🕥 36-minute read
Өвгөн Жамбалын Яриа - 6
Total number of words is 4684
Total number of unique words is 1584
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Би эндээс Шарын голд очиж, Чойжин ламын тарианы газарт авчирсан бараагаа өгөөд 65 тэрэг гурил авахаар болж, тэндээс Хазгар гэлэн гэдэг хүнийг 150 жин гурилын хөлсөөр тэрэг хөтөлгөхөөр ярилцаад Шарын голын адагт байгаа орос цэрэг дээр очиж, өнөөх бичгээ үзүүлж, дарга дээр нь орж, Сүхбаатараас явуулсан бичгийг өгөв. Орос дарга, тэр бичгийг авч надтай гар бариад цай өгөв. Тэгээд “Эндээс орос цэрэг дагуулж явуулна. Та хэзээ явах вэ?” гэж асуув. Би: “Нөгөөдөр явна” гэв. Тэндээс буцаж ирээд, хамт яваа хүмүүстээ: “Эндээс Алтанбулагт гурил аваачиж худалдъя. Тэнд одоо гурил үнэтэй байгаа гэнэ” гэсэнд тэд: “Та өөрөө л мэд. Бид юу гэх вэ? “ гэв. Тэгээд би нэг хүнээ тарианы газар үлдээгээд гурван хүний хамт 65 тэргэнд гурил, хоёр тэргэнд хоол хүнс, майхан зэрэг юмаа ачиж 67 тэрэгтэй хойшоо гарахдаа орос цэрэг дээр очиж нэг цэрэг дагуулж, таван хоног яваад Алтанбулагт очив. Сангийн яам гэдэг газар очиж, орос цэрэг, Хазгар гэлэнгийн хамтаар оров. Тэнд Сангийн яамны сайд Билэгсайхан гэж хөх торгон дээлтэй, дөч гаруй насны хар хүн сууж байлаа.
Бид орж мэнд мэдэж суутал “Сайн, сайн байна уу? Нутаг хаана вэ? “ гэж асуув. “Нутаг Хүрээнд” гэв. “Та юутай яваа вэ? “ гэхэд бид: “Үхэр тэрэгтэй яваа” гэсэнд тэр хүн намайг их гайхан харж билээ. Тэгээд “Хэчнээн тэрэгтэй яваа вэ? “ гэв. “Дал шахам тэрэгтэй” гэсэнд “Юу ачиж ирсэн бэ? “ гэв. “Гурил ачсан” гэж хэлээд Сүхбаатарын өгсөн бичгийг түүнд өгөв. Тэгтэл тэрэг минь гадаа хүрч ирлээ. Билэгсайхан “Та нар тэргээ хашааны гадна тулгаж буулгаарай. Манай энд хэцүү шүү” гэж хэлээд цэрэг гаргаж өгнө гэх шиг болсон. Үг нь сайн дуулдаагүй. Бид тэргээ буулгаж, дөрвөн талд нь зогсоов. Бид майхнаа шаагаад цай уух гэж байтал, Билэгсайхан цэрэг явуулж намайг дуудуулав. Намайг очиход: “Та сууж бай. Би Центерсоюзтай утсаар ярина” гэв. Тэгээд утсаар яриад над хэлсэн нь: “Маргааш өглөө эрт дөрвөн морьтой цэрэг ирж та нарыг авна гэж байна. Бас эндээс дөрвөн цэрэг хамт явуулна. Өглөө эрт гараарай” гэв.
Маргааш нь бид, нар гарах үеэр дөрвөн монгол цэргийн хамт Дээд Шивээ орохоор явлаа. Тэгээд хил дээр очиж явтал тоомсог унасан, буу, сэлэмтэй дөрвөн орос цэрэг биднийг угтаж авав. Биднийг Дээд Шивээ өгсөж явахад барон Унгерний хэрэглэл гэж монгол дээл, эмээлийг байшин шиг овоолсон байхыг харсан. Тэгээд Дээд Шивээнд очиж, Центерсоюзынх гэж нэг их том хашаатай газар буув. 65 тэргийг хашаандаа нэг мөсөн оруулж, орос цэргүүд гурилыг буулган, шуудайг нь сэлмээрээ хага татан пүүлж авч байсан. Чухам хэчнээн пүү болсныг мэдэхгүй. Гурилыг пүүлж авч дуусгаад, биднийг сайхан хоол ундаар зочлов. Центерсоюзын даргад нь “Бид шуудайгүй л боллоо доо” гэсэнд бүтэн шинэ шуудайнууд гаргаж өгч билээ.
Тэгээд орос цэрэг дагуулж, дэлгүүр базаараар ороод гаръя гээд түргэн явлаа. Тэгтэл “Барон Унгерн Орхоны баруун талаар зугтав” гээд учиргүй олон улаан цэрэг цувж явсныг базаар дээрээс харав. Центерсоюзын даргаас Сүхбаатарт бичиг өгөв. Нааш ирж Билэгсайханы өгсөн бичгийг аваад, бид түргэн ирэхийг бодож явав. Тэгэхэд барон унгернийхэн их үймж байсан цаг билээ. Дөрөв тав хоног явж Шарын голд ирэв. Хамт яваа хүмүүстээ: “Одоо энд хөл үймээн их тул мөнгийг Хүрээнээс авахаар болов” гэж хэлэв. Шарын голд байгаа улаан цэргийн даргаас өгүүлсэн бичгийг авч, хамба ламын сангийн гурилыг ачиж хотод ирэв.
Тэгээд Сүхбаатартай уулзаж, Центерсоюз, Билэгсайхан, орос цэргийн дарга нарын бичгийг түүнд өгөв. Сүхбаатар: “Сайн явна уу? Хэрэг бүтэв үү? “ гэж асуув. “Сайн явсан. Хэрэг бүтэв” гэж хэлэв. Гурил сайн хүргэсэн гэж Сүхбаатараас над тавин лан өгч билээ. Тэгж анх би Сүхбаатартай уулзаж танилцсан юм. Сүхбаатараас: “Сайн байна. Хэрэг бүтээж ирлээ. Та манайхаар ирж байгаарай. Би ч танайхаар очиж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш би Сүхбаатартай хааяа нэг уулзаж байсан. Тэгээд нэг өдөр Сүхбаатар манай гэрт ирлээ. Тэгэхэд манайх Хүрээний зүүн хойно байсан юм. Онц ч юм болсонгүй. “Эргүүлийн ажилтай” гээд яваад өгсөн. Үүнээс хойш зарим орой манай гэрээр ирдэг болсон.
