Latin

Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 3

Total number of words is 4638
Total number of unique words is 1934
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
italki
Би тэр дөрвийн лав гурвыг нь таньдаг юм сан, тэд минь, Гестапод албан хашдаг улс байж гэж үү дээ, арай ч үгүй юм санжээ, гээд яаж мэдэх вэ. Тэдний нэг нь Р гэдэг нам, үйлдвэрчний байгууллагын хуучин нарийн бичгийн дарга, баахан муухай зантай хүн боловч, хүнээр сайн, итгэлтэй хүн дээ, үгүй тэр хүн тэгэх ёсгүй. Нөгөөдөх нь Анка Викова гэдэг эмэгтэй, цал буурал боловч, мөн л чилгэр сайхан нуруутай цэвэр сайхан хэвээрээ, хатан зоригт нууц ажилтан... Ээ, тэр хүн тэгэх ёсгүй. Цаад нэг нь, умарт Чехийн уурхайн чулуучин, сүүлд тэндхийн хязгаарын хорооны нарийн бичгийн дарга өнөөх Вашек шив дээ. Би тэр хүнийг танилгүй яах вэ. Тэр бид хоёр умар зүгт хоёул хэчнээн юм хамт өнгөрүүлсэн билээ. Тийм хүн, бас автагдах гэж үү? Арай ч үгүй, биз ээ. Яаж байгаа юм бэ? Энд юу хийж байгаа юм бэ?
Түүний учрыг олж ядан суутал, бас хэдэн хүнийг туугаад авчирчээ. Мирекийг аваад ирж, Елинек эр эм хоёрыг, Фрид эр эм хоёрыг авчрав. Би тэднийг мэдэж байна. Надтай хамт баригдсан улс. Гэтэл Мирект сэхээтний дунд ажил хийхэд тусалж байсан урлагийн түүх судлагч Павел Кропачек хүрээд ирдэг юу вэ? Мирек бид хоёроос өөр хүн, түүнийг мэддэггүй байсан шүү дээ. Бид бие биен танихгүй, шүү гэж надад сэм дохио өгч байгаа, нүүр амаа зад балбуулсан тэр нэг өндөр залуу, яаж байгаа нь тэр билээ? Хэн билээ, тэр минь? Штих үү, доктор Штих үү? Зденек гэдэг? Тэгвэл тэр бүлэг эмч нар, бас, мэдэгдэн баригдаж л дээ. Тэднийг Мирек бид хоёроос өөр хэн ч мэддэггүй байсан шүү дээ. Намайг байцаахад, Чехийн сэхээтнийг асууж байсан нь ямар учиртай байж вэ? Намайг сэхээтний дунд ажил хийдэгтэй холбох гэж оролдсон учир нь юу байсан билээ? Мирек бид хоёроос өөр хэн ч тэр, тухай мэдэхгүй байсан шүү дээ.
Учрыг мэдэхэд бэрхгүй бололтой. Ганц хэлэхэд бэрх хэцүү байжээ. Мирек л барьж өгчээ. Мирек л хэлж өгчээ. Арай ч хамаг бүгдийг хэлээгүй болов уу гэж түр бодтол, бас нэгэн бүлэг хүнийг тууж ирэхэд нь үзвэл:
Влад, Ванчура, профессор Фелбер хүүгийн хамт, танигдашгүй болтол жанчуулсан Бедржих Вацловек, Божена Пулланова, Индржих Эльбл, Дворжак нарын зэрэг, ер Чехийн сэхээтний ардын хувьсгалт хороонд орсон юм уу, орох хүнийг цөмийг баривчилжээ. Сэхээтний дунд ажил хийдэг тухай Мирек, ер юм үлдээлгүй хэлжээ.
Петчекийн ордонд анхны үед над амаргүй хүнд байжээ. Тэгэвч, хамгийн бэрх санагдсан нь над энэ байжээ. Үхнэ гэхээс биш, урвана гэж байхыг би ер бодсонгүй билээ. Би хэдий хөнгөнөөр уучлан үзэж боДОвч, хэдий аргагүй хөнгөвчлөх шалтгаан сэдвийг илэрхийлэвч, хэдий Мирекийн хэлж өгөөгүй юм бий болов уу гэж санаачлан эрж үзэвч ер урван тэрсэлж барьж өгсөн гэхээс өөр үг олж чадсангүй. Сэтгэл хоёрдсон, зүрх алдсан, амь бултахыг сандран бодож байгаа, үхэм тамлуулсан хүний зориг нь шантарсан гэлээ ч, түүгээр түүнийг цагаатган, зөвтгөж болохгүй байлаа.
Намайг анх барьсан шөнө, миний нэр мэдэж авсан учир над одоо тодорхой болж ирэв. Аничка Ирасекийн баригдсан учир тодорхой болж ирэв. Би тэднийд Миректэй хэдэн удаа уулзаж байсан шүү дээ. Кропчек яагаад баригдаж ирсэн, доктор Щтих яагаад баригдсан учир одоо бас тодорхой болж ирэв.
Тэгээд би бараг өдөр бүр "Дөрвөн зуут"-д чирэгдэж өдөр бүр шахуу, шинэ шинэ мэдээ олж мэдэв. Гуньхрам бэрх мэдээ байжээ. Тэр Мирек урьд нэлээд зоригтой эр байсан юм даа. Испанийн фронтод дайтаж явахдаа шагайсан буунаас халтирдаггүй хүн байсан билээ. Францад хоригдох лагерьд бэрхийг давж гарсан хүн юм санжээ. Одоо Гестапо хүний гарт байхыг хармагц хар амиа хаацайлах гэж хамаг мэддэгээ тоочин хэлдэг болжээ. Хэд жанчмагц, зориг шантарсныг үзвэл үзэлтэйгээ адил, өнгөцхөн зоригтой өөдгүй эр байж дээ. Олон хүний дунд сэжиглэх адил хүнтэй байхдаа хатан зоригтой байдаг байж л дээ. Тэндээ бодохдоо зориг ордог байж л дээ. Ханиасаа хагацаад, хавчин шахах дайсанд ноцуулахдаа, хамаг чадал зоригоо алдаж орхих хүн байж л дээ. Хар амиа бөөцийлөх гэж бодсон хэрэг дээрээс тийнхүү чадал зоригоо алджээ. Амь зольж гарах гэж нөхдөөрөө золио хийж, айж бахардсанаасаа болж, биднээ барьж өгч л дээ.
Түүний биеэс гарсан материалыг тайлбарлаж өгснөөс үхсэн нь дээр гэж чин зориг барьж чадсангүй ажээ. Бүгдийг нь тайлбарлаж өгч, нэр усыг зааж өгчээ. Нууцаар очиж уулзах газрыг зааж өгөөд, Гестапогийн тагнуулыг дагуулж Штихийг тосуулаад, Дворжакийн суух газар тэднийг явуулж Влацлавек, Кропачек хоёрыг амдуулан тосуулжээ. Аничкийг барьж өгчээ. Өөрт нь сэтгэлтэй байсан хатан зоригт Лийдийг барьж өгчээ. Хэд жанчмагц мэддэгээ хагасыг хэлж өгөөд, намайг үхсэн байх гэж бодмогц одоо хэлэхэд зоволтгүй болов уу гэж хамгаа шавхан хэлж өгсөн байжээ.
Над түүнээс болж доордсон юм алга аа. Би нэгэнт Гестапогийн гарт орсон хойно, тэрнээс дор юм гэж юу байх вэ? Харин ч дээрдсэн байх. Түүний өчиг нь байцаалганы гол сэдэв болж, нарийн учир тайлбар нь миний гарт бүрэн байгаад, түүнийг мэдэж авах гэж анх тэр ширүүн бэрх үеэр намайг амьд үлдээж миний хамтаар манайхны баригдсан нөхдийн олонх нь бас амьд үлдэж билээ. Тэр хүн, чин зориг барьсан байвал, олон нөхөд чирэгдэхгүй, бид хоёр аль хэдий нь үхээд бусад маань амьд байж, ажлаа хийж л байх юм санжээ.
Аймхай хүн, аминаасаа илүү юм алддаг юм шүү дээ. Тэр амьтан ч бас алджээ. Алдарт зоригтны жагсаалаас урваж оргосон тэр амьтан дайсанд тоогдохгүй шоовдорлуулах болжээ. Амьд байсан ч, амьд байсны ашиг нь алга болж, хамт олноос хөндийрөн тасарчээ. Хожим, гэм алдлаа засах гэж оролдсон ч, бусад нь хавьтуулж өгсөнгүй билээ. Шоронд олноос хөндийрөн тасарч хаягдах нь бусад ямар ч газар, хаа ч тэгүүлснээс бэрх байдаг юм шүү дээ.

