🕥 34-minute read
Сүүлчийн Могикан - 04
Total number of words is 4397
Total number of unique words is 2099
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Ункас тэдэнд хөшиг сөхөж өгсөн тул эгч дүү нар түүний ийнхүү анхааран халамжилсанд тал өгөхөөр эргэтэл тагнуулч хэдийнээ эрүүгээ тулан унтарч буй галын дэргэд суучихсан үдшийн дууг тасалдуулсан тэр үл мэдэгдэх дууны тухай бодлогошрон байгаа бололтой.
Хейворд шатаж байгаа нарсны мөчир бариад бүсгүйчүүдийн шөнийг өнгөрөөх ёстой болсон агуйг бүдэгхэн гэрэлтүүлж өгөв. Хейворд галтай модоо хажуугийн хадны ангалд хавчуулж тогтоогоод эгч дүү хоёр луу очжээ. Тэд ийнхүү Эдуардын хориглолтоос гарснаас хойш анх удаа гурвуулхнаа нэг дор цугларав.
— Дункан гуай, битгий яв. Бид энэ аймшигтай газарт унтаж чадахгүй, ялангуяа саяын үл мэдэгдэх муухай авиа чихэнд хангинасан хэвээрээ байгаа цагт яахин унтах билээ гэж Алисаг хэлэхэд
— Эхлээд энэ бэхлэлт маань хэр зэрэг найдвартай болохыг үзье, дараа нь бусад юмаа яръя гэж Хейворд хариулав.
Хейворд агуйн мухарт очиж гарах хаалганы наадах зузаан хар хөшгийг жаахан сөхөж хүрхрээний зүгээс үлээх хонгор сайхан салхиар нэгэн хэсэг амьсгаллаа. Голын хамгийн наад захын салаа зөөлөн чулуун дундуур гарсан гүнзгий явцуу хавцал даган урсах бөгөөд ус залуу даргын бараг хөлийн доогуур өнгөрөх нь энэтэй талаасаа найдвартай халхавчтай юм шиг санагдуулжээ.
— Байгаль ийм давшгүй саадыг бий болгожээ гэж Хейворд харанхуй жалганд урсах усны зүг заан хэлээд хөшгөө буулгаж, — Биднийг үнэн шударга хүмүүс манаж байна гэж та нар сайн мэдэж байгаа. Тийм учраас бид Шонхор Нүдэнгийнхээ үгээр болоход юу нь болохгүй байх вэ. Кора миний хэлснийг зөвшөөрч, дүү бид хоёр унтаж амрах ёстой гэж хэлэх байх гэдэгт итгэнэ гэвэл
— Кора нь тантай санал нийлж болох боловч баттай хэлж чадахгүй л байна. Ер нь бид энэ үл ухагдах дууг сонсоогүй байсан ч нойр хүрнэ гэхэд бэрх шүү дээ. Ийм их аюултай ийм балар ой дотор охидынхоо хаана явааг мэдэхгүй эцэг хүн яаж зовж байгааг үр болсон бид нь мартаж болох уу даа, Хейворд оо? гэж Кора асуув.
— Тэр тань цэргийн хүн. Аюулыг ч мэднэ, бас ой модон дотор явахад аргалж болохыг ч мэднэ гэвэл
— Аав маань миний тэнэглэхийг юутай хүлцэнгүй юутай тэвчээртэй өнгөрөөдөг байв аа! Миний хүссэнийг юутай дуртай биелүүлдэг байв аа! Кора минь, бид хоёр тийшээ явъя гэснээрээ тун тоогүй юм хийжээ гэж Алиса нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн хэлэхэд
— Ийм их түгшүүртэй цагаар аавдаа заавал очно гэж зүтгэсэн минь буруу ч байсан байж болох юм, гэхдээ манай аавд бусад хүн хэчнээн халамж муутай ханддаг байхад үр болсон бид нь төчнөөн үнэнч гэдгээ өөрт нь үзүүлье гэж бодсон юм сан гэж ярив.
— Тэр таныг Эдуардын хориглолт руу ирэхээр шийдсэнийг дуулаад айх өрөвдөх хоёр зэрэгцэн сэтгэлээ хямраасан боловч өрөвдөх хайрлах сэтгэл нь дийлсэн юм. Тэгээд ч надад «Дункан аа, би тэднийг хориглохгүй. Манай хааны бүх хамгаалагч Корагийн гаргаж байгаа эрэлхэг зоригийн хагасыг ч гаргадаг болоосой доо» гэж хэлж билээ хэмээн Хейворд энхрий аятайхнаар хэлэхэд
— Аав, миний тухай юу ч хэлсэнгүй юу, Хейворд оо? гэж Алиса жаахан атаархах мэт хөөрхнөөр дуугараад, — Өөрийнхөө бяцхан Эльсийг мартаагүй байх гэдэгт итгэнэ... гэхэд
— Яаж мартах вэ. Тэр таны тухай зөндөө олон энхрий үгс хэлсэн, шударгаар хэлсэн тэр үгсийг нь одоо энд давтаад юугаа хийх вэ. Харин... гээд Хейворд үгээ таслав.
Нөгөө аймшигтай авиа дахин сонсогдсонд Дункан дуугаа хураажээ. Гэвч дараа нь удтал юу ч дуулдахгүй үхсэн мэт чив чимээгүй болов. Энэ үед цөм л бие биеэ харан, зэрлэг муухай авиа дахин гарахыг хүлээцгээжээ. Тэгтэл агуйн аманд тагнуулчийн бие үзэгдэж, нүүр царай нь шийдмэг зоригтой байдал итгэл алдарсан байдлаар солигдоод, ямар ч арга ухаан, хашир туршлага нь хэрэг болмооргүй тийм айхтар үхлийн аюултай зайлшгүй тулгарахын ёрлосон дуу сонссон мэт байжээ.
