🕥 33-minute read

Нарны Гэрэл Дагинын Тууж - 2

Total number of words is 4326
Total number of unique words is 1804
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
   Энэ үеэс үлдсэн зохиолоос “Мандухай хатны домог”, “Убаши хунтайжийн тууж” хоёрыг дурдаж болмуй. Өнгөрсөн нэг мянган жилийн түүхэнд үзвэл бүх монголчууд хоёрхон удаа нэгдэж нэг улс болж байсан юм. Нэг удаа Чингис хаан Монгол улсыг нэгтгэсэн юм. Нөгөө удаа нь арван тавдугаар зууны үед Мандухай хатан нэгтгэсэн юм. Энэ баатар эмэгтэйн Монголын голомтыг сахих зориг төгөлдөр тангаргийн шүлэг байдаг. Убаши хунтайжийн тууж бол баруун, зүүн монголын хоорондын тэмцлээс сэдэв авч бичсэн бяцхан уран зохиол юм.
   Монголд чухам хэдийд үүсэж хэдийд дэлгэрсэн нь сайн мэдэгдээгүй хоёр их баатарлаг тууль байдаг. Энэ бол Гэсэр, Жангар хоёр юм. “Гэсэрийн тууж” бол Төвд, Монгол оронд ам ба бичиг хоёр зүйлээр их дэлгэрсэн зохиол юм. Монгол Гэсэрийн эхний долоон бүлэг 1716 онд хэвлэгдэж гарчээ. Энэ үлгэр бол Грекийн Илиада, Одиссея, Энэтхэгийн Махабрататай зэрэгцүүлэн хэлэлцэж болох сайхан үлгэр юм.
   “Ядуу доодсын өмөг түшиг болж өндөр язгууртны шилийг дарах”˗аар Хурмаст тэнгэрийн хөвгүүн Гэсэр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болон тэнгэрээс нисэж ирээд Лин орны нэг өвгөний хүү болон төржээ. Гэсэр багадаа ядуу хөвгүүн байсан боловч хожим их болоод баатар эр болж хаад ноёдтой тэмцэн ялж тус орны хаан болов.
   Чингээд гадаадаас халдаж ирсэн мангасыг эгүүлэн хөөхөөр мордоод Гэсэрийг эзгүй байх завсраа Шарайголын гурван хаан Лин оронд халдаж ирээд Гэсэрийн хатан Рогмог булаан авав. Үүнд Лин орны ноён Цотон дайсны талд урваж орон нутгаа Шарайголын харьяат болгов. Гэсэр гадаадын дайсныг дарсны дараа нутагтаа буцаж ирээд урвасан Цотон ноёныг цээрлүүлэн шийтгэж Шарайголын гурван хааныг ялж Рогмо хатнаа буцааж авчирсан ийм явдлыг уран үгээр бичсэн юм.
   “Жангарын үлгэр”˗т ард олны сайн сайхныг мөрөөдөх хүсэл тодорч гарсан юм.
   Жангарын орон нутаг бол даарах хүйтэнгүй, халах халуунгүй, зовох зовлонгүй ийм орон юм. Энэ оронд хүн төрөх гэж байхаас биш, өтлөх үхэх гэж байдаггүй. Хүн бүр хорин таван нас хүрээд цааш өтлөхгүй тогтож мөнх амьдардаг байна. Гадаадаас халдаж ирсэн дайсныг мангасын дүрээр үзүүлсэн бөгөөд тэр аюулт мангасуудаас Жангар тэргүүтэй баатрууд төрсөн нутгаