🕥 36 minut uku
Артур Вангийн Өргөөнөө - 05
Süzlärneñ gomumi sanı 4628
Unikal süzlärneñ gomumi sanı 2105
0.0 süzlär 2000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 5000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
0.0 süzlär 8000 iñ yış oçrıy torgan süzlärgä kerä.
Одоо би ээлжийнхээ амралтыг авъя гэж өөрөө шийдсэн, яагаад гэвэл өөр таарч тохирох үеийг олох үнэхээр хэцүү байсан юм. Урьд нь би ажил хэргийнхээ төлөө сэтгэл зовоод гадагш холхон гарч чаддаггүй байсан бол одоо ажил маань найдвартай гарт, санасан зүйл сэтгэлчлэн бүтэж байлаа. Хойшлуулахыг гуйсан дөрвөн жилийн хугацаа чинь дуусаж байна гэж ван олон удаа сануулах болсон явдал бол намайг адал явдал хайж алдар нэр олж Саграмор ноёнтой сэлэм зөрүүлэх зиндаанд хүрэх цаг болсон гэсэн хэрэг юм. Тэр ноён, өнөөх Граалиа хайсаар ажээ. Ноёны хойноос хэд хэдэн аврах нэхүүл явуулж олохыг завдан авай. Миний бие чөлөөгөөрөө явахын тулд хангалттай бэлтгэж, балмагдан мэгдэхгүй байсан маань ил байна шүү дээ.
Арван нэгдүгээр бүлэг. ЯНК АДАЛ ЯВДАЛ БЭДРЭВ
Энэ хорвоогийн аль ч оронд эр эмгүй бүгд худал хэлдэг тийм олон тэнүүлч худалч нартай газар хэзээ ч байгаагүй. Дандаа л ичих нүүргүй болсон, үлэмж биетэн, ямар нэг хааны охин юм уу, сурвалжит хатагтайг ямар нэг холын шилтгээн цамхагт хорьчхоод тамлаж байна, түүнийг үлэмж биетний гараас салгах хэрэгтэй гэж худал юм ярьсан ямар нэг тэнүүлч амьтан наана хэлэхэд сард нэг удаа ирнэ гээч. Огт танихгүй хүний амнаас тиймэрхүү юм сонсоод тэр чинь хаана ямар газар вэ, тэнд чинь яаж хүрч очих вэ, чи ер хэн гэгч хүн бэ гэж ван асууж лавладаг байх гэж та нар бодож байгаа биз ээ. Тэгвэл, үгүй шүү, тиймэрхүү энгийн, эрүүл ухаантай хүний бодол толгойд нь орох зангүй.
Ямар ч худал юм ярихад юу ч асууж лавлалгүй ховдоглон залгих шиг болно. Намайг нэг тийш яваад ирэх хооронд бас л нэг тийм амьтан, тэр удаа нэг бүсгүй хүн ирж улиг домог болсон худал юм ярихдаа “манай эзэн хатагтай өөр бусад хаад ноёдын дөчин дөрвөн залуу үзэсгэлэнт хүүхнүүдийн хамт асар том харанхуй шилтгээнд хоригдсоор хорин зургаан жил эрх чөлөөгүй зовж байна, тэр шилтгээний эзэд нь ах дүү гурван үлэмж биетэн гэнэ. Үлэмж биетэн бүр дөрвөн гартай, духан дундаа жимсэн чинээ ганц нүдтэй” гэнэ, чухам ямар жимсний дайтай юм бол гэдгийг хэлсэнгүй, ер нь тиймэрхүү нарийн ширийн юм тоодоггүй улс л даа.
Үнэмшихэд бэрх. Ван, Дугариг ширээний бүх хүлэг баатрын хамт тийм балай юм сонсож сэтгэл нь хөөрөөд адал явдал хайн мордох болох нь тэр. Хүлэг баатрууд нь бүгд тийм бололцоог завших санаатай ухасхийж хүн бүр намайг л явуулаад аль, намайг л явуулаад аль хэмээн гуйхад, тийм нэр алдар горилоогүй байтал минь ван намайг сонгон томилоход цаадуул ихэд зэвүүцэн урам хугарчээ.
Тэгж шийдсэн тухайг Кларенс над хэлэхэд нь би сэтгэлээ арай ядан барьж билээ. Гэтэл тэр маань... сэтгэлээ барьж чадсангүй. Ван тийнхүү намайг илгээх гэж соёрхсонд нь мань хүн туйлын их талархан баярлаад хөөрсөн сэтгэлээ барьж чадахгүй хөл нь газар хүрэхгүй баярлан суух нь бүү хэл өрөөн дотуур дэвхцэж байлаа.
Би вангийн тэр соёрхлыг дотроо хараан зүхэвч ёс горимыг бодож баярласан царай гаргалаа. Дуртай байна гэж хэллээ. Цуст тоног авхуулсандаа баярладаг бол тийм байх биз.
Нэгэнт тийм болсон хойно ямар ч байдлыг дээрдүүлэхийг хичээх ёстой, тэгээд дэмий харамсан цаг үрэхгүйн тулд хэрэг явдлын үнэн чанарыг мэдэж юу ашиглаж болохыг олох хэрэгтэй байлаа. Ямар ч худал юманд хумсын чинээ ч бол үнэн юм байдаг. Тэр хумсын чинээ үнэнийг нь олох ёстой. Нөгөө хүүхнийг дуудуулан ирүүлэв. Харахад нүдэнд дулаан, царайлаг, даруухан хүүхэн байлаа, харин мэдүүлгийнх нь үнэн зөвийг эмэгтэй хүний цагтай зүйрлэхэд л болмоор аж.
— Эрхэм минь, чамаас нарийн ширийн юм лавласан уу? гэж намайг асуухад тийм юм асуугаагүй гэлээ.
