🕥 35-minute read
Өвгөн Жамбалын Яриа - 1
Total number of words is 4553
Total number of unique words is 1819
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
БНМАУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэн
ӨВГӨН ЖАМБАЛЫН ЯРИА
Ц. Дамдинсүрэн тэмдэглэв
БНМАУ-ын Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэвлэлийн газар Улаанбаатар хотноо 1959 онд эрхлэн хэвлүүлснийг
Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2021 онд цахим хэлбэрт хөрвүүлэв.
Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
ОРШИЛ
Миний бие, монголын соёлын түүхийн нэг салбар болох уран зохиолын түүхийг судалж байх учраас энэ тухай элдэв сонин мэдээ зэргийг ном дэвтрээс үзэхээр зогсохгүй, өвгөд настан хүмүүсээс үргэлж сураглаж асууж, тэдний ярьсан зүйлийг тэмдэглэн бичсээр байдаг билээ. Тэдний ярьсан зүйлийн дотор манай соёл ба нийт түүхэнд чухал хэрэглэгдэхүүн болох юм цөөнгүй байна. Үүнээс өвгөн Жамбалын ярьсан зүйлийг тэмдэглэсэн маань нэг хавтас боллоо. Өвгөн Жамбалын ухаан сэргэлэн, ой сайн тул өнгөрсөн олон жилийн явдлыг тодорхой дэлгэрэнгүй ярьсан бөгөөд би тэр ярьсныг хэвээр нь тэмдэглэхийг оролдсон боловч бас баахан товчлогдсон ба нэлээд зүйл ч орхигдсон байна. Өвгөн Жамбал цэгц шударга, томоотой, үнэнч сайн хүн тул түүний ярьсан зүйлд гуйвуулж чимж өөрчилсөн юм байхгүй гэж бодож байна. Гагцхүү өвгөн настай, сүсэг бишрэлтэй хүний ярьсан зүйл болох учраас ярьсан хүний сүсэг итгэл ч үүнд нэлээд орсон байна. Гэвч үүнийг засвал ярьсан үгийн хэлхээ эвдэрмээр байх тул огт засаж өөрчилсөнгүй уг хэвээр нийтлэв. Манай тэргүүний үзэл суртлаар зэвсэглэсэн эрдэмтэн сэхээтэн нар үүнийг шүүмжлэлтэйгээр ашиглан хэрэглэж чадах нь лавтай болно.
Ц. Дамдинсүрэн
ЖАМБАЛ ДОНИР
Миний нэр Борын Жамбал, одоо 1958 онд 77 настай, морин жилтэй. Тэгэхлээр 1882 онд төрсөн байна. Гэртээ ганцаараа суудаг. Хөдөө мал хөрөнгөгүй. Хотод хашаа гэртэй. Ах дүү ч байхгүй. Эх минь их шавийн хүн. Эцэг минь Түшээт хан аймгийн Намсрай вангийн хошууны хүн. Алтанбулагаас баруун тийш Баруун бүрэнд Ханхар гэдэг газар төрсөн юм. Би 9 настайдаа эхийн хамаатан дээр Богдын хүрээнд ирсэн. Ингээд эхийн дүү ламынд сууж, зун болохоор хөдөө гарч байсан. Намайг 13 настай байхад эцэг Бор хүрээнд ирж нас барсан. Манайх угийн ядуу айл байсан. Намайг 15 настай байхад эх ах хоёр хүрээнд ирсэн. Ах удалгүй үхсэн. Эх минь ардын засаг мандсанаас нэлээд хойно үхсэн. Ингээд би Хүрээний хогийн шавхруу сахих болсон хүн дээ. Тэгээд Богдын хүрээнд лам болж, Хүүхэн ноёны аймагт суув. Би хүрээнд арав гаруй жил сууж уншлага дуусаад, уншлагаа шүүлгээд, Хүрээний арван дацангийн нэг дацан болох Бадма-Ёго дацанд багшийн хүчээр орсон. Жүд бол дэглэм их нарийнтай байсан учраас тэр дацанд хүн орох дургүй байсан.
Бадма-Ёго бол гүрмийн дацан юм. Энэ дацан түм илүү хонь, 6000 орчим адуу, 2000 гаруй үхэртэй, их баян дацан байсан. Хуралд жинхэнэ хурдаг данстай лам нь тавь байсан, ингэхлээр хурлын цав хэрэглэл нь сайн байсан, тарган махаар цав барина. Хонины хүзүүг тоож хэрэглэхгүй байсан. Мал хариулсан айлаас зохих татварыг авна. Жишээ нь: 15 хониноос нэг алд эсгий авна. Нэг алд эсгийн оронд гурван цаас авдаг. “Лам нарын гэдэс цайлгана” гэж хавар хоормог тараг их өгнө. Зун айраг өгнө. Зун хөдөөгөөс сүрэгчдийн арваад гүүнээс нэг хоёрыг, 1-2 морьтой авчруулж, олон гүү цуглуулаад саальчнаар саалгаж, айргийг лам нарт өгнө. Арван гүүнээс нэг яндаа айргийг өдөр бүр авдаг байсан. Өглөгийн эзний гүрмийг дацанд их хийнэ. Түүнд лам нар ээлжээр хурдаг байсан. Түүний зэд барьцаар амьдарч байлаа. Гүүг зун солино. Намар, өвөл болтол айраг уусаар байдаг сан. Манж сүлэх сүүний үнээг сүрэгчнээс авчруулж саадаг байсан.
Тэр үед мөнгөний оронд цай зардаг байлаа. Зузаан цай, хоёр чулуун цайтай тэнцэнэ. Нэг зузаан цай бол 60 шар цай болно. Хугас цай 30 шар цай, хугас цай чулуун цай хоёр адил болно. Цэн мөнгө 22 шар цайтай тэнцэнэ. Лан нь 220 шар цай болно.Дуудаж худалдах зүйлд ганц шар цайгаар эхэлж дуудна.