* * *

Бие шоронд хоригдох, олноос тасарч ганцаардах хоёрыг хүн, бараг нэг юм гэж боддог. Тэр их л ташаа. Шоронд хүн ганцаараа байдаггүй юм. Шорон гэдэг маш их хамт олон мөний тул яаж чандлан тусгаарлавч, тэр хамт олноос өөрөө л, биеийг эс хөндийрүүлбэл, өөр аргаар салгаж болохгүй юм.
Хяхагдан дарлуулж ах дүү мэт барилдлагатай болсон улс, хавчигдах тусмаа нягтарч, их сүрхий болдог юм билээ. Туургандаа ч баригдахгүй, туурга нь тогших мэдээ дохио нэвтрүүлж, хүсэл зовлон нэгтэй, манаа нэгтэй, хонгил нэгтэй, ганц үгээр буюу дохио тэмдгээр чухал мэдээ нэвтрүүлж, хүний амь аварч болдог хагас цагийн нарлалт нэгтэй байдгаар нэг хонгилын олон тасалгаа, цөм хэлхээтэй байдаг. Бай^агдах гэж хамт. явах, "Кино үзэх танхимд" хамт суух, шорондоо хамт буцах нь шоронгийн бүх тасалгааныхныг хооронд нь барилдуулан хэлхэж өгдөг юм. Тэр ах дүүгийн барилдлагатай болдог нь үг цөөнтэй боловч, үлэмж тустай болоод, гар атган барих буюу сэм нэг ширхэг янжуур олж өгөх нь тор шиг юманд хоригдсон хүний торыг эвдэж өгсөн шиг зориг оруулж, хүнийг ганцаар нь хөндийрүүлэн тусгаарлавч шантруулах гэснийг хатуужил зоригтой болгож өгдөг юм шүү дээ. Олон тасалгаа гартай юм шүү. Байцагдаж ядраад буцахад чинь зориг шантран унуузай гэж түшиж байгаа нь мэдэгддэг юм шүү. Өлбөрүүлж үхүүлэх гэж цаанаас оролдож байхад, өл залгуулж байдаг юм шүү. Олон тасалгаа нүдтэй юм шүү. Цаазаар аваачуулах гэж явахад өөдөөс чинь харж, байдаг юм шүү. Тэгээд өвдөг чичирч тэр ах дүү нарын сэтгэлд сэв оруулж болохгүй гэж хүн мэдээд эршүүд зоригтой явдаг юм шүү. Тэр бол, цусаа урсгаж байгаа боловч, дайсанд давагдашгүй бат журмын ах дүү юм шүү. Тэдний дэмжлэггүй болбол, зовлонгийнхоо арван хувийн нэгийг ч хүн, хэн ч гэсэн даахгүй ажээ.
Энэ өгүүлэлд минь, цааш үргэлжилж чадахыг бүү мэд (юу болох өдөр цаг нь далд битүүлэг шүү дээ) тус бүлгийн эхэнд гарчиглан бичсэн, "дөрвөн зуут" гэдэг үг олон удаа гардаг. Би түүнийг анх, тасалгааны нэр л юм биз гэж бодож, анх тэнд байхад миний сэтгэлд баяргүй бодол орж байсан билээ. Гэтэл, тэр болбол, тасалгаа ч биш, хамт олны нэр байжээ. Тэр хамт олон болбол, бадарсан зоригтой дайчин хамт олон байжээ.
Эв хамт нарыг эсэргүүцэх хэлтсийн ажил хэрэг өргөсөж ирэхэд 1940 онд бий болсон юм байжээ. Тэр болбол, мөрдөн байцаалтад байгаа хоригдлын "кино үзэх танхим"-ын салбар нь байж, нэгдүгээр давхраас тэр бүр хоригдлыг дөрөвдүгээр давхар өөд чирэхгүй гэж, тусгайлан "эв хамт намын гишүүдийн төлөө байгуулсан салбар юм байжээ. Гестапогийн мөрдөн байцаагч нарын дөхмийг бодож, гар дор нь хэзээд бэлэн зэлэн байлгах гэсэн зорилготой юм байжээ. Тийм учиртай юм билээ.
Гэтэл, хоёр хүнийг ч гэсэн, тэр мөртөө бас эв хамт намын гишүүдийг аваачиж хамт суулгахад нь таваад минут болмогц, цаадуулын хамаг бодлогыг биш болгож орхихын хамт олон бий болчихдог байжээ. 1942 онд тэр салбарыг "эв хамт нарын төв газар" гэхээс ондоогоор, хүн нэрлэдэггүй байжээ. Их ч юм үзэж дээ, тэр тасалгаа. Түүний вандан дээр нь олон ч мянган нөхөд, эрэгтэй, эмэгтэй хүн сууж үзсэн билээ. Тэр тасалгаанд хувьсаж өөрчилдөггүй нэг юм байгааг өгүүлэхэд, хамт олны сэтгэл, давж ялна гэж итгэх санаа, тэмцэх зориг хэзээ ч хувьсдаггүй байжээ.
"Дөрвөн зуут" гэж урагшаа алс хол давхиж гарсан бөгөөд дайсанд зүг зүгээс бүслүүлж, үргэлж сэрүүлэн буудуулж байдаг боловч, бууж өгнө гэж хоромхон төдий ч боддоггүй окопынхон шиг байжээ. Дээр нь улаан туг мандсаар байдаг байжээ. Эрх чөлөөгөө тэмцэж байгаа бүх улс ардын сэтгэл зориг нэгтэй нь тэнд илэрдэг байжээ.