— Тийм байх гэж би лавтай бодсон. Би чамайг шалгахын тулд хэдэн юм асууя, би тийм зантай хүн. Өөрийг чинь баахан удаах нь, битгий гомдоорой, бид чинь бие биеэ танихгүй улс. Та үнэн юм ярьж байж болох юм, би тиймгүй гэхгүй, гэвч ажил хэрэгт аливаа зүйлийг хүний хэлсэн үгээр итгэж болохгүй. Та үүнийг өөрөө ойлгож байгаа байх. Би танаас хэдэн юм асууна, та айлгүй, шууд л хариулаарай. Та үлэмж биетэнтэй тааралдахын өмнө хаана байсан бэ?
— Модер оронд, ариун ноёнтон минь.
— Модер оронд гэнэ ээ? Би тийм улс орны тухай ер сонсоогүй юм байна. Эцэг эх чинь амьд уу?
— Амьд эсэхийг нь мэдэхгүй. Би өчнөөн олон жил шилтгээнд хоригдсон хүн шүү дээ.
— Таны нэрийг хэн гэдэг вэ?
— Ноёнтон минь, намайг Алисанда ля Картелуаз гэдэг.
— Энд таныг таних мэдэх хүн бий юу?
— Хай бүү мэд, би чинь энд ер ирж байгаагүй хүн шүү дээ, ноёнтон минь.
— Таныг итгэж болно гэмээр захидал, баримт бичиг, ямар нэг баталгаа танд байна уу?
— Юу байх вэ. Би хэлтэй хүн, өөрийнхөө тухай өөрөө бүгдийг нь ярьж чадна шүү дээ.
— Та өөрөө өөрийнхөө тухай ярина гэдэг нэг хэрэг, таны тухай өөр хүн ярина гэдэг өмнөө хэрэг шүү дээ.
— Ямар ялгаа байна? Би таныг ойлгохгүй байх шиг байна.
— Ойлгохгүй байна гэж үү? Золигийн орон... За, тэр ч яана гэх... чөтгөр, ийм амархан юмыг ойлгохгүй байна гэж үү?... Хоёр юмны ялгааг ойлгож чадахгүй гэж үү?... Яагаад чи ийм гэмгүй маанаг царай гаргана вэ?
— Би юу? Бүү мэд. Бурхан л мэднэ.
— Бурхан л мэднэ гэдэг чинь үнэн, үнэн. Намайг жаахан уурлалаа гэж санаж байна уу? Гэвч бүү гомд, би огт уурлаагүй. Өөр юм ярилцъя. Тэр шилтгээн чинь гурван үлэмж биетнийх юм байж, тэнд дөчин таван ноёгтой хоригддог байж... Хаана байдаг юм, тэр татвар эмс?
— Татвар эмс ээ?
— За яах вэ тэр шилтгээн чинь, тэр шилтгээн чинь хаана байдаг юм, та миний үгийг ойлгож байна уу?
— Аа, уухай. Тэр шилтгээн бол асар том, орохын аргагүй, гоё ганган, алс холын орон газар байдаг юм. Эндээс тун олон лиг газар.
— Чухам хэдэн лиг юм?
— Аа, ариун ноёнтон минь, хэчнээн гэж хэлэх тун хэцүү, яагаад гэвэл тийм олон, яагаад гэвэл нэг нь нэг дээрээ давхацсан, бас яагаад гэвэл бүгд нэг дүрстэй, нэг өнгөтэй учраас нэг лигийг нөгөөгөөс нь ялгах арга байхгүй, тус бүрийг тусад нь тоолох юм болохоор хэн тоолж барах вэ, тийм ажлыг бурхан л барахаас биш, хүн барахгүй, яагаад гэвэл та өөрөө мэднэ шүү дээ, юу гэвэл...
— За боль, боль, тэр зайн тухай яриад яах вэ? Шилтгээн чинь аль зүгт байна даа? Эндээс аль чигт байна?
— Аа, ноёнтон минь өршөөгөөрэй, зам нь дандаа дугуйрч байдаг болохоор аль ч чиг гэж заах арга алга, ийм замын чигийг мэдэх арга алга, нэг тэнгэрийн доогуур явснаа өөр нэг тэнгэрийн доогуур орно, зүүн тийшээ явж байна гэж бодож байтал хагас дугуйрч яваад баруун тийшээ болчихно, ийм хачин юм байн байн болсоор олон удаа болно, тэгээд сүүлд нь хүний ухаан гэдэг чинь дэмий юм байна гэж бодогдож эхэлнэ, яагаад гэвэл цааш мэддэг нь зааж өгье гэвэл шилтгээн хүрэхэд ямар чигээр явахыг заагаад өгнө, заах дургүй бол газар дээрх бүх шилтгээн, бүх чиглэлийг устгачхаад хов хоосон юм үлдээнэ, энэ өөрийн мэдлийн амьтад ер нь хүсвэл хэлнэ, үгүй бол үгүй гэдгээ нотлох гэж...
— Энэ бүгд чинь үнэн, үнэн. Харин би жаахан амсхийгээдэхье. Чигээр яах юм, чиг хэрэггүй, чөтгөр гэж өршөөгөөрэй, бурхан минь, өнөөдөр миний бие базаахгүй байна. Би ганцаараа яриад байвал анхаарах хэрэггүй, миний сурсан зан, хуучин муу зан, төрөхөөсөө өмнө хэчнээн ч жилийн урьд юм, бүү мэд, бэлэн байсан хоол идэж байж биеэ алсан тийм хүн ийм зангаа орхих тун яхир даа. Мянга гурван зуун настай дэгдээхэйн мах идсэн хүний ходоод муудаж цөхөх юу байх вэ? За цааш нь ярь даа... хачирхах хэрэггүй... цааш нь ярь даа... Энэ хавийн чинь газрын зураг байна уу? Сайн зураг...
— Эртүүд буруу номтнууд их тэнгисийн тэндээс авчирчхаад сонгино, давстай... хольж чанах ёстой гэж нэг юм ярилцаад байсан тийм юм асууж байна уу?
