэх болно! гэж нэгэнтээ бархирахад ар дахь хаалгаа тэмтрэн буй Дидерих нохой, Вулков хоёрын хэн нь эхлээд багалзуурт минь асдаг бол гэж айн сандарч байлаа. Айн балмагдсан түүний нүдэнд ханан дээрх эзэн хаантны зэвхий төмөр царай улам хүйтэн харагдана. Бяцхан Дидерих эрх мэдэл гэгчтэй дэндүү болгоомжгүй харьцсанаас болоод хоолойгоо тасдуулах болсон нь энэ ажээ.
   Гэтэл бичгийн ширээний цаадах хаалга гэнэт нээгдэж харуулын дүрэмт хувцаст нэгэн эр орж ирэв. Тэр нь ч айж сандарсан Дидерихэд гайхал төрүүлсэнгүй. Харин ерөнхийлөгчид бүр ч аймшигтай санаа төрүүлжээ. Тэрээр «Би заяа нь орхисон чамайг албаны хүнийг хахуульдах гэсний чинь учир тэндээ бүр, халдаж халдаж хар халзандаа гэгчээр эзэнт төрийн онц бүрэн эрхт муж улсын ерөнхийлөгчийг хахуульдах гэж оролдсоны чинь учир одоохон баривчлуулъя! Чи гайгүй шоронд хатаж шороо долоогоод ирэхээрээ юу хийснээ ухаарна!» гэж хашхирав. Дидерихийн толгой дээр аянга бууж байсан нь саяын орж ирсэн дүрэмт хувцастыг өчүүхэн ч цочоосонгүй бололтой, тэрээр барьж орж ирсэн хуудас цаасаа ширээн дээр дэлгэж тавьчхаад гараад явчихлаа. Тэгтэл бас Вулков хойшоо эргэн унтарсан янжуураа асаагаад шуналтай сорж гарах нь түрүүхэн тастчихах гээд байсан хүнээ гэнэт ор тас мартчихав уу гэлтэй. Эзнийгээ ингэхэд Шнапс нэртэй өнөөх нохой ч Дидерихийг орхиод яваад өгөх нь түүнийг хүн биш гэж бодсонтой адил байв. Тэгэхэд сая л сөгөө орсон Дидерих гараа наманчлан
   — Ноён ерөнхийлөгч минь! гэж шивнэн ээрснээ ахин гүнээ амьсгаа аван, — Ноён ерөнхийлөгч минь! Өчүүхэн надад ганц үг хэлэхийг зөвшөөрнө үү? Та бид хоёр үгээ буруу ойлголцов бололтой. Чин үнэнээсээ үндэсний үйл хэргийг гэж явдаг миний бие яалаа гэж тийм алдас хийх бил ээ? гэв. Гэтэл түүний тэр үгэнд хариу хэлэх амьтан даан ч байсангүй. Хариу хүлээж ядахдаа ахиад арай чангаар
   — Хэрэв үндэсний үйл хэргийг нүдний цэцгий шиг эрхэмлэдэггүй зөвхөн л ашиг хонжоо харсан бол... би өнөөдөр энд бус харин улигт Бук өвгөнийд байх шүү дээ. Учир нь Бук чөлөөт сэтгэлгээтний амны уншлага болсон өнөөх нялхсыг асрах газраа байгуулах зорилгоор намайг эдлэхүүн газраа худалдаач гэж гуйсан юм. Харин тэгэхэд би түүний үгэнд орохын оронд ноён ерөнхийлөгч таны өршөөл ивээлийг дуулахаар наашаа ирсэн билээ. Учир нь миний бие халаасандаа мөнгө олж хийхийн оронд зүрхэндээ их Вильхелм хаантны гэгээн хөшөөг агуулж явъя гэж бодсон бөгөөд үүнийгээ хаана ч гэсэн өндөр дуугаар хэлэх болно! гэхдээ нээрээ л дуугаа чангаруулсан тул Вулков түүн рүү эргэн
   — Үгүй та тань одоо хүртэл байсаар байгаа юм уу? гэвэл Дидерих ахиад л хавчисхийж
   — Ноён ерөнхийлөгч минь!.. гэтэл Вулков үгийг нь тасалж
   — Та надаас одоо юу шаардаад байгаа юм бэ? Би таныг таних ч үгүй, тантай хэзээ хэдийд ч ямар нэгэн ажил төрлийн холбоотой байгаагүй юм байна гэв. Дидерихийг
   — Ноён ерөнхийлөгч өө! Үндэсний үйл хэргийн ашиг сонирхлын үүднээс... гэтэл Вулков
   — Газар эдэлбэрийн дамын панзанд чинь би оролцохгүй, эхлээд панзаа үсэргэчих! Тэгсний чинь дараа ярилцамз! гэв.