Дор нь, "кино үзэх танхим"-д савхин гуталтай, СС-ийн манаа цагдаа явж, хүний нүд аньсхийх бүр зандран хашхирч байдаг билээ. Тэр "Дөрвөн зуутад" Чех хуяг, Гестапогийн албанд сайн дураар юм дарга нарын тушаалаар орчуулагч болж орсон цагдан сэргийлэхийнхэн харгалзаж, зарим нь Гестапогийн албаны хүний үүргийг гүйцэтгэж, зарим нь Чех хүний журмыг гүйцэтгэдэг байжээ. Зарим нь дундыг барьсхийж байдаг хүн ч байж билээ. Тэнд хүнийг гараа хоёр өвдөг дээрээ тавьж, урагшаа ширтэн харж, гоо суу гэж шахдаггүй, чөлөөтэй сууж, эргэж харах, гараараа дохио өгч орхиход болдгоор барахгүй, тэр гурван зүйлийн хуягийн аль нь харгалзан сахиж байсны байдлаас болж, бас учир байдаг байжээ. "Дөрвөн зуут" гэж, хүн гэдэг амьтны чанарыг маш сайнаар таньж авахын газар байжээ. Үхэхийн цаг хэзээ хэзээгүй байдгаас хүн бүрийн яс чанар нь ил гардаг байжээ. Хоригдсон эв хамтынхан гэж буюу, эв хамт намынхантай сүлбээтэй гэж хардуулсны тэмдэг улаан бүч солгой гарын ханцуйд зүүж явдаг байцагдах хоригдол ч гэсэн, тэднийг сахин харж байгаа нь ч гэсэн, ойр хавийн тасалгаанд тэдний байцаахад оролцож байсан хүн ч гэсэн, цөм яс чанар нь дороо мэдэгддэг билээ. Тэр байцагдахад үг хэлбэл бие хамгаалах бамбай ч болж болох, зэвсэг ч болж болох байжээ.
"Дөрвөн зуут"-д үгээр биеэ далдалж болохгүй байжээ. Тэр газар үг нь чухал бус, хүний дотор нь чухал болдог байжээ. Хүний дотор нь хамаг чухал юм нь үлдэж, хүний гол чанар чансааг нь өнгөлөн засаж чимдэг сулруулдаг хамаг наадах юм, үхлийн өмнөх салхинд туугдан арилаад гол зүрх нь үлдэж, шударга журамтай нь бат журмаа барьж, урваач нь бусдыгаа барьж өгч бэртэгчин өтөл хүн цөхөн шантарч, баатар зоригтон хатуужиж байдаг билээ. Хүн бүхэнд хатан буурай, зориг эмээл, бат тогтворгүй, ариун, буртаг хоёр чанар байдаг. Тэр хоёрын нэг нь л тэр газар үлддэг байжээ. Сайн чанар нь юм уу, муу чанар нь. Дундыг нь баримталж бөөрөнхийлөн бүжиглэх гэсэн хүн хүүр оршуулах жагсаал ёслолд малгайдаа шар өд хадаж, гартаа царгил барьж бүжиглэсэн хүнтэй адил, их л ёсон бус үзэгддэг байж билээ.
Тийм хүн, хоригдол дунд ч байж, Чех хуяг цагдаагийн дунд ч байж билээ. Байцаалганд цаадуулын ноён сүлдэнд залбиран мөргөөд, дөрвөн зуутад хүрч ирээд большевик чөтгөрт ч мөргөж байдгууд ч бий билээ. Тийм нь, холбоо барьж байсан хүний нэр хэл гэж Герман комиссарын өмнө гавьяа байгуулж хүний шүд хэмх шаагаад, дөрвөн зуутад харин тэр хүндээ, өлсөж гол чинь харлаж байна уу гэж найзархан саймширч, талх өгдгүүд ч байж билээ. Барих гэж очоод тийм улс, хүний хамаг юмыг нэгжихийн далимаар сэм тас тонож аваад дөрвөн зуутад харин, тэр хүнээс тонож хулгайлсан янжуураас нь нэгийг сэмээрхэн өгч их л өрөвдөн дотнолж байгаа дүрэм үзүүлдэг байж билээ. Тийм амьтны бас нэг зарим нь эрх сүрээр хүнийг илэрхий дарлахгүй боловч, мөн өрөвдөн туслах дүрэм үзүүлдэггүй, түүгээрээ хар амиа бөөцийлж, хаяагаа манаж байдаг билээ. Тэр учраас цагийн байдал ямар болж байгааг нь үзүүлэх улс төрийн сүрхий барометр болдог байжээ. Сүрхий их зантай болж орхисон байвал, Герман цэрэг, Сталинградад давшин байлдаж байгаагийн шинж. Сайхан зантай болоод хоригдолтой ярьдаг болж орхивол Герман цэрэг, Сталинградын тэнд дарагдан түрэгдэж, байдал өөрчлөгдсөний шинж ажээ. Тэгээд тэд нар, биеэ уулаас Чех омгийн хүн билээ. Гестапод хар баагаар алба хашуулахлаар яая гэх вэ! гэж ярьж эхэлбэл, уухай даа! Улаан цэрэг, Ростовын цаанаас давшин байлдаж яваа юм байжээ гэсэн хэрэг. Тиймэрхүү янзын улс, хүнийг усанд цацаж үхэж байхад, гараа ханцуйндаа хийгээд харж байдаг мөртөө эрэг дээр өөрөө мөлхөж гармагц дуртайяа гараа сарвайж, тэнхрүүлэн туслах дүрэм үзүүлдэг улс байдаг билээ.
