Latin

Синдбад Далайчны Адал Явдал - 2

Total number of words is 4672
Total number of unique words is 1795
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
italki
— Тэнгэр мэдэг, чиний санаа зөв гэж бүгд санаа шулуудан ордноос бүдүүн мод гаргаж онгоц хийж далайн эрэгт бэхлэн уяж, бага сага хүнс хоол зөөж хадгалаад ордонд буцаж орой болгосонд гэнэт газар донслон хөдөлж, зуумхай нохой мэт өнөөх хар хүн хүрч ирээд биднийг урьд адил тэмтрэн үзэж нэг хүнийг шилж идээд бандан дээр хэвтэж унтан хурхирах нь аянга шиг байв. Бид сэмхэн босож олон сэрээний дотроос хоёр төмөр сэрээ авч их галд улайсгаж гартаа атгаад тэр хурхиран унтаж байгаа хүний дэргэд очиж хүчлэн түлхэж сэрээг нүд рүү нь хатгасанд нүд нь цаашаа ширгэн орсонд тэр хүн уул нурж, далай бялхмаар их дуугаар хашхирсанд бидний сүлд сүнс зайлж, зүрх хагартлаа айлаа. Тэр хүн босож биднийг эрэхэд бид үхэх цаг ирлээ гэж айн сандарч чичрэн дагжиж, зугтан гүйтэл, тэр үүдийг тэмтэрсээр гадагш гарч чанга дуугаар хашхиран явсанд, түүний дуунд газар доргин хөдөллөө. Бид маш их айж түүний хойноос дагалдан гарч онгоцны зүг чиглэсэнд тэр хүн маш сүрхий догшин аймшигтай нэгэн эмийг дагуулан ирсэнд бид яаран сандран онгоцондоо сууж зайлтал тэр хоёр биднийг үзэж гартаа том үхэр чулуу барьж биднийг чулуудсаар бидний нөхдийг алж, арай гэж гурван хүн амьд гарав. Тэднээс амьд гарсан бид гурван хүн онгоцыг эргийн зүг залж, нэг газар буугаад харанхуй болтол явж шөнө болсонд баахан унтаад сэртэл гэнэт маш том нэгэн луу замыг хөндөлдөн ирж, манай нэг нөхрийг залгисанд лууны хэвлийд түүний хавирганы яс тарчигнан хэмхрэх дуу сонсогдлоо. Лууг явсны хойно бид маш их айж ингэж хэлэлцлээ:
— Аллах тэнгэр ээ, урьд урьдынхаасаа улам жигшүүртэй муухайгаар үхдэг ямар жигтэй үйл билээ. Тэр хар хүний гараас мултран гарлаа гэж баярлаж байтал, баяр нь гүйцэд болоогүй байжээ. Аллах тэнгэр ээ, тэр хар хүнээс зайлж усанд үхэх аюулаас гартал, энэ хар гай зовлонгоос яаж гарья гэж цааш нааш явж, модны жимс идэж голын ус ууж орой болоход нэг өндөр модыг үзээд авиран гарч унтсан ба би хамгийн дээр гарлаа. Шөнө болж харанхуй болсонд луу ирж, зүүн баруун тийш харж үзээд бидний нуугдсан модны зүг ирж миний нөхрийг залгиад модыг ороосонд лууны гэдэс дотор миний нөхрийн хавирганы яс хэмхрэх сонсогдлоо. Луу модноос бууж явсанд би айн сандарч хоноод өдөр болоход модноос доош бууж, далайд орж үхье гэтэл аминдаа бас хайртай тул хөлдөө нэгэн өргөн хавтгай мод хөндлөн уяад хоёр хажуу, хэвлий, толгой дээрээ хэд хэдэн том хавтгай мод уяж хэвтсэн ба торонд орсон юм шиг санагдлаа. Шөнө өнөөх луу ирээд намайг залгих гэтэл тал талаас модоор хашсан тул эргэн тойрон явж халдаж залгиж чадсангүй, нэг явж, нэг буцаж, нар шингэхээс, үүр цайж нар гартал оролдсоор их л уур нь хүрч нар гарахад зайллаа. Би гараа сарвайж тэр уясан модоо тайлаад нааш цааш явж арлын захад хүрч далайн зүг харвал нэлээд холхон нэг хөлөг онгоц явахыг үзээд модны мөчрөөр даллан дуудсанд, тэр хөлөг онгоцны хүмүүс, энэ юу билээ. Очиж үзье, хүн байж магадгүй гэж ойртон ирж, миний дуудахыг сонсож, хөлөг дээрээ гарч:
— Ямар хүн бэ? гэж асуусанд зүдэрсэн зовсон, үзсэнээ эхнээс нь адгийг нь хүртэл нэгд нэгэнгүй тоочин хэлсэнд олон худалдаачин ихэд гайхаж өмсөх хувцас өгч миний нүцгэн биеийг халхлан, сэнгэнэсэн ус уулгаж хоол идүүлсэнд гэдэс минь цадаж, дотор минь онгойн үхэх шахаад амьдарсандаа зориг орж Аллах тэнгэрийг магтан найрт салхийг дагаж явсаар нэг газар хүрвэл хөлгийн эзэн хөлгийг зогсоон, олон худалдаачин, аянчин бууж, арилжаа наймаа хийх гэсэн эд бараагаа дэлгэсэнд хөлгийн эзэн надад хэлсэн нь:
— Чи бол ядуу хоосон харь хүн юм. Сонсвол зовлон их үзсэн байна, би чамд тус болж нутагт чинь харих арга зааж өгье. Чи миний хойноос залбиран мөргөх биз гэсэнд:
