🕥 34-minute read

Нарны Гэрэл Дагинын Тууж - 3

Total number of words is 4455
Total number of unique words is 1492
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
   Харин чи мах хулгай хийж идэх юу вэ.
   Харьтан үүнийг чинь сонсвоос
   Харин хөвгүүний минь нэр муу болмуй”.
   Нарны гэрэл хариу өгүүлэхийн урьд Жау өвгөн хаалга нь өшиглөж орон их дуугаар өгүүлрүүн: “Бэр юүгээн ямар гэмд эрүүлэв” хэмээн асууваас эх нь өгүүлрүүн: “Тэжээсэн ач үгүй хөвгүүний тул санасаар даашгүй өвчин олбой би” хэмээн бэр юүгээн занчсан шалтгааныг дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Жау өвгөн өршөөхүй сэтгэл төрж хүлсэн дээснийг тайлаад зөвөөр явах Нарны гэрэлийн гараас хөтөлж, Жау өвгөн гэртээ авч одоод асууруун: “Нарийн шулуун авирт Авай минь чи, мах хулгай хийж идсэн чинь үнэн буюу”. Нарны гэрэл нулимснаа асгаруулж өгүүлрүүн:
   “Ээ өвгөн чи сонс
   Эр минь одсоор дөрвөн жил болов.
   Эх юүгээн тэжээхүйн тулд
   Өмссөн зүүснээ цөм худалдаж барав.
   Эх минь гэнэт маханд дурласанд
   Эдүгээ надад арга үгүйн тул
   Өөрийн махнаас хэсгийг огтолж
   Эхдээ идүүлбэй би.
   Иймийг үл мэдэн мах хомс хэмээн элдмүү.
   Эл өгүүлбээс эхийн минь өвчин нэмэх болмуй” хэмээн зовж эс өгүүлсэн тэр бөлгөө. Энэ үгийг эхэд минь бүү өгүүл ачит өвгөн минь. Жау өвгөн нулимснаа асгаран өгүүлрүүн:
   “Ийм бодь сэтгэлт бэрийг
   Эрүүт хулгайчид адил эрүүлэх юу вэ.
   Эрт ачит нэрийг чихэнд сонссон бөлгөө.
   Нүднээр үзсэн үгүй бөлгөө.
   Эрт Жансан нэрт хөвгүүн
   Эх юүгээн өвдсөнд загасны мах идье хэмээсэнд Жансан нэрт хөвгүүн дээлээ тайлж мөсөн дээр хэвтэж загасан эрэхүй цагт лусын хаад түүнийг ухаж нэгэн их загасан өгөв гэлээ. Тэр ачаар зуун үед хүртэл жаргав гэлээ. Бас Тайсун хаан эх юүгээн өвдсөнд хулсан модон тулж уйлсан (нойрссон)˗д тэнгэр нар чин үнэнийг мэдэж сэтгэлийг нь гэгээн болгов гэлээ. Эвий чин сэтгэлийг чинь тэнгэр хайрламуй за” хэмээн уйлаад Нарны гэрэлийг эхийн дэргэд авч одоод ийн өгүүлрүүн:
   “Бэр юүгээн ташаарч элдэв чи.
   Бэрийн махыг идэж эс ханаад
   Бас ясыг нь идье гэж элдэв үү.
   Барсан муу хүлтгэр гэж донгодов”.
   Эх нь өгүүлрүүн: “Тийн бөгөөс надад хутга өгтөхүй. Бэрийн махыг огтолж үзсүгэй би”. Жау өвгөн бас харааж өгүүлрүүн: “Чиний гарын мах огтолсуу чи үл өвдөх буюу”. Эх нь өгүүлрүүн: “Миний гарын мах огтолбоос өвдөх үнэн, бэрийн махыг огтолбоос үл өвдөх буюу”. Жау өвгөн өгүүлрүүн: “Бэрийн чинь чин зориг үнэний тул их нигүүлсэгчийн адистидаар бэр чинь эс өвдсөн буй за”. Эх нь бас хилэгнэж өгүүлрүүн: “Ай бэр чиний огтолсон ярыг би үзсүгэй” хэмээсэнд эрдэмт Нарны гэрэл баруун гараа үзүүлбээс л, сорви үгүйн тул эх нь их дуунаар инээгээд ийн өгүүлрүүн: “Чивэлт бэр минь чиний хуурсан худал буюу чин үнэн бөгөөс чиний огтолсон ярыг хааш одов”. Бэр нь зүүн гараа үзүүлбээс яр нь үнэн аж. Эх нь үзээд бэр юүгээн тэвэрч уйлаад ийн гаслан өгүүлрүүн:
   “Ийм ачит бэрийн махыг идээд
   Эрүүлсэн хилэнцсээ
   Үүрд надад хүрэхүй болтугай”.
   Миний энэ зовлонт бие минь, амин минь бат болсон юун.
   Ачит бэрийн тэжээсэн ачаар
   Адгуусан болж төрөөд чамд унуулж
   Хүчээ өгсүгэй.
   Хэтэрхийеэ тэжээсэн ач үгүй хөвгүүн минь
   Хэдэн муу нэрийг алдаршвай.
   Гэмт буруу явсан чинь
   Хэв хэзээ тэнгэр чамайг үзмүй зэ” хэмээн цээж нь дүүрээд уйлж үл чадан амин нь гарав. Нарны гэрэл эх юүгээн татаж үзвээс амнаас хөөс гараад үхэв. Жау өвгөн авс худалдаж аваад ясыг нь авсалбай. Нэгэн сайн газар сонгож ясыг газарт оршуулав. Түүний хойно Нарны гэрэл өдөр шөнөгүй охилохуйд асрахуй сэтгэлт Жау өвгөн хорьж өгүүлрүүн:
   “Алимад үхсэн хүний тулд
   Асар гашуудаж эдгээх буюу.
   Ариун сайхан нүд чинь эвдрүүзэй.
   Чиний гэрийн эзэн одсоны хойно
   Чивэлт зуд турхан болж би бас үгүйрэв.
   Чиний эхийн буян хэргийг би мэдье гэв.
   Эрийн чинь одохуй цагт
   Эх эм хоёрыг чинь би даасугай хэмээн аман авсан бөлгөө.
