🕥 31-minute read
Хуульч Сандагийн Шүлгүүд - 1
Total number of words is 4014
Total number of unique words is 1605
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Ц. Дамдинсүрэн
ХУУЛЬЧ САНДАГИЙН ШҮЛГҮҮД
Улаанбаатар хотноо 2017 онд эрхлэн хэвлүүлсэн “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШВОЙ - Хоёрдугаар дэвтэр” номоос
“Цагаан бамбарууш” хэвлэлийн газар 2019 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.
Зохиолчийн өвийг эзэмшигчийн хүсэлтээр өөрийнх нь зориудаар бичсэн зарим үгийг засаагүй болно.
ОРШИЛ
Монгол ард улсын их сургууль, Багшийн дээд сургууль, Намын дээд сургууль зэрэг байгуулагдсаар нэлээд жил өнгөрөв. Өвөр монголын Хөх хотод их сургуулийг 1957 онд байгуулав. Буриад ба Халимагт багшийн дээд сургууль ажилласаар байна.
Монголчуудын сэхээтний булаг болсон эдгээр дээд сургуулийн оюутан залуучуудыг үндэсний соёлын өв, Монголын уран зохиолын түүхтэй танилцуулах явдал чухал болж шаардагдсаар байна.
Үндэсний соёлын өвийг судалж ашиглаад соёл боловсролоо шинэтгэн хөгжүүлэх хэмээсэн зориг авьяас төгөлдөр залуучуудад үзүүлэх заах уран зохиолын дээж, сурах бичиг аль нь ч үгүй учраас оюутан ба багш нарт их бэрхшээл учирч байна. Дээд сургуулийг суралцах хэрэглэгдэхүүнээр хангаж өгөх нь сурлагын чанарыг сайжруулах чухал нөхцөл болмуй. Тэрчлэн Москва, Ленинград, Бээжин, Прага, Будапешт, Токио зэрэг олон газрын их сургуульд монгол хэл бичгийг сурч судалж байгаа үүнд унших ном бичгээр үлэмжхэн дутагдаж байна. Энэ бүхүй явдалд өчүүхэн тус болохыг чармайж энэ дээж бичгийг гаргавай.
Монголын уран зохиолын түүхийг заахад бид юуны өмнө Позднеев, Лауфер хоёрын зохиолыг гарын авлага болгож баймуй. Энэ хоёр эрдэмтний зохиолыг бишрэн хүндэтгэх боловч үүнээс цааш шат ахих нь бидний үүрэг болмуй. Тэр хоёр эрдэмтэн, монголын уран зохиолын түүхийн чиг замыг зааж өгсөн төдий болохоос биш тэр замаар биднийг удирдан туулсан бус бөлгөө. Тэд монголын бүх ном бичгийг ерөнхийд нь тоочин бичээд уран зохиолын тухай тун өчүүхэн бичсэн юм. Арван есдүгээр зууны эцэс үед гурван боть болж хэвлэгдсэн “Монгол утга зохиолын түүхийн тухай лекц” гэдэг Позднеевийн зохиолын нэгдүгээр ботид уйгур үсгийн тухай бичээд, хоёрдугаар ботид монголын дөрвөлжин үсгийн тухай, гуравдугаар ботид Ганжуур Данжуур, хууль цаазын тухай бичихийн завсраа “Нууц товчоо”, “Гэсэрийн тууж” зэргийн тухай зурвасын төдий дурджээ. 1907 онд Лауферын хэвлэсэн номд монголын жинхэнэ уран зохиолын тухай арав хүрэхгүй хуудас бичигдсэн баймуй.
Энэ цөөн хуудасны дотор үнэн байдалтай тохирохгүй зүйл ч буй. Үүнээс гадна монголын уран зохиолын тойм өгүүлэл гурван зүйл буйг хэлбээс, Владимирцовын 1922 онд бичиж “Дорно дахины утга зохиолын” хоёрдугаар дэвтэрт хэвлүүлсэн өгүүлэл, Поппегийн бичиж Зөвлөлтийн утга зохиолын нэвтэрхий толийн долдугаар ботид хэвлүүлсэн өгүүлэл, Содномын бичиж “Шинжлэхүй ухаан” сэтгүүлд 1946 онд хэвлүүлсэн өгүүлэл эдгээр болмуй. Энэ гурван өгүүлэл хэдийгээр товчхон боловч уран зохиолын судлалд чухал чиглүүр болж баймуй. Урьдын монгол зохиолчдын дотроос өөрсдийн зохиолын тухай бичсэн зүйл хэмээвээс Чойжи˗Одсэрийн бичсэн “Банзрагчийн төгсгөлийн үг”, Инжинашийн “Хөх судар”˗ын оршил, Зава Дамдины “Хор чойнжун”, Номтын Ринчений “Яруу хэлний хүрхрэл” зэрэг зохиол баймуй.
Дурдсан ном өгүүллүүдийг иш болгож Монгол улсын номын санд байгаа монгол номоос олдсоныг судалж, мөн өөрийн номын цуглуулбарыг ашиглан миний бие Монгол улсын их сургуульд монгол уран зохиолын түүхийг нэг, хоёр жил заасан ба тэр заасан хичээлийн анхны хэсгийг нэгэн дэвтэр болгож шүүмжлэн хэлэлцэхэд зориулан хэвлэсэн билээ. Үүнд, Монголын уран зохиолын түүхийн цоорхой газрыг нөхөж чадсангүй боловч зарим цоорхой газрыг заасан боломжтой тал байхаас гадна багш нар харилцан туршлагаа солилцон зөвлөхөд голчлон зориулсан дэвтэр болмуй.
Уран зохиолын түүхийг судлахад суралцах бичиг, лекцээс гадна уг уран зохиолын дурсгалт бичгүүдийг уншиж танилцах явдал нэн чухал байдаг. Уран зохиолын дурсгалт бичиг, номын санд өдий төдий байвч түүнээс алиныг яаж үзэхээ мэдэхгүй самгардах явдал залуу оюутанд үлэмжхэн тохиолдмуй. Бас ховор чухаг номыг хүн бүр олж уншихад бэрхшээлтэй явдал ч буй. Ийм учраас уран зохиолын дээж бичгийг эмхэлж хэвлэх нь тун чухал юм. Уран зохиолын дээж бичиг байна уу гэвэл, чухам ийм бус боловч ийм шиг ном дөрөв тавын зэрэг урьд гарсан юм.
Үүний олонх нь оросын эрдэмтэн нарын эмхэлж оросын их сургуулийн оюутанд зориулж хэвлэсэн дэвтрүүд болмуй. Эдгээрийн хэвлэгдсэн оныг үзэхэд чанарыг бодохгүй биширмээр юм. 1836 онд оросын эрдэмтэн Поповын эмхэлсэн “Монгол зохиолын дээж” Казань хотод хэвлэгдэж гарав. Энэ дэвтрийг “Уран зохиолын дээж” хэмээхгүй, зүгээр “Зохиолын дээж” гэж бид нэрлэж баймуй. Учир нь энэ дэвтэрт уран зохиолын зүйл тун бага орсон юм. Түүний дотор орсон зүйл гэвэл Оюун түлхүүр, Багш шавийн үлгэр, Чингисийн сургаал, Үлгэрийн далай доторх Тэнгэрийн хөвгүүн Гангадайн бүлэг, Саган сэцэний Эрдэнийн товчийн нэг бүлэг, Зүрхэн толтын хэсэг, Орос хятадын харилцааны тухай хууль, Найралт төв хааны сургаал бичиг, Алтангэрэлийн доторх Тэнгэр нарын тангаргийн бүлэг эдгээр зүйл болмуй. Мөн 1836˗1837 онд алдарт эрдэмтэн Ковалевскийн эмхэлсэн “Монгол зохиолын дээж” хоёр дэвтэр Казань хотод хэвлэгдэж гаргав. Үүний нэгдүгээр дэвтрийн дотор орсон зүйл нь:
1. Эрдэнэ цогцолсон хэмээх судраас хэдэн хуудас сургаал.
2. Далай дахь тэнгэр асуусны зүйл (Далайн тэнгэр, амьтны үйл үрийн тухай худалдаачны ноёнтой хэлэлцсэн зүйл).
3. Сусади нэрт хан хөвгүүний зүйл (Шигэмүни эрт төрөлдөө эцэг эхийн ачийг хариулж амьтны тусыг үйлдсэн зүйл).
4. Гүнда гөрөөсөн биеэ өгсний зүйл (Шигэмүни Диваадад хоёрын дайсагнасан зүйл).
5. Баясгалан шүтэгч гуйланч эмийн зүйл (Бурханд зулын тос өргөсний ач).
Үүнээс урагших дөрвөн зүйлийг Үлгэрийн далайгаас авчээ.
6. Тойн болсны эрдмийг магтсаны зүйл. Үүнийг “Үлгэрийн ном” хэмээх судраас авчээ.
7. Зурагч, модоч хоёр Анандын тууж (Зурагч нь модчийг хорлох хэмээгээд өөрөө хорлогдсон тухай. Энэ тууж болбоос “Шидэт хүүрийн үлгэр”˗ийн наймдугаар бүлэг буй).
8. Ялгуусан оюут хэмээх хааны тууж (Хааны зарлигаар оюу хулгайлахын хамт хааны ордныхныг шоглосон зүйл. Энэ болбоос шидэт хүүрийн үлгэрийн арван хоёрдугаар бүлэг болмуй).
9. Бярманы хөвгүүний тууж (Нэг хөвгүүн хулгана, бич, багваахай гурвыг аварсан ба тэр гурван амьтан хожим хүний ачийг хариулсан тухай. Энэ болбоос шидэт хүүрийн үлгэрийн арван гуравдугаар бүлэг болой).
10. Цогт гэрэлт хааны тухай. (Адиша, Бром Домба нарын эрт төрлийн явдлыг үзүүлсэн төвдийн тууж. Үүнийг цөм шүлэглэн орчуулсан баймуй).
11. Төгс цогт хааны тууж (Төвдийн хаадын эртний явдлын тухай домог. Хиргүй нэрт лам дагинасын оронд заларсан явдал).
12. Монголын тухай манжийн хуулиас хэсэг (Эрийг данслах, хаанд бараалхах, хурим, ав, өршөөн шагнах тухай).
13. Төвдийн тухай манжийн хууль.
14. Сайшаалт ерөөлт хааны гэрээсэлсэн зарлиг (Үүнд үсгийн алдаа үлэмж байхаас гадна хуудсыг хутгажээ. 222 дугаар нүүрийн “Засгийг хүлээсэн” гэдэг үгнээс 223 дугаар нүүрийн “Тэргүүнийг барьж” хүртэл хэсгийг 221 дүгээр нүүрийн “Ахуйг санажээ” гэдэг өгүүлбэрийн дараа оруулж унших хэрэгтэй).
15. Богдын сургаалыг сэнхрүүлэн бадруулах бичгээс нэг хэсэг (Энэ бол Найралт төв хааны сургаал болмуй).
Ковалевскийн эмхэлсэн “Монгол зохиолын дээж”˗ийн хоёрдугаар дэвтрийн дотор орсон зохиол нь:
1. Бурхан Шигэмүнийн тухай домог.
2. Бурханы зарлигийг хураамжлан бичсэн тухай.
3. Хятадад бурханы шажин дэлгэрсэн нь.
4. Хоншим бодисадын тухай домог.
5. Төвдөд бурханы шажин дэлгэрсэн нь.
6. Төвд үсгийг анх зохиосон тухай.
7. Төвдийн хууль ба Бурханы хөрөг.
8. Соронзонгомбо хаан Хятад, Балба хоёр гүнжийг хатан болгон авсан тухай.
9. Наймдугаар зууны үед Энэтхэгээс Бадамсамбуу Төвдөд заларч ирсэн тухай.
10. Ландрам хаан Төвдөд Бурханы шажныг сөнөөсөн тухай.
11. Энэтхэгээс эрдэмтэн багш Адиша Төвдөд заларч ирсэн тухай.
12. Бурханы шажин Монголд дэлгэрсэн нь.
13. Бурханы хөрөг Зандан зуугийн домог. Эдгээр түүхчилсэн арван гурван өгүүллийг Мэргэд гарахын орон хэмээх даяг, Маани Гамбум, Таван үзүүрт уулын (Утайн) цадиг, Гэгээн толь, Бадамгатан, Адишагийн намтар, Саган сэцэний Эрдэнийн товч хэмээх түүх, Зандан зуугийн домог зэрэг зохиолоос түүвэрлэн авчээ.
14. Тонилохын чимэг хэмээх номын хэсэг.
15. Мидара зоги хөвгүүн, эцэг эхтэйгээ хэлэлцсэн нь.
16. Бурханы гурван биеийн тухай өгүүлэл.
17. Бурханы насны тухай өгүүлэл.
18. Нирвааны (гаслангаас хагацах) тухай.
Сүүлийн таван зохиол нь төвдөөс орчуулсан шажны зохиолууд болмуй.
Ковалевскийн дээж бичгийн дотор орсон зүйлийн ихэнх нь төвдөөс орчуулсан зохиол бөгөөд монгол үндэсний уран зохиол бараг байхгүй ажгуу. Ковалевскийн дээж бичиг, монголын нийт зохиолын судлалд гарын авлага болох боловч уран зохиолын судлалд чухал гарын авлага болж чадахгүй баймуй. Гэвч түүний дотор орсон түүх соёлын дурсгалт бичгийг эрхэмлэн үзэхээс гадна, монголын хэл бичиг соёлын түүхэнд холбогдох олон тайлбар нь маш үнэлэлтэй зүйл болмуй.
Ковалевскийн бичсэн тайлбар нь уг хоёр дэвтрийн гуравны хоёр хувийг эзэлж баймуй. Тив, тойн, санваар, дияан, тэртэгэ, тэнгэр, ад, сав ертөнц, шим амьтан, дөрвөн үнэн, орчлонгийн дөрвөн далай, гурван бие, гурван цаг, гурван чухаг зэрэг олон үгийн тайлбарыг Ковалевскийн дээж бичгээс олж болмуй. Эдгээр үгийн утгыг мэдэхгүй болбоос хуучны уран зохиолын учрыг ухахад хэцүү болмуй.
Ковалевскийн хийсэн дээж бичгээс хойш жаран жил өнгөрөөд Оросын эрдэмтэн Позднеев бас монгол зохиолын дээжийг хэвлэж гаргасан билээ. Энэ дэвтэрт монгол үндэсний зохиолоос нэлээд орсон юм. Үүний агуулгыг бас товчлон өгүүлсүгэй.
1. Оюун түлхүүрээс хэсэг.
2. Тооваагийн гэгээний сургаал буюу тоть шувууны сургаал.
3. Бээжин хотын магтаал.
4. Богд хааны зуслага Жэхэ хэмээгч газрын зохиол (магтаал шүлэг).
5. Богд Жавзандамба хутагтын Эрдэнэ зууд заларсан тууж
6. Цонгоол овгийн лам бандид хамба Заяын төвд газраа явсны домог. (1741 онд Төвдөд явсан Буриад ламын замын тэмдэглэл).
7. Чингис Богдын есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир.
8. Дам сонстсон үлгэр үг. (Балжин хатан, Барс баатар нарын тухай буриадын түүхт домог).
9. Саган сэцэний Эрдэнийн товч хэмээн түүхийн нэг, тав, зургаадугаар бүлгүүд
10. Алтан товч хэмээх түүхийн нэгдүгээр дэвтэр (энэ бол Өвөр монголд Чингисийн цадиг гэж хэвлэгдсэн номын 1˗49 дүгээр нүүр хүртэлх хэсэг).
11. Мөн Алтан товчийн хоёрдугаар дэвтэр (Хасарыг хэтэрхий өргөмжлөн бичсэн ба 1765 онд зохиогдсон Алтан товч).
12. Эрдэнийн эрих хэмээх түүхийн хэсэг (Үүнийг арван есдүгээр зууны дундуур үед халхын Галдан туслагч зохиожээ. Энэ зохиолыг Позднеев судалж халхын түүхийн тухай тусгай ном бичсэн).
13. Тонилохын чимэг хэмээгдэх шастир (Төвдөөс орчуулсан шажны суртгаал.
Үүнд шажны нэр томьёоны тайлбарууд буй).
14. Үлгэрийн ном эрдэнэ цогцолсноос хэсэг (Шажны номлолыг үлгэр, цэцэн үг зэргээр жишээлэн тайлбарласан Бодовагийн зохиол).
15. Манж монгол үсгээр хавсран тайлсан Сан Зи Жин бичиг (Күнзийн суртлын ном).
16. Тахимдуу дүүчийг хөгжүүлж хүний гол ёсныг хүндэтгэхүй нь (Мөн Күнзийн суртлын ном).
17. Төрөл төрөгсдөө дотнолж янаг найртайг илтгэхүй нь (Мөн Күнзийн суртлын ном).
18. Бөө мөргөлийн учир (Энэ болбоос 1875 онд Вандан Юмсүновын зохиосон “Буриадын язгуурын тууж”˗ийн гуравдугаар бүлэг болмуй. Үүнд бөө мөргөлийн журам ёсыг дэлгэрэнгүй бичжээ. Энэ тууж 1935 онд Ленинградад бүхлээрээ хэвлэгдсэн)
19. Манж үсгээр бичсэн монгол ярианы жишээ.
20. Гурван улсын бичгийн нэгдүгээр бүлэг.
21. Гэсэр хааны туужийн хоёрдугаар, гуравдугаар бүлэг.
22. Зүрхний толтын тайлбар Огторгуйн маани
23. Албан бичиг гучин хоёр зүйл. Энэ дэвтэрт ямар ч тайлбар байхгүй.
Попов, Ковалевский нарын эмхэтгэлтэй харьцуулбаас, үүнд монгол үндэсний зохиол нэлээд орсон боловч уран зохиолын зүйл бас л хомсхон орсон баймуй.
Жинхэнэ ардын уран зохиолд зориулагдсан шинжтэй нэг дээж дэвтэр байгааг дурдах хэрэгтэй. Энэ болбоос монголын эрдэмтэн Жамсраны Цэвээн, Оросын эрдэмтэн Руднеев нарын эмхэлж 1908 онд Петербургт хэвлүүлсэн “Монгол ардын уран зохиолын жишээ” гэдэг ном болмуй. Энэ номын дотор багтсан зүйл нь:
1. Халх аялгууны үйл үгийн хэлбэр.
2. Оньсого 113 зүйл
3. Гочоо занги гэдэг дуу.
4. Бадарчны үлгэр.
5. Бээжин хотын тухай дуу.
6. Хадтай сүмбэр гэдэг дуу.
7. Уулнаас өндөр гэдэг дуу.
8. Хөшөө чулууны тухай монгол хүний энгийн яриа.
9. Хилэн галзуу баатрын үлгэр.
10. Уулын хан гэдэг үлгэр.
11. Баян хүний хөвгүүн, хоосон хүний хөвгүүний тухай өгүүллэг.
12. Мандаж байгаа нар гэдэг дуу.
13. Богд ноён Жангар хан гэдэг үлгэр (энэ үлгэр алдарт Жангарын үлгэртэй холбогдолгүй).
14. Дигэрмижид хааны үлгэр (Бигармижидийн үлгэрийн нэг хувилбар).
15. Эрийн сайн Залуудай мэргэний үлгэр.
16. Богд уулын магтаал.
17. Сүнжидмаа гэдэг дуу.
18. Мандах нарны наагуур хэмээх дуу.
19. Гэрийн ерөөл.
Энэ түүвэр дэвтэрт бичгийн зохиол бараг орсонгүй. Гол төлөв Жамсраны Цэвээн, Руднеев нарын монгол хүний амнаас бичиж авсан аман зохиолууд оржээ.
Халимаг Монголын уран зохиолын түүх нь нийт Монголын уран зохиолын түүхэнд багтах тул халимаг сургуульд үзэх уран зохиолын дээж нэг дэвтрийн тухай энд бас өгүүлсүгэй. Энэ дэвтрийг эрдэмтэн Позднеев эмхэтгэж 1907 онд хэвлүүлсэн баймуй. Үүнд багтаж орсон зохиолууд нь:
1. Халимаг хаадын туужийг хурааж бичсэн товч (Үүнд 1628 онд Ижил мөрний зүг халимагийн нүүснээс эхлэн 1771 онд хэсэг халимаг зүүн гар нутагт буцсан хүртэлх явдлыг бичжээ).
2. Хошууд ноён баатар Убаши түмний туурвисан дөрвөн Ойрадын түүх.
3. Орос орны тухай товч мэдээ.
4. Оросын түүхийн товч.
5. Оросын хаадын тухай.
6. Оросын хаадаас халимагт өгсөн жуух бичгүүд.
7. Монгол Ойрадын 1640 оны хуулийн хэсэг.
8. Галдан хунтайжийн зарлиг.
9. Дондогдаш ноёны хууль.
10. Халимаг хөвгүүдийг монгол ном бичиг сургах хууль.
11. Жангарын үлгэрийн Догшин шар Гүргүүгийн бүлэг.
12. 1650 оноос 1662 он хүртэл Зая бандидын тод үсгээр орчуулсан номын цэс.
13. Тонилохын чимэг хэмээх шажны сургаалын ном эдгээр зүйл оржээ.
Буриадын эрдэмтэн Барадин Базар 1910 онд “Буриад зоны уран үгийн дээж” хэмээх дэвтрийг Петербург хотод хэвлүүлж гаргасан билээ. Латин үсгээр хэвлэгдсэн энэ жижиг дэвтрийн дотор Гэсэрийн туужийн тэргүүн бүлэг, Бөө мөргөлийн дуудлага ба Эцгийн гурван заяа хэмээх зохиол, Аргатай аянчин хэмээх өгүүллэг, хэдэн дуу зэрэг орсон баймуй.
1921 оны ардын хувьсгалаас хойш Эрдэнэбатын эмхэтгэсэн сургуулийн хүүхдийн сонирхон унших бичиг, Ишдоржийн эмхэтгэсэн Яруу найруулгын дэвтэр, Цэдэнжавын эмхэтгэсэн Унших бичиг зэрэгт “Чандманийн чимэг” хэмээх цоморлогийн нэлээд үлгэрүүд багтаж орсон билээ.
1937 онд Далхжавын эмхэлж хэвлүүлсэн Монгол ард улсын дунд сургуульд үзэх утга зохиолын бичгийн дотор хуучны уран зохиолын бүлэг буй. Энэ бүлэгт орсон зүйлийг жагсааваас:
1. Инжинашийн Хөх судрын гуравдугаар, дөрөвдүгээр бүлэг.
2. Чингисийн эр хоёр загалын тууж.
3. Алтан товчоос авсан Аргасун хуурчийн домог, Тангадтай байлдсан явдал.
4. Төлөг, туулай, чоно гурвын үлгэр (Ардын аман зохиолыг үндэслэж говийн Дорж мэйрэн бичсэн).
5. Цуутын цоохор гүү (ардын аман зохиол).
6. Зүйр үгс, оньсого, ерөөлүүд.
7. Говийн бор ботго (аман зохиол).
8. Нум сумын магтаал.
9. Хуульч Сандагийн зохиосон Тэжээвэр нохойн үг, Хавханд орсон зээрийн үг.
10. Нууц товчооны дөрөвдүгээр бүлэг (Цэнд гүнгийн орчуулга) эдгээр болмуй.
Энэ түүвэрт Европ ба дорно зүгийн хэлнээс орчуулсан зохиол хэд орсон баймуй.
1941 онд Ц. Дамдинсүрэн, Я. Цэвэл нарын бэлтгэсэн дунд сургуулийн утга зохиолын бичгүүдэд орчуулгын зохиол голдсон бөгөөд Далан худалч, Оюун түлхүүр, хуульч Сандагийн Тэжээвэр нохойн үг, Чонын үг, Цасны үг, Зээрийн үг, “Чандманийн чимэг” хэмээх цоморлогийн зарим үлгэр ерөөл зэрэг цөөн монгол зохиол оржээ.
Түүнээс хойш 1955 онд Х. Дэмбэрэлийн эмхэтгэж хэвлүүлсэн дунд сургуулийн тавдугаар ангийн утга зохиолын унших бичиг, Х. Далхжавын эмхэтгэж 1956 онд хэвлүүлсэн дунд сургуулийн зургаадугаар ангийн утга зохиолын унших бичиг, П. Хорлоогийн эмхэтгэж мөн 1956 онд хэвлүүлсэн дунд сургуулийн долдугаар ангийн утга зохиолын унших бичгүүд бараг орчуулгын зохиолын эмхэтгэл болсон бөгөөд монгол үндэсний хэдхэн шинэ зохиол хавчуулагдаж орсон ба ялангуяа үндэсний соёлын өв болох уран зохиол ер орсонгүй. П. Хорлоогийн эмхэтгэсэн унших бичиг 354 хуудас болохоос гурван зуу шахам хуудас нь Оросын уран зохиолд зориулагджээ.
Харин 1955˗1956 онуудад хэвлэгдсэн Өвөр монголын дунд сургуулийн утга зохиолын бичгүүдэд “Хоёр загалын тууж”, “Шидэт хүүр”˗ийн зэрэг цөөн өв зохиол орсон баймуй.
Уран зохиолын судлалд түүвэр, дээж бичгээс гадна уран зохиолын дурсгалт бичгийг цуглуулах хэвлэх явдал чухал болмуй. Цуглуулахын талаар хэлбээс оросын эрдэмтэн нарын хэдэн зуун жилийн дотор эрэн олж энхрийлэн хадгалсан Ленинградын дорно дахины институт ба Ленинградын их сургуулийн номын санд байгаа монгол ном бичгүүдийг бахдан дурдаж болмуй. Түүнээс үлэмжхэн илүү ном бичгийг хураан хадгалж байгаа Монгол улсын номын сан болбоос бас бидний шүтэх газрын нэг мөн болмуй. Гэвч Монгол улсын номын сангийн монгол, төвд номын товьёг хагас дутуу бөгөөд эмхгүй учраас эндэхийн ном бичгийг олж үзэхэд бэрхтэй баймуй. Бээжингийн номын сан, Хөх хотын монгол хэл бичгийг судлах газар ба номын санд нэлээд ном бичгийг хадгалж баймуй. Бас гадаадын монголч эрдэмтэн нарын олж аваачсан монгол ном бичиг, Англи, Франц, Америк, Швед, Финланд, Япон, Мажар зэрэг олон газарт цөөнгүй буй. Үүний заримын бүртгэл хэвлэгдсэн баймуй.
Монгол уран зохиолын дурсгалт бичгүүдийг хэвлэх явдлыг Оросын эрдэмтэн Шмидт зуу гаруй жилийн урьд эхэлж хийсэн билээ. Энэ эрдэмтэн Саган сэцэний “Эрдэнийн товч”˗ийн монгол эх ба герман орчуулгыг 1829 онд хэвлэж гаргаад арваад жилийн дараа “Гэсэрийн тууж”˗ийн монгол эх ба герман орчуулгыг бас хэвлэж гаргасан байна. Буриад Гомбын Галсан, уран зохиолын дурсгалт бичгийг хэвлэх, судлах ажилд хувь нэмрээ оруулсан юм. “Алтан товч”, “Убаши хунтайжийн тууж”, “Шидэт хүүрийн үлгэр” гурвыг хорьдугаар зууны хоёрдугаар хагаст тэр хэвлэн гаргажээ. Позднеевын судалж хэвлүүлсэн “Монгол ардын дуунууд”, Владимирцовын сонгодог судлал “Панчатантраас авсан монгол өгүүллэгийн цоморлог” гэдэг зохиол, Котвичийн хэвлүүлсэн Жангарын арван бүлэг, Жамсраны Цэвээний хэвлүүлсэн буриад “Гэсэрийн тууж”, Козины судалж хэвлүүлсэн “Нууц товчоо”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр” гурав, Санжийн Гармаагийн судалж хэвлүүлсэн “Хан харангуйн тууж” зэргийн дурдаж хэлмээр ном, зохиол үлэмжхэн баймуй.
Өрнө зүгийн орны монголч эрдэмтэн нарын хэвлүүлсэн монголын уран зохиолын дурсгалт бичгүүд гэвэл, эрдэмтэн Лигетийн хэвлүүлсэн “Эрдэнийн сан Субашид”, Мостертын хэвлүүлсэн “Ордосын аман зохиол” гэдэг ном, Хэйнишийн хэвлүүлсэн “Бодичаръя Аватара” зэрэг болохоос гадна “Нууц товчоо”˗г судалсан өдий төдий ном, өгүүллийг хэлж болмуй. Хайсигийн бичсэн “Бээжинд монгол хэлээр хэвлэсэн шажны номууд” гэдэг чухал судлал 1954 онд хэвлэгдэж гарав.
Монголчууд өөрийн дурсгалт бичгүүдийг хэвлэх талаар бас багагүй ажлыг бүтээжээ. Монголчууд уран зохиолын дурсгалт бичгээ хэвлэх явдлыг арван гуравдугаар, арван дөрөвдүгээр зууны үеэс эхэлсэн гэвэл зохимуй. Тэр үед модон бараар “Эрдэнийн сан Субашид”, “Бодичаръя Аватарагийн” орчуулга тайлбар зэргийг хэвлэсний тасархай хуудаснууд гадаадын номын сангуудад баймуй. Чингээд хэвлэлийн уламжлал тасраагүйн нэг гэрч нь арван зургаадугаар зууны үед Монголд хэвлэсэн бололтой Жамбалцанжид гэдэг монгол ном Монгол улсын номын санд байгаа явдал болно.
Арван наймдугаар зууны орчмоос эхлэн "Гэсэрийн тууж”, “Ардыг тэжээх рашааны дусал ба түүний тайлбар”, “Эрдэнийн сан Субашид”˗ын тайлбар, “Саран хөхөө шувууны тууж”, “Үлгэрийн ном эрдэнэ цогцолсон”, “Мялын намтар дуулал хоёр”, “Нэйж тойн”, Жанжаа хутагт нарын намтар зэрэг олон номыг модон бараар хэвлэжээ. Арван есдүгээр зууны үеэс Буриадын Агын дацан, Цүүгэлийн дацан, Хамбын хүрээ зэрэг газарт модон бараар үлэмжхэн ном хэвлэснийг бас дурдах хэрэгтэй баймуй. Үүний дотор шажны ном голлож байсан боловч иргэний уран зохиол цөөнгүй байлаа. Дурсгалт бичгийг хорголжин бараар хэвлэх ажил, Монголын автономит засгийн үеэс эрдэмтэн Цэвээний удирдлагаар эхэлжээ. Чингээд сургуульд үзүүлэх зорилгоор “Чингисийн хоёр загалын тууж”, “Чингисийн дурсгалын түүвэр”, “Оюун түлхүүр”, “Цаасан шувууны үлгэр” зэрэг нэлээд дурсгалт бичгийг хэвлэжээ.
1921 онд Монголын ард түмэн эрх чөлөөгөө олсноос хойш дурсгалт бичгийг нэлээд хэвлэжээ. Хэвлэгдсэн зарим номын нэрийг хэлэхэд “Бигармижид хааны тууж”, “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Хав, муур, хулгана гурвын үлгэр”, “Алтан товч”, “Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал”, “Өнчин хөвгүүний шастир” зэрэг болмуй.
Соёлын өвийг үгүйсгэх үзэлтний хүчирхлийг Монгол ардын хувьсгалт нам засгаас буруушаан үзэж соёлын өвд анхаарал тавьсны ачаар “Нууц товчоо”, “Алтан товч”, “Эрдэнийн сан Субашид”, “Убаши хунтайжийн тууж”, “Хоёр загалын тууж” зэрэг нэлээд дурсгалт бичгийг сүүлийн үед хэвлэн гаргав.
Өвөр монголд “Нууц товчоо”, “Чингисийн цадиг”, “Алтан товч”, Рашпунцагийн “Болор эрих”, Инжинашийн “Хөх судар” зэрэг чухаг сонин зохиолуудыг урьд хэвлэж байсан ба чөлөөлөгдсөнөөс хойш улам ч эрчимтэйгээр хэвлэж байна. Зарим жишээг дурдваас гагц хоёрхон жилийн дотор Инжинашийн “Хөх судар”, “Нэгэн давхар асар”, “Улаанаа ухилах танхим”, “Эрдэнийн сан Субашид”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Гэсэрийн тууж” хоёр дэвтэр, “Жангар” зэрэг дурсгалт олон зохиолыг хэвлэж амжсан байна.
Монголын уран зохиолын дурсгалт бичгээс хэвлэгдсэн нь нэлээд болж байгаа боловч хэвлэгдэж амжаагүй нь нэн ч үлэмж байна. Түүгээр ч барахгүй чухам ямар зохиол байгааг бүртгэн мэдэж бас чадаагүй билээ. Судлах хэрэглэгдэхүүнээ бүртгэж чадаагүй байхад судалсан номыг зохиож гаргах гэдэг инээдтэй хэргийн нэг болно.
Ийм учраас монголын уран зохиолын тоймыг мэдэхийн тул урьдаар туршлага болгож дав дээр олдсон уран зохиолуудаас хэсэг бусгийг түүвэрлэн авч нэг зуун зүйлийг эмхлэн Монголын уран зохиолын дээж “Зуун билэг” хэмээх энэ бичгийг яаравчлан бэлтгэв. Энэ дэвтэрт дутуу дулим болсон зүйл үлэмж байх нь магад буй. Гэвч монголын дээд сургуулиудад уран зохиолын түүхийг заахад хэрэглэгдэхүүнээр дутагдан гачигдаж байгаа явдлыг бага сага ч болов нөхөж чадах буй заа.
Гагцхүү ардын талын бөгөөд лам ноёдыг эсэргүүцсэн чиглэлийн иргэний зохиолыг бүртгэн цуглуулж гаргаваас уран зохиолын түүхийг өрөөсгөлөөр буруу үзүүлэхэд хүрч болмоор байлаа. Урьдын уран зохиолд феодал ангийн уран зохиол ноёрхох суурийг эзэлж байсныг мартаж үл болмуй. Үүнийг бага сага ч болов үзүүлэх хэрэгтэй юм. Ийм учраас “Бодичаръя Аватара”, “Молон тойны намтар”, “Цаасан шувууны үлгэр”, “Сав шимийн дуулал” зэрэг шажны чанартай цөөн зохиолыг оруулсан билээ. Манай оюутан, багш, сэхээтэн нар энэ мэтийн урьдын нийтлэг шинжтэй зохиолыг хянан судалж ойлгомжтойгоор ашиглаж чадах нь лав гэж итгэж баймуй. Ер нь урьдын уран зохиолоос шажинтай огт холбогдолгүй цэвэр зохиолыг олох гэвэл усны дотор хуурай юмыг эрэх мэт бүтэшгүй хэрэг болно. Ном бичгийг шилж авахдаа уран чадварыг харгалзсанаас гадна сүм хийдийн зузаан туурганы ёроолд дарагшин хэвтсэн номыг чухалчилсангүй. Харин малчин айлын бор гэрээр дамжиж хүний гарт элэгдэж ноорсон ном бичгийг урьтал болгон түүвэрлэж авлаа.
Учир нь уран зохиолын түүхэнд олны дунд хэрэглэгдсэн эл ном орох ёстой.
Энэ дээжийг эмхлэн бэлтгэхдээ монголын сонгодог бичгийн хэл тогтохоос өмнөх үеийн буюу тухайлбаас арван долоодугаар зуунаас өмнөх үеийн зохиолыг болбоос үсгийн дүрэм мадгийг зассангүй, уг бичмэл дармал эхийг дагаж бичсэн ба монголын сонгодог бичгийн хэл тогтсоноос хойших буюу арван наймдугаар зуунаас хойших үеийн зохиолыг сонгодог бичгийн хэлний зүй, үсгийн дүрмийг баримтлан хэрийн дотор засаж бичсэн билээ.
Тус түүвэрт багтсан зохиол бүрд товч тайлбар хийснээс гадна зарим цөөн үгийн тайлбарыг дүгрэг хаалтын дотор бичсэн буй. Нийт үгийн дэлгэрэнгүй тайлбарыг эцэст тусгай хийж хавсралт болгон гаргах болмуй. Эмхэтгэн хэвлүүлж байгаа эдгээр дурсгалт бичгүүдийг уншихад дөхөм болгохыг зорьж энэ оршлоос гадна “Монголын уран зохиолын учир” хэмээх товч өгүүллийг удиртгал болгож нийтэлбэй.
Тус дээж бичигт 1921 оныг хүртэлх уран зохиолын дурсгалт бичгүүдийн жишээг багтаасан бөгөөд 1921 оноос хойших уран зохиолын дээж ба суралцах бичгийг тусгай зохиох хэрэгтэйг уншигчдад мэдэгдье.
МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН УЧИР
Монголын ард түмэн олон зуун жилийн турш мал маллаж нүүдэллэн амьдарсаар иржээ. Нүүдэллэн амьдрах явдал бол соёлын үнэт дурсгалыг бүтээх ба нэгэнт бүтээснээ хямгадан хадгалахад их түвэг бэрхшээлийг учруулдаг баймуй.
Гэвч Монголын ард түмэн энэ бэрхшээлийг давж соёлын үнэт бүтээл тухайлбал, уран зохиолын дурсгалт бичгийг цөөнгүй үлдээжээ. Монголын анхны бичиг үсгийн дурсгалууд арван гуравдугаар зууны үеэс үлдсэн юм. Энэ бол монголчууд арван гуравдугаар зууны үед бичиг үсэгтэй болсон гэсэн үг биш. Тэр үед монгол бичгийн хэл ба ярианы хэл харилцан тохирохгүй байсан тул түүнээс хэдэн зуун жилийн өмнө монголчууд бичиг үсэгтэй болсон буй за. Арван гуравдугаар зууны эхний үед нэгэнт эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулж тогтоосон үсгийн дүрэмтэй байжээ.
Мөн тэр үеэс эхлэн хад чулуун дээр монгол хэлээр бичсэн хөшөө дурсгалын бичгүүд монгол ба хятад нутагт цөөнгүй баймуй.
Тэр үеэс үлдсэн түүх, уран зохиолын гялалзсан дурсгалт бичиг болбоос “Нууц товчоо” юм. “Нууц товчоо” 1240 онд Хэрлэн мөрний хөвөөнд Өгэдэй хааны ордонд зохиогдсон юм. Үүнд Чингис хааны үед болсон түүхт явдлыг уран үгээр бичсэн баймуй. Уран үгээр бичсэн жишээг хэлбэл:
Эхийн сэтгэлийг гомдуулах үгийг битгий хэл гэхийн оронд тос шиг санааг нь царцуулах, сүү шиг сэтгэлийг нь ээдүүлэх чалчаа муу үгийг битгий хэл гэж бичсэн юм.
Баатар хүчтэй хүний байдлыг хэлэхдээ түүнийг зүгээр л хүчтэй хэмээхийн оронд:
Гурван бухаар зүтгүүлэвч
Гулзайхгүй хүчтэй
Гунжин үхрийг идэвч
Цадахгүй ходоодтой хүн
гэж бичсэн юм.
Хол газар явж юм үзээгүй эрх танхи хүнийг:
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагүй
Жижиг тугалын бэлчих
Газраас гарч үзээгүй хүн
гэж бичсэн юм. Ийм уран дүрслэх аргаар бичсэн түүх юм. Энэ зохиолын гол санааг хоёр зүйлээр гаргаж болох. Үүнд:
Нэгдүгээрт тархай бутархай байсан олон монгол аймгийг нэгтгэж нэг хаантай, нэгдсэн улс болгох зорилгыг магтан сайшаажээ.
Хоёрдугаар овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд шилжин орж байгаа явдлыг магтан сайшааж феодалын нийгмийг батжуулахыг эрмэлзсэн байна. Энэ үзэл санаа бол тэр үедээ дэвшилттэй үзэл санаа байсан юм.
“Нууц товчоон”˗д бүх монголыг Бөртэ чоно, Гуа марал хоёроос үүсэж гараад хожим бутарч олон аймаг болсон гэж бичсэн юм. Олон аймгийг нэгтгэх тэмцлийг онолын талаар үндэстэй болгохын тул нэг эцэг эхээс гарсан болгож бичсэн баймуй.
Олон монгол аймаг хоорондоо эвдрэн тэмцэхгүй нэгдэх саналыг уран үгээр бичсэний жишээг хэлбэл: “Алунгуа гэдэг нэг эмэгтэй хоёр хүүтэй байгаад нөхөр Добун мэргэнийг үхсэний хойно бас гурван хүүг төрүүлжээ. Анхны хоёр хүү нь гурван дүүгээ “Бутач хүүхэд” гэж хавчин хоорондоо хямралдахад Алунгуа таван сумыг таван хүүхдэдээ өгч “Хугал” хэмээсэнд тус тус хугалжээ. Дараа нь таван сумыг бөөгнөрүүлж боогоод таван хүүхдэдээ дараалан өгч “Хугал” хэмээсэнд нэг нь ч хугалж чадсангүй. Алунгуа үүнээс жишээ авч “Та нар хоорондоо эвгүй бөгөөд тархаж бутарвал энэ гагц сум шиг хэврэг болж дайсанд дийлэгдэнэ. Та нар эвтэй нэгдэлтэй байвал энэ хамт боосон таван сум шиг бэх бат бөгөөд дайсанд дийлдэхгүй болно” гэж сургасан юм.
“Монголын нууц товчоо” Хятад, Орос, Герман, Франц, Япон, Түрэг, Чех зэрэг олон хэл дээр орчуулагдсан бөгөөд олон газрын эрдэмтэн нар “Нууц товчоо”˗г судалж олон ном өгүүллийг бичсэн юм.
“Нууц товчоо”˗оос хойш түүн шиг гайхамшигт их зохиол гарсан нь ховор боловч уран зохиолын уламжлал тасраагүй юм. Үүнд “Хоёр загалын тууж”, “Оюун түлхүүр”, Алтан ордны үйсэн дээрх бичиг" зэргийг дурдаж болно. “Хоёр загалын тууж” бол жинхэнэ малчин ард түмний амьдралтай холбогдсон сонирхолтой зохиол юм. Эзэн нь морио хайрлахгүй учраас хоёр морь нь гомдож алс газар зугтаж явсан боловч хэдэн жил болоод орон нутгаа мөрөөдөж буцаж ирснийг үзүүлнэ. “Оюун түлхүүр” гэдэг зохиолд мөн монголын олон аймгийг нэгтгэх үзэл санааг нэвтрүүлнэ.
Үүнд бичсэн нь: “Урьд мянган толгойтой нэг сүүлтэй нэг могой байжээ. Морин тэрэг хүрч ирэхэд мянган толгой нь зүг зүг тэмүүлэн зүтгэсээр байгаад тэргэнд дайрагдаж үхжээ. Урьд бас мянган сүүлтэй нэг толгойтой могой байжээ. Морин тэрэг хүрч ирэхэд мянган сүүл нь нэг толгойгоо дагаж яваад нүхэнд орж амь мэнд үлджээ”. Ингэж нэг толгойтой нэгдмэл байвал монголчуудын хүчин чадал үлэмж болохыг сургасан юм.
Алтан ордны үйсэн дээрх бичиг болбол арван гуравдугаар зууны үеийн цэрэгт явсан нэг хүү эх хоёрын харилцан дуулсан шүлэглэл юм. Арван гуравдугаар зууны үед монголчууд газар бүр довтлон сүрхий дайн хийж явсан боловч энэ дурдсан дуулалд түрэмгий дайчин үзэл санаа байдаггүй. Хүү нь орон нутагтаа харьж ажил хөдөлмөрөөр амьдрахыг хүсэж, эх нь хүүгээ мэнд явж даруйхан буцаж ирүүлэхийг хүссэн баймуй.
Монголын соёлын нэг их амжилт бол Хятадын соёлын нөлөөгөөр монголчууд арван гуравдугаар зууны эцэс арван дөрөвдүгээр зууны эхээр модон бараар ном хэвлэж сурсан явдал мөн. Тэр үеийн хэвлэлээс хэдэн ном үлдсэний заримыг дурдвал “Күнзийн суртлын ачлалт ном” Бээжингийн ордны номын санд буй. Арван гуравдугаар зууны үед хэвлэгдсэн “Эрдэнийн сан Субашид” гэдэг ардын уран цэцэн үгийн цоморлогийн гагц уранхай хуудас Хельсинк хотод бий. “Долоон өвгөний судар” бас бий гэдэг. “Бодичаръя Аватара” (Бодичарья˗оводара) гэдэг Энэтхэгийн гүн ухааны яруу найргийн тайлбараас арван хоёр хуудас Берлинд буй.
Арван дөрөвдүгээр зууны эхний үед Энэтхэгийн гүн ухааны “Бодичаръя Аватара” гэдэг номд тайлбар бичээд хэвлэн гаргаж байсныг үзэхэд монголын оюуны соёл нэлээд хөгжиж байжээ. Энэ номын дотор “Зэвсэг бариад байлдаж байгаа хүмүүс, цэцэг бариад баярлалдан уулзах болтугай” гэж ерөөсөн байдаг.
Арван тав, арван зургаадугаар зууны үеийн уран зохиолын дурсгалт бичгүүд бараг үлдсэнгүй. Олон жил дараалан үргэлжилсэн дайн байлдаанд үрэгджээ.

You have read 1 text from Mongolian literature.