— За миний залбирал чиний төлөө болтугай! гэсэнд тэр хэлсэн нь:
— Бидэнтэй хамт явсан нэгэн жуулчныг алдаад одоо үхсэн, амьдыг мэдээгүй байна. Чи тэр хүний ачаа барааг энд худалдвал бид чамд хөлс өгч үлдсэн бараа эдийг Багдад хотноо буцахад чинь тэр хүний төрөл садны хүмүүст тушааж өгнө. Чи тэр хүний ачаа барааг авч олон худалдаачны хамт худалдах уу гэсэнд:
— Ноён минь чиний өршөөлт үгийг дагая гэсэнд усчин үүрэгчид тушааж тэр эд барааг хөлгөөс гаргаж надад тушаасанд хөлгийн бичээч асуусан нь:
— Дарга аа! Энэ ямар эд билээ, хэний дансанд тэмдэглэх вэ? гэсэнд бидэнтэй хамт яваад далайн нэгэн аралд усанд унаад мэдээ чимээгүй болсон Синдбад далайчийн нэрийн дор тэмдэглэ. Энэ хүнд өгч худалдуулсны дараагаар хөлсийг гаргаж өгөөд үлдсэнийг Багдад хотноо аваачиж эзний нь олбол эзэнд нь өг, эс олбол төрөл саданд нь тушаах хэрэгтэй гэж дансанд тэмдэглэсэнд:
— Үг чинь сайхан, санаа чинь зүйтэй байна, Аллах тэнгэр мэдэг. Синдбад далайч гэдэг би шүү дээ, тэр арлын дэргэд живсэн улсуудтай хамт би живсэн билээ гэж бодоод биеийг хүлцэн барьж олон худалдаачид хөлгөөс бууж арилжаа наймааны хэргийг хэлэлцэн цугларахад би хөлгийн эзний өмнө очиж,
— Ноён минь, чиний надад тушаан өгсөн ачаа барааны эзэн хэн гэдэг билээ гэсэнд,
— Түүний хөрөнгө чадлыг би мэдэхгүй, Багдад хотын Синдбад далайч гэдэг билээ. Нэгэн далайн аралд буусанд олон хүн усанд гэмтэж үгүй болсны тоонд орж одоо болтол чимээгүй гэсэнд, би их чанга дуугаар ингэж хэллээ;
— Номхон дарга аа! Өнөөх Синдбад далайч гэдэг чинь би байна. Би усанд эндээгүй шүү дээ. Чиний тэр аралд буухад олон худалдаачин, аянчны хамт гараад авч явсан идээ хүнсээ идэж суутал нойр хүрч хэвтээд унтаж босоод харвал онгоцны аянчин жуулчин нар хэдийн явчихсан байлаа. Энэ эд бол цөм миний эд юм. Очир алмасын ууланд үзсэн алмас эрдэнийг худалдах хүмүүс намайг тэндээс олж миний явдлыг сонссон тул миний бие чухам Синдбад далайч мөн гэж батлан гэрчлэх болно. Гэтэл олон худалдаачин, жуулчин энэ үгийг сонсоод намайг тойрон зогсож зарим нь энэ хүний үг үнэн байх, зарим нь худал хэлж байна гэв. Тэгтэл нэг худалдаачин очир алмасын хавцал амны тухай ярьсныг сонсоод миний өмнө ирж бусад худалдаачны зүг хандаж
— Та нар миний үгийг сонсоорой, урьд би та нарт очир алмасын аманд мах хаясанд миний хаясан махны хамт нэг хүн гарч ирлээ гэснийг та нар дэмий худал юм чалчиж байна гэсэн биз дээ гэсэнд олон худалдаачин нарын хэлсэн нь:
— Мөн мөн, бид чиний тэр үгийг чинь итгээгүй билээ гэв. Худалдаачны хэлсэн нь:
— Миний хаясан махтай хамт гарсан хүн энэ байна, түүний өгсөн очир алмасын үнэ маш их, дэлхий дээр ижилгүй алмас чулуу юм. Миний хаясан маханд урьд хожид ер тийм сайн чулуу наалдаж гарсан удаагүй юм гэж цааш нь бас, тэндээс би энэ хүнийг дагуулан явж Басар хотноо хүрсэн хойно харилцан юм солилцож тус тусын нутагт буцсан юм. Хамт явж байх замдаа өөрийн явдлыг хэлж яаж аралд хоцорч онгоцноос гээгдээд элдэв зовлон зүдүүр үзсэнээ хэлж өөрийн нэрийг Синдбад далайч гэсэн билээ. Энэ хүн одоо энд ирсэн нь миний танд урьд хэлсэн үгийн үнэн эсэхийг баримттай баталж байна. Энэ бараа бол цөм түүний хөрөнгө, урьд бидэнтэй хамт явахдаа надад тийм тийм эд бий гэж хэлсэн нь үнэн байна гэсэнд хөлгийн эзэн өндийн босож миний өмнө ирээд ширтэн үзэж чиний эдэд ямар тэмдэг бий билээ гэхэд миний бараанд тийм зүйлийн тэмдэг бий гэж тоочин хэлээд бас Басар хотноо онгоцонд суух үед хөлгийн эзэнтэй хэлэлцсэн нэг хэргийг дурдсанд: Сая намайг Синдбад далайч мөн гэж итгэж амь чинь мэнд гарсан нь юутай сайн хэрэг вэ? гэж тэврэн хэлсэн нь:
— Ноён минь, тэнгэр мэдэг. Чиний үйлс явдал үнэхээр гайхамшигтай байна гэж миний эд хөрөнгийг тоо ёсоор тушаан өгсөнд арилжаа наймаа хийж их ашиг олоод амь нас мэнд гарч, алдсан эд хөрөнгөө олж хохиролгүй болсонд тэсгэлгүй их баярлав.
