🕥 35-minute read

Цаазын газар сурвалжилсан тэмдэглэл - 2

Total number of words is 4537
Total number of unique words is 1937
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
   Панкрацын гяндангийн энэ тасалгааны доторх хэмжээтэй газрыг арьсан шал дээгүүр нь би хэчнээн алхан хэмжиж үзлээ. Чехийн хөрөнгөтний төрийн бодлого нь Чехийн ард түмэнд маш хортойг нь тодорхой танин мэдсэн учир, энэ тасалгаанд би урьд нэгэн удаа хоригдон сууж үзсэн билээ. Одоо ч бас, миний ард түмнийг зовлон эдлүүлж, энэ тасалгааны хаалганы цаана Герман хуяг явж, гадуур, улс төрийн сохор үзмэрчид урван тэрслэхийн утсыг дахин томж байгаа шүү дээ. Учраа мэдэх болтлоо хүн хэчнээн зуун жил хэрэглэх юм бол? Хүн төрөлхтөн, хэдэн мянган шоронгийн тасалгаагаар дамжиж, урагшаа давшсан юм бол? Бас хэчнээнээр дамжих юм бол. Аяа Нерудийн Езулатко, хүн төрөлхтний амаржин энхжихийн зүг явах зам арай төгсөх болоогүй яа. Гэвч, нойрноосоо сэржээ, нойрноосоо сэржээ.
   Цаашаа долоон алхам, наашаа долоон алхам. Одоо, нойрноос сэржээ. Одоо нойрноос сэржээ! Нэг талын туурганд нь наалдуулан хэвтүүлж хураадаг нугастай ор, нөгөө талд нь, шавар ваар аяга сав тавьдаг үзэмж муутай, муухай хүрэн ташинга байдгийг би андахаа байжээ. Энэ завсар зарим юманд нь баахан механикийн ухаан хэрэглэж, зуухыг уураар халаадаг болж, жорлонг боловсон болгожээ. Хамгийн гол нь хүнийг механикчилж, автомат шиг болгожээ. Автомат оньсны товрууг дардаг шиг, өөрөөр хэлбэл, хаалганы цоожинд түлхүүрийг гаднаас харжигнуулбал, эсвэл, шагайврыг нээгээд орхивол, хоригдол хүн юу ч хийж байсан ухасхийн босож, номхон зогсоод, хаалга нээгдэхэд, хоригдлын тасалгааны дарга нь,
   — Толилно уу ! Хоёр зуун жаран долоодугаар тасалгаанд — долоон хоригдол цөм журамтай гэж нэгэн амиар илтгэдэг ажээ.
   За хоёр зуун жаран долоодугаарынхан гэж манай тасалгаа даа. Гагцхүү энэ тасалгааны автомат нь арай бүрэн ажиллагаагүй, ухасхийж босдог нь хоёрхон хүн. Би, цонхон дор, сүрэл чихмэл дэвсгэр дээр хэвтээд, нэг долоо хоног, хоёр долоо хоног, сар, зургаан долоо хоног, элгээрээ хэвтээд, дахиад амь орж, толгойгоо өндийж чадах, гараа өргөж чадах, тохойлж, цээжээ өргөж чадах, өөдөө харж хэвтэх гэж оролддог боллоо... Чухам үнэнийг хэлэхэд, тийм байдалтай болохоос болсноо хэлж бичихэд зүйрлэшгүй хөнгөн хялбар биз ээ.
   Тэр завсар, тасалгаа ч бас өөрчлөгдөж үүдэн дээр гурвын оронд хоёрын тоо өлгөөстэй болж, бид, хоёулаа боллоо.
   Гунилтай залбирал дуулал эгшиглэж намайг оршуулан буян ном хийж байсан хоёр нөхдөөс минь, Карел гэдэг бага нь алга болж, сайхан санаатай хүн юм сан даа гэж дурсах дурсгал нь л үлджээ. Бидэнтэй сүүлчийнхээ хоёр хоног байхыг нь би бүүр түүр мэдэх төдий байна. Над түүхээ уйтгаргүй дахин дахин ярьж, би нь ярих завсарт нь байн байн үүрэглэн унтаж орхидог байж билээ.
   Карел Малец гэдэг нэртэй хүн байж билээ. Худлицын хавьд уурхайд ажил хийдэг машинч хүн, манай нууц ажилд хэрэглэх дэлбэрэн тэсрэх зүйлийг сэм уурхайгаас авч өгдөг хүн байжээ. Хоригдсоор хоёр жил шахаж, хэргээ таслуулах гэж, магад Берлин орох хүн байжээ. Тэр хэрэгт холбогдсон нэг бүлэг хүн билээ. Хэрэг нь эцэс сүүлдээ юу болохыг бүү мэд ээ. Эхнэртэй, хоёр хүүхэдтэй, тэдэндээ хайртай, тун ч хайртай, гэвч, би бат журмыг гүйцэтгэж, үүргээ биелүүлэхгүй байж болохгүй шүү дээ гэдэг билээ.
   Тэгээд, миний дэргэд их л удаан сууж, над юм идүүлэх гэж оролддог хүн байж билээ. Би нь, идэж чаддаггүй. Санчир гарагт намайг найм хоноход, арга талаа барахдаа, цагдаан даргад нь, намайг өдий олон хонотол юу ч идсэнгүй гэж мэдүүлжээ.
   Цагдаагийн дарга гэдэг панкрацын хуягийн дарга СС-ийн албаны хувцастай хүн билээ. Түүний зөвшөөрөлгүйгээр Чех эмч, аспирин эмийг ч хүнд бичих эрхгүй байдаг байжээ. Тэр цагдаа хуягийн дарга, нэг сав эмнэлгийн хоол биеэр хүргэж ирээд, намайг тэр хоолыг цөмийг идтэл дэргэд минь харж байгаад, Карел, тэгж намайг нэг юм аргалан идүүлсэндээ санаа нь амарч, хойд өдөр нь над Адъяа гарагийн гэдэг бүтэн сайн өдрийн шөл цутган уулгаж билээ.
   Тэгээд, цаашаа юм болж гүй. Сайн өдрийн гуляш хоолны үлт чанасан төмсийг ч миний балба нүдүүлсэн буйл даах чадалгүй болж, хавдсан хоолойгоор өтгөн юм орж өгөхгүй байжээ.
   — Ядахдаа гуляш ч идэхгүй. Гуляш ч идэхгүй гэж Карлик миний дээр толгойгоо сэгсрэн зогсжээ.
   Тэгээд, "Аав"-тайгаа, миний хувийн хоолыг хувааж, их л амтархан иджээ.
   Аяа, дөчин хоёр онд Панкрацад сууж үзээгүй та нар, гуляш гэдэг юмны амтыг хэрхэн мэдэх ажээ! Гэдэс өлсөж хоржигнон, халуун усны газар найман ясандаа хэлхсэн амьтан, биеэ угаахчаа болж, нэг нь нэгнийхээ хоолны хувьд нүдний хорхой оруулж, хатаамал ногоотой, амт шимтгүй агшаамал будаанд шингэн гэгчийн томатын шүүс дусаахчаа болсон нь, тэр хэцүү бэрх цагаар олдошгүй сайхан юм шиг байдаг тэр бэрх үед, долоо хоногт хоёр удаа, Бархасбадь гэдэг дөрөв дэх өдөр, Адъяа гэдэг хишиг өдөр, манай хоолны савд төмс дугтран хийж, хэдэн ширхэг махтай гуляшны шөл халбагаар дусаадаг билээ. Тэр хоол, ер, тун сайхан амттай байдаг сан. Амттайгаар ч барахгүй, хүний сайхан аж төрдгийг сэтгэл санаанд дурсуулан, Гестапогийн гяндангийн ёсон бус харгис байдалд ард иргэний байдал, ёстой хүн шиг байдлыг сануулдаг амттай сайхан юм байж билээ. Аяа, тэр нэг бяцхан халбага хурц сайхан шөлийг тийм олдошгүй сонин сайхан юм гэж хэн урьд боддог билээ!
   Тэгж хоёр сар болоход, би ч, Карликийн гайхдагийг гүйцэд мэдэж авсан билээ. Гуляш хүртэл идэхгүй байна гэдэг, миний тун үхдэгийн даваан дээр гарах шахсаны шинж тэмдэг байж билээ л дээ. Тэр шөнө, хоёр цагт Карликийг сэрээжээ. Таван минутын дотор явахад бэлэн болоод бай гэж тушаасан нь, насан эцэс болтол өөр гяндан, төвлөрүүлэн хорих өөр лагерьд буюу цаазын газар, хаа ч бүү мэд хөөж аваачихыг тун тоохгүй шинжтэй улс ажээ. Карлик, сүрэл чихсэн дэвсгэрт минь ойртож толгойг минь тэврэн үнсвэл, албаны дүрэмт хувцас өмссөн харгис хүн, хашхиран шавдаж, панкрацад тэгж болдоггүйг сануулан, Карлик, хаалганы зүг яаран хөдөлж, цоож тасхийгээд...
   ... Гяндангийн хорих тасалгаанд хоёрхон хүн хоцорлоо.Дахин уулзах цаг байдаг бил үү, найз минь? Үлдсэн бид нь хэзээ хагацан салдаг билээ. Хоцорсон бид хоёрын хэн маань түрүүлдэг бол? Хаа очдог бол? Хэн дуудан аваачдаг бол? Албаны дүрэмт хувцастай СС-ийн хуяг дууддаг бил үү. Дүрэмт хувцасгүй эрлэгийн элч дуудан аваачдаг бил үү?
   Анх удаа бидний тэгж хагацахад сэтгэлд орж байсан бодол санагдаж одоо би үүнийг бичиж байна. Тэгж сэтгэл хөдлөн, нөхрөөсөө хагацсаар нэгэн жил болсон боловч, бидний сэтгэл санаанд тэр үед орж байсан бодлого дахин дахин санаанд ордог байж билээ. Хорих тасалгааны хаалга дээр хоёр хүн байна гэж хоёрын тоо өлгөдөг нь гурвын тоо болж, дахиад хоёрын тоо болж, тэр нь дахин гурвын тоо болж, хоёр, гурав, хоёр гэж дахин шинэ хүн нэмэгдэж, хасагдаж байхад, анх хоёр зуун жаран долоодугаар тасалгаанд хоёул үлдсэн хоёр хүн л хэвээрээ байгаа нь, "Аав" бид хоёр байжээ.
  
   * * *
  
   "Аав" гэдэг маань, жаран настай багш Юсеф Пешек, ахлах багш хүн, надаас наян таван хоногийн өмнө хоригдсон хүн. Чехийн чөлөөтэй сургууль, шинэтгэлийг боловсруулж байснаар төрд харштай гэж баригдсан байжээ.
   "Аав" болбол...
   Тийм тийм хүн юм санж гэж яаж тодорхойлон өгүүлэх билээ. Хэцүүхэн хүнд хөдөлмөр ажээ. Хоёулаа бид, нэгэн тасалгаанд нэг жил болж билээ. Тэр завсар "Аав" гэдэг үгний хашилт тэмдэг нь үгүй болж, нас адилгүй хоёр хоригдол хүн, үнэхээр эцэг хүү хоёр мэт болж, тэр завсар бие биедээ ижилсэн дасалцаж ан ян, үг аялгуу нэгтэй бололцож, минийхийг аль вэ, аавынх нь аль вэ, тэр тасалгаанд орж ирэхдээ, тэр юутай орж ирсэн, намайг юутай орж ирснийг одоо танихад бэрх болжээ.
   Шөнөжин миний дэргэд сахиж, нойтон цагаан даавуугаар жин тавьж, ойртож ирсэн үхлийг холдуулдаг байлаа. Миний шархны идээ бээрийг өмхий муухай гэж жигшилгүй арилгаж, сүрэл чихсэн дэвсгэрээс миний өмхий самхай үнэр ханхалж байсныг огт мэдээ ч үгүй болж байдаг” сан.
   Намайг анх байцаалган шүүлгэхэд, навтас болсон цамцыг“ минь угаан нөхөж, эцэс сүүлд нь, нөхөөд нөхөөд, горьгүй болоход нь, өөрийнхөө цамцыг өмсгөж өгсөн билээ. Панкрацын гяндангийн хашаанд өглөөгүүр нарлахыг харахдаа, сувдлаг цэцэг, хэдэн ширхэг хөх ногоо шийтгүүлэхээс айлгүй сэм таслан над авчирсан билээ. Байцаалгах гэж чирүүлэхэд минь, хойноос минь их л элэгсэг сайхнаар харж үлдээд, буцаж ирэхэд минь шинэ нэмэгдсэн шарханд минь дахин жин тавьдаг байж билээ. Намайг шөнө байцаах гэж аваачихад, буцаж ирэхэд минь өнөөх сүрэл чихээстэй дэвсгэр дээр намайг аятайхнаар хэвтүүлж, хөнжлөөр хичээн хучихаас нааш унтдаггүй байж билээ.
   Тэгж бид элэгсэг найртай болоод, би хөл дээрээ босож чадах болохдоо, хүүгийн элбэрэл журмыг гүйцэтгэж ачийг“ нь хариулахыг оролддог билээ. Ингээд, нэг амиар бүгдийг хэлж барахгүй нь ээ. 267 дугаар тасалгаанд, тэр жил их л хөлтэй, аав ч, тэр тасалгаанд болж байсан юм бүхэнд сэтгэл зоволцдог байлаа. Түүнийг өгүүлбэл зохино. Миний тууж арай л дуусах болоогүй бололтой. (Бас ч горь байж магадгүй шиг).
  
