Latin

Боол 1 - 1

Süzlärneñ gomumi sanı 4416
Unikal süzlärneñ gomumi sanı 2307
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
italki
ХАЙНРИХ МАНН

БООЛ - 1
(1-2-р бүлэг)

“УЛСЫН ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” Улаанбаатар хотноо 1974 онд эрхлэн хэвлүүлсэн номоос
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.


ЦАХИМ НОМЫН САН: www.e-nom.mn


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Орчуулсан Г. Сосор, Ч. Галсан
Редактор Г. Лувсан


ОРШИЛ

Германы их зохиолч Хайнрих Манн (1871— 1950) том хөрөнгөтний гэр бүлээс гаралтай ч гэсэн залуу бага наснаасаа дэвшилт зохиол бичих замд орсны учир мөлжигчдөд шоовдорлогдон, улмаар 1933 онд фашистууд засгийн эрхэнд орсны дараа ном зохиолоо шатаалгаж, эх орноосоо дүрвэн гарчээ. Түүний туурвиж үлдээсэн 18 роман, дал гаруй өгүүллэг тэргүүтэй арвин их бүтээлээс анх удаа монголоор орчуулан хэвлэж байгаа «Боол» гэдэг роман 1918 онд хэвлэгдсэн байна.
Жижиг хөрөнгөтний ховдог шунахай, хуурамч бялдууч, тэнэг мөртөө цагтаа хүрвэл хамгаас башир зальтай, аймхай мөртөө бүхнээс хэрцгий догшин чанарыг Дидерих Хеслингийн (Хеслих - гэж германаар балиар муухай гэсэн үг) дүрээр дурайтал үзүүлснээрээ үндсэрхэх дээрэнгүй үзлийн уг үндсийг уудлан илрүүлсэн энэ зохиол өнөөдрийн өдрийг хүртэл харгисуудын нүдэнд өргөс, дэвшилттэй хүчний гарт зэвсэг болж байна.
Дидерих Хеслинг бол эрүүл ухаантай хүн биш, тэнэгээрээ, ухаан доройгоороо хүч хийсэн, ашиг хонжоо олохын төлөө яахаас ч үл буцах ухаан солиотой этгээд юм. Дээдсийн өмнө хав шиг шарвалзаж, доодсын өмнө арслан шиг сагсалзагч, инээдэмтэйгээсээ аюултай нь илүү энэ этгээдийн дээшээ гарч ирж байгаа зам нь Адольф Гитлерийн авирсан замыг эрхбиш санагдуулдаг.
Зохиол ардчилсан үзэлт баатар Букийн ялагдал, харгис Хеслингийн ялалтаар төгсөж байвч уншигч, түүний түр зуурын үзэгдэл болохыг нь ойлгоно.


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Дидерих Хеслинг бол мөрөөдөмтгий, юм л бол чихээр нь хатгуулж байдаг сул биетэй хүүхэд байв. Тэрээр, өвөл халуу дүүгсэн дулаан өрөөнд, зун бол цаасны үйлдвэрийн бөс навтасны үнэр танараар дүүрсэн бяцхан цэцэрлэгт хоргодох дуртай байлаа. Цэцэрлэгийн туулайн бөөр, уд бургасны цаанаас хэдэн хуучин байшингийн модон дээвэр цухуйна. Дидерих ийн хоргодон суухдаа үлгэр уншиж өдрийг бардаг байсан бөгөөд хааяа хараагаа номоосоо салгахдаа давхийн цочдог байлаа. Учир нь аварга мэлхий хажууд нь ирээд оцойн суучихсан ч байх шиг, эсвэл доод тивийн одой шуламс өмнөхөн нь бүслэхээ хүртэл цухуйхыг харах мэт болдог ажээ.
Дидерихэд аварга мэлхий, одой шуламсаас ч аймшигтай нэг амьтан байсан нь эцэг нь билээ. Учир нь эцгээ хайрлах нь хөвгүүний үүрэг байлаа. Дидерих энэ үүргээ эс хөсөрдүүлнэ. Тэгээд ч чихэр боов хумсалчихсан үедээ эцгийнхээ бичгийн ширээний дэргэдүүр өнгөрөхдөө бэмбэгэнэж хавчганасаар байж эцэгтээ хар авхуулчихад цаадах нь ханан дахь саваагаа шүүрээд авна. Хийсэн хэрэг нь илрэлгүй өнгөрчихвөл: За даа, заавал үнэнч шударга явах гэлтгүй юм шив дээ! гэж бодно... Нэг өдөр эцгээ хазгар хөлөөсөө болж шат руу өнхрөхөд ухаангүй баярлаж алга ташаад зугтжээ.
Түүнийг заримдаа жавтий хүртээд нүдээ бөлцийлгөн, нусаа татсаар үйлдвэрийн дэргэдүүр өнгөрөхөд ажилчид тоглоом тохуу хийн хөхрөлдөнө. Тэгэхэд нь Дидерих тэдэн рүү хэлээ гарган, газар дэвслэн: Яадаг юм, би эцэгтээ зодуулсан юм чинь! Миний эцэг шиг хүнд зодуулах ч аз та нар шиг муу гуйлгачинд олдохгүй дээ!» гэж дотроо бахархан бодно.
Дидерих ажилчдын дунд орохдоо элдвээр аашилна, Заримдаа ажилчдыг пивонд гүйлдэхэд нь
— Та нарыг аавдаа хэлнэ дээ! гэж сүрдүүлж байснаа гэнэт их сайхан ааштай болж эцгийнхээ хэзээ ирэхийг хэлээд өгчихнө. Ажилчид эзнийхээ занг хэзээний сайн мэдэх ажээ. Тэрээр урьд цаасны зутан шанагалагч хийж байхдаа тэдэнтэй нэг тогооноос хоол идэж явжээ. Тэгээд дайн тулалдаан болгонд оролцсоор явж сүүлчийн дайнаас хойш хэд гурван мөнгөтэй болж цаасны машин худалдаж аваад хожим түүн дээрээ холлендер гэдэг цаасны машиныг огтлогчтой нь хамт нэмэрлэж, ажилчнаас эзний зиндаанд шилжсэн хүн. Гэвч тэрээр бэлжих тусам улам ч хахир харамч болж, бэлэн болсон хуудсаа өөрөө тоолохын зэрэгцээ хуучин муусайн хувцас хуулганы товч тананаас нэгийг нь ч алдахгүйг хичээн харгалздаг байлаа. Тананы араас эцгээ тийн үхэлдэн хөөцөлдөхийг үзэж, түүний хэрэгтэйг ухаармагцаа Дидерих хөвүүн ажилчин авгай нар дээр очиж:
— Та нарын товч тана өвөрлөж түрийлдгийг чинь хэлэхгүй байя. Шанд нь ганц нэгийг өгөөч! гэж гуйсаар халаасаараа дүүрэн товчтой болж аваад нэгэн өдөр зэргэлдээ мухлагт очиж мөсөн чихрээс сольж орхижээ. Шөнө орон дотроо сүүлчийн чихрээ хүлхэж хэвтэхдээ
— Хийсэн нүглийг минь илрүүлэхгүй байж үзээч! гэж бурхан тэнгэрээс гуйж байжээ. Бурхан тэнгэр тус болсонгүй. Дидерихийн хулгай нь баригдчихлаа. Тэгэхэд нь юм л бол цэргийн өвгөжөөр бага даргархуу авирлан, ёс дэглэм гэгчийг чанд сахидаг эцэг нь хүүгээ балбах гэснээ гар нь татганан, атираат нүүрэн дээгүүрээ нулимс цувруулан:
— Миний хөвгүүн хулгай хийжээ! гэж үхлүүт дорой дуугаар өгүүлснээ төрсөн хүүгээ луйварчин дээрэмчин шиг этгээд аймшигтай харлаа. Тэгснээ уухилан:
— Ай чааваас! Чи хууран мэхэлж, хулгай хийнэ гэнэ ээ! Одоо чамд хүн алах л дутаад байна! гэлээ.
Эх нь бас:
— Аав чинь уйлж байна, хараач! Урд нь сөхрөн өршөөл гуйгаач! гэв. Гэвч Дидерихийн зөн бэлгэ нь
— Үгүй! Тэгвэл цаадах чинь бүр шатчихна гэж байсан тул, сөхөрсөнгүй. Ер нь Хеслинг ноёнтон авгайнхаа нялуун занд дургүй, тэр зангаас нь болж хөвгүүнээ эвдэрч байна гэж үздэг байжээ. Түүнээс гадна авгай нь эр нөхөртөө худлаа хэлж байгаад баригдах нь ердийн тохиолдол ажээ. Тэр авгай роман уншсаар гэр орныхоо ажлыг зуун задгай, жаран хагархай хаячихсан, бас зарц бүсгүйтэй элдэв бусын хов жив ярьж хамаг цагийг нөхцөөдгийг нөхөр нь анддаггүй байжээ. Харин хүүхэд шиг чихэр боов хулгайлдгийг нь л мэддэггүй байв. Тэрээр нөхрийнхөө дэргэд цадталаа хооллож зүрхэлдэггүй тул хулгай хийдэг байжээ. Дидерих шиг цех тасгаар ордог байсан сан бол, мөн л товч хулгайлахаас эс буцах байсан биз.
italki
Эх нь Дидерихийг дагуулан мөргөл үйлдэхдээ бурхны өмнө залбирахаасаа өмнө эр нөхөртөө өшиж хорссоноо илчлэх нь олонтоо ажээ. Дидерих тэгэхэд нь заримдаа эцгээ өмөөрөн:
— Аавд хэлнэ дээ! гээд эцгийнхээ ажлын газар луу гүйснээ аль нэгэн байшингийн араар ормогцоо зогсож «Одоо ч ээжийн үнхэлцэг нь хагарах гэж байгаа даа» гэж амтархан боддог байв. Эхийнхээ эрхлүүлэхийг Дидерих овжин ашиглах боловч түүнийг даанч хүндэлдэггүй байлаа. Үүнд Дидерихийн эхийгээ дуурайж төрсөн нь буруутай болно. Учир нь тэрээр өөрийгөө эс хүндлэх тул, өөртэйгөө усны дусал шиг адилхан эхийгээ мөн л хүндлэхгүй байх нь зүйтэй гэж үздэг байлаа.
Хэдий тийм ч гэсэн баяр ёслолын үеэр эх хүү хоёр булай муугаа марталцан түр зуур ч гэсэн жаргалтай байж чаддаг байсан нь тийм үеэр дуулдаг дуу, уншдаг үлгэр домгийн ач билээ. Дидерих, Христос бурхны амилан ирдэг гэдэгт сүжиг алдран эхэлсэнд эх нь ятгасаар байж түүний сэтгэлээс тэрхүү эргэлзлийг зайлуулж чаджээ. Үүнд Дидерих өөрийгөө хүлцэнгүй номой гэж үнэлэх боллоо. Бас дэргэдэх шилтгээнээ буг чөтгөртэй гэж ягштал итгэсэн тул, чөтгөр шулам гэгчийн тухай сонсох ч хүслэнгүй эцгээ дэндүү бардам, гэсгээн шийтгэвэл зохих амьтан гэж сэжиглэн бодох болжээ. Эх нь хүүгээ үлгэр домогт улам итгүүлсээр байсан тул, Дидерих яваандаа түм түжигнэж, бум бужигнасан гэгээн цагаан өдөр ч шилтгээн рүү явахаас айдаг болжээ. Хоёулаа айн айн шилтгээнд оччихоод үлгэр домгийн амт хүчинд автан суух нь аймшигтай ч гэсэн аятайхан байлаа.
Бас Майзе гэдэг гудамжны өнцөгт дэрдийн зогсоо цагдаагийн дэргэдүүр өнгөрөхдөө: «Энэ ч дураа л хүрвэл намайг шоронд хатаачихна шүү. Үүний чинь хажуугаар яаж гарах юм бил ээ!» гэж зүрх алдан бодох болжээ. Тэрээр цагдааг тойроод гарвал бүр сэжиг авчихна гэж айхдаа дүүрсэн хэрэг гэж бодоод шууд цагдааг чиглэн очоод хэдэн цаг болж буйг асуухад хоолой нь чичирч байдаг байлаа.
Дидерих үлгэр домгийн аймшигт мэлхий, хатуу догшин эцэг, өршөөлгүй бурхан, шилтгээний чөтгөр, гудамжны цагдаа, хүнийг яндангийн нүхээр ховх сорж өөр шигээ тас хар болгодог гэлцдэг яндан хөөлөгч, эмчилж байгаа нь энэ гэж хоолой амыг нь сэрвэгэнүүлээд уйлах гэвэл нь дугтарч сэгсчдэг эмч... зэрэг авралгүй олон арван хүчний дараа тэр бүхнээс нь түм дахин аюултай сургууль гэгч давагдашгүй хүчний аманд орлоо. Тэрээр мэдэх юмаа ч эвлүүлж хэлэхийн сэхээгүй, юм л бол уйлчих болов.
«Сургууль Дидерихийн хичээл зүтгэлийг ч сэргээсэнгүй, хий бясалгах дурыг унтраасангүй боловч тэгтэл амархан уйлж сурсан нь залхаан цээрлэлээс авран аргацаах эрдэм гэгч мөн байлаа. Гэтэл нэгэн өдөр нэгэн багш тэр нууцыг илрүүлчихсэнд гайхаш тасрахдаа гэнэт уйлахаа болин, нүүрээ таглан хөндөлсүүлсэн тохой доогуураа урдаас нь нэн хүндэтгэлтэйгээр ширтжээ. Дидерих хатуухан багш нарын үгэнд үг дуугүй ордог, зөөлхөн шиг хэлснийг нь энэ надад гэм хийх юм биш гэж, эс тоомсорлодог байв. Хоолоо идэх зуур багш нарын муу тавьсан, арга хэмжээ авсныг ярьж
— Өнөөдөр Бенке ноён гурван амьтныг ёстой нэг өвчөөд өгсөн дөө! гэж сайрхана.
— Тэд чинь хэн юм бэ? гэвэл
— Нэг нь би гэнэ.
Тэрээр хэдийгээр сургууль гэгч, хүн тарчлаагч машин болсон тэрхи аймшиг доор өөрөө зовж байсан боловч өрөвдөж энэрэхийг даан ч мэдэхгүй энэ цогцсын нэгэн эс болсондоо бахархах ажээ. Тиймээс ч анги даасан багшийнхаа төрсөн өдрөөр самбар индэр хоёрыг цэцгийн хэлхээгээр чимэглэдэг байсныг Дидерих чамлан толгой тархи руугаа нүдүүлдэг саваагаа хүртэл гоёдог болжээ.
Сургуулийн жилүүдэд нь тэндхийн ихэс дээдсийн дотор хоёр ч удаа сүйрэлд хүргэсэн аймшигт юм болж, сэтгэл зүрхийг нь донслуулжээ: Нэг нь захирал туслах багшийг ангийн өмнө зэмлэж хөөсөн, нөгөө нь ахлах багш нь галзуурсан явдал байлаа. Үүнээс багш нараас ч аймшигтай захирал, галзуугийн газар гэгч байдгийг мэдэж авчээ. Эрх мэдэлгүй бяцхан хүмүүс эрхтэн дархтны дотор болж байгаа тэмцэл зөрчлийг сэтгэл амарлингуй харахдаа өөртөө ашигтай нэгнийг сурч авдаг нь жам билээ.
Дидерих ийнхүү өөрийг нь өдөр хоногоор эрх хүчиндээ улам улмаар оруулагч хүрдний нөлөөнд автах тусмаа өөрөө тийм эрх мэдэлтэй болох сон гэж мөрөөднө. Тэгээд ч тэрээр үе үе дүү нарынхаа өмнө хээхийн зогсож, цаадуулаасаа цээж бичгийн шалгалт авч, их алдсан болгох гэхдээ бичсэнийг нь үзээд зөв бичсэн газар хүртэл улаан шунхны мөр гаргаж чадал мөхөс тэднийгээ орилуулж чарлуулж залхаахдаа бах нь ганц ханана. Гэхдээ ингэж тонгочиж тонгочиж аваад «Бурхан минь, яасныг минь аавд хэлчих вий дээ!» гэж зүрх алддаг байлаа.
Догшин авирлаж бахаа хангахад түүнд заавал хүний хэрэг байсангүй, тэрээр «Холлендер» машины дэргэд зогсоод хуучин муусайн навтсыг хутгат хүрдээр огтлон жижиглэхийг хараад «Болж! Болж! Муусайн навтаснууд аа! Та нарыг ингэж л байвал таарна!» гэж аман дотроо үглэн араагаа байн байн зуухад цэхэр нүд нь араатныг санагдуулам гялалздаг байлаа.
Нэг удаа тэгж бахаа хангаж байгаад ард нь хүний хөлийн чимээ гарахад цочиж, гантай хлорын уусмал руу золтой л уначхаагүй ажээ. Дидерих зодуулах болохдоо гутрах байтугай бүр баярладаг ч байжээ. Хэдэн нөхдөдөө гөвдүүлж байхдаа:
— Нуруу руу л бүү цохиорой! Гэмтэй юм гэдэг шүү! гэж хүлцэнгүй хэлж байсан удаатай.
Дидерих юунаас ингэв гэвэл зодсон нь үзэгдэхүйц ашиг олж зодуулсан нь мэдэгдэхүйц гарзад учрахгүй гэдгийг мэдэж байснаас болжээ. Харин «Нетцихийн эзэмшил» гэдэг гуанзны зөөгчийн аль эрт өгөхөөр амласан боловч өнөө хүртэл өгөөгүй байгаа цөцгийтэй бялууны хувьд бол ч шал өөр хэрэг шүү гэж бодох ажээ. Зөөгчид амласныг нь сануулах санаатай зах зээл чиглэн Майзе гудамжийг өгсөн хэд дахин алхсаны эцэст нэгэн өдөр цаадах нь амласнаа булзааруулах гэтэл Дидерих бүр чин үнэнээсээ уурлачихсан:
— Одоо болих минь! Хүлээх тэвчээр минь алдарч гүйцэв! Хэрэв таныг одоо амласнаа амлаагүй болгох гээд байвал эзэнд чинь хэлж учраа олъё! гэвэл зөөгч Шорш инээд алдан бялууг авчирч өгчээ.