Би гурван жил гаруй Бадма-Ёгод хураад, тэр дацангийн дуганч болсон. Дуганч бол зарлагын чанартай хүн юм. Лам нарт зарлах, хэл хүргэх зэрэг ажлыг хийнэ. Дөрвөн дуганчтай байсан. Намайг олон жил алба хаасан ах хүн гэж “Билэгт” цолтой болгосон. Энэ цолыг би 1922 оны орчим шавийн даншиг дээр авсан билээ.
Богд бол ах хүнийг заавал гуайлдаг байсан, удсан албаны хүмүүст, даншиг өргөх үеэр цол зэрэг, олбог шагналыг олгоно. Цол нь Зоригт, Билэгт, Шадар, Бинт, Дураал зэрэг байлаа. Энэ цолын тухай шоглож ярьдаг үг байсан. Жишээ нь: Дураал гэдэг нь харалган, Зоригт гэдэг нь тэнэг, Шадар гэдэг нь долдой, Бинт гэдэг нь их үнэтэй, бэнтэй цэнтэй гэсэн үг гэдэг. Долоон хошуу наадмын өмнө чуулган найр болох үед үүдний бичээч нар чуулган дээр цол дуудаж батлуулна.
Нийт лам нарын цээжилбэл зохих уншлага гэдэг бол арван хангал буюу догшид, хорь гаруй магтаал, итгэл, ламын чодба, олон харанга зэрэг болно. Үүнд бас зургаан ерөөл орно. Санжодмонлом, Санжайгүнлаа, Дагий жанчүб, Чогжуужалба, Пүлжин буюу Диваажингийн ерөөл, Гиваандэеи эдгээр болбол зургаан ерөөл гэдэг ном болно. Би эдгээр номыг бүрэн цээжилсэн сайн уншлагатай, чойрын ном мэдэхгүй, монгол бичиг муухан сурсан хүн дээ. Муу билүүний баас их, муу ламын багш олон гэдэг. Би гучаад шахам багштай байсан хүн. Бизъяагийн аймгийн Лувсандондог цорж гэдэг лам манай багш байсан. Долдой зангүй, тас түс, хэнээс ч айдаггүй хүн юм сан. Тэр цорж тушаалтай байхдаа, цогчин гэсгүй Гунгаатай хэрэлдээд: “Чи цаадах Богддоо хэлнэ биз, би цоржтой ч яана, цоржгүй ч яана”гээд нэг жил цоржоо авхуулж байсан юм.
ИХ ХҮРЭЭНИЙ НАНДИН БУРХАД
Ихийн зуу, Очирдарь, Ганжуурын Аюуш, Их сангийн Намсрай, Ноён шүтээний Манал зэрэг таван нандин бурхад байсан юм. Эдгээрийг бүтээх гэж Өндөр гэгээн хөөрөг дарж байтал Өндөр гэгээнийг хүүхэнтэй ханилж гэж сонсоод буруушаах гэж хэдэн ноёд ирж дээ. Тэгэхэд Хүүхэн ноён гэрээс гараад явчихсан юм гэнэ билээ. Өндөр гэгээн “Хүүе чи гэртхийнхээ учрыг ол” гэсэнд хүүхэн ноён (Өндөр гэгээний эхнэр) орж ирээд хайлмаг зэс хүрлийг гурил шиг базалж, бурхан урлан хийж байсан юм гэнэ билээ. Тэгэхэд ноёд юм хэлж чадалгүй гарсан гэдэг. Тэр Хүүхэн ноёны хүүрийг Орхоны хөвөөний Дэрст булан гэдэг газар шатааж, “Сэрэгцог” гэдгийг хийсэнд баруун гар нь үлдсэн юм гэнэ билээ. Түүний үнсээр Хажид барлаж, Амарбаясгалант хийд дээр Хажидын сүм дотор байгаа улаан Хажидыг тэр гарын бугуйгаар сүншиглэсэн юм гэдэг. Түүний нэрээр, Хүүхэн ноёны аймаг гэж Их хүрээнд байсан.
Ганданд ганзагалах нүхтэй Ганжуур байсан. Богдын ордонд замбаган Жадамба гэж үнэтэй нандин Жадамба байсан юм гэнэ билээ. Хүүхэн ноёны аймагт нандин шүтээн байгаагүй. Тэнд Хүүхэн ноёны шүтээн гэж Манал байсан. Манал бол Их сангийн Зуутай адил Өндөр гэгээний урлал байсан, хэмжээ нь Очирдарийн хэмжээтэй адил байсан. Их сангийн Намсрай хэмжээгээр бага юм гэнэ билээ. Ганжуурын Аюуш одоо Чойжин ламын сүмд буй гэнэ билээ. Ноён шүтээнийх алба татвараа өгөх ба лам нарын өмчийг өгөх гэж хамаг юмаа зарсан. Үүнд: Нандин юмаа зарсан нь Очир барьсан Минтүг, ширэн хайрцагтай, тохой хэр бурхан юм. Энэ бурхныг найман суваргатай нь 800 төгрөгөөр худалдсан гэж ноён шүтээний нярав Балданцэрэн хэлж байсан юм. Минтүг гэдэг бурхны тэргүүнд чулуун гялалзсан шигтгээтэй байсан юм.
Бурхан багшийн найман суварга бол жигтэйхэн сайхан урлал болно. Ийм найман суварга олон байсан. Нэг найман суваргыг Жамъянтив ламд өгч Дорнод аймаг оруулсан гэж дуулдсан билээ.