VII БҮЛЭГ
— Та бид эндээ байгаад байх юм бол өөрсдийнхөө сайн сайхныг анхаарахгүй хөсөрдүүлсэн болох байна. Бүсгүйчүүд энэ агуйдаа үлдэг, харин бид, нэг үгээр хэлбэл би могиканчуудтай хадан дээр гарч маная. Хошууч та бидэнтэй цуг явах ёстой байх шүү гэж Шонхор Нүдэнг хэлэхэд
— Аюул ийм ойрхон байгаа хэрэг үү? гэж Кора асуув.
— Хатагтай нар минь хэмээн тагнуулч жавхаатай дуугараад, — Би гуч гаруй жил ойн бүх авиа чимээг чагнаж явсан хүн шүү, ёстой л хэр сайн сонссоноосоо амьдрах үхэх нь шийдэх тавилантай хүний ёсоор чагнасан юм сан. Ирвэс архирах, шувуу шулганах, мингүүдийн чарлахыг би ер андахгүй. Ой мод гүн уйтгарт автсан хүн шиг гиншин ёолохыг ч дуулсан, аянгад ниргүүлсэн мод оч үсэргэн час час шатахыг ч сонссон хүн сэн. Гэтэл одоо могиканчууд ч тэр, би ч тэр энэ юун дуу болохыг хэлж мэдэхгүй байна. Ийм учраас энэ дууг бидний сайн сайхны төлөө дээд тэнгэрээс илгээсэн сайны ёр гэж бодоцгоож байна гэж хэлэхэд
— Гайхалтай юм даа гэж Хейворд хэлээд агуйд орохдоо чулуун дээр тавьсан гар буугаа авч, — Үүнийг тэнгэрийн ёр байсан ч, тулаанд дуудсан уриа байсан ч учрыг нь тунгаах хэрэгтэй. Миний найз явагтун, би таныг дагалдъя гэв.
Гадаа гарч, хонгил доторх шиг бүгчим агаар бус хүрхрээ, эргүүлгэн дээгүүр тогтсон цэвэр цэнгэг агаараар амьсгалахдаа цөм бяр орж зориг нэмэх шиг болцгоожээ. Голын дээгүүр үлээсэн хүчтэй салхин усны хүрхрээ чимээг хонгил руу аваачаад тэндээсээ алсын уулсын цаана аянга нүргэлэх чимээг тасралтгүй авчирч сонсгох мэт байлаа. Саран мандаж, энд тэнд усны гадаргыг гэрэлтүүлсэн хэр нь тэдний зогссон хадан хясааг харанхуй манан бүрхсэн хэвээрээ. Хүрхрээний ус буух чимээ, салхи нэг хүчтэй, нэг сул болох чимээнээс өөр юу ч эс сонсогдон яг л хамгийн зэлүүд газрын шөнийнхтэй адил байжээ. Аймшигтай дуу юун дуу болохыг тайлж болохоор амьд амьтан байна уу, үгүй юу хэмээн эсрэг талын эрэг өөд хэчнээн ширтээд нэмэргүй, сарны хуурмаг гэрэл сандарсан хүмүүсийн хүчлэн ширтэхийг улам хуураад байх тул нүцгэн хад цохио, үл хөдлөх модноос өөр юм юу ч олж эс үзжээ.
— Үдшийн үзэсгэлэнт нам гүмийн тайван харанхуйн дунд харагдах юм алга. Бусад цагт асан бол бид энэ бөглүү нутгийн байгалийг юутай их бахдан сонирхох сон бол. Кора! Та өөрийгөө огтын аюулгүй газарт байна гэж бод л доо, тэгвэл... гэж Дунканыг шивгэнэн ярьтал
— Сонсоорой гэх Алисагийн дуу гарчээ.
Нөгөө авиа дахин дуулдсан тул хошуучийн яриаг зогсоох ч шаардлага гарсангүй өөрөө аяндаа дуугүй болов. Тэр авиа голын хөндийгөөс дээшилж хавцал жалга дотроос гараад ойд цуурайтан тэртээ алсад очоод замхарч байгаа бололтой.
— Энэ муухай авиаг юу гэлтэй вэ? гэж Шонхор Нүдэн муухай авианы цуурай замхрахад хэлээд, — Энэ ямар учиртай болохыг мэддэг хүн байвал хэлэх юм байгаа биз. Миний бодоход ямархан нэгэн хүмүүн бусын юм шиг байна гэлээ.
— Тийм бол бидэнд учрыг нь хэлэх хүн энд бий шүү. Энэ бол цэрэг хүний амьдралд нэг бус тохиолдох дайн тулааны үеэр миний олонтоо сонссон танил дуун байна. Энэ бол адууны дуу байна. Адуу өвдөхдөө юм уу ихээр айхдаа ингэж чарладаг юм. Бодвол миний морь махчин араатны олз болсон юм уу гарцаагүй аюулд учирсан бололтой. Би агуй дотор байхдаа энэ дууг танихгүй байжээ, одоо гадаа гараад яг мөн байна гэж мэдлээ хэмээн Дункан ярив.
Тагнуулчин болон түүний нөхөд Дунканы хар үгээр тайлбарлахыг туйлаас түгшүүртэйгээр хүчлэн чагнав.
— Хэ... гэж могиканчууд сая учрыг ойлгохдоо ам гарцгаав.
Шонхор Нүдэн жаахан бодлогошрон байснаа
— Энд адуу олон ч өөрөө малд муу болохоороо би таны үгийг худал гэх аргагүй байна. Тэгэхээр дээд эрэг дээр нь чоно ирээд байгаа байх нь ээ. Адуу айхлаараа эзэн хүнээсээ тусламж гуйж чадлынхаа хэрээр орилж байгаа юм байж гэж хэлээд Ункасыг дуудаж делавар хэлээр, — Чи завиар гол уруудаж очоод сүрэг чоно руу галтай цуцал чулуудаадах, тэгэхгүй бол айснаас болоод чонын хийж чадахгүй юм хийгдэж бид явгарах нь байна. Маргааш бид түргэн явах хэрэгтэй гэж хэлэв.