   * * *
  
   267 дугаар тасалгаа. Хөлтэй байжээ. Цаг тутам шахуу, хаалга нээгдэж, хянагч нар орж ирдэг байжээ. Тэр бол, хүнд ялт эв хамтын хэрэгтнийг чандлан харж байх дүрмийн ёсоор тэгж байснаас гадна, бас, ерийн сонирхсоноор ч тэгдэг байжээ. Үхэхгүй хүн, үхдэг байжээ. Үхэх нь дээ гэж бодсон хүний үхэж өгдөггүй нь ховорхон сонин хэрэг байжээ. Өөр хонгилоос хүртэл манай хуяг хүрч ирээд, хоорондоо ярилцаж нэг бол үг дуугүй, хөнжлийг минь сөхөж, миний шархыг сурамгай шархчийн байдал үзүүлэн харж, төрөлхийн зан байдлыг үзүүлж, зарим нь тавлаж, зарим нь нөхөрсөг байдалтай байдаг байжээ. Тэдний нэгийг бид тээрэмч гэж нэрлэдэг болж билээ. Тэр хүн, бусдыг бодвол, олон удаа ирж, маасганан "Энэ улаан чөтгөрт" юм хэрэггүй байгаа гэж асуудаг байжээ. Үгүй дээ, юм над хэрэггүй гэхэд минь, хэд хоноод тэр маань, үгүй, энэ улаан чөтгөрт сахлаа хусах нь хэрэгтэй гэж, үсчнийг авчирчээ.
   Тэр үсчин болбол, манай тасалгаанаас өөр тасалгааны, миний анх үзсэн хоригдол байж, би түүнтэй танилцаж, нөхөр Бочек гэдэг хүн байжээ. Тээрэмчийн над тусалсан нь, бараг усалсан шиг байжээ. Аав, миний толгой бариад, нөхөр Бочек, сүрэл дэвсгэрийн хажууд суугаад, сахал хусдаг муухай гэгчийн жилед гэдэг хутгаар миний ширэлдэм өтгөн ургасан сахлыг хусах гэж ядаж, гар нь салганан, нүдэнд нь ус мэлтгэнэн, үхэж байгаа хүний үс авч байгаадаа элэг эмтэрчээ. Би урамшуулж,
   — Зоригтой хусаад бай, Петчекийн байцаахыг даасан хүн, чиний хусахыг би даанч даалгүй дээ гэж урамшуулсан боловч тэнхээ минь тун муу, үсчин бид хоёр, байсхийгээд л цэглэн амарч байсан билээ.
   Бас хоёр хоноход, мөн хоёр хоригдолтой танилцлаа. Петчекийн ордон дахь комиссар ноёд яараад болж өгдөггүй, намайг дуудуулаад байдаг. Хуягийн дарга, байцаалган аваачих хуудсанд "Transportunfaehig" хөдөлж чадахгүй гэж бичээд, аргацааж хүргэ гэж тушаахад нь хонгил цэвэрлэх дүрэмт хувцастай хоёр хоригдол дамнуурга авчирч манай тасалгааны дэргэд тавиад аав, над хувцас хунар арай чүү гэж өмсгөөд тэр нөхөд, намайг дамнуурга дээр өргөж тавиад авч явдаг байжээ. Нэг нь нөхөр Скоржепа их л зөөлөн авч явах гэж хичээдэг. Нөгөөх хүн нь над руу бөхийгөөд, шат руу авч явах зуур,
   — Хатамжилж үз! гээд
   — Тийм тийм байна! гэж нам дуугаар сониныг сэм хэлж өгдөг байжээ.
   Тэр нэгэн удаа бид, хүлээн авах газар саатсангүй, намайг бүр цааш авч яваад, урт хонгилоор гадагш гарах хаалга тийш дамжилсаар явахад, тэр өдөр Бархасвад гэдэг дөрөв дэх өдөр, хоригдолд ар гэрээс эргэлт оруулж, хиртэй хувцсыг авдаг өдөр байж, хонгилоор амьтан дүүрэн. Хүн бүхэн, дамжлуулж явсан хүнийг хараад, нүдэнд нь өрөвдсөн байдалтай, тэр нь над тусгүй санагдаж, гараа толгой тийш өөд нь болгож, атган зангидахад, хүн үзээд, намайг ёсолж байгааг минь үзээд, мэдэх болов уу гэж горьдоод ондоогоор хөдлөх арга минь үгүй, тэнхээ алга.
   Панкрацын хашаанд ачааны тэргэнд дамнуургыг минь тавиад, хоёр СС, жолоочтой суугаад, хоёр СС, гар бууны ширэн хуйг онгойлгон, дээр нь гараа тавиад, миний толгойн тушаа зогсоод бид яваад өгсөн билээ. Зам нь ер яасан ч сайн засмал зам биш, нэг хонхор бас нэг хонхор нүхтэй, хоёр зуун метр яваагүй байтал нь би, тэр замын хонхор энхэл тунхалд дугтруулж мэдээ алдаад өгсөн билээ. Прагийн гудамжаар мөн инээд хүрмээр сонин явж дээ. Гучин хоригдол ачих зорилготой таван тонны ачааны тэрэг, ганц хоригдлыг хүргэж өгөх гэж бензин гарздаж, хоёр СС урд нь, хоёр СС хойно нь гар буунаас гар салгалгүй зогсоод, зугтаах вий гэж арай голтой нэг хүнийг сахиж явах нь инээдэмтэй байж дээ.
   Хойд өдөр тэр инээдэмтэй явдал дахиад үүсэв. Тэр удаад нь би Петчекийн ордонд хүртэл мэдээ алдалгүй хүргэсэн билээ. Гэвч, удаан байцаасангүй, комиссар Фридрих, миний биед санамсаргүй хэдэн удаа нэлээд чангахнаар гар хүрээд буцах замдаа намайг ухаан мэдээгүйгээр хүргэж билээ.