Тэндээс олон арлуудаар арилжаа наймаа хийж хэсэн явсаар Энэтхэг газар хүрч наймаа арилжаа хийж тэр газрын далайд маш олон гайхамшигтай жигтэй юм үзсэнийг тоолж баршгүй; тэндээс Аллах тэнгэрийн өршөөлөөр найрт салхийг дагаж аян замд аюул гамшиггүй явсаар Басар хотноо хүрээд Багдад хотонд буцаж гэртээ ирж айл ах дүү, хань нөхөдтэйгөө золгож, төрсөн газар нутагтаа амь нас мэнд буцаж ураг элгэнтэйгээ золгосондоо тэсгэлгүй баярлаж өнчин, бэлэвсэнд өглөг хишиг түгээн өгч амраг нөхөд садантайгаа амтат идээ ундыг идэж ууж найр цэнгэлээр жарган суухад аян замд айсан цочсон, зовсон зүдэрснээ бүгдийг мартлаа. Энэ явдалд олсон ашгийг тоолбол барахгүй гээд явган Синдбадад цааш хэлсэн нь:
— Аллах тэнгэрийн таалалд харшгүй бол чи маргааш ир. Дөрөвдүгээр аян явдлыг чамд хэлье. Урьд урьдын явдлаас үнэхээр гайхамшигтай болно гээд явган Синдбадад урьд ёсоор зуун месхал шижир алтыг шагнан өгөөд ширээ засаж бүгдээрээ хурим хийж тэд Синдбадын явдлыг ихэд гайхав. Тэндээс цугларсан олон цөм гэр гэртээ тарлаа. Синдбад үүрэгч шагнасан алтыг авч гэртээ буцаад Синдбад далайчаас сонссон үгсийг ихэд гайхан хоноод, өглөө босож мөргөл залбирал үйлдээд, Синдбад далайчийн гэрт очвол, дэргэдээ суулгаад бусад олон нөхдийг ирсэн хойно идээ ундыг барьж найрлан хурим хийгээд, Синдбад далайч өөрийн дөрөвдүгээр аяны явдлыг хэлсэн нь:
— Ай нөхөд минь, миний Багдад хотноо эргэн ирээд ах дүү хамаатан садан, амраг нөхөдтэйгөө учран золгож ашиг их олсондоо аян замын зүдрэлийг бүрмөсөн мартаж, жаргал цэнгэлийн туйлаар жаргаж найр наадмаар амьдран, амраг нөхөдтэйгөө эртний ба одоогийн явдлыг шүүмжлэн хэлэлцэж суутал, томоогүй муу сэтгэл дахин хөдөлж харь газар хэсэн явах санаа төрөөд, арилжаа наймаа хийж олон хэлний хүнтэй золгон танилцах дур хүрсэнд сэтгэл зориг шулуудаж далайн аянд зохистой, элдэв сайхан эд барааг худалдан авч баглаад Багдад хотоос гарч Басар хотонд хүрлээ. Тэндээс бас Басарын балгасны олон сайчуултай нийлж их хөлөг онгоцонд суун явж өдөр шөнөгүй жуулчлан явсаар нэг арлаас нөгөө аралд шилжин, нэг далайгаас нөгөө далайд орж аялан явтал гэнэт дөрвөн зүгээс их салхи салхилсанд хөлгийн эзэн чагт авч хөлгийг зогсоотол гэнэт догшин салхи ирж хөлгийн дэрвүүлийг тас татаж онгоцыг живүүлсэнд олон хүн цөм усанд цацаж үхэв.
Миний бие бас усанд цацтал их Аллах онгоцны нэгэн модыг өршөөн хайрласанд хэдэн худалдаачны хамтаар модон дээр авиран гарч хөлөөр сэлсээр салхи долгионд туугдан явж далайд хонотол үүрээр салхи дахин ихсэж усны долгионд цохигдон нэгэн аралд арай чамай голтой гарав.
Өлсөн ундаасаж, айсан сандарсан, нойр алдаж даарсандаа тэсгэлгүй их зовж нааш цааш явж үзвэл тэр арал дээр зүйл бүрийн ногоо ургасан байна. Тэр ногооноос идэж баахан өл залгаад арлын хөвөөнд нэг шөнө хоноод өглөө болж нар гарсанд цааш нааш явж үзвэл холхон нэгэн байшин үзэгдэнэ. Түүний өмнө очиж хаалганы өмнө зогссонд гэнэт дотроос нь маш олон нүцгэн хүн гарч биднийг үг дуугүй шүүрэн бариад хааны өмнө аваачиж сөгдүүлэн суулгаад бидний урьд хожид идэж үзээгүй хоол авчирч идүүлсэнд их Аллах тэнгэрийн өршөөлөөр би тэр хоолыг идсэнгүй, миний бусад нөхөд тэр хоолноос амсмагц ухаан оюун нь самуурч галзуурсан мэт овор дүрс нь хувьсаад наргилын тосыг уулгасанд нүд нь урваж, хоол идэх байдал нь урьдахаас улам жигтэй болсонд би их айж цочин санаа сэтгэл зовлонтой болоод тэр олон нүцгэн хүмүүсийг нарийвчлан үзвэл цөм айсихь нар юм. Энэ хотын хаан нь хөл мангас юм. Тэр айсихь нар хүнтэй золговол тэр мангас хааны өмнө аваачиж хорт идээг идүүлэн, хорт тосыг түрхэхэд ухаангүй болж, гэдэс хэвлий нь сунаж идэх нь нэмэгдэнэ. Айсихь нар энэ идээ тосыг идүүлэн шахсаар тарган болсны нь алж, хаанд идүүлнэ. Өөрсдөө хүний махыг чанаж шаралгүй түүхийгээр иднэ. Үүнийг үзээд би тэсгэлгүй айж өөрийн бие ба нөхдийн хойноос санаа сэтгэл зовох боловч тэд нөхдийн ухаан оюун баларсан тул харин ч ажиггүй байна. Тэндээс биднийг нэг малчинд өгч өдөр бүр мал адгуусны адил бэлчээрлүүлсэнд би санаа сэтгэл зовж өлсөж өлбөрч айсан цочсондоо ухаан мэдрэл доройтож тэнхээ тамир их л доройтон муужирлаа. Айсихь нар үүнийг үзээд намайг огт хайхрахгүй болжээ. Нэгэн өдөр сэмхэн гадагш гарч явтал далайн дунд нэгэн өндөр юман дээр суусан хүнийг үзээд нарийвчлан хянавал миний нөхдийг хариулж байгаа малчин байжээ. Тэр хүн намайг үзээд, ухаан эвдрээгүй эрүүл хүн байна гэдгийг мэдэж, холоос дохин, ингэж хэлсэн нь;