   Эл нэгэнтээ барилцсан үгсийг үүрд надад урвахуй ёсон буюу”. Түүний хойно Нарны гэрэлд идэх ба өмсөх ба түлэхийг ихэд хүргэж өгөв. Түүнээс нэгэн хэдэн сар барсны хойно Нарны гэрэл ийн сэтгэрүүн:
   Гэмт Үнэнийг өгүүлэгч эр минь
   Гэрээ мартав.
   Хэтэрхийеэ төрсөн эх юүгээн тэвчив.
   Гийсэн энэ Жау өвгөнийг зовоон атал
   Хэзээ сайн болном би.
   Эдүгээ би хааны хотонд
   Эр юүгээн хойноос одсугай” хэмээгээд
   Хааны хотонд одохуйг илт өгүүлбэй. Жау өвгөн хариу өгүүлрүүн:
   “Эрдэмт Авай чиний одох зөв.
   Эдүгээ гэр барааныг чинь би хадгалъя.
   Энэ өчүүхэн мөнгийг авч одоод өлсөхүй, ундаасахуй цагт хүнслэн замд явах цагт ихэд сэрж явагдахуй. Ягша мэт танхай хүнээ ерд үл ханилагдахуй. Барсын цусыг зуурч болмуй. Барсын яс нь зуурхуйяа бэрх гэлээ. Хүний царайг таньж болмуй. Хүний сэтгэлийг ухахуйяа бэрх гэлээ.
   Хайран сайхан авирт чи минь
   Гагцаар зорчихуй цаг чинь болов.
   Газар хол шавар усан их
   Халуун хүйтэн их явган яахиж хүрэм.
   Ач үгүй Үнэнийг өгүүлэгч хөвгүүнийг
   Алимад эд таваарын тул орж
   Ачит эх юүгээн мартаад
   Асар ийм хилэнцэт хүнийг эс үзвэй би” хэмээн уйлаад Нарны гэрэлийг үдэж явуулав. Тэндээс Нарны гэрэл эхийн ясны дэргэд хүрч мөргөөд дээд хааны хотын зүг явав. Жич Нарны гэрэл зам явж ядаад наран унатал уйлж явсаар Нарсан мод нэрт ууланд хүрэв. Уулын завайд ороод өвсөн үгтээж дэвсгэр хийж нэгэн чулуун дэрлэн хоноод үүр цайсны хойно явав.
   Тийн яван атал илт Нарны гэрэл зовох цаг болсонд нэгэн давааг давж явтал нэгэн бүлэг хулгайч хараад Нарны гэрэлийг барив. Тэр хулгайчийн ноён нь Танху нэрт буюу. Түүний цэрэг арван түмэн тоот буй. Бас Жин улсын хааны төрийг эвдэж явах бөлгөө. Танху ноён Нарны гэрэлийг үзээд баярлаж асууруун: “Чи аль газрын хүний эм буй. Энд юун хэрэгтэй ирэв”. Нарны гэрэл айлгүй хариу өгүүлрүүн: “Бие минь Нантай голын эхэнд Нинчан балгасанд суусан буй. Эр минь хааны хотонд одсон бөлгөө. Би үгүйрсний тул амиа тэжээх юмгүй гуйланчлан эр юүгээн дэргэд одох минь буюу” хэмээсэнд Танху ноён тэр Нарны гэрэлийг үзээд бахдаж инээгээд өгүүлрүүн:
   “Би их улсаа тогтоож явнам
   Бишрэлт хий чулуун хадыг хөдөлгөх тарни буй.
   Бид их улсын эзэн болбой.
   Биеэс тэнхийн хатангүйн тулд
   Эм чи миний зоригоор болбоос
   Эрх өгч хатан цол өргөе.
   Энэ Жин улсын хааныг дарсны хойно
   Эрхт болж бид хоёр жаргалдъя.
   Бас Нарны гэрэл хариу өгүүлрүүн:
   “Би үгээгүй хүний охин бөлгөө.
   Би хааны цол үл даамуй за.
   Би үл чадах буй за.
   Бишрэлт тарнич Танху ноён чи
   Намайг тавин соёрх”. Танху ноён өгүүлрүүн: “Эм чи бүү цааргал. Эрхэнд орогдохуй. Хэр бээр эс орвоос чамд муу болмуй”. Нарны гэрэл бас хариу өгүүлрүүн: “Нэг сайн моринд хоёр эмээл үл тохогдохуй. Нэгэн сайн эм хоёр эрд үл одогдох. Чи намайг үл тавих бөгөөс чиний илдийн ирт үхсүгэй”. Танху ноён уурлаж босоод илд сугалж их дуугаар зандаж өгүүлрүүн:
   “Эм чи миний зоригоор эс болбоос
   Энэ хурц илдээр чамайг цавчиж
   Эрлэг хаанд илгээнэм”.
   Чин зоригт Нарны гэрэл бас өгүүлрүүн: “Танху чи төрийг тогтоох бус ноён бус. Дарсанд согтсон сармагчин байнам. Танху хулгайч чи намайг алахаас бус юун хийх” хэмээсэнд Танху ноён ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ эмийг гадна аваачиж ал” хэмээсэнд олон хулгайч нар өгүүлрүүн: “Энэ эмийг алахуйяа бус. Энэ эмийг засгийн гэр хадгалсан өвгөн эмгэн хоёрт аваачиж өгье. Тэдний үг маш уран арга ихт буюу. Түүнд өгвөөс өдөр шөнөгүй уран үгээр аргадваас чиний зарлигаар болмуй”.
   Танху ноён зөвшөөж таны үгсээр болтугай гэв. Төдий засгийн гэр хадгалсан өвгөн эмгэнийг ирүүлээд ийн өгүүлрүүн: “Энэ өдөр нэгэн эм олж билээ. Би биедээ авъя гэж би энэ эмийг элдэв хатуу үгсээр хэлж эс болов. Та хоёр үүнийг гэртээ авч одоод аргадаж үз. Хэр бээр миний зоригоор болбоос та хоёрыг алт мөнгөөр хангасугай. Эс чадваас та хоёрын тэргүүнийг авсугай” хэмээв. Төдий өвгөн эмгэн хоёр Нарны гэрэлийг авч одоод гэртээ оруулж элдэв зүйл уран үгсээр аргадваас тэр Нарны гэрэл чин зориг огоот бариад, аргадаж эс болов. Тэр өвгөн эмгэн хоёр Нарны гэрэлийн чин үнэнийг мэдээд ийн зөвлөлдрүүн: “Энэ эм аргадаж эс болов.