Уугуул нутгийн залуу эр тагнуулчийн тушаалыг биелүүлэхээр ус руу оров. Удалгүй голын эрэг дээр уртаар татсан чанга улих дуу сонсогдоод хурдан цаашилж байгаагаар үзвэл чононууд гэнэт айхдаа олзоо хаяад зугтаж байх шиг.
Ункас гэдрэг яаран буцаж ирлээ. Үүний дараа тагнуулчин нөхөдтэйгөө дахин зөвлөлдөж эхлэв.
— Бид одот тэнгэрийн чигийг алдаж хэд хоног нар үзээгүй явсан анчинтай адил болжээ. Одоо дахиад л явах чиг замаа үзнэ, тэр зам маань олон бэрхээс цэвэрлээстэй байх болно. Наашаа, эргийн сүүдэрт суугтун, энд нарсны сүүдэрт байснаас харанхуй байна. Хэдийгээр бид нэгэн хэсэгт амаа хамхиж өөрөө өөртэйгөө ярих нь зөв ч гэсэн ярих хэрэг гарвал шивгэнээрэй гэж Шонхор Нүдэн хажуу тийш хэдэн алхам зайлсхийх зуураа хэлэв.
Шонхор Нүдэнгийн түгшүүр арилсан нь илт боловч тэмцэхэд дахин бэлхэн болсон байлаа. Түүний бодлыг уугуул нутгийнхан ч хуваалцаж байх шиг байв. Тэд голын хоёр эргийг хоёулыг нь харахуйц байц хадан дээр зогсох боловч өөрснөө дайсны нүднээс далд байжээ. Хейворд болон түүнтэй хамт яваа бүсгүйчүүд авхаалжтай газарчдаа дагах нь зөв гэж үзжээ. Дункан том тэвэр мөчир цуглуулаад хоёр агуйн хоорондох нүхэнд хийв. Кора, Алиса хоёр ийнхүү хадны хооронд нуугджээ. Ханан хад эгч дүүсийг дайсны сумнаас хамгаалах ёстой болж, энэ үед хошууч, та нарыг ямар ч аюул сандруулахгүй шүү гэж сэтгэл түгшсэн хүүхнүүдийг тайвшруулав. Хейворд өөрөө Кора, Алиса хоёроос холгүй суусан болохоор тэдэнтэй аяархан ярилцаж болох ажээ. Энэ завсар Давид ойд оршин суугчдыг дуурайж чулууны завсраар хоргодлоо.
Ийнхүү цаг мөч өнгөрсөөр л байлаа. Шөнийн нам тайвныг юу ч эвдсэнгүй. Сар орой дээр гарч, тайвнаар тэврэлдэн унтаж буй эгч дүү хоёрыг гэрэлтүүлэхэд Дункан Корагийн том алчуураар хоёулыг нь хучаад өөрөө чулууны хэлтэрхий дэрлэн хэвтэв. Давидын зүгээс сэрүүн байгаа цагт бол өөрт нь ч тээр болмоор тийм чимээ дуулдана. Нэг үгээр хэлбэл, тагнуулчин болон могикан нараас бусад нь цөм зөөлөн бөхөд дийлдээд бодит байдлыг мэдрэх чадлаа алджээ. Тэгэхэд сонор соргог манаач нар нойр хүрэх, ядрахыг огтхон ч мэдсэнгүй. Тэд хаднаас өнгө ялгарахгүй ургаа юм шиг хөдөлгөөнгүй хэвтээд голын нөгөө эргийг эмжин дархайлдаж бараантан үзэгдэх моддын зүг нүд цавчилгүй ширтэнэ. Өчүүхэн төдий чимээ ч тэдний чихэнд сонсогдолгүй үл өнгөрч, ер нь хамгийн гярхай ажигласан хүн ч тэдний амьсгалж байгаа үгүйг хэлж чадахааргүй байв.
Ийм болгоомжтой байдлыг гагцхүү удаан хугацааны хашир туршлага бий болгож, хамгийн нарийн аргатай дайсан ч мэхэлж чадахааргүй байдалтай нь илт ажээ. Тэгсэн хэр нь нам тайван хэвээрээ л байлаа. Саран орж, модны оройгоор зурвас ягаан туяа татсан нь шинэ өдөр эхэлж буйг дохиолон мэдэгдлээ.
Тэгмэгц Шонхор Нүдэн түрүүлэн хөдөлж, хадны ёроол даган мөлхөөд бөх гэгчээр унтсан Дунканыг сэрээж
— Явах цаг боллоо. Хоёр бүсгүйг сэрээгтүн, намайг очиж завь авчраад аятайхан газар зогсооход гол руу буухад бэлэн болцгоо гэж хэлэхэд
— Шөнө тайван өнгөрөв үү? Нойр хүрээд ердөө харж байж чадсангүй гэж Хейворд асууваас
— Шөнө дүлийнх шигээ нам тайван л байна. За чимээгээ! Юм дуугаралгүй шалавлагтун гэж хэлээд завь руугаа явав.
Дункан нойрноос бүрэн сэргээд унтаж буй бүсгүйчүүдийг хучсан алчуурыг хуу татаж
— Кора! Алиса! Сэрээрэй, явах цаг боллоо! гэв.
Кора үүнийг мэдээд өрөөсөн гараа өргөж хэн нэгэн хүнийг түлхэх мэт сунган суниаж Алиса нь эелдэгхэн дуугаар шулганан:
— Үгүй, үгүй. Хайрт эцэг минь, биднийг хаяагүй, Дункан биднээс салаагүй гэж байлаа.
— Тийм ээ, Дункан тань энд байна. Дункан амьд байж, аюул заналхийлсэн цагт чамайг орхихгүй ээ!.. Кора! Алиса! Босоцгоо! Явах цаг маань боллоо! гэж залуу эр сэтгэл хөдлөн шивгэнэв.