Өндөр гэгээний бурхан гэдэг бол чухам Өндөр гэгээний өөрийн нь хийсэн бурхан юм. Өөрөө их уран дархан хүн байсан юм. Өндөр гэгээний төрсөн газар бол Усан бэлчир гэдэг газар юм. Энэ газар Эрдэнэ зуу, Хужиртын рашааны хавьд бий гэдэг.
Түшээт хаанаас “Хүүд өгөх бэлэг” гэж нэг эсгий оймс, нэг гүзээ шар тос, нэг хонины өвчүү, үнхэлцгийг жил бүрийн өвөл Богдод өгдөг заншилтай байсан юм. Тэр зүйлийг Түшээт хаанаас хүргүүлж ирэхтэй, би хоёр удаа дайралдсан. Амарбаясгалант хийдээс Бүрэнханы самар, чангаамал нэг хүүдий жил бүр ирдэг. Бүрэнханы самар хачин том самар байдаг сан. Энэ зүйлийг авчирсан хүнд нэг дээлийн торго шагнадаг байсан.
ГАН ТӨМӨР БУРХАН
Туул голын Цагаан сүм дээр гангаар хийсэн Ямандага бурхан байсан. Тэр маш уран билээ. Түүнийг наймдугаар Богдын үед Далай Чойнхор вангийн хошуунд хийсэн юм гэнэ билээ. Өндөр нь үзүүр тохой хэртэй болно. Барьсан зэвсэг багаж нь цөм мөнгө, маш уран хийцтэй, гялалзаж байдаг. Зэвэрдэггүй байсан. Бас нэг ийм Дамжан Дорлиг гэж ямаа унасан бурхан байсан. Бас нэг ийм Жамсран байсан. Түүний тэргүүнд нь алт өргөсөн (алтаар будсан), бусад нь төмөр байсан. Далай Чойнхор вангаас Богдод өргөсөн юм их байсан. Үүнд: наадмын майхан, асар, тулга, наадмын хэрэгсэл бүгдийн пайз дээр “Чойнхор ван өргөсөн” гэж нэртэй байсан. Тэдгээрийн хийц нь уран, төмөр эдлэлүүд нь гялалзаад байдаг, зуушаан утсаар ширсэн тойруулга ч байсан. Чойнхор ван болбол жижиг лам банди нарыг номд муу бол оёдлын ангид өгч юм оёулна. Хэрэв оёход муу бол мод зоруулна. Мод зорж чадахгүй бол төмрөөр юм хийлгэнэ. Ингэж хүнийг чадах чадах ажилд нь тохируулан сургадаг байсан юм. Далай Чойнхор вангийн хошууны эрэгтэй хүмүүс хүртэл дээл хувцас оёхдоо их чадвартай байсан.
Сүүлийн Далай Чойнхор ван жил бүр Богдод түмэн жин шар тос өгч байсан. Гурав, дөрвөн жил дараалан лав ирсэн байх. Богдын шавдан батдахад зориулан түнлэхэд 12 лам үргэлж ном уншиж байдаг. Тэнд Дамжан Дорлиг, Найчүн Чойжон, Үржин Хандын орноос залж ирсэн гэдэг дуулга өмссөн цагаан дүртэй бурхан ийм гурван бурхан байдаг. Түүний уншлагыг өглөөний 9 цагаас шөнийн 12 цаг хүртэл уншдаг. Баярын түнлэхийг гурван хоног хурна. Энэ түнлэх гэдэг бол төрсөн өдрийн хурал юм. Наймдугаар Богд намрын тэргүүн сарын шинийн найманд төрсөн хүн юм. Түнлэхийн лам нар Очирдарийн сүмийн баруун хойно, Дэчин галбын дуганы өмнө, улаан халзан өргөө байдаг, тэнд хурдаг байсан. Ордны гадна хүрэл суварга байсан. Цанид чойрын лам нар, тэр суваргыг үдэш нар шингэхээс нар гартал эргэвэл ухаан ороход их сайн гэдэг сэн. Цагаан сүм дээр нандин Хажад бурхан байсан. Энэ бол тавдугаар Богд Хажадын нинчин (бясалгал) шүтэж тахиж байсан бурхан юм. Гуулин шармал бурхан, битүү бүтээлэгтэй, ганц гар нь харагдаж байдаг байсан.
Өндөр гэгээний малгай хувцас бас тэнд байсан. Товь хэлбэртэй дөрвөн навчин саравчтай малгай, монгол том улаан гутал, нэг дээл байсан нь буриад дээл шиг, жижигхэн нударгатай, хар халиу шиг ширүүн үсэн (тайвиндуу) захтай, бүслэхээрээ хуниастай шар торго шиг эдээр хийсэн, пансан дотортой тэрлэг юм сан. Өндөр гэгээний дүр цаасаар хийсэн баримал байсан. Түүний дэргэд тэр дээл хувцас нэг ваадантай байдаг сан. Цагаан сүм бол Богдын зуслан нь юм. Өвөлжөө нь Шар орд юм. Голын сүм, Хайстай гараагүй үед тийм байсан. Жэвзүн Дарнатын хөрөг голын Цагаан сүмд байсан. Энэ хөрөг Чойжин ламын сүмд байна.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ
Чойжин лам Лувсанхайдав, наймдугаар Богдын гуравдугаар дүү юм. Богд баруун газраас долуулаа ирсэн юм гэдэг. Эцэг нь ирээгүй үхсэн бололтой. Эх нь Ойдовдулам гэдэг байсан. Ах нь Балданцэрэн гүн гэж байсан. Нөгөө ах нь Жолоо хамба гэдэг хүн байсан. Төрсөн дүү нь Лувсанвандан, Лувсанхайдав хоёр болно. Норов хамба гэж бас нэг дүү нь байсан. Жолоо хамба нь сангийн хоол идэж энгийн байж байгаад үхсэн. Лувсанвандан нь их томоотой лам, нэг насаар нүгнэй сахиж байгаад үхсэн. Балданцэрэн сангийн хэрэглэлтэй, монгол эхнэртэй байгаад үхсэн. Түүний эхнэр Жамбал хатан гэж монгол хүүхэн байсан. Хүүхэдгүй. Норов хамба нь Гүжир хамба гэж байгаад 17-18 нас хүрч үхсэн. Эх нь хүрээ их эргэдэг эмгэн байгаад үхсэн. Богд монгол хэлэнд их сайн. Харин төвөддөө базаахгүй байсан юм гэдэг. Лувсанхайдав, шагай харвах дуртай залуу лам байсан. Тэр нь зүгээр уншлагатай лам байсан. Вангай аймгийн Пэлжээ гэдэг лам байлаа. Пэлжээгийн банди Лувсанхайдав байжээ.
