🕥 Минуты чтения - 36

Монгол Ардын Найман Үлгэр - 1

Каждый столб представляет процент слов на 1000 наиболее распространенных слов
Общее количество слов 4647
Общее количество уникальных слов составляет 1778
0.0 слов входит в 2000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 5000 наиболее распространенных слов
0.0 слов входит в 8000 наиболее распространенных слов
   МОНГОЛ АРДЫН НАЙМАН ҮЛГЭР
  
   “Ардын Боловсролын Яамны хэвлэл” Улаанбаатар хотноо 1983 онд эрхлэн хэвлүүлсэн номыг
  
   Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.
  
  
   ЦАХИМ НОМЫН САН: www.e-nom.mn
  
  
   Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
  Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
  
  
  X. Сампилдэндэвийн эмхэтгэн нийтлүүлж буй энэхүү «Монгол ардын найман үлгэр» номд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ард Должингийн Ганжуур (1974 онд), Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын Ховдын Чойпил (1976 он), Завхан аймгийн Тэс сумын ард Лэгшидийн Бадарч (1975 он), Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Надмидын Авирмэд (1973 он), Баян-Өлгий аймгийн Буянт сумын ард Сунгарав (1974 он) нарын ярьж тэмдэглүүлсэн үлгэрүүдийг оруулсан байна.
   Энэ номд орсон үлгэрүүд нь ерөнхийдөө, ардын цэцэн ухаантнууд феодал ангийн төлөөлөгчдийг үйл хэрэг, үг хэлээр ялан давж байсныг голлон тусгасан ажээ.
  
  
  ЯДУУ ХҮҮ
  
  
   Урьд нэг ядуу хүү байжээ. Нэг нохойтой, нэг сүхтэй юм санж. Нохойтойгоо хамт зэлүүд газар явж нохой нь зээр гөрөөс барьж ирэхэд, түүнийг хуваан идэж амьдардаг байв.
   Нэг өдөр нохой нь удаж удаж нэг зээрийн махтай иржээ. Ирээд нөгөө хүүгийн ханцуйнаас зууж чангаагаад, буцаад жаахан явж гэнэ. Мөн дахин ирж чангаагаад явж гэнэ. Тэгсээр яваад бүр далд оров.
   Хүү тэгэхээр:
   — Намайг цуг яв гэсэн биш байгаа гэж бодоод нохойнхоо хойноос дагаж явжээ. Тэгтэл нохой нь уулын ар луу даваад явжээ. Хүү хойноос нь уулын оройд гарч өнгийгөөд харжээ. Харвал, уулын ард том цагаан азарга шиг юм зогсож байжээ. Сайн ажиглавал, азарга биш бололтой. Нохой нь нэг эвхэрч дөхөж очоод л буцаж ирээд байна гэнэ.
   За энэ ч дэлт чоно гээч байх. Үүнийг дийлэх юмгүй нохойноосоо салах байх гэж бодоод буцаж, байсан газраа иржээ. Хүү байсан газраа ирээд, сүхээ авч явсангүй тоогүй боллоо, тэгвэл би алах байж гэж бодоод гутарч суужээ.
   Тэгтэл оройхон нохой нь дөнгөж амьтай гэлдэрч ирэв. Тэгэхэд нь өрөвдөөд нохойдоо хоол өгчээ. Нохой нь идэж ч чадалгүй үхжээ. Хүү «нохойноосоо салав, амьдрах аргагүй болов» гэж бодоод сүхээ аваад явжээ. Явахдаа өнөөх дэлт чонотой газраар дайрчээ. Өнөө дэлт чоно ч үхсэн байв гэнэ.
   Хэрэв би нохойтойгоо цуг сүхээ авчирсан бол нохой минь амьд байх байж гэж гашуудсаар хүү цааш явжээ. Нэг өдөр уулын араас баахан хонь уруудан тал руу бууж явна гэнэ. Юу ч гэсэн айлд очих нь гэж бодоод явж байжээ. Гэтэл хоньд тал руу ороод үзэгдэхээ болив. Айл ч үзэгддэггүй гэнэ. Тэгэхээр нь хонь явж байсан газарт яваад иржээ. Хүрээд ирсэн дан чонын мөр байв. Тэд явсаар нэг их том нүх рүү орсон байна гэнэ. Тэгэхээр хүү эднээс нохойнхоо өсийг авна гээд сүхээ бариад отоод суужээ.
   Өглөө чоно гараад ирж явна гэнэ. Түрүүчийн чонос эхлээд, цувран гарахад нь цугийнх нь хүзүүг тас цавчжээ. Хамгийн сүүлд нэг их том юм архирч хүрч ирээд л буцаад байна гэнэ. Энэ лав азарган чоно байх, одоо би идүүлэх биз гэж бодоод том чулуу бөмбөрүүлэн нүхийг таглаад яваад өгчээ. Явсаар нэг айлд ортол нэг мэргэн хүн байв.
   — Би танаар ном заалган сууя гэж гуйжээ. Тэр хүн зөвшөөрч хэдэн жил ном заалгаж нэгэн өдөр багшдаа урьдах түүхэн явдлаа ярьжээ. Багш нь:
   — Чи тэгвэл ном заасанд болохгүй харин сур харвах сургууль сайн хий. Хэт нь гитэр чонотой хэзээд дайралдана. Тэгэхэд чи сайн харвахгүй бол өөрөө идүүлнэ гэж захив.
   Хүү тэгээд нум, сум харвах сургууль их сайн сурчээ. Тэгээд өмнөх юмаа мартчихсан байж байтал тэр зүгт олон аянчин явах болжээ. Аянчийг өнөө хүү даргалж явах болжээ. Ингээд явж байтал өнөө чонотой таарсан хөтөл нь таарчээ. Энэ чинь өнөө багшийн хэлдэг үнэн болох нь гэж бодоод нөхдөдөө өмнөх явдлаа ярьжээ, Тэгээд бид эндээ бууж майхнаа шаая гээд буун, ээлжээр хамар дээр гарч бараа харав.
   Хэд хоносны хойно цаад жалга өгсөөд том бух ирж явна гэж нэг нь хэлж ирэв. Тэгээд сэжиг авч тэр муу санаат чоно зүсээ хувилгаж байгаа байх гэж нөхдөдөө хэлээд нум сумаа авч хөтөл дээр гарчээ. Тэгтэл үнэхээр том бух айсуй гэнэ. Юу ч болсон харвана гэж бодоод шагайж шагайж харваад орхижээ. Тэгтэл үхэр цээж, чонон бөгс болж салаад газрын уруу өнхөрч өнхөрч тогтжээ. Тэгээд нөхдөө дагуулан хүрч ирвэл өнөө чоно мөн байв. Тэгсэн нэг бух барьж идээд цээжийг нь хөндийлөн түүнийг цээжиндээ углаад явж байсан ажээ. Тэгээд дайснаа дараад аян жиндээ сайн яваад адал (эд) хогшил ихтэй ах дүү олонтой болж амар сайхан жаргажээ.
  
  
  УХААТ ТАНГАДЫН ХҮҮ ХАРААДАЙ МЭРГЭН
  
  
   Нэгэн их орныг эзлэн төрсөн Ухаат Таягад гэдэг хаан Улаадай мэргэн, Шараадай мэргэн, Хараадай мэргэн гэдэг гурван хүүтэй юм санжээ. Хоёр их хүү нь гэрлэж, отгон хүү нь хараахан гэрлээгүй байж гэнэ.
   Гэтэл Ухаат Тангад хааны нүд юм үзэхээ больж, сайн эмч, домч нарт үзүүлээд засал авсангүйд түшмэд нь зовж, таны мэлмий эдгэх ямар ч арга алга уу? гэж асуувал, нэг арга бий нь ч бий, гэвч хүүхдүүд маань муу болохоор тусгүй биз дээ гэсэнд түшмэл шалсаар байгаад хэлүүлбэл, хүүхдүүдийн маань хэн нэг нь миний үзээгүй газар очвол миний нүд сая илаарь болно гэжээ. Их хүү Улаадай мэргэн аян замд базаан бэлдэж мянган шилдэг эр дагуулан явсаар жаран ацтай мод, жаран хэлний хүн оршсон газар хүрээд эргэж ирвэл хаан эцэг нь:
   — Тэр газар чинь миний жаран жил хаан суусан нутаг билээ гэж гэнэ.
   Дунд хүү Шараадай мэргэн аян замд базаан бэлдээд, явсаар ахынхаа хүрсэн жаран ацтай мод, жаран хэлний хүн оршсон газрыг өнгөрөөд, далан ацтай мод ургасан, далан хэлний хүн суусан газар хүрээд гэртээ эгж ирвэл хаан эцэг нь:
   — Тэр газарт чинь би далан жил хаан суусан билээ гэж гэнэ.
   Тэгэхээр отгон хүү Хараадай мэргэн төмөр гутал өмсөж, төмөр таяг тулж явсаар тун хол газар хүрч, явсан хоногийнхоо тоог алдаж гэнэ. Гэтэл нэгэн их хонин сүрэг тохиолдож, цаад талд нь хар эрээн аварга могой аргал эвэртэй хуц залгиад, хуцын аргал эвэр нь могойн завжинд тээглээд цаашаа ч үгүй, наашаа ч үгүй болж хоёулаа үхэх гэж байхад хуцыг нь татан гаргавал хуц цойлон давхиж ижилдээ нийлэв гэнэ. Могой ч нүдээ нээж, ухаан орж, хүүг цагариглан ороож
   — Чи миний аминд орлоо, чамайг яахин дэмий орхих билээ, манайд оч гээд нуруун дээрээ суулган явсаар нэгэн их ан гаваар газар дор орж гэрийнхээ үүдэнд хүүг буулгаад би могой бус, доод газрын хүн гээд гэрт орвол мөнөөх могой нэгэн өвгөн болжээ.
   Өвгөний охин эхтэйгээ хоёул баясан угтаж унд хоол өгч, хүүд тэр охин аминчлан, чамайг явахад аав юу дуртай гурван юмаа ав гэх байх, тэгвэл авдарт байгаа хар билүүгээ өг, адуунд яваа Хамбарын хар морио өг гээд дараа нь юу дуртайгаа хэлээрэй гэжээ. Хүүг явах үест сайх өвгөн дуртай гурван юмаа хэлээд ав гэхэд охины нь хэлснээр гуйвал буруу харж уйлан, зөв харж инээн, аминдаа орсон ачит хүндээ яаж үгүй гэх вэ гээд өгч гэнэ.
   Хараадай мэргэн хүү Хамбарын хар морио унаж орж ирсэн ан гаваараа дээшээ гараад нэгэн голын усанд нүүр гараа угааж байгаад алтан шар өнгөтэй өд олбол Хамбарын хар морь нь энэ өд бүү ав гэхэд нь мориноосоо нуугаад алчууртаа боочихжээ. Цаашаа явсаар, шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг харгис хааныг номхруулж тэр хааны хайр ивээлд суун байгаад, хаанд мөнөөх өдөө өргөжээ
   Гэтэл санаа муу хүмүүс Хараадай мэргэн хүүд атаархаж, хорлох арга зохиож хаанд очоод:
   — Хараадай мэргэн, намайг тийм сайхан өд аваачиж өгөхөд шувууг нь олж ир гэхгүй, манай хаан тэнэг хүн гэж хэллээ гэвэл хаан тэр үгийг зөвшөөрч, Хараадай мэргэнийг дуудаж авчраад — Над өгсөн өдтэй адил өдтэй шувуу олж ир гэжээ. Хүү, би тэр шувуу хаа бүхийг мэдэхгүй гэвэл ямар ч гэсэн чи олж ир. Хэрэв чамайг зугтвал бид хаа байгаа газраас чинь олж чадна шүү гэж сүрдүүлэхэд Хараадай мэргэн Хамбарын хар мориндоо очиж хэлбэл энэ өднөөс их хэрэг үүднэ. Харин би дараачийнхаас нь айж байна гээд:
   — Чи хаанд очиж гурав нэрсэн дарс, дарсаа хийх тэвш гуйж ав, тэгээд явъя гэжээ. Хараадай мэргэн бүх юмаа бэлдээд мориндоо мордож өдөр шөнөгүй явсаар мориныхоо зааснаар алтан шар өдөт шувууг согтоон бариад хаанд өгвөл хаан баясаж, Хараадай мэргэнийг улам хайрлах болжээ.
   Муу санаат хүмүүс улам атаархаж, ахин арга зохиож хаанд очоод
   — Хараадай мэргэн «Хаан надаар орчлонгийн сайхан гоо хүүхэн авчруулахгүй юм гэж байна гэлээ гэсэнд хаан тэр үгийг нь бас зөвшөөрч Хараадай мэргэнийг дуудаж авчраад тушаавал хүү, би тэр хүүхэн хаа бүхийг мэдэхгүй гэвэл, чи их бардам амтай хүн, олон үггүй явж олж ир гэж тушааж гэнэ.
   Хараадай мэргэн бас хар мориндоо очоод арга асууж хэрэгтэй юмаа хаанаас аваад өдрийг өдөр гэлгүй, шөнийг шөнө гэлгүй явсаар мориныхоо заасан аргаар орчлонгийн хүүхнийг аваад ирвэл хаан гарч угтан очиход тэр хүүхэн
   — Хэрэв чи надтай сууна гэвэл миний саалийн гүүг авчир, эс авчирвал би чамтай суухгүй гэхэд
   — Тэр гүү чинь хаа байдаг юм бэ? гэвэл сайх хүүхэн— Намайг авчирсан тэр хүү мэднэ гэжээ. Хаан Хараадай мэргэнийг дуудаж авчраад тушаавал. Би энэ хүүхний саалийн гүү хаа бүхийг мэдэхгүй гэвэл:
   — Чи дандаа мэдэхгүй гээд л олоод ирдэг, заавал олж ир гэж тушаахад хүү мориндоо очиж арга асууж юмаа авч явсаар Ганга мөрнөөс орчлонгийн гоо хүүхний саалийн гүүг азаргатай нь тууж ирвэл мөнөөх хүүхэн саалийн хувингаа барьж угтан, гүүгээ сааж нэгэн их тогоонд сүүгээ хийж буцалгаад хаанд:
   — Энэ сүүнд орвол би чамтай сууна, чамайг эс орвол би суухгүй гэсэнд хаан айж миний өмнөөс Хараадай мэргэн хүү минь ор гэжээ.
   Хараадай мэргэн буцламгай сүүнд булхан ороод гарахдаа орчлонгийн гоо хархүү болоход хаан үзээд, нэг хүн орсны дараа тэр сүү хор болдгийг мэдэлгүй, давхийн ороод хордож үхжээ.
   Тэр улсад Хараадай мэргэнд хүрэх ухаалаг, гоо, идэр хүн үгүй болохоор Хараадай мэргэн хаан ор сууж орчлонгийн гоо хүнийг хатнаа болгож гэнэ. Тэгээд нэгэн шударга түшмэлд хаан ороо захин орхиод гоо гэргийгээ авч Хамбарын хар морио унаад уугуул гэртээ ирж хаан эцэгтээ, очсон газар, үзсэн бүхнээ өгүүлбэл эцэг нь ихэд баясан, би сохроогүй билээ, харин гурван хүүгийнхээ ясыг үзье гэж хуурмаг сохорсон юм гээд отгол хүү Хараадай мэргэндээ хаан сууриа өгч хамаг бүгдээр жарган суужээ.
  
  
  ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ МОРЬ
  
   Эрт урьд цагт нэг залуу бүсгүй эцэг, эх хоёртойгоо гурвуулаа амьдардаг байв. Тэдний адууны бэлчээр дээрх ганц мод огт жимсэлдэггүй байжээ. Тэдний адуун дотор нэг гүү огт унагалдаггүй байжээ. Тэр унагалдаггүй гүү нь боос байжээ.
   Аав нь нэг өдөр адуундаа хүрээд ирэхэд унагалдаггүй гүү нь унагалаад урт цэнхэр унага эхийгээ хөхөөд зогсож байжээ. Нөгөө жимсэлдэггүй модондоо хүрээд ирэхэд бас жимсэлсэн байжээ.
   Аав нь модны жимснээс түүн идэж байгаад гэртээ ирж гэрийнхэндээ үзсэнээ ярив. Тэгэхэд охин нь
   — Би очиж үзье гэхэд аав ээж хоёр нь охиноо явуулжээ. Тэр бүсгүй урт цэнхэр унагаа үзээд цаашаа очиж модоо жимсэлснийг үзээд зогсож байтал урт цэнхэр унага нь хойноос нь ирээд:
   Чи одоо бушуу харь. Мангасынхан чамайг авч хатнаа болгохоор ирж явна. Чи гэртээ хариад юмаа бэлтгэж бай. Хойноос чинь би очно. Тэгээд намайг унаад зугатай гэв.
   Бүсгүй гэртээ хариад аав ээждээ бүгдийг ярив. Аав ээж хоёр нь хоол унд хийж өгөөд аав нь нэг төмөр чөдөр өгч
   — Морио тушиж яв гээд нэг билүүний хугархай өгөөд
   — Мангаст гүйцэгдэх цагт үүнийг элсэн манхан бол гэж хаяарай гэж захив. Ээж нь нэг самны хугархай өгч
   — Чи үүнийг мангасыг гүйцээд ирэхэд хөлгүй их далай бол гэж хаяарай гэж захижээ.
   Тэгтэл урт цэнхэр унага нь ирэхэд түүнийг унаж зугтав. Мангас бараг гүйцэж явав. Бүсгүй нөгөө билүүгээ элсэн манхан бол гэж хаяжээ. Их элсэн манхан болоод мангас овоо хол хоцров. Тэгээд хөөсөөр байгаад бараг гүйцэв. Тэгтэл самаа хөлгүй том далай бол гэж хаяв. Нөгөө мангасын урдуур хөлгүй том далай хүрээлээд мангасыг төөрүүлэв.
   Тэгэхэд морь нь
   — Энэ уулын цаана нэг хааных бий. Чи очиж амар гэв. Охин хааны гадаа амарч байтал хаан нь хоёр эмэгтэй явуулж
   — Энэ хүнийг эр эмийг нь үзээд ир. Эр хүн бол суусан газар нь гурван өвс хугарсан байна. Эм хүн бол ганц ч өвс хугарахгүй гэж хэлэв.
   Тэгэхэд морь нь хэлжээ.
   — Чамайг энэ хааных эр эмийг чинь үзэх гэж ирж явна. Чи гурван өвс хугалаад дээрээс нь суу гэж хэлэв. Хааных цай зоогло гэж байна гэхэд цай зооглохгүй гэж хэлээрэй гэж захижээ. Тэр бүсгүйн дэргэд хоёр эмэгтэй ирж
   — Таныг хааных цай зоогло гэж байна гэхэд:
   — Би цай зооглохгүй гэж хэлээд босоод суниахад суусан газар нь гурван өвс хугарсан байжээ.
   Тэр хоёр эмэгтэй очоод, суусан газар нь гурван өвс хугарсан байна гэхэд хаан:
   — Хачин юм даа. Эмэгтэй хүн шиг байсан юм гэж хэлээд
   — Очоод цай уу гэж байна гээд аваад ир гэж
   явуулжээ. Очоод:
   — Таныг заавал цай зоогло гэж байна гэхэд бүсгүй:
   — Тэгвэл би очно. Та хоёр очиж бай гээд хоёр эмэгтэйг явуулжээ.
   Тэгэхэд нь морь нь:
   — Чи энэ хааны хүүгийн хатан болно. Тэгэхдээ тэр хааны хүүтэй суугаад намайг унуулах болбол төмөр чөдрөө битгий өгөөрэй гэж захижээ. За тэгээд хааныд мориороо очоод цай зооглож. Тэгэхэд хаан залуу бүсгүйг хүүдээ хатан болгон авч өгчээ. Ингээд хааны хүүтэй суугаад байж байтал жирэмсэн болжээ.
   Тэгтэл хааны хүү алс газар цэрэгт явж гэнэ. Энэ үед хааны хүүгийн хатан төрж хөөрхөн хүү гаргав. Хаан баярлан захиа бичээд нэг элчээр явуулав. Тэр элч нь явж байтал нэгэн бор гэр байхад очтол хоол унд хийж өгөхөөр нь энд жаахан амарч байгаад цаашаа явтал тэр бор гэрт захиагаа мартсан байлаа. Захиаг нь тэр айлын өвгөн олж мангаст үзүүлэв. Тэгэхэд мангас тэр захиаг аваад оронд нь чиний хүүхнээс хар нохойн гөлөг гарсан гэж бичжээ. Элч буцаж ирж мангасын бичсэн захиаг аваад нөгөө хааны хүүд аваачиж өгчээ. Мангасын захиаг морь нь мэдээд төмөр чөдөртэй дэвхэрсээр хааны гадаа ирээд гэрийн хаяаг маажиж янцгаатал тэр хааны бэр миний цэнхэр морьтой яасан адилхан юм бэ? гэж бодоод гарч иртэл цэнхэр морь нь:
   — Би чамайг хаан хүүтэй суухдаа төмөр чөдрөө түүнд битгий өгөөрэй гэж гуйсан. Чи нүүрэндээ үстэй малаас дор. Одоо над дээр бушуу морд. Мангас чамайг авахаар ирж явна гэжээ.
   Хааны бэр манцуйтай хүүгээ аваад морджээ. Тэгээд зугтаж явтал мангасын бараа харагдаж байв. Гэтэл морь нь:
   — Би чамайг одоо мангасын гараас гаргаж чадашгүй нь. Чи энэ төмөр тушааг өгөөгүй сэн бол би чамайг мангасын гараас гаргах байсан юм. Би одоо бүр явж чадахгүй нь. Миний хөлийг хар гэв. Хөлийг нь хартал улайгаад хавдсан байв.
   — Чи намайг мангасаар тамлан алуулахгүй гэвэл далны минь гол дунд дөрвөн алтан хялгас бий. Түүний нэгийг нь шүдээрээ тас хаз гэж хэлжээ.
   Алтан хялгасны нэгийг шүдээрээ тас хазав. Тэгээд морь үхэхдээ:
   — Чи миний дөрвөн мөчийг нугалж хаяарай, цээжин дундуур минь салгаж хаяарай гэж хэлээд үхжээ.
   Ёсоор гүйцэтгэсэнд хөлгүй том далай бий болж дунд талд нь дөрвөн улиас ургажээ. Түүний нэг улиасны орой дээр бүсгүй гарч суув. Тэгэхэд мангас ирж хөх инээдээр инээж улиасыг хэмлэв. Улиас унах гэж байхдаа нөгөө нэгийнхээ орой дээр бүсгүйг гаргаад унав. Улиасыг мангас хэмлэж унагасаар сүүлчийн ганц улиасны орой дээр бүсгүй сууж хоцров. Тэгэхэд мангас түүнийг хараад хөх инээдээр инээж
   — Чи одоо миний гараас гарахгүй. Наад улиасаа унах дээр юуны оройд гарах билээ гэв.
   Улиас унах шахан ганхаж гарав. Улиасыг унахаас өмнө морины цээж хувирч айган тайган хоёр нохой болон мангасыг барив. Улиас унаж тэр эмэгтэй хүүтэйгээ хоёр нохойны хамт цааш явав. Хоёр нохой нүдэндээ юу харагдсан болгоныг барьдаг байв. Тэгтэл өндөр уулын оройгоос цэнхэр морьтой хүн гарч ирж харагдав. Түүнийг хүүгээ үүрсэн эмэгтэй үзээд хоёр нохой хараад барьчих вий гэж айж байв. Хоёр нохой хараад ухасхийн одов. Барьчих вий гэж өрөвдөж байтал хоёр нохой түүнд эрхэлж харагдав. Эмэгтэй гайхаж ядан байтал морь нь цэнхэр морьтой нь, хүн нь цэрэгт явсан нөхөртэй нь тун адилхан харагдав. Тэр хоёр урд урдаасаа явж уулзав.
   Нөхөр нь:
   — Чамаас хар нохойн гөлөг гарсан гэж захиа ирсэн билээ гэхэд:
   — Миний цэнхэр морь шөнө ирж унуулан зугтаж гээд бүхий л болсон явдлаа ярив. Тэгээд цэнхэр морь минь үхсэн юм сан. Чи одоо яагаад унаж яваа юм бэ? гэв. Тэгэхэд нөхөр нь:
   — Нэг шөнө алга болсноо маргааш өглөө нь хүрээд ирсэн гэв.
   Хоёулаа нийлж зовлон жаргалаа ярьж хааныд иржээ. Хаан хүүгийнхээ эхнэрийг эрж сандарч байсан юм санжээ. Тэднийг очиход наян жилийн найр хийж жаран жилийн жаргал хийж амар сайхан жаргав.
  
  
  АЙЛЫН ГУРВАН ХҮҮ
  
   Эрт урьд цагт нэгэн айл гурван хүүтэй, таван ам бүл амьдарч байжээ. Гэтэл гурван хүү нь том болж эрийн цээнд хүрэв гэнэ. Эцэг эх нь гурван хүүгээ ямар хувь заяатай хүмүүс болохыг өөрсдөөр нь шийдүүлнэ гэлцээд адил тэгш хэмжээний нэлээд их мөнгө хуваан өгөөд:
   — Энэ мөнгөө аваад гурван жилийн хугацаагаар явж хүнтэй танилцаж газар үзээд дуртай юмсаа аваад ир. Та гурвыг ямар аз тавилантай улс болохыг чинь үзнэ гэжээ.
   Ингээд гурван хүү нь явсаар гурван жилийн дараа энэ газраа цуглаад харина гэж овоо босгоод гурван зүгт тарах болов. Хоёр дүү нь ахаасаа нууж манай муу тэнэг ах ч аавын баахан мөнгө үрээд юу ч олж ирж чадахгүй гэж шоолж байв. Хоёр дүү нь хаана яаж явсан нь бүү мэд.
   Ах нь явсаар хүн амьтан нааш цааш гарч чадамгүй том голтой тааралджээ. Тэр голоор хүн амьтан гаргадаг болгоё гэж шийдээд гүүр тавьж эхэлжээ. Голд гүүр тавиад дуусаж гэнэ. Хүн амьтан нааш цааш гардаг болж гэнэ. Мөнгөө яг дуусаж гурван жилийн хугацаа ч дуусаж гэнэ. Тэгээд гүүрний дэргэд эцсийнхээ шөнө хонохоор шийдэж шөнө зүүдэлжээ. Зүүдэнд нь нэг томоо хар хүн ирээд:
   — Май, энэ мөнгөний сав, эрдэнийн сав юм шүү. Тонгойлгох бүр алтан зоос гарна. Май, энэ бяцхан домбо. Энэ эрдэнийн домбыг тонгойлгох бүр дарс гоождог. Май, энэ шүүрээр хүнийг нэг удаа нуруун дунд нь цохиход тэр хүний бие насныхаа тал хувьд байсан шиг залуу болно. Гэхдээ нэг хүнийг гурваас илүү цохиж бодлохгүй шүү гэж хэлээд өгч байгаагаар зүүдэлжээ.
   Өглөө сэрэхэд дэргэд нь мөнгөний цүнх, бяцхан домбо, бургасан шүүр турав байв. Мөнгөний савыг тонгойлгосон чинь алтан зоос гарч гэнэ. Бяцхан домбыг тонгойлгосон чинь хачин сайхан дарс гоожиж байна гэнэ. Тэгээд л цүнх, домбо хоёроо өвөрлөөд шүүрээ үүрээд гэр рүүгээ буцжээ.
   Хоёр дүүтэйгээ болзсон газраа ирсэн чинь хоёр дүү нь хэд хэдэн үхэр тэрэг ачаатай ирсэн байна гэнэ. Амар мэндээ мэдэлцээд хоёр дүү нь:
   — Манай тэнэг ах тэгнээ тэр, баахан мөнгө үрээд нэг муу хогийн шүүр үүрээд ирж дээ гэж хоорондоо аяархан ярилцав.
   Гурвуул гэртээ иржээ. Аав нь гурван ижил байшин барьж ах дүүгээ цуглуулсан байв. Ингээд бага хүүгийн ачааг буулган эхний байшинд оруулахад дан цагаан будаа байв. Дунд хүүгээ хоёр дахь байшинд юмаа оруул гэв. Дунд хүү нь торго дурдан буулгаж гэнэ. Үнэтэй сайхан эд авчирцгааж гээд гэртээ оруулж гэнэ. Том хүү нь:
   — Та над юунд байшин онгойлгосонгүй вэ? гэхэд:
   — Хогийн шүүрээс өөр юу ч үгүй байж яах юм бэ. Дуугүй гэртээ ор гэв.
   — Та онгойлго гэхэд нь аав нь дуртай дургүй онгойлгож гэнэ. Том хүү мөнгөнийхөө савыг онгойлгож алтан зоос гаргасанд нөгөө цугласан улсын нүд гялбаж гэнэ. Том хүү та нар энэ алтнаас цөм атгаж авцгаа гэж өгөөд байшинг дүүргэж хаалгыг хаалгаад гэрт орж иржээ.
   Гэрт буй хүмүүст цай хоол өгсний дараа бяцхан домбоо гаргаж дарс хийж барьсанд бүх хүмүүс согтжээ. Тэгсэн чинь аав нь:
   — Үүнээсээ жаахан залуу бол дуу аялж гармаар байна даа гэжээ.
   Тэр үгийг сонсоод том хүү нөгөө шүүрээрээ аавынхаа нуруун дундуур нэг удаа цохисонд аав нь ид залуу болж бусад хөгшин хүмүүс намайг намайг гэхээр нь нэг нэг удаа цохиж залуу болгожээ.
   Цугласан хүмүүс дарс ууж цөм согтсонд хоёр муу санаат байхгүй болсон байна гэнэ. Гадуур тэднийг хайхад хоёр дүү нь нөгөө шүүрийг авч өөрсдийгөө хэд хэд дахин цохиж дээлдээ нярай хүүхэд болцгоосон уйлаад хэвтэж байсан гэдэг.
  
  
  ЦЭЦЭН БҮСГҮЙ ҮЛГЭР
  
   Эрт урьд цагт их цэцэн ухаантай бүсгүй байж гэнэ. Тэр жирийн нэг баян хүний тэнэг хүүтэй толгой холбосон юм байжээ. Гэтэл тэр орны хаан бүсгүйг үзээд:
   — Танай нөхөр хаачсан бэ? гэж асуужээ.
   — Мэдэхгүй, хойгуур гараад ийшээ л явсан гэж хэлж гэнэ.
   — За чи нөхрөө ирэхээр нь «Ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй туулайн бүжин олж аваад, усаар ул хийгээд, цасаар цахиур хийгээд шарж идэв. Түүнийг олж ав» гэж намайг хэлүүлж байна гээрэй. Би маргааш өглөө ирж энэ үгийнхээ тайлбарыг сонсоно. Маргааш ирэхэд энэ үгийг тайлбарлаж эс чадвал би чамайг өөрийн эхнэр болгон авна гэж хэлээд явчихжээ. Удалгүй цэцэн бүсгүйн нөхөр ирж гэнэ. Тэгэхээр бүсгүй хэлжээ:
   — Энэ орны хаан ирэв. «Ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй туулайн бүжин олж аваад, усаар ул хийгээд, цасаар цахиур хийгээд шарж идэв. Түүнийг олж ав» гэж чамд хэлүүллээ. Эс олж тайлбал намайг авч өөрийн эхнэрээ болгоно гэнэ гэв.
   Тэр залуу угийн тэнэг мангуу учир юу ч үл мэднэ. Өөрөө ч эрээд олсонгүй. Эцэст нь айл амьтнаас асууж гэнэ. Гэвч хэн ч түүнийг мэдсэнгүй гэнэ. Аргаа бараад:
   — Одоо яана! гэж эхнэрээсээ асуужээ.
   — За яах вэ? Чи явдаг замаараа ан авадаа яв. Бид хоёрт заяа байвал би хааныг саатуулахыг бодъё гэж гэнэ.
   Маргааш өглөө тэнэг залуу ч ан авадаа явж гэнэ. Цэцэн бүсгүй гэртээ байж байтал их анир чимээ гарч олон жууз тэрэгтэй хүмүүс дагуулсаар хаан ч ирж гэнэ. Ирээд:
   — Бүсгүй чи гэртээ байна уу? гэж гэнэ.
   一 Байна гэж гэнэ.
   — Танай нөхөр байна уу л гэж гэнэ.
   — Байхгүй л гэж гэнэ.
   — Танай нөхөр хаачсан юм бэ? гэж гэнэ.. Тэгэхээр нь охин гэр дотроосоо:
   — Манай нөхөр хулгана ногтолж унаад, хөлгүй далай гатлаад, даршгүй дайныг дарна гээд явсан гэжээ.
   — Чи яасан тэнэг юм хэлдэг хүн бэ? Чи өөрийгөө юу хэлж байна гэж бодож байна гэж хаан зандарчээ. Бүсгүй тэгэхээр нь:
   — «Таны ургаагүй дэрсний үзүүрээс төрөөгүй туулайн бүжин олж аваад, усаар ул цасаар цахиур хийгээд шарж идэв» гэдэг чинь юу гэсэн үг вэ? Эмэгтэй хүнээс дор хаан байдаг аа гэж манай нөхөр танд хэлээрэй гэсэн юм сан гэжээ. Хаан тэгэхээр юу ч хэлж чадахгүй таг болоод буцсан гэнэ.
  
  
  ХЭЭР ХАЛЗАН ХУЦТАЙ ХЭЭДЭЙ ӨВГӨН
  
   Эрт цагт Хээр халзан хуцтай Хээдэй гэдэг өвгөн байжээ. Нэг удаа халзан хуцаа унаад хаагаар нь гуядаж хавчилзуулаад, гуяар нь гуядаж гувчилзуулаад явж байж гэнэ. Гэтэл зам дээр нь нэг хувхай дал хэвтэж байсныг хэзээ нэг цагт хэрэг болж магадгүй гээд хавтгандаа авч хийгээд явжээ.
   Орой бүрэнхий болсон хойно өвгөн нэг баян айлын гадаа ирээд хуцаа уячхаад гэрт ороод ирэхэд баяных цайгаа ууцгааж байжээ. Ундаассан өвгөнд цайнаасаа өгсөнгүй гэнэ. Мал хотолсон хойно баяных мах чанав. Энэ махнаасаа надад лав өгөхгүй байх гэж бодоод
   — Би нэг жаахан махтай юм сан. Түүнийг чанаж идэх тогоо өгнө үү? гэж гуйв. Тэгэхэд нь манай махтай чанаад ид гэж баян хэлэв.
   — Танай, мах манай махыг идчихвэл яах вэ? гэж асуув.
   — Хэрэв тэгвэл махаа бүгдийг өгье гэж баян хэлэв. Тэгэхэд нь өвгөн босоод хувхай далаа хэнд ч үзүүлэлгүй тогоонд хийв. Махаа болгоод гаргахад нь өвгөний, далны мах байхгүй байжээ.
   — Хараач, танай мах миний махыг идчихжээ гэв. Баян аргагүй хэлсэн үгэндээ болоод махаа өвгөнд өгөв. Өвгөн махаа идчихээд хуцаа аргамжих аргамжаа гуйв.
   — Хонийг хүн аргамждаг юм уу? Хуцаа хоньтой хашаанд оруулчих гэж баян хэлэв. Танай хоньд миний хуцыг идчихвэл яах билээ гэж өвгөн хэлэв. Хэрэв тэгвэл хонио цөмийг өгнө. Эс тэгвэл хуцыг чинь авна гэв.
   Өвгөн хуцаа хашаанд оруулаад баяныд ороод унтав. Өвгөн шөнө босоод хээр халзан хуцаа алаад хоньдын ам бүхэнд цусыг нь түрхээд махыг нь нохойд хаяж өгчхөөд орж ирээд унтав. Өглөө босоод өвгөний хуц үгүй болж хоньдын ам бүгд цустай байв гэнэ.
   — За танай ханьд хуцыг минь иджээ. Би танд хэлсэн шүү дээ. Одоо хэлэлцсэн ёсоор бүх хонийг авна гээд авав.
   Баян аргагүй болоод зөв харж инээгээд буруу харж уйлаад өвгөнд хонио туулгаад явуулав. Тэгээд өвгөн их олон хоньтой болоод амар сайхан жаргажээ.
  
  
  БАДАРЧНЫ ҮЛГЭРЭЭС
  
  
  1.
  
   Нэг бадарчин айлд хоножээ. Нөгөө айл цагаан хоол хийн гаргаад аягалахад Бадарч муу хоол гэж бодоод:
   — Дундхан хийгээрэй гэж хэлжээ. Гэтэл идээд үзсэн саламгүй сайхан амттай хоол байв гэнэ. Тэгэхээр нь дахин идмээр байсан ч түрүүнийхээ үгэнд бантаад бага хий гэж дахин хэлэв. Ингэж долоо дахин дунд идсэн ч цадсангүй.
   Нөгөө айл илүү хоолоо ваарт хийгээд хойш тавив. Тэгээд бүгд унтсан хойно. Тэр хоолонд цадаагүй учир бадарч сэмхэн босоод ваарт гараа хийж долоох гэсэн боловч гар нь буцаж гарахыг болив. Гадаа гарч чулуун дээр хагалсугай гэж бодоод гарвал хотны захад улаан чулуу байх шиг байхаар цохисонд хот манаж байсан хүний улаан нүүрийг цохиод автал нөгөө хүн сүйд болон ёолж босож гүйв. Түүний чимээгээр гэрийнхэн цөм сэрж сандран гадаа гэрдгүй гүйлдэн байснаа:
   — Гэрт унтсан бадарч лам хаачив гэлцэв.
   — Лам ч гэж нэг юм энд баймаар болж байна гээд гартаа ваар углаад гэрийн хаяанд сууж байв гэнэ.
  
  
  2.
  
   Хоёр бадарч явж байжээ. Нэг айлын эхнэр өвчтэй байв. Бид хоёр гүрэм хийн эдгээж өгье гэж гэнэ. Лам нар минь тийм аргамжтай бол тэг тэг гэж гэрийн эзэн хэлжээ. Юм төхөөрч хэнгэрэг цан гаргаж аваад цан дотроо амьд хулгана барьж хийгээд цангаа нүдэн пижигнүүлж гарав. Тэгээд дээд талд суусан нь ном уншиж байгаа маягаар:
   — Өнөө хулганаа гарга гэв.
   — Хулгана чинь үхсэн гэж нөгөө нь ном уншиж суугаа маягаар хэлэв.
   — Үхсэн ч болсон гарга гэхэд:
   — Байхгүй болов гэж доор суусан нь хэлэв.
   — Би тэгвэл чамайг гараад зодно гэв.
   — Тэгвэл чамайг хуурамч юм үйлдэв гэж гэрийн эзэнд хэлнэ дээ гэж нөгөө нь хэлэв.
   — Битгий хэлээч дээ. Улаан халзан үнээгээ хамар халзан хуваая гэж нөгөө нь хэлэв. За тэгвэл би хэлэхгүй гэж юм уншиж буй байдлаар нөгөө нь хэлж гэнэ. Урьдын зарим бадарч ингэж л явжээ.
  
  
  3.
  
   Нэг бадарчин баян айлд хонох болжээ. Нөгөө айл нь өөрсдөө тарган малын мах чанаж бадарчинд турж үхсэн малын зовлого чанаад хоолоо гаргаж өөрсдөө тарган махаа, бадарчинд зовлого өгчээ. Хоолоо идэж дүүрээд гэрийн эзэн:
   — Бадарч лам гуай үүгээр гараа арч гэж даавуу өгөв. Тэгэхэд бадарч:
   Хэрэггүй ээ миний гарын ус хатчихлаа гэж хэлжээ.
   Бадарчинд тосны нүнжиггүй зовлого өгснийг мэдээд ийм үг хэлжээ.
  
  
  4.
  
   Урьд нэг бадарчин бадар бариад явж байтал нэг хошууны баян ноёных таарав. Тэр ноён хүнд юм өгдөггүй шунаг сувдаг хүн байв. Ноёных гэртээ лам залж ирчихсэн ном уншуулж байв. Ирсэн лам нар бадарчныг тоохгүй байжээ. Уг нь тэр ноёных Майдардиваажин хуруулдаг айл байсан бөгөөд хэнгэрэг цан нүргэлэн сүр ихтэй дуу чимээтэй юм болж байв. Бадарчин үүнд нь гайхан тахилыг харвал махгал бурхны урд мах тавьчихсан байв гэнэ. Өнөө лам нар хурал цэглээд бадарчнаас:
   — Хаанаас ирэв? гэхэд:
   — Бадар бариад явна гэв.
   — Сонин юу байна даа? гэхэд нь
   — Сонин юмгүй, сонин гэвэл Майдардиваажин хэнгэрэг цандаа хүрч, махгал бурхан маханд орчихсон байна гэв.
   Майдардиваажин хурахад хэнгэрэг цан цохидоггүй махгалын урд мах тавьдаггүй юм байжээ. Иймд лам нар ичиж дуугүй болов. Орой цав барихад лам нарт бас тэнд байсан түшмэдэд дөрвөн өндөр хонх шагайт тавив. Харин бадарчны урд голигор олгойтой цус тавив. Түшмэд бадарчнаас:
   — Замд ногоо хир гарч вэ? гэв.
   — Ургасан газраа таны урьдах шиг, ургаагүй газраа миний урьдах шиг байна гэхэд түшмэд таг болов.
   Тэгтэл түшмэд гараад явсанд бадарчин тэдний суурин дээр очоод суучхав. Мөн жинстэй малгайг нь авч өмсөөд сууж байсанд түшмэд буцаж орж ирээд:
   — Чи наадах суудлаа юу гэж боддог вэ? гэсэнд
   — Хөгшин хонинд байхдаа даахь
   Хот хүрээ очвол Цэмбэ болдог гэв.
   — Урдхаа юу гэж бодов?
   — Ургаа байвал мод
   Зүсвэл банз
   Унанги байвал дархи
   Зүйвэл ширээ гэв
   — Өмсөж яваагаа юу гэж бодов? гэхэд;
   — Сайн явбал зэрэг жинс
   Саар явбал гинж дөнгө гэв. Тэгэхэд нь:
   — Гар чи! Бадарч явбал балагтай
   Батгана суувал баастай
   гэж түшмэд уурлав. Ноён бадарчныг гэнэт давах санаатай
   — Бурхны эцэг хэн бэ?
   Чөтгөрийн эцэг хэн бэ? гэв.
   — Бурхны эцэг Жалба Сайзан хаан
   Чөтгөрийн эцэг та гуай гэв.
   Ноён тэгэхэд толгойгоо салаавчлан хэвтээд:
   — Энэ хүнд хоол унд төхөөрч унаа хөсөг өг гээд амар сайхан жаргав.
  
  
  5.
  
   Эрт урьд цагт нэг арга зальтай авгай байжээ. Тэр авгай зүсээ хувилгаж үсээ өрөөсөн талдаа самнаж их заг модтой газар очиж чөтгөр болон амьтныг айлгаж юмыг нь авч амьдарч байжээ. Тэр газраар олон удаа аян жинчин дээр өрөөсөн үстэй авгай хүрч ирж, аянчид айн хөсөг хөтлөө орхиод зугтаан явж байв. Ингээд тэр нутгаар хоёр хөлтэй амьтан явахаа больжээ.
   Гэтэл Богдын хүрээнээс нэг бадарч тэр айлуудаар явж байжээ. Нэг айлд ирээд орой явахдаа зам заалгав. Тэр газар чөтгөртэй явж болохгүй гээд өөр зам заан өгөв. Бадарч гэрээс нь гараад тэр чөтгөртэй газраар явъя байз гэж бодоод тийш явав. Тэгээд загна дунд үүргээ тайлаад шанагандаа шар будаа чанаад сууж байв. Шөнө өнөө эхнэр сүүдгэнээд хүрээд ирэв. Тэгсэн харвал өрөөсөн үстэй нүцгэн авгай, хүрч ирэв. Өнөө чөтгөр хажууд нь голын захад ирээд суучихжээ. Тэгээд бадарч руу:
   — Лам гуай надад будаанаасаа хайрла гээд гараа тосож гэнэ. Бадарч:
   — Байз, болоогүй байна гээд будаагаа хутгаад сууж, Дахиад л чөтгөр:
   — Будаанаасаа гээд гараа тосоход;
   — Байз, болоогүй гэж байна гээд чинээнд нь тултал будаагаа буцалгав. Нэг гараа тосоход нь; Май гэж хэлээд будаагаа халбагадан нүүр лүү нь цацчихжээ. Тэгтэл өнөө чөтгөр;
   — Ээ халхай гээд босоод харайлгажээ.
   Бадарч хойноос нь харайлгажээ. Хөөсөөр яваад хүрээд ирсэн заг модоор орон сууц барьсан хуй хуйгаар торго, хунз хунзаар цай, шуудай шуудай гурил зэрэг өчнөөн их юм овоолчихсон байжээ. Тэгээд «Амь авар!» гээд мөргөж байна гэнэ. Тэгэхэд нь;
   — Аварч байгаа нь энэ гэж хэлээд том заг модоор балбасаар байгаад алчихжээ. Тэгээд тэндээ хоноод маргааш нь цааш айл амьтантай газар луу яваад өгчээ. Ингээд хэсэг айлд ирэв. Мэндээ мэдэлцээд
   — Хаагуур явж ирэв? гэхэд нь
   — Би заг модон дундуур явж хоноод ирэв гэж бадарч хэлэв. Өнөө улс:
   — Ямар сонин юм бэ! Хоёр хөлтөн явах аргагүй буг чөтгөртэй гэлцэв.
   — Би тэр бугийг чинь дарчхаад ирлээ очиж үз гэжээ. Өнөө улс:
   — Ээ дээ худал байх гэлцсээр бадарчтай цуг очив.
   Хүрээд ирсэн өнөө чөтгөр гэдэг нь нэг үхсэн эхнэр, хажууд нь өчнөөн төчнөөн дээрэмдсэн юм нь хураалгаатай байв. Тэгэхээр өнөө улс урьд алдсан эд хогшлоо олж аваад, бадарчид олон тэмээн хөсөг гаргаж их гурил будаа ачиж өгөөд богдын хүрээнд хүргэж өгчээ. Ингээд бадарч их юмтай болж амар сайхан жаргав.
  
  
  ДАЛАН ХУДАЛЧИЙН ҮГСЭЭС
  
  
  1.
  
  
Вы прочитали 1 текст из Монгольский литературы.