Тиймэрхүү амьтан, Дөрвөн зуутын хамт олны байдлыг гадарлаж, чадлыг нь мэдээд дотнолон наалдах санаатай байдаг боловч түүнтэй хэзээ ч нийлэхийн хувь байдаггүй билээ. Бас нэг зарим нь, тэр хамт олны учир утгыг ер тийм гэж мэддэггүй амьтан байж билээ. Тэднийг дайсан гэмээр, хүн төрөлхтний дайсан гэмээр амьтан байж билээ. Тэр Чех үгээр хэлэлцдэг адгуус, гартаа борооХойдой, төмөр шилбүүртэй бөгөөд Чех хоригдлыг харгислан дарлаж тамлахдаа, зарим Герман комиссар хүртэл тэдний аашлахыг үзээд, ширвээдэн зайлдаг байж билээ. Тийм амьтан ер, өөрийн улсын юм уу, Герман төрийн тусыг бодож тэгж байна гэж харгисаа гоёчилж хэлэхийн аргагүй, гагцхүү, хүний мууг үзэхдээ тав нь ханадаг байсан дээрээс, хүний шүд булга, чихний хулхи хага цохиж, нүд ухаж, толгой хага цохиж, цавь руу нь өшиглөж, үхтэл нь харгислан тамладаг байж билээ. Бид, тэдэнтэй өдөр өдөр дайралдаж, өдөр өдөр тэдэнтэй харилцаж, орчин тойрныг цус нөжөө урсгаж ёолон гаслахад хүргүүлдэг тэдний байж байхыг хүлцэхээс өөр арга үгүй билээ. Гагцхүү, шударга хариуллаас тэднийг зайлж чадахгүй байх. Хар харгисыг нь үзэж харсан хүн бүгдийг хядан устгавч, зайлж чадахгүй гэж батад итгэдгээр сэтгэлээ бид хатамжилж байсан билээ.
Тэдний дэргэд нь, нэгэн адил ширээний нь ард суулцаж байгаа хүн, бас байдгийг хүн гэж бичихдээ, шударгыг байж, х-гийн толгойн үсгийг том үсгээр тэтгэн бичилтэй хүн, бас, байдаг байжээ. Тийм хүн, шоронгийн байгууллагыг хоригдлын байгууллага болгож, дөрвөн зуутын хамт олныг нягтран хамтарч бүтэхэд нь туслалцаж, чин сэтгэлээрээ тэдэнтэй нийлж, чин зоригоо гаргаж байдаг билээ. Өөрсдөө эв хамт намын гишүүн биш, харин ч Чехийн цагдаагийн албанд байх үес эв хамт намын гишүүдийн эсрэг ажил хийж байсан улс байсныг бодвол тэдний шударга сайн нь улам ч тодорхой билээ. Түрэмгийлэн эзлэгчидтэй тэмцэл хийхэд эв хамт нарын хүчин чадлыг үзэж мэдээд, бүх улс түмэндээ аятайг нь ухамсарлаж нийгэм бүгдийн тэр үйлст шударгаар зүтгэлцэх боловч, гяндангийн байцагдах вандан дээр ч тэр их үйлст бат журмыг барьсан хүн бүхэнд тусалдаг улс байж билээ. Гестапогийн гарт орвол, чухам юм үзэхийг тодорхой мэдвэл, наранд явж, нууц ажил, тэмцэл хийж яваа хүний зарим нь лав яадаг билээ гэж сэтгэл хоёрдох сон байх. Гэтэл, манай тэр нөхөд, нүдний өмнө хамаг тэр бэрхийг өдөр тутам, цаг тутам үзсээр ирж, өдөр тутам, цаг тутам баригдаж, бусад хоригдолтой хамт сууж, тэднээс долоон дор хэцүү юм үзнэ гэдгийг мэдсээр байвч, сэтгэл хоёрдсонгүй билээ. Олон мянган хүний амь аврахад тус болж, амь аварч, хүч хүрэхгүй нэг нь амьд байгаа дээр нь, зовлонг нь нимгэлж өгсөн билээ. Эх орон, тэднийг баатар зоригтон гэж нэрлэх бий. Тэдний тусламжгүйгээр дөрвөн зуут маань, хар гэр дэх саруул газар, дайсны ар тал дахь хориглолт, түрэмгийлэн эзлэгчдийн чухам ичээн дотор нь эрх чөлөөгөө тэмцэн байлдах газар болж, эв хамт намын олон мянган гишүүдэд тийм чанартай юм гэж танин үзэж байсан газар болж чадахгүй сэн.