   Тэгээд амьд байгаа минь дамжиггүй мэдэгдмээр болж, амьдын дүү өвчин гэдэг миний амьд байгааг сүрхийхнээр сануулж байсан билээ. Панкрацынхан намайг, нэг завшаанаар амьд үлдсэнийг мэдэж орхиод, туурга дамжин тогших, мөн хоол түгээгч хоригдлын нүдний харцад нь над мэндийг хүргэсэн байдал илрэв.
   Ганц, миний эхнэр юу ч мэдсэнгүй билээ. Тэр өөрөө надаас нэгэн давхар дор, хэдэн өрөөний цаана хорих тасалгаанд түгжээстэй, сэтгэл гансран горьдож байтал нь зэргэлдээ эмэгтэй хоригдол нь өглөө нарлахад нь намайг үхсэн, байцаалгаж олсон шархнаас хорих тасалгаандаа ирээд нөгчив гэж шивгэнэн хэлсэн байжээ. Тэгэхэд нь, нүд нь эрээлжилж, юу ч болсноо мэдэхээ байж, алмайран, хашаа дотуур дэмий л тойрч явахдаа, эмэгтэй хуягийн муухай авирлан, нүүр өөд нь гараа зангидан чичиж, жагсаалаас битгий урагш хойшоо гар гэж зандрахыг ч хүртэл мэдэхгүй явж гэнэ билээ. Хорих тасалгаандаа цагаан туурга өөд, нулимс унагаалгүй, сайхан санаат том нүдээрээ юугаа ч тэр өдөр, харж, гашуудан ширтэж байсан бол доо хөөрхий минь. хойд өдөр нь бас нэг мэдээ сонсохдоо, намайг зодуулж үхсэнгүй, эрүү шүүлтийг тэсэхийн аргагүй болохдоо, хорих тасалгаандаа боомилж үхсэн гэж сонсжээ.
   Би нь, тэр үед, өнөөх сүрэл чихсэн муу дэвсгэр дээрээ хэвтээд, үдэш бүр, өглөө бүр, Густинагийн дуртай дууг нь дуулж өгөх гэж, хажуулдан хэвтэх гэж оролддог байж билээ. Хамаг чинхүү сэтгэлээ гаргаж дуулсан тэр дууг минь даанч сонсолгүй яах вэ дээ!
   Одоо тэр үеэс баахан холдсон боловч намайг бий гэж мэдэж, миний дуулдгийг ч дуулж байгаа даа. Гяндангийн хуягууд ч, 267 дугаар тасалгаанд дуулдгийг мэддэг болоод, дасаж сураад зогс гэж нүүр нүдгүй хаалга тогшихыг байжээ.
   267 дугаар тасалгаанд дуулдаг боллоо. Би нэг насаараа дуу дуулсаар явсан хүн, одоо насан эцэс болохын өмнө, амьд байгаагаа мэдсээр байгаад, дуулахаа юу гэж зогсох билээ? Пешек аав минь яадаг вэ? гэвэл тун сонин доо! Дуулах бас их дуртай хүн. Дуу тогтоож чаддаг ч үгүй, дуулах хоолой ч үгүй, аяыг зөв таних чих ч үгүй мөртөө дуунд тун ч бахдан дурладагт нь болж түүний аяыг алдаж "g"-ийн аялгуугаар татах газар "а"-ын аялгуугаар түрдгийг нь би ажиглахаа байсан билээ. Тэгээд, бид хоёр, дуулдаг болж, гунивал ч дуулдаг, дотор онгойдог. Цэлмэг өдөр ч дуулдаг, дахиж лав уулзах нь чухаг болсон нэг нөхрөө үдэж ч дуулдаг. Дорно зүгийн байлдааны сайн мэдээ сонсоод ч дуулдаг, уйтгарыг сэргээх ч гэж дуулдаг, баярлахдаа ч хүний дээр эртээс нааш дуулсаар ер хүний амьд байгаадаа дуулдаг ёсоор нь бид дуулдаг байлаа.
   Наргүй амьд явахад бэрхтэй адил, дуу дуулахгүйгээр амьд явж яаж болох вэ. Манай тасалгаанд нар үзэгддэггүй тул, бидэнд дуулах маань бүр ч чухал байжээ. Хоёр зуун жаран долоо гэдэг дугаар бол хойшоо харсан тасалгааны дугаар. Зуны сард нар, зүүн талын туурганд цонхон торын сүүдэртэй хоромхон зуур тусдаг болоход, аав, орны ирмэг түшээд, нарны тэр хоромхон төдий тусагч долон туяаг бахархан зогсож... харц нь, тун ч уяран гуньхрам.
   Нар! гэдэг тэр дүгрэг мандалт шидтэн, тийм элбэг их гэрэлтэй гэгээн, хүний нүдний өмнө хэчнээн төчнөөн гайхамшиг сайхан болгож байгааг нь хэлээд барах уу, төчнөөн олон амьтан наран гэрлийг үздэггүйг хэлэх үү, үзэх болно доо. Нар гийдгээрээ л гийж, хүн амьтан, нарны гэрэлд насаараа явах болно доо. Тэгнэ гэж мэдэхэд юутай сайхан бэ. Бас, нэг их чухал юмыг мэдвэл юу билээ гэж боддог маань, нарны тэр сайхан гэрлийг бид, бас үзэх болов уу?
   Манай тасалгаа, хойшоо харсан тасалгаа. Хааяа нэг зундаа, цэлмэг өдөр бид, нар жаргахыг хардаг. Аяа аав минь, нар мандахыг нэг үздэг ч болоосой.
  