Тэгтэл Алиса гэнэт учиргүй чангаар хашхирахад Кора ухасхийн босоод цэхлэн зогслоо. Хошуучийг үг хэлж амжаагүй байтал маш аймшигтайгаар улих мэт авиа гарсан тул Дунканы хамаг цус нь зүрхэндээ хурах шиг болов. Ганцхан хормын дотор хорвоогийн бүх чөтгөр шулам аянчдын байгаа газрын агаар тэнгэрийг дүүргэж, тэдний хавь ойрын газар хааяагүй тархсан мэт болов.
Аймшигт муухай авиа тал талаас сонсогдоно.
Тэр эмх замбараагүй орилоон айсан хүний чихэнд сонсогдохдоо ойн ширэнгэн дотроос ч, хүрхрээгийн хажуугийн агуйнаас ч, байц хадны дундаас ч, голын салаанаас ч, дээд тэнгэрээс ч гарч байх шиг. Чухамхүү энэ муухай дуу шуугиан гарч байхад Давид өндийж гараа чихэндээ аваачаад
— Энэ холимог ая хаанаас гарна вэ? Там гэгч нь хаалгаа онгойлгосон юм бол уу? Хүн төрөлтөн ийм дуу гаргаж чадахгүй шүү! гэж хашхирчээ.
Түүний ийн болгоомжгүй хөдөлсөн нь эсрэг талын эргээс буудах шалтаг болжээ. Хөөрхий дууны багш удтал унтахад нь ор дэр болсон газраа ухаан алдан унав. Гамутын унахыг хараад баярлаж хашхиралдсан дайсныг могиканчууд зоригтойгоор тулалдаанд урин хариу хашхиралдав. Харилцан буудалцаан эхэллээ. Гэвч хоёр тал хоёулаа тун хашир байсан тул нэг нь ч бүгсэн газраасаа гарсангүй. Дункан байдаг анхаарлаа сэлүүрийн чимээнд хандуулж энэ аюулаас гарах ганцхан зам бол зугтаах л байна гэж бодож байжээ. Гол урьдын адил элгэн хадны ёроолоор урссаар бөгөөтөл харлан үзэгдэх усан дээр завь гарч ирэх нь харагдахгүй л байв. Тагнуулчин биднийг хүний үнэргүй хаяад явжээ дээ гэж Хейвордыг бодож эхэлтэл түүний хөл тушаа доор гал гялсхийв. Тэгээд муухай орилох чимээ гарсан нь Шонхор Нүдэнгийн илгээсэн үхлийн элч зохих хүнээ олсныг батлан үзүүлэв. Тэр ч байтугай энэхүү барагтайхан эсэргүүцэл довтлон айсуй дайсныг ухраахад хүргэжээ. Зэрлэг хүмүүсийн орилолдох нь бага багаар багассаар намжихад Гленнд дахин нам гүм болж, саяын үймээн шуугиан болохоос өмнөхийн адил боллоо.
Дункан аятай цагийг ашиглан алдлан тэрийн хэвтэж буй Гамут руу очоод түүнийг өргөж, хоёр бүсгүйн нуугдаж байгаа нарийхан хавцалд аваачив.
— Хөөрхий толгой нь бүтэн үлджээ хэмээн Шонхор Нүдэн Давидын толгойг тэмтэрч хэлээд, — Хэтэрхий урт хэлтэй хүн гэдэг чинь энэ дээ. Амьд үлдсэн нь гайхалтай байна гэж хэлэхэд
— Үхээгүй байгаа юм уу? гэж Кора асуужээ. Кора тэгж хоолойгоо шахан асуусан нь түүний сэтгэлд айх эмээх, гаднаа айгаагүй байдал үзүүлэх хоёр тэмцэж байгааг бэлхнээ илтгэн үзүүлэв.
— Амьд аа, зүрх нь цохилж байна. Жаахан амраагаадахвал ухаан орно. Тэгээд үхэх тавилантай цагаа болтол бодолтой явах биз гэж Шонхор Нүдэн хариулаад гайхалтай хурдан чадварлагаар буугаа цэнэглэх зуураа хөдөлгөөнгүй болсон дуучийг дахин нэг хялайн хараад, — Ункас чи түүнийг агуйд оруулж сассафрасын мөчир дэвсээд хэвтүүл. Ийм маягаар удах тутмаа өөрт нь сайн. Тэгэхгүй бол энэ урт биеэ далдлах сайн газар олж чадахгүй байх. Дуу дуулаад ирокезуудаас өөрийгөө хамгаалах юм биш гэж хэлэв.
— Дайсан дахиад довтолно гэж та бодож байна уу? гэж Хейвордыг асуухад
— Өлөн чоно үмх маханд цадна гэж бодож яахин болох билээ? Макуасууд нэгийгээ алдсан байна, анхны гарз юм уу, амжилтгүй довтолгооны дараа заавал ухардаг юм. Тэгэхдээ цаад цуснууд чинь эргэж, бидний толгойн арьс хуулах шинэ арга сүвэгчилнэ. Бид эндээ тэсэж байж, Мунрогийн илгээх цэргийн тусламжийг хүлээх ёстой. Тэр тусламж хурдан ирэх болтугай л гэж бурханд залбирах байна хэмээн тагнуулч түгших байдал илэрхий царайлан дээгүүр харж хэлэв.
— Кора, та бидэнтэй юу учрах гэж байгааг дуулав уу? Бид зөвхөн танай аавын гар харах болжээ. Хоёулаа агуйд орогтун, тэнд адаглаад дайсны суманд оногдох аюулгүй газар шүү, тэгээд заяа муут нөгөө нөхрөө харж байгтун гэж Дункан хэллээ.
Залуу бүсгүйчүүд түүний хойноос дотоод агуйнд ороход Давид хөдөлгөөнгүй хэвээрээ байсан боловч гиншин санаа алдах нь ухаан орсныг харуулна. Хейворд шархтныг залуу бүсгүйчүүдийн анхааралд орхиод өөрөө гарахыг завдтал
— Дункан... гэж Корагийн чичирхийлсэн дуун гарч зогсоов.
Хошууч эргэж залуу хүүхнийг харвал нүүр нь үзэшгүй муухай цонхийж цайгаад, уруул нь татваганан чичирч, нүд нь туйлаас хүчлэн ширтэх тул хошууч агшин зуур түүн рүү ухасхийн эргэв.
