Latin

Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 1

Total number of words is 4550
Total number of unique words is 1840
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
italki
ЮЛИУС ФУЧИК

ЦААЗЫН ГАЗАР СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ

“Монголын зохиолчдын эвлэл” Улаанбаатар хотноо 1951 онд эрхлэн хэвлүүлсэн номыг Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.




Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


Монголын зохиолчдын эвлэл

Юлиус Фучик

ЦААЗЫН ГАЗАР СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ

Чех хэлнээс РИНЧЕН монголчлов.
Улаанбаатар.
MCMLI


Julius Fučik

REPORTÀŽ PSANA NA OPRATCE

Preklad Rinčena

Ulanbalor hoto
MCMLI


ПАНКРАЦ ДАХЬ ГЕСТАПОГИЙН ГЯНДАНД 1943 ОНЫ ХАВАР БИЧЖЭЭ


Равеусбрюкт хорих лагерьд байхдаа хоригдогчдоос сонсвол, миний нөхөр Юлиус Фучик, «Руде Право» сонин, Творба сэтгүүлийн редактор, нацист шүүхээр Берлинд 1943 оны наймдугаар сарын 25-наа алах ял заагдсан гэж сонссон билээ.
Тэгээд цаашаа яасныг сураглахад, хорих лагерийн өндөр хэрмээс өөр сураг гарч өгсөнгүй билээ.
Гитлерийн Герман, 1945 оны 5 дугаар сард дарагдсаны сүүлд олон гяндан, хорих лагериас фашистын алан хядаж, тарчилган тамлаж амжаагүй хоригдлууд суллагдан, тэдний дотор би бас суллагдсан билээ.
Чөлөөлөгдсөн нутагтаа буцаж ирээд, нөхрийнхөө сураг гаргах гэж оролдлоо. Германы түрэмгийлэн эзлэгчдийн тамлан зовоодог шоронд хоригдон зовж байсан нөхөр хань, үр хүүхэд, эцэг эхээ эрэн сурагладаг мянга мянган хүн миний нэгэн адил эрэл сурал хийж байсан билээ.
Тэгээд, олж сонсвол, Юлиус Фучик, ял унагаж шийтгүүлснээс хоёр долоо хоносон хойно 1943 оны 9 дүгээр сарын 8-нд Берлинд цаазаар аваачуулсныг олж мэдлээ.
Бас, олж сонсвол, Юлиус Фучик панкрацын шоронд байхдаа юм бичиж байсан байжээ. Миний нөхрийн сууж байсан тасалгаанд нь цаас харандаа авчирч, бичсэн цаасыг нь нэг нэгээр нь шоронгоос нууц гаргаж байсан гяндангийн хуяг А. Колински тэрхүү бичих нөхцөл олгож өгсөн байжээ.
Тэр хуягийг эрж олоод, панкрацын шоронд Юлиус Фучикийн бичиж байсан юмыг цувруулсаар олж авлаа. Ондоо, ондоо газар, ондоо ондоо хүнд, хүний нуун хадгалж байсан дэс дугаар бүхий тэр хуудсыг дэс дэсээр нь болгож аваад, одоо уншигч авгай нарт толилууллаа. Энэ бол Юлиус Фучикийн эцсийн ном билээ.

ПРАГ, 1945 ОНЫ ЕСДҮГЭЭР САР.
ГУСТА ФУЧИКОВА


Гараа өвдөг дээрээ тавиад, цээжээ гудайж Петчекийн ордны шарласан туурга өөд нүд чилтэл харж, хар баагаар хавчигдан суух гэдэг, сэтгэн бодоход тун ч дөхөмгүй билээ. Гэвч, хүний сэтгэлийг биеийн адил хэн хар баагаар хавчиж чадах вэ?
Хэн, хэзээ ч билээ, мартчихлаа. Хэн хэзээ тэгж хэлснийг, Петчекийн ордон дахь мөрдөн байцаалтынхны тасалгааг "Кино үзэх танхим" гэж нэрлэсэн билээ. Сүрхий мэргэн нэр өгсөн ажээ. Том гэгчийн тэр тасалгаа нь урт урт зургаан мөр вандан тавьж, хүнийг хөдөлгөхгүй суулгаад, урд нь нүцгэн туурга байдаг нь кино гардаг цагаан даавуу шиг. Дахин байцаалгах, дахин тамлуулах, үхэх цагаа хүлээж суудаг хүний тэр туурга өөд ширтэн харж, сэтгэлдээ бясалгасныг бүх дэлхийн кино үйлдвэр бүгдээрээ нийлж хийсэн кино фильм нь, хэмжээгээр хэрхэвч гүйцэхгүй дэг. Тэр туурга өөд харж суугаад, нэгэн насныхаа явдал, тэр насандаа тохиолдсон хамгийн ялимгүй явдлыг хүртэл киноны сүүдэр зураг фильм харсан шиг нүдэнд үзэгдэж, эх, эхнэр, хүүхэд, баларсан голомт, сүйрсэн амьдралынхаа фильмийг харж, бат журамт, чин зоригт нөхөр, барьж нэр зааж өгсөн хүн, тэмдэглэлийн сүүлчийн хуудсыг авсан хүн, дахин урсах цус, гар чанга атган барьж, журам сануулсны фильм, айж хирдхийсэн, зорин шийдсэний фильм, хорсон жигшсэн, хайрлан энхрийлсэн, бухимдан уйдсан, горьдон найдсаны фильм харагдах ажээ. Амьдралаас ангижран тасарсан хүн, тэнд тийнхүү өөрийн нүдний өмнө, өдөр тутам сэтгэлээр үхэж байдаг боловч, тэр бүрдээ сэргэн төрөхөө үздэггүй ажээ.
Би тэнд, өөрийнхөө явдлын фильмийг зуу дахин үзсэн билээ. Мянга дахин задруулж үзсэн билээ. Тэр үзсэнээ хэлж үзье. Миний өгүүлж гүйцэхээс өмнө цаазаар аваачих гээд явчихвал, амар сайхнаар жарган төгсөх төгсгөл, happy end-ийг нь гүйцээх түг түмэн хүн үлдэх бий.