   Хананд няц шахуулчих гээд байгаа юм шиг минчийж айсан Дидерих
   — Ноён ерөнхийлөгч өө! Ингэхэд өнөөх одон, Клюзингийг чимхэж өгөх, хүндэт дарга болохыг зөвшөөрөх тань яаж болж байна гэж шулганавал Вулков ярвайн:
   — За яах вэ, би амласнаа бүтээе. Харин та л газраа даруйхан шиг худалдана шүү! гэв. Дидерих бүтчих шахан: Та ингэж тушааж байгаа хойно би үгүй гэхгүй учир нь эзэн хаандаа үнэнчээ үзүүлэх гэсэн надад үзэл санаа минь хардалт сэрдэлтэд орохоос аймшигт юм гэгч үгүй гэвэл Вулков: — За яах вэ тийм байж гэв. Дидерих хэрэг явдал ийнхүү гайгүй төгссөнд баярлавч «За бидний энэ холбоо ч гэж дээ» Би механикаа өөрийн холбоотон гэж нэрлэвч түүнийг хэчнээн дорд үздэг шиг намайг бас л тийм дорд үзэж байна даа» гэж бодохдоо гутарсаар тэндээс гарав.
   Зочдын өрөөнд орвол хоёр бүсгүй дүү нь хоёулхнаа нэгэн зургийн цоморлог үзэж суув. Бусад зочид нь аль хэдийнээ тарж ерөнхийлөгчийн хатагтай сурвалжтаны хурандаа Хафкегийн хатагтайн урилгаар үдшийн зоогт явах болсон тул хувцсаа солихоор дотуур өрөөндөө орчихсон байв. Дидерих дүү нартаа
   — Ноён Вулков бид хоёрын өнөөдрийн уулзалт чинь сэтгэлийн найрсаг байдалд болж өнгөрөв гэснээ гудамжинд гарсан хойно төрдөө үнэнч хоёр хүний яриа ямаршуу үр дүнд хүрдгийг би өнөөдөр л үзлээ. Ашиг хонжоо, арилжаа наймааны ертөнцөд ч энэ тухай тийм гэж төсөөлөн бодохын аргагүй юм байна гэв.
   Өөрөөс нь дутуугүй сэтгэл нь хөдөлсөн Эмми морь унаж сурна гэхэд нь дүүгээрээ өнөөдөр анх удаа бахархсан Дидерих
   — Чамд мөнгө өгвөл чи сурвалжтаны дэслэгч Брицинийг бүсгүй дүүтэй эсэхийг мэдэж чадах уу? Бас тэгээд цаадуулаараа дамжуулан сурвалжтан Хафкегийн хатагтайтай танилцаж үдшийн зоогт нь уриулах арга бод! гэснээ яг энэхэн үед дэргэдүүрээ өнгөрч яваа ноён хурандааг үзэх лүгээ хойноос нь удтал харж зогссоноо
   — Хүний хойноос эргэж харах минь ёс зүйд нийцэхгүй л дээ. Гэхдээ тэгэхгүй байж болсонгүй гэв.
   Вулковтой хийсэн хэлэлцээр нь чухамдаа Дидерихийн санааны зовнилыг ихэсгэжээ. Төрсөн гэр орон, газар эдлэхүүнээ худалдахаар амласан нь, хэдийгээр хэтийн шинэ шинэ төлөв нээгдүүлж байгаа ч гэсэн тэр нь даан ч «бүрхэг бүдэг мэт санагдах ажээ.
   Эргэлзэж зовних, хүсэж мөрөөдөхөөс болж эргүүтэх шахан өвлийн хүйтэнд харанхуй шөнө болтол гадуур тэнэдэг боллоо. Нэгэн бүтэн сайны үдэш хотын цэцэрлэгт хүрээлэн дундуур тэнэж явтал Вольфганг Бук халз тулгарав. Залуу Бук мэнд ус ч үгүй
   — Би ч жүжигчин болохоор баттай тогтчихоод байгаа шүү дээ гэвэл Дидерих
   — Тэр чинь өмгөөлөгч болох, эхнэр авахаасаа болих гэсэн үг үү? гэж яаран асуув.
   Вольфганг
  
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.