Энэ бол багагүй амжилт билээ. Аз дутахад тэгж тэмцэлдэж яваад олж авсан бялуугаа тухтай сууж идэх зав байсангүй. Учир нь үеийн хөвгүүн Вольфганг Бук өөрийнх нь амласнаар олзыг нь хуваалцах гээд гадаа хүлээж байв. Бялуугаа яаран сандран байж залгичхаад, амаа ханцуйгаараа хэд шувтарчхаад
— Шорш гэдэг луйварчин өнөөхөө өгсөнгүй шүү! гэж хараал зүхэл болсоор гарч ирлээ. Ингэж явган заль гаргаж байхдаа Дидерих
— Хүн юмыг аль л болох өөртөө ашигтайгаар нь хийж суралгүй яах вэ гэж өөрийгөө зөвтгөн бодох боловч олонд нэр хүндтэй Бук өвгөний хүүтэй болгоомжтой харьцахгүй бол горьгүй гэдгийг бас ч эс мартах ажээ.
Бусдуулын адил цардмал захтай цамц өмсдөггүй, мөнгөлөг цагаан ямаан сахлын цаанаас цайрах турьхан хүзүүгээ цагаан пансаар ороодог, нас сүүдэр өндөр, эрхэмсэг Бук авгай алтадмал таягаа явган хүний зүймэл чулуун зам дээр алгуур алгуур зөөж тавьсаар алхаж явах нь тун ч сүр жавхлантай ажээ. Хувцасных нь дороос өдрийн жирийн цагаар ч ёслолын фракийн хормой цухуйж явдаг, ихсийн бортого бүрх өмсөн явах агаад, хурал цуглаан болгонд оролцон сайхан үг хэлэх нь цор ганцаархнаа бүхэл хотын төлөө санаа сэтгэл нь зовон яваа юм уу гэлтэй үзэгдэх ажээ. Дидерихийн боддогоор угаалгын газар ч тэр, шорон ч тэр, Нетцих хотын бүх л байр байшин цөм Бук авгайн эзэмшлийнх билээ.
Бас: «Ийм хүн баян ч, эрхтэй ч байлгүй яах вэ дээ» гэж бишрэн бодно. Дидерихийн эцэг Хеслинг ноён хүртэл тэр хүний өмнө малгайгаа аван удтал бөхөлзөнө. Тийм нөлөөтэй хүний хүүгээс юм луйвардаж авч болохгүй нь илт. Гэвч олзоо түүнтэй хуваалцаж байх нь бас ч юун. Иймээс Дидерих эрхтэн дархтанд няц даруулчихгүйн тулд тун ч ухаалаг хөдлөх нь зүйтэй гэж боджээ.
Ахлах ангид дэвших жилээ Дидерих нэг л хэсэг хугацаанд бүхнийг умартан, ёстой л бах таваа ханатал дүрсгүйтжээ. Тэрээр ангийнхны нүдний бөөс болсон ганц еврей хөвгүүнийг хорлонтой шоглохоор шийдэж зургийн хичээлд хэрэглэдэг моднуудаа багшийн ширээн дээр загалмайлан тавиад еврей хөвгүүнийг ноцон авч түүнийхээ өмнө өвдөг дээр нь сөхрүүлжээ. Ангиараа алга ташиж Дидерихийг галзууртал нь зоригжуулсан тул еврей хөвгүүн хэчнээн тэмцэлдээд ч тус болсонгүй ялагджээ. Дидерих еврей хөвгүүнийг дийлэхийн төлөөнөө галзуу юм шиг ноцолдож байхдаа: «Миний талд Нетцих хотын бүх загалмайтан байгаа юм чинь, миний үйлдэж буй буруу хэргийг тэд бултаар үүрэлцэнэ» гэж сайн мэдэж байжээ.
Бах нь ханаж, судас доторх цус нь арай гэж нэг сэрүүцэх шиг болоход: «Дэмий ч юм болов уу» гэж гэмшин бодтол түүнтэй анхлан уулзсан багшийнх нь царай өөриймсөг баяртай харагдахад эмээх нь арилж: «Би олны өмнөөс энэ хэргийг хийжээ» гэж хөдөлшгүйгээр итгэжээ. Зарим багш Дидерихэд бүр илэрхийгээр баяр хүргэхэд тэр даруухан инээмсэглэлээр хариу талархана. Тэр өдрөөс хойш ангийнхан нь ч түүнд ээлтэй боллоо. Ангийн багш нь тэргүүний сурагч гэж өргөмжилснөөр барахгүй Дидерихээр тагнуул тавьжээ. Дидерих тэргүүний сурагч болж чадаагүй боловч тагнуулын үүргээ гялалзтал биелүүлж чадахаа харуулжээ. Ангийн хэнтэй ч болов нөхөрсөг харьцан яриа эхэлж байж хэний яаж төрхгүйтсэнийг тэднээр хэлүүлж авахдаа тийм юм байлгүй яах вэ гэсэн аятай инээж, сэжиг авхуулалгүй өнгөрөөд завсарлагаагаар багшид ангийн журналыг хүргэж очихдоо хэний юу ярьсныг нэг нэгэнгүй тоочиж өгдөг байлаа. Дидерихийн ачаар багш нар хүүхдүүд өөрсдийн нь юу юу гэж хочилдог юу юу гэж муучилдгийг түдэлгүй мэдэж авчээ. Ингэж хов ярьж зогсохдоо хоолой нь үл мэдэг чичгэнэн: «Өнөөдүүл одоо баларна даа» гэж бодохдоо айдас нь хүрэх шиг ч болдог байв. Ер нь Дидерихэд хэн нэгний байр суурь нь ганхахад загатнасан газар нь маажих шиг аятайхан болоод ирдэг байв. Нөгөөтээгүүр бас тийн бусдын үйлдсэн хэргийг цааш мэдээлэхэд өөрийн үйлдсэн хэрэг нь мартагдах шиг болно. Энэ хорон явууллагаа явуулж байх