— Дункан аа, манийг аврахад таны амь нас юутай чухал, аав биднийг танд даатгасныг санаж байгаа биз, бүх юм таны болгоомжлох эсэхээс хамаарах болоод байгааг мэдэж байна уу. Нэг үгээр хэлбэл, Мунро гэдэг овогтой хүн болгон таныг үнэлэн хүндэтгэж байдгийг та мэднэ биз дээ гэж Кора царайгаа минчийтэл улайлган хэлжээ.
— Хэрэв ямар нэгэн зүйл намайг амьдралд дуртай болгож байгаа бол тэр нь ийм итгэл байж таарна. Би жардугаар хорооны хошуучийн хувьд хамгаалалтад оролцох ёстой. Гэхдээ бидэнд зэрлэг хүмүүсийн довтолгоог няцаах түр хугацаа хэрэгтэй байгаа нь тийм чиг хэцүү зүйл биш ээ гэж Хейворд дув дуугүй суугаа Алисаг гөлрөн харж хэлэв.
Хейворд тэгж хэлээд үгний хариу хүлээлгүй эгч дүүсээс холдож хоёр агуйн хоорондох нарийн хавцалд хэвтсээр байгаа тагнуулч болон могиканчууд дээрээ иржээ.
Хейвордыг хүрч ирэхэд анчин
— Ункас аа, чи дариа дэмий их зарцуулж байна шүү гэж дахин хэлье. Үүнээс чинь болоод буу тийрч, барьсандаа тусахгүй болдог юм. Жаахан дарь, жижигхэн сум, сайн шагайх-энэ гурав л мингүүдийг үхүүлж чарлуулах нь бараг хууль юм шүү. Нөхөд өө, явъя, хэдий үед аль талаас маань макуасууд дайрах гэж байгааг хэн ч хэлэх аргагүй байгаа учраас нуугдацгаая гэж хэллээ.
Индианчууд хүрхрээний доогуур ирсэн болгоныг харж болох газар олоод дуугүй хэвтэцгээжээ. Бяцхан арлын дунд хэдэн намхан хатангир нарсан төгөл байсан бөгөөд Шонхор Нүдэн түүн рүү зээр гөрөөс шиг дүүлэн ухасхийв. Эр чадалтай Дункан ч түүнийг дагалаа. Тэр хоёр төгөл дотор энд тэнд байх хад чулуу, моддын завсар бололцоотой газар олж нуугдав. Тэдэн дээрээс хоёр талаар боргилсон устай дугуй хэлбэрийн ханан хад өнгийжээ. Үүр нэгэнт цайж эсрэг талын эрэг сайн харагдах болоход Шонхор Нүдэн хошууч хоёр лүглэгэр нарснуудын ёроолд байгаа бүх юмыг үлдээлгүй сайтар ажиглалаа.
Сэтгэлийн түгшүүр хэвээрээ бөгөөд харуулд гарсан хүмүүс дайсан дахин халдах шинж тэмдгийг ер олж үзэхгүй л байлаа. Харин Дункан, нөхдийнхөө буудсаныг өөрсдийнх нь санаснаас амжилттай болж зэрлэг хүмүүс нэгмөсөн ухарсан байх гэж найдах тийшээ хандаад энэ тухайгаа тагнуулчид хэлбэл цаадах нь үл итгэх байдлаар толгой сэгсэрч
— Та макуасуудыг ийм амархан хөөчхөж болно гэж бодож байгаа бол тэдний талаар юм мэдэхгүй байна гэсэн үг. Цаадуул чинь ганц ч толгойн арьс өвчиж аваагүй байна шүү дээ. Тэд биднийг цөөхүүлээ явааг маш сайн мэдэж байгаа болохоороо мөрдөн хөөхөө болино гэж байхгүй... Чш! Тэр гол руу харагтун, ус чулуу мөргөөд цайлзаж байгаагийн зүг харагтун. Муу чөтгөрүүд түүгээр ус гаталсан байна шүү! Сайхан цуснууд юм даа, тэд арлын нөгөө хэсэг хүрсэн байна... Чш, чимээгүй, чимээгүй, ганцхан хоромд л толгойтой үс чинь хуу татагдана гэж мэдээрэй гэв.
Хейворд нуугдсан газраасаа өндийж, аргагүй л эрэлхэг гавшгайн шинж бүрдсэн зүйлийг үзжээ. Голын ширүүн урсгал хадыг элээгээд тун ч эгц болгожээ. Гэтэл хэдэн гурон тэр айхтар ширүүн урсгалтай газраар ус руу үсрэн орцгоож сэлсээр яваад арал дээр амархан гарчхаж болох газар луу тэмүүлцгээж байжээ.
Тагнуулчийг дуугүй болмогц дөрвөн хүний толгой усны урсгалд түрэгдсээр нүцгэн хаданд шахагдан тогтсон хэдэн гуалингийн дээгүүр шоволзож харагдлаа. Дараагийн агшинд ногоорох хөөсөн дотроос тав дахь толгой цухуйж, ширүүн урсгалтай тэмцэлдэн байгаа нь үзэгдлээ. Тэр индиан аюулгүй газарт хүрэхийн төлөө байдаг хүчээрээ тэмцэх боловч усны урсгалд дийлдсээр байв. Тэрээр нөхөд өөдөө гар сарвайтал нэгэн хүчтэй давлагаа ирээд дахин далд оруулав. Гурон хүн нэгэнтээ цухуйж харагдсанаа гар нь сарваганаад ёроолгүй ус руу далд орчихжээ. Тэртээ доороос муухай чарлах дуун хадаад чив чимээгүй болоход бас л аймаар нам гүм байдал эхлэв.
— Нэг сумыг маань хэмнэлээ. Ядарсан бугад ганц минутын амсхийлт хэчнээн хэрэгтэйн адил бидэнд сум төдий чинээ хэрэгтэй. Та гар бууныхаа дарийг солиорой. Хүрхрээн дээр маш их усан манан дэгдэх тул дарь чинь лав чийг авсан байгаа. Та гардан тулалдаанд бэлтгээрэй, би буудна гэж Шонхор Нүдэн хатуухан үг хэлжээ.