Бадруулт төрийн үед Маймаа хотын Цэрэндорж удирдаж, Лувсанхайдавыг чойжин болгож, Чойжин ламын Гомбоо лам нь болов. Гомбоо лам гэдэг бол Чойжингийн айлдсан зарлигийг мэдэж дамжуулдаг хүн юм. Чойжин бол амаар айлдах гэж байхгүй, сугаар нь чагнахад үг сонстох шиг нэг юм гунганаад байдаг. Түүнийг чагнаж бичиж аваад олонд хэлж өгдөг хүнийг Гомбоо лам гэдэг. Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэрний нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш, Зэмэр мөн их догшин биш, Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиусыг оршиж байхад Чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годосхийгээд, амнаасаа хөөс буруулж, их догшин дүрэмтэй байдаг сан.
Чойжин ламын хамгийн чухал хэрэг ажлыг Гомбоо лам мэдэх болжээ. Чойжин лам Маймаа хотын Дамдин зайсангийн охин Сүрэнхорлоог эхнэр болгон авлаа. Чойжин лам голын чойжин болов. Голын чойжин гэдэг бол албаны чойжинг нэрлэж байгаа юм. Гомбоо лам Пэлжээ, сүм барьж хурал гаргана гэж яриад байдаг болов. Тэгээд зүүн хүрээнд хоёр гурван жил их модон сүм барив. Түүний хамаг хөрөнгийг их шавиас гаргадаг байв. Зарим сүмийг дуусахад нөгөөг үргэлжлэн барьдаг байв. Гомбоо лам Пэлжээ, дайчин хамба цолтой болов.
Хүрээний 30 аймгаас 30 лам татаж, сүмийн хогийг үхэр тэргээр арилгадаг байв. Үхэр тэргээр хүрээнд ирсэн түлээчин, жинчин нараас улаа барьдаг байв. Тэр модон сүмүүд Бадруулт төрийн сүүлийн оны үед, нэг өвлийн шөнө гэнэт гал гараад бүгд шатжээ. Ер нь юу ч үлдээгүй. Улсын ярьж байсан нь “Чойжин лам, Сүрэнхорлоо хоёр дөнгөж дээлээ нөмрөөд ордноос гарч гэнэ. Өөр юу ч авч гарч чадаагүй гэнэ” гэж ярилцаж байсан. Маргааш нь үзэхэд хар үнс нь хийсэж байхыг би үзсэн юм.
Одоо Ленин клуб байгаагийн баруун үзүүрт бөмбөг тоглодог цэцэрлэгийн газар, цахрын Шагдар гүнгийн муу хашаа байсан. Тэнд гэгээн сан ба хүрээний баялаг дацангаас олон гэр бэлтгэж, Чойжин ламд барьж өгөв. Энэ олон гэрийг барьж байхад шавь ба дацангууд их сүйдсэн болно.
Тэгээд дараа жилийн хавар, одоогийн байгаа Занхан сүмийг барина гэж ажиллаж эхэлсэн болно. Энэ сүмийн бурхан тахилын зэрэг урлаг зүйлүүдийг хийлгэхээр Монголын доторх бүх хошуу нутгаас аль уран чадвартай хүмүүсийг дуудаж авчраад хийлгэж байсан. Бурхан тахилын урлагийг хийх ажлыг Вангай аймгийн Шойвь Аюуш толгойлж байсан ба Ноёны аймгийн Ванчиг гэдэг лам бас оролцож байсан юм. Сүмийн доторх уран сайхан Найдангуудыг тэр Аюуш хийсэн байхаа. Тэр Аюуш, Чойжин ламын сүмд их олон жил ажилласан. Аюуш бол Түшээт хан аймгийн Зоригт ван буюу О. (Одсорбазар) вангийн хошууны хүн юм. Сүм барих ба бурхан хийхэд Хятад, Монгол олон хүн хольцолдоод ажиллаж байсан. Сүмийн барилгыг их төлөв хятадууд хийсэн, доторх бурхан тахилыг их төлөв монголчууд хийсэн юм. Шойвь Аюуш, их өндөр Жигжид хийсэн нь одоо алга болжээ.
Автономитын үед Чойжин ламын сүмд цам гардаг боллоо. Мам, зан, таван хан зэргийн цамтай байсан. Энэ бол хүрээ цамаас их ондоо байсан. Таван ханд дайчин хамба өөрөө гарч байсан. Энэ цам гурван жил хэр гараад, ардын засгийн үед зогссон болно.
Автономитын үед Чойжин лам нас барав. Сүрэнхорлоог гэрт нь хүргэж өгөхөд 20-30 тэрэг ачаатай явсан гэдэг. Чойжин ламын байхад Сүрэнхорлоо хятадтай завхайрдаг хүн байсан. Царай муутай цэлцгэр шар хүүхэн байсан юм.
Дайчин хамба, Чойжин ламаас хойш эхнэр авч байгаад ардын засгийн үед нас барсан юм. Түүний бариулсан тусгай сүм Ленин клубийн тэнд байсан.