— Газрын зураг чанах гэж үү? Та юу ярина вэ? Газрын зураг гэж та мэднэ биз? За, за тэр яах вэ, би тайлбарлахгүй, тайлбарлахад би ер дургүй, бүгдийг холион бантан болгочхоод дараа нь юу ч ойлгох аргагүй болгодог юм. За, яв даа хонгор минь, баяртай. Кларенс, хүргээд өг!
Энэ илжигнүүд тэр худалчуудаас яагаад юу ч лавладаггүйн учрыг би сая л ойлголоо. Тэр хүүхэн, зарим нэг үнэн баримт мэдэж байсан байж болох юм, гэвч тэсрэх бодисоор л тэслэхгүй юм бол ямар ч хөөрөг, тэр ч бүү хэл дариар ч гаргаж авч боломгүй ажээ. Жинхэнэ балар мунхаг амьтан атал ван, түүний хүлэг баатрууд түүнийг ариун судрын жинхэнэ хуудаснаас дутахгүй хүн гэж бодсон байна. Ер нь бүхнийг тэгж бодох зантай улс! Ордон хавийнхны зан заншил нь жигтэйхэн борог бааз байдаг болохоор тэр тэнүүлч хүүхэн вангийн ордонд тун зовлонгүй нэвтрэн орох нь миний орон газар, манай үед юм бол шөнийн унтлагын гэрт хээв ороод ирнэ гэсэнтэй адил юм. Ван, түүний орж ирэхэд нь баярлаж, чалчааг нь сонсохдоо баярлаа л даа, өнөөх балай адал явдлын талаар баахан худал юм бурах нь шинжилгээний хүн хүүр олсондоо баярладаг шиг ванд бас тийм баярламаар юм болно.
Намайг бодож гүйцэхийн алдад Кларенс буцаж ирэхэд нь би тэр хүүхнээс юу ч мэдэж авч чадсангүй, уг шилтгээнийг хайж олоход над тус болох ганц ч юм хэлж өгсөнгүй гэхэд залуу маань нэлээд зовсон байдалтайгаар ер нь та яах гэж юм асуусан юм гэх нь тэр.
— Чөтгөр алгадмар, би тэр шилтгээнийг нь олох юм сан! Хаана байгааг нь мэдэхгүй байж яаж олж очих юм?
— Эрхэм ноёнтон минь, юухан байх вэ. Хүүхэн өөрөө тантай цуг явна. Тэгдэг юм. Тантай цуг явна.
— Надтай цуг уу? Дэмий юм бүү ярь!
— Явалгүй яах вэ. Цуг явна. Харж л байгаарай.
— Юу? Би өөр хүнтэй бараг сүй тавьчхаад байхад надтай ганцаархнаа уул тайгаар тэнэх гэж үү? Тун базаахгүй хэрэг! Хүн амьтан юу гэх вэ?
Нүдэнд минь ямар хөөрхөн царай харагдах шиг болсон гэж санана. Кларенс ч миний зүрх сэтгэлийн явдлыг шалгааж гарах нь тэр. Миний ярьсныг хүнд хэлж болохгүй гэж ам тангаргийг нь авч чихэнд нь: «Пусс Фланаган» гэхэд мань эр гонсойж тийм гүн ахайг дуулаагүй юм байна гэлээ. Тэр дор нь цол гуншин олгодог гэж ордны зарц боддог байж, аргагүй юм даа. Тэгээд хаана байдаг юм гэхэд нь би: Хар... ын гэснээ гэнэт ичингүйрэн зовж түгдэрснээ:
— Одоо энэ талаар ярих хэрэг алга. Би хожим чамд яримз гэв.
Мань хүн түүнтэй уулзаж чадах юм болов уу? Хэзээ нэгэн цагт түүнийг би нүд хужирлуулах болов уу?
Мянга гуравхан зуун жил гэдэг юмгүй хугацаа учраас би амлахад айх юм алга байсан болохоор «тэгнэ» гээд хэлчихлээ. Хэлчхээд сүүрс алдлаа. Төрөө ч үгүй байсан хүний төлөө сүүрс алдах маань утгагүй хэрэг. Ер нь бид сэтгэл санааныхаа хүчинд автахлаар бодож шүүхийн оронд мэдэрдэг зантай төржээ.
Намайг явах гэж байгаа гэсэн яриа өдөр шөнөгүй тарж, миний талын залуучууд над тус болох гэж өрсөлдөн, өөрсдийнхөө хэргийг орхин намайг л эргүүлдэж, мөнөөх үлэмж биетнүүдийг дарж, хүүхнээрээ өтөлж буй эмсийг суллаж чадах болов уу, үгүй болов уу гэмээ нь өөрснөө л гавьяат тэр үйлсээр мордох гэж буй мэтээр уймран байлаа. Тэр залуус маань сайн хүүхдүүд, үнэхээр л балчир амьтад байсан юм. Үлэмж биетнүүдийг яаж хөөн мөрдөх, яаж дайрах, ид шидийг нь дарах хараал тарни зааж, шарх олбол анагаагаарай гэж эм зэм, элдэв новш зөндөө өгөв. Тэд намайг үнэхээр рид хувилгаантай хүн гэж боддог атлаа алс холхийн ердийн махчинтай байтугай, тэнгэрийн галаар амьсгалдаг луу юм уу эрлэг номун хааны чөтгөр шуламтай дайтахаар явсан ч эм дом, хараал тарни, зэвсэг, дуулга хэрэггүй гэсэн бодол тэдний нэгнийх нь ч толгойд орохгүй байсан юм.