Тагнуулчин хуруугаа амандаа хийгээд чанга гэгчээр шүгэлдэхэд хадан дээр харуул харж байсан могиканчууд мөн шүгэлдэж хариу өгөв. Эрэгт шахагдсан гуалин дээгүүр нөгөө толгойнууд нүд ирмэх зуур цухалзаад далд орсныг Дункан харж амжив. Удалгүй юм шаржигнах чимээ сонсоод эргэн харвал Ункас хэдхэн метрийн газар ирж явжээ. Залуу индиан маш чадмагаар мөлхөн явна. Шонхор Нүдэн, могикан залууд делавар аялгуугаар хэдэн үг хэлсэнд тэр нь ер бусын болгоомжтой тайвнаар нэг байр эзлэв. Хейворд биеэ барьж ядан тачаадаж байхад тагнуулчин том бага бууг хэрхэн болгоомжтой сайн ажиллуулах талаар танилцуулах нь зүйтэй гэж энэхэн мөчийг сонгон авсан тул
— Бүх хэлбэрийн буунаас хашир хүнд хамгийн хэрэгтэй нь гол төмөр урттай, сайн өнгөлсөн зөөлөн төмөрлөгөөр хийсэн винтов буу л байгаа юм. Гэхдээ тийм бууг эзэмшихэд тэнхээтэй гар, хурц хараа, сайн шагайх заавал хэрэгтэй. Эд бүхэн бүрдэж гэмээжин тэр бууны хамаг сайн чанар мэдэгдэнэ. Ер нь оготор винтов, морин цэргийн буу хийдэг зэвсгийн дархнууд хийдэг ажлаа муу мэдэж байна гэж би хэлнэ... гэв.
Ункасын аяархан боловч ойлгомжтой дуу түүний үгийг таслав.
— Харж байна, харж байна, найз минь, Эд нар дахин дайрахаар бэлтгэж байгаа юм байна, тэргүй бол гуалингийн цаанаас өндөлзөх ёсгүй... За яах вэ гэж Шонхор Нүдэн хэлээд өөрийнхөө винтовыг харан
— Эндээс хамгийн түрүүн цухуйсан хүн Монкальм өөрөө байсан ч гарцаагүй алуулна гэв.
Ойн зүгээс зэрлэг муухай авиа дахин сонсогдмогц тэр дохиогоор дөрвөн зэрлэг хүн нуугдсан гуалингийнхаа араас үсрэн гарцгаажээ. Түгшүүртэйгээр удтал хүлээх нь туйлын хэцүү байсан учир Хейвордод тэдний өөдөөс ухасхийн дайрч нэгийгээ үзмээр байсан ч Ункас, тагнуулч хоёр тайван байгаа явдал түүнийг хориглон барьжээ. Гурончууд наанаа байгаа арсгар хар хад асган дээгүүр дэгдэлхийлэн гарцгааж, зэрлэгээр хашхиралдан ойртлоо.
Тэднийг тагнуулчин, түүний нөхдөд хэдхэн алд газар ойртон ирэхэд Шонхор Нүдэнгийн винтов буу бутан дээгүүр алгуурхан өлийж, урт гол төмрөөс нь үйлт хар сум нисэн гарав. Хамгийн түрүүн явсан гурон буудуулсан буга шиг асгын завсар ойчлоо.
— Одоо Ункас чиний ээлж боллоо гэж Шонхор Нүдэн хэлээд нүдээ сүртэйеэ гялалзуулан бүсэндээ хавчуулсан том хутгаа авч
— Энэ чөтгөрүүдийн сүүлч нь чиний мэдэлд шүү. Бусдыг нь бид аргална, санаа зовж хэрэггүй гэж хэлэв.
Хейворд, Шонхор Нүдэнд нэг гар буугаа өгөөд түүнтэй хамт дайсны өөдөөс яаран уруудлаа. Тагнуулч, хошууч хоёр нэгэн зэрэг буудсан боловч хоёул оносонгүй.
— Би ингэнэ ч гэж бодож байсан, хэлж ч байсан юм гэж Шонхор Нүдэн шивгэнэн хэлээд гар буугаа үзэн ядах мэт хүрхрээ рүү чулуудаж
— Гайгүй ээ, муу махчин нохойнууд хүрээд ир л дээ! гэв.
Тэгж хэлмэгц түүний өмнө өгүүлшгүй хүйтэн царайтай өндөр сүрлэг индиан хүн хөндөлдөн босож ирлээ. Энэ үед Дункан бас нэгэн хүрэн арьстантай гардан байлдаанд оров. Шонхор Нүдэн түүний дайсан хоёр хоёулаа аймшигт хутга барьсан хоёр гараа адилхан сурмаг гавшгайгаар шүүрэн атгалцаад нэг нь нэгийгээ дийлэхийн тулд булчин шөрмөсөө хөвчлөн минут хэр зогсжээ. Цагаан арьст эрийн зангирсан чийрэг булчин гурон хүний барагтайхан булчингаас чанга байсан тул зэрлэг хүний гарын бүл тагнуулчийнхад хүрэхгүй байлаа. Гэнэт Шонхор Нүдэн дайсныхаа гараас мулт үсэрч ганцхан далайгаад цээж рүү нь хутгалав.
Энэ завсар Хейворд оногдсон дайсантайгаа улаан галзуу үзэлцэж, аягүйдвэл дийлдэх тийшээ болж байв. Зэрлэг хүн дайрангуутаа л Хейвордын гараас нарийхан жадыг нь мулт цохисон тул биеэ хамгаалах юмгүй үлдсэн бөгөөд түүний аврагдах эсэх нь бяр тэнхээ, авхаалж самбаанаас шалтгаалах болжээ. Хейворд бяр тэнхээгээр ч, авхаалж самбаагаар ч хүнээс дутах юмгүй хэр нь өөрөөсөө доргүй дайсантай учирчээ. Аз болоход Хейворд гуроныг гар мухар болгож авлаа. Индианы хутга чулуун завсраар хангинан унажээ.