үедээ заримдаа «Би ч тэр амьтанд өшөөтэй биш, хийх ёстой үүрэгт ажлаа л хийж байна» гэж сэтгэлээ цагаатгадаг байлаа. Заримдаа ховлож загнуулсан нөхрийнхөө дэргэд очиж түүнийг бүр чин үнэнээсээ өрөвддөг байлаа. Нэгэн удаа багш нь бусдаас хуулдаг гэсэн сэжигтэй нэгэн хөвгүүнийг Дидерихийн дэмээр барьжээ. Яаж барив гэвэл: Дидерих дунд нь алдсан хэр нь хариу зөвтэй бодлогыг тэр хүүд өгөхөд тэр хөвгүүн өөрийг нь барихаар зэхэж тавьсан занга гэдгийг мэдэлгүй хуулаад авчихжээ. Үдэш нь биеийн тамирын тоглоомоос хойно зуушны газрын үүдэнд сууж дуулалдан байхдаа Дидерих зориуд тэрхи нөхрийнхөө дэргэд сууж аягаа тавих далимаар гараа гар дээр нь тавьж тэр хөвгүүнийг яав гэсэн байртай харахад үнэнч нүдээр өөдөөс нь ширтэж аргил хоолойгоор:
«Аяа чам шиг нөхрийг би хаанаас ч эс олном зээ...» гэж дууллаа. Дидерих хичээлд заасан бүхнийг шаардсан хэмжээнээс нь халиагүй ч гэсэн чамлагдахааргүй сурч байв. Германы утга зохиолын хичээлд зохион бичлэг бичих нь Дидерихэд хамгийн хүнд байснаас түүнд овоо нөхдөө сэжиглэн үздэг байлаа. Тэргүүний сурагчдын тоонд оруулснаас хойш сургуулиа ямар ч гэсэн төгсөж чадах нь илэрхий болж эцэг нь ч багш нарын нэгэн адил түүнийг цааш суралцуулах нь зүйтэй юм гэдэг нэгэн санааг өвөрлөн явах боллоо. Тэгээд ч эцэг нь хүүгээ сургууль номоо дуусгамагц залуудаа 66, 71 онд1 хоёр ч удаа Бранденбургийн гулдант хаалгаар алхан сүр хүчээ илтгэж явсан Берлиндээ илгээлээ.
Дидерих Фридрихийн гудамжнаас холдохгүйг хичээн Тийк гудамжнаа нэгэн өрөө хөлслөн суулаа. Тэгснээр төөрөхийн зовлонгүй шулуухан алхсаар их сургуулиа олж очдог байлаа. Өөр хийх ажилгүй тул их сургууль дээр өдөрт хоёр ч удаа очиж бусад цагт нь гэрээ санаж уйлан хайлан, аз жаргалтай бага нас хайрласан эцэг эхийнхээ ачийг тоочсон их дэлгэрэнгүй захиа бичдэг болов. Зайлшгүй юман дээр л гадагшаа гарахдаа мөнгөө сарын сүүлч хүргэлгүй дуусчих вий гэхээс идэж уухаа хүртэл нарийлан, түрийвчээ байна уу? гэж үе үе энгэр халаасаа тэмтрэн явдаг байв. Тийнхүү ганцаараа уйтгарлан байхдаа эцгийнх нь цаасны үйлдвэрт целлюлоз нийлүүлдэг, Блюхер гудамжнаа суудаг Гөппел гэгчид эцгийнхээ захидлыг хүргэж өгөх учиртайгаа мартаагүй л байв. Сарын дараа л сая нэг зүрх зориг гарган тэр айлд очвол эцгийнх нь өрөөнд олонтоо харагддаг байсан тагдгар улаан эр тун ч найрсаг угтав. Дидерих тэгэхэд нь түрүүн ирж байх минь яалаа даа! гэж гэмшив. Гөппел өвгөн яриа дэлгэн нутаг усныхнаа, тэр дундаас Бук өвгөний тухай асууж шалгааж гарав. Тэрээр Букийг машид хүндэлдгээ илтгэн:
— Юм л бол зэр зэвсэг хангинуулан, цус нулимс урсган, тэгснээрээ гүрэн улсдаа арилгаж баршгүй хор учруулагч дайны хэнээтэн зарим нэгэн этгээдийг бодвол Бук болон түүнтэй үзэл санаа нэгтэй хүмүүс германы ард түмний өмнө ямар ч гэсэн илүү гавьяатай даг! гэлээ. Үнэхээр ч Бук өвгөн 48 онд хувьсгалын хэрэгт хүчин зүтгэсэн учир төрд тэрсэлсэн этгээд гэгдэн алах ял заагдан явжээ.
Гөппел:
— Бидний өнөөдөр энд хүний зэрэгтэй сууж байгаа маань Бук мэтийн эрчүүлийн л ач гавьяа даа гэснээ шилтэй пивоны бөглөөг онгойлгов. Тэгснээ
— Гэхдээ ер нь яваандаа хөөрхий бид цэрэг цуухад няц гишгүүлж магадгүй байна шүү!.. гэлээ.
Гөппел Бисмаркийг эсэргүүцэгч, чөлөөтэй сэтгэгчдийн талын хүн байлаа. Дидерих эрх чөлөө, эзэн хааны тухай урьд юм бодож явсан нь үгүй тул, Гөппелтэй санал нийлэв. Тэгтэл бие гоолиг, улаа бутарсан царайтай залуу сайхан бүсгүй ороод ирсэнд Дидерихийн сэтгэл хямарч орхив.
— Миний охин Агнес гэж Гөппел танилцууллаа. Цэргийн дунд сургуулийнхны өмсдөг ёрог даавуун хүрэм, өмд нь үрчийж харчийчихсан явсанд санаа нь зовж, нүүрэнд нь гал шатах шиг болсон Дидерих тээнэгэлзэн босож зогссоноо урдаас нь сарвайсан турьхан гарыг атгав. Бүсгүйг:
— Танд Берлин хот хэр санагдана? гэхэд Дидерих
— Зүгээр гэсхийв.