ТАВДУГААР БҮЛЭГ - ЁСТОЙ ХҮН ХҮНИЙ ОРОНЦОГ ХОЁР


НЭГДҮГЭЭР ХЭСЭГ НЬ


Миний ганц гуйн хүсэх зүйл: Энэ цагийн бэрхийг туулж гарах та минь битгий мартаарай. Сайн мууг битгий мартаарай. Өөрийн биеийн төлөө болоод, өрөөл бусад та бүгдийн төлөө амь үрэгдэгчдийн мэдээ сургийг хичээнгүйлэн бүртгэж үзээрэй. Одоогийн юм, өнгөрсөн юм болж, түүхийг босгон бүтээж байсан нэргүй баатар зоригтныг дурдаж эрхэм их цаг гэж хэлэлцэх болох вий. Үүнд, нэргүй баатар зоригтон гэж байдаггүй юм шүү гэж би хэлэхийг хүснэ. Хүн бүр, дор дороо нэг нэртэй, дор дороо нэг зан байдалтай, дор дороо нэг бодох бодолтой, горьдох нэг горьдолтой байж, ер, адгийн нэг нь ч гэсэн, зовох зовлон нь, нэрээ үлдээсэн тэргүүн эрхмийнхнээс нь дутуугүй байсан билээ. Миний хүсэх минь, та бүхэн, тэднийг өөрсдийн таньдаг хүн шиг, төрөл элгэн хүн шиг өөрийнхөө бие шиг энхрий хайртай болгож үзээрэй.
italki
Баатар зоригтон, өдий төдийгөөр амь үрэгдэж билээ. Тэдний нэгийг ч гэсэн, та нар, төрсөн хүүтэйгээ, охинтойгоо адил энхрийлэн дотнолж, ирээдүй хойчийн төлөө амьд явахдаа зүтгэж явсан эрхэм их хүнийг бахархан үздэгтэй адил сэтгэл бахдан үзээрэй та минь. Ирээдүй хойчийн төлөө бат журмыг гүйцэтгэж, түүний сайн сайхан болохын төлөө амиа өгсөн хүн бүхэнд гэрэлт чулуун хөшөө босгоосой гэмээр билээ. Харин өнгөрсний тоосон товрогоор боолт далан босгож, хувьсгалын үерийг боож тогтоох гэж оролддог хүн болбол мөрөн дээрээ алтан погон хадсан ч, өмхий модоор хийсэн модон хүний оронцог биз ээ. Тийм хүний оронцгийг ч шалчгар өөдгүйг нь, бас харахад хэрэгтэй, хойд өдөр шүүмжлэн бодоход ч хэрэг болох юм гэж үзээсэй.
Миний хойш нь өгүүлэх гэж байгаа зүйл бол гэрчийн баримт материал болох зүйл билээ. Тэр бол алс холоос хэтийг харалгүй, ойрхноос дэргэдээс нь харсан хэсэг хэсэг юм шүү. Тийм боловч түүн дотор их хүн, өчүүхэн хүн, ёстой хүн, хүний оронцог аль алины ч үнэн төлөвийг гаргасан билээ.


Елинектэн


Иосеф Мари хоёр. Иосеф нь трамвайн жолооч, Мари нь айлын зарц эмэгтэй. Тэдний суух байрыг дурдалтай. Шинэ сандал зэрэг хэрэглэл нь, эгэл жирийн гялгар ширээ сандал, номын ташинга, бяцхан хөрөг баримал, туурганд нь зурагтай. Гэр дотор нь, тийм гэхийн аргагүй жигтэйхэн цэвэрхэн. Тэр байр байшиндаа авгай нь хамаг санаа сэтгэлээ тавиад, дэлхий дээр юу ч болж байсан хамаагүй байдаг байлгүй дээ гэмээр. Гэтэл, тэр эмэгтэй, эв хамтын намд аль хэдийнээс ажиллаж шударга сайхан ёсыг эрмэлзэн хүсэмжилдэг хүн байжээ. Хоёулаа, ажил хийхдээ биеэ товойлгон хөөргөхгүй маш төв даруу бөгөөд дайсны түрэмгийлэн эзэлсэн бэрх цаг болоход бусад нөхдөөсөө хоцрох шударга байжээ.
Гурван жилийн эцэст цагдаа нар, тэдний байранд дайран орж, тэр хоёрын гарыг толгой дээр нь өргүүлэн барьжээ.