ТЭРГҮҮН БҮЛЭГ - ХОРИН ДӨРВӨН ЦАГ


Таван минут болоод, цаг арав цохино. Тэр үдэш, 1942 оны дөрөвдүгээр сарын хаврын бахтай сайхан дулаан үдэш билээ.
Би баахан яарч, хөл доголон, томоотой янзын хүн болж яваагийнхаа хэрд тааруулан, нэлээд яаран алхалж, байшингийн гадаа хаалгыг түгжихээс урьд Елинекийнд хүрэх сэн гэж явсан билээ. Тэнд, миний "туслах" Мирек намайг хүлээж байгаа хэрэг. Тэр маань, над хэлэх төдий л чухал юмгүй, би ч мөн түүнд төдий л хэлж захих онцын юмгүйгээ мэдэвч, нэгэнт уулзах гээд, очихгүй болбол, яачхав гэж амьтан сандарч мэдэх хэрэг. Ялангуяа тэр гэрийн эзэн, сайхан сэтгэлтэй хоёр хүнд очихгүй мөртөө, дэмий түвэг тойв татсан болно гэж бодоод, аргагүй очиж явсан билээ.
Тэр айлынхан, над цай барьж, Мирек, аль хэдий нь ирээд, бас, Фрид эхнэртэйгээ иржээ. Даанч болгоомжгүйеэ, нөхөд минь, би та нарын нүүрийг үзэх дуртай боловч, ингэж бөөгнөрөөд яах нь вэ дээ. Тэр чигээрээ л ялд унаж, үхэх замаа ингэж эрэх гэж байх уу? Нэг бол, нууц байдлын дүрмийг дагах хэрэгтэй, нэг бол, ажил хийхээ байх хэрэгтэй. Эс тэгвэл өөртөө ч, бусдад аюултай хэрэг. Мэдэв үү? гэхэд минь,
— Мэдлээ гэж билээ.
— Над юу авчрав? гэхэд,
— Руда Право сонины майн дугаар гэжээ.
— За, болж. Мирек, чи, юутай вэ? гэхэд минь
— Аар саар юм. Шинэ юм алга аа. Ажил урагштай байна аа... гэжээ.
— За, одоо майн нэгнээс хойш уулзъя даа. Би хэл өгнө.
— За, баяртай! гэтэл гэрийн эзэн,
— Бас нэг аяга цай зоогло, эрхэм авгай! гэжээ.
— Үгүй, үгүй, Елинек авгай, бид даанч олон хүн байна гэхэд минь,
— Үгүй, ганц аяга цай зооглоод яв л даа, би таныг гуйя гэжээ. Аягалсан цайнаас нь уур гарч байв.
Хаалганы хонх дуугарах чимээ гарав. Шөнө, ингэж хаалганы хонх дуугарч байх, ямар хүн ингэдэг юм бол?
Хонх дуугарч байгааг нь сонсвол, нэлээд ширүүн улс бололтой.
Хаалга балбаж эхлээд,
— Хаалгаа нээ! Бид цагдаа нар байна! гэжээ.
— Цонхоор бушуу гарцгаа! Зайлж үз! Над гар буу бий. Та нарын зайлтал, би түр хориглож үзье гэтэл, хожимджээ! Цонхон дор, байшин өөд буугаа тусгасан гестапо нар хэдий нь зогсжээ. Хаалга суга цохиж ороод, тогооны байшин руу дайран орж, тэндээс дотогш орж ирэв.
Нэг, хоёр, гурав, есөн эр орж ирэв. Намайг харсангүй, би тэдний ард нь, нээгээд орхисон хаалганы нь цаана зогсож байлаа. Тэндээсээ би буудсан ч тэднийг болох байжээ. Гэтэл, тэд нар, есөн бууны амыг хоёр эмэгтэй, улаан гартай гурван эр хүний өөдөөс тусгажээ. Миний бодоход, юуны өмнө тэд алуулах болно. Биеэ буудъя гэхэд бууны чимээгээр, наадуулын буудахад тэд мөн алуулна. Намайг буудахгүй байвал, тэд маань, хагас жил юм уу, нэг жил хоригдож байгаад, хувьсгал гарч суллагдан амь бүтэн гарна байх. Ганц Мирек бид хоёр л гарч чадахгүй, тамлуулах байх. Яаж эрүү шүүлт хэрэглэсэн ч надаас юм олж сонсохгүй байх. Харин Мирек яадаг бол? Испанид байлдаж явсан хүн шүү дээ... Францад хорих лагерьд хоёр жил хоригдоод гарсан, дайн дундуур Францаас сэм Праг хүртэл яваад ирсэн тийм хүн, арай ч намайг барьж өгөхгүй байх гэж бодлоо.
Над, хоёр секундийн бодох зай байжээ. Гурван секундийн ч зай бий болов уу.
Тэгээд, далдаас намайг гарч ирэхэд,
— Аа, бас нэг хүн байна гэжээ.
Намайг нэг түүшиндээд авчээ. Тэгж цохивол хүнийг алахад амархан байна шүү гэж бодогдов.
— Haende auf!1 гэж хашхирчээ.
Нэг цохиод авчээ. Бас нэг.
Тэгэх л байх гэж би бодож байсан юм.
Тэр айлын тохитой байр нь, овоолсон ортой новш, эвдэрхий хэмхэрхий сав сандал болж дүүрлээ.
Дахиад л гар хөлөөрөө зодож өшиглөж эхлэлээ.
— Марш! гээд намайг машинд чихэж оруулав. Бууны ам надаас салдаггүй. Замдаа байцааж эхлэв.
— Хэн бэ чи? гэхэд,
— Багш Хорак гэлээ.
italki
— Худлаа!
Намайг далаа хавчихад,
— Эс хэлбэл, буудна! гэжээ.
— Бууд аа, бууд! гэтэл
Буудна байх гэсэн чинь, харин гараа зангидан шаадаг байжээ.
Трамвайн хажуугаар өнгөрөн гарахад, цагаан цэцэг чимгээр чимсэн тэрэг шиг үзэгдэв. Бэр буулгах найр хуримынхны явж байгаа трамвай тэрэг, шөнө ийм орой явах гэж үү дээ? Дэмийрч, нүдэнд хий юм үзэгдэж байгаа юм байлгүй дээ гэж бодлоо.