— Та ший жүжиг үзэв үү?
— Үгүй.
Ичиж хөлс нь цутгасаар асан Дидерих: «За даа, бүсгүй ч намайг эндээс бушуухан зайлаасай гэж бодож байгаа биз» гэж эвгүйцэн бодож амжлаа. Тэгээд яаж эндээс гарах аргаа эс олон байтал ашгүй, Мекленбург мужийн аялгатай, дуу чанга, өргөн эр орж ирлээ. Байдлыг нь ажвал инженерийн ангийн оюутан баймаар, нэр Мальман гэнэ. Мальман эрээ цээргүй эр бололтой, бүсгүйд хандан салхинд гарахаар амласныг нь сануулахад бүсгүй:
— Хеслинг ноёнтон, бидэнтэй хамт салхинд гарахгүй юу? гэв Дидерих сандран, хүн хүлээж байгаа тул, явалгүй горьгүй гэснээ хариу хэлэхийн завдгүй зайлах аргаа бодлоо. Гарахын зуур: «Өө ашгүй, ижлээ олж авсан авхай юм» гэж баярлан бодлоо.
Гөппел түүнийг харанхуй гудмаар дагуулан хаалга хүртэл үдэхдээ нөхөр нь Берлинийг мэддэг эсэхийг асуув. Тэгэхэд нь Дидерих нөхрөө берлиний хүн гэж худал хэлэв.
— Энэ хотод явж дадаагүй хүн буруу унаанд сууж балрахын алийг тэр гэхэв. Та ч нэг бус төөрөө биз? гэсэнд Дидерихийн царай улайж:
— Нээрээ л тэгсэн дээ гэв.
Гөппел сэтгэл нь ханасан байртай:
— Тийм ээ, Берлин ч үнэхээр Нетцих биш ээ. Эндээс гэр хүртлээ та хагас өдөр явж хүрнэ гэдгээ сана л даа. Таны суугаа Тийк гудамжнаас эндхийн Халлегийн хаалга хүрье гэхэд бүхэл Нетцихийг хаанаас нь ч тэр хөндлөн гулд гурвантаа алхахтай тэнцэх юм шүү... За ирэх ням гарагт ирж үдийн хоол зооглоорой! гэв. Дидерих ирэхээр ам өглөө. Сайн өдөр болоход дэмий юманд ам гарлаа гэж халшравч ааваасаа айсандаа очив. Энэ удаа Агнестай бүр ганцаараа байх учрал түүнд тохиолдов. Гэвч тэрээр авгай хүүхнүүдтэй сээтгэнэх завгүй гэсэн дүр үзүүлж, бүсгүйг ахиад л ший жүжгийн тухай ярих гэхэд нь:
— Тиймэрхүү аар саархан юмаар хөөцөлдөх завгүй! гэж гүдэсхэнээр яриаг нь тасалбал, бүсгүй:
— Ноёнтон таныг хувилахуйн ухаанд суралцаж байгаа гэсэн байх аа! гэв. Дидерих:
— Үнээн, хувилахуйн ухаан гэдэг бол цорын ганц үнэн зөв шинжлэх ухаан юм шүү! гэв. Гэвч тэрээр яагаад хувилахуйн ухааны ангид орж суралцах болсноо өөрөө эс мэдэх ажээ.
Агнесыг цүнхээ унагахад даан ч хөшүүн хөдөлсөөр авч өгөх нь чамд үйлчлэх дур надад алга аа! гэж бодож байснаа мэдүүлэх гэснээс ажээ. Гэвч Агнес ялдамхнаар талархал илэрхийлэн ичингүйрэв.
Цүнхээ онгичих зуур бүсгүй
— Би англи наалтуураа гээжээ. Цус гараад тогтохгүй нь гэснээ цасан цагаан алчуураараа хуруугаа ороох гэтэл Дидерих
— Үгүй надад ч нэг бий шиг санагдана гэв. Тэгээд бүсгүйн хурууг шүүрэн барьж цусыг нь арчихаас нь өмнө урьтаад долоочихсонд бүсгүй цочиж
— Яаж байгаа тань энэ вэ? гэлээ.
Яаж байгаагаа Дидерих өөрөө ч мэдээгүй ажээ. Тэрээр айдас нь хүрэх шиг болсон боловч хэвлүүхэн царайлан
— Хувилахуй ухааны хүн би үүнээс ч сонин сонин юмаар туршилт хийхийн алийг тэр гэх вэ? гэв.
Бүсгүй:
— Та ч бараг эмч юм аа гэж тал засахад хурууг нь тавьсан Дидерих: «Ай үүний чинь гарыг ахиад л барих юм биш! Юутай ч эгдүүтэй зөөлөн эд вэ» гэж бодлоо.
Агнес:
— Та бид хоёр ингэхээр Нетцихийн хамаатнуудаа хөөвөл төрлийн хэлхээ холбоотой ч юм шиг санагдана гэв.
Нээрээ л бүсгүйн хамаатнаа гэх хэдэн айл нэрлээд үзвэл Дидерихэд ч холын хамаатай юм шиг байлаа. Ярих юмаа олж цөхсөн бүсгүй жаахан байснаа
— Таны ээжийг амьд сэрүүн байгаа гэж аав минь ярьсан шиг санагдана. Тийм үү? Та ч тун азтай хүн юм. Минийх бол аль эрт насан элээсэн. Би ч гэсэн нэг урт наслахгүй бололтой. Хүнд чинь зөн совин гэж юм байх юм л даа гээд өрөвдөм инээмсэглэв.
Дидерих: «Юун ч нялуун юм бэ» гэж дургүйцэн бодлоо. Тэднийг ярих юмаа олж ядан сууснаа арай гэж нэгийг олоод ярих гэтэл Мекленбург нутгийн өнөөх өргөн эр орж ирээд Дидерихийн гарыг ярвайтал нь чанга атгаснаа түүнийгээ мэдсэн бололтой нүүр лүү нь эгцлэн харж тавлангуй байдлаар инээмсэглэв. Тэгснээ шууд сандал аван Агнесын өвдгөнд тулах шахам сууж ярианы жолоог Дидерихийн амнаас эрээ цээргүй булааж авах нь хэн нь энд эзэн болохыг үзээрэй! гэсэн үг байлаа.
