🕙 21-minute read

Синдбад Далайчны Адал Явдал - 3

Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Total number of words is 2696
Total number of unique words is 1267
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
   — Чиний дураар болъё гэсэнд салах ёс ёслон, хагацаж самар эд зоосоо онгоцонд хөлслөн ачиж далайгаар жуулчлан явсаар нэгэн арлаас нөгөө аралд хүрч, нэгэн далангаас нөгөө далайд орж самрын наймаа хийсээр алдсанаасаа илүү ашиг олсон тухайг ярихаа больж цааш өгүүлэх нь:
   — Тэндээс хуажуу, шанцай, агор тэргүүтэн ургах аширид зэрэг хэд хэдэн арлаас хуажуу, шанцай зэргийг самраар арилжин авч нэгэн өдөр тана шүүдэг газар хүрч олон сувдчинд миний аз үзэж шумбагтун гэж хэдэн энэтхэг самар өгсөнд тэр сувдчин усанд шумбаад өдий төдий сайхан сувд тана гаргаж
   — Чи юутай азтай хүн бэ? гэж гайхан өгүүлсэнд тэр тана эрдэнэсийг хураан авч цааш явсаар Басар хотноо хүрч тэндээс Багдад хотноо буцаж хороондоо хүрч гэртээ хариад ах дүү, хамаатан садантайгаа учран золгож, авчирсан эд малаа сан хөмрөгт хурааж өнчин бэлэвсэнд өглөг хишиг түгээн хүртээж төрөл хамаатан, нөхөр садандаа бэлэг зэрэг барьж урьдын адилаар суув. Алдсанаасаа ашиг нь дөрвөн хувь илүү болсон тул зовсон зүдэрснийг бүрмөсөн мартав. Миний тавдугаар аян явдал ийм байна. Одоо оройн хоол идье гэж ширээ засуулж хоол идэж бараад явган Синдбадад их шижир алт шагнасанд явган Синдбад аян явдлын сонин жигтэйг дотроо их л гайхан буцаж гэртээ хоноод өглөө болсонд өглөөний залбирал мөргөл хийж урьдын ёсоор далайч Синдбадын гэрт очиж амрыг эрсэнд дэргэдээ суулгаж үг хэлэлцтэл бусад олон нөхөд ирсэнд ширээ засуулж зүйл бүрийн идээ ундыг хуримлан идсэний эцэст далайч Синдбад, өөрийн 6 дугаар аян явдлаа өгүүлсэн нь:
   — Аяа янаг амраг нөхөд минь, би 5 дугаар аян явдлаас нутагтаа буцаж ирээд зүдэрсэн зовсныг бүрмөсөн мартаж туйлын баяр цэнгэлээр жарган суутал, нэгэн өдөр аян замаас буцаж явсан хэсэг худалдаачныг үзээд өөрийн биеийг аян явдлаас бууж ах, дүү төрөл садантайгаа учран баярласныг санаад сэтгэл хөдөлж харь газар хэсэн явах санаа шулуудаж далайн аянд зохистой элдэв сайхан эд бараа худалдан авч баглан ачаад Багдад хотоос гарч Басар хотноо хүрлээ. Тэр хотын далайн аманд нэгэн их хөлгийг үзээд олон худалдаачин түшмэдийн хамтаар хөлөгт сууж нэг газраас нөгөө газарт дамжин нэг хотоос нөгөө хотод шилжсээр аян замд азтай ашиг хожил ихтэй жуулчлан явтал нэг өдөр хөлгийн эзэн их дуу алдаж уйлан гаслан толгойгоо ороон өмссөн дүрбэн малгайг ховх татаж нүүрээ маажлан сахлаа зулгаан унасанд олон аянчин худалдаачин бүгдээрээ цугларан ирж дарга минь юу бол оо вэ гэж асуусанд:
   — Аяа манай хөлөг замаас гажиж нэгэн үл таних далайд орсон тул Аллах тэнгэр эс тусалбал бид бүгдээрээ үхэх болов. Аллахад залбирагтун! гэж босож шургааг модон өөд авиран дарвуулыг дэлгэе гэтэл их салхи хөдөлж хутгыг өмнө хандуулсанд залуур нь нэгэн өндөр уулын ойр эвдрээд хөлгийн эзэн шургааг модноос бууж гаслан хэлсэн нь:
   — Ай Аллах, миний үхэх цаг болсон байна гэж олон жуулчин бүгд амьд наснаасаа хагацах цаг боллоо гэж уйлан шаналан харилцан хагацах ёс ёслон гүйцэтгэтэл хөлөг онгоц явсаар их уулыг мөргөж хэмхэрсэнд хөлгөн дэх юм цөм далайд живж олон худалдаачин усанд унаад үхэх нь үхэж, амьд гарах нь тэр уулын чулуунаас барилцаж амьд гарсанд би тэдний тоонд орж ууланд авиран гарч үзвэл тэр уул нь нэгэн их арлын уул байжээ. Далайн хөвөөнд эвдэрсэн онгоцноос гарсан өгүүлшгүй их бараа байна. Тэндээс нааш цааш явж үзвэл уулын хормойноос тунгалаг устай нэг булаг гарч уулыг тойрон урсах бөгөөд түүний усны дотор нь алтан мөнгөн сувд тана, эрдэнэ тэргүүтэн тансаг эрдэнэс, хайр чулуу мэтийг үзээд амьд гарсан аянчин худалдаачин бүгд ихэд гайхав. Мөн аралд бас маш дээд эрхэм хятад ба гаврын агоруу ургах бөгөөд нэгэн зүйл сайн хиван нарны илчинд хайлан урсаж далайд цутган орно. Түүнийг далайн амьтан уснаас гарч залгин бөөлжихөд нь өнгө байдал хувилан дахин далайд хөвж долгионд тэлэгдсээр эрэг хөвөөнд гарсныг аянчин, жуулчин түүж худалдана.
   Арал дахь түүхий хиван бол горхины устай хамт урсан нар шингэхэд царцан, нар гарахад дахин хайлан заарын үнэр ханхална. Арлыг уулс хүрээлэн тогтсон тул тэр хиван гарах газар хүн нэвтрэн очиж чадахгүй болно. Манай хэдэн хүн тэр аралд гарсаар хоол хүнсээр их гачигдаж, идэх уухыг хэчнээн хэмнэвч далайн ус уусан учир доош суулгаж гэдэс тэсгэлгүй өвдсөөр тэнхээ тамир доройтон муудаж цувран үхсээр ганц би үлдэж биеэ буруушаан зэмлэж гашуудан зовсныг хэлэхийн хэрэггүй гээд цааш өгүүлсэн нь:
   — Тэр арлын агоруу модноос түүж, эвдэрсэн онгоцны аргамж татлагаар хүлж нарийн голд усчлан явж болох нэгэн сал үйлдээд арал дахь голын усны эрэг хөвөөнд хайр чулуу мэт хэвтэх алтан мөнгөн сувд тана тэргүүтэн эрдэнээс эрхэм сайн хиван эрдэнийг ачаад хоол хүнснээс үлдсэнийг авч тэр саландаа суугаад урсгалыг даган уулын хормой дахь нэгэн агуйд орж явсаар нэгэн хавцал газар хүрсэнд салын хоёр хажуу нь тэр голын хөвөөг хавирч миний толгойг агуйн чулуунд хүргэсэнд буцъя гэвч болсонгүй тул, одоо үхье гэж уруу харж хэвтээд, агуйн харанхуйд өдөр шөнийг ялган чадахгүй, тэсгэлгүй айн эмээж явтал нойр хүрч унтаад хэчнээн болсныг мэдэхгүй, нойрноос сэрвэл олон энэтхэг хүн миний онгоцыг нэгэн арлын хөвөөнд уясан байжээ. Нүдээ нээсэнд миний өмнө нэг хүн ирж үг асуусанд хэлийг нь мэдсэнгүй, зүүд юм уу гэж санатал бас нэгэн хүн ирж манай араб үгээр хэлсэн нь:
   — Эрхэм ахын амрыг эрье, манай энэ газар хаанаас яаж ирэв, энэ уулын цаанаас хүн урьд удаа ирээгүй юм. Чи яаж энэ усаар урсан ирэв гэсэнд,