   Үүнийг би авч энэ хулгайчийн гараас гаргах аргыг үүсгэе” хэмээв. Эмгэн нь зөв аргыг хичээж үүсгэ, өвгөн дээд ноёны дэргэд одоод сөгдөж өгүүлрүүн: “Ай их ноён миний үгийг сонс. Тэр эмийн үгийг би авав. Язгуурын эр лүгээ явбаас хамт явсугай хэмээн үхвээс хамт үхсүгэй хэмээн ам авсан аж. Тиймийн тул энэ цагийг, мэдэгч үзэгч гагц Хонсим бодисун буюу. Түүнийг сүмд одож наманчлаад ам алдсанаа тайлъя гэнэм, бас эх юүгээн тулд гашуудсан нулимсаа арилгаагүй, бэлэвсэрсэн хувцсаа тайлаагүй, бэлнээр хатан нэрийг яахин авах буй. Бурхан тэнгэрийг мөргөн тахиад чиний зарлигаар болсугай” хэмээсэн буюу. Танху ноён тэр үгийг сонсоод баясаж зуун бихир алтыг барьж өгүүлрүүн: “Энэ зуун бихир алтыг авч одоод юун хэрэглэвээс түүнийг авч өгтөхүй”. Өвгөн мөргөж аваад ийн өгүүлрүүн: “Гадаад хүрээний хаалга яахин гарах буй” хэмээсэнд Танху ноён нэгэн цаазын зэв өгөв. Өвгөн баясаж аваад зэвээ сугандаа хавчуулж удалгүй гэртээ хүрэв. Хүрээд сац Нарны гэрэлийг нэрлэж дуудаад “Авай явъя” хэмээн өгүүлсэнд Нарны гэрэл өгүүлрүүн: “Гадаад их хаалгыг гарч болох буюу”. Өвгөн өгүүлрүүн: “Авай чи бүү зов. Би мэдэх буй” хэмээн гурвуул яваад хаалганд хүрвэй. Хаалгач нар үзээд зандаж асууруун: “Өвгөн чи энэ хоёр эмийг дагуулж хааш одох” хэмээн асуусанд өвгөн зэвээ үзүүлээд Нарны гэрэлийн явдлыг худал үгээр дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Төдий хаалгач нар итгэж тэр өвгөн гурвуулыг гаргав. Тэр өвгөн хойш ирээд өгүүлрүүн: “Би мартжээ. Танху ноён надад зарлиг болсон билээ. Таны хаалганы гэрийн тоосыг арчиж бай хэмээсэн билээ. Танху ноён энэ хаалганд ирж манийг хүлээж суух буй” хэмээн худал үгсийг өгүүлэн явбай.
   Гурвуул тэр үхлийн хаалганаас гараад
   Гурван эрдэнэд наманчлан мөргөөд
   Хонсим бодисун хэмээн нэрлэн дуудан уншин явбай.
   Хорт Танху ноён наран унатал эс ирснийг ухаж төдий уулын завд эрж эс олбой. Танху ноён чандмань эрдэнэ олоод далайд алдсанд адил болов.
   Нарны гэрэл хулгайчийн гараас гарч явсан хоёрдугаар зүйл.
  
   * * *
   Басхүү Үнэнийг өгүүлэгч ноён болсоор таван жил болов. Эх эм юүгээн санаж уйлаад бичгийн гэрт орж суувай. Хойд гэргий нь Тоонолжин гоо ирж асууруун:
   "Гэрийн эзэн минь ээ
   Хэтэрхийеэ их ноён болоод
   Хэдэн эд агуурс ба аран боол хийгээд
   Гэргий чинь би энэ байнам.
   Юуны тул царайгаа барайж суунам аж”.
   Үнэнийг өгүүлэгч хариу өгүүлрүүн:
   “Би ирэхүйдээ хөгшин эх ба
   Багаас авсан гэргий юүгээн тавьж энд ирлээ.
   Би тэднийг санаж уйлсан буюу” хэмээв.
   Тоонолжин гоо өгүүлрүүн:
   “Хайран эх эмээ гээх чинь юун буй.
   Хайрт эцэг эхийн авч өгсөн гэргийг
   Харанхуй замд гээх чинь юун буй.
   Харин эцэгт минь сонсголгүй
   Хар Ланчигийг доогуур зарж илгээе
   Хадам эх, эгч хоёрыг авчраад
   Хамтаар жаргах буй за” хэмээн
   Хар Ланчигийг ирүүлээд захисан нь:
   “Энэ миний бичгийг авч эчээд
   Нинчан нэрт балгасанд хүрч
   Эх, эгч хоёрыг минь авч ир.
   Бас зуун бихир алтан эх эгч хоёрт минь хүнслэн эч. Зуур хулгай худал олон гэлээ. Сайн морь унаад саадаг бүсэлж явагдахуй”. Тийн захиж явуулав. Хар Ланчиг хатны зарлигаар морин унаад саадаг бүсэлж гартал, Лүгү ноён хааны яамнаас иртэл, цав хар Ланчиг хоёр учирвай. Лүгү ноён асууруун: “Ланчиг чи саадаг бүсэлж аль хол газарт одох буюу” гэв. Ланчиг айж юуваа өгүүлэн ядан сэм байв. Ланчигийг ийн чичирч байхуйд ханцуйны дотроос бичиг нь унавай. Унасан бичгийг Лүгү аваад үзвээс ийн сэтгэрүүн: “Ер үрд итгэж үл болох буюу. Зүрхэн мэт эцэг эхэд сонсгохгүй ер доогуур арга үүсгэж зарц илгээх байнам” хэмээгээд Ланчигийг лүү нүхэнд орхив.