Нэг өдөр Сүхбаатарын гэрт намайг очиход тэнд нарийхан биетэй туранхай залуу хар хүү сууж байв. Мэнд мэдсэний дараа Сүхбаатараас “Нөгөө хэлдэг хүн чинь энэ шүү дээ. За танилц” гэв. Тэгэхлээр тэр хүн “За” гэв. Би ч “За” гэв. Ингээд Сүхбаатараас Чойбалсандаа “Чи бид хоёрыг чин ван лам Дашдэндэвийнд очиход архи дарс өгөөд, дээлийн торго, хадагтай барьж өгч байсан. Чин ван лам бол бидний үүрдийн хань биш, харин энэ хүн түүнтэй адилгүй, манай талын хүн шүү” гэж хэлэв. Тэгээд: “Энэ хүнийг Ринчиновтой танилцуулаарай” гэж Чойбалсанд хэлсэн билээ. Чойбалсан, намайг “Маргааш Сангийн яаман дээр очоорой” гэсэн ёсоор тэнд Ринчиновтой уулзаж танилцсан билээ. Түүнээс хойш хоёр хоноод Сүхбаатар Чойбалсан хоёр орой морьтой манайд ирлээ. Цай ууж, нэлээд удаан сууж шөнө болгоод Сүхбаатараас “Жамбал гуай Хүрээний гучин аймгийн лам нарын бүдүүвчилсэн тоог мэдэх хэрэгтэй байна. Үүнийг та мэдэж аль. Үүнийг авах ямар арга байна? “ гэв. Тэгээд эргэж бид гурав шөнө, морьтой явж гучин аймгийг тойрч үзээд аймгуудыг зааж өгөв. Тэндээс эргэж манайд ирээд “Гучин аймгийн лам нарыг хэн захирдаг юм бэ? “ гэж тэд асуув. “Цогчин дөрвөн гэсгүй нийтэд нь захирдаг юм” гэв. “Шашны эзэн гэж ямар хүн байдаг юм бэ? “ гэж асуув. “Хоёр хамба, таван цорж, энэ долоон хүнийг шашны эзэн гэдэг юм” гэсэнд бас тэмдэглэж авав. Тэгээд Чойбалсанд хэлсэн нь: “Чи бид хоёр хүрээнд хэчнээн ламтайг мэдэхгүй байна, энэ хүн бидэнд барагцаалсан тоог олж өгч их тус боллоо. Чи мэдэж байгаа биз дээ” гэсэнд Чойбалсан: “Мэдэж байна. Мэдэж байна” гэв. Тэгээд “Их хүрээний лам нарын тоог тойм төдий боловч мэдэж аль” гэж гуйгаад тэр хоёр шөнө орой болсон хойно явав. Их хүрээний байнга суудаг лам нарын тоог миний сурвалжилж багцаалж мэдсэн зүйл гэвэл: “Их хүрээнд мянган ламтай аймаг дөрөв байна. Энэ нь: 1. Шүтээний аймаг, 2.Сангай аймаг, 3. Зоогой аймаг, 4. Их дагинын аймаг эдгээр болно. Мөн Их Хүрээнд 500 ламтай аймаг 15 байна. Энэ нь: 1. Цэцэн тойны аймаг, 2. Андуу нарын аймаг, 3. Дугарын аймаг, 5. Сүнгийн аймаг, 6. Дүйнхорын аймаг, 7. Эрхэм тойны аймаг, 8. Баргын аймаг, 12. Дондлингийн аймаг, 13. Жадарын аймаг, 14. Тойслонгийн аймаг, 15. Дархан эмчийн аймаг эдгээр болно. Мөн Их Хүрээнд 350 ламтай аймаг 6 байна. Энэ нь: 1.Хүүхэн ноёны аймаг, 2. Бизъяагийн аймаг, 3. Жасын аймаг, 4. Номчийн аймаг, 5. Дандарлингийн аймаг, 6. Намдэлэгийн аймаг эдгээр болно. Мөн Их Хүрээнд 250 ламтай аймаг 5 байна. Энэ нь: Маха Маяагийн аймаг, 2. Чойнхорлингийн аймаг, 3. Хамбын аймаг, 4. Хувилгааны аймаг, 5. Бандидын аймаг эдгээр болно. Ингээд Их Хүрээний гучин аймгийн байнга суудаг бүх лам нар 14850 болно. Энэ бол бүдүүвчхэн тоо гэж бодож байна. Зарим аймгийн дансанд байгаа лам нар жинхэнэ байгаа лам нараас цөөн төдий илүү дутуу байх боловч ерөнхийдөө их зөрүүгүй байдаг.
Түүний дараа бас хоёр хоноод Сүхбаатар Чойбалсан хоёр, нэг орой манайд ирлээ. Сүхбаатараас над хэлсэн нь: “Богдын дэргэдийн хавийн юмыг яаж мэдэх вэ?” гэсэнд “Би ч мэдэхгүй л байна даа” гэв. “Та Богдын дэргэдийн хүмүүсээс хэнийг сайн таньдаг вэ? “ гэв. “Богдын дэргэд үргэлж байдаг Бинт гэдэг хүнийг би сайн таньдаг юм” гэв. “Тэгвэл та тэр Бинтэд очиж сайн гуйгаад үз. Тэгэхдээ биднээс юм аваад яваарай. Юу ч хамаагүй өгье. Ардын засаг тогтож, цаг хэцүү болов. Намайг Богдын дэргэд хишиг хүртээж аль гэж хэл. Манайхаас очиж нэг тавин лан, хадагтай аваад Бинтийн гэрээр нь хоёр гурван хоног эргэж байгаад, нэг өдөр орсонд сууж байлаа. “Чи яах гээд намайг эргээд байна? “ гэж асуув Түүний эхнэр нь хамт байв. “Би тантай уулзах нэг хэрэгтэй яваа юм сан” гэв. Тэгтэл Бинт дээлээ нөмрөөд надтай гэрээс гарч байшинд орж ярилцав. “Одоо ардын засаг гэдэг тогтож, цаг хэцүү боллоо. Намайг Богдын дэргэд татаж аваач гэж танаас гуйх гэсэн юм” гээд тавин лангаа хадагтай барьсанд “За би маргааш Богдод бараалхана. Тэгэхдээ айлтгая. Чухам ямар албанд орох вэ? “ гэв. Би “Та л өөрөө мэд дээ” гэв. Тэгээд хэд хоносны дараа Богдын дэргэдийн донир болгохоор намайг дуудаж билээ.