  
  ДӨТГӨӨР БҮЛЭГ - ДӨРВӨН ЗУУТ
  
  
   Үхээд босох гэдэг сонин хэрэг шүү. Тийм гэж тайлбарлах нь хэцүү сонин шүү! Цэлмэг өдөр, ханатал сайхан унтаад босоход, нарт ертөнц юутай сайхан байдаг билээ. Тэгэхэд, үхэх гэж байсан хүний сэхэж босоход, нарт энэ ертөнцийн сайхныг хэлээд барах уу. Та амьд явахын жаргалыг мэддэг гэж биеэ боддог биз. Сэхэж амьдарсан хүн, тунгалаг шилтэй, бүх гэрэлтүүлэгчийг бүгдийг гэрэл цацрууланхан өмнө нь асааж, тайз дээрхийг жигтэйхэн гэрэлтэй болгосонтой адилшаамаар юм билээ дээ. Та, биеэ хурц нүдтэй гэж боддог биз. Тэгэхэд, сэхэж амьдарсан хүнд холыг харах дуранавай, ойрыг томруулан тодотгох микроскоп нүдэнд нь хийж өгсөн юм шиг байдаг юм билээ. Шоронд үхээд босох сэхэх гэдэг, хаврын уур амьсгал орсон юм шиг сайхан, хамаг жирийн ялимгүй юм этгээд соньхон үзэгддэг юм билээ.
   Тэр цөм түр зуурын гэж мэдэх юманд ч мөн нэгэн адил сонин сайхан байдаг юм билээ. Панкрацын гяндангийн хорих тасалгаа дахь шиг орчин тойрны үзэгдэл юм, хэмжээтэй тоотой байдаг газар ч мөн ялгалгүй сайхан байж билээ.
   Тэгсээр намайг нар салхинд гаргадаг нэгэн өдөр байжээ. Байцаах гэж дамнуургагүй аваачдаг нэг өдөр байж, арай явж чадахгүй байх гэж бодсон минь, харин явж дөнгөсөн билээ. Туурга хайс түшсээр, бараг мөлхөх шахуу гэлдэрсээр бууж дор хоригдол нөхөд намайг шоронгийн тэргэнд дөхүүлж өгсөн билээ. Тэрэгний харанхуй мухлагт ортол, арваад, арван хоёр ч юм уу хүн сууж, үзээгүй таних хүн, намайг хараад инээмсэглэж, би ч тэдний өөдөөс инээмсэглэн, нэг нь, хэн ч билээ дээ, над нэг юм шивнэж, би хэнийг ч бүү мэд, хүний гар атган барьж, тэндээс тэрэг явсаар Петчекийн ордны хашааны хаалгаар түрчигнэн орж, нөхөд намайг дамжлан тэрэгнээс гаргаад, таван мөр вандан өрсөн нүцгэн туургатай ханхай тасалгаанд орвол өвдөг дээрээ гараа тавиад, өмнөх туургыг ширтэн, огт хөдлөлгүй гудайн сууж байгаа нь... Кино үзэх танхим гэж нэрлэдэг өнөөх шинэ ертөнцийн минь нэгэн хэсэг нь шив дээ.
  