1943 он 5 дугаар сарын 19


Өнөө шөнө Густийнийг минь Польшийн зүг "ажил хийлгэхээр" аваачих нь. Албадан зүтгүүлэх хатуу ажилд. Балнад гэдэг хижгээр үхүүлэх нь дээ. Би ч гэсэн, хэдхэн долоо хоног юм уу, хоёр гурван сарын л настай болжээ. Миний хэргийг шүүхэд шилжүүлснийг бодвол, Панкрацад мөрдөн байцаахад дөрвөн долоо хоноод, цаана нь хоёр гурван сарын сүүлд эцсээ үзлээ. Тэгээд, миний энэ сурвалжлан бичиж байгаа зүйлийг дуусгаж чадахгүй боллоо. Гэвч, яах ээ. Арга л олдвол бичиж л байя. Өнөөдөр нь чадахгүй нь дээ. Санаа сэтгэлээс Густийна минь гарч өгдөггүй. Миний төвөг ихтэй амьдралд их л сайхан сэтгэлтэй, чин шударга, үнэн журмын хань минь билээ.
Эр нөхөртэйгөө мөр зэрэгцэн явж, эрх чөлөөгөө тэмцэн байлдаж явсан хасаг4 босож эмэгтэйг, түүний баатар зоригтойг түүний нэгэн байлдаанд хөсрөөс өндийн партизаны байлдааны тухай сайхан домог туулийг шуугинан буй хээрийн ганхагч өвс хялганыг дуулсан, түүний дуртай тэр дууг нь би үдэш үдэш дуулдаг байлаа.
Дайчин сайхан хонгор хань минь! Энхрий сайхан харцтай хүүхэдлэг том гэгчийн нүдтэй, тэгш сайхан царайтай, багахан биетэй, тэр минь юутай чадал тэнхэл төгөлдөр билээ! Ажил тэмцэл гэж, байн байн ганц явдаг байсан учир, бид хоёр, анх уулзан танилцаж учирснаасаа халуун дотно үеийг нэгэн удаа ч биш зуун удаа үзэж байдаг үүрдийн янаг билээ. Бид хоёрын зүрх нэгэн цохилтоор цохилж, жаргах цагт ч, зовох цагт ч, гуних бухимдахдаа ч бид хоёр нэгэн амьсгалаар амьсгалдаг байж билээ.
Жил жил бид хоёр хам ажиллаж, нэг нөхөр нь, нэг нөхөртөө тусалдаг ёсоор бие биедээ туслалцаж, жил жил миний хамгийн анхны уншигч, хамгийн анхны шүүмжлэгч нь байдаг сан. Түүний урамшуулан энхрийлж харах сайхан харц нь, над дээр эс тусвал миний бичихэд хүртэл хэцүү санагддаг сан. Тэмцэх зүтгэх юмаар ер дутдаггүй байсан учир, жил жил бид хоёр тэмцэлд мөн зэрэгцэн зогсож, жил жил бид хоёр гар гараа барилцан сэтгэлд дотно нутаг усаараа явдаг байсан билээ. Бэрх гачаалыг ч бид хоёр, ихийг өнгөрүүлж үзсэн, баярлахын сайхнаар ч их баярлаж үзсэн билээ. Бид хоёр ядуу хоосон хүний баялгаар баян байсан даа.
Хүний сэтгэлийн дотор байдаг баялгаар.
Густийно минь уу ? Ийм л хүн юм даа, Густийно.
Чандлан баримтлах цагаар, өнгөрсөн оны 6 дугаар сарын дундуур үеэр билээ. Бидний хоригдож зургаа долоо хоносны эцэст, өөрөө хоригдох тасалгаанд сууж байгаад намайгаа үхсэн байх гэж бодож байсан тэр бэрх зовлонт олон хоногийн сүүлээр анх удаа надтай уулзаж билээ. Намайг ятгаг гэж дуудаж ирүүлэн уулзуулсан байж л дээ.
Хэлтсийн дарга нь биднийг нүүрдүүлэн тулгахдаа Густийнийг энэ хүнд учир ухуулж өгнө үү биеэ бодохгүй болбол, Таныгаа бодог л. Эргэцүүлэн бодох нэг цагийн хугацаа тавья. Хэрэв энэ хүн, үгүй гээд л байдаг болбол, өнөө орой буудан ална. Та хоёрыг хоёулыг гэж билээ.
Тэгэхэд нь, миний өөдөөс сайхан гэгчээр нэг хараад тэр хүнд, ноён комиссар тэр тань миний айх юм биш, харин миний сүүлчийн удаа хүсэх юм байна. Үүнийг минь цаазаар аваачвал намайг бас хамт аваачна уу? гэж билээ. Ийм л хүн шүү, Густинно минь! Дотно хайртай, бат журамтай.
Бид хоёрын амийг тасалж чадах юм биз дээ, эднүүд Густийно минь. Бид хоёрын цэвэр нэр, халуун сэтгэлийг тасалж чадахгүй дээ, эд нөхөд.
Аяа та минь, ийм зовлонг туулан давж бид хоёр нүүр нүүрээ үзэлцэн уулздаг юм сан бол, бидний юутай сайхан суухыг та нар бодон сэтгэж барах уу? Чөлөө учрал, бүтээл зохиол төгөлдөр эрх чөлөөтэйгөөр амьд явах насандаа дахин учирвал юутай билээ? Бидний хүсэн эрмэлзэн зүтгэдэг бүхэн бүрэн бий болж бидний амь өгч байгаа тэр бүхэн бий болсон цагт амьд явахад юутай сайхан байх сан билээ? Аяа бид үхсэн ч тэр цаг нээрээ та нарын эдлэх тэр их жаргалд тань шингэлцэн оршилцоно шүү. Тэр жаргалын тань төлөө бид амиа өгсөн билээ л. Тэгж бодоод бид баярлах боловч, ганц, салахад бас л гунигтай байна даа.
Бид хоёрыг хагацах ёс хийе гэхэд тэгүүлсэнгүй, тэврүүлж гар бариулсан ч үгүй. Гэвч, Карлын5 талбайг хүртэл панкрацтай холбож өгдөг тэдний хамт олон нь бидний хувь заяа ямар болсон мэдээг бид хоёрт харилцан нэвтрүүлж өгсөн билээ.
Тэгж үүрд уулзахгүй болсноо чи ч мэдэж байгаа, Густийно минь, би ч мөн мэдэж байгаа даа. Тэгэвч, дараа учиртлаа хайрт минь! гэж чиний дууг холоос дуугарахыг би сонсож байнам.
Дараа учиртлаа Густийно минь!