Би донир болсон тухайгаа Сүхбаатар Чойбалсан хоёрт хэлсэнд “За сайн байна. Та одоо Богдын дэргэдийн юмыг сайн мэдэж байна шүү дээ. Тэгэхдээ нэг л зүйлийг юуны урьд сайн мэдэх хэрэгтэй байна” гээд хэлсэн нь: “Богдын дэргэдийнхний уяа морь гэж арван хоног тутам Дээд сүмийн хүмүүс их олон морь хэрэглэдэг байна. Зарим хүн нь гурав дөрөв хүртэл морь хэрэглэж байгаа гэнэ. Үүнийг та сайн мэдээд ирээрэй” гэв. Үүнийг мэдэх гэж хөөцөлдсөөр байгаад цөмийг мэдэж, Сүхбаатар, Чойбалсан хоёрт мэдэгдэв. Түүний дараахан Засгийн Газрын тушаалаар тэр уяа морьдын ихэнхийг хассан юм.
Сүхбаатар бас нэг үдэш манайд ирээд: “За морь хассан явдлыг тэндэх хүмүүс юу гэж ярьж байна? “ гэж надаас асуув. “Унасан моринд хүртэл өлбөлзөж орж байна” гэж хүмүүс их л дургүй байсныг Сүхбаатарт хэлэв. “Богд танд юм хэлэх юм уу? “ гэж надаас асуув. Богд: “Чи манай эндхийн хүн боллоо. Доторх үг гадагш гардаггүй. Гадагш үг дотогш ордоггүй юм шүү дээ” гэж байсан гэж хэлэв. Сүхбаатар “Тэр чинь их муу хэрэг дээ. Учиртай үг “ гэж билээ.
Ингээд явж байтал нэг өдөр Чойбалсан манайд ирж: “Би одоо Сан бэйсийн хүрээ (Баян түмэн) явах болов” гэж хэлээд явсан. Тэгтэл Чойбалсанг эзгүй хойгуур Сүхбаатар гэнэт өвчилж байгаад нас барав. Амьтан хүмүүс, Сэрэйнэн оточ, Сүхбаатарт эм өгч байсан гэнэ гэж ярилцаж байв. Тэр үнэн байсан. Түүний дараахан Чойбалсан ирээд, манайд ирж над хэлсэн нь: “За бид сайн нөхрөөсөө саллаа даа. Миний сайн нөхрийн танилцуулж өгсөн та бид хоёр хэлхээ холбоо тасрахгүй шүү” гэж билээ.
Тэр зун нь Эх дагина нас барав. Чойбалсан над хэлсэн нь: “Богдын тамгыг хэн эрхэлж, гаднаас орсон бичигт дарж байгааг сайн мэдэх хэрэгтэй байна” гэв. Түүнийг мэдэх гээд ядаж байтал, нэг өдөр Дүйнхорын даа лам Пунцагдорж Богдын дэргэд орж бичиг уншиж өгдгийг мэдэв. Харин тамгыг нь чухам хэн дарж байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Тэгээд хоёр хоногийн дараа Дүйнхорын даа ламыг Богдоос дуудуулав. Би түүний хойноос явж байтал Бинт бас явж байв. “Та хаачих нь вэ?” гэсэнд түүний хэлсэн нь: “Эртээр нэг өдөр, энэ Пунцагдорж бичигт тамга дарахдаа намайг гар гэж хөөсөн, тэгэхэд Богд гэгээн “Энэ муугаар яах нь вэ?” гээд гаргаагүй юм. Тэгэхэд Пунцагдорж хоосон цаас тамгалж авч байгаа харагдсан. Одоо бас намайг гар гэж хөөж байхгүй юу, Богд ч юм хэлсэнгүй. Бас л тамга хулгайлж дарах гэж байгаа биз” гэж хэлэв. Түүнийг Чойбалсанд хэлсэнд, “Үүнийг мэдсэн нь их сайн байна” гэж байсан. Түүнээс хойш нэг хоёр сарын дараа Пунцагдорж баригдав. Сүүлд нь Чойбалсан надтай уулзаад: “Өнөөх Пунцагдоржийн чинь тамга дарж байсан нь үнэн юм байна шүү” гэж байсан. Богдыг нас барсны хойно Богдын юмыг комисслоно гээд олон хүмүүс бужигнаж, Богдын бүх юмыг дансалж эхлэв. Тэр комисст Дотоодыг хамгаалах газраас Хаянхярваа, Төв Хорооноос Баттөмөр зэрэг хүмүүс оролцсон юм. Би энэ үед ажил албагүй байлаа.