   “Үнэнийг өгүүлэгчид бүү сонсго. Би мэдсүгэй” хэмээгээд хүргэн охины гэрт ирэхүйд хүргэн охин нь угтаж гараад гэрт залж оруулбай. Лүгү ноён царайгаа барайж өгүүлрүүн:
   “Ай хүргэн охин минь ээ
   Ачит эх гэргий хоёрыг
   Авчрах асар явдлын дээд буюу.
   Надад үл мэдүүлэх юу вэ. Дээд эхийг чинь авчрах ёсон” хэмээн тамга бичиг, зуун алтан бихир илгээв.
   “Дээд эх чинь зуур бүү зовог гэж
   Түүтрэлгүй Ланчигийг сургаж явуулав би
   Хүргэн охин тэд худал үгийг итгэж суув.
   Тэндээс Нарны гэрэл, өвгөн, эмгэн гурвуул өдөр шөнөгүй явж хааны хотод хүрч оров. Нэгэн хоноод гэр эрж орохуй цагт тэр гэрийн эзэн эмгэн угтаж асууруун:
   “Авай чи аль газрын хүн буй.
   Ахуй гэртээ суухгүй
   Асар биеэ зовж
   Аль үйл хэргийн тул энд ирсэн буюу”.
   Нарны гэрэл хариу өгүүлрүүн: “Нантай мөрний эхэнд Нинчан нэрт балгасанд суусан хүний гэргий буюу. Гэрийн эзэн минь, хааны хотод ноён шагнах гэж ирсээр таван жил болов. Миний нэр Нарны гэрэл буюу, эрийн минь нэр Үнэнийг өгүүлэгч буюу эх минь үхэв. Эр минь ирсээр сураггүй. Би гагцаар явж үл болохын тул уул хавцгай гэтэлж ирсэн минь энэ бөлгөө”. Тэр гэрийн эзэн эмгэн өгүүлрүүн:
   “Хөгшин хүн би нүдэн бүрхийн тул
   Гүн их ноёны хатныг эндүүрэв.
   Хүнд зовлонт Авай минь
   Хөгшин хүнийг өршөөн соёрх”.
   Нарны гэрэл хариу өгүүлрүүн: “Зовж явах эм хүн буюу би. Хэт тийм хатан хэмээн өгүүлэх юун. Тийм айх мэт үг бүү өгүүлэгтүн”. Гэрийн эзэн эмгэн бас өгүүлрүүн: “Авай чи эдүгээ миний гэрт суу. Үнэнийг өгүүлэгч ноёны гэрт би одож чиний ирснийг сонсгоё”. Нарны гэрэл өгүүлрүүн:
   “Эмгэн чи одож
   Эрийн минь занг болгоо.
   Эм гэж хэрэглэх бөгөөс, чи урьд ирж надад өгүүл. Үл хэрэглэх бөгөөс би бус газар одож амиа тэжээсүү” хэмээвэй. Тэр эмгэн хурднаа одоод түдэлгүй Лүгүгийн хаалганд хүрвэй. Тус үгүй Нарны гэрэл зовох цаг хүрсний тул түйтгэр болж Үнэнийг өгүүлэгчид эс золгов. Гэнэт Лүгү ноён учирч эмгэнээс асууруун: “Ай эмгэн чи миний яаманд юун хэрэгтэй ирэв”. Эмгэн Нарны гэрэлийн ирсэн шалтгааныг дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Лүгү ноён өгүүлрүүн: “Хүргэн минь бус газар зарга шүүх гэж одлоо. Хөгшин хүн би угтаж болох ёсон үгүй. Хэдэн гэрийн охидыг илгээс гэв. Ёслон залж ирүүлсүгэй” хэмээгээд таван охиныг илгээв. Илгээсэн таван охид ямагт Нарны гэрэлд мөргөвэй. Нарны гэрэл биеэ засаж суугаад тэр таван охидыг мөргөсөнд юм эс өгүүлсэнд тэр таван охид ийн сэтгэрүүн:
   “Энэ нь гуйланч эм болоод маш их сэтгэлтэй юу вэ
   Магад бид тавуулыг мөргөтөл
   Манийг дээш суу гэж үл хэлэхүүнийг юу вэ.
   Их сэтгэлт энэ эмийг авч одоод
   Их Лүгү ноён лугаа зөвшөөж
   Ерийн нэг арга үүсгэж албаас зохиюу
   Энэ муу хаанаас гарах” хэмээв. Төдий Нарны гэрэлийг авч одоод Лүгү ноёны хаалганд орохуйд Лүгү угтаж гараад өгүүлрүүн:
   “Бэрх үнэт бие чинь
   Баршгүй зовлонгоор зовов.
   Бас дээд эх чинь үхсэн учрыг
   Балай газрын холын тул бид сонссонгүй.
   Алжаасан бие чинь амуух хэрэг
   Алимад манай охин хурим бэлдэж байнам.
   Авай урагш орж суугдах насан болсон би дагаж одсугай”. Нарны гэрэл бэрийн ёсоор ёсолж өгүүлрүүн:
   “Эр минь энд ирсний хойно
   Эх минь өвчнөөр үхэв.
   Халагт миний бие
   Гагцаар үлэв.
   Эм хүн гагц бие явж үл болохын тул тийм хол газраас эр юүгээн царай үзнэм болов уу гэж ирлээ. Тийн Лүгүгийн их хаалганд орвой. Дээд их ноён хайрлах бөгөөс чиний охины зарц болъё”. Лүгү ноён инээгээд өгүүлрүүн:
   “Хайран сайхан биеэ
   Харин муу үгсээр өгүүлэх чинь юун.
   Гайхамшигт чин зоригт энэ биеийг чинь
   Хамаг газрын дээр эс үзвэй би”
   хэмээн хууран өгүүлэв. Тоонолжин гоо ирж өгүүлрүүн: “Тоосны дунд зовж явсан хүнийг түргэн амруулж суух хэрэг” хэмээн Тоонолжин гоо Нарны гэрэлийн гараас хөтөлж өөрийн гэртээ авч оров. Өөрийн ёсоор ёсолсны хойно Нарны гэрэлийг дээр суулгаж хүндлэн тавигаар тахивай. Төдий Нарны гэрэл өөрийн биеийн зовсон шалтгааныг үнэнээр дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Тоонолжин гоо сонсоод үнэн сүсэг сэтгэлээр хүндэлж тахивай. Лүгү ноён тэр үгийг сонсоод ийн сэтгэрүүн:
   “Энэ эмийн аашлах занлахыг үзвээс
   Эрдэм ихтэй боллоо.