* * *

Миний гэрээс.
Номоос өөр над юу ч үгүй байсан билээ. Гестапогийнхэн, тэр номуудыг минь үгүй хийжээ.
Би соёл, улс төрийн олон өгүүлэл бичиж, сурвалжлах мэдээ, утга зохиол хийгээд, ший, жүжгийн тухай өгүүлэл, найруулал бичсэн билээ. Тэр бичсэн юмны минь зарим нь, нэгэн өдрийн настай байж, тэр өдрийг өнгөрөхөд өөрчилсөн билээ. Түүнийг дурдаад ч яах вэ. Зарим нь ч хүчинтэй хэвээрээ бий. Би тэр бүгдийг Густийно минь эмхлэх болов уу гэж бодсон юм сан. Одоо тэр горь багатай болжээ. Тийм учраас журмын нөхөр Лада Штоллыг, тэр миний бичсэн зүйлээс сонгоод түүвэрлэж дор дурдсан таван дэвтэр болгохыг хүсэх нь:
1. Улс төрийн өгүүлэл, тэмдэглэн бичсэн зүйл.
2. Нутаг орны учир сурвалжилсан зүйлийн түүвэр.
3. Зөвлөлт Холбоот Улсын учир сурвалжилсан зүйлийн түүвэр
4. хийгээд
5. Утга зохиол, ший жүжгийн тухай өгүүлэл найруулал.
Олонхыг нь Творба мөн Руде праваас, мөн заримыг Кмени Прамени Пролеткулт, Доба, социалист Авангарад зэргээс олж болно.
(Түрэмгийлэн эзлэгчдийн ноёрхох үеэр миний Божена Немцоваг их л зүрхтэй нийтэлсэнд минь дуртай байдаг) хэвлэн нийтлэгч Гиргалд Юлиус Зэйерийн тухай миний найруулан бичиж байсан зүйлийн эх ноорог бий. Олонх нь одоо үхсэн Елинен Высушил, Суханектаны сууж байсан байшинд нэг газар нь савны тухай найруулан бичсэн зүйлийн нэг хэсэг нь, мөн Ян Нерудагийн тухай тэмдэглэл нууц хадгалаастай бий байх.
Манай үеийн хүний тухай би нэг роман бичиж эхэлсэн билээ. Хоёр бүлэг нь миний эх эцэгт бий. Бусад нь алга болсон бололтой. Гестапогийн бичиг дансанд миний хэдэн өгүүллэгийн бичмэл ноорог үзэгдэж байсан даг.
Утга зохиолын төрж гарах түүхч хүнийг Ян Нерудаг онц дотно үзээрэй гэж захья. Тэр хүн, манай маш эрхэм яруу найрагч, ирээдүй хойчийг биднээс урьд алс хол харсан хүн билээ. Тэр хүнийг таньж мэдсэн зохиол алга шүү. Пролетари нарт Нерудыг таниулан зааж өгөх хэрэгтэй. Мала Странын айван тайван байдалд дуртай хүн гэж тэр хүнд хоч хаяг зүүгээд, тэр "айван тайван" Мала странынхан түүнийг "Нүд хуурдаг гэж үзэж байсныг" харсангүйеэ. Смиховын захад нь ажилчны суух газар төрсөн хүн билээ л. Хүн оршуулах газрын цэцэг гэгчийнхээ хойноос Мала Странийн хүн оршуулах газар очихдоо Рингхоферофкоор өнгөрөн гардгийг нь харсангүй билээ л6. Түүнийг хараагүй цагт, хүн оршуулах газрын цэцгээс "1890 оны 5 дугаар сарын 1" гэдэг зохиол хүртэлх үеийн Нерудийг мэдэх танихын нөхцөлгүй ажээ. Улс, ер, юмыг шалдан шиг таних хурц нүдтэй хүн ч, Нерудын сэтгүүлч чанар нь, яруу найрагчийн бүтээлд нь садаа болж байсан гэж үздэг байж билээ. Тэр болбол учрыг мэдээгүй хэрэг. Ер, Неруда, сэтгүүлч байгаад, бас, баллад романс шиг, мөн Баасан гарагийн аялгуу хийгээд жирийн ая гэгчийн их төлөвийн зэрэг тийм сүрхий сайхан юм бичиж чадсан байна шүү дээ. Сэтгүүлчийн ажил, хүний чадал тэнхээг барж, бас, олон юм руу сарвалзуулдаг гэдэг бодовч, уншигч олонтой нь холбож өгөөд, яруу найргийн зүйлд ч зохион туурвихыг нь сургадаг нь, Неруда шиг тийм сүрхий чадалтай сэтгүүлчийг ч үзэхэд, мөн адил ажээ. Ганц өдрийн настай сонин бичиггүйгээр Неруда, олон дэвтэр шүлэг бичих магадгүй боловч тэрний нэг нь ч түүний хийсэн ном шиг зуун жил насалж чадахгүй билээ.
Сабиныг нэг хүн гүйцээж бичих болов уу. Тэр хүнийг уг нь бичүүштэй юм шүү.
Аав ээж хоёрынхоо энхрий сайхан сэтгэл эрхэм сайхны ачийг хариулан, үлдсэн тэднийхээ насны нь намрыг нарлаг сайхан болгохыг бүх ажлаар хангах гэж бодож явдаг сан билээ би. Тэднээс хагацахад юутай хүнд бэрх вэ. "Эзэн нь үхдэг, үйл нь мөнхөрдөг” тэдний минь саруул сайхан, халуун энхрий байлгавал, түүнд, би дэргэд нь байсан шиг байх болно.
Охин дүү Либа Верка хоёрт захих минь, манай элгэн төрөлд гарз учирсныг мартуулж, аав ээж хоёрыг минь элбэрэн асрамжил. Петчекийн байшинд бидэнтэй уулзаар ирэхдээ, уйлж гашуудахын ихээр уйлсан билээ л тэд минь. Тэдний сэтгэлд бас, зориг баясгалантайд нь, би ч баяглаж, бусад, ч түүнд нь баягладаг билээ. Зориг баясгаланг цацруулан түгээгч байсан тэд минь, хэзээ ч тэр хэвээрээ байг.
Эцсийн тулалдаанд давж, амьд гарах нөхөд, мөн манай хойноос залгаж ирэх нөхдийн гарыг чанга атган барьж, өөрийнхөө төлөө Густийнийхээ төлөө ёсолъё! Бид үүргээ гүйцэтгэсэн шүү.
Бас давтан дурдах минь: Баяр баясгалангийн төлөө бид байлдаанд зориг орж түүнийхээ төлөө амиа өгч байна. Тиймийн учир, гунин гутрах гашуудал хэзээ ч бидний нэрд бүү халдаг.
Ю. Ф.
43 он 5-19.