Түүний дараа Богдын юмыг комисслох комисст явуулах болж, Дэлгэр уулын аймгийн дарга Цэрен бэйст Чойбалсан хэлж намайг явуулсан юм. Тэгэхэд Чойбалсангаас: “Энэ ажилд явахад хэн их юм авч байна. Ямар албаны газарт юу юуг нь авч байгааг сайн мэдэх хэрэгтэй. Бас сарын 40 төгрөгийн цалинтай юм шүү” гэж хэлсэн. Тэр ёсоор энэ комисст орж ажиллав. Энгийн хүмүүс ч хэр тааруу юм авч байлаа. Харин лам нар наймдугаар Богдын суваргад хэрэглэх юм гээд л өдий төдий мөнгө, алт, хивс, майхан, хадаг зэрэг учир тоймгүй юм аваад байлаа. Үүнийг Чойбалсанд хэлсэнд, “За тийм байх даа, мэдлээ” гэсэн. Хэд хонож байтал Чойбалсангаас “Та шавийн 88 дугаар үүрт гуйгаад гишүүнээр орох хэрэгтэй” гэв. Тэнд лам нар 200 гаруй гишүүнтэй байв. Би үүрийн дарга Чин ван ламаас гуйж гишүүнд оров. Үүрийн хурал хийх бүрд л “Есдүгээр Богдыг зална. Богдын юмыг Гэгээрүүлэх яам, Цэргийн яаманд өгөхгүй, есдүгээр Богдыг залахад зориулж хэрэглэнэ” гэж хурал дээр ярилцдаг байв. Энэ тухай Чойбалсанд мэдэгдэхээр өдөр бүр шахам уулзаж байв. Тэр үед намын үүрийн хурлыг өдөр бүр шахам хийдэг. Түүн дээр есдүгээр Богдыг залахад хэрэглэх зардал хөрөнгийг хэрхэн олох тухай ярилцана. Хэрэв Богдын хөрөнгийг өгөхгүй юм бол хөдөөгийн шавийн ардуудад дуулгахад, юм өгөх сүсэгтэн их гаралгүй яах вэ гэдэг байсан. Тэгэхэд Хараагийн отгийн Цэвэг зайсан гэдэг хүнээс арван морь, хоёр эрээн майхан бэлэглэхэд бэлэн байна гэж бичиг ирсэн гэж хурал дээр ярьж байсан. Ингээд энэ тухай Чойбалсанд хэлэв. Түүнээс хойш удсан ч үгүй 88 дугаар үүрийг тарааж билээ.
Дараа Чойбалсангаас надад хэлсэн нь: “Та шашны яамны нярав болохыг бодож үз” гэсэн. “Орон гарсан нярав байхгүй яах вэ?” гэсэнд “Чагнаж явтал болох байлгүй дээ” гэв. Тэгтэл харин Шүтээний аймгийн Лувсанцэрэн нярав ажлаас чөлөө гуйж байна гэж дуулдав.
Түүнийг Чойбалсанд хэлсэнд: “Та хамба ламаас гуйж нярваар ор” гэв. Хамбаас гуйж шашны захиргааны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж намайг авахаар болов. Чойбалсангаас: “Тэндэх юмыг хүлээж авахдаа сайн үзэж, хэчнээн юу байгааг мэднэ шүү” гэв. Тэнд алт, мөнгө зэрэг маш их юм байв. Дотоод санд хэдэн том төмөр авдартай, түүний түлхүүр нь хоёр хамба, шашны захиргааны тэргүүлэгчид, нярав нарт явдаг байв.
Богдын юмнаас суваргад хэрэглэнэ гэж авсан бүх зүйлс тэнд цөм хэвээрээ байж байна. Энэ тухай Чойбалсанд хэлсэнд: “За эд нар тэр зүйлүүдийг есдүгээр Богдод хэрэглэхээр тэгж хадгалж байгаа юм” гэж байсан билээ.
1998 оны “Ц. Дамдинсүрэн: Бүрэн зохиол” 2-р ботид Д. Цэдэвийн бэлтгэж нэмсэн нь:
МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН БОР МОРЬ
Тэр жил баруун аймгаас Чойбалсан нэг хурдан бор морь авсан юм. Бэлэгт ирсэн юм уу худалдаж авсан юм уу мэдэх үгүй. Тэр морь Төв аймгийн Өнжүүлийн нэг баян айл дээр байлаа. 1938 оны хирд шиг санагдаж байна. Тэр айлын эзэн нэг өвгөн байдаг юм. Олон ах дүү нар, үр хүүхэдтэй хүн дээ. Тэр өвгөн баригдаж ирээд засанд байгаа гэж дуулаад би Чойбалсанд очиж хэлэв: “Аа тэгээ юү. За мэдлээ,мэдлээ. Би учрыг олно” гэж байсан. Нөгөө өвгөн хэд хоноод гарсан байлаа. “Тэр өвгөн юу юутай баригдсан юм бэ” гэхэд “Нэг мянган цаастай, нэг сайхан чулуун хөөрөгтэй, нэг мөнгөн эмээлтэй баригдсан юм гэнэ. Тэднийг эргүүлж олго” гэж нэг бичиг бичиж намайг Дотоод Яаманд явуулав. “Тэр өөрөө очиж болохгүй. Та түүний төлөөнөө явж гүйцэтгэ” гэв. Би тэр бичгийг аваад маргааш нь Дотоод яаман дээр балбаад очлоо. Тэгсэн чинь хэлж байна “Хөөрөг, мянган цаас ч буй” гэж гаргаж өглөө. “Харин эмээлийг нь олох хэцүү” гэв. Тэр өвгөний хамаатан нэг хархүүтэй очсон юм сан. Бид хоёрт байшин дүүрэн овоолгоотой эмээлийг үзүүллээ. Олдог үгүй. Сайхан сайхан эмээлүүд их байх юм. Гэсэн ч өвгөний минь эмээл байдаг үгүй. За тэгтэл хэлж байна: “За хамаа байж уу. Нэг л сайн эмээл ав. Ясыг нь битгий доордуулаарай. Нэг эмээл шилж байгаад ав” гэв. Тэгээд тэр залуу хүү нэг эмээл үзээд авлаа. Бид хоёр юмаа аваад өвгөндөө авчирч өглөө. “За одоо яаж харих билээ” Бас л Чойбалсандаа очиж хэлэв шүү. Тэгсэн чинь хэлж байна: “Би машинаар хүргэж өгч болохгүй юм даа. Та нар машин хөлсөлж аваад хүргэж өг. Ямар ч үнэтэй хамаагүй” гэлээ. Тэгээд 300 төгрөгөөр машин хөлсөлж аваад өвгөн бид хоёр Өнжүүл дэлсээд хүрлээ шүү. Нэг шөнө олон гэр айлуудын гадна очлоо. Гэрт их гал ноцож байлаа. Ороод очсон чинь олон үр хүүхэд нь ах дүү нар нь “Базай” хэмээгээд бархираад өвгөнийг тэвэрч авлаа. Тэдний баярласан гэж учир үгүй. Тэгж би түүнийг хүргэж өгөөд буцаж ирж байсан юм. Өнөө өвгөн чинь тэр зун “Би амьд мэнд