   (1943 оны май сарын Иптермеццо)
   Өнөөдөр, 1943 оны майн нэгэн, хонгилын манаа, миний юм бичихэд болдог хүн тохиолджээ. Сайхан аа! Би дахин хоромхон зуур эв хамтын сэтгүүлч болж, Энэ шинэ ертөнцийн дайчин хүчний майн нэгний үзлэгийг бичих боллоо!
   Намилзаж байгаа туг далбаа гэх зэргийг энд бичнэ гэж битгий бодоорой, та нар минь. Тийм юм байхгүй шүү. Сонсон бахдалтай, тийм гоё юм ч алга байсан даа. Урьдын тэр байдлыг бодвол, их л эгэл жирийн байдалтай байжээ. Урьд урьдын жил Праг хотын гудамжаар бужигнадаг түмэн олны жагсаал ч хаана байх вэ. Улаан талбайг дүүрэн дүүрсэн түг түмэн олны жагсаал ч энд хаана байх вэ. Түг түмэн хүний жагсаал, зуун хүний жагсаал ч энд алга. Хэдхэн эрэгтэй, эмэгтэй нөхөд, үзэгдэх төдийхөн билээ. Тэгсэн ч учир утга нь бага гэж бодохгүй. Гал усны гашуун зовлонг туулаад, үнсэн товрог бололгүй, ган болд болж байгаа хүчний үзлэг юм шүү, тэр маань. Энэ бол, байлдаж байгаа үес, цэргийн бие далдлах нуувчинд болж байгаа үзлэгтэй адил, байлдаанаа нуувчинд юуны ёслолын хувцас байх аж.
   Тэр хүчний үзлэг, ялимгүй юманд ч мэдэгдэж байсныг биеэр үзээгүй нөхөр, үүнийг үзээд, мэдэхгүй ч байж магад. Мэдэхийг хичээж үзээрэй. Үнэхээр, хүчин зориг төгөлдөр үзэлт байсан шүү.
   Зэргэлдээ хорих тасалгаанаас Бетховений хөгжмөөс хоёр айзам тогшиж, өглөөний амрыг эрсэн нь ерийнхөөс нэн хөгжилтэй зоригтойгоор тогшсон бөгөөд туурганы анир ч өвөрмөц сонстов.
   Хувцасны аль олигтойг өмслөө. Бүх хорих тасалгаанд мөн тийм билээ.
   Өглөөний хоолыг бүрэн ёслолоор гүйцэтгэлээ. Хорих тасалгааны нээлттэй хаалганы өмнө талх, хар кофе, ус барьсан хонгилынхон цувж, нөхөр Скоржепа, хоёр бяцхан талхны оронд гурвыг өгч майн баярыг хүргэж байгаа нь, ахмад хүний томоотой ёсолж байгаа нь тэр байжээ. Талхаа өгөх далимаар хуруугаа хуруунд минь шахаж, сэм ёсолж байгаа нь тэр байжээ. Үг хэлэх нь хориултайгаар барахгүй, нүдний харцыг хүртэл ажиглаж байдаг боловч, хуруугаар чимээгүй харилцах маань, бид мэдэлцээд байгаа юм биш үү?
   Хашаа дотор, манай тасалгааны цонхон дор өглөө нарлах гэж эмэгтэйчүүд гарцгаажээ. Ширээн дээр гарч, торын завсраар доош хараад, намайг харах болов уу гэтэл харжээ. Хараад, гараа зангидан өргөж, ёсолцгоов. Би мөн хариу ёслолоо. Гадаа, өнөөдөр, ерийн өдрөөс хөхиүн баяртай, харгалзах эмэгтэй хуяг ч тэдний тэгж байхыг харахгүй бололтой. Харсан ч эс харсан дүрэм үзүүлж байгаа нь мөнхүү майн үзлэгт бас л учир холбогдолтой юм.
   Одоо манай нарлах ээлж. Би урьдаар сургууль хийж үзлээ. Одоо майн нэгэн, одоо бид урьд урьдынхаас ондоогоор алхалж явна. Манаа гайхвал, гайхтугай. Тэргүүн хөдөлгөөн нэг хоёр, нэг хоёр гэж алхаар цохих дүрэм үзүүлнэ. Дэд хөдөлгөөн, өвс тариа хадах дүрэм үзүүлнэ. Баахан бодож үзвэл, нөхөд, алх хадуур гэсэн санааг ухах биз ээ. Орчин тойрныг үзэхэд, инээмсэглэж, дуурайх тул, учрыг мэджээ. Энэ бол, манай майн нэгний жагсаал юм шүү дээ. Манай тэр хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлж байгаа зүйл манай майн нэгний тангараг, үхэвч, бат журмыг эвдэхгүй гэсэн санаа.
   Тэгээд, тасалгаандаа буцаж орлоо. Цаг ес цохижээ. Мөд Кремльд цаг арав цохиод, улаан талбайд жагсаал ёслол эхэлнэ. Аав минь, бид, тэдэнтэй хамт шүү дээ! Тэнд одоо интернационал дуулж, тэр интернационал нь, дэлхий дахинд дуурьсаж байгаа даа. Манай хоригдох тасалгаанд ч, бас дуулдаг даа. Бид, интернационал дуулаад эхлэлээ. Хувьсгалт дуу хойно хойноос нь залган дуулж, бид ганцаараа тасархай байх дургүй, бид тийм, ганцаараа тасарсан ч юм биш, наранд эрх чөлөөтэй явж, дуугаа эгшиглэн дуулж, бидний нэгэн адил тэмцэж байгаа тэдэнтэй бид сэтгэл хүчин хамт...
  
   Товарищи в тюрьмах,
   В застенках холодных,
   Вы с нами, вы с нами,
   Хоть нет вас в колоннах3...
  
   Мөн, бид, та нартай сэтгэл хүчин хамт.
   Тэгж бид, 267 дугаар хоригдох тасалгаандаа 1943 оны майн нэгний жагсаал ёслолыг өнгөрүүлэхээр тогтсон билээ. Үүгээр ч бас зогссон хэрэг биш ээ. Үзэхгүй юу, эмэгтэйчүүдийн тасгийн хонгил цэвэрлэгч эмэгтэй, хашаа дотуур улаан цэргийн аялан явах дуу, партизаны дуу зэргийн Зөвлөлтийн дууг исгэрэнхэн алхалж, хоригдол тасалгаа дахь эрчүүл бидэнд санааг оруулж, үлгэр үзүүлж явааг харав уу? Чехийн цагдаагийн дүрэмт хувцастай тэр нэгэн эр, над цаас харандаа авчраад, намайг бичиг бичиж байгаад баригдуужин гэж хонгил дотор сэргийлэн хамгаалж байгааг харав уу? Бас, нөгөө нэг хүн санаачилга гаргаж, бичсэн хуудсыг нуун аваачиж, зохих цагт хэвлэн гаргахад бэлэн байг гэж байдгийг та юу гэх вэ? Тэр хуудасны нэгийг ч мэдэгдэн баригдвал тэд, толгойн цаазтай шүү дээ. Тийм боловч, гав гинжтэй одоогийн байдал, эрх чөлөөтэй, хэт байдал хоёрыг хэлхээ холбоотой байлгах гэж аймшиггүй зүрхэлж байгаа тэд, тэмцэн байлдаж байгаа нь тэр ээ, байлдаж байгаа тэд бай хийсэн газар айх зовохгүй байж, бүхий л арга зэвсгээ хэрэглэж байгаа нь тэр ээ. Тэд нар, хийдэг юмаа жирийн мэдэгдэмгүй байдлаар хийж, огт сүр бадруулдаггүй үүнд үхэх сэхэхийн нэгийг үзэх байлдаан хийж, нэг болбол нөхдийн талд дийлэлцэж, нэг бол сөнөж болох юм гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа юм.
   Хувьсгалын цэрэг, майн жагсаал ёслолд жагсаж явахыг арвантаа, хоринтоо үзсэн биз дээ. Сайхан ч байсан биз. Тэр цэргийн үнэн хүч, ялагдашгүй чадлыг гагцхүү одоо, байлдаанд мэдэж болох юм байна. Үхэх гэдэг ч, бидний санаснаас хялбар, баатарлах гэдэг ч заавал сүр бадруулсан байдаггүй юм шүү дээ. Байлдан тэмцэх гэдэг нь, бидний санаснаас ширүүн бөгөөд тэсвэрлэн давж, ялан дийлэх гэвэл, хэм хэмжээгүй их хүч чадал хэрэгтэй юм байна. Тэр хүч чадлыг бид өдөр тутам үзэвч, тэр бүр таньж мэддэггүй, тэгээд хамаг юм, эгэл жирийн тийм л байдаг ёстой юм шиг үзэгддэг байжээ.
   Одоо бид түүнийг дахин үзэж сая мэдэв.
   1 943 оны майн баярын ёслол дээр.
  