Тэдний яриаг чагнан дуугүй суух болсон Дидерих өмнөхөн нь өөртэй нь ярьж байхад сандарч байсан бүсгүйн бяцхан бяцханаар тайвшрахыг ажиглав. Хөндлөнгөөс сайтар ажин харвал хүүхэн тийм ч хөөрхөн биш ажээ. Хамар нь дэндүү монхор мөртөө хачин жижиг, хянган дээр нь сэвх тогтсон, хос хүрэн нүд нь хоорондоо дэндүү ойр, уруул нь хэт нимгэний дээр нүүр нь ерөнхийдөө хэт зууван ажээ. Гагцхүү дух руу нь мушгиран унжсан өтгөн хүрэн үс, цас шиг цагаан царай хоёр нь л эрийн сэтгэлийг гижигдэх ажээ. Дидерих түрүүхэнтэй нь долоогоод байсан өнөөх булбарай цагаан хуруу тийм ч цэвэр юм биш байсныг одоо л ажиглав.
Гэтэл Гөппел тэдэн дээр гурван бүсгүй дүү нарын хамт орж ирэв. Нэг нь нөхөр, хүүхдээ дагуулжээ. Агнес эгч нартайгаа үнсэлцэх юм боллоо. Тэд нараас гоолиг өндөр харагдах бүсгүй булбарай мөрнөөсөө зүүгдсэн авга эгч нараа дээрээс нь баахан төвөгшөөсөн аятай харж хайнгадуухан үнсэв. Харин эцгээ л үнэн сэтгэлээсээ тогтуухан хариу үнсэв. Энэ үед Дидерихийн нүдэнд Агнесын санчгийн өтгөн хүрэн үсэн дороос хоёр том хөх судас нарны гэрэлд гүрийн харагдав.
Авга эгч нарын нь нэгийг хоолны өрөө рүү дагуулан явах үүрэг Дидерихэд оногдов. Мальман Агнесыг сугадан авсан байв. Зоогийн урт ширээнд суухад хатагтай нарын амралтын өдрийн торгон банзал шар шурхийнэ. Эрчүүл сюртук дээлийнхээ хормойг өвдөг дээрээ хумхиад хоолойгоо засна. Шөл ирэхийг хараад алгаа үрцгээнэ.
Дидерих Агнесыг эс л бөхийвөл харахааргүй газар суужээ. Тэрээр бөхийхгүй л суух юм шүү! гэж бодно. Хажуу дахь авгай нь арай гэж нэг чимээгүй болоход өмнөх тавагтай цэцэгт байцаа, тугалын шарсан махнаас том том хэрчин, олдсон дээр нь гэж санасан аятай идэж гарлаа. Чихэнд нь хоолны амт, шүлтийг магтсан үг дуулдана. Бас Агнест шанцай эс зохино. Улаан дарснаас бол уухад гэмгүй гэж авга эгч нар нь зүг зүгээс зөвлөнө. Гөппел охиноосоо өнөө өглөөнийх шиг ус шалбаагтай цагаар хөлдөө усны шаахай давхар углах ёстой байсныг сануулна. Тэрээр бас түрүүхэн Фрийдрих гудамжинд дүү нараасаа төөрчхөөд ашгүй автобус дотор тааралдсанаа хүүрнэнэ. Тэгснээ урдаасаа харж суусан Дидерихэд хандан:
— Тиймэрхүү юм Нетцихт бол ч гарахгүй шүү! гэж бахдалтай өгүүлнэ.
Мальман Агнес хоёрын яриа нэгэн концерт дээр хүрчихсэн дуулдана. Гөппел охиноо концертод явах зөвшөөрөл гуйж байна гэдгийг гадарлан орой үдшийн нойтон сэрүүн цагаар гадагшаа явах нь тусгүй гэж аятайхан зөвлөнө. Авга эгч нар нь Гөппелийн хэлснийг дэмжин:
— Бие чинь тааруухан байгаа тул үдэш шөнө ший жүжиг гэж нойроо алдахын оронд эртхэн хажуулж, эртхэн босоод өглөөний цэвэр агаарт явж байсан чинь дээр гэнэ. Агнес:
— Би ч энэ дөрвөн хананы хооронд хоригдсоор байгаад уйдаж үхэх байх аа. Юутай аймшигтай вэ? гэнэ.
Дидерих дотроо Агнесын талд орж суулаа. Хөөрхий хоригдлыг шоронгоос суллаж, залуу бүсгүйн талархлыг баатрын ёсоор олж авах юм сан гэж бодно. Тэгтэл Гөппел
— Та концертод очих уу? гэвэл Дидерих
— Мэдэхгүй гэснээ юу гэх бол гэсэн аятай чагнаж суугаа Агнесыг дурамжхан хараад, би ч пивотой хүүтэй концертод л очдог хүн дээ гэв. Гөппелийн хүргэн дүү:
— Эр хүн! гэж үгийг нь дэмжив. Харин Агнес урам нь хугарсан байдалтай тонгойв. Тэгэхэд Дидерих дэмий юм хэлчихлээ дээ гэж гэмшив. Бялуу хүлээлгэлээ. Гөппел арга ядсан байртай охиноо очиж үзээд ирээч гэв. Агнесыг пялтай жимсээ ширээн дээр тавихын зуургүй Дидерих сандлаа унаган босон харайж хаалгаар гараад:
— Тогооч оо, бялуу! гэж хашхирав. Тэрээр суудал руугаа буцаж ирэхдээ хүмүүсийн нүдээрээ ирмэлцэхийг мэдрэн, чавга шиг улаан царайлчхаад хэний ч нүүр өөд харж эс зүрхлэв. Мальман зориуд чангаар шуухинатал амьсгаа авав. Гөппелийн хүргэн дүү ая тал зассан хуурамч хөндий дуугаар
— Боловсон эелдэг ёс гэдэг чинь энэ дээ! гэсхийв. Гөппел охин руугаа арга ядсан байртай инээмсэглэхэд цаадах нь тонгойхоороо тонгойчихсон пялтай жимснээс хараагаа салгалгүй сууна. Дидерих өвдгөөрөө ширээг дэндэлзтэл шахан: «Элээ, элээ гэж! Юунд ч ингэж хөглөв?» гэж цухалдан бодно. Ширээнээс босох ёслол үйлдэхдээ Агнесаас бусдын гарыг барин талархав. Тэндээсээ кофены өрөөнд шинээр суудал эзлэх болоход бодож бодож байгаад Мальманы ханхар цээжний ард орон нугдайн суув.