шоронгоос гарсны баяр болгож баахан морь наадамд уяна” хэмээгээд баяр болгож хэдэн морийг наадамд уяж. Маршалын борыг ч наадамд уяж. Чойбалсан уяхыг нь зөвшөөрсөн юм байгаа биз. Тэр өвгөн наадам дээр баахан уяа морьтой ирлээ. Би морь харыг харж туслалцаж явлаа. Чойбалсангийн морь гэж жавхалзсан бор морь байлаа. Наадамд уралдаад нэгийн удаа орлоо шүү. Тэгэхдээ жаахан явсан бол өмнөх морио гүйцэж түрүүлэх байсан юм. Арга үгүй. Газар нь ойртоод нэгийн удаа орлоо доо. Бид баяр хөөр болж байлаа. Тэгсэн чинь морь унасан хүүхэд нь 12 дугаар морины пайз өгчээ. Хэн өгсөн юм хэн мэдэх вэ? “Арга үгүй. Гомдолтой байхад хөөцөлд, пайз өгөх үгүй ч байсан яадаг юм” гэлээ. Бид ч гомдолтой. Морь унасан хүүхэд маань уйлах шахаж явлаа. Би морины комисст очиж хэллээ. Морины комиссоор холбооны хорооны дарга Лувсанцэрэн, мал аж ахуйн яамны орлогч сайд Чимид нар байсан юм. Түрүү морины хүүхэд бас л гэрчилж. “Энэ хүүхэд миний ард намайг гүйцэх шахаж явсан юм” гэж хэлснийг ч хайхарсангүй. “Бид жанжны морь гэж урагш нь ахиулж чадахгүй. Ардын морины нэгэн адил ямар пайз авсан байна. Түүгээр цолоо дуудуулах хэрэгтэй” гэв. Ингэж байна гэж Чойбалсанд хэлсэн чинь мөн хайхарсангүй. “За хамаа байж уу. Битгий хөөцөлд. Харин морины бай шан авах гэж битгий оч” гэлээ. Тэгээд морины цол дуудуулсан болов уу даа. Тэгээд гомдолтойгоор өвгөн маань хэдэн морио аваад буцлаа. Наадмын сүүлийн шигшээ бөх барилдах боллоо. Наадмын талбайгаас зүүн урагш засгийн газрын майхны дэргэд дэнж дээр барилдуулав. Тэнд Баянтүмэний Дамчай, их монгол аварга зэрэг олон бөхчүүл байлаа. Чойбалсан Их монгол аваргатай энгийн юм ярьж байгаад “Бөхөө хурдан барилдуул” гэж хэлээд явчихлаа. Бөх нь нэг л хурдан гарч өгөх үгүй назгайраад нэг л удаашраад байх юм. Орой ч болж байлаа. Тэгж байтал Буурал Дамба гэж цул цагаан хувцастай хүн ирлээ. Тэр “Цаад золиг чинь барьж идэх хэмээгээд болох үгүй нь. Бөхөө хурдан барилдуулж үз “ гэж бусад нөхдөдөө хэлэв. Бусад нь ч нэг их хөдлөх үгүй юм. Бас нэг хүн ирээд “Бөхөө хурдан барилдуул гэж өнөөх чинь загнаад болох үгүй нь” гэж хэлэв. Тэгэхээр Дамба “За тэгж байгаа биз. Тэгээд байгаа юм” гэж байлаа. Бөх нь назгайрч удаашраад ер гарч өгөх үгүй байлаа. Тэгж байтал Чойбалсан хул торгон дээлтэй, ув улаан царайтай, гар нь чичирсэн хүрч ирээд олон амьтны дунд тэднийг загнаж гарлаа. “Та нар яагаад бөх барилдуулдаг үгүй юм. Ямар санаатай удаашруулж байна. Та нар ингээд чадна гэж санаж байна уу. Чадахыгаа үзээрэй “ гэж загнаж байгаад явлаа. Тэгээд шигшээ бөх барилдаж шөнө дууссан юм сан. Удал үгүй Дамба, энэ тэр баригдсан билээ. Яах санаатай байсан юм. Хэн мэдэх вэ.
СОНОМ ГЭСГҮЙ
Соном гэсгүй гэдэг лам залуудаа Хараагийн Дар эхийн хийдийн цогчин гэсгүй явсан юм гэнэ билээ. Хараад нутагтай, хөдөө гэр малтай айл байсан. Наян гурван нас хүрч 1936 онд нас барсан болно. Энэ лам олон шавь нартай, ном гүрэм хийдэг чадалтай лам байсан. Соном гэсгүй “85 насныхаа найрыг олон шавь нартайгаа хийнэ” гэж өгүүлж ярьдаг байсан. Гэвч 83 хүрээд нас барсан юм. Түүний 85 хүрээгүйн учрыг шавь нарын ярилцдагаар хэлэх юм бол 1936 оны намар Амарбаясгалант хийдийн цогчин гэсгүй цогчин унзад хоёр нэг намар морьтой хоёр гурван өртөө газраас Соном гэсгүйд ирж гэнэ. Тэднийг ирэхэд үд өнгөрч байлаа. Гурвуул нэг гэрт үлджээ. Соном гэсгүйн дуу их болж дуулдаад загнаад байх шиг байжээ. Тэгж тэгж оройн нар унины дунд ирэхэд тэр хоёр лам мордоод явжээ. Явсан хойно нь өөрийн шавь нарт “Би мөрөөрөө үхэж чадахгүй байна шүү” гэж дахин дахин хэлж байсан. 7-8 хонов уу үгүй юу ханиад хүрлээ гэж байгаад нас барсан. Хожим 27(1937) онд лам нар олон баригдах үед шавь нарын дотроос Лувсангэлэн хэлж байсан. “Манай лам нар ардын засагт дургүй ажил хийсэн нь үнэн байх юм шүү. Амарбаясгалантын хоёр лам ноднин намар ирж манай багш лам (Соном гэсгүй)-ыг муухай ажилд оролцуулах гэхэд лам маань дагасангүй, өөрөө нас барсан хэрэг байна” гэж ярьж байсан. Соном гэсгүй чадалтай хүн байсан юм. Үүнээс 40 гаруй жилийн урьд би Бадма-Ёгын дуганч байгаад Хараад мал тоолох ажлаар явж байлаа. Соном гэсгүй тэр нутгийн хүн. Хамт хэдэн морьтой хүн явж байлаа. Гэнэт их бороо орж гарлаа. “Одоо яах билээ” гэхэд Соном гэсгүй “Гайгүй байгаа, гайгүй байгаа! Битгий цувж яв, зэрэгцээд яв” гэж хэлэв. Хэд хэдэн хүн яг зэрэгцэн ергөөд явлаа. Их бороонд морины дэл сүүл ус болоод байсан. Тэгэхэд бид цувгүй явсан боловч дээл огт норсонгүй. Бидэн дээр дусал ч ус дусаагүй өнгөрч байлаа. Тэр лам эрхээ хурууны үзүүрээр эргүүлээд яваад байсан шүү.