   Үүний амин аварваас охин минь зовох” хэмээн санан суутал нэгэн аран (ард) охин ирж өгүүлрүүн:
   “Энэ эмийн ааль шинжилбээс
   Эрдэмт ёст буюу.
   Үүнийг амьдарваас охин бид зовох болмуй за” хэмээн өгүүлсэнд Лүгү ноён өгүүлрүүн:
   “Хэр арга үүсгэж алмуй.
   Гэрийн эзэн Үнэнийг өгүүлэгч эс мэдвээс
   Хэнд биднийг сайн буюу” хэмээгээд суув.
   Охин бас өгүүлрүүн:
   “Энэ өдөр хуримд
   Эрдэнэ бумбад архи хийж
   Эрлэг хаанд хүргэх хор хольж өгөхүйеэ
   Энэ эмийн хүүрийг булж орхиё.
   Үнэнийг өгүүлэгч хаанаас мэдмүү”. Эрүүт Лүгү ноён тэр үгийг сонсож баясаад өгүүлрүүн: “Энэ үйлийг та бүгдээр хичээ хэмээсэнд тэр өдөр хурим бэлдэж эрдэнэт бумбад архи хийгээд сайн архи өөрийн охиндоо хийж хорт архийг Нарны гэрэлд өгөв. Үл мэдэхүйн тул Нарны гэрэл тэр архийг уугаад өр өвчит болж улам хойд архийг урьд удалгүй амнаас хөөсөн гараад нүднээ цийлзэж өгүүлрүүн:
   “Хутагт их нигүүлсэгч Хонсим бодисун аа,
   Хотол амьтныг аварч нигүүлсэгч
   Хувьт энэ бие минь
   Хойд заяанд Сугавадийн оронд хүрэх болтугай.
   Тоонолжин гоо чиний эрийг булааж авъя гэж ирсэнгүй.
   Туулшгүй хор өгөх чинь юун” хэмээгээд хохирон үхвэй. Тоонолжин гоо мэдээд эцэгтээ уурлаж өгүүлрүүн:
   “Хайран дээд ахайд минь
   Хар сэтгэлээр хор өгөв үү.
   Харин эндүүрч ийм болов уу
   Хайран тунамал наран мэт Нарны гэрэл
   Хар хор идэж үхэв үү чи минь”
   хэмээгээд өөрийн дээлээ тайлж Нарны гэрэлд өмсгөж энэлэн шаналан уйлаад ташуур барьж охидоо занчиж асууруун: Охид айгаад илт өгүүлбэй. “Манай ноёны зарлигаар алсан буюу. Бидний арга бус буй за”. Тоонолжин гоо тэр үгийг сонсоод эцэгтээ ихэд уурлаж өөрийн гэртээ орвой. Лүгү төдий Нарны гэрэлийн ясыг аваачиж хойд хүрээний ёроолгүй худагт орхивой. Чулуугаар амсрыг нь таглаад чулуун дээр шороо тавьж шороон дээр бадам цэцэг таривай.
   Хорт Лүгү Нарны гэрэлийг алсан гуравдугаар зүйл.
  
   * * *
   Тэндээс Нарны гэрэлийн сүнсийг төдий хоёр чөтгөр ирж авч яван атал хутагт их нигүүлсэгч Хонсим бодисун, өөд болон ирж зарлиг болруун: “Асар Исэр хоёр чөтгөр та сонс. Энэ Нарны гэрэл гагц үзүүрт сэтгэл барьсны тул, үүний сүнсийг Эрлэг хааныд хүргэж заяаны толь бичигт үзтүгэй. Үүнийг би амьд ертөнцөд эдгээх адистид өгөх буюу” хэмээсэнд хоёр чөтгөр Нарны гэрэл гурвуул хоёр алгаа хамтатгаж мөргөж өгүүлрүүн: “Хутагт их нигүүлсэгчийн зарлигаар болтугай” хэмээгээд хоёр чөтгөр Нарны гэрэлийг хөтөлж авч явав. Тамын ертөнцсийн хаалганд хүрвэй. Нарны гэрэл үзээд асуув: “Энэ ямар хаалга буй. Хэнийхэй хаалга буюу”.
   Чөтгөр өгүүлрүүн: “Тамын хаалга хэмээв”. Тэр хаалганд дүрвэлгүй орж яван атал олон зэс нохой байхыг үзвэй. Нүд нь гилбэлэгн мэт. Толгой нь мангасын толгой мэт.
   Соёо нь төмөр гох мэт. Сүүл нь төмөр могой мэт байвай. Чөтгөр өгүүлрүүн:
   “Сайн буянт хүнийг
   Сааталгүй гаргах буюу
   Саармаг сэтгэлт хүнийг
   Сааталгүй залгих буюу” хэмээв.
   Нарны гэрэл айлгүй тэр нохойноос гарав. Бас тийн яван атал нэг өндөр хотон үзэгдвэй. Нарны гэрэл үзээд асууруун, Чөтгөр өгүүлрүүн: “Заяаны урьд үхсэн хүний сүнсийг үүнд хоримуй. Усанд үхсэн ба худагт үхсэн ба ирт мэсэнд үхсэн ба боож үхсэн ба, хор идэж үхсэн ба, мориноос унаж үхсэн ба, цаг бусын үхлээр үхсэн хийгээдийг үүнд хорих буюу” хэмээсэнд, Нарны гэрэл нулимсаа асгаруулж өгүүлрүүн: “Би Лүгүгийн хор идэж үхсэн буй. Үүнд би бас хоригдох буюу” хэмээсэнд чөтгөр өгүүлрүүн: “Авай чиний чин зориг үнэн болбоос үүнд үл байх буюу хэмээв. Тийн яван атал цусаар урсах нэгэн мөрөн үзэгдвэй. Нарны гэрэл бас асууруун, Чөтгөр өгүүлрүүн: “Амьд ертөнцөд эм хүн хөвгүүн төрөхүйдээ бурханы суух оронд цусаа дусаасан ба бурхан номын дэргэд буртагт хувцсаа тавьсан ба буртагт эдээ урсах усанд угаасан эмийг үүнд ирүүлэх” хэмээв. Тийн яван атал Манхи нэрт балгасанд хүрвэй. Тэр балгасанд Мэн нэрт эмгэн аж. Тэр эмгэн их дуугаар: “Та өлссөн ундаассан бөгөөс цай уугтун” хэмээн дуудвай. Чөтгөр өгүүлрүүн: “Нэгээхэн бээр гэм үгүй энэ Нарны гэрэл буюу.