Чойжин ламын сүрэг гэж их баялаг сүрэг байв. Намар, Богд уулын Бөхөг гэдэг газар сүргээ тоолоод найр наадам хийдэг байв. Энэ бол түүхтэй наадам юм.
Долоон хошуу наадмыг урьд хийдэг байсан. Түүнийг зогсохтой зэрэг Бадамдоржийн наадам гэж Туулын Улаанхужир гэдэг газар гурван жил дараалан хийсэн. Их наадам болж байсан. Түүнийг зогсохтой зэрэг Чойжин ламын наадам гэдгийг Бөхөгт хийдэг болов. Түүнийг зогсохтой зэрэг Цэргийн наадмыг Улаанбаатар хотод хийдэг болов.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМД САЯХАН ОРЖ ҮЗЭВ
Энд байгаа зүйлүүд нь: Цагаан сүм дээр байсан дүвчин Нагбожод багийн дүр байна. Гавлан дамраа алджээ. Одоо хар модон дамар бариад байна. Мөн доод сүмийн лобон Бадамжунайн дүр байна. Зүүн гэрт доод сүмийн Дансорригсүм гурвын хоёр нь байна. Мөн доод сүм дээр байсан Балданчоймбол хамба багшийн баримал хөрөг, Занхан сүм дээр гэсгүй болоод сууж байна. Доод сүмийн Өндөр гэгээн байна. Хоргой жанч нөмөрчээ. Энэ хөрөг бол цаасан баримал байна. Бадруулт төрийн 26 онд Номчийн аймгийн өндөр Цэнд бурханч гэдэг хүн хийсэн юм. Зүүн гэрт Вангай аймгийн Өндөр гэгээн ба хаанахыг мэдэхгүй Доржсэмбэ хоёр байна. Хоёулаа Өндөр гэгээний урлал юм. Мөн доод сүмийн 16 найдан гол мөрөнд байна.
ЖАХАРЫН ТАВАГ
Энэ бол их нандин юмны нэг байгаа юм. Тэр том төмөр таваг юм. Ямааранз бум уншиж байж нэг хадаасыг хадаж бүтээсэн болно. Хэдэн зуун хадаас буй байх. Дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаа метр хэр хэмжээтэй, харахад муухай том таваг байсан. Би барьж үзээгүй. Гэвч би сайн харсан. Баатар бэйлийн есөн онх босгосон сэлмээр хадсан таваг юм. Онх гэдэг бол мянган хүнийг алахад мянга дугаар хүн нь толгойгоороо газар хатгаж, хоёр хөл нь дээшээ гозойж үхдэг. Үүнийг үзээд би мянган хүн алжээ гэж мэдэж байсан гэдэг.
Баатар бэйлийн есөн онх босгосон тийм сэлмээр хадсан таваг байсан гэдэг. Энэ их нандин юмыг Сангай хар дарга хадгалж байдаг байлаа. Сангай дарга гэдэг бол элдэв муу сайн юм хадгалдаг, түлээ мэддэг хүн болно.
Өвлийн дунд сарын 29-нд Жахар болдог. Жилд хоёр Жахар болдог байсан. Нэг нь зуны сар болдог юм. Жахар бол Чойжоогийн нэг айхтар сор юм. Хоёуланд цам гарч залдаг, үүнийг Жахар гэнэ.
Бадруулт төрийн 27 оны зун Жахарт тавгийг хэрэглээд өвлийн Жахарт хэрэглэх гэсэнд таваг байдаггүй алга болчихжээ. За тэгээд Сангай дарга байцаагдаад, баригдаад байв. Шаахай банзаар балбаад байв. Сангай даргын дор явж зарагддаг арав гаруй хүн баригдав. Шанзавын яамнаас тусгай гэр бариулж бэлтгүүлэн байцааж банздаж байв. Богдоос “Түүнийг бүхлээр нь олохгүй ч гэсэн нэг хадаас ч гэсэн олбол их хэрэгтэй байна. Заавал ол” гэж зарлиг буугаад байв. Олон хүн арав гаруй хоног шүүгдэж байгаад гурав дөрвөн хүн шүүлт даасангүй үхэв. Зарим нь худал үнэн улайж, зарим нь буриадад худалдсан гэх буюу Агваан зочид өгсөн гэж байсан. Агваан зоч гэж сайн зоч байсан. Тэр зоч зодуулж байгаад үхэхийг би харсан юм. Агваан зочийг үхлээ гэж дуулаад манай багш “Манайхан ер нь буруу хэрэг их хийж байна” гэж байсан.
Можигодой гэдэг, өвс түлээ түүдэг зарц лам байсан. Тэр хүн сорын тавгийг түрж ирдэг байлаа. Тэр зодуулж байгаад үхсэн. Буд гэдэг Сангай дарга бас үхсэн. Эд цөм худал улайж байсан. Тэгээд олдохгүй болоод өөр төмрөөр таваг хийж сор залсан. Түүнийг олж чадаагүй, сураг ч үгүй алдсан.
Хуучин хүрээний лам нар ярьж байсан нь: “Одоо энэ шашны буурахын ёр үүсээ шив дээ” гэж байсан. Буриадыг авчихсан болов уу гэж ярьж байсан, буриадууд айхтар улс, цаас мөнгөөр зодож байгаад авчихсан болов уу гэж ярьж байсан.
МАРЗАН ШАР
Марзан Шар гэдэг зураач Шарав уг нь Засагт хан аймгийн хүн юм. Тэр ах дүү гэж байхгүй, түүнийг хэвлэлийн хороонд зураачаар ажиллаж байхад ах нь гэж нэг хүн иржээ. Тэгэхэд Марзан шар, тэр хүнтэй гуанзанд орж нэг сайн хоол авч өгөөд “надтай уулзах хэрэг байхгүй” гээд явуулсан юм гэж ярилцдаг. Марзан Шарын гэр муу учраас тэр хүнийг гэртээ аваачаагүй юм гэдэг.