БОРОО ХОРИХ БА УРИХ АРГА
Бадруулт төрийн ... онд Баруун Хараад өндөр Цэрэнжавынд Бадам-Ёго дацангийн хэдэн хүмүүс гэрээт дацангийн малыг тоолох ажлаар явж байлаа. Баруун хойноос хэсэгхэн хар үүл гараад ирлээ. Манай тэр байж байгаа газар бол тариа тарьж байсан ... оросын тосгоны тэнд юм. Үүл гараад салхи гэдэг учиргүй юм болоод явчихлаа. Тэгтэл Намсрай гэдэг тэндхийн бороо дааж яваа лам, бидний тэнд ирээд байлаа. Догшин бороо орж мөндөр бууж эхэллээ. Намсрай гэлэн сүүтэй цөгц бариад бороо хорино гэж, будааг хамгаална гэж гарав. Намсрай гэлэн ном уншаад сүүгээ өргөж л байв. Ширүүн бороо мөндөр буугаад Намсрай гэлэн гүзээтэй ус шиг шувт нойтон болж гэрт орж ирээд “Цус байна даа. Өндөр Лувсандагваас болж дээл ч үгүй, будаа ч үгүй боллоо, цусаар урс” гэж байсан. Бид тэгээд сураглаж мэдвэл Баруун Хараагаас Номгон гэдэг газар Дар эхийн хийдийн өндөр Лувсандагва гэдэг лам тэр хавийн будаа тариаг дааж байсан юм гэнэ. Тэр ширүүн бороо Лувсандагвын даасан газраар ороогүй юм гэнэ билээ. Лувсандагва мөндрийг хөөж, Намсрайн даасан газар дийлдэлгүй орсон юм байжээ.
ДЭНДЭВ ЗОЧ
Хараагийн Соном гэсгүйтэй ойр нутагтай Лувсанцог гавжтай би сайн танил явлаа. Нэг жил оросын Хиагтаас Нийслэл хүрээнд жин буулгахад их ашиг олж байна. Нэг үхэр тэрэг ачааг буулгахад 32 орос цаас авч байна гэж дуулаад би гучаад үхэр тэрэгтэй Лувсанцог гавж, бас хориод үхэр тэрэгтэй жин тээхээр Алтанбулагт очлоо. Лувсанцог гуай хэлж байна: “Сэцэнгийн пүүст бууна” гэж байна. Нэг хятад пүүст очиж буув. Хятадууд их хүндэлж байна. Тэрэг түргээ хашаанд оруулж морио уяад хонох боллоо. Тэгж байтал нэг том биетэй, дэлдэн шар лам орж ирлээ. Дэндэв гуай хэмээгээд Лувсанцог гавж сүйд болоод явчхав. Тэр лам бид гуравт нэг хятад байшинд гудас дэвсгэр дэвсээд унтуулах болов. Лаа унтраагаад унтаж байтал хамаг бие яах аргагүй загатнаж гарав. Тэр байшинд бясаа гэдэг нь учиргүй юм. Хамаг биеийг хаван бэлцрүү болтол идлээ. Унтах арга байдаггүй. Би нойрт дарагдаж бага сага унтах юм. Өнөө хоёр лам чинь унтах нойргүй сууж байна. Тэгж байгаад Лувсанцог гавж хэллээ: “Чиний өнөө сайн зоч гэдэг чинь яасан буй? Энэ муусайн бясааг арилгаж чадахгүй юм бол ямар зоч байх буй” гэлээ. “Энэ муусайн хорхой шавжид номын аргыг яаж хэрэглэх вэ? Бөөсөнд хутга гаргана гэдэг шиг хэрэг болно” гэж хэлээд Дэндэв зоч биеэ маажиж сууж байх юм. Тэгсээр байгаад шөнө ч орой боллоо. Өнөө лам чинь байж ядаж бүр тэсэхээ болив бололтой. Тэгээд номоо уншиж эхлэв. Хүч тамир ч байхгүй юм. Пад пад гээд чанга дуугарав. Түүнийг бүрэг бараг сонсож байсан. Тэгээд унтаж хоцров. Нэг харсан чинь өглөө болж наран дээр гарсан байна. Биеийг бясаа хазсан байдал мэдэгдэхгүй юм. Босоод харсан чинь аяганы дөрвөлжин шар ширээн дээр дүүрэн үхсэн бясаа арзайж байсан. Бас ширдэг дэвсгэр дээгүүр дүүрэн үхсэн бясаа байсан. “Энэ юу вэ? “ гэхэд “Урьд шөнө Лувсанцог надаар алуулсан бясаа юм” гэж байсан. Хятадууд ирээд түүнийг цэвэрлэхдээ гайхаж шулганалдаж байсан. Хиагт орж ирээд буцахдаа мөн тэр байшинд хоносон. Тэгэхэд нэг ч бясаа хазаагүй цөмийг дуусгасан байжээ.