Энэхэн хормоос эхлэн амь өрсөлдсөн тэмцэл болж, толгой эргэм өндрөөс хэн нь хэнийгээ дорогш чулуудах вэ гэдгээ үзэлцлээ.
Тэр хоёр цаг хугацаа өнгөрөх тутам эгц эрэг рүү ойртсоор тул эцсийн шийдвэрлэх чармайлтаа гаргах хэрэгтэй болов. Хоёулаа адилхан хүчээ шавхаж, хоёулаа адилхан барилцсан хэвээрээ ёроолгүй нүхний амсар дээр гуйвалзан тогтлоо. Хейворд, зэрлэг хүний хуруу хумс өөрийн нь хоолойд хэрхэн шигдэн орж багалзуурдаад хэрхэн муухайгаар инээвхийлэн дайсантайгаа хамт унаж, аймшигт хувиа хамт хуваалцана даа гэж бодолхийлэн байгааг харжээ. Хошуучийн бие хүрэн арьстны аймшигтай их хүчинд аяндаа дийлдэж байтал, Хейвордын нүдний өмнүүр бараан гар үзэгдэх шиг болоод хутга гялсхийжээ. Гуроны гар тавигдаж Ункасын гар Дунканыг нүхний ирмэгээс татан зайлууллаа. Гэсэн ч залуу дарга илбэдүүлсэн юм шиг гүн жалга руу унасан индиан хүний аймшигт царайг нүдэндээ үзсээр байжээ.
— Нуугдаарай! Аминдаа хайртай бол чулууны ард орогтун. Юм дуусаагүй байна шүү гэж дөнгөж сая дайснаа эд бад болгосон Шонхор Нүдэн хашхирав.
Залуу могикан ялсандаа баярлан хашхираад Дунканыг дагуулан тулаан болохоос өмнөхөн хошуучийн гүйж ирсэн налуу өөд хурднаа авиран гарав. Тэр хоёр бут сөөг, хад чулууны завсар орж хоргодлоо.
VIII БҮЛЭГ
Тагнуулчийн сануулан хэлсэн нь яв цав цагаа олсон хэрэг байжээ. Бидний сая өгүүлсэн тулаан болж байхад хүний хашхирах чимээ, хүний хөлийн чимээний аль алин нь хүрхрээний нэгэн хэмийн хүүгэх чимээг эвдсэнгүй ажээ. Гурончууд тулалдаан юу болж дуусахыг хачин их хүч тавин ажигласандаа хэвтсэн байрнаасаа гарч чадахгүй мэт байлаа. Тулалдаж буй хүмүүс даанч хурдан хөдөлж буудвал өөрийнхөө нөхдийг ч онож мэдэх тул гурончууд буудаж эс зүрхэлжээ. Гэвч тэр явдал цөм дуусахад сүртэй муухай авиа гараад халдаар ирэгсэд амьгүй хадан цохионд уураа гаргах мэт дараа дараагаар буудан тугалган мөндөр буулгаж эхэлжээ.
Чингачгукийн буу тэдний өөдөөс зугуухан хариу өгөв. Ахмад могикан түрүүчийн бүх үйл явдлын туршид байсан байрандаа гуйвалтгүй бат байсаар бөгөөд Ункасын ялсандаа баярлан хашхирч дохио өгөхөд эцэг могикан залуу хүүд мөн баярлан дохио өгөөд дахин нам жим болсон билээ. Харин одоо түүний буудаж байгаагаар үзэхүл өөрийн байрыг хэлбэрэлтгүй хамгаалж байгаа нь илт.
Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөв. Халдаар ирэгсэд нэг үе бөөнөөрөө, нэг үе ганц нэгээрээ буудаж, хориглогсод нуугдсан газраа хамгаалсаар байв. Тэд биеэ их сайнаар далдлан нуусан тул одоо хүртэл хөөрхий Давидаас өөр хүн хэлмэгдээгүй сэн.
— Эд нар дариа шатааж л байг хэмээн Шонхор Нүдэн нуугдсан цохионы нь хажуугаар сум шунгинан өнгөрөхийг сонсон тайван хэлээд, — Тэгэх тусмаа сайн. Эднийг дуусахлаар бидний ээлж ирнэ. Миний бодоход хад чулуу өршөөл гуйхаас өмнө эдний энэ тоглоом өөрсдийг нь хашраах байх... Ункас аа, хүү минь чи хайран дариа хэтэрхий их хий дэмий зараад байна шүү. Түүнээс чинь болоод тийрч, сумны хурд саагдаад байна. Би чамд, тэр муугийн цагаан зурвасын доохно барьж бууд гэсэн шүү, тэгэхэд чиний сум түүнээс хоёр ямх дээгүүр оносон байна гэж ярилаа.
Ункас санаа амар инээмсэглэн хүлээж авах мэт боловч хариу юу ч хэлсэнгүй.
— Та Ункасыг буудах чадваргүй байна гэж дэмий зэмлээд байна. Энэ тань миний амийг хамгийн ухаантай, эрэлхэг зоригоор аварсан шүү. Би одоо энэ хүний үүрдийн нөхөр болж ачийг нь хэзээ ч мартахгүй гэж Дункан хөндлөнгөөс оролцов.
Ункас өндийж Дунканд гар сунган баярласнаа илтгэлээ.
Харин Шонхор Нүдэн мушилзан инээмсэглээд
— Элсэн цөл, их хөвчид ийнхүү бие биедээ туслах хэрэг зөндөө л гардаг юм. Би Ункасыг гай тохиолдоод байхад бас л аварсан шиг санагдаж байна. Бас Ункас таван удаа намайг үхлээс аварсныг маш сайн мэдэж байна. Түүний гурав нь мингүүдтэй мөргөлдөх үед, нэг нь Горикан нуур гатлах үед, нөгөө нь... гээд үг нь тасалдав.