Петчекийн ордон, тэр лүү амьд яасан ч орохгүй гэж боддог байсан билээ би. Дөрөвдүгээр давхарт нь намайг чирч гаргав. Уухай, өнөөх цуутай!! А! гэдэг, эв хамт нарыг эсэргүүцэх хэлтэс шив дээ. За, юм үзэх нь дээ гэж санагдаж явлаа.
Нэгжин баривчлахад, удирдаж явсан өндөр туранхай комиссар, буугаа хуйлаад, намайг контортоо оруулж, янжуур тат гэж тамхилав. Тэгээд,
— Чи хэн бэ? гэжээ.
— Би багш Хорак гэлээ.
— Худал!
Түүний бугуйн цагийг үзвэл, арван нэг болжээ.
— Наадахыгаа нэгж! гэж тушаав.
Нэгжиж эхлэв. Хувцас хунарыг минь тайлуулав.
— Биеийн үнэмлэхтэй юм байна гэж нэг нь хэлжээ.
— Хэн гэж байна гэхэд нь,
— Багш Хорак гэж байна гэжээ.
— Магадалж үз! гэхэд нь,
Утасдлаа!
— За тэгнэ ээ. Бүртгүүлээгүй юм байна. Биеийн үнэмлэх гэдэг нь хуурамч байжээ гэжээ.
— Хэн чамд тэр үнэмлэх олгосон бэ? гэхэд нь,
— Цагдан сэргийлэх гэлээ.
Модоор нэг цохиод авлаа! Дахиад бас нэг. Тоолох уу байх уу?
Цохисны нь тоог авч бүртгэсний хэрэг над байна уу даа гэж бодож байтал,
— Нэр хэн бэ? Хэл! Хаа суудаг вэ? Хэл! Хэнтэй уулзаж байсан бэ? Хэл! Уулздаг газар хаана байсан бэ? Хэл! Хэл! Хэл! Нэвширтэл зодно шүү! гэжээ.
Эрүүл биетэй хүн, хэчнээн зодохыг даадаг юм бол доо? гэж зодуулан бодож байлаа.
Радио, шөнө дүл болсныг зарлав. Кафе гуанз хаагдаж, хамгийн сүүлд орж ирсэн зочид нь, гэр гэртээ харьцгааж, янаг сэтгэлтэн, байшингийнхаа хаалганы өмнө салж ядан зогсоцгоож байгаа байх гэж бодож байтал, өндөр туранхай комиссар, их л баярлан инээд алдаж, гаднаас орж ирээд,
— Одоо учир тодорхой болж уу, сонины эрхлэгч авгай? гэхэд нь
Хэн тэдэнд намайг тэгж хэлж өгөв өө? Елинектэн хэлэв үү?
Фридтэн хэлэв үү? Миний нэрийг ч олж сонсоогүй улс шүү дээ гэж бодтол,
— Чи харж байна уу? Бид цөмийг мэдэж авсан шүү. Хэл! Ухаан орж үзээч гэжээ.
Сонин үгтэй улс юм аа даа! Ухаан орж үзэх гэж, урван тэрслэхийг хэлэх нь ээ?
Би ухаан орж өгсөнгүй.
— Наадахыгаа хүл! Цээрлэл үзүүлээд орхи! гэжээ. Нэг цаг болжээ. Сүүлчийн трамвай тэрэг өнгөрч, гудамжинд хүн харгүй болж, радио, орой болтол салдаггүй чагнаж суудаг хүнд сайхан нойрсоорой гэж ажиллагаагаа төгсгөв.
— Төв хороонд чинь, чамаас гадна, бас, хэн бий вэ? Агаарын мэдээ нэвтрүүлэгч хаана байдаг вэ? Хэвлэлийн хороо хаана байдаг вэ? Хэл! хэл! хэл! гэжээ.
Тэгсээр, зодуурыг тоолох тэнхээ орж сэхлээ. Өвдөх нь мэдэгдэхээс, ганцхан хөмхийгөө хазаж орхисон минь, чим чим өвдөж байгаа нь мэдэгдэж байв.
— Гутлыг нь тайл! гээд тайлуулжээ.
Ай, хөлийн ул эмзэг хэвээрээ байгаа юм байна шүү. Өвдөх нь мэдэгдэж байна. Тав, зургаа, долоо... модоор цохих нь нугас тархинд ортол өвдөхийг хэлэх үү.
Хоёр цаг болов. Праг хотынхон унтацгааж, хааяа хүүхэд нойрондоо зүүдлэн уйлж, эр нь эмийнхээ мөрийг илж байгаа цаг.
— Хэл! Хэл!
Аман дотроо хэлээр үзэж хэчнээн шүдээ булга цохиулсныг мэдэх гэж оролдоод, мэдэж чадсангүй, Хэдэн шүдээ булга цохиулсан болох нь вэ? Арван хоёр, арван тав, арван долоо, үгүй, тэр минь, ер, шүдний тоо биш, намайг "Байцааж" байгаа комиссарын тоо шив дээ. Зарим нь, байцаасаар тамирдчихжээ. Үхэл, бас л ирэх болоогүйеэ.
Гурван цаг болов. Хотын захаас өглөө болохын шинж орж дээ. Ногоочин зах орох гэж цувж, гудамж цэвэрлэгчид, гудамжинд гарч эхэлдэг цаг. Нэг өглөө болохыг үзэх настай юм байжээ, би гэж бодлоо.
Миний эхнэрийг аваад ирлээ.
— Таних уу үүнийг? гэж над руу заажээ.
Үзүүлэхгүй гэж цусаа хэлээрээ долоож үзлээ... Дэмий ч тэглээ. Цус минь, бүх биеэс дусалж, хурууны үзүүрээс хүртэл дусалж байдаг байжээ.
— Таних уу үүнийгээ? гэхэд нь
— Танихгүй! гэж хэлээд, намайг харж, элэг эмтэрч, сүрдэн айснаа огт мэдэгдсэнгүй, хонгор минь. Одоо тэгсний хэрэг бага болсон боловч, намайг яасан ч танихгүй гэж хэлнэ гэсэн үгэндээ хүрчээ. За, байз уу, хэн миний нэрийг хэлж өгсөн байх нь вэ?
Эхнэрийг минь аваад явжээ. Чадлынхаа хэрээр аль зугаатай хөхиүнээр өөдөөс нь харж, салах ёс хийлээ. Тэгэвч, тэр харц минь, төдий л зугаатай хөхиүн болж өгсөн гэж үү дээ, бүү мэд.
4 цаг болов. Үүр цайв уу, цайгаагүй юу? Хөшгөөр халхалсан цонхонд юу ч мэдэгдэхгүй ажээ. Үхэл бас л ирж өгөхгүй нь ээ. Түргэлж үзэх юм бил үү дээ. Яаж тэгэх вэ? гээд, нэг хүнийг цохиод би өөрөө, шалан дээр ойчлоо. Өнөөдүүл, над руу ухасхийн дайрч, хөлөөрөө өшиглөцгөөв. Одоо л, түргэн нэгэн тийшээ болох нь шив дээ. Хар комиссар, миний сахлаас шүүрэн, нэг атга сахал зулгааснаа над таваа ханаж, инээмсэглэн үзүүлэв. Тэр нь нээрээ инээдэмтэй юм шиг үзэгдэв. Би ер, өвдөхийг хэдий нь мэдэхээ байжээ.
Таван цаг болов, зургаа, долоо, арван цаг, үд болж, ажилчин ажилдаа очоод, ажлаасаа харьж, хүүхэд, сургуульдаа очоод, сургуулиасаа харьж, дэлгүүрүүд наймаагаа хийж, айл хоолоо хийж, ээж минь, намайгаа яачхав даа гэж, нөхөд минь миний баригдсаныг мэдээд, сэргийлэн болгоомжлох арга сүвэгчилж байгаа байх... Намайг үг алдаж магадгүй гэж... тэгж айхын хэрэггүй билээ. Би тэгэхгүй, нээрээ тэгэхгүй, одоо эцсээ үзэх минь холгүй болсон байх. Хамаг юм, зүүдэлж байгаа юм шиг, зовж дэмийрэн, зүүдэлж байгаа юм шиг санагдаж, бие нэг л жигтэйхэн болчихжээ. Намайг зодож нүдэж байгаа бололтой. Тэгээд ус цутгаж зайгаа бололтой. Тэгээд дахин зодож "хэл! хэл! хэл!" гэж байгаа бололтой. Би, бас л үхэж өгөхгүй, ээж минь, аав минь, юунд намайг ийм долоон голтой болгож төрүүлсэн билээ, та минь? гэж бодож байлаа.
Өдөр өнгөрөв. Таван цаг болов. Өнөөдүүл минь байцаасаар, цөм ядарцгаачихжээ. Удаж удаж нэгэнт л зодож байгаагаас гэж хааяа ганц нэг цохиод авах болов. Тэгтэл, жигтэй холоос дуулдаж байгаа юм шиг, аяархан зөөлөн хоолойгоор нэг хүн,
— Er hat schon genug!2 гэж хэлэх нь чихэнд минь сонстов.
Би сууж байгаа бололтой. Миний өмнөх ширээ нэг дээшээ, нэг доошоо оволзон байх шиг үзэгдэж нэг хүн над уух юм өгч, нэг хүн тамхи өгч байгаа бололтой. Тамхийг нь барих тэнхээ минь тасарчээ. Нэг хүн миний гутал өмсгөх гэж оролдож, хөлд нь багтахаа байжээ гэж байгаа бололтой. Тэгээд намайг түшин чирч, шат руу авто тэрэг хүртэл аваачиж суулгаад, бид явж байгаа бололтой. Нэг хүн, над руу гар бууны ам тусгахад нь дотор минь инээд хүрч явлаа. Тэгтэл, бас л, өнөөх цагаан цэцэг чимгээр чимсэн хурим найрын трамвай тэрэг үзэгджээ. Тэр лав, зүүдэлж байгаа болов уу? Би, үгүй бол, халуурч, дэмий юм нүдэнд үзэгдэв үү. Эсвэл үхэх гэж байгаа нь тэр үү, үхэл иржээ? Үхэхэд хэцүү хүнд байдаг гэдэг сэн. Над хүнд хэцүү гэх юм алга, бие, цаас шиг хөнгөн, нэг амьсгаа аваад л эцэс болчихмоор байх шиг.
Эцэс болох нь уу? Арай ч цаг болоогүй юм сан, би зогсож байгаа бололтой. Нээрээ өөрөө зогсож байна шүү. Хүнээр түшүүлэхгүй. Миний өмнө, нэг юм үсэрч, халтар болсон хиртэй, шар туурга байх шиг юу үсэрсэн юм бол? Цус юм уу даа? Тийм ээ, цус байх шив. Хуруугаар хүрээд үзэхэд, наалдаад, нойтон цус юм аа... Үгүй, энэ чинь миний цус үсэрч л дээ.
Араас минь намайг нэг хүн толгой руу минь нэг буулгаад авч гараа өргөөд явган сууж, дээшээ бос гэж тушааж, гурав дахин доошоо явган суугаад, бостлоо би ойчоод өгөх шиг боллоо. Өндөр нуруутай СС-ийн хүн миний дэргэд зогсоод, босгох гэж өшиглөж, намайг босож чадах юм шиг. Тэгтэл, нэг хүн ус асган тэнхрүүлэх шиг болж, нэг эхнэр хүн, эм уулгаад, юу чинь өвдөж байна гэж асууж байх шиг. Тэгэхэд нь, хамаг өвдөх нь миний зүрхэнд шингэсэн шиг болов.
— Чамд зүрх байгаа юм гэж үү? гэж тэр өндөр СС-ийн хэлэхэд,
— Байлгүй яадаг юм бэ? гэж хэлээд зүрхээ өмөөрөн хамгаалах тэнхээтэй байгаадаа бахархлаа.
Тэгж байтал, хамаг юм мэдэгдэхээ байж, тэр туурга ч алга, эм барьж байсан өнөөх эхнэр ч алга, тэр өндөр СС ч алга болоод өгчээ. Миний өмнө шоронгийн тасалгааны хаалга нээлттэй, нэг бүдүүн СС, намайг тэр тасалгаа руу чирч оруулаад, тамтаг болсон цамцыг минь тайлж, сүрэл чихсэн дэвсгэр дээр хэвтүүлээд, миний хавдчихсан биеийг барьж үзээд, хүйтэн жин тавь гэж нэг хүнд тушаажээ.
Толгойгоо сэгсэрч, нөгөө нэгэндээ хараач манайхныг хараач, хүнийг ингэчихжээ! гэж гайхав.
Тэгээд дахиад холоос үзэгдэхгүй холоос, аяархан зөөлөн дуугаар, нэг хүний дуугарах чимээ чихэнд минь дуулдаж,
— Өглөө болгож чадахгүй нь ээ гэж хэлэх нь дуулдаж билээ.
Таван минут болоод, цаг арав цохино. Юутай сайхан, хаврын дулаахан үдэш билээ. 1942 оны 4 дүгээр сарын 25 юм санжээ.


ХОЁРДУГААР БҮЛЭГ - ҮХЛЭН


"Наран гэрэл бөхөж, гэгээн одон
"Бүрэгшин, бүрэгшин..."

Хоёр хүн, элгээ тэврээд, цагаан бунхан дотор нүсэр алгуураар алхлан, хоолойгоо нийлүүлж чадахгүй, уртаар эгшиглэв, шашны гунигт дуулал эгшиглэж байгаа бололтой.

"Тэнгэр өөд, тэнгэр өөд,
"Сүнс дэгдэн дэвшээд..."

Нэг хүн үхжээ. Хэн юм бол доо? Толгойгоо өргүүлж үзэх гэж оролдоод үзлээ. Лав үхсэн хүнтэй авс, толгойн тушаа хоёр лав зул барьсан нь үзэгдэх биз.

"Шөнийн харанхуй байдаггүй
"Насад гэгээн гэрэлтэй байдаг юм..."

Чүү чамай гэж тэр зүг рүү харж үзвэл, ер юм үзэгдэхгүй, ондоо хүн ч алга, өнөөх хоёр хүн, надтай гурвуул байгаа юм байна. Хэний хойноос залбирал уншиж байгаа юм билээ?

"Тэр одыг үүрд гэрэлтүүлсэн,
Есүс өөрөө, Есүс өөрөө"

Энэ ер, үхсэн хүнийг оршуулах залбирал ёстой оршуулах залбирал уншиж байх шив дээ. Хэнийг оршуулах гэж байгаа юм билээ дээ?Тэр талийгаач нь хэн бэ? Өнөөх хоёр хүн, надтай гуравхан хүн байна шүү дээ. Үгүй намайг юм даг аа? Намайг оршуулах гэж байгаа юм шив дээ? Байз та нар минь, та нар эндүүрч байна. Би үхээгүй шүү. Би амьд байна шүү. Харахгүй юу, би та нарын өөдөөс харж, та нартай үг хэлэлцэж байна шүү. Болиоч ээ! Намайг битгий оршуул!

"Хайртандаа, хайртандаа
"Хагацан салах ёс хийгээд

Эд чинь, намайг дуулахгүй нь ээ. Дүлий юм уу даа? Би тийм аяархан дуугарч байгаа юм болов уу даа? Нэг бол, би үхээд, эднүүд, миний хий хоолойг дуулахгүй байгаа юм билүү? Миний бие энд хэвтэж, би өөрийнхөө яс барих ёслолд байлцаж байгаа юм бил үү? Инээдэмтэйеэ!

"Тэнгэрийн зүг, тэнгэрийн зүг
"Тэсгэлгүй, горьдон ширтлээ..."

Нэхэн санаж үзвэл, хүн намайг чүү чамай гэж өргөөд хувцаслуулж, дамнуурга дээр тавиад, авч явахад нь төмөр тахтай гутлын гишгэж явах чимээ сонстож байсан бил ээ. Тэгээд, юу болсныг бүү мэд. Үзсэн ч үгүй, мэдсэн ч үгүй билээ.

... Насад гэгээн гэрэлтэй байдаг..."

Арай тийм биш байх аа, би амьд байх. Бие мэр мэр өвдөж, ам цангаж байх шиг, үхсэн болбол, хаанаас тийм байх вэ.
Гараа хөдөлгөж үзэх гэж байдаг тэнхээгээ гаргаад, ондоо хүний дуугарч байгаа юм шиг хачин хоолойгоор,
— Юм ууя! гэж дуугартал, тэгэлгүй яах вэ, өнөөх хоёр хүн тасалгаа дотуур тойрч явахаа зогсоод, миний дээр ирж бөхийгөөд, нэг нь, миний толгой өндийлгөөд, нөгөө нэг нь над шанагатай ус аманд нь тосож,
— Нэг юм идэж үзээч дээ, чи минь, хоёр хоног дандаа ус уугаад байх гэж яаж тэгж болдог юм билээ, гэхэд нь, байз уу, энэ ч юу билээ? Хоёр хоног гэж юу хэлэв. Өнөөдөр гараг юу болж байгаа билээ? гэхэд.
— Даваа гараг гэжээ.