— Чи гэдрэгээ буцаж нөгөө этгээдэд байгаа хааны замд орж яв гэсэнд тэр хүний үгийг дагаж явсаар их замд ороод заримдаа айн гүйж, заримдаа яаралгүй алхсаар нар шингэж, харанхуй болсонд амсхийж унтах гэж бодовч айсан өлссөн ба ядарсан нь үлэмж тул нойр хүрсэнгүй, шөнө дунд босож нааш цааш явсаар өглөө болсонд өлсөн цангаж бие ядраад арал дахь өвс ногооноос идэж өл хоол залгаад дахин цааш явж долоо хоног тэнэсээр наймдугаар өдрийн үүрээр хар цагааны газраа нэгэн юм үзээд наран шингэхийн үед сая хүрч үзвэл олон хүн хуажуу түүж байна. Намайг үзээд тал талаас тойрон зогсож:
— Чи юун хүн бэ? хаанаас ирэв гэж асуусанд,
italki
— Аяа би гэдэг нэг зовлонтой хүн байна гээд айсан үзсэн зовлонгоо тоочвол их л гайхан уулзсан тэр хар арьстны гараас амьд гарч байсан хүн огт үгүй билээ. Чи их хувь заяатай хүн байна гэж идээ ундыг өгсөнд цадтал идэж бие амсхийв. Тэндээс онгоцонд сууж тэр хүмүүсийн суух аралд хамт очилцсонд тэр газрын хаанд бараалхуулав. Хааны амрыг эрсэнд:
— Сайн явж ирэв үү? гэж миний явдлыг асуусанд анх Басар хотоос гарсан тэр цагаас энэ хаанд бараалхсан хүртэл явдлаа тоочин хэлсэнд, хаан ба танхимд суулцсан олноос гайхаагүй хүнгүй. Тэндээс гадагш гарч хот балгасыг үзвэл маш сайхан бөгөөд эд юмсаар элбэг, хүн олонтой хот юм. Арилжаа наймаа хийгчид зах зээлээр дүүрэн, идээ унд элбэгийг үзээд энэ хотод хүрч ирсэнд сайн боллоо гэж баярлаж сэтгэл санаа амраад тэр хотын хүмүүст дасаж хаан ба олонд, улсын олон сайд түшмэл иргэнээс илүү хүндтэй болов. Тэр газрын хүмүүс сайхан морь унахад цөм эмээл тохохгүй зайдан явахыг үзээд:
— Эзэн минь чи, морь унахад эмээл тохохгүй явах нь юу вэ? гэвэл, хаан асуусан нь:
— Эмээл гэгч юу вэ? Бид огт түүнийг мэдэхгүй байна гэсэнд:
— Эмээл гэгч нь морь унахад маш таатай юмны нэр болно. Хаан зөвшөөрвөл би нэг эмээл хийе гэж модчин, төмөрчнийг дуудаж удирдан зааснаар нэг эмээл хийж хааны адуунаас нэгэн сайн морийг сонгон авч тэр эмээлийг тохоод хааны өмнө авчирсанд тэсгэлгүй их баярлаж, их мөнгө зоосоор шагнав.
Тэндээс хааны их түшмэд ба төрийн олон сайд, ямбатан зэргээс эмээл хийж өгнө үү гэж тэмцэлдэн гуйсанд модчинд эмээл хийх аргыг заан сургаж их ашиг олоод олонд хүндтэй нэртэй боллоо. Нэг өдөр хааны өмнө сүр жавхлантай цэнгэж суутал хаан гэнэт хэлсэн нь:
— Синдбад чи маш эрхэм хүндтэй хүн болж манай хүн болсон тул чамаас хагацан салахад хүрвэл бид үнэхээр тэсэхгүй, тиймийн тул чамаас гуйх нэгэн хэрэг байна гэсэнд;
— Хааны санааг би сонсохыг хүснэ гэлээ. Хаан хэлсэн нь:
— Би чамд нэгэн сурвалжит баялаг гэрийн гоё үзэсгэлэнт охиныг гэргий болгож өхийг хүснэ. Би чамайг орд харшдаа суулгаж байх ба үүрд манай хүн бол гэсэнд би их ичиж хариу хэлээгүйд хаан асуусан нь:
— Хүүхээ, чи юм хэлэхгүй яав гэхэд:
— Цагийг эзэлсэн хаан минь ээ. Зарлиг буулгах нь чамаас болох болно гэсэнд, хаан зогсоогоор гэрч, заргач нарыг дуудаж надад сайн язгуурт гайхамшиг үзэсгэлэн гоё сайхан, үлэмж эд хөрөнгөтэй нэгэн гэргий авч өгөөд цалин пүнлүү тогтоож сайхан харш орд, боол зарцсаар шагнасанд урьдын зовлон зүдүүрийг мартаж их жаргал цэнгэлтэй суув. Нэгэн өдөр манай айлын нэгэн хүний гэргий үхсэнд:
— Эр нөхрийн санаа засах гэж эмийн хойноос дэмий зовон гасалж яах юм бэ? Их Аллах тэнгэр өршөөж нас чинь урт болбол энэ эмээс илүү сайхан эм олдох биз ээ гэж намайг хэлэхэд тэр гэрийн хүн маш их уйлан хэлсэн нь:
— Ай нөхөр минь, миний насны хэмжээ нэг өдрийн төдийхөн болсон байтал бас ямар сайн эм авах билээ гэсэнд:
— Нөхөр минь, чиний бие өвчин зовлонгүй эрүүл мэнд байтлаа үхнэ гэдэг чинь юу билээ. Дэмий үг битгий хэл гэсэнд,
— Аяа маргааш чи миний нүүрийг дахин олж үзэхгүй болно. Манай энэ газар эр эм хоёроос эм нь урьдаар үхвэл эрий нь хамт оршуулдаг, эр нь урдаар үхвэл эмийг нь бас амьдаар оршуулж, нэгээ үхэхэд нөгөөдөх нь түвшин жаргахгүй болгох зан болно. Миний эмийн хүүрийг өнөөдөр оршуулах тул миний биеийг мөн өдөр хамт оршуулна гэсэнд:
— Аяа энэ ямар муухай заншил бэ? гэж хэлэлцтэл, хотын олон хүн ирж миний тэр нөхрийн санааг тэжээн тайтгаруулах нь тайтгаруулж, үхсэн эмийг тэр газрын заншлыг дагаж чимэглэн засаад хайрцагт агуулж далайн хөвөөн дэх нэгэн ууланд аваачиж нэг том чулууг өргөн зайлуулсанд худгийн амсар мэт их нүх гарав. Тэр эмийн хүүрийг нүхэнд орхиж, эрий нь дал модны дөлөөр мушгисан аргамжаар аргамжиж нүхэнд оруулаад нэгэн том домботой ус, долоон мантуу өглөө. Тэр хүнийг нүхэнд оруулсан хойно аргамжийг суга татаж аваад нүхийг чулуугаар дарж буцсанд:
— ай Аллах минь, энэ бас муухай үхэл байна гэж бодоод хаанд очиж танай энэ улсад амьд хүнийг үхсэнтэй нь хамт оршуулах ямар ёс вэ? гэхэд хаан:
— Эр эм хоёр үхэвч амьдравч хамт байх ёс нь манай дээдсээс уламжлан ирсэн ёс болно гэсэнд би,
— Гадаад улсын хүний эм үхвэл мөн энэ ёсоор болгодог юм уу гэсэнд хаан,
" Чиний саяны үздэгтэй нэгэн адил болно гэсэнд би маш их айн зовж миний эм надаас урьд үхвэл намайг бас амьдаар оршуулах юм байна гэж сэтгэлд зовлонтой боллоо. Удалгүй эхнэр өвдөж хэдэн хоногийн дотор үхэв. Тэр газрын ёсоор, хаан ба олон хүн ирж, бэлэвсрэлийн ёсыг гүйцэтгэн миний эмийн хүүрийг чимэг эрдэнэсийн сайнаар чимээд хайрцагт агуулан өнөөх ууланд аваачин худгийн амсрын чулууг өргөж хүүрийг орхиод олон бүгд миний өмнө ирж хагацан салах ёсоор ёсолсонд би:
— Би бол гадаад улсын хүн юм. Танай энэ зэрлэг суртлыг дагаж яасан ч чадахгүй гэсэнд миний үгийг хүлээж авсангүй, хар хүчээр барьж хүлээд оршуулах дүрмийн ёсоор долоон мантуу, домботой ус нэгийг миний биеэс өлгөж нүхэнд оруулав. Үзтэл нэгэн их агуй байна. Дээрээс:
— Аргамжааг тайл гэж хашхирсанд;
— Чадахгүй гэсэнд харин аргамжааг орхиж худгийн амсрыг өнөөх том чулуугаар дараад явцгаажээ. Тэр агуйн доторх олон хүүрээс маш муухай өмхий үнэр гарна. Олон хүүрийг үзээд:
— ай Аллах тэнгэр! Энд орсон минь үнэхээр миний хохь болов. Ямар хар гайгаар энэ хотод ирж эм авлаа. Нэгэн гайгаас гарч нэгэн гайд ордог би юутай зовлонтой амьтан билээ. Ингэж үхлийн муугаар үхсэнээс далайд живж үхэх минь яалаа, ууланд үхэх минь яалаа даа гэж биеэ зэмлэн гасалж өдөр шөнийг ялгахгүй болов. Идээ ундыг нарийлж үхэхээс наагуур өлсвөл сая баахан ууж иднэ. Унтах бол хүүрийн ясан дээр унтана. Тэндээс агуйн дотор нааш цааш тэмтрэн явж үзвэл дотор нь маш уудам их бөгөөд эртнээс орхисоор ирсэн хүүрийн яс маш олон байна. Тэгж тэмтрэн явсаар агуйн захад шинэ хүүрээс хол нэгэн газар хэвтэш засаж ус хоол минь барагдах болов уу гэж өдөрт нэгэн удаа ууж, нэгээс олонгүй идэж хүнс барагдвал яах билээ гэж бодож суутал гэнэт өнөөх чулууг хөдөлгөж дээрээс гэрэл тусав. Энэ юу билээ гэж ойртон очвол: Уйлан гаслах нэгэн эмийг буулгаж идэш ууш орхиод чулууг урьдын хэвээр бөглөж явсанд нэгэн үхсэн эр хүний чөмгийг барьж тэр эмийн араас сэмхэн очоод толгой дунд нь нэг буулгатал ухаангүй унав. Дахин хэд хэд цохиж алаад тэр эмийн ус хоолыг авч өөрийн хэвтэх газраа ирээд арвилан чимхлэн идсээр хүүр оршуулах бүрийд хамт оршуулсан хүнийг цохин алж, түүний хүнс хоолоор амь зуудаг боллоо. Нэгэн өдөр унтаж хэвттэл нэгэн юмны чимээ анир гарсанд энэ юу билээ гэж үхсэн эр хүний дунд чөмөг барьж тэр чимээ гарсан зүг очвол нэгэн араатан босож зугтав. Түүний хойноос дагалдан явтал нэг бяцхан гаваас гэрэл үзэгдсэнд очиж үзвэл хүний хүүрийг идэх араатан тэр уулын хярд нүх ухаж, үхдэлийн агуйд ордог байжээ.