   Балай их дуугаар дуудах юу вэ". Нарны гэрэл өгүүлрүүн: “Тэр асрах сэтгэлт эмгэний өгөх цайг та юунд хорином. Та хоёул өчүүхэн түдэн соёрх. Тамшаах аман минь хатав.
   Тэр цайг өчүүхэн ууя би”. Чөтгөр өгүүлрүүн:
   “Алимад энэ цайг уусны хойно
   Амьд ертөнцөд харихуйяа бэрх болмуу.
   Ахуй бүгдээрийг мартах хор буй.
   Авай чи цай бүү хүсэгтүн”. хэмээгээд тийн яван атал нэгэн мөсөн уул үзэгдвэй.
   Салхин нь хүйтэн болоод
   Сац олон хүнийг нүцгэлж
   Салхинт ууланд суулгавай.
   Сэрүүцэж хүйтэн нь их болоод үл тэсэн охилохуй гаслахуйд Нарны гэрэл үзээд асуув. Чөтгөр өгүүлрүүн:
   “Амьд ертөнцөд
   Баян ноён хүн бөлгөө.
   Балай олон амьтны амин тасалсан ба
   Багш ламыг доромжилсон ба
   Балмад худал сэтгэлээр
   Хаан төрийг чив болгосон ба, бэрх үнэт эдээ бузарласан хийгээдийг үүнд эрүүлмүү” хэмээв. Тийн яван атал баганат там үзэгдвэй. Тэр баганад олон хүнийг хүлээд хэлийг огтолж сац цусыг нохой долоож байхуйг үзээд Нарны гэрэл асуув.
   Чөтгөр өгүүлрүүн:
   “Амьд ертөнцөд
   Хуурамч худал хулгай ба
   Хундаж бусдын сайн эдийг авсан ба
   Ховлож хүнийг хагацуулсан ба
   Хуврагуудыг үлдсэн хийгээдийг үүнд эрүүлмүү” хэмээв. Тийн яван атал бас гал ширээт там үзэгдвэй. Нарны гэрэл асууруун, Чөтгөр өгүүлрүүн:
   “Эцэг эхийг алсан ба
   Эр юүгээн хувинасан ба
   Эхдээ хурьцсан ба арван зүгийн бурсан хуврагуудын эдийг хулгасан хийгээдийг үүнд эрүүлмүү” хэмээгээд зорчвой. Тийн яван атал, бас нэгэн дай үзэгдвэй. Дай дээрээс харж үзвээс амьт ертөнц үзэгдвэй. Ном буян үйлдэх ба бэлэвсрэх ба гашуудах ба хиншүү шатаах ба цаас түлэх хийгээдийг үзээд Нарны гэрэл нулимсаа асгаруулж өгүүлрүүн:
   “Ай эр минь баян сайн болоод
   Эд таваарт шунахайрч
   Эх эмийн тулд өчүүхнээр ном буян эс үйлдэв сая” хэмээгээд дайгаас бууж яван атал арван найман там хийгээдийг цөм үзэж түрвэлгүй гарсаар Эрлэг Номун хааны хаалганд хүрвэй. Долоон эрдэнээр бүтсэн хаалгат буюу, хаалгын дээр Алтан Шин Лүн Чин хэмээн бичиж байв. Тэр хаалганд түрвэлгүй ороод Эрлэг Номун хаанд золгов. Есөн үе мөргөж, гурван үе сөгдсөний хойно Эрлэг хаан асууруун: “Аль газрын эм буй. Аль хэрэгт их хаалганд оров” хэмээн зарлиг болсонд Нарны гэрэл өгүүлрүүн:
   “Нантай мөрний эхэнд
   Нинчан балгасанд төрсөн хүн билээ.
   Эрийн минь нэр Үнэнийг өгүүлэгч буюу.
   Миний нэр Нарны гэрэл буюу. Амьд ертөнцөд эх юүгээн тэжээснийг, Танху хулгайчид баригдсаныг, Лүгү ноён хор өгч алсан” шалтгааныг дэлгэрэнгүйеэ айлтгавай. “Ер бус хоёр заяандаа зүйл зүйлийн зовлон үзвэй. Заргыг минь хагалах хүн үгүйн тул их хаан чамд би”. Эрлэг хаан тэр үгийг сонсоод заяаны бичгүүдийг нээж үзээд зарлиг болруун: “Нарны гэрэл хорин нэгэн наслахуйн хоор дунд гурван их зовлон үзэх заяат буй” гэв.
   “Алжаашгүй махаа хадам эхдээ огтолж идүүлэх нэгэн зовлон Уулына Танху хулгайчид баригдсан хоёр зовлон Аргат Лүгү ноёны хор идэж үхэх гурван их зовлон түүнээс бус наян нэгэн наслах заяат” хэмээв. Хоёр чөтгөр: “Та энэ Нарны гэрэлийн сүнсийг амьд ертөнцөд хүргэ. Амьдрах адистидыг их нигүүлсэгч Хонсим бодисун өгөх буюу” хэмээн зарлиг болов. Нарны гэрэл алгаа хамтатгаж өгүүлрүүн:
   “Ихэд асрахуйт Номун хаан минь
   Ер намайг нигүүлсэх үнэн бөгөөс
   Зовлонгоор дарагдсан эх минь энд бөлгөө.
   Золгож болох болов уу Номун хаан минь ээ”.