   * * *
  
   1943 оны майн нэгэн нь, миний өгүүлэх зүйлийн дэс дараалдааг баахан эвджээ. Яах вэ, тэр мөн зүгээр. Тийм сайн сайхан өдөр хүний дурсах юм ч жирийн цагийнхаас баахан өөр болж, олоо дийлэнх байгаа баяр баясгалан нь, дурсах зүйлийг сайхан болгох ажээ.
   Гэтэл, Петчекийн ордон дахь "кино үзэх танхим" болбол ер баярлан дурсмаар зүйл биш Хоригдлуудын ёолох бархирах дуу сонстож, тэнд орвол, өөрийн бие юу болохыг болзохуйяа бэрх. Тамлуулах газрын үүдний тасалгаа юм шүү дээ. Тэр лүү эрүүл чийрэг хүн ороод, хоёр гурван цаг байцаалгаад арай голтой бэртэнгэ юм гарч ирдэг нь үзэгдэж, байцаалгах гэж дуудахад, хонгио сайхан хоолойгоор хариулаад байсан хүн, нэг цаг болсны дараа сонсвол тарчилган тамлуулах, өвдөх зовохоос болж болчихсон хоолойтой байдаг. Бас түүнээс ч хэцүү юм тохиолддогийг хэлбэл, байцаалгах гэж орохдоо тунгалаг эрс сайхан харцтай хүн цаашаа ороод, гарч ирэхдээ, хүний өөдөөс эгц харж чадахгүй, нүд нь халтирч байдаг ч хүн бий. Дээд давхрын тасалгаанд, байцаагчийн тасалгаанд хоромхон зуур, зориг сулраад, агшин зуур яадаг билээ гэж хар амиа хайрлан айсны улмаас өнөө юм уу маргааш энэ рүү шинэ хүмүүс туугдан ирж, хамаг бэрх зовлонг амсахад хүрдэг байжээ. Дайсанд нөхөр нь шахагдаад барьж өгсөн шинэ шинэ хүн.
   Биедээ эрүү хор хүлээж хүнийг харахаас тийнхүү зориг шантрам бат журмаа эвдсэн хүнийг харахад бүр ч хэцүү байдаг юм шүү. Дэргэдүүр өнгөрсөн үхлийг үзсэн нүд чинь юм харахдаа хурц болж, үхээд боссон хүний нүдээр юмыг харж байхад, үг эс хэлсэн ч, зориг суларч, нөхдөө барьж өгсөн хүн гэдэг андашгүй. Тэмцэн байлдагч нөхдийн дотроос хамгийн өчүүхнийг ч зааж өгөөд, биеийн зовлонг баахан нимгэлье гэж бодсон хүн, ер андашгүй үзэгддэг юм даа. Үхээнц амьтан гэж тийм л байдаг юм даа. Нөхрийнхөө амиар хар амиа зольж амьд явсны хэрэг нь юу ч билээ!
   "Кино үзэх танхимд" анх орж суухын өмнө, би тэр бүгдийг ер боддоггүй байлаа. Хожим санаанд тийм юм дандаа ордог болж билээ. Анх би тэгж бодохдоо хүний хамгийн их юм үзэж мэддэг өнөөх "Дөрвөн зуут" гэдэгт тэр өглөө сууж байхдаа бодсон билээ.
   "Кино үзэх танхимд" би их уддаггүй, нэг цаг юм уу, цаг хагас л суудаг байсан. Тэгээд миний араас намайг дуудаад, Чех хэлтэй, энгийн хувцастай хоёр хүн намайг аваачиж байшингийн дээд давхарт гаргадаг машинаар дөрөвдүгээр давхарт гаргаж хаалгандаа:
  