Даваа гараг.
Намайг баасан гарагт барьж авсан шүү дээ. Толгой даагдахгүй хүнд болжээ. Энэ ус юутай цэнгэг сайхан ус вэ! Унтах юм сан! Алив, би унтаж үзье! Худгийн усанд нэг дусал юм дусаагаад орхижээ. Энэ бол Рокланы тэндэх овоохойн ойрх зүлгийн булаг шив дээ. Намираа борооны дусал модны шилмүүсэнд шуугинан дусаж байгаа юм байх аа... Унтахад яасан сайхан юм бэ.
...Намайг дахиж сэрэхэд, мягмар гарагийн үдэш болж, миний дэргэд нохой зогсож байх шиг, чоно шиг нохой. Над руу, цэцэн сайхан нүдээр харж,
— Чи хаа суудаг билээ? гэж асууж байх шиг, Үгүй, арай ч тэр нохой асууж байгаа биш, хүн бололтой. Түрийтэй гутал, бас, цэргийн өмдтэй түрийтэй гутал харагдаж, дээшээ харах чадал над алга, толгой эргэж за даа, тэр ч яах вэ, би унтах л юм сан...

Лхагва гараг.
Өнөөх залбирал уншиж байсан хоёр хүн, ширээний өмнө сууж, шавар тавгаас юм идэж байх шив дээ. Би одоо тэднийг таньж байна. Нэг нь дүүмэд, нөгөө нь ахмад насны хүн бололтой. Лам нарын шинж арай ч тэдэнд алга. Өнөөх бунхан гэж байсан минь, бунхан ч биш, гяндангийн тасалгаа байж, цаана нь хүнд бараан хаалга байгаа нь үзэгдэв...
Цоожинд түлхүүр харжигнаж, өнөөх хоёр хүн ухасхийн босож, номхон зогсоод СС-ийн хувцастай хоёр хүн орж ирээд, намайг хувцаслаад гэж тушаажээ. Ханцуйдаа гараа хийх өмдний шуумагт хөлөө хийхэд тийм их өвчтэй байдаг юм гэж би урьд өмнө ер санасангүй билээ. Тэгээд намайг дамнуурга дээр тавиад, шат руу дамнан явахад нь, тахтай гутлын гишгэх чимээ хонгилд их л тодхон сонсогджээ.
Намайг үүгээр нэг удаа аваад явсан шиг, хааш аваачсаныг бүү мэд. Одоо хаана аваачиж, ямар тамд хүргэх юм бол доо гэтэл, панкрацын цагдан сэргийлэхийн гяндангийн баригдсан хүнийг хүлээн авах конторын нүдэнд хүйтэн, гэрэл муутай тасалгаанд авчраад дамнуургыг шал дээр тавьжээ. Сайхан санаат Чех хүний дуугарах нь сонстож, герман хүний догшин урхирах үг дууг орчуулж,
— Чи энэ хүүхнийг таних уу? гэвэл эрүүгээ гараар тулж, харж үзвэл, дамнуургын минь дэргэд өргөн царайтай, залуу хүүхэн зогсож байв. Зоригтой гэгчээр гэдийгээд, толгойгоо өргөж зогсож байгаа нь, адрах байдал огт үгүй, маш төв ихэмсэг, гагцхүү намайг харж, нүдээр мэндийг мэдэж, ёслох төдийхөн, доош харжээ.
Танихгүй гэж хэлээд, санаж үзвэл, тэр нэг айхтар шөнө Петчекийн ордонд нэг удаа хальт харсан шиг санаанд орж, одоо хоёрдугаар уулзалт болж дээ. Тийм төв ихэмсгээр зогсож байсанд нь баяр хүргэж, гарыг нь барихаар гуравдугаар удаа уулзаж чадахгүй минь хайрлалтайяа. Тэр хүүхэн, Арношст Лорёнцын авгай байжээ. 1942 онд бүслэгдсэн байдал зарласны эхээр цаазаар авхуулсан хүн билээ.
— За, тийм болбол, энэ хүүхнийг таних байлгүй дээ гэхэд, харвал, Аничка Ирасек ажээ! Аа хөөрхий минь, Аничка, та яагаад энэ рүү орж ирдэг билээ? Би танай нэрийг огт хэлээгүй шүү. Та ч намайг бүү тань, би таныг танихгүй, мэдэв үү, би танихгүй гэж өөдөөс нь хараад,
— Танихгүй гэхэд минь, цагдаа нар,
— Хар хүн гуай, ухаан санаа орж үз ээ гэжээ.
— Танихгүй, танихгүй гэхэд,
— Юлоо, одоо дүүрсэн хэрэг гэж Аничка хэлээд хамрын алчуурыг хуруугаар базалсан төдийхнөөр сэтгэл нь хөдөлсөн байдлаа мэдэгдэж, одоо дүүрсэн хэрэг. Намайг хүн зааж өгсөн гэсэн гэхэд нь,
— Хэн? гэж асуутал минь,
— Дуугүй бай! гэж цагдаа нар зандраад, тэр хүүхнийг бөхийж миний гар барих гэхэд нь түлхэн зайлуулжээ.
Аничк оо!
Бас юү юү надаас байцаан асуусныг би дуулсангүй. Холоос хөндлөнгөөс харж байгаа юм шиг огт өвдөх эмзэглэхгүйгээр нэг мэдэх нь ээ, хоёр СС намайг дахин дамнаад, чамд дүүжлүүлж байвал чинь дээр үү? гэж намайг ширүүн ширүүн дугтран инээд алдаж ам асууж явав.