Урьд яаж явсныг мэдэхгүй. Бизъяагийн цорж (Лувсандондог) ламынд хорь гучаад настай байхдаа үргэлж суудаг байжээ. Бизъяагийн лам түүнд гэр барьж өгөөд бурхан зуруулж байсан. Марзан Шар заримдаа нүүр гараа угаадаггүй байсан. “Марзан Шарын нүүр гараа хэд хоног угаахгүй зурсан бурханд равнай өргөх хэрэггүй” (ариун) гэж Бизъяагийн лам хэлж байсан гэдэг.
Хааяа харж байгаад нэг хэсэг алга болдог. Тэр гоё ганган төвд хувцастай явна. Төвөдийн довдог гэдэг хатуу цагаан тамхи татаж явна. Төвд лам нарын гэрээр явж, төвд даалуу (хашхираад хаядаг шоо байдаг) тоглож юм хумаа мөрийд алддаг, тэгээд хоосроод Бизъяагийн ламынд буцаж ирдэг байжээ. Төвд ярианы хэл мэддэг байсан болно. Төвөдүүдээр явж, дан мөрийтэй тоглодог байсан. Эргэж ирээд бурхан зурна. Зурахдаа будгаа шүлсээрээ ч зуурч байх магадгүй.
Марзан Шар бол дуртай хүндээ юу ч хамаагүй зураад өгнө. Дургүй хүнд ер зурж өгдөггүй юм гэдэг. Марзан Шард зургийг багшилсан хүн тэр гэж огт дуулддаггүй. Марзан Шар Богдод бурхан ба богдын гүндаа зэргийг зурдаг байсан. Богд, Марзан Шарыг урьж зураг зуруулах гэхэд зургаа гүйцээлгүй хаячхаад явчихдаг байсан. Бизъяагийн ламыг нас барснаас хойш Балдан хачингийнд гэр бариулаад сууж байсан. Марзан Шарын зурсан Бизъяагийн цорж, Балдан хачингийн зураг нь одоо улсын төв музейд хадгалагдаж байна. Хүний дэргэд сууж байгаад будгаар зурсан нь потиараас илүү адилхан зурсан байдаг сан. Марзан Шарын жинхэнэ нэр нь Лувсаншарав буюу Шарав болно. Марзан Шарын зурсан Богд, Эх дагинын зураг одоо улсын музейд бий. Богдын зургийг Марзан Шар зураад дараа нь потиараар буулгадаг байсан юм.
Марзан Шарын зурсан зургууд нь:
1. Богдыг номын хувцастай нь зурсан.
2. Богдын шанаг гэдэг цамын хувцастайгаар гамингийн жил зурсан.
3. Эх дагиныг отго жинстэй нь зурсан.
4. Эх дагиныг таван Риньаа өмссөн бурхны хувцастай, хонх очиртой зурсан нэг бий.
5. Бас дөрвөн тал титэмтэй Богд, Эх дагина хоёулыг зурсан. Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастай зурсан.
6. Бизъяагийн цорж ламын зураг
7. Балдан хачингийн зураг.
8. Ноёны цорж лам (Лувсанцэрэн)-ын зураг
9. Хуучин ёнзон Балданчойнбол гэдэг төвд ламын зураг.
10. Лениний зураг эдгээр болно.
Хүрээний бүхэл зургийг олон урчууд зурсан байх. Марзан Шар оролцсон эсэхийг би мэдэхгүй.
БОГД УУЛЫН ТАЙЛГА
Богд уулыг жилд хоёр удаа тайдаг байлаа. Хавар тайхад манж амбан, намар тайхад монгол амбан тус тус очно. Монгол амбан тайлга хийгээд, Чулуутын аманд хоёр сар шахам болно.
Богд уулын сүрэг гэж цагаан, хээр, бор хонгор зүсмийн хоёр мянга шахам адуу байсан юм гэдэг. Үүнийг монгол амбан тоолдог юм. Нэг манж амбан хавар, Богд уулыг тайх гэж явахын урьд өдөр, их цасан шуурга тавьж сүйд болсонд, тэр амбан: “Зарлигаар тайж байгаа болохоос биш, би санаагаараа тахиагүй, чи яаж байгаа юм вэ?” гээд Богд уулыг хорин ташуур жанчиж, дөнгө зүүж шийтгээд, модон дөнгийг овоон дээр тавьсан гэнэ билээ. Тэр намар нь бас олон адуугаар торгож, түүнийг манж амбан хурааж урагш нь нэгийг ч үлдээлгүй туугаад явчихсан.
Дүнжин гарбо гэж хүрээнд О. вангийн байгуулсан сүм байлаа. Түүн дотор хэдэн хүрэл бурхан байдаг юм гэнэ лээ. Энэ бол О. Вангийн шүтээн юм байжээ. О. Ван гэдэг бол Вангай аймгийг байгуулсан болно. Богд уулын эзэн энэ сүмд оршдог гэж ярьдаг.
Манж монгол амбан хоёул эвсэж энэ олон адууг завшсан юм. Богд уулыг торгож, агтыг хураасан нь Бадруулт төрийн хориод оны үед болно. Би тэр үед 12 орчим настай байсан юм. Монгол амбан, дархан вангийн хатан, Богд уулын сүргийг завшсаны хойд жил Амарбаясгалантад очиж мөргөсөн ба тэнд алт сувдаа алдаж олон лам нарыг зодуулж шүүлгэсэн юм. Тэр үед тэр хатан жирэмсэн байжээ. Хойд жил нь нүдгүй хүүхэд төржээ. Цэцэн тойны аймагт Наваан рабжамба гэдэг мэргэн гавж байсан. Тэр ноён хатан хоёул Наваан равжамбаас хүүхдийн тухай асуусанд шоогоо орхиж үзээд: “Нүдгүй хэрэг хийвэл нүдгүй үр төрнө” гэж айлдаж байсныг би үзсэн.