   — Та нар ямар улс вэ гэж асуувал:
   — Бид энэ ой мод, тариалан газрын эзэд юм. Мод тариагаа услахаар ирээд чиний салыг үзэж чамайг босохыг хүлээн уясан билээ. Энд ирсэн шалтгааныг хэлж өгнө үү гэсэнд би,
   — Ноён минь, би тэсгэлгүй их өлслөө. Идэх уухыг урьдаар өгнө үү гэтэл, тэд уух юм өглөө. Тэдний өгсөн идээ ундыг цадталаа идээд амьд гарсандаа тэсгэлгүй баярлаж тэр нарийн голд хэрхэн яаж зовсныг нэгд нэгэнгүй тоочиж өөрийн явдлыг эхнээс адгийг нь хүртэл хэлсэнд, олон ихэд гайхаж:
   — Энэ хүнийг хаанд хүргэж үзүүлье гэж миний тэр сал онгоц, ачсан эд эрдэнэсийг авч хааны өмнө хүргэсэнд өөрийн явдлыг нэгд нэгэнгүй хэлж, авч ирсэн алт мөнгө эрдэнийн чулуу агоруу хиванаас бэлэг барьсанд хаан ёслон хүлээн авч ордондоо суулгасанд улсын ихэс сайдтай нөхөрлөж, ихэд өргөмжлөгдсөн тухайгаа яриад яах билээ гээд цааш өгүүлэх нь:
   — Нэгэн өдөр сонсвол тэр улсын хэдэн хүмүүс Басар хотноо очихдоо онгоц хөлөг засаж байгааг сонсоод орон нутаг буцах завшаан тохиолдлоо гэж бодоод тэсгэлгүй баярлаж хаанаас чөлөө гуйсанд бэлэг зэлэг, эд эрдэнийг ихээр шагнаж Багдадын Харун Рашид Халифт их бэлэг хүргэж онгоцчин, худалдаачныг дуудан энэ хүнийг сайн асарч яваарай гэж захиж онгоцонд суух хөлсийг төлөөлөн өгсөнд хаан ба олон нөхөдтэй салах ёсыг гүйцэтгэж тэр онгоцонд суугаад нэгэн далайгаас нөгөө далайд орж, нэгэн арлаас нөгөө аралд шилжсээр Басар хотноо хүрсэнд тэндээс Багдад хотноо очиж хааны хүргэсэн бэлгийг Харун Рашид Халифт өргөөд гэртээ буцаж эд олзоо сан хөмрөгтөө хурааж ах дүү, хамаатан садантайгаа золгон учирч өглөг хишиг, бэлэг шагнал түгээв. Тэндээс нэгэн өдөр Халиф эзэн миний биеийг дуудан ирүүлж, хааны өгсөн бэлгийн учрыг асуусанд өөрийн тэр аян явдлыг нэгд нэгэнгүй хэлбэл Халиф ихэд гайхан миний тэр үгийг,
   — Хойд өдрийн хүмүүст сургаал болтугай! гэж судрын хүмүүст тушаал бичүүлж санд хадгалуулав. Миний 6 дугаар аян явдлын өгүүлэл энэ билээ.
   Их Аллахын таалалд харшгүй бол урьдах явдлаас нэн илүү гайхамшигтай долоодугаар аян явдлыг та нарт маргааш өглөө хэлж өгье гээд ширээ засуулж, оройн хоол идсэний сүүлд явган Синдбадад урьдын ёсоор их шижир алтыг шагнав.
   Тэндээс олон зочид цөм тус тусын гэр орондоо буцсанд Синдбад үүрэгч алтаа авч гэртээ буцаад маргааш нь өглөөний мөргөлийг хийж Синдбад далайчийн гэрт очсонд олон зочин зэрэг ирцгээн урьдын ёсоор найрласанд далайч Синдбадаас өөрийн долоодугаар аян явдлыг өгүүлсэн нь:
   — Ай нөхөд өө! Зургаадугаар аян явдлаас буцаж ирсний анханд олз ашиг ихэд олж ирсэндээ тэсгэлгүй баярлаж, өдөр шөнөгүй жарган суутал дахин гадаад улсыг үзэж, далайд жуулчлан олон худалдаачны сонин үг сонсохыг дотроо загатнан хүсэх тул урьд ёсоор зүйл бүрийн сайн эд худалдан авч Багдадаас Басар хотноо хүрээд тэндээс хөлөгт суун аялж найр цэнгэлээр жарган, наймаа арилжааны хэргийг хэлэлцэн явтал гэнэт ширүүн салхи хүй хүй салхилж их хур орсонд бороонд нэвт цохиулж эд юмаа эсгий зэргээр хучаад, бороо арилаасай гэж суутал хөлгийн эзэн гарч ирээд бүсээ чангалж, хормойгоо шуугаад хөлгийн шургааг модон дээр авиран гарч, зүүн баруун бас доорх хөлгөн дэх хүмүүсийг үзээд нүүрээ маажлан цохилон, сахлаа зулгаасанд:
   — Дарга минь юу бол оо вэ гэвэл, уйлан гаслан;
   — Бид салхитай цагт автагдаж энэ ертөнцийн хамгийн зах далайд орсон байна. Одоо бид үхэх цаг ирсэн тул харилцан салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй боллоо гэж шургааг модноос бууж авдраа нээн уудалж нэгэн ууттай үнс шиг юм гарган ус дусааж шингээгээд авдраасаа бас нэг жижиг ном гаргаж үзээд хэлсэн нь:
   — Миний энэ ном бол маш гайхамшигтай ном болно. Түүнд үзвэл энэ газар хүрсэн хүн амьд гарах нь тун бэрхтэй гэжээ. Энэ газрын нэр Хатын уур амьсгал гэгч газар бөгөөд манай эзэн Даудын хүү Сулеиманы алтан хүүр энд бий. Энэ газар бас аймшигт аварга могой байдаг, энэ газар ирсэн онгоцыг далайгаас аймшигт загас гарч залгин иднэ гэж хэлж дуусахын өмнөхөн аянга мэт хүрхрэх дуу сонсогдон манай хөлөг онгоц хөвөлзөн оволзсонд сүнсгүй айж одоо үхэх биз ээ гэж санатал далайгаас гэнэт нэгэн их уулын чинээ том загас гарч ирсэнд түүнийг үзээд айн сүрдэж уйлан гасалтал, бас нэгэн аймшигт загас гарч ирсэн нь урьдахаас нэн том бөгөөд аймшигтай тул одоо үхэх цаг боллоо гэж уйлан гаслан, харилцан хагацах ёсыг ёсолтол урьдах хоёр загаснаас улам аймшигтай нэг загас хүрч ирсэнд айсан цочсондоо ухаан самууран балрав.
   Тэр загас онгоцыг тойрон амаа ангайн залгих гэтэл гэнэт их салхи хөдлөөд онгоцыг далайн их давлагаа нэг уулнаа мөргүүлсэнд хэмхрэн эвдэрч олон аянчин, худалдаачин цөм усанд живж үхсэнд ганц би нэгэн банзан дээр авиран гарч:
   — Ай Аллах тэнгэр ээ, миний энэ зовлон цөм миний ховдог сэтгэлээс гарчээ. Одоо амьд гарвал үүнээс хойш аян замд явахыг амаар дурдах байтугай сэтгэлдээ санахыг байя гэж ам тангараг алдаж, мод унасаар хоёр хоноод арайхийж нэгэн аралд хүрч жимс түүн, ус ууж зориг ороод цээж тэнэгэр болов. Тэндээс арлаар хэсэн үзвэл нэг тунгалаг устай гол байна. Тэр голыг үзээд урьд би ийм нэгэн зовлон учирсанд сал онгоц хийж амь гарсан билээ. Одоо бас онгоц хийж надад амь гарах хувь заяа бий болбол дахин аянд явахгүй, хэрэв энэ удаа үхвэл харин ч энэ зовлонгоос хагацах биз ээ гэж модны гишүү түүж өвс найлзуураар баглан нэгэн сал хийж салд суун, тэр голоор гурван өдөр урссанд голын урсгал нэгэн өндөр уулын ёроолд цутган орсныг үзээд ихэд айн эмээж салыг зогсоон ууланд авирах гэтэл усны урсгалд автагдаж уул дотроо шурган орсонд:
   — Ай Аллах гэж айн эмээн явтал тэр гол нэгэн их мөрөн болоод аянга мэт их дуу гарч, салхи шиг хурдан урсана. Үүнд их л айн эмээж салыг гараараа тэврэн усны долгионд зүүн баруун тийш дэлсэгдсээр нэг их балгасын өмнө ирсэнд олон хүн ирж салыг татан гаргасанд нойр хоолгүй айн цочиж явсандаа муужран унасанд хөгшин болсон нэг хүн олны дотроос гарч ирээд:
   — Сайн явж ирэв үү? гэж сайхан хувцас өгч миний нүцгэн биеийг халхлан усанд оруулан тамир тэнхээ оруулах унд, сайхан үнэртнийг өгч гэртээ дагуулан аваачаад өндөр суудал засаж амтат идээг идүүлэн сувилсанд гурван хоног сайн идэж сайн ууж, сайн үнэртнийг үнэрлэснээр сэтгэл санаа амар болж айсан цочсон нь дарагдан, дотор онгойсонд тэр өвгөн хүн ирж:
   — Чи өөрийн барааг худалдах уу гэж асуусанд:
   — Надад эд бараа огт үгүй байтал энэ үгийг юунд хэлж байна гэж дотроо гайхсаныг тэр өвгөн үзээд хэлсэн нь:
   — Чи битгий зов, намайг дагаж зээлийн газар оч, чиний эдэд хүн сайн үнэ өгвөл худалд, хэрэв үнэ нь чиний санаанд хүрэхгүй бол цагийг хүлээж түр хадгалбал болно гэсэнд миний тэр бараа юу билээ гэж өвгөнийг дагаж очвол миний тэр салыг задлан нэгэн зууч хүнийг олж:
   — Дээд зэргийн сайн зандан модыг авах хүн байна уу гэж дуудуулсанд сая тэр салын модыг зандан мод гэж танив. Тэр зуучийг дуудахад олон худалдаачин ирж үнэ өртгийг нээн, хэлэлцсээр нэгэн мянган динарт хүрч зогссонд тэр өвгөн, надад хэлсэн нь:
   — Хүүхээ, чиний эдийн өнөөдрийн ханш ийм байна. Худалдах уу, байх уу гэсэнд:
   — Ай ноён минь ээ! Чи өөрөө мэд гэсэнд:
   — Би энэ худалдаачны өгсөн үнэ дээр бас нэгэн зуун динар алтыг нэмж чамаас худалдан авбал ямар вэ? гэсэнд, тэр салыг өвгөнд худалдаад хэд хоносонд, өвгөн бас хэлсэн нь:
   — Хүүхээ, би чамд бас нэг үг хэлье, чи миний үгийг дагах уу гэсэнд
   — Би сонсохыг хүснэ гэсэнд:
   — Би нас өндөр болж, гэр голомтыг залгамжлах үр хүүхэдгүй билээ. Надад нэгэн үзэсгэлэн гоё охин бий тул би чамайг хүргэн оруулж хүү болгоё.
   Миний нүд аньсан хойно миний өв хөрөнгийн эзэн болж энд цэнгэн суух буюу арилжаа наймаа хийж орон нутагтаа буцах тэр цагт саад, хор хийх хүнгүй цөм чиний дураар болно биз. Миний үгийг дагах эсэхийг өөрөө мэд гэсэнд би:
   — Зовлон зүдүүрийг ихэд үзэж ухаан эвдрэн муудсан тул мэдэх, хэлэх үг байхгүй, өвгөн чи надад эцэг мэт ачтай хүн болсон тул хэрхэхийг өөрөө мэдтүгэй гэсэнд өвгөн, охиноо надад гэргий болгон өгч их найр хурим хийсэн билээ. Сэтгэл санаа нь бас сайхан тул харилцан янаг амраг болж жаргал цэнгэлээр суусанд, өвгөн нэгэн цагт нас нөгчсөнд хүүрийг ёслон оршуулж түүний хамаг зарц, шивэгчин, эд хөрөнгийн эзэн болж өвгөний орыг залгамжлан суув. Өвгөний тухай өгүүлэхээ больж цааш өгүүлэх нь:
   — Тэр хотын хүмүүсийн зүс царай сар бүр хувьсаж жигүүр урган огторгуйд дэгдэн гарахад, хотод эмс хүүхэд үлдэх болов. Үүнийг үзээд сарын шинээр би эднийг дагаж үзье гэж хотын олон эрчүүдийн зүс царай хувирах цаг болсонд нэгэн таних хүнийг хүчлэн гуйж түүнийг тэврэн ниссэнд, дээр огторгуйд олон тэнгэр нарын эгшиглэн дуулахыг сонсоод;