ДӨРВӨД ХАМБА
Манай Ноёны аймгийн Дөрвөд хамба гэдэг нэг хувилгаан хүн байсан юм. 1937 оны намар хамба, цорж нар баригдаад байх үед Дөрвөд хамба Хүрээний цогчин гэсгүй Да нарын аймгийн Лувсангомбо, Чойхорлингийн аймгийн цогчин умзад Жамбал, Дөрвөд хамбын цуг явдаг Дэндэв гэдэг хэдэн хүн Өндөр гэгээнд мөргөх гэж намар хүрээнээс гараад морьтой явж гэнэ. Толгойтын даваан дээр гарахад Дөрвөд хамбыг Дотоод яамны хүн нэхэж очоод бариад ирсэн юм. Дөрвөд хамбыг дагаж явсан Дэндэвийн ярьж байсан нь: “Манай хамбыг бариад авлаа. Би морийг нь аваад буцаж ирлээ. Лувсангомбо, Жамбал нар Өндөр гэгээнд мөргөнө гээд яваад өглөө” гэж байсныг бодвол тэд нар хүрээний хамба цорж баригдлаа гэж Өндөр гэгээнд даатгах гэж явсан юм. Эсвэл элдвийн хэлхээ холбоотой хэрэг ажил хийх гэж явсан ч байж мэдэх юм.
МИНИЙ ХҮҮ САНДАГ
Дотоодыг хамгаалахад Сандуйжав баригдаад Сумьяа өвчтэй юм шиг хамаагүй хашхичаад байдаг болжээ. Түүний өвчтэй эсэхийг мэдэхээр намайг Дотоод яамны шоронд хорилоо. Халуун бүгчим гэдэг яах аргагүй, нохой бөөс нь олон гэдэг яах аргагүй. Би хэд хоног зовсон юм. Намайг ороход миний бүс малгайг хурааж авсан хүн энэ Бумцэнд одоо байж байна. Бумцэнд тэр үед дотоодыг хамгаалахын комендаа байсан юм. Ороод очсон чинь Сандуйжав хүн байхгүй бол энгийн яриад байх эрүүл юм байна. Албаны хүн харахтайгаа зэрэг хамаагүй хашхичиж эхлэх юм. Зориуд өвчтэй хүн болж дүрэмдэж байгаа юм санж. Тэр арав хорин лан алт идчихсэн юм гэл үү дээ. Би ингэжчивлээ явсан хүн дээ. Дараа нь манай эхнэр Намжил орон шоронд орсон хүн гэж загнаад сална гээд болдоггүй. “Одоо яах билээ. Ингээд байна” гэж Чойбалсанд хэллээ. “За сал. Яагаад юм сал” гэлээ. “Эхнэрийн хамаатан садныг бүгдийг цуглуул. Таны хамаатан садан гэж байхгүй болохоор яах вэ? Би танай талыг төлөөлж очно. Хамт сайхан учраа хэлэлцэж байгаад салах хэрэгтэй” гэж хэлж тэр ёсоор учраа сайн хэлэлцээд эхнэрээсээ салав. Бүх юмаа эхнэртээ өгөөд ганц өргөдөл (өргөмөл) хүүгээ би аваад саллаа. Хүүгээ авч хүмүүжүүлж байхад ганцаараа болохлоор хэцүү л байлаа. Нэг ханиад хүрээд Ёндон багшаас жавтий хүртээд сууж байсан чинь багш хүүд боов шоов өгөөд, хүү маань ч “Энд их сайхан байна. Би энд үлдье” эмээгээд болдоггүй. Багш “Хүүгээ үлдээгээд маргааш ав. Энд хоноод яваг” гэж байна. Тэгээд яах вэ? Хүүгээ би орхиод ирлээ. Чойбалсанд энэ учраа хэллээ. Тэгсэн чинь маршал маань хэллээ: “Хүүгээ тэнд байлгахад ер нь аятайхан байна. Хүүгээ эргэхээр очоод байхад хүн юм санахгүй” гэлээ. Маргааш нь хүүгээ авсан болж, хүү маань багшийнд очъё гээд байхлаар бас дагуулаад очив. Хүү маань “үлдэнэ” гэдэг. Багш ламтан ч “үлдээ “ гэв. Тэгээд хүү маань Ёндон багштанд дасаж тэнд байх болов. Би ч хүүгээ эргэх гээд үргэлж орж гарч явдаг боллоо. Тэгээд арван хэд хүрэхийн үед Чойбалсан гэнэт миний хүүг дуудаж аваачиж хүчээр хар болгоод офицерын сургуульд оруулсан юм. Тэгээд хэдэн жил болтол миний хүүг тэр сургуулиас гаргав. Ёндон ламын дэргэд байсан хүн гэж хөөж гаргажээ. “Одоо яах билээ” хэмээгээд Чойбалсанд очлоо. “За та бид хоёр тэр хүүгийн замыг алдууллаа. Үгүй мөн муухай юм боллоо. Ёндон ламын дэргэд байсан үнэн юмыг одоо яах вэ? “ гэж гаслан байхад “Жаахан хүлээж бай” гэлээ. Хүлээж байтал нэг өдөр Дотоод яамнаас Догсүрэн гэдэг хүн дуудаж аваачаад миний хүүг Дотоод яамны курст орууллаа. Курсийн арваад хүн онцсайн төгсөхөд миний хүү оржээ. Тэр сайн төгссөн хүүхдүүдийг зүүн тийш нь Японыг эсэргүүцсэн дайнд мордуулах боллоо. Миний хүүд бугуйн цаг энэ тэрийг тайлж өгөөд: “Миний хүү одоо сургууль төгсөж албанд томилогдож байгаа нь сайхан байна. Үгүй ээ би ганц хүүгээ дайсны өөдөөс явуулаад юу гэж бодож суух юм бэ? Мэнд гэж бодож байх юм уу” гэсэнд “Явуул аа! Үгүй яадаг юм бэ? Явуулбал сайн” гээд