Богд уул түшээ гүн зэрэгтэй байсан тул түүний пүнлүү гэж Бээжингээс мөнгө ирүүлдэг байжээ. Сүүлийн үед манж амбан тэр мөнгөнөөс ганц хоёр дуутуур Богд уулын овоонд өргөөд бусдыг өөрөө авдаг байжээ. Богд уулын овооны дэргэд нэг байшин дотор нүх байдаг. Түүний дотор мөнгийг шидэж хийдэг байсан. Овооны дэргэдэх байшин дотор Баатар бэйлийн нум сум байдаг юм.
Баатар бэйл бол халхын хамгийн их баатар юм. Түүний дагуулд Шижир баатар орно. Баатар бэйл Шижир баатар хоёр бол нэг үеийн хүмүүс бөгөөд тавдугаар Богдын үед байсан хүн гэдэг билээ.
Хүрээнд баруун өргөө гэж цам гарахад хурал хурдаг ба гүрэм хийдэг өргөө байсан. Энэ бол Баатар бэйлийн өргөө юм гэдэг. Шижир баатрын өвөлжөө Улаанбаатарын баруун хойд Шижирийн давааны ард байсан. Шижир баатар, Баатар бэйл хоёр өөлдийн дайнд яваад манжид очиж Баатар бэйл нь их ямба ёсоор шагнуулжээ. Харин Шижирийг шагнасангүй. Тэгэхээр Шижир гомдож, эзэн хааныг харвах гэж ар дахь сумаа тэмтэрсэнд гарт нь сум олдож баригдаагүй юм гэнэ. Тэгээд хаан “Чамд юм шагнахгүй. Чи ар газар гарсан миний дотор хүнээс дуртай юм аа хэрэглэж яв” гэж зарлиг буулгасан ёсоор Шижир баатар хятад худалдаачдын юмыг дээрэмдэж амьдарсаар үхсэн гэдэг юм. Ардын ярьдаг үгэнд хятадын хэдэн худалдаачин явж байж гэнэ. Нэг нь “Шижир ирэх вий дээ” гэж хэлсэнд нөгөө нь “Шижир яадаг юм вэ” гэж их омогтой ярьж байжээ. Тэгтэл Шижир хүрээд ирсэн юм байжээ. Тэгэхэд өнөөх омогтой хятад нь “Шижир гуай өмдөө тайлах уу” гэж сандарч байсан гэж хэлэлцдэг.
Тэр Шижир баатрын удам угсаа Илдэн гүн буюу Илдэн вангийнх гэж ядуу хошуу, Хүй Шижирийн давааны араар нутагтай байсан. Түшээт хан аймгаас мянган цэрэг татахад эднийх ганц цэрэг гаргадаг ядуу, арван зургаан өрхтэй хошуу байжээ. Урьд эзэн хаанд сум тэмтэрсэн учраас өөдөлдөггүй юм гэж хүн хэлэлцдэг.
Баатар бэйлийн удам нь сүүлийн үеийн Хараагийн Баатар ван болно. Илдэн гүн ядуу ба үр тасрахад хүрсэн болохоор Балдангомбо тайж гэж олон хүүхэдтэй нэг тайжийг Баатар вангийн хошуунаас гамин ирэхийн урьд жилийн орчим шилжүүлэн авч байсан. 16 өрхийн дотор өөрийн төрлийн тайж ч байхгүй байжээ. Гамингийн үед Илдэн гүн гэж нэг өвгөн тамгаа үүрээд явган зугтаж, эхнэрээ дагуулж ирсэн. Тэгэхэд Богдоос нэг сайн гэр өгсөн юм гэнэ.
Богд уулын ар дээр Юндэн ван, Богдын ундны усыг цэвэр болгох гэж “Ом аа хун” гэдэг үсэг цагаан чулуугаар тавьсан юм. Бас түүний босгосон хөшөө Богд уулын баруун ширээ дээр бий. Юндэн ван бол Амбан дархан вангийн удам юм. Юндэн ван тавдугаар богдтой хамт Хажидын сүм голын цагаан сүмийн өмнө голын урд талд байсан нь усанд автагдсан гэдэг. Түүнийг өөрчилж Зайсангийн аманд барьсан болно. Хажидын сүмийн хэрэгслийг Гэгээн сан 6 сар, Дархан вангийнх 6 сар дааж гаргадаг байсан юм.
НААДАМ
Урьд халхын ноёд Хэнтийг тахиж наадам хийж байсан юм байжээ. Хойно нь Түшээт хан Цэцэн хан хоёр аймаг, “арван засгийн наадам” гэж нэрлэж, шавь гурван газраас Богдын ордны өмнө наадам хийдэг болжээ. Гурван аймгаас гурав дөрвөн зуун бөх барилдаж, морины оронд сур бөмбөг харваж байлаа. Зарлигийн сурыг гурав хоног харвадаг байв. Арван засгийн наадмыг жил бүр хийдэг. Дөрвөн аймаг, шавь таван газраар хамтарсан долоон хошуу наадмыг гурван жил тутам нэг удаа хийнэ.
Долоон хошуу наадам бол урьд Өндөр гэгээнийг, халхын долоон хошуу нийлж, Ширээт цагаан нуур хэмээх газраа ширээнд залж даншиг өргөснөөр долоон хошуу даншиг гэж нэршсэн юм.