Үүнийг үзээд одоо дахин амьдрав гэж сэтгэл санаа амарч, дотор онгойн сэргэж, тэр нүхийг оролдсоор ихэсгэж гадагш гарч харвал нэгэн их уулын оргил байжээ. Тэндээс их Аллахыг магтан залбирч тэсгэлгүй баярлан дахин агуйдаа орж олзлон хураасан ус хоолыг гадагш гаргаад, хүүрийг чимсэн алтан мөнгөн сувд, тана, сийх ээмэг, бэлзэг бугуйвч, тансаг эд тэргүүтнийг авч уулын дээр гаргаж хадгалаад, өдөр бүр агуйд орж хүүр оршуулах бүр амьд хүнийг эр эм гэж ялгалгүйгээр цохин алж идээ унд, эд эрдэнэсийг хураан аваад далайн эрэг дээр гарч онгоц хүлээх боллоо. Нэгэн өдөр хүлээж суутал далайд их хөлөг онгоц үзэгдсэнд үхсэн хүний хувцаснаас нэгэн цагааныг авч модонд өлгөн даллаж дуудсанд тэр хөлгөөр дүүрэн хүн сууж ирээд
— Чи юун хүн бэ? Яагаад энд ирэв? Энэ ууланд хүн урьд хожид ойртон ирснийг бид огт үзээгүй билээ. Чи энд яаж хүрч ирээв гэсэнд;
— Би худалдаачин хүн билээ. Манай хөлөг онгоц далайд живсэнд Аллахын өршөөлөөр эд юмаа авч нэгэн банз тэврэн усчилсаар энд амьд гарсан билээ гэсэнд үхээрийн агуйгаас гаргасан эд эрдэнэсийг онгоцонд ачиж намайг хөлөгт гарган суулгаад хөлгийн эзэн асуусан нь:
— Энэ далайн эрэг бол нэгэн өндөр уул юм. Түүний цаад этгээдэд нэгэн их хот балгас байгаа юм. Энэ далайд би, нэгэн насаар усчлан явахдаа энэ ууланд жигүүртэн араатнаас өөр амьтан үзээгүй юм. Харин чи яаж энд гарав? гэсэнд би тэр хотод хэрхэн суусан, тэр уулын агуйд яаж байсан зэргээ хэлбэл хөлөгт явагчдын дотор тэр хотын хүн байж магадгүй гэж болгоомжилж тэр бүгдийг хэлсэнгүй, харин би бол худалдаачин хүн билээ. Их онгоц эвдэрсэнд энэ эд эрдэнэсийн хамтаар усанд шумбатал хөлгийн нэгэн том банз мод тохиолдсонд авиран гарч энэ ууланд хүрээд амьд гарч, өнгөрөн явах хөлөг онгоцыг хүлээсээр байсан билээ. Чи миний амийг аварсан тул үүнийг тогтоон авна уу гэж үхээрийн агуйгаас авч гарсан тэр эрдэнэсээс өгсөнд, хөлгийн эзэн хэлсэн нь:
— Манай усчин хүн далайд хөлөг эвдэрч далайн арал юм уу, хөвөөнд амьд гарсан хүнийг нүцгэн бол хувцас өгч тэжээн асрах бөгөөд далайн боомтод буувал их Аллахыг санаж бэлэг шагнал өгч тавихаас биш хүнээс юм авах ёсгүй юмаа гэсэнд, би,
— Насан хутаг чинь арвин болтугай! гэж ерөөж тэндээс Багдад хотноо буцаж хороондоо хүрч гэртээ халайд орж явахдаа амь бүтэн гарсандаа тэсгэлгүй баярлан явах боловч тэр үхээрийн газар эмтэйгээ орсныг санахад бүр ухаан баларна. Үүнийгээ хэлэлгүйгээр Аллахын өршөөлөөр тэгж аюулгүй явсаар Басар хотонд хүрч, тэндээс Багдад хотноо буцаж хороондоо хүрч гэртээ хариад ах дүү хамаатан садантайгаа учран золгож авчирсан эд малаа сан хөмрөгт хурааж өнчин бэлэвсэнд өглөг түгээн хүртээж хуучин нөхөр садан ханьтайгаа хурим найрын жаргалаар цэнгэлдэн жаргаж суув. Миний дөрөвдүгээр аяны гайхамшиг ийм байна. Синдбад, дүү минь чи одоо оройн хоолноос идэж авдгаа аваад харь. Маргааш дахин ирвэл урьд урьдын явдлаас илүү гайхамшигтай тавдугаар аян явдлыг чамд хэлж өгөх болно гээд үүрэгчид их шижир алтыг шагнаж ширээ засуулан хуримлан идсэний эцэст бүгдээрээ тус тусын гэр оронд харьцгаав. Явган Синдбад тэсгэлгүй баярлан хонож маргааш өглөөний нарнаар мөргөл залбирал хийж дуусаад далайн Синдбадын гэрт очиж амрыг эрсэнд, хариу ёсолж дэргэдээ суулгаад бусад олон нөхдийг ирсэн хойно ширээ засаж хуримлаад эрт ба одоог шүүмжлэн хэлэлцэхэд далайн Синдбад өөрийн тавдугаар аян явдлаа хэлсэн нь:
— Аяа нөхөд минь сонсогтун, дөрөвдүгээр аянаас буцаж ирээд олз ашиг их олсондоо тэсгэлгүй баярлаж, найр жаргал, зугаа наадамд шунан суутал дахин харь олон улсыг хэсэн үзэж явах дур хүрээд сэтгэл тогтож санаа шулуудан зүйл бүрийн сайхан барааг худалдан авч баглан хүлээд Багдад хотоос гарч Басар хотноо хүрээд далайн эргээр нааш цааш хэсэн явтал нэгэн өндөр сайхан хөлөг онгоцыг үзээд сэтгэл ихэд хөдөлж тааламжтай санагдсанд хамаг хэрэгтэйг нь худалдан авч усч нарыг олоод эд бараагаа ачсанд олон худалдаачин ирж хөлс түрээс хураалган онгоцонд суугаад ашиг хонжоонд горьдож их баяртай мордоод нэгэн арлаас нөгөө аралд шилжиж, нэгэн далайгаас нөгөө далайд орж газар орныг үзэн арилжаа наймаа хийсээр нэг аралд хүрвэл огт хүнгүй буйд газар байжээ. Түүний дунд хирд нэгэн маш том өндөр цагаан памбагар юм байгааг олон бүгдээрээ харж үзтэл гардийн өндөг байжээ. Олон худалдаачин түүнийг гардийн өндөг гэж мэдсэнгүй тул өмнө нь очиж чулуугаар цохисонд өндөг хэмхэрч их ус асгаран гарч гардийн зулзага үзэгдсэнд өндөгнөөс нь суга татаж гаргаад хутгалан алж, махыг нь шулж авсныг би мэдсэнгүй. Үүний тухай бусад нөхдөөс сонсоод, та нар яав даа, гарди ирвэл биднийг алах болно гэтэл, гэнэт нар халхлагдаж харанхуй боллоо. Үзвэл гарди нисэн ирсэн байжээ. Өндгөө хагарсныг эр гарди үзээд их дуугаар дуудсанд эм гарди ирж хоёулаа онгоцон дээгүүр эргэн халин аянга мэт дуугаар хашхирсанд үхэхээс урьд эндээс зайлж амь гарахыг бодъё, одоохон явцгаая гэж олныг онгоцноо гаргаж яаран сандран зайлтал гарди түр үзэгдэхгүй болов. Энэ чөлөөнд амьд гаръя гэж яаран зугтан зайлтал гарди дахин үзэгдэж уулнаас нэгэн том чулуу савартаа шүүрэн ирээд онгоцны дээр хаясанд усчид онгоцыг хажуу тийш зайлуулан гарсанд тэр чулуу далайн ёроолыг үзэгдтэл усыг ярж унав. Эм гарди бас нэг үхэр чулуу орхив. Тэр чулуу онгоцны бөгсөнд унаж залуурыг хоёр хэсэг болгосонд олон хүмүүс цөм далайд живж үхээд, ганц би нэг мод тохиолдсонд шүүрэн авирч мордоод хөлөөр сэлсээр, салхи долгионд туугдан явж онгоц эвдэрсэн газрын ойр байсан нэг аралд гараад эцсэн цуцсан, цангасан өлссөндөө муужран унаад нэг хэсэг хэвттэл бие амсхийж сэхээ ороод тэр арлыг үзэхээр очвол тэнгэрийн орны цэцэрлэг мэт сайхан арал байжээ. Зүйл бүрийн цэцэг навч дэлгэрэн, янз бүрийн жимст мод ургаж, өнгөн бүрийн шувуу бялзуухай жиргэн донгодно. Аралд үдэш болтол сууж гол горхиноос ус уугаад, модноос жимс идээд нэг шөнө өнгөрүүлж маргааш нь модны завсар чөлөөгөөр хэсэн тэнэж яваад навч нөмөрсөн нэгэн гоё сайхан өвгөнийг нэгэн худгийн хажууд үзэж, энэ бас онгоц эвдэрч энд гарсан хүн болов уу гэж өмнө нь очиж ёсолсонд, хариу ёслон дохив.
— Ай өвгөн чиний энд суух чинь юу билээ гэж асуувал толгойгоо гаслан хөдөлгөж намайг худгийн цаана гаргана уу гэж занган дохисонд хөөрхий энэ өвгөнд тус болъё гэж тэр өвгөнийг хүзүү дээрээ унуулан үүрч худгийн цаана гаргаад эвтэйхнээр:
— Буу гэвэл харин миний хоолойг хөлөөр тас хавчив. Хөлийг нь үзвэл хав хар бөгөөд сарлагийн хөл мэт ширүүн үстэй байсныг үзээд тэсгэлгүй айж өвгөнийг унасугай гэсэнд хөлөөр миний хүзүүг тас хавчсанд нүд эрээлжлэн, дотор харанхуйлан хөсөр үхэх шахан унасанд тэр өвгөн намайг нуруу сээргүй удтал балбасанд тэсгэлгүй өвдсөнд арай чуу гэж босож өндийвөл жимст модны дор оч гэж дохино. Үгийг нь дагахгүй бол хөлөөр цохих нь ташуурдсанаас нэн ч илүү. Аргагүй түүний санааны дураар аль дохисон, хүссэн газарт нь хүргэж явтал тэр өвгөн өдөр шөнөгүй миний араас буухгүй шээвч баавч цөм миний мөрөн дээр шээс баас алдана. Хүнд тус хийх гэтэл, харин биедээ зовлон олдог байна. Аллах тэнгэр мэдэг. Үүнээс хойш би хүнд тус хийхгүй гэж гаслан явтал нэгэн өдөр маш олон хулан гуа үзэв. Зарим нь хатсан тул хөндий хоосон байжээ. Тэндээс нэгэн хатсан том гуа авч доторхыг нь цэвэрлээд үзмийн зэлээс үзмийн шүүс дүүртэл шахаж амсрыг таглаад наранд тавьж хэд хонуулан сайхан дарс болгоод биеийн алжаасныг гаргаж бага багаар уухад санаа зориг орж хүч тэнхэл нэмэгдэнэ. Тэр шулам өвгөн нэг өдөр түүнийг үзээд гараараа дохиж:
— Энэ юу вэ? гэж асуусанд:
— Энэ бол хүний сэтгэл санааг засах, тэнхэл тамир нэмэгдүүлэх сайхан юм байгаа юм гэж дарс ууж согтсондоо алгаа ташиж, өвгөнийг үүрсээр бүжиглэн наадсанд өвгөн:
— Хулаа өг гэж дохисонд тэр өвгөнөөс айх тул аргагүй өгөв. Өвгөн тэр хулан доторх дарсыг уугаад согтож үе мөч нь суларч найгаж ганхсанд өвгөнийг түлхэн унагааж зугтан зайлах гэтэл архинаас сэргэвэл дахин намайг шоглох байх гэж айж өвгөнийг унагаад нэгэн их том чулуугаар толгойг нь няц цохиж алав. Үүний тухай ярихаа больж цааш хэлэх нь;