Учир нь дайсан бууджээ.
— Энэ сум л түрүүчийн сумнуудаас мэргэн ирлээ дээ! гэж Дункан дуу алдаад сум туссан хаднаас өөрийн эрхгүй зайлсхийв.
Шонхор Нүдэн хад онож хавтгай болсон сумыг газраас авч үзээд толгой сэгсрэн:
— Эцсийн тусгалдаа хүрсэн сум ингэж ер хавтайхгүй. Үүлний тэртээгээс л буусан сум ийм их хавтайх байх даа гэж хэлэв.
Ункасын бууны ам дээшээ чиглэхэд цөм тэр зүг харцгаав. Дав даруй дээрх оньсого тайлагдлаа. Голын баруун гар талын эрэгт асар том царс ургасан нь дээгүүрээ гол руу хазайгаад үзүүрийн мөчир нь усан дээр байжээ. Хөгшин царсны тахир махир мөчрийг дөнгөж халхалсан навчин дунд нэгэн гурон тухлан орогноод, нэгэн үе модны голын цаагуур нуугдаж, нэгэн үе барьсандаа оносон эссэнээ үзэх гэж мөчрийн завсраар харж байжээ.
— Энэ муу гөлөгнүүд, биднийг устгахын тулд тэнгэрт ч гарч мэднэ шүү. Хүү минь намайг буугаа цэнэглэх зуур чи түүнийг хараандаа авч бай. Тэгээд хоёулаа модыг хоёр талаас нь буудъя гэж тагнуулчин хэллээ.
Ункас тагнуулчийн дохиог хүлээж байгаад нэгэн зэрэг хоёр буу дуугарлаа. Царсны холтос навч ховх үсрэн арван зүгтээ хийсэв. Зэрлэг хүн тэднийг шоолон инээж хариу өгөөд дахин нэг сум нүүлгэсэн нь Шонхор Нүдэнгийн малгайг ховх цохив. Тэгтэл дахиад л ойн ширэнгийн зүгээс зэрлэг догшин орилолдоон сонсогдож, хориглон бүгэгсдийн дээгүүр тугалган мөндөр исгэрлээ. Зэрлэгүүд модонд авирсан нөхрийнхөө буугаа сайн шагайхад туслахаар доогуур сайтар галлаж дайснаа байрнаас нь хөдөлгөхгүйг хичээх мэт байв.
— Сумнаас биеэ хамгаалах хэрэгтэй боллоо. Ункас аа, чи аавыгаа дууд, энэ зальтай чөтгөрийг үүрнээс нь ховх цохиж эд бад болгоход буу маань цөмөөрөө хэрэгтэй болно гэж тагнуулчин хэлэв.
Ункас дохио өгч Шонхор Нүдэнг буугаа цэнэглэж амжаагүй байтал Чингачгук хүрээд иржээ. Ункасыг хашир дайчинд дайсны байгаа газрыг танилцуулахад ахмад могиканы амнаас зөвхөн «Хэ» гэсэн байнга хэлдэг дуу л сонсогдоод гайхсан юм уу, айсан шинж огт үзэгдсэнгүй. Шонхор Нүдэн могиканчуудтай делавар аялгуугаар хэдэн секунд сүрхий зөвлөлдөв. Тэд зөвлөж дуусмагц төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд бэлтгэж байр байраа тайвуухан эзэлцгээв.
Модон дээр нуугдсан этгээд байгаа газраа мэдэгдсэнээсээ хойш буудаад нэмэргүй шахуу болжээ. Учир нь түүнийг дөнгөж цухуймагц л дайсан нь буудчих гээд байлаа. Тэглээ ч гэсэн түүний сум бүгэгсдийн дунд хааяа туссаар л байв. Хейвордын цамц хэд хэдэн газар цоо буудуулж, өрөөсөн ханцуй нь хөнгөн шархнаас гарсан цусанд улаан улаан толботой болжээ.
Эцсийн эцэст нөгөө гурон дайсныхаа тэвчээртэй нам чимээгүй байгаад зоригжоод сайн шагайхыг завдав. Чингачгук, Ункас хоёрын хурц хараа түүнийг дорхон нь ажиглаж, царсны голоос хэдхэн ямх зайд тачирхан мөчрийн завсраар гуроны хоёр хөл үзэгдэх төдий болмогц хоёр буу зэрэг тасхийлээ. Гурон хагас сууж бүх бие нь ил гарав. Үүнийг Шонхор Нүдэн гайхамшигтай шалмаг ашиглаж аймшигт винтовоороо буудлаа. Царсны навч мөчир сэгсрэгдэн хөдлөөд гуроны буу доош унаж нэг хэсэг дэмий ноцолдсоны дараа тэр хүн агаар дүүжигнэн модны нүцгэн гишүүнээс амь тэмцэж зуурч байгаа нь харагдлаа.
— Ай бурхан, буудаач та минь гэж Дункан хэлээд тэр заяа муутнаас нүд буруулав.

You have read 1 text from Mongolian literature.
Next - Сүүлчийн Могикан - 05
- Parts
- Сүүлчийн Могикан - 01
- Сүүлчийн Могикан - 02
- Сүүлчийн Могикан - 03
- Сүүлчийн Могикан - 04
- Сүүлчийн Могикан - 05
- Сүүлчийн Могикан - 06
- Сүүлчийн Могикан - 07
- Сүүлчийн Могикан - 08
- Сүүлчийн Могикан - 09
- Сүүлчийн Могикан - 10
- Сүүлчийн Могикан - 11
- Сүүлчийн Могикан - 12
- Сүүлчийн Могикан - 13
- Сүүлчийн Могикан - 14
- Сүүлчийн Могикан - 15
- Сүүлчийн Могикан - 16
- Сүүлчийн Могикан - 17
- Сүүлчийн Могикан - 18
- Сүүлчийн Могикан - 19
- Сүүлчийн Могикан - 20
- Сүүлчийн Могикан - 21
- Сүүлчийн Могикан - 22