   Эрлэг хаан зарлиг болруун:
   “Гайхамшигт энэ Нарны гэрэлийг
   Харанхуй тамд одоод
   Хадам эхдээ золгож ирээд
   Харин амьд ертөнцөд одном”
   хэмээн зарлиг болов. Төдий хоёр чөтгөр ирж эхэд нь хүргэвэй. Эхийн хүзүүнд төмөр дээсээр гинжилж морин үхэр тэргүүт чөтгөр хадгалсан аж. Чин сэтгэлт Нарны гэрэл ороод цав эх бэр хоёул тэврэлдэн охилохуйд чуулсан олон чөтгөр бүгдээр цөм өр элгээ унасан мэт байв. Нарны гэрэл нулимсаа асгаруулж өгүүлрүүн: Танху хулгайчид баригдсаныг, Лүгүгийн хор идэж үхсэнийг, Эрлэг хаанд заалдсаныг, амьд ертөнцөд харих шалтгааныг дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Эх нь өгүүлрүүн:
   “Зүүдэн мэт ертөнцөөс хагацсаар
   Зүйл зүйлийн зовлон үзвэй би.
   Зовж хөвгүүн төрөөд
   Зүдэж гурван жил болтол
   Сүүгээ хөхүүлбэй би.
   Элдэвчлэн тэжээж их болоод
   Эд таваар хайрлалгүй өгч
   Эрдэм билгийг сургавай.
   Эрэлгүй ноён болж бүрүүн
   Миний ачийг мартав.
   Би энэ тамаас хэзээ гармуу.
   Бэр минь чи харьсан хойно
   Багш лам нарыг хурааж
   Батад тонилохуй номуудыг үйлдвээс
   Баршгүй энэ тамаас гарнам болов уу Авай минь.
   Хайран хөвгүүн чамаас хагацсаар
   Харанхуй тамд хэвтнэм хэмээн өгүүл Авай минь.
   Хайрлан тэжээсэн ачийг санаваас
   Харанхуй энэ тамаас тонилгон соёрх Авай минь чи” хэмээгээд охилохуйд хоёр чөтгөр ирээд амьд ертөнцөд авч одвой. Одоод сац Жин улсын хааны хотод хүрвэй. Чөтгөр өгүүлрүүн: “Яс чинь худгийн ёроолд байнам.
   Гаргаж авбаас эдгэмүй. Эс гаргаваас яахин эдгэмүү. Урьд эрдээ зүүдэн өг. Ясыг чинь гаргасны хойно эдгэмүй зэ” хэмээсэнд Нарны гэрэл Лүгүгийн хаалганд орохуй цагт хаалганы сахиусан эс оруулав. Чөтгөр өгүүлрүүн: “Лүгүгийн өчүүхэн сахиусан чи сонс. Бид дээд хутагт их нигүүлсэгч Хонсим бодисунгийн адистидаар, Эрлэг Номун хааны зарлигаар энэ Нарны гэрэлийг амьд ертөнцөд хүргэж ирсэн бөлгөө”.
   Хаалгын сахиусан тэр үгийг сонсоод өгүүлрүүн: “Тийм бөгөөс үтэрхэн ороод хурдан ир”. Төдий Нарны гэрэл ороод зүүд өгөхүй гэтэл Үнэнийг өгүүлэгч амьд бүхийн тул тэргүүндээ гал бадрахуйг үзээд Нарны гэрэл айж хартал чөтгөр орж тэр галыг сөнөөвэй. Нарны гэрэл эр юүгээн дэргэд хүрч зүүдэн өгөв. Эх юүгээн махаар тэжээсэн, эх юүгээн үхсэн, Танху хулгайчид баригдсан, Лүгүгийн хор идэж үхсэн, Эрлэг хаанд заалдаж амьд ертөнцөд харьж ирсэн шалтгааныг дэлгэрэнгүйеэ өгүүлбэй. Тийн охилохуйд төдий хоёр чөтгөр ирж өгүүлрүүн: “Тахиа дуун гарах цаг болов. Үтэр явъя” хэмээгээд авч харив.
   Нарны гэрэл Эрлэг хаанд заалдаж амьд ертөнцөд харьж ирсэн дөтгөөр зүйл.
   * * *
   Тэндээс Үнэнийг өгүүлэгч сэрээд тэр Нарны гэрэлийн зүүд өгсөн үгсийг түүтгэрэлгүй санаад даашгүй зовлонт болов.
   Эх эм юүгээн үхсэнийг ухаж ийн сэтгэрүүн:
   “Энэ Лүгү ноён маш их хааны эрхт буюу.
   Үүнийг би чадах бус. Бурхан тэнгэр зөв бурууг ялгах байнам” хэмээгээд суув.
   Тэндээс Нарны гэрэл хүүрээ авч эс чадан дүүлэн хөрвөн гаслан явахуйд, дээд их нигүүлсэгч Хонсим бодисун ухаж тэнгэр нарын эрхт Хурмаст тэнгэрийг ирүүлж зарлиг болруун: “Тэнгэр нарын эрхт ээ, хөөрхий энэ Нарны гэрэлийн чин сэтгэл нь гагц үзүүрт буюу. Тиймийн тул би нигүүлсмүү үүнийг, Лүгүгийн хойд хүрээнд чин сэтгэлт Нарны гэрэлийн хүүр чулуугаар тагласныг эвдэж аваад ирж надад өгтөхүй чанд эрхт тэнгэр минь”.
   Хурмаст тэнгэр алгаа хамтатгаж өгүүлрүүн:
   “Хутагт их нигүүлсэгч
   Хувьт амьтныг тонилгохуй сайн үйлст
   Хурднаа би эчсүгэй”
   хэмээгээд тэнгэр нарыг хурааж ийн захирвай:
   “Гэмт Лүгүгийн хойд хүрээнд
   Гийсэн Нарны гэрэл нэрт дагинын ясыг
   Хий тэнгэр, Гилбэлгээний тэнгэр тэргүүлэн үтэр одож
   Тэр ясыг авч ирээд
   Дээд Хонсим бодисадвад өргөгдөхүй.