   — Ай Аллах тэнгэрийг магтъя гэж дуудмагц тэнгэрээс гал бууж тэр хүмүүсийг хуйхлан алаад надад хорсон хилэгнэж нэгэн ууланд орхиод явсанд биеэ буруушаан зэмлэж нэгэн зовлонгоос арайхийж гартал улам хэцүү зовлонд нэрвэгдэх ямар үйлтэй хүн билээ гэж гаслан суутал сар мэт сайхан царайтай хоёр залуу алтан таяг тулж ирээд надад шижир алтан таягийг өглөө. Тэгээд уулын оргилд гайхан сууж байтал нэгэн их аварга могой, нэг хүнийг хүйсэд нь хүртэл залгин гарч ирсэнд тэр хүн могойн аман дотроос:
   — Намайг аварсан хүнийг Аллах тэнгэр, гай зовлонгоос аварна биз ээ гэж дуудсанд могойн өмнө очиж алтан таягаар нэгэн удаа далайсанд аварга могой тэр хүнийг бөөлжин гаргав. Тэр хүн:
   — Чи намайг энэ могойн амнаас гаргаж аварсан тул би чамаас хагацахгүй нөхөрлөнө гээд хамт цааш явсанд гэнэт хэдэн хүнтэй уулзаж ширтэн үзвэл нэг нь намайг үүрэн ниссэн хүн байжээ. Түүний өмнө очиж;
   — Ханилсан нөхрөө ингэж хаядаг ёс ий юу гэсэнд
   — Би хаях гэж хаясан биш, чи өөрөө Аллахын нэрийг дуудаж биднийг алах шахсан шүү дээ гэхэд;
   — Би мэдсэнгүй, санамсаргүй дуудсан билээ. Одоо хэрхэвч тэгэхгүй гэсэнд тэр хүн надаас;
   — Тэр хэцүү нэрийг битгий дурд гэж ам авч ардаа үүрэн нисээд миний гэрт хүрсэнд, миний эм угтан гарч;
   — Амь бүтэн ирсэн чинь сайн байна гэж ёслоод хэлсэн нь:
   — Чи эд нартай битгий ханил, эд нар бол их Аллахын нэрийг мэдэхгүй шулмын аймаг болно гэсэнд би:
   — Чиний эцэг урьд эдэнтэй яаж суусан билээ гэвэл:
   — Миний эцэг эдний ёсыг дагахгүй хүн билээ. Одоо нэгэнт эцэг эхгүй болсон тул чи бид, энд суух хэрэггүй эд, хөрөнгө дотроос худалдахыг нь худалдаж, авахыг нь авч чиний нутагт хүрье гэсэнд, худалдах эдийг нь худалдаж, үлдээж авахыг нь авч онгоц хөлслөн сууж нэгэн арлаас нөгөө аралд шилжин, нэгэн далайгаас нөгөө далайд дамжин явсаар Басар хотонд хүрч, тэндээс нэгэн онгоц хөлслөн Багдад хотноо буцаж ах дүү, айл садантайгаа золгож, авч ирсэн эд эрдэнэсийг сан хөмрөгт хадгалав. Ах дүү нар намайг энэ долоодугаар аянд явсаар хорин долоон жил болсон тул одоо буцаж ирэхээс өнгөрсөн биз ээ гэж гасалж байсан билээ. Намайг эргэж ирсэнд бүгдээрээ тэсгэлгүй баярлажээ. Тэндээс би амь нас бүтэн, төрсөн орон нутагтаа буцаж ирсэнд Аллахад залбирч дахин аян замд явахгүй гэж ам тангараг алдаж суусан минь энэ билээ. Ай явган Синдбад аа, миний явдал үйлс, өнгөрүүлсэн тэсвэрлэсэн нь ийм байна гэсэнд явган Синдбад
   — Би үүнийг эс мэдсэнээр чамайг муу хэлсэн байвал битгий муу сана гэжээ. Тэгээд жаргалыг таслагч, хурал чуулганыг цүүлсдүүлэгч орд харшийг хоосруулагч, булш бумбыг дүүргэгч, үхлэнг иртэл амар сайхнаар жарган суужээ.
  
  
   Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
  Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
  
  
  1985 оны хэвлэл “МЯНГА НЭГЭН ШӨНӨ : Шилдэг үлгэрүүд” номын Гарчиг
  
   М. Горький : Үлгэрийн тухай
   ШАХРИЯР ШАХЗЕМАН ХЭМЭЭХ АХ ДҮҮ ХОЁР ХААНЫ ҮЛГЭР
   ҮХЭР, ИЛЖИГ ХОЁРЫН ҮЛГЭР
   ХУДАЛДААЧИН БИРД ХОЁРЫН ҮЛГЭР
   ЗАГАСЧНЫ ҮЛГЭР
   АС-СИНДБАД ХААНЫ ҮЛГЭР
   МУУ САНААТ ШАДАР САЙДЫН ҮЛГЭР
   ҮҮН ХЭРХЭН ЧУЛУУН БӨГСТЭЙ БОЛСОН ҮЛГЭР
   Гурван алимын үлгэр
   НУРУУГҮЙ ХҮНИЙ ҮЛГЭР
   ДУРЛАСАН ДУРЛУУЛСАН ХОЁРЫН ҮЛГЭР
   МЭНГЭТ АЛА-АД-ДИНЫ ҮЛГЭР
   ХАР СУМАН МОРИНЫ ҮЛГЭР
   МЭХТ ДАЛИЛА ЭМГЭН КАИРЫН ЗЕЙ-БАК ХОЁРЫН ҮЛГЭР
   СИНДБАД ДАЛАЙЧНЫ ҮЛГЭР
   АБУ-КИР, АБУ-СИР ХОЁРЫН ҮЛГЭР
   ГУТАЛЧИН МАРУФИЙН ҮЛГЭР
   ШАХРИЯР ХААН ШАХРАЗАДА ХОЁРЫН ҮЛГЭР (төгсгөл)
  
  
  1985 оны хэвлэл “МЯНГА НЭГЭН ШӨНӨ : Шилдэг үлгэрүүд” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл
  
  
   МЯНГА НЭГЭН ШӨНӨ
   Шилдэг үлгэрүүд
  
   Орос хэлнээс орчуулсан : С. БАДРАА
  
   Редактор : Г. АМАР
  
   Зураач Д. Загдсүрэн
   Уран сайхны редактор Ц. Энэбиш
   Техник редактор Б. Лхамсүрэн
   Хянагч Л. Нямгэрэл, Д. Банди
  
   Өрөлтөд 1985 оны 1-р сарын 17-нд
   Хэвлэлтэд 1985 оны 2-р сарын 15-нд
   Цаасны хэмжээ 84х108 1/32.
   Хэв. х. 11
   Хэв. нэгж х. 18, 48 Тооц. х. 17, 26.
   Хэвлэсэн тоо 40000
   Хэв газ No 42/84. Зах. № 25.
   Үнэ 5 төг
  
   Улсын Хэвлэлийн Газар
   Улаанбаатар, Элдэв-Очирын гудамж, 7.
  
   Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинатад хэвлэв.
   Улаанбаатар, Сүхбаатарын талбай, 7.
  
  
  
You have read 1 text from Mongolian literature.