   400
  
   гэсэн дугаартай том гэгчийн ханхай тасалгаанд оруулжээ. Тэр хоёр хүн харуултай, нэг хэсэг суулаа. Туурганы тушаа арын сандал дээр суугаад, урьд тэр тасалгааг нэг үзсэн юм шиг гайхан харж суугаад, энд урьд орж үзсэн бил үү, үзээгүй бил үү? Үзээгүй байх аа. Гэвч, халуурч, хар даруулж зүүдэндээ үзсэн юм шиг ямар сонин тасалгаа вэ. Урьд үзэшгүй муухай тасалгаа байсан тэр мөн байна даа. Одоо сайхан, саруулхан, нүдэнд нэлээд дулаан юм шиг үзэгдэж байх шив дээ. Нарийн тортой том цонхоор нь Тын, ногоон Летна, Храдчаны харагдаж байх шив дээ. Зүүдэнд минь, нүдэнд хүйтэн, цонхгүй, бүдэг шар гэрэлтэй байж билээ. Тэр гэрэлд хүний хөдөлж явж байгаа нь сүүдэр шиг сүүмэлзэж байсан билээ. Лав, хүн байсан. Одоо хүн алга. Зургаан вандан нь бие биедээ шахаастай. Миний зүүдэнд хүн дүүрэн тэр вандан дээр зэрэгцэн суугаад, зүс царай нь зэвхий цагаан болоод, цус нөж болсон байж билээ.
   Тэнд, үүдний ойр, зовлон шингэсэн нүдтэй, ажлын хөх хувцастай хүн байж байснаа, «уух юм байна уу» гэж эмгэнэн гуйсаар, бууж байсан хөшиг шиг аяархан ойчоод өгсөн билээ...
   Тэр үнэхээр байсан, зүүд биш гэдгийг би одоо мэдэж байна. Халууран дэмийрэхэд үзэгддэг юм шиг тэр бэрх юм, бодитой үнэн байдал байжээ. Тэр болбол, намайг баригдаад, анх байцаагдах шөнө болсон юм байжээ. Намайг энэ рүү гурав дахин ч болов уу, арав дахин ч болов уу авчраад, намайг шүүн тамлаачингууд, түр завсарлан амсхийх юм уу, бусдыг шүүн байцаах гэхдээ, намайг гаргадаг байжээ. Би хөл нүцгэн байгаад зүймэл вааран шал нь миний шалз балбуулсан хөлийг их сайхан сэрүүцүүлж байсан нь санаанд орж байна.
   Вандан дээр Юнкерсийн үйлдвэрийн ажилчин сууж байсан юм байжээ. Гестапогийн оройн дайчлан баривчлахад баригдсан улсууд байж л дээ. Үүдний тэнд ажлын хөх хувцастай тэр хар хүн, Юнкерсийн заводын үүрийн зохиол бөгөөд намайг баригдахын нэгэн дам шалтгаан болсон нөхөр Бартон байжээ. Миний баригдсанд хүнийг хөндлөнгөөс холбогдуулахгүйг чухалчилж би үүнийг дурдав. Тэр бол нөхдийн аймтгайгаас буюу урван тэрсэлж барьж өгснөөс болсон хэрэг биш, гагцхүү болгоомжгүй байж, азгүйдсэнээс болсон хэрэг. Нөхөр Бартон эрхлэн удирдах хүнтэй хэлхээ байгуулахыг хүсдэг байжээ. Түүний найз нөхөр Елинек, нууц ажиллах дүрмийг баахан хөнгөмсөглөн үзээд, зохих хүнтэй харилцуулж өгье гэж хэлсэн байжээ. Гэтэл, чухам нарийн ёсоор бол, урьдаар надтай ярьж тогтох ёстой юм санжээ. Тэгвэл, би цаашид түүгээр зуучлахгүй гүйцэх нөхцөлтэй болох ёстой юм сан. Нэгэн зүйлийн алдаа тэр байжээ. Нөгөө, бүр гайтай нэг алдаа гэвэл, заншлан тагнах нэг хүн, нөхөр Бартонтой дотно болж гэнэдүүлсэн байжээ. Тэр заншлан тагнах хүний нэр Дворжак гэдэг билээ. Нөхөр Бартон, тэр хүнд Елинекийн нэрийг итгэмжлэн хэлж өгснөөс болж, Елинекийнхнийг Гестапо сэм заншлан сэрэх болсон билээ. Тэр бол хоёр жилийн турш урагштай сайнаар бүтээж байсан гол ажлаас болж сэрэгдсэн хэрэг биш, гагцхүү нууцаар ажиллах дүрмийг зөрчин, нэг нөхөртөө өчүүхэн тус болох гэснээс тийм болчихжээ. Петчекийн ордныхон Елинекийнхнийг яг намайг тэдний очсон шөнө баривчлах гэж тогтоод, төчнөөн олон хүнийг явуулсан нь санамсаргүй тохиолдсон хэрэг байжээ.
   Төлөвлөгөөнд нь тийм юм байсангүй. Елинектенг хойд өдөр барих гэж байсан юм билээ. Юнкерсийн үүрийнхнийг амжилттай барьсандаа эрдэж, нэг мөр дайраад үзье гэж орж ирсэн юм байжээ. Намайг тэнд байхыг олсондоо гайхсан нь цагдаа нарын дайран орж ирэхэд бидний гайхсанаас дутуугүй байжээ. Чухам хэнийг олж барьснаа мэдээгүй юм байж л дээ. Надтай байсан тэр хүнийг эс барьсан бол, хэнийг барьснаа мэдэхгүй байсан байх.
   Тэр учрыг би "Дөрвөн зуут"-ад хэдийн хүрч ирсэн хойно ухамсарлан мэдэж авсан билээ. Анхны тэр удаа би ганцаараа тэр лүү орж ирсэнгүй, хүн, вандан дээр нь суух нь сууцгааж, туурганы ёроолд зогсох нь зогсоод санамсаргүй тохиол төгөлдөр цаг өнгөрч л байсан билээ. Тэр тохиолын хачин жигтэй нэгийн учрыг би ухдаггүй, харин муу тохиолын учрыг дэндүү ч сайхан ухдаг байлаа.
   Анхны тохиол нь, хачин жигтэй, тусгүй муугийн аль алинд ч хамаагүй, ер дурдсаны ч хэрэг алга, өчүүхэн зүйл билээ.
   Хоёрдугаар санамсаргүй тохиолыг өгүүлбэл, тэр өрөөнд дөрвөн хүн, хойно хойноосоо цувж орж ирээд, энгийн хувцастай Гестапийнхний амар мэндийг Чехээр эрж, надтай бас мэндлээд, ширээний ард сууж, бичиг хар дэлгэж, янжуур татаж, ер албан ажилдаа байж байгаа юм шиг, огт ажиг хэнэггүй байдаг нь сонин санагдав.
  
You have read 1 text from Mongolian literature.