   Тэнгэрс та бүгдээр” хэмээн тийн захирсанд
   Хамаг тэнгэр нар төдий догшин хур оруулаад
   Хар аянгыг буулгаж газар хагалаад
   Гайхамшигт Нарны гэрэлийн ясыг авч
   Хонсим бодисунгийн дэргэд хүргэвэй. Хүрээд сац.
   Амьдрах мандлыг үүсгэж
   Ариун сэтгэлт
   Нарны гэрэлийн хүүр
   Найман эрхтэн бүрдэх
   Авшиг тавиад сац
   Амин нь орж махбод нь бүтвэй.
   Төдий Нарны гэрэл унтаж сэрсэнд адил нүдээ нээж үзээд яаран босож алгаа хамтатгаж мөргөн өгүүлрүүн:
   “Хутагт их нигүүлсэгч
   Хонсим бодисун минь.
   Хувьт амьтныг тонилгохын тул
   Хурднаа энэ миний биеийг эдгээсэн адистидаар
   Хойд заяанд чинь тойнд орсугай би”.
   Тэр Нарны гэрэл Хонсим бодисунгийн адистидаар эр баатар зүрхэт болж дайсныг дарах хүчин агуу ба төр барих билэг ба хариу өгүүлэх мэргэн бурханы номуудыг сүсэглэсэн ба хамаг амьтныг асрахуй хийгээдийг цөм биедээ оршуулбай.
   Хонсим бодисун төдий Нарны гэрэлийн биеийг хүний ертөнцөд буулгаж тавивай.
   Нарны гэрэлийн амьдрах адистид олсон хүний ертөнцөд буулгаж явсан тавдугаар зүйл.
  
   * * *
  
   Тэр цагт Танху нэрт хулгайч түг түмэн цэргүүдийг хурааж мордоод тэр Жин улсын хааны цэргийг дарвай. Төдий Жин улсын хаан айгаад дайсныг дарах баатар хүнийг эрж тэр улсад тунхаг тархаавай. Тийн хэмээхийг Нарны гэрэл сонсоод төдий цэргийн ноёнд одсонд тэр цэргийн ноён асууруун:
   “Ай чи аль газрын эм буй.
   Аль эрдмээр дайсныг дарах гэнэм.
   Авай чамаас болох нь зуун мянган баатрууд
   Ашид оргүй цөм автвай.
   Хамаг дайсанд алалдахуй цагт чи эм хүн буюу.
   Ааль чинь хөдөлмүү зэ.
   Аяа хайран залуу амиа мэдэдхүн”.
   Нарны гэрэл өгүүлрүүн:
   “Би эм хүн үнэн буюу
   Би баатар хүчин агуут
   Би рид хувилгаат
   Би тэр муу Танху хулгайчаас айх бөгөөс
   Бие минь урьд засгаар явуул
   Магад би дайсныг даран чадваас
   Магад их төрийг тогтоон чадваас
   Магад чинийх бус хэнийх буй”.
   Цэргийн ноён тэр үгийг нь сонсож ийн өгүүлрүүн: “Тийм бөгөөс эрдмийг чинь үзсүү” хэмээн нэгэн даашгүй нум өгвөөс төдий Нарны гэрэл тэр нум сумыг аваад есөн үе харваваас нэгэн бээр эс алдав. Басхүү бүх хүчин арга билэг тэргүүтэн эрдмүүдийг баршгүй тэр цэргийн ноёнд үзүүлбэй. Цэргийн ноён гайхаж баясаад төдий Нарны гэрэлийг тэр цэргийн тэргүүн ноён болгож арван түмэн илүү тоот цэргийг авч Танху хулгайчид мордов. Явж хулгайчийн ууланд хүрвэй. Тэр Танхугийн нөхөд нь үзэж яаран Танхуд өгүүлрүүн: “Ай их Танху ноён сонс. Манай уулан доор тоо томшгүй цэргүүд ирж байнам. Нэгэн охин баатар цэрэг тэргүүлж явнам. Бас нэгэн ноён цэргийг эзэлж явнам.
   Илд жад нь ойд ургасан бургасан мэт.
   Илт туг хиур нь үзвээс нүдэнд гилбэлгээн мэт.
   Ялангуяа цог сүлд нь маш айх мэт.
   Түүнийг хариулах аргыг их ноён мэдтүгэй” гэв. Танху тэр үгсийг сонсоод инээж өгүүлрүүн:
   “Ер та бүгдээр сонс
   Ер эртнээс нааш
   Эр баатар цэрэг тэргүүлж явна бөлгөө.
   Зүү утас барих эм хүнээр
   Цэрэг тэргүүлж явах ёсон үгүй бөлгөө.
   Жин улсын цаг хэмжээ ойр болсны тул
   Эм хүнийг илгээсэн буй за”
   хэмээгээд уулнаас бууж хоёр цэрэг байлдахуй завдсанд Танху ноён цэргээс гараад дуудаж өгүүлрүүн: “Жин улсын хааны ямар баатар ирж Танху их ноён лугаа яахин золголдном” хэмээсэнд мөнхүү Нарны гэрэл бас цэргийн өмнө гарч өгүүлрүүн: “Миний бие Жин улсын хааны омогт охин баатар буюу. Миний нэр Нарны гэрэл буюу. Муу хулгайч лугаа золголдох би бөлгөө” хэмээсэнд Танху инээгээд өгүүлрүүн: “Миний амраг эм буюу. Чи хорт өвгөн эмгэн чамайг авч боссон хойно эрж эс олбой.
   Эдүгээ чам лугаа учирсан нь тэнгэр эцэг намайг хайрласан буй за. Амраг эм минь нааш ир. Жин улсын хааны цэргийг дараад бид хоёр хаан хатан хэмээн цол дуудаж хамтаар жаргалдъя” хэмээсэнд Нарны гэрэл уурлаж өгүүлрүүн: “Би Жин улсын хааны омогт охин баатар буй. Муу хулгайч үхэх юүгээн унтахын төдий үл санах байнам.
   Бишрэлт адистид агуу хүчит би буюу.
   Бирд мэт Танху чамайг товрог болгоё хэмээн ирлээ би” хэмээсэнд Танху инээгээд өгүүлрүүн:
   “Цэргийг даран чадах би.
   Чулууг хийсгэн чадах би.
  
You have read 1 text from Mongolian literature.