Пүрэв гараг.
Би баахан юм таних болж эхэллээ. Надтай хамт хоригдож байгаа хүний бага нь, биеэ Карел гэдэг юм байжээ. Нөгөө нас ахмадаа "Аав" гэж дууддаг хүн байжээ. Өөрийнхөө тухай юм ярьдаг нь, миний тархи толгой эргээд, ухаанд орж өгөхгүй, нэг, уурхайг ч ярьж байх шиг хичээлийн ширээ сандалд сууж байгаа хүүхэд шуухад ч гэж байх шиг, гал гарсан юм шиг, хонх дуугаргаж байгаа нь дуулдаж байх юм шиг миний хойноос өдөр бүр эмч, СС- ийн бага эмч, хоёр сувилагч ирж, намайг гайгүй байна мөдхөн зүв зүгээр болно ч гэж байх шиг. "Аав ч" намайг, бас, зүгээр зүгээр гэж, Карел ч мөн, тийм ээ, тийм гэж байгааг нь би, хэдий толгой өндийх тэнхээгүй боловч, тэдний тэр байдлыг үзээд, намайг урамшуулах гэж байгаа юм гэдгийг нь мэдэж байна. Тэр хоёр сайн улс ажээ. Гагцхүү, би тэдний тэр үгэнд нь арай итгэх аргагүй минь харамсалтайяа.

Нэгэн өдөр,
Хорих тасалгааны хаалга нээгдэж, нэг нохой, өлмийгөөр гишгэсэн юм шиг, тун аяархнаар гишгэн орж ирэв. Миний толгойн тушаа хүрч ирээд намайг дахин харж байгаа бололтой. Хажууд нь хоёр хос урт түрийтэй гутал үзэгдэж байгааг би андахгүй болсон. Нэг хос гутал нь, тэр нохойн эзний хөл ажээ. Тэр хүн панкрацын гяндангийн хуяг, нөгөө гутал, намайг шөнө байцааж байсан, Гестапогийн эв хамт нарыг эсэргүүцэх хэлтсийн даргын хөл ажээ. Бас, нэг энгийн тавьдаг өмдтэй хүн байгаа бололтойг өмд өөд нь өгсүүлэн харвал, бас, таних хүн шив дээ. Өнөөх намайг барилцсан өндөр туранхай комиссар шив дээ. Сандал дээр суугаад, байцааж эхэлсэн нь,
— За миний тоглоом шүүгдэж гүйцжээ. Одоо хар амиа бодож үз, хэл!
Тамхи над өгчээ. Би авах дургүй. Ямар, тамхи гартаа барих тэнхээ байх биш,
— За, Баксийхан гэнэ ээ? Яасан сүрхий мэдэж орхио вэ? Хэн тэдэнд хэлж өгсөн юм бол доо?
— Харж байна уу чи? Бид хамаг юмыг чинь мэдэж байна. Хэл!
Хэрэв, хамаг юмыг минь мэддэг юм болбол, хэлүүлээд яах гэсэн юм бэ. Энэ насандаа би шударга журмыг эвдэж үзээгүй, нас эцэслэхдээ ч журмыг тэсэргүүлэхгүй дээ.
Нэг цаг байцаан асуув. Бархирах зандрахгүй, маш хүлцэнгүйгээр асууж, хариуг нь хүлээж сонсолгүй өөр юм асууж, гуравдугаар, аравдугаар асуудал дараалан асуусаар,
— Чи, яасан учир мэдэхгүй хүн бэ? Дүүрч орхисноо мэдэхгүй байна уу, та нар бүгдээрээ шүүгдэн хожигдсон биш үү гэхэд нь,
— Ганц би л шүүгдэн хожидлоо гэж хэллээ.
— Чи коммуныг дийлнэ гэж, бас итгэсээр юм уу? гэхэд нь,
— Тэгэлгүй яах вэ гэлээ.
— Энэ амьтан, бас л итгэсээр юм аа гэж дарга нь германаар хэлж, өнөөх, өндөр комиссар хэлмэрчилж, оросыг ялна гэж итгэсээр байгаа юм аа, энэ амьтан гэхэд нь,
— Тэгэлгүй яах вэ. Ондоогоор төгсөх ёсгүй гэлээ.
Тэнхээ алдаж орхилоо. Байдаг чадлаа гаргаж, сэрэмжтэй байх гэж хичээгээд, ухаан мэдрэл минь, их гүн шархнаас урсан гоожиж байгаа цус шиг алдарч, өнөөдүүл, над гараа ч өгч байх шиг, лав, миний магнайд үхэхийн шинж тэмдэг орсныг үзсэн байлгүй дээ. Зарим газар, зандалчин нь цаазаар аваачих хүнээ энхрийлэн таалдаг ёс байдаг сан. Түүн шиг, миний гар барьж байгаа юм биз дээ.
Үдэш болжээ.
Хоёр хүн, гараа хамхиж, тасалгаа дотор тойрон явж, ая нийлэхгүй хоолойгоор гунигтай дууллыг урт уртаар татаж,

Нар бүүдгэрч гэрэлтэй одон,
Бөхөхийн үед...

гэж дуулж байв.
Ая, болиоч ээ, та минь, болиоч! Энэ дуу тань зүгээр дуу ч байж магад. Гэвч, өнөөдөр, хүний хамгийн сайхан, хамгийн баясгалантай өдөр болсон, майн нэгний баярын урьдах үдэш шүү дээ. Тэр дуунаас баахан зугаатай дуу дуулж үзэх гэж намайг оролдоход, тэр минь бүр ч гуньхрам юм болсон бололтой. Карел, буруу харж, аав гэдэг хүн, нүдний ус арчиж байв. Тэр ч яамай гээд, ажиггүй цааш нь дуултал минь, тэд түрэлцэн дуулалдаж, миний санаа сэтгэл ханаж, унтаад өглөө.