Гөппелийн дүү авгай нарын нэг нь Дидерихийн яаж сууж байгааг хараад өрөвдөв бололтой, яриа үүдэн:
— Юуны ангид сурдаг вэ, залуу?
— Хувилахуй ухааны ангид
— Аа бодисын зүй юу?
— Үгүй, хувилахуй ухаан
— Аа тийм үү? гээд хөөрхий бүсгүй цаашаа юу ярихаа мэдэлгүй таг болчхов. Дидерих: «Энэ тэнэг эмийн байж байгаа ч дээ!» гэж эгдүүцэн бодов. Тэр авгайг тийн таг болчихсоноос хойш түүнтэй ганц үг солих нинжин сэтгэлтэй амьтан даан ч гарсангүй, зочид өндөрлөтөл яахаа мэдэхгүй уйтгарлан суув. Эцэг охин хоёр зочдоо үдэж гаргав. Гөппелийг эргэж ирэхэд Дидерих гараа халаасандаа хийчихсэн сууж байв. Тэгээд босож гар барилцаад явах гэхэд ашгүй мөнгө зээлээч гэж гуйж гувшаагүйд нь баярласан өвгөн:
— Охиндоо таны өмнөөс амгаланг айлтгая гэсээр хаалга хүртэл үдэж өгөөд, — Ирэх бүтэн сайнд бас ир л дээ гэлээ.
Дидерих Гөппелийнхээс гараад тэр айлын босгоор ахиад хэзээ ч алхахгүй дээ гэж шийдэв. Тэгсэн мөртөө дараа өдөр нь тэрхүү шийдвэрээ мартчихаад Агнест концертын билет худалдаж авахаар Берлинээр л нэг тэнэв. Юуны өмнө Агнесын нэрлэж байсан хөгжимчийн нэрийг зарлалын хуудсан дээрээс олох хэрэгтэй байлаа. Зарлал бүрийн өмнө зоосон шон шиг зогсож энэ ч мөн бил үү, биш бил үү? Хэн л гээд байлаа даа? гэж бодлогоширсоор байгаад арай гэж нэгэн концертын билет авахаар шийдтэл үнэ нь дөрвөн марк тавин пфенниг гэдгийг дуулахдаа айж бачимдсан боловч: «За билетийн панзчин, луйварчны гараас мултрахаа ч өнгөрөв бололтой. Иш аль нэг хөгжимчний алгын чинээ улаан нүүрийг харах гэж ийм их мөнгөө үрэх ч гэж дээ!» гэж бухимдсаар билетийг авлаа. Гудамжинд гараад: «Ёстой л луйварчин!» гэж мөнгөндөө харамсан дотроо ахиад гасалсан боловч «За дүүрч Агнесын төлөө л ингэлээ» гэж бодохдоо хэчнээн агуу сэтгэлтэйдээ бишрэв. Ингэж өөр хүний төлөө амьдралдаа анх удаа хэд гурван мөнгө зарсандаа сэтгэл нь хөдөлсөн Дидерих билетээ дугтуйлж бичгээ танигдчихуузай гэхдээ дармал үсгээр хаяглав. Захиагаа хайрцагт шургуулаад эргэх гэтэл Мальман дэргэд нь ирчихсэн доогтойёо инээмсэглэсээр зогсож байв. Нууцыг минь мэдчихэв үү! гэхдээ Дидерих захиаг хайрцагт шургуулсан гар луугаа харлаа. Гэвч Мальман:
— Зүгээр л гэрээр чинь орж, яаж суудгийг чинь үзье гэж бодсон юм гэснийг бодоход тэрээр хэнд юу илгээснийг нь арай ч мэдээгүй баймаар ажээ.
Мальман гэрт нь очоод түүнийг яг л чавганц нар шиг суудаг юм байна даа гэв. Дидерих кофены данхаа хүртэл гэрээсээ авчирсан байсан тул, ийм үг дуулаад туйлгүй ичив.
Бас Мальманыг хувилахуй ухааны хэдэн сурахыг нь тоомжиргүйхэн дэлгэж хаахад тэрээр мэргэжлээсээ хүртэл ичжээ. Мекленбургийн эр диван дээр лаглайн сууж:
— Танд Гөппелийн охин хэр санагдав? Аятайхан согоо биз? Юунд улайв? Хэрэв таалалд тань нийцвэл би зайлж өгье. Тийм хүүхэн надад арван тав бий гэхэд Дидерих хайхрамжгүй царайлан нэг булзааруулах гэтэл цаадах айхтар эр нь:
Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Боол 1 - 2
  • Büleklär
  • Боол 1 - 1
    Süzlärneñ gomumi sanı 4416
    Unikal süzlärneñ gomumi sanı 2307
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 2
    Süzlärneñ gomumi sanı 4301
    Unikal süzlärneñ gomumi sanı 2273
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 3
    Süzlärneñ gomumi sanı 4115
    Unikal süzlärneñ gomumi sanı 2046
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 4
    Süzlärneñ gomumi sanı 4345
    Unikal süzlärneñ gomumi sanı 2179
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 5
    Süzlärneñ gomumi sanı 4570
    Unikal süzlärneñ gomumi sanı 2179
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 6
    Süzlärneñ gomumi sanı 4504
    Unikal süzlärneñ gomumi sanı 2215
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.
  • Боол 1 - 7
    Süzlärneñ gomumi sanı 224
    Unikal süzlärneñ gomumi sanı 180
    0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
    Härber sızık iñ yış oçrıy torgan 1000 süzlärneñ protsentnı kürsätä.