миний үгийг хайхралгүй хэд хонож байтал Дотоод яам тушаал гаргаад хүүг минь Говь-Алтайд хилийн харуулын даргаар явуулсан юм. Нэг жил болоод би “Хүүгээ эргэе. Морь тэмээгээр ч бол яваад хүрье” гэсэн. “Ээ тэгж болохгүй. Та яваад хүрэх газар биш. Хүлээж бай” гэж хэлэв. Тэгж байтал хүү минь “Зүүн хязгаарт суухаар боллоо” гээд хязгаараас хүрээд ирлээ. Би баяр хөөр болоод хэд хонож байтал гэнэт хүү маань алга болов. Гэртээ ердөө үзэгдэхээ болив. Чойбалсанд “Одоо яадаг билээ” гээд гүйн очив. Утсаар ийш тийш нь хэд яриад хэлж байна: “Хүүг чинь шоронд хийчихжээ. Албан хариуцлага алдсан хэрэг болж гэнэ. Гайгүй байгаа. Хүлээж бай” гэв. Хүлээж байтал хүүг минь хэрэг дүүрч 4 жил, 6 сараар хоригдох ял олоод засанд очсон байлаа. Үүнийг нь Чойбалсанд очоод хэлсэн чинь “Үгүй ээ, яасан олон жил сараар шийтгэдэг юм бэ? Яльгүй бага хэрэг байгаа юм. Энэ Дорж ер нь дэндэж байна. За яана гэх вэ? Та хүлээж бай” гэсэн. Хэдэн сар болсны дараа “За та нэг өргөдөл Бага хуралд Бумцэндэд өг. Нооргийг нь надад өгөөрэй. Хүүгээ өршөөл үзүүлж аль гэж гуй” гэв. Нэг өргөдөл хийлгээд Бага хуралд өгч, нөгөө хувийг маршалд аваад очсон чинь “За чиний энэ өргөдөл надад хэрэггүй. Би Бумцэндэд хэлсэн. Нэрийг чинь бичээд өгсөн. Шинэ жилээс нааш чигийг олоод өг гэж хэлсэн” гэв. Шинэ жилээр гарна гээд хүлээгээд байсан чинь гарч ирсэнгүй. Жил гарсны дараа маршалд учраа хэлэв. “За чи нэг өргөдөл аваад Бумцэндэд өөрөө ор” гэв. Би өргөдөл бичүүлээд Бумцэндэд орж хэлэв. “Би ганц хүүтэй юмсан. Тэр маань албан хариуцлага алдаад шоронд орчихсон. Ганц өвгөн би ядарч байна. Учир гачигдлаа маршалд гаргасан. Учрыг нь олж өгнө гэсэн юмсан. Би хүүд минь өршөөл үзүүлэхийг гуйж явна” гэв. “Чойбалсан энэ тухай надад хэлсэн. Чи намайг ч танина шүү дээ. Заавал маршал гэх юу байх вэ. Надад учраа гаргаж болох байсан юм даа” гээд ер нь баахан гэдгэр байв. “За хэд хоногоос ирж хариугаа Баяраас ав” гэв. Тэгээд дараа нь Баяртай уулзаж “Саяын тогтоолд танай хүүгийн нэр гарч уу? үгүй юу. Үүгээр шалгуул” гэж нэг хүүхэнтэй уулзуулж өгөв. Өөрөө гараад явчхав. Тэр хүүхэн нь үзээд “Сандаг л гэж нэг нэр байна. Энэ танай хүү мөн юм уу биш юм уу? Хэн мэдэх вэ? Овог нь байхгүй юм” гээд өөр үг хэлдэггүй. Тэгээд би Баярыг хүлээгээд суугаад л байлаа. Суугаад л байлаа. Гэтэл маршал гарч ирээд “Чи юу гэж сууж байгаа вэ? “ гэв. Би “Баярыг хүлээж байна” гэлээ. “Чи Баярыг хүлээх хэрэггүй. Тэр сайд нарын зөвлөлийн хурал дээр сууж байгаа. Мөддөө тарахгүй “Маргааш өглөө ир” гэв. Маргааш нь очиж Баяртай уулзвал миний хүүд хэд хоногийн өмнө нээрээ өршөөл үзүүлсэн байна. Баяр утсаар ярьж “Та нар тогтоолыг яагаад биелүүлдэггүй юм” гэж баахан аашилж хэлээд надад хэлэв. “Өнөөдөр буюу маргааш харих байх. Зүүн урагш нь салын модонд явуулчихсан байна. Тэгээд саатаж байгаа юм байна” гэв. Орой нь хүү маань гэрт ирэв. Нэг сар амруулаад “Одоо хүүгээ Яах вэ?” гэж маршлаас асуув. Маршлаас Сүрэнжавт хэлж “Засгийн газрын хянан шалгах газарт үндэсний шинэ хүчин болгоно” гэж оруулж өгсөн юм сан. Тэгээд хэдэн жил болсны дараа маршлыг эзгүй байхад нь миний хүүг хотын бага хуралд төлөвлөгөөний комисст шилжүүлэн ажиллуулсан юм. Үүнийг маршалд хэлэхэд “За яах вэ? Тэр газраа хэдэн жил ажиллаг. Хүн нэг дор хэдэн жил ажиллахад сайн байдаг юм” гэж байсан юм. Тэгээд одоо хүү минь тэндээ ажилласаар байна. Хагас сар болоод хүү минь 175 төгрөг авчрах юм. Одоо түлээ элдэв юу ч байхгүй. Түлээ олж түлэхэд хэцүү байна шүү, яах вэ? Тэгээд улсын буянаар болоод л байна. Одоо хүү бид хоёр тэгээд амьдраад л явна. Хүү маань нэг л номхон томоотой хүн. Хэдэн мөнгөө надад өгөөд, надаас үс засуулах, усанд орох тав гурван төгрөг авч явдаг хүн юм.
1958
ТУГАЛ ШАЛШИ

You have read 1 text from Mongolian literature.