Өглөө эрт хоол ундаа идэж уучхаад үүрээр морддог журамтай байсан боловч би тэр хуяг дуулгатай нь баахан мунгинаж нэлээд саатав. Өмсөж зүүхэд мадагтай, аар саар олон юмыг нь тогтоох бэрх. Юуны өмнө биеэ хөнжлөөр ороож хүйтэн мэснээс хамгаалах жийрэг болгоод дээр нь гархин хуяг өмсөнө. Энэ нь бол жижиг ган цагариг хэлхэж сүлжиж хийсэн ханцуйтай цамцархуу юм, харин уян хатан гэдэг нь тун гайхалтай учир шалан дээр хаях юм бол усанд норсон тор шиг бөөн юм овойно, харин дэндүү хүнд болохоор шөнө бол тэрүүн шиг дэмий эд ер үгүй биз. Гэтэл татвар хураагчид, шинэтгэгчид болон ганц морь хийгээд үнэн худал цол гуншнаас өөр юмгүй ван нар мэт олон хүн түүнийг хэрэглэнэ. Дараа нь ган судалтай жийрэгтэй гутал өмсөж, нүсэр муухай давируул хийнэ. Тэгээд хөлийн хуягийг өвдөг даруулан өмсөж бүдүүн гуяндаа гуявч хийнэ, тэгсний сүүлд цээж, нурууны хуяг зүүхийн алдад л хүн ачаагаа ихдэж буйг мэдрэх болно. цээжнийхээ хуягт өргөн ган туузаар хийсэн оготор банзал зүүж унжуулан хөлийнхөө дээд хэсгийг хаах ба ар талдаа оноотой байдаг нь суухад эвтэй болно. Тэр банзал нь нүүрсний хөмөрсөн хайрцаг шиг бөгөөд өмсөхөд тун ч эвгүйг зүйрлэвэл түүгээр гар арчина гэсэнтэй адил тохиромжтой. Дараа нь юлд агсаж гартаа ханцуйвч хэмээх зуухны хоолой зүүж мөн төмөр ханцуй хийнэ, толгойдоо дагз хамгаалах ган тортой төмөр углааш өмсөнө, ингээд тусгай бэлдэж ороосон лаа шиг юм болно доо. Тийм гоёлтой хүнийг бүж гэвэл доромжилсон хэрэг болно. Тэгж ороож боолгосон хүн голдоо идээ гэх юмгүй цөмөх хэрэгцээгүй зузаан хальс, ястай самар л гэсэн үг.
Залуус маань намайг хамжин хувцаслав. Тэд туслаагүй бол би дангаараа санах биш ажил байв. Дөнгөж хувцаслачхаад байтал Бедивер ноён орж ирлээ. Намайг урт удаан аянд таарахаар хувцаслаагүй байна гэж бодож буй нь илт байв. Бедивер ноён өмсгөлөө зүүчхээд байгаа нь үнэхээр өндөр, ханхар, данагар харагдана. Зөвхөн чихээ хүрсэн шовгор төмөр дуулга өмсөж, нүүртээ багийн оронд ердөө л дээд уруулаа хүртэл хамраа хамгаалсан нарийн ган тууз унжуулжээ. Шилнээсээ өсгийгөө хүртэл гархин хуягаар хийсэн өмд цамц өмсжээ. Мөн гархин хуягаар хийсэн цув давхарласан нь түүний мөрнөөс шагай хүртэл унжсан харагдана. Цув нь тэг дундаасаа доош ар өвөргүй оноотой учраас Бедивер ноён мориндоо залрахад цув нь хоёр тал руугаа морины бөөр рүү унжиж байлаа. Тэр ноён мөн л Граалийн хойноос хөөцөлдөх аянд мордож буй тул хувцас хунар нь аян замд тун таарсан байв. Би тийм цамцтай болохын тулд юм хайрлахгүй байсан боловч цагт хавчигдаад амжсангүй. Нар гарч, ван, ноёд түшмэдийнхээ хамт гарч ирээд намайг аян замдаа эсэн мэнд явахыг ерөөн үдэх ажилд бэлдээд байсан тул би хожимдвол ёс алдсан болох билээ. Мориндоо мордох гэтэл тэднүүд наранд цохиулсан хүнийг эмнэлгийн газар сугадан авчирдаг шиг тал талаас чирээд эмээл дээр гаргасан хойноо хөл дөрөөлүүлнэ. Ер нь огт өөр хүн болчихсон шиг бие ч даамгүй болж, эсхүл саяхан гэрлэсэн хүн юм уу, аль эсхүл аянгад ниргүүлээд одоо хүртэл нүд нь юм харахгүй, хэл нь үг хэлж чадахгүй, чих дүлийрчхээд ухаан сэхээ ороогүй хүн шиг л байлаа. Тэгээд зүүн хөлийн доод тавиур дээр жад гэж нэрлэдэг нэг их урт юм тавимагц түүнээс нь ухасхийн барилаа. Хамгийн сүүлд шилэн дээр бамбай өмсгөдөг юм байна. Одоо би зангуугаа өргөөд тэнгисийн аялалд гарахад бэлэн болов. Бүгд надад сайныг ерөөж, тэр ч бүү хэл хэргэмт нэг авгай замдаа сайн яваад ирээрэй хэмээн нэг цом гардуулсан. Одоо нөгөө хүүхнийг надтай сундлуулахад нөгөөдөх чинь унахаас болгоомжлон араас минь тас тэвэрлээ.
Тийнхүү биднийг аян замдаа гарахад тэднүүд сайн явахын ерөөл тавьж алчуур, дуулгаараа даллаж байлаа. Гүвээ даван уруудаж нэг тосгоны дундуур гарахад ойр хавийн хэдэн ноорхой жаалаас бусад нь биднийг хүндэтгэн ёсолж, жаалууд бидэн рүү:
— Чихмэл, чихмэл! хэмээн хашхиралдаж бөөн бөөн шороо шидэж байв.
Жаал хөвүүд гэгч аль ч зууны үед адилхан улс болохыг би нэгэнт мэдэх билээ. Тэдэнд хүндэтгэх хүн, хайрлах юм гэж байх биш. Хэнд ч муу юм хийлгүй мөрөө хөөж явдаг байсан балар эртний үеийн зөнчийг хараад тэд: «Балай минь нүднээс тонил!» гэж хашхиралддаг л байсан. тэднүүд намайг дундад зууны ариун бүдэг бадгийн дотор өдөж доромжилж байсан. Бьюкененийг ерөнхийлөгч байхад нь бас л тэгдэг байсан. Би өөрөө тэр үед бас дүрсгүй жаалын нэг байсан болохоор сайн санаж байна. Зөнчид баавгайтайгаа явдаг байсан болохоор тэр үеийн жаалуудыг сүйдэлдэг байсан. Би мориноосоо бууж эдүгээгийн жаалуудыг болгож тавья гэж хүсэвч эргээд мордож чадахгүй байсан учраас боломжгүй байлаа. Өргөх цамхаггүй балай орон шүү!