— Нэгэн өдөр арлын захад сууж далайн зүг очиж үзвэл нэгэн хөлөг онгоц хүрч ирээд олон аянчин бууж, яаран миний өмнө ирж:
— Чи яасан хүн бэ? Энд яаж ирээв гэж асуусанд явдлаа нэгд нэгэнгүй хэлбэл олон бүгд их л гайхаж хэлсэн нь:
— Чамайг зайдлан мордсон тэр хүн бол далайн шайх юм. Чи хувьтай байна. Түүний салтаанд орсон хүнээс амьд гарсан нь ганц ч үгүй юм гэж идэх өмсөхийг өгч хөлөгтөө суулгаж тэндээс өдөр шөнөгүй явсаар нэгэн өндөр байшинтай хотод хүрлээ. Тэр хотын олон байшин хороо нь цөм далайн зүг чиглэсэн ба сармагчны хот гэнэ. Хотын хүн шөнө болоход онгоцонд сууж далайд хонох юм. Би тэр хотыг үзье гэж гартал миний суусан тэр хөлөг онгоц хэдийн явчихжээ. Үүнд ихэд гаслан шаналж урьд сармагчинтай тохиолдож явснаа санан санан айн эмээж уйлж суутал тэр газрын нэг хүн ирж асуусан нь:
— Ай ноён оо! Чи харь газрын хүн үү гэсэнд:
— Би танай хотыг үзэх гэж онгоцноос буугаад гээгдэн хоцорсон хүн билээ гэхэд тэр хүн хэлсэн нь:
— Манай энэ хотод хүн шөнө хоновол сармагчинд хорлогдоно. Эндээс зайлах хэрэгтэй гэсэнд, түүний онгоцонд суугаад хотоос гарч далайд нэгэн бээрийн төдий газар зайлж очоод өглөө болоход хотноо буцан ирж өөр өөрийн хэргээр дөрвөн зүгтээ тархан одов. Тэр хот нь хар арьстны зах хязгаарын нэгэн хот байжээ. Олон сармагчин өдөр ууланд хоргодож, оройн сэрүүнд хотод орж ирэх тул хүн дайралдвал алдаг байжээ. Энэ тухай ярихаа болиод цааш өгүүлэх нь:
— Намайг онгоцондоо хонуулсан тэр хүн, ноён минь чи өөр газрын хүн байна. Чамд амь зуух эрдэм чадал юу байна аа гэхэд:
— Надад сурсан уран арга эрдэм чадал байхгүй, би угаасаа баялаг худалдаачин хүн билээ. Саяхан хөлөг онгоцонд үлэмжхэн эд бараа ачиж явтал онгоц эвдрээд хамаг юмаа усанд алдаад, тэр их эд хөрөнгөнөөс ганцхан банз тэврэн амь гарсан билээ гэсэнд тэр хүн надад нэгэн таар тулам өгч хэлсэн нь:
— Энэ тулмыг чулуугаар дүүргэж, хотын олныг дагалдан гарч, тэднийг дуурайж явсугай, хувь байвал бага сага ашиг олж нутагтаа буцах ч юуны магад, би чамайг манай эндхийн хүмүүст даатган захиж өгнө гэж намайг дагуулан хотын гадна гарсанд чулуу түүж тулмыг дүүргэтэл хотоос маш олон хүн гарсанд намайг дагуулан ирсэн хүн тэдний өмнө очиж хэлсэн нь;
— Та нар энэ харь газрын хүнийг дагуулан авч, асран туслагтун гэсэнд олон хүн хүлээн авч бүгдээрээ тулмаа чулуугаар дүүргэн үүрээд нэг их өндөр модтой аманд орвол олон сармагчин, хүнийг үзээд мод өөд авиран зугтаасанд бүгдээрээ сармагчныг чулуудав. Сармагчин, хүнийг модны жимсээр чулуудав. Түүнийг үзвэл энэтхэг самар байжээ. Төдий, би бусдыг дуурайж олон сармагчинтай, нэгэн том модыг сонгон шилж, сармагчныг чулуудсаар чулуугаа барахаас урьд тулмаа дүүргэв. Тэндээс олон хүн, олсон самраа туламлаж буцсанд би олсон самраа надад тусалсан тэр хүнд өгсөнд надад нэгэн байшингийн түлхүүр өгч хэлсэн нь:
— Чи энэ самрыг өөрөө авч ашиг ол, түүсэн самрыг энэ байшинд хураан агуулж, сайны нь үлдээн, мууг худалдан нутагтаа буцах зоос болго гэсэнд ихэд баярлаж ёслоод өдөр бүр хотоос гарч сармагчныг чулуудан самар түүсээр их ашиг олж суутал нэг өдөр далайгаас олон худалдаачин ирээд арилжаа наймаа хийж энэтхэг самар худалдан авсанд гэрийн эздэд очиж нутагтаа буцах санаагаа илтгэвэл,
You have read 1 text from Mongolian literature.
Next - Синдбад Далайчны Адал Явдал - 3
  • Parts
  • Синдбад Далайчны Адал Явдал - 1
    Total number of words is 4487
    Total number of unique words is 1821
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Синдбад Далайчны Адал Явдал - 2
    Total number of words is 4672
    Total number of unique words is 1795
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Синдбад Далайчны Адал Явдал - 3
    Total number of words is 2696
    Total number of unique words is 1267
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.