Майн нэгний үүрийн шөнө.
Гяндангийн цамхаг дахь цаг гурав цохилоо. Цагийн тийм тодхон цохихыг би сая дуулж, баригдан хоригдсон цагаас нааш ухаан мэдрэл минь сая саруул тунгалаг болж ирэв. Нээлттэй цонхоор сэрүүн сайхан сэвшээ салхи орж, шал дээрх сүрэл чихээстэй дэвсгэрт минь тусаж байгаа нь мэдэгдэж, сүрлийн иш нь миний хэнхдэг хэвлийг хатгаж байгаа нь мэдэгдэж байх шив дээ. Хөвчин биеийн ямх тутам нь түмэн зүйлээр өвдөж, амьсгаа авахад бэрхтэй, гэнэт, цонх онгойсон юм шиг, дотор онгойж, ингээд л насан эцэс болдог юм байна даа, үхэл минь иржээ гэж бодлоо.
Мөн ч удаж удаж ирэхчээ болж дээ, үхэл минь. Урьд би чамтай хожим хойно, олон жилийн цаана уулзана гэж бодож явдаг сан. Чөлөө учрал төгс хүний амьдралаар амьдран, нэлээд их ажил ч хийнэ. Нэлээд ч их янаглана. Нэлээд ч их дуу дуулна, алтан дэлхийн тоосыг ч нэлээд хөдөлгөнө гэж бодож явдаг сан. Би одоо сая л насныхаа ид дээр хүрч, хүч чадал гэдэг ч тун ч их байлаа. Одоо алга болж, дүүрчээ.
Амьд явах дуртай билээ би. Амьдын сайхан жаргалын төлөө тэмцэж явсан билээ би. Хүн ард, та бүхэнд би хайртай билээ. Миний тэр хайртай дотно элэгсгийн хариуд, сайн сайхан байхад нь би их л бахдаж, миний тэр санааг мэдэхгүйд тань шаналдаг байж билээ би. Хүнийг гомдуулсан байвал минь, өршөөн уучилж үзээрэй. Баярлуулсан байвал минь санаж яваарай! Нэрийг минь дурдахдаа хүн бүү гуньж гутраасай. Энэ бол, та бүхэнд миний гэрээслэн захих захиа шүү, аав ээж, эгч дүү нар минь, Густино минь, нөхөд минь сэтгэлд бахтай та бүхэн минь, уйлал, гашуудан гунихаа байж, дотор онгойно оо гэвэл, яах вэ, уйлаарай. Харин, битгий харамсан гомдоорой. Баяр баясгалангийн төлөө амьд явж, үхэж, амь тавихдаа ч баяр баясгалангийн төлөө үхэж байгаа миний авсыг оршуулаад дээр нь харамсан гомдохын тэнгэрийн хөргийг босговол, арай ч шударгагүй болох юм биш үү.
Май нэгнээ: Энэ цагт тань бид, хот суурины захаар босоцгоож, тугаа дэлгэцгээн намилзуулж байдаг сан даа. Энэ цагт Москвагийн гудамжинд нь майн баярын жагсаал ёслол хийх гэж улс амьтан эгнэн жагсаж явдаг санжээ. Энэ цагт түг түмэн хүн, хүний эрх чөлөөний төлөө эцсийн тулалдаан хийж, мянга мянгаар тэр тулалдаанд амь үрэгдэж байгаа хэрэг. Би, тэдний нэг нь билээ. Тэр эцсийн байлдааны нэг байлдагч нь болох гэдэг, мөн сайхан хэрэг шүү.
Гэвч, үхлэн гэж арай тийм сайхан юм биш байх шив, амь тэмцэн, бүтэж байна. Амьсгаа авч чадахаа байлаа. Хоолойд минь харжигнаж хэрчигнэх нь сонстож, хамт хоригдож байгаа нөхдөө сэрээж орхиузай. Нэг балга ус өгч, хоолойг минь норгож өгөөсэй, аяга дахь усаа хэдий нь ууж орхилоо. Тасалгааны буланд надаас зургаан алхам газар, саванд ус бий юм санжээ.
Тэр хүрч үзэх тэнхээ тамир над байдаг бил үү? Элгээрээ мөлхөж, үхэхдээ, хамгийн чухал нь гэвэл хэнийг ч сэрээхгүй юм сан гэсэн юм шиг тун чимээ гаргахгүй, аяархан гэгчээр мөлхсөөр хүрлээ, усандаа. Тэгээд, тэр савын ёроолын уснаас ууж гарлаа.
Хэдий болтол тэгснээ бүү мэд. Хэчнээн удаан мөлхөж буцсанаа бүү мэд. Ухаан мэдээ алдаж эхлээд, судсаа барьж үзвэл, лугшихаа байжээ.
Зүрх минь, амаараа гарч пал хийж ойчих шиг болоод би ч хамт ойчоод өглөө. Удаан ч ойчлоо. Карелын дуугарах нь сонстож,
— Аав аа, аав аа, наана наана! Өнөөх хөөрхий маань, нөгчиж байна л гэхийг нь сонслоо.

* * *

Үдээс өмнө эмч иржээ.
Би, түүнийг хэзээ хойно, сүүлд олж сонслоо.
Эмч ирээд, үзээд, толгойгоо сэгсэрч, тасалгаандаа эргэж ирээд, урьд үдэш нь үхсэн хүний хуудсанд миний нэрийг бичсэнээ урж тастаад, гайхаж,
— Адуу морь шиг, ямар долоон голтой хүн бэ? гэж гэнэ билээ.


ГУТГААР БҮЛЭГ - ХОЁР ЗУУН ЖАРАН ДОЛООДУГААР ХОРИХ ТАСАЛГАА


Хаалганаас цонх хүртэл долоон алхам, цонхноос хаалга хүртэл долоон алхам.
Би, үүнийг андахгүй боллоо.
You have read 1 text from Mongolian literature.
Next - Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 2