Арван хоёрдугаар бүлэг. УЖИГ ТАМ
Хотын захад төдхөн гарахад эрт намрын сэрүүхэн өглөө хүн амьтангүй тэр ой хээр хэчнээн сайхан, хэчнээн гоё байлаа! Уул толгодын орой дээрээс гайхаж барамгүй үзэсгэлэнт ногоон тал хөндий цэлийх агаад дундуур нь гол горхи мушгиралдан урсаж, энд тэнд бөөн бөөн төгөл мод, ганц ганцаар ургасан дүнхэр дүнхэр царс, тэдгээрийн сүүдэр нь гүн хар толбо мэт харагдана. Нуга хөндийн тэртээ цаана тэнгэрийн хаяа хүртэл униартах хөхөвтөр манан хучсан уул нуруу долгиотох адил зэрэглээтнэ. Тэдгээрийн оройгоор заримдаа цагаан, заримдаа боровтор толбо жирс жирс хийх бөгөөд тэр бол шилтгээн болохыг бид мэдэж байлаа. Шүүдэр гялалзах өргөн өргөн нуга хөндийг туулахад газрын хөрс нь нэн зөөлөн учир морины туурайн чимээ ч үл гарах тул бид сүнс мэт бөгөөд нарны туяа навч мөчрийн завсраар тусаж ногоон гэрэлд жирийх ойн жимээр зүүд нойрон дундаа явах адил ахихад нэн тунгалаг, нэн хүйтэн булаг горхины ус морины маань туурайн дэргэдүүр хад чулуун дундуур жирэлзэн урсах шоржигнох чимээ нь хөгжим мэт чимэгтэй байнам. Нуга хөндийг гатлаад сүрлэг сүрлэг ойн төгөл дундуур аялахад ойн харуй бүрий биднийг нөмөрч, хачин хачин зэрлэг амьтад тун хурдан жирсхийн өнгөрөхөд чухам хаанаас сүрдхийсэн зүгийг нь ч мэдэхгүй, чухам хаана эртэч шувууд сэрээд юу юугүй жиргэн донгодож, хоорондоо маргаж буй, чухам тэр нэвтэршгүй өргөн шугам аль модных нь хаана нь шавж хорхой хачин жингэнэн жүнгэнэж буйг ч мэдэхгүй явлаа. Цааш нэлээд явтал ой сийрэгжин бид дахин нарны гэрэлтэй золголоо.
Нар гарснаас хойш хоёр цаг орчмын дотор гүн шугуй дотроос нарны гэрэлд дөрөв таван удаа гарч ирэхэд анхныхаа бодвол сүүл сүүлдээ тийм аятайхан санагдахыг болив. Халуун болж нар төөнөж эхэллээ. Яг тийм нарнаар гай шиг хоргодох сүүдэргүй цэлийсэн тал тааралддаг байна. Ялимгүй тойвтой байсан юм цаашдаа улам даамжирч газар авахыг ажихад сонирхолтой, анх ажаагүй юм ажиглагдаж, цаашлах тусам даамжирна. Эхний арав, арван таван удаа нусны алчуур хэрэгтэй болоход би нэг их анзааралгүй, алчуургүй болно гээд цааш явахдаа бүр ч санаандгүй байлаа. Гэтэл сүүл сүүлдээ алчуур маань улам улам үгүйлэгдээд мартах нь бүү хэл бүр тэсэх арга тасарч хуягт халаас хийдэггүй хүмүүсийг аль муугаар харааж эхэллээ. Миний нусны алчуур бас бус аар саар юмны хамт дуулга дотор байсан юм. Гэтэл дуулгыг бусдын туслалцаагүйгээр тайлж болохгүй байв. Алчуураа тэнд хийж байхдаа ийм юм болно гэж бодсонгүй, үнэндээ мэдэхгүй байсан юм чинь. Тэнд хийх нь хамгийн эвтэйхэн газар гэж бодсон юм. Гэтэл одоо алчуур маань хэчнээн ойр байгаад ч авах аргагүйдээ би бүр их бухимдлаа. Ер нь бол бид болохгүй юманд зүтгэдэг амьтан, үүнийг хүн болгон андахгүй. Дуулганаасаа өөр юу ч бодохоо болилоо. Бээр бээр газар өнгөрч л байна, миний бодлоос алчуур маань гарахгүй, хүслэн болсоор байв. Давстай гашуун хөлс нүд рүү ороод эхэлдэг, арчих юу ч байдаггүй, тун базаахгүй! Ийм юм уншихад зовох юу байх вэ, өөр дээр ирвэл яана! Ёстой зовлон болоогүй бол би ийм юм дурсах ч үгүй байсан. Дараа л би хүн хар юу ч гэж муулсан хамаагүй эмэгтэй хүний цүнх авч гарна гэж өөртөө андгайллаа. Дугариг ширээний голгүй тэнэгүүд ёсонд үл нийцнэ гээд намайг элэглэж дооглох л доо, гэсэн ч над гадаад өнгөнөөс эв хав хэзээд илүү санагддаг болохоор яавал ч яаг гэж бодож байлаа. Цааш явах тусам замын тоос ихсэж хамар хоолойгоор чихэхэд би бүр найтаалгаж, нүдний нулимс гоожиж байлаа. Би хэн хүнээс дээргүй амьтан болохоор хэлэх хэлэхгүй үг хэлж явлаа.