1943 оны 5 дугаар сарын 22.

Хэрэг шувтарч гарын үсэг зуржээ. Байцаан шүүгчид өчигдрөөс аваад бэлэн болжээ. Миний бодсоноос түргэн хөдөлжээ. Яарч байгаа шинжтэй юм шиг байна аа. Лида Плаха, Мирик бас, хамт яллуулах болжээ. Тэр Мирик, айгаад, айгаад, аминд нь тус болсонгүйеэ.
Байцаагч дээр ороход, сүрхий ёсорхог, хөндий хүйтэн байсныг нь хараад, даардас хүрмээр байж билээ. Гестапод байхад амьдралын нэгэн хэсгийг аймшигтай бэрх боловч, амьдралын нэгэн хэсэг нь байжээ. Түүнд нэг талд нь тэмцэгчийн хорсол байж нөгөө талд нь баривчлагч дарлагчийн хорсол байж, тэр нөгөө талын зарим нэг нь эцэстээ нэг үзэлтэй ч байдаг байж билээ. Харин тэр байцаагч дээр ганц албаны ёс байжээ. Нударганд нь хас тамгатай том гэгчийн товч нь цээж дотор нь алга байгаа үзлийг нь заажээ. Тэр товч нь ингэс тэгс хийж тэр цагийг өнгөрүүлэх гэсэн өчүүхэн түшмэлийн амь хамгаалах бамбай төдий байжээ. Ял тулгах хүнтэй тэр амьтан, сайн ч үгүй, муу ч үгүй, инээх ч үгүй, ярвайх ч үгүй, албаны царай царайлжээ. Муу цус, усан бантан.
Удаж, үсэг зураад ялын зүйлд тохируулан гүйцжээ. Зургаа дахин урван тэрсэлж, Герман төрийн эсрэг хуйвалдаж, зэвсэгт бослого гаргах гэж байсан гэх зэргийн өнгийн хангайн юм тулган яллажээ. Түүний нэг зүйл нь дангаараа ч гэсэн ихдэхээс багадахгүй зүйл ажээ.
Арван гурван сар би, өөр бусдын амийг хамгаалан үзэлцлээ дээ. Арга заль, эр зориг хосолж үзлээ. Цаадуул программдаа "нордик арга заль" гэдэг умар зүгийнхний арга заль гэгчийг бий гэдэг билээ. Би түүнд нь автагдаж өгсөнгүй дээ гэж бодож байна, тэдний гарт бас толгойд хүрдэг сүх байсанд нь л би аргагүй хүчинд автагдан алдаж дээ.
Одоо үзэлцэх тэмцэл маань төгсжээ. Тэгээд хүлээдэг цаг болов. Ялын төлөвлөгөө байдал нь хоёр гурван долоо хоноод Герман газар намайг аваачиж хэрэг таслахыг хүлээж тогтоол гаргасан хойно цаазаар аваачихыг зуу хоног хүлээх тийм л байдалтай болжээ, би хэтдээ дөрөв юм уу, таван сар л наслах байгаа юм байна даа. Тэр завсар их юм өөрчилж болох зайтай юм байна даа, хамаг юм ондоо болж болох зай байна шүү. Болох байна шүү. Эндээс тааж мэдэхэд бэрх, гаднах байдал, түрэгдэж ширүүсээд ирвэл, бидний эцэслэх ч мөн ширүүсэн түргэсэж болно. Одоо дээрээ тэнцээд л байгаа юм байна.
Горь байлдаан хоёр уралдаад л байгаа юм байна. Үхэл нь үхэлтэй уралдаж, аль нь урьтах бол, фашизм урьтаж үхэх болов уу, би нь урьтаж үхэх болов уу? Ганц би тэгж бодож байна уу? гэвэл, аяа, ганц би биш, түмэн хоригдол тэгж бодож, бүх европ, бүх европын түг түмэн амьтан тэгж бодож байгаа хэрэг. Заримын горь нь их, заримын горь нь бага. Тэр бол, хүний санаа даа, ялзарч байгаа хөрөнгөтний ёс, дэлхийг аюул дарамтаар дарсан нь хүн бүр дээр тохогджээ. Фашизмыг давж гарлаа даа гэж үлдсэн нэгийн хэлтэл хүний сайхан олон бөөн хүн амь үрэгдэнэ дээ. Цагийн байдал одоо сараар шийдвэрлэгдэж байна. Мөдхөн өдрөөр шийдвэрлэх болно доо. Тэр нь туйлын ширүүн цаг болно доо.
Дайн байлдааны хамгийн сүүлчийн цагт нь сүүлчийн сум, зүрхэнд нь тусаж амь үрэгдэх сүүлчийн цэрэг эр болоход ямар гомдолтой байдаг бол гэж би боддог боллоо. Нэг нь л тийм сүүлчийн хүн болж заавал таарна даа. Би тийм нь болж чаддаг сан бол болох юм санжээ.

* * *

Панкрацад түр байх энүүхэн завсар сурвалжлан бичсэн зүйлээ ягштал боловсруулж гүйцэхийн арга зав алга боллоо. Товчлох нь зүйтэй. Цаг байдал өгүүлснээс хүний өгүүлсэн нь чухал шив дээ. Тэр нь илүү чухал байх.
You have read 1 text from Mongolian literature.
Next - Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 4