Үүнээс хойш дараах богдуудад даншиг өргөх болсон юм. Үүнд түмэн лангийн даншгийг дөрвөн аймаг, шавь таван газраас өргөдөг байлаа. Мянган лангийн зоог, идээ бас өргөнө. Үүнийг цогчин дуганд өргөдөг. Түүний дараа 1000 гаруй бөх, долоо хоног ордны үүдэнд барилддаг байлаа. Бөхийн бай нь: түрүүлсэн, үзүүрлэсэн бөхөд дээлийн торго тус бүр нэг, мөн тус бүр 100 лан мөнгө, зузаан хунз цай тус бүр нэг, бас булигаар тус бүр нэг, мөн булигаарын оронд тав, таван лан, нэг үнэгний оронд 1 лан 5 цэн мөнгө, тус бүр нэг тэмээ, тэмээний оронд 50 лан, морь тус бүр нэг, мөн морины оронд 8 лан, хонь тус бүр нэг, хонины оронд 1 лан 5 цэн, үлэмж их идээ жимсний хамтаар өгнө. Үүнийг есөн бэлэг гэж өгнө. Бусад бөхүүдэд янз бүрийн байг өгнө. Чухам юу өгдгийг мэдэхгүй.
Бөхийг тараагаад Богд хан уулын чуулган чуулна. Түүнд Шанзавын яамны хашаанд найман ханатай 4 баганатай том өргөөг шавь барьдаг. Чуулганд 4 аймгийн хан, ван, гүн, засгууд цөм цуглардаг. Түүнд идээ цайг ёс ёсоор өрж ёсолдог. Мөн айраг, архи, арз хорзыг их хэмжээгээр бэлтгэдэг. Үүнд 4 аймгаас 4 хуурч, 4 дууч нарыг гаргаж тэд, “Түмний эх”, “Хуурын магнай”, “Төрийн товч”, “Өвгөн шувуу” дөрвөн дууг дуулна. Идээ, цай, айраг, архи барихад шавийн шанзав, хоёр даа лам, олон яамны зайсангууд, богдын донир нар цөм хундага барьдаг. Үүнд чуулган эхлээд хэлэлцэх яриа нь “Шагай өшиглөх үү, өшиглөхгүй юү, богтос хагалах уу, хагалахгүй юү” гэж ярилцдаг юм билээ. Шавийн шанзав, Богдын донир нар хундага барьдаг нь төрийг ёсолж байгаа учиртай юм гэж ярьдаг. Наадмын морийг Хүйд сар гаруй уядаг. Түүнд Гэгээний хурдан агт гэж олон айлуудад нас насны агтыг хадгалуулна. Морь даах лам гэж нэг хувилгаан ламыг тушааж Богдод мөргүүлж гаргана. Далхаа дахих дөрвөн лам, агтын даамал нар, нэг сарын өмнө Хүйд очиж морь уяна. Энэ олон морийг унуулахаар нас таарсан жижиг хүүхдүүдийг ордны хэдэн хаалгач гарч отго отгоос алба гаргаж, үхэр тэргээр ачиж авчран морь унуулна. Хүүхдийн хоол аяганы хийцэд шавиас ямааны мах, шар будаа, чангаамал будааг гаргаж хар цайтай өгч нэг сар болгоно.
Намрын тэргүүн сарын шинэдээр наадмын газар Хүйд Богд заларч Хүрээ, орд өргөөний олон албаны хүмүүс цөм амиар майхан авч албаар явна. Түүнийг ачих уналгын үхэр тэргийг шавийн отгуудаас улаа барьж өгнө. Шавийн Шанзав, даа лам, амбас зэрэг олон хүмүүс Богдод бараа болж явна. Ноёд, амбаны өргөөг дөрвөн аймаг шавь таван газраас бэлтгэнэ. Түүнийг ачих тэргийг мөн нутгаас улаа барина.
Хамба, цорж, чойжин, умзад цөм амиараа явна. Нүүдлийн Шар хүрээ, Богдын хэд хэдэн тугдам, олон янзын эрээн майхан авч явна. Энэ нь Богдын өөрийн нь хуучин бэлтгэл юм. Үүнийг ачиж хүргэх лам нарыг отог отгуудаас албаар гаргана. Үүний хөсгийг шавиас улаагаар гүйцэтгэнэ. Мөн аймгийн хан, ван, ноёд цөм гэр гэртээ морь уяад Хүйн хавиар майхантай бууцгаана.
Энэ наадмын түлш, бас морины уяа ногоон модыг ордны хоёр хаалгач, Ноён уулын хавийн отгуудын тэргийг улаа барьж сарын урьд зөөж бэлтгэнэ. Манж монгол амбаныхан дал далаад гэртэй байдаг. Нэг хүн хоёр гэртэй байдаг.
Их насны морь тавихын өмнө манж амбаны өргөөнд цагаан эсгий дэвсэж, өндөр ширээ тавьж, улаан лаа шатаан, эзэн хааны сүлдэнд мөргөнө гэж ноёд цөм урагш харж гурав, гурав мөргөн, буу гурав тавина. Дөрвөн аймаг шавь таван газраас тэдгээрийн хоол хүнсний хонийг тууж очно. Үүнд багцаалахад нэг аймгаас найм есөн зуун хоньтой очдог гэж ярьдаг юм. Нэг хүнд чухам юу ноогддогийг тодорхой мэдэхгүй, зөвхөн Нэрэнпун галдаа гэдэг хүнд өдөрт 3 хонь хагас ноогдож нэг хонийг аваад бусдад нь өдөр бүр мөнгө хураан авдаг. Хэрэглэлд нэг өдөр 2 зузаан цай, лаа 4 ширхэг, бан давс, жин шар тос, сүүний хамтаар авч байхыг би үзсэн. Бусад хүмүүс юу авч байсныг мэдэхгүй байна.
Урьд цагт их, дунд, бага гурван насны морь уралдаж байлаа. Сүүл хэрд нь азарга, жороо хоёр морийг нэмж таван насны морь уралдах болсон юм.

You have read 1 text from Mongolian literature.