Тэр Британийн цөлд ганц ч хүн амьтан, хүн иддэг мангас ч тааралдахгүй бололтой. Тиймэрхүү байдалтай явсан надтай нэг мангас, тэгэхдээ, нусны алчууртай мангас тааралдвал баярлах байлаа. Өөр бусад хүлэг баатрууд мангастай тааралдаад давын өмнө зэр зэвсгийг нь булаахыг бодно, гэтэл би бол нусаа нийхийн тулд алчуурыг нь л авахыг хичээж бусад төмөр хэрэгслийг нь өөрт нь дуртай үлдээх байлаа.
Улам халуу шатаж төөнөсөөр авай. Нар өгсөх тутам улам хүчтэй цонож, миний төмөр хуяг дуулга улам хүчтэй төөнөнө. Халууцахад хал болохгүй юм гэж байхгүй. Хатирган явахлаар уутанд хийсэн сав суулга харжиг таржиг хийх шиг чимээ гарахаар миний уур бүр хүрч, бамбай хэнхдэг, ар нуруу руу байн байн дэлсэж уур хүргэнэ. Алхуулахаар хамаг үе мөч модон тэрэгний дугуй шиг чахарч нажигнаад, ядахдаа, жаал сэрүүцэх салхигүй болж халуун зууханд шарах шиг болно. Бас хэчнээн удаан явах тусам өмсгөл төмөр маань улам хүнд санагдаж, хором тутам хэдэн тонноор хүндрэх мэт. Нэмэрт нь бас ганц гартаа бариад явахад дэндүү ядаргаатай учраас жадаа байнга сэлгэн барьж, хөл дээрээ ээлжлэн тавина.
Хар хөлс цутгахтай зэрэг хамаг бие загатнаж хорсож эхэлдэг, уучлаарай, эвгүй муухай үг хэллээ. Их бие чинь дотуур, гар чинь гадаа, гар бие хоёрын хооронд төмөр байна гэдэг бол амар хэрэг биш санагдана даа.
Нэг газар загатнаснаа өөр газар, бас нэг өөр газар загатнаж гарна. Энд тэндгүй загатнаж эхлээд сүүл сүүлдээ биеийн бүх талбайг эзлэн загатнахад ямар шүү хэцүү болохыг төсөөлөхөд ч бэрх. Ингэж зовж тарчилж явтал дуулганы нүүрэвч доогуур ялаа орж хамар дээр суулаа. Нүүрэвчийг сөхье гэвч сөхөгдөхгүй хөшүүн болохоор би толгойгоо сэгсрэхэд өнөөх ялаа (ялаа аюулгүй байдалд байгаагаа мэдсэн цагт хэрхдэгийг та бүгд юу андах билээ) хамар дээрээс нисээд уруул дээр бууж, уруул дээрээс чихэн дээр бууж дүнгэнэж дүнгэнэж час хийтэл хазлаа, тэртээ тэргүй зовсон би тэвчээр бүрмөсөн алдлаа. Тэсэлгүй, Алисандыг миний дуулгыг тайлж, ялааг гарга гэхэд дуулга дотор байсан бүх юмыг аваад дуулгаар ус утгаж өгөхөд нь би ханатлаа ууж, үлдсэнийг нь гархин хуягийнхаа дотуур цацлаа. Хэчнээн сайхан сэргэснийг үгээр хэлэх арга алга! Алисанд ус авчирч миний энгэр заам руу, байя гэтэл ус хийлээ.
Амарч тайтгарах яасан сайхан бэ? Гэвч төгс тайтгарч, төгс жаргахыг бид насандаа үздэггүй шүү дээ. Аянд мордохоосоо өмнө би нэг гаанстай болж, бас тамхирхуу юм хийсэн маань нэг их сайн болоогүй ч гэсэн индиан нарын уд модны навч хатааж татдаг азуй байсан юм. Гаанс, тамхи маань дуулга дотор байсан болохоор одоо утаа гаргах бололцоо олдсон боловч чүдэнз байдаггүй.
Бас нэг тун базаахгүй зүйл байсныг төдхөн мэдэж авсан, юу гэвэл бид хоёр аливаа тохиолдлын чанартай юмны эрхэнд орох байжээ. Хуяг өмссөн шинэ хүн бол мориндоо заавал хүнээр сугадуулж мордоно. Лав л намайг мордуулна гэхэд ганц Сэнди хүчрэхгүй байлаа. Өөр хүн хар ирэхийг хүлээхэд хүрэв. Би баахан юм бодож боловсруулах зорилготой байсан болохоор нам гүмд бясалгал хийх гэж тийнхүү хүлээхийг дуртай зөвшөөрөх билээ. Ийм тойвтой төмөр өмсгөлийг бүтэн ухаантай биш гэхэд ядахдаа хагас ухаантай хүн яаж өмсөж дассан юм бол, миний ингэж тамаа цайх шиг өдөр бүр тамаа цайх мөртөө олон зуун жилийн турш ийм хэв журмыг яахлаараа сахидаг байна гэдгийг би бясалгах сан гэж бодохоос гадна яавал энэ гайг засаж ийм тэнэг маягаас хүмүүсийг яавал ангижруулах вэ гэж бодовч Сэндийг хажуудаа байсан цагт тийм юм бодох бололцоо огт олдохгүй байв.
Сэнди бол бодь сэтгэлтэй, үгнээс гарахгүй сайн хүүхэн байсан, гэхдээ зогсоо зайгүй чалчиж донгосоод эцэс сүүлд нь хот газрын олон тэрэгний чимээнд толгой тархи дүйрэх шиг хэл амаараа залхаана. Амыг нь лонхны бөглөө шиг юмаар таглачихвал улам сайн хүүхэн болох байж дээ гэж бодогдоно. Гэтэл тийм хүмүүсийн амыг бөглөнө гэдэг бол амийг нь авсантай өөрцгүй хэрэг болдог, тэгэхлээр энэ тухай бодовч толгой тархины гарз. Өдөржин зогсоо зайгүй дуржигнуулсаар байгаад нэг л биш болох вий дээ гэж би зовсон боловч тийм юм хэзээд ч тохиолддоггүй юм байж. Ярих үг дутахын зовлонгүй, бэлэн л урсаад байна. Бүтэн хэдэн долоо хоногийн турш ч дуржигнуулан бурж донгослоо гэхэд оньс тэргийг бол тосолж цэвэрлэх сэн гэж бодъё, мань хүнд тэгэхийн зовлон байхгүй дээ. Харин тэгж их дуржигнуулан донгоссоны нөлөөгөөр салхи хөдлөх нь тэр. Ярьдаг юманд нь учир утга гэж байхгүй, зүгээр л манан будан гэсэн үг. Жинхэнэ чалчаа амьтан байсан болохоор чалчаад л, чалчаад л, чалчаад л байдаг, донгосоод л, донгосоод л, донгосоод л байдаг, дуржигнуулаад л, дуржигнуулаад л, дуржигнуулаад л байдаг ер нь гэхэд үүнээсээ ч бүр даамай донгосож чадах хүн л дээ. Өглөө босоод би түүний тасардаггүй донгосоог ажих ч сөхөөгүй, өөр өдий төдий олиггүй юмтай тулгарсан юм. Харин үдээс хойш нэг л удаа ингэж хэлсэн:
— Дуугүй болж үз, охин минь, чи эндхийн агаарыг ингэж зарцуулах юм бол вант улс маань, тэртэй тэргүй хоосорч буй сан хөмрөгөө шавхаж гадаадаас агаар авахад хүрнэ шүү.
Арван гуравдугаар бүлэг. ЧӨЛӨӨТ ХҮМҮҮС
Хүн түр зуур л хачирхмаар түр зуур л сэтгэл өег байж чадна. Дөнгөж түрүүхэн үйлээ үзэж тамаа цайж явсан гэхэд одоо ширүүвтэр урсгалтай булгийн эрэг дээр анир чимээгүй аглиун энэ газар түр амран, тайтгараад гархин хуягийнхаа цаагуур ус байн байн цацаж байгаа маань диваажинтай өөрцгүй мэт санагдана. Гэтэл аль хэдийн чүдэнзний үйлдвэр байгуулсан мөртөө биедээ чүдэнз авч гаралгүй, одоо тамхиа асааж чадахгүй бас идэх юмгүйдээ бухимдаж эхэлсэн юм. Тэр үеийн, тэр ард түмний хүүхэд шиг гэнэн хонгорын биетэй жишээ болсон юм даа. Аянд мордох цэрэг эр хүнс хоол авч явах номгүй, замдаа олж идэх учиртай болохоор идэх юмтай хүүдий сав хүнд жаданд нь нэмэр болгохыг хэн ч дурлахгүй гэдэг байж. Эмээл дээрээ тийм юмтай явснаас турж үхсэн дээр гэж Дугариг Ширээний хүлэг баатруудын хэн нь ч бодох ажээ. Үүнээс илүү ухаалаг юм байх уу гэж бодогдмоор. Би хоёр хэсэг хачиртай талх дуулгандаа хийчих санаатай оролдсон боловч баригдаж уучлалт гуйгаад нохойд хаясан билээ.
Шөнө болж дуутай бороо цутган харанхуйлж эхлэхэд хоноглох оромж хэрэгтэй болов. Охиныг нэг хадан цохион дор, өөрөө холхон нэг цохионы дор хоргодлоо. Хуяг дуулгатайгаа унтахаас аргагүй болсон. Яагаад гэвэл би өөрөө тайлж чадахгүй, Алисандаар туслуулж болохгүй, хүний дэргэд хувцсаа тайчиж яаж болох вэ. Хуяг дуулганы дотуур би ердийнхөө хувцастай байсан боловч сурсан дадсан заншлаас тийм амархан салдаггүй санж, богино төмөр банзлаа тайлахад над тун ичгүүртэй гэж бодлоо.
Дуутай бороо орох тусам агаар тэнгэрийн байдал өөрчлөгдөж салхи улам ширүүсэж, бороо улам шавхуурдан, улам хүйтэн болов. Бороонд норохыг үл хүсэн цох, шоргоолж, өт хорхой тал бүрээс миний нөмөр бараадаж гархин хуяг доогуур чихэж гарлаа. Зарим нь хувцасны завсар заалхайгаар ороод тэр чигээрээ томоотой байхад зүгээр байж чаддаггүй нь илүү олон бөгөөд өөрснөө ч зорилгоо мэдэхгүй дэмий л нааш цааш гүйлдэнэ. Ялангуяа шоргоолжнууд нэг үзүүрээс нөгөө тал руу тойвтой нь аргагүй аялал хийж бие сэрвэгэнүүлэн үйл барлаа. Дахиад шоргоолжтой хамт унтахгүй юм сан. Байн байн эргэж хөрвөх юм уу, биеэ нүдэх энэ тэр хэрэггүй юм, тэгэх тусам ойр хавьд буй хорхой шавжийн анхаарал татдаг, тэгээд нэг бүр нь энэ хавьд юу болов хэмээн үзэхийг хүсээд байдлыг улам хүнд болгож хараал зүхлээ чадах чинээгээрээ барахад хүрдэг юм байна лээ шүү гэж би над шиг байдалд орсон хүмүүст зөвлөмөөр байна. Гэвч эргэж хөрвөж, биеэ нүдэхгүй бол үхнэ шүү дээ, тэгэхлээр яамаар байна, өөрөө л мэдэхээс биш, өөр арга үнэндээ байхгүй дээ. Би бүр бээрчхээд байхдаа ч бие сэрвэгэнэхийг мэдэрч цахилгаан гүйдэлд хүүр татвалздаг шиг татганаж байлаа. Аянаас буцаж очоод амьдралдаа хуяг өмсөхгүй гэж би дотроо тангарагласан.
Нэг талаар хүйтэнд даарч, нөгөө талаар сэрвэгэнэх, загатнаж халуу оргих тэр зовлонт хугацаанд миний алжаасан толгойд: хүмүүс яаж ийм гайт хуяг дуулга өмсөж чадна вэ? Тийм олон үеийн турш тэвчиж яаж чадна вэ? Дараа өдрийнхөө амсах тамаас сүрдэлгүй яаж өдрийг өнгөрөөж чадна вэ? гэсэн асуулт л эргэлдсээр байв.
Тэгж тэгж үүр цайхчаа болоход би бүр танагаа алдаж нойргүй хоносных урвайж улбайн ямбийж, шөнийн турш биеэ нүдэж ядарсан, хоолгүй гуринхадсан, нүүр гараа угаах, хорхой шавж устгах хүслэнд автсан, үе мөчний өвчин хөдөлж тарчилсан амьтан болсон байлаа. Харин язгуурт гаралтай, цол гуншин хүртсэн хүүхэн Алхисанда ля Картелуаз ямар байв аа? Өө, бүр давгүй, амарч өнгө орчихсон хэрэм дүүлэх адил гялалзаж байлаа! Шөнөжин үхсэн юм шиг л унтсан гэнэ. Тус орны язгуурт хүн бүхэн нүүр гараа угаах заншил сураагүй учраас үгүйлэх дутсан юм түүнд үгүй байв. Орчин үеийн байдлаас харвал тэр үеийн хүмүүс үнэндээ зэрлэг байжээ. Намайг дагалдан яваа тэр язгуурт эмэгтэйд өглөө түргэхэн шиг хоол унд идэж уух гэсэн өчүүхэн ч хүсэл илрэхгүй байсан нь бас л зэрлэг хүмүүсийн нэг шинж юм даа. Тэр үеийн британичууд аянд явахдаа хоол унд хэрэглэхгүй удаан тэсдэг байж. Мордохынхоо өмнө тэд индианчууд болон удав могойн адил хэд хоног өл авахаар баахан идэж уучихдаг байна. Сэнди лав л гурав хоног даахаар идэж уусан нь эргэлзээгүй.
Бид хоёр нар гарахаас өмнөхөн замд гарлаа. Сэнди морь унаж, би араас нь гэлдрэхчээ аядав. Хагас цаг хэртэй яваад зам нэртэй юм засаж буй хэдэн ноорхой ядуу хүнтэй тааралдлаа. Тэд миний өмнө адгуус шиг номхон гарын дор байх бөгөөд хоол унднаас чинь идэж болох уу гэхэд миний туйлын дарууг гайхан анхандаа итгэхгүй байв. Хатагтай маань ярвайн хямсганаад холдон зайлж, аливаа муусайн малуудтай хамт хоол унд идэхгүй гэж чанга дуугаар хэлэхэд тэр хөөрхий ядуучуул тэр үгэнд гомдох байтугай харин ч айж байв. тэднүүд бол боол ч биш, хамжлагын тариачид биш юм. Өөрсдөөр нь зориуд доог тохуу хийх гэсэн шиг «чөлөөт хүмүүс» гэж нэрлэжээ. «Чөлөөт хүмүүс» гэдэгт нь тус орны хамжлага биш хүн амын аравны долоо нь байдаг «биеэ даасан» жижиг аж ахуйтан, гар урчуул гэх мэт хүмүүс орно. Өөрөөр хэлбэл, тэднүүд л ард түмэн, жинхэнэ үндэстэн нь байлаа. Тэр давхаргын дотроос тэр үндэстний хамгийн ашигтай, хүндэлбэл зохих хүмүүс төрнө, тэднүүдийг үндэстний бүрэлдэхүүнээс хасчихвал гагцхүү эвдэж сүйдлэхээс өөр юу ч хийж чаддаггүй. Ер нь зохистой төвхнөсөн нийгэмд ямар ч үнэ цэнгүй, ямар ч ашиггүй, залхуу ван, тайж, язгууртан мэтийн хог шаар, новш үлдэнэ. Гэтэл алтаар өнгөлсөн тэр цөөнх нь ов мэхийнхээ хүчээр магнайд нь туг намируулан явна, уг нь тэднүүд хамгийн сүүлд нь сажлах ёстой билээ. Тэр цөөнх этгээдүүд өөрсдийгөө үндэсний жинхэнэ гол нуруу гэж үзэж тоо томшгүй хөдөлмөрчин олон нь түүнд итгэж тийм үл бүтэх байдлыг хүлцэхээр үл барам зүй ёсны шударга ёс гэж итгэнэ. Хар лам нар тэднүүд болон тэдний өвөг эцэг өвгөдөд бурхан тэгж доромж явахыг заяасан гэх бөгөөд цаадуул нь бурхан хүнээр тоглоом хийж тийм хөөрхий бодь болгох ёсгүй баймаар гэж бодох ч үгүйгээр лам нарт итгэж номхон хүлцэнгүй байх болжээ.

Sez Mongol ädäbiyättän 1 tekst ukıdıgız.
Çirattagı - Артур Вангийн Өргөөнөө - 06
- Büleklär
- Артур Вангийн Өргөөнөө - 01
- Артур Вангийн Өргөөнөө - 02
- Артур Вангийн Өргөөнөө - 03
- Артур Вангийн Өргөөнөө - 04
- Артур Вангийн Өргөөнөө - 05
- Артур Вангийн Өргөөнөө - 06
- Артур Вангийн Өргөөнөө - 07
- Артур Вангийн Өргөөнөө - 08
- Артур Вангийн Өргөөнөө - 09
- Артур Вангийн Өргөөнөө - 10
- Артур Вангийн Өргөөнөө - 11
- Артур Вангийн Өргөөнөө - 12
- Артур Вангийн Өргөөнөө - 13
- Артур Вангийн Өргөөнөө - 14
- Артур Вангийн Өргөөнөө - 15
- Артур Вангийн Өргөөнөө - 16
- Артур Вангийн Өргөөнөө - 17
- Артур Вангийн Өргөөнөө - 18
- Артур Вангийн Өргөөнөө - 19
- Артур Вангийн Өргөөнөө - 20
- Артур Вангийн Өргөөнөө - 21
- Артур Вангийн Өргөөнөө - 22