Latin

Яруу Найраг - 3

Total number of words is 3750
Total number of unique words is 1989
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Өдөр хоног өнгөрөвч
Өглөө үдэш хэвээр
Эелдэг ааш минь эвдэрч
Өжиг хажиг болно

Агудам (уудам) талыг үзэх үгүй
Агудам (уудам) газар явах үгүй
Агуу ухаан минь битүүрч
Агур (уур) омог минь нэмэгдэнэ

Шорон гяндангийн зовлонгоос
Салгах этгээдийг хүсэхдээ
Шаналж эдлэхүйн үүднээс
Шашин шүтлэгийг ч горилно

Өршөөгч энэрэгчийг хүсэхдээ
Өнгийн юман дор горьдоно
Мухардаж гачигдаж энэлэхдээ
Мухар сүсэгтэй ч болно

Зовлон гаслангаас гарахыг
Зүүдэн дор хүртэл эрмэлзэнэ
Зам мөрийг эрэхдээ
Залбирах мөргөх дор хүрнэ

Төөрч эргэж гайхахдаа
Төлөг мэргийг итгэнэ
Түргэн гарахуйг хүсэхдээ
Түйтгэр гайг наманчилна

Энэлж шаналж гайхах дор
Элдвийн хийрэл төрнө
Зэвэрсэн зоорины ёроол дор
Зэвхий үзэгдэл сүүмэлзэнэ

Энэ тэрийг бодсоор
Эргүү мунхаг болно
Идээ ундаан зохихгүй
Эбэдчитэй (өвчтэй) зэрэмдэг болно

Санаа сэтгэл минь гутаж
Сар өдрийг өнгөрүүлнэ
Сайн юмыг мартаад
Саар юмыг дуурайна

Олон хоног болохуй дор
Орчлонгийн сайхныг умартасхийнэ
Шоронгийн орчлон дор идээшээд
Солио хүн болно.
(1932)


ОРЧЛОНГИЙН ЖАМЫГ ТАНИХУЙ


Өсөх бага наснаас
Өнгийн зовлонг үзэв
Өнөө өдөрт ирээд
Шоронгийн зовлонг эдэлнэ

Таван жангийн байшин дор
Дагаад салдаггүй нь олон оо
Зургаан тохой зоорины дор
Жигшин муулдаг нь олон оо

Хувхай царайг минь үзээд
Хуучин нөхөр минь зугтаана
Хулгайч ялтан дор тооцоод
Хялайн харах болно

Өнгөт орчлон дор явахуй дор
Үерхэх нөхөр олон оо
Өмхий зоорины дор хэвтэхүй дор
Үтэр орхидог нь үнэн ээ

Нарны гэрэл дор явахуй дор
Янаг амраг олон оо
Нарсны ёроолд хэвтэхүй дор
Яасныг бүү мэд!

Гадна сайхан явахуй дор
Хайртай амраг олон оо
Харанхуй гяндан дор орохуй дор
Харж үзэх нь ганцхан аа

Гэгээн засгийн энэрлээр
Гэртээ харих өдөр буй
Гэм үгүй явсны үрээр
Хэтийн зам олдоно

Ертөнц дээр төрсөн хойно
Юм юмыг үзэх нь зүй
Энэлгэт гяндангийн зовлонг
Эдлэн амсах бас хэрэгтэй

Залуу бага насандаа
Жаргал зовлонг ээлжлүүлж
Жам ёстой танилцан
Заавар дадлыг олох нь мөн

Түмэн зүйлийн зовлонг
Туулан гарч гэтэлбээс
Түүний үр шим нь
Тус ашгийг олгодог ч буй.

Жаргалыг хамтатгасан этгээд
Зуурдын орны дайсан
Зовлонг хамтатгасан хүү минь
Ёстой миний амраг мөн

Энэ өдрийн зовлонг хуваасан
Энхрий амраг хүүтэйгээ
Эцэс өдрийн жаргалыг би
Эрх үгүй чамтайгаа хуваана
(1932)


ТЭРГЭЛ САРЫГ ҮЗЭХҮЙ


Дүгрэг сайхан саран чамайг
Дөрвөн сар үзсэн үгүй
Төмөр сараалжны завсраар
Тэмүүлэн энэ орой ширтэнэ

Гайхамшигт сайхан саран чамайг
Харанхуй гяндангаас харуулдана
Хасын сайхан гэрэл дор чинь
Хайртай хүү минь харагдах шиг

Саран чамайг үзэхүй дор
Санаа сэтгэл минь хөдөлнө
Саруул сайхан туяан дор чинь
Сугадалцан хүүтэйгээ явдаг асан

Намрын сайхан саран минь
Нарт ертөнцийг тойрсоор
Насан өнөдийн хүү минь
Намайгаа үргэлж эргэсээр

Өнгөт сайхан саран минь
Орчлонт ертөнцийг дагасаар
Үнэн сэтгэлт хүү минь
Өнчин намайг хүлээсээр

Тэргэл сайхан саран минь
Тана сайхан өнгөтэй
Танхи энхрий хүү минь
Дассан янагласан нь зузаан

Шинэтгэл сайхан саран нь
Шинэ хурц гэрэлтэй
Сэтгэл зүрхний хүү минь
Шимтэй халуун янаглалтай

Тунгалаг сайхан саран минь
Туяан дундаа онцгой
Туйлын хайртай хүү минь
Дотно зүрхэн дор минь оршино
(1932)


САР АА!

37
Хөгжилтэй тунгалаг сар аа!
Хөдлөх явах эрх чөлөө чинь хэмжээ үгүй
Хөнөөл хяхал чам дор хүргэх хэн ч үгүй
Хууль ёсоор чамайг захирах этгээд ч үгүй,
Хүн бүхэн чиний гайхамшигтайг үзээд атаархана.

Саруул сайхан сар аа!
Сав ертөнцийг наран гийгүүлж чөлөөлмөгц, оронд нь чи мандана
Сүртэй хүчтэй гэрэл дор чинь шөнийн харанхуй дийлэгдэнэ
Сацарсан өргөн туяан дор чинь хүн төрөлхтөн
Мянган мянган түмэн түмэн байдлаар үзэгдэнэ
Цагаан сэтгэлийн дотор хүсэж бүхий
Хамаг юм чиний гэрлийн адил өнгөтэй болж болмуу

Хязгаалаш үгүй наст сар аа!
Гагцхүү уул ус чиний эгч дүү болох биз ээ
Хангай дэлхий хэвээр байтал хүний явдал түүх их л өөрчлөгдсөнөө,
Хасын сайхан сар аа, хайрлан над дор хэлж өгмүү
Хамаг амьтны түүх хэчнээн хувилсаар ирснийг та мэднэ шүү дээ!

Магад эрдэмт сар аа!
Мэргэн танаас жам ёсыг сонсохыг хүснэ
Мандах буурахын журмыг таньж мэдсүгэй хэмээнэ.
Мандал сайхан сар аа!
Манай олон түмнийг ялгал үгүй нэгэн адил гэрэлтүүлмүү
Ман дор хүн төрөлхтний ирээдүйн түүхэн дор гэрэлтэй замыг зааж өгмүү!
(1933)


НАР АА!

38
Өө нар аа ! Тунгалаг нар аа!
Гэв гэгээн туяа чинь юутай хол сацарна
Тунгалаг сайхан гэрэл чинь юутай хурц гялалзана
Ертөнц бүхэн чам дор мянган мянган баярыг хүргэнэ
Нар чиний гэрэлт царайг мартаж үл чадна бид
Манай хүн төрөлхтний ирээдүйн явдлыг хэмжиж үл мэднэ

Өө нар аа! Гэгээн нар аа!
Чиний сайхан гэрэл дор энэхүү дэлхий дээрх амьтны аймаг цугаар шүтэж амьдарна
Улбар өнгөт туяан дор чинь тэд нар тус тус янз янзаар үзэгдэнэ
Алтан сайхан гэрлийг чинь амьтан бүхэн эдлэхийг хүснэ
Эсхүл чиний сайхан гэрлийг чинь болдог юм болбоос их багаар хэсэглэн замбуутив цугаар эдэлнэ
Хэрвээ чи гэгээн гэрлээ хураан авбаас тэдгээрээс ямар ямар өнгө сүүмэлзэх бол!

Өө нар аа! Өнгөт нар аа!
Тунгалаг сайхан гэрэл дор чинь
Энэхүү ертөнц ямар өнгөтэй үзэгдэнэ.
Орчлон хорвоо чиний мянган гэрэл дор
Ямагт алтан өнгөөр гэрэлтэнэ
Өнгөт сайхан гэрлийн хүрээлэн дор
Манай зол заяаг хэрхэн дэнсэлнэ.

Өө нар аа! Сайшаалт нар аа!
Хаврын улирал дор ойртон ирэхүй дор чинь энэхүү дэлхийн цэцэг навч баярлан инээмсэглэнэ.
Зуны тунгалаг өдөр нуур мөрний хөвөөгөөр хүн бүхэн цугларч жигүүртэн шувууны жиргэхийг сонирхоно.
Намрын шар наран дор хөгшид бүхэн бууцаа засавч чинагш өчүүхэн ч мэндчилэл баяр үгүйгээр одно.
Өвлийн тэсгэм хүйтэн болох дор сая санаж мөрөөдөн хүсээд хэзээ хавар болохыг хүлээцгээнэ.
Чиний сайхан гэрлийн доор би гагцхүү мандарваа цэцгийг сайшаана.
(1933)


ИДЭР ХОЁР

39
Хос алаг нүд минь
Хоёр биедээ солонголно

Холбоо хоёр зүрх минь
Хувирахгүй янаглана

Цолмон хоёр нүд минь
Цогийн халуунаар ширтэлцэнэ

Цогцос хоёр зүрх минь
Цохихын тоогоор ярилцана

Идэр хоёр насны
Эвийг хэн ч эвдэхгүй

Өргөж босгосон тооно нь
Үүрд мөнх мандана.
(1933)


МИНИЙ ХЭНЗ ХУРГА

40
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг

Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй

Түмэн хонины дунд
Түүнээс хөөрхөн амьтан үгүй
Төрсөн хотон дотроо
Тэр бид хоёр тоглодог

Өвдөг юугаа сөгдөөд
Өөрийнхөө ижийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр өхөөрдмөөр эрхэлдэг
Янагш чинагш дэгдэн
Малчин хүнийг баясуулдаг
(1933)


АНЧНЫ ДУУ

41
Уудам талын цэцэг
Ургаж алаглаад чимэгтэй еэ

Уран ганган охин минь
Эрс бидэндээ чимэгтэй еэ

Хөдөө хээрийн араатанд
Бугыг гүйцэх үзэсгэлэнгүй

Хүн төрөлхтний дотор
Хүүхнүүдийг гүйцэх үзэсгэлэнгүй

Атар хангайд зориглосон
Анчин эрсээ угтацгаа

Ая эгшгээ эгшиглэцгээ
Агшин зуур наадацгаая
(1933)


ЭГШИГ

42
Манхны цаанаас лимбэ эгшиглэхэд
Уужим цээлхэн аялгуу нь
Сэтгэлийг хөдөлгөж
Чихэнд чимэгтэй
Цээжинд бахтай,

Урьдаас эхлэн сонстсон
Уянгат аялгуу,
Ус мяралзах
Ургамлын жигдрэх,
Уулын өндөрлөгийг үлгэрлэн
Урин сайхан байгалийн
Үзэгдлийг тодруулна.
(1933)


ДАВЛАГАА

43
Далайн давлагаа хөхөрч
Усан тал хөөсөн сувдаар буцалж
Дараалж яралзах усан уул
Давлагаа болон үргэлжилнэ

Үүнийг үзэхэд:
Сэрчигнэн бужигнах чимээгээр
Ширхэглэн цацрах хүчээр
Эрэг газраа эвдэн хэмхчиж
Элэг хадаа цовхчин омоглож
Намирлан боссон сувд хэлхээ наранд гялбана
Наад талаас нь харвал янзтай солонго хүрээлнэ.
1934


ЭЗГҮЙ ХЭЭР

44
Болжмор шувуу жив жив хэмээн жиргэж
Бургасны үзүүр сэр сэр хэмээн найгахад
Булгийн ус пор пор хэмээн оргилж
Бутны орой ярс ярс харагдана.

Өвгөн шувуу гав ганцаар суухад
Өндөр хад чив чимээгүй ажиглана.
Өвлийн хатуу салхин үлээхэд
Өлөн чоно ганцаар түүнийг тойрно.
1934


СЭХЭЭТЭН

45
Зоригт монголын ач нар, түмэн түмэн үрс
Золбоот хөвүүд охид, цог заль төгс
Хүндэт нэрээ дуудуулсаар хойчийг залгамжлах залуус
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих хүмүүс
1934


ЯНАГ

46
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу

Сэтгэлийн амраг хэмээгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямд үгүй хэрэг дээ

Үнэн сэтгэл хэмээгч
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлон дээр чухаг юм

Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алтан шиг
Зай үгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орох үгүй

Янаг амраг хэмээгч нь
Эмзэг гэдэг нь яах арга үгүй
Яль үгүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх нь хялбархан

Ижлээсээ салсан галуу
Эргэлдэн тойролдон ганганана.
Энхрий чиний хойноос
Элэг зүрх минь эмтэрнэ.
1934


ЭР ГАНЦ

47
Эргэлдэх дөрвөн улирал
Өнийн янзаар орчино.
Эр ганц миний сэтгэлд
Элдвийн юм бодогдоно.

Намрын салхин сэрчигнэхэд
Зөөлөн сэтгэл минь уярна.
Зүрхний өр дунд минь
Эрх хүү минь үгүйлэгдэнэ.

Хайртай сэтгэл хосолсноо
Харж суухын заяа үгүй юу
Үнэн сэтгэл нийлснээ
Учирч хайрлахын ерөөл үгүй юу

Хайртай сэтгэлийн чимэг
Халуун зүрхний хонгор минь
Ганц хоног эс учирсан дор
Хязгаалсан үгүй мөрөөдөн гуниглана
(1934)


* * * Өнгөтэй хүнийг үзсэн авч ...

48
Өнгөтэй хүнийг үзсэн авч
Үнэхээр - - - - - - - дор тэнцэх нь нэг ч үгүй
Өсөх төлжих амьд эрдэнэ мэт бөгөөд
Үзэж унтавч сэтгэл огт тогтох үгүй

Царайн өнгө арчсан толь мэт
Биеэс сайхан үнэр анхилан
Цагаан царай гилбэлзэх нь
Цэцэг сая дэлгэрсэн адил

Зургийн уруул, өдийн хөмсөг
Харах нүдний хар цагаан нь хосолсон
Хас эрдэнэ дор шигтгэсэн лүн түн мэт
Жигдэлсэн цагаан шүд нь

Хас танаас өнгөтэй
Алхах гишгэх нь хавар намрын салхин дор
Хадан дор ургасан хайтан цэцэг мяралзах адил
Хас танаар үүдсэн нь хэмээхүл
Үг хэлж инээн аашлах үлэмж
Цус махны таван махбодоор бүтсэн нь хэмээхүл
Хас эрдэнээс ариун гэрэлтэй
Нэгэнт инээхүй дор нь даруй хавар ирнэ
(1934)


ГУАНЗНЫ ХҮҮХЭН

49
Орой болохын ч үе
Олон чийдэн асахын ч зэрэгцээ
Орос хоолны гуанзны
Онцгой тасалгааны дор ормогц
Өмнөөс хэдэн хүүхэн:
“Хүүе яадаг билээ
Та хаалгаа хаачихъя” хэмээн
“Хи хи хи” хэмээн инээлдэнэ
Хоёр гурван ч бүсгүй байна
Хотын залуу ч хүүхэн байна
Шилтэй пивыг зэрэглүүлж байна
Шилэн хундага гялалзуулж байна
Бас нүдээ анилдуулан ирмэлдүүлэн ааль үгүйтнэ
“Хүнээс айдаг яасан хүүхнүүд буй” хэмээсэн дор
Мөрөө хавчин, хүзүүгээ ганхуулан:
“Айлгүй яах вэ, айлгүй яах вэ” хэмээн
Бас дахин “Хи хи хи” хэмээн инээлдэнэ
Орж суугаад нэгэнт ширвэн ажиглаваас:
“Хүн хоол идэж байх дор
Хараад яасан хүн буй” хэмээн
Мөн дахин “Хи хи хи” хэмээн инээлдэнэ
Хүрэн дурдан дээлийг нарийн бүсээр бүсэлж,
Минжин малгай өмссөн
Хүрээний хөөрхний тоон дор орсон нэг хүүхэн
Хөдлөх бүр ааль үгүйтэх бөгөөд
Харах бүр “Хи хи хи” хэмээн нүдээр инээнэ...
Дараагаар “Чи чингий гээд, би ингий гээд
Тавгаа чинагшаа, шаазангаа янагшаа
Инадахаа (наадахаа) уучихъя
Чанадахаас (цаадахаас) хийчихье
Энэ хүнийг,
Тэр юмыг” хэмээлцэн
Дээгүүрээ түлхэлцэн
Доогуураа нудралцан
Арван таван минутын зуур үргэлж:
“Хи хи хи, хи хи хи” хэмээлцэн байгаад,
Басхүү “Хи, хи” хэмээн ааль үгүйтэж годолзон сууна.
Хэнийг хүлээж байгааг хэн мэднэ!
(1934)


МИНИЙ ЭЭЖ

50
Монгол үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж
Зүйтэй уран үгсээрээ сурган хүмүүжүүлсэн ээж
(1935)


ДӨРВӨН ЦАГ

51


ХАВАР

Мөнх тэнгэрийн доор мянган мянган хавар
Монголын сайхан орон дор жил жил дэлгэр
Энх улирал ханхлах дор хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоорох дор морь мал ханагар

Холхи наран ойртож хасын цасан хайлах дор
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөхөрсөн модон цэцэглэж хүүхэд багачууд наадах дор
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодохуйяа
Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна
Хажуу дахь уулнаа горхи булаг хоржигнон урсахуйяа
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхүй дор
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.


ЗУН

Цагийн сайхан зуны эхэн дор
Газрын сайхан хангайн нуруунаа
Хөхөө шувуун урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглээн мяралзахуйяа
Хүлэг морин урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаах дор
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биесээ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг усан зуны цаг дор тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуун хөндий тал дор яруу сайхан
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам тал дор наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр анхилна
Хээр хөдөө дор таван хошуу мал дураар сүлжин цэнгэнэ
Эрүхэ (өрх) бүрийн үүднээ айраг найрын үнэр сэнгэнэнэ.
Ийнхүү сайхан ба баясгалантай тийнхүү сайхан жаргалтайгаас.


НАМАР

Намрын шар наран над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгах дор
Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүх дор,
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсах дор
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гилтгэнэн бууралтахуйяа
Гадна сойсон морь бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одохуйяа
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхин өвс модыг намилзуулах дор
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унах дор
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно


ӨВӨЛ

Алсын салхин жихүүн амьсгалаар тас няс хийхүй дор
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одон оч мэт гялалзахуйяа
Агудам (уудам) тал дор жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын орой дор будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүдэн гялбам мэлцийхүй дор
Бэлчээр дор гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцах дор
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тэсгэм тэсгэм, ясгим ясгим
Монголын залуус нүүртээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажуу дор
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намрын дөрвөн улирал
Уул, усан, наран, саран лугаа нөхөрлөнө.
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө зав үгүй.
(1935)


АРВАН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ

52
Анагаах ухааныг мэдэх үгүй
Аюулт өвчнийг сэргийлэх үгүй
Асрах сувилахыг чадах үгүй
Амь биеийг хайрлах үгүй

Эбэдчитэй (өвчтэй) хүн мянган хувь
Эрүүлийг хамгаалах нэгэн ч үгүй
Халдварт өвчин түмэн түмэн
Хариуцах арга огтхон ч үгүй

Мухар сүсэг дор итгэж
Мунхаг харанхуй дор залбирч
Өөрийн гай хэмээж
Үйлийн үр дор автагдах дор

Гүрэм хэнхрэг хүрчигнэж
Хүний үхэл үргэлжилж
Эмийн дун хангинаж
Эдгэх засрах балрагдаж

Яр дор баригдсан залуу хүмүүс
Хуучин дор нэрвэгдсэн хөгшин хүмүүс
Хижиг дор эрсэдсэн хүүхэд багачууд
Хөдөө хүрээ нийгэм даяараа

Феодалын суртал униартах
Боловсон эмнэлэг зүүдэн дор үгүй
Эмгэг зэмгэг хүн бүр дор
Өнчин бэлэвсэн өрх тутам дор авай

Баян чинээлэг хүн
Эд малаа гарздаад
Буурай ядуу хүмүүс
Гудамж зээлнээ хэвтэв.
(1935)


АРВАН ДӨРВӨН ЖИЛИЙН ХОЙНО НЭГ ҮЗЭХ ДОР

53
Ардын хувьсгал мандсанаар
Анагаахын ухааныг эрхэмлэж
Ивропын (Европын) эмнэлэг дэлгэрэхүй дор
Идэр залуу шуугин гайхалдав

Түмний сүйтгэлийг улсаас гаргаж
Том барилгуудыг байгуулав
Түүний ач тусыг
Ард түмнээр эдлэв

Өвчтэй хүрээд очвоос
Угтаж аван эмчилнэ
Өөрийн гэр шиг байлгаж
Удал үгүй эдгээнэ

Нүдэн, чих, хамар хоолой,
Яр хүйтэн, дотор гадна
Олон зүйлийн өвчнийг
Ялган салгаж эмчилнэ

Хот хөдөө, ойр хол
Анги салбарыг зохиож
Эрэгтэй эмэгтэй, лам харыг
Сувилан эдгээхийг сайшаах дуун цөөхөн үгүй

Ард түмэн эрүүл бол
Эд хөрөнгө баялаг болно
Эрдэм соёлыг сурч чадна
Эрх чөлөөг хамгаалж чадна

Арван дөрвөн жилийн ялалт
Нүдний өмнө гэрэлтэнэ
Түмэн оны энхийг
Ийнхүү тэмцэн бүтээнэ.
(1935)


МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

54
Эхийн умайнаас төрмөгц
Монгол угсааны тэмдэгтэй
Зөөлөн харлаг үстэй
Торомгор хар нүдтэй

Эцэг эх хоёр нь
Нярай хүүхдээ хайрлана
Энэхүү засгийн зорилго
Нялхас бүхнийг асарна

Нялхас хүүхэд бойжвоос
Улс өрнөхийн тэмдэг
Нялхсын өвчин хэмээгч
Гагцхүү түүний дайсан

Хуучны бүдүүлэг байдлаар
Хүүхдийг сувилж болдог үгүй
Хэчнээн түмэн нялхсыг
Түүний харгайгаар алддаг шүү

Үр хүүхдээ үхүүлбээс
Эцэг эх нь нулимстай
Үүгээр үл барам
Улс төрдөө гарзтай

Түмэн олон ардууд аа!
Түүнийг сайхан мэдэр!
Нялхсыг хамгаалах газар
Хүүхэд бүхнийг сувилна

Нярай хүүхэд эрүүл бол
Бойжих хүмүүжихдээ хурдан
Инээмсэглэх хөөрхөн царайгаар
Эцэг эхээ баярлуулна

Улс төрөө бодвоос
Нялхас хүүхдийг асар!
Бидний үрс үржвээс
Цугаараа цугаараа баясгалантай
(1934)


ҮЙЛДВЭРЧНИЙ БИЕ

55
Аж үйлдвэр хэмээгч
Улсын тулгуур багана
Үйлдвэрчин ард хэмээгч
Түүний бүтээх хүчин ээ

Чийрэг эрүүл биетэй
Чадалтай идэвхтэй ажилчин
Түргэн түргэн үйлдвэрлэж
Түмний дотор гайхуулна.

Эмгэг өвчинтэй болоод
Эр чадал үгүй ажилчин
Өөрийг тэжээж чадах үгүй
Улсыг тусалж чадах үгүй

Энэ төр дор аваас
Ажилчин хэмээгч хэрэгтэй
Ажилчин хүн дор аваас
Эрүүл хэмээгч хэрэгтэй

Нэгэн өвчин халдваас
Идэрсэг бие нь гэмтээд
Түмэн төгрөгийн хүчнийг
Түүгээр нэгмөсөн мөхөөнө

Эрүүл энх аваас
Өдөр бүр чийрэг,
Гар хөдлөх тутам
Олз ашгийг хураана

Биеийн хүчнийг үнэлэх гэгч
Үйлдвэрчин ардын хэрэг
Эмгэг өвчинтэй бол
Хэрхэн хүчнийг үнэлнэ.

Элдэв өвчнөөс сэргийлж
Идэр биеэ хамгаалан
Боловсон эмнэлгийг шүтэж
Эгүридэ (үүрд) эрүүл яв.
(1935)


ИЙМ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ

56
Орох орон үгүй нян
Орших газрыг эрнэ
Олны цугларсан газар
Ойртохдоо баярлана

Хоосон салхинаа хийссээр
Хайхрамж үгүй хүнээр дамжсаар
Хүрсэн хүнийг хорлож чадна
Хүүхэд багачуудыг үхүүлж чадна

Бадарчны довоос гарав
Баруун хороогоор дайрав
Өртсөн хүмүүс дор халдав
Олонх ихэнхийг үхүүлэв

Хийморь заль нь дэлгэрэв
Гишүүн нөхөд нь олшров
Улам чинагш явав
Урт байшин дор оров

Тоо томш үгүй багачуул
Дотор нь ороод баярлав
Залуу сайхан хүмүүс байна
Зажлах идэх дор зөөлөн биз

Орох орон ч тохиолдов
Одоо жаргах ч болов
Үржих өсөх минь магад биз
Үхүүлэх хорлох минь үнэхээр

Хүн бүхэн дор тараагаад
Гүехэн судлаар нь давшсан
Хүчтэй лейкоцит дор тохиолдож
Хоромхон зуур дарагдав

Сургууль боловсролын газар асанж
Соёлын тарилгыг үйлдсэн асанж
Нэг ч хүн гэмтсэн үгүй асанж
Нян хорхой нядлагдсан асанж

Хоёр гурван нян үлдсэн асанж
Хааш явахыг гайхсан асанж
Галч нэгэн хүн дор халдсан асанж
Халууруулж сандруулж байсан асанж

Хурдан туслагч ирэв
Сувилах газар аваачив
Эрүүлийг хамгаалах дор очив.
Эмч доктор цугларав

Халуун цусыг авав
Хэсэг нян оролцов
Хайрцаг дор хийгээд илгээв
Байцаах газар хүргэгдэв

Өнгийн будаг дор холиулав
Хангайн юмс дор хутгалдав
Ухаан сэхээг алдаад
Дурангийн аман дор нягтлуулав

Явсаар явсаар баригдав
Яагу (юу) болохоо танигдав
Өөрийг нь түлээд алав
Нөхдийг нь эрээд гарав

Эбэдчитэй (өвчтэй) хүн дээр очив
Эмч доктор гарав
Хатгаж эмийг оруулав
Хамаг нян хордов

Бүдүүн ламаас айсан үгүй
Бүсгүй сувилагчаас айв
Дордог жинсрэг дор түлэгдсэн үгүй
Дусал эм дор сөнөөгдөв

Сургуулийн газар баригдав
Эрүүлийг хамгаалах дор хүргэгдэв
Ингэж явсаар сөнөв
Чингэж байх нь зүйтэй.
(1935)


ЯР ЯНХНЫ ШУУДАН

57
1. Өглөөний наран сая гарч уур цан оргилно
Өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэн нохой бас унтаж буй
Өнөөх хар хүн дамнуурчны гудамжнаас сүүмэлзэн гарч ирээд
Өлбөлзөн сөлбөлзөн алд дэлмээр алхуулна

2. Өвлийн хүйтэн хангинаж байтал, дан сармай дээлтэй
Өрөөсөн гараа өвөртөө хийж, бас нөгөөх гартаа таяг барьжээ
Өргөө гэр нь хаа буй гэвэл, хүрээ нийт, хороо даяар
Өчигдөр шөнө хэний дор нойрсов гэвэл, Хуар хүүхний халуун ханзан дээр

3. Харанхуй шөнөөр явах дор дадалтай, ханцуйдаа гэрэлтэй, хармаандаа хутгатай
Гудамжны нохой дайравч гөлөг гэвэл түүнийг таниад буцна
Хөгшин хүмүүсийг хуурч ч чадна, хүүхэд хүнийг айлгаж ч чадна
Хүүхэн хүнийг хөөж ч чадна, эхнэр хүнийг эргүүлж ч чадна

4. Нүдэндээ том гэгчийн дүгрэг шил хийж, хүнтэй уулзвал хөмсгөө зангидна
Нүүртээ бага бага оо тавьж, хүүхэнтэй уулзвал бас л жаахан духи үнэртүүлнэ
Хийдэг ажлыг юу буй гэвэл хэсэх тэнэх, хэрэлдэх зодолдох хааяа хааяа
Хичээл эрдмийг аль гэвэл хүүхэн мүүхэн, хөзөр даалуу, архи дарс, алиа зугаа

5. Өчигдөр гар тариулсан өнгөрсөн шөнө нойр бас дутуу
Өнөө өглөө жавар чанга, одоо хаашаа одох юм билээ
Өнөөх айл дор оръюу, өглөөний цайг буудъюу?
Өндөр хоршоон дор оръюу, өнөөх хүүхнийг хүлээюү?

6. Ууж идэхийг яарахдаа урт хөлөө гуравдугаар араан дор залгав.
Ууцаа үүрч, элгээ тэврээд, урд хороо уруу харайлгав
Гудамжны дунд нэгэн юмны үнэр өндөр хамрыг цохив
Гурвантаа шиншиж, ийш тийш хэдэнтээ гараад (хараад) тэр зүг тэмүүлэв

7. Тэр айлын үүдэн дор очоод, дээлээ засаж малгайгаа тэгшилнэ.
Дэргэдүүрээ хүн гарах дор, дээгүүр харж төв байдлыг гаргана
Нүднийхээ шилийг арчиж, нүүрийнхээ тоосыг цэвэрлэнэ
Нусаа нийж, хоолойгоо засан, хоёр гурав ханиагаад оров

8. Олон хүн тулга тойрон суухад нь толгой дараалан мэндлэв
Орон дээр нь сандайлаад, олон хэлийг хольж ярина.
Цай авчраад өгөхөд нь “За, за зүгээр зүгээр” гэнэ.
Чинагшаа аваад явахад нь “За яах буй нэг хийгээд аль” гэнэ.

9. Буурал толгойтой эмгэн будаатай цай хийгээд
Бувар бувар хүлхэж, буйл завж бундайлгана
Өнөөх хүний өлссөнийг хэлэх үү, өнөөх чавганцын идэхийг хэлэх үү
Үмхэж хүлхэж байгаа юманд нь өт хорхой хөдөлнө

10. Баруунтай суусан хүүхний хөөрхнийг хэлэх үү
Пял дотор байгаа махны сайхныг хэлэх үү
Хорхойг хөдөлгөсөн түүний нүдэн, хоёр биен дээр ээлжлэн тусах дор
Хойгуур урдуур суусан хүүхдийн шивэр авир ярилцах нь хэцүү

11. Хөгшин авгайг эмээ гэж аргадаад, элдэв юм ярьж
Хөөрхөн хүүхнийг дүү минь гэж энэ тэрийг асууна
Хуучин танил гэж худал хэлэн, хоршооны түшмэл гэж хоймор сууна
Хуудас бичиг гаргаж, хий гайхуулан хувь цалин ихтэй гэж хэв ярина.

12. Өглөөний цайн яриа үдшийн хоолны үе дор хүрэв
Өнөөх хүн хэдийнээ хоймор суув. Хоол хийх болов.
Хэсэг махыг тас тас цавчин, бүдүүн өөхийг бөөмөөр холино
Хийсэн хоол нь хүүхэн дор хурцдаж, чавганц дор шорвогдов.

13. Хүргэн хүү ч болов. Хэдэн шөнө ч хонов. Гэрийн эзэн ч суув.
Хориод өдөр ч өнгөрөв. Хөөрхөн хүүхэн ч ярвайна.
Энэ тэрийг асуух дор ичих царай, өвдөх нүүр
Эрүүлийг хамгаалах дор орвоос ичгүүрт яр хэмээнэ.

14. Үүнийг хэнээс олов гэвэл, өнөөх хүнээс зайлах үгүй
Өөрийг нь авчраад үзвэл, үнэр танар нь ч муухай
Хайран хүүхнийг гэмтүүлснийг харааж зүхэвч барш үгүй
Халдаасны хууль байх тул мөнөөх түүнийг эдлэв
(1933)


ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР

58
Улаанбаатар нийслэл их хотын дээр
Хувьсгалын жавхлант тугууд, алсыг гэрэлтүүлнэ
Айлчин жуулчин орон нутгийн ардууд дор
Алс холоос хувьсгалын амар сайныг эрнэ

Агудам (уудам) дэлгэр их хотын төв дунд
Ардын эрүүлийг хамгаалах газар байна
Өргөн цэлгэр хашааны талбар дээр
Өнгө тунгалаг цагаан байшингууд зэрэглэн,

Өндөр үзэсгэлэнт байшингийн шилэн гэгээвчүүд
Тааламжит нарны гэрэл дор найрлан наадна
Хол ойр газар бүрийн монгол ах дүү
Хүнд хөнгөн зүйл бүрийн өвчтэй монгол хүмүүс

Ачит ёсны шинжлэх ухааны бодит эмнэлгээр
Асруулан, хүн баясан эдгэрэн байсаар
Хувьсгалт орны түмэн шат алхан хөгжсөнийг
Хувь хувьдаа зөвлөлцөн баясгаланг эдэлнэ.
(1935)


ХУВЬСГАЛЫН ДАЙСАН ШАР ХАР ХАРГИС, ХҮНИЙ ДАЙСАН ДОТУУР ГАДУУР ӨВЧИН

59
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан хэмээн өгүүлээд
Эбэдчин (өвчин) эмгэгийг хэнгэрэг цангаар хуурагч хэн буй?
Эзэн богд хэмээн олон түмнийг мэхлэн дарлаад
Энх амраар үл байлгагч хэн буй?

Энэ хоёр бол шар хар харгис мөн
Эсэн амгалан биеийг байн байсаар хорлоод
Энэлэх гаслах дууг огторгуй тултал дуурьсагч хэн буй?
Энэ өдөр явсаар атал маргааш өдөр үхүүлээд
Эрүхэ (өрх) гэрийг эмгэнэл зовлон дор учруулагч хэн буй?

Энэ хоёр бол эмгэг тахал хэмээгч мөн
Төр улсыг түйвээгч харгис эзэрхэг олон
Түүнийг занаж хэзээ ч ер барш үгүй
Түмнийг энэлгэгч өвчин тахал үлэмж
Түүнийг басаж өнөд огт болш үгүй

Энэ хоёр үгийг үүрд үл мартам уу
Харгис эзэрхгийг ард түмэн нэгэнт танина
Хатаан засаглахыг хувьсгалт хууль эрхэлнэ
Эбэдчин (өвчин) тахлыг эрүүлийг хамгаалах анагаана
Эгүн-и (үүнийг) шүтвээс, эцэг эх, үр хүүхэд цөм баяртай
Энэ хоёр үгийг санаандаа хадгалам уу
(1935)


ШИНЖЛЭХ УХААНЫ ЭМНЭЛЭГ

60
Шинэ ёсон мандаж, шинжлэх ухааны эмнэлэг дэлгэрэх дор
Шинэ цагийн хүмүүс шим үрийг нь хүртэнэ.
Сүсэг бишрэлийн эмнэлэг хөсөрдөж шил тал дор хаягдахуй дор
Хэнгэрэг цангийн дуун зөөлөн зөөлнөөр холдоно

Бүдүүлэг эмнэлгийг дан ганцаар шүтсээр
Бүтэн гурван зуун жил эцэг өвгийг үдэв
Бодисын ёсны шинэ эмнэлэг гарч ирэхүй дор
Буруу зөвийг сая бид ялган танив.

Хуучны бүдүүлгийг анхааран таньж,
Хурдан анагаагч эмнэлгийг өргөтгөн дэлгэрүүлбээс,
Хүн бүхэн аяндаа ухамсрах бөгөөд
Хойчийн эрүүл энхийн зам нээгдэнэ.

Бодисын ёсны шинэ эмнэлэг бол
Бузар өвчнийг цавчих илд
Бүдүүлэг байдлыг гэгээрүүлэх толь
Хүн төрөлхтний нөхөр мөн.
(1935)


ЭРҮҮЛ

61
Ертөнцийн зохиол байгалийн бүтээлт юутай сайхан
Есөн өнгө, түмэн зүйл бодис юутай сонирхмоор

Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг
Бодол мэргэн, ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин

Хүний дотор баясгалантай аваас юутай сайхан
Хүний дотор зовлон үгүй аваас юутай сайхан

Эрүүл биен дор зүдүүр гачигдал үгүй сайхан
Энх тайван жаргал дор саад үгүй сайхан

Сайхан хэмээгч өвчин үгүйг хэлнэ
Саруул хэмээгч нартайг хэлнэ

Эрдэнэт хүний бие хэмээгч үнэхээр сайхан
Энэ ертөнц дээр түүн дор хослох юун

Эрүүл гоёмсог царай эрүүл чийрэг бие
Эгүн дор (үүнд) дурлах үгүй хүн хаана байх буй!

Баатар чийрэг, эрэлхэг зориг хэмээгч эрүүл мөн
Баярламаар сайхан, бахархмаар гуа хэмээгч эрүүл мөн

Түмэн сая тооны ардууд эрүүл аваас
Түүний үндэс үр хүүхэд цөм эрүүл

Энэ төрийн эрдэм соёл бас эрүүл
Эр цэрэг, эд хөрөнгө мөн ч эрүүл

Эртний үг буй гэлээ, “Өр үгүй бол баян,
Эбэдчин (өвчин) үгүй бол жаргал” гэж үнэн биш үү

Эбэдчин (өвчин) хэмээгч дайсан үгүй аваас
Эбүгэд (өвгөд), эмгэд, нялхас хүүхэд яахин хагацна.

Өнчин өрөөсний зовлон дор яахин унана
Өөрийн бие өмч хөрөнгийг яахин сүйтгэнэ
(1935)


ӨВЧИН

62
Энэхүү дэлхийн сайхан юутай тааламжтай
Эрдэнэт хүний бие яасан гайхамшигтай
Эрүүл эсэн явбаас, энэ насны жаргал аа
You have read 1 text from Mongolian literature.
Next - Яруу Найраг - 4
  • Parts
  • Яруу Найраг - 1
    Total number of words is 3749
    Total number of unique words is 1855
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Яруу Найраг - 2
    Total number of words is 3763
    Total number of unique words is 2010
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Яруу Найраг - 3
    Total number of words is 3750
    Total number of unique words is 1989
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Яруу Найраг - 4
    Total number of words is 3614
    Total number of unique words is 1911
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Яруу Найраг - 5
    Total number of words is 3474
    Total number of unique words is 1530
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Яруу Найраг - 6
    Total number of words is 3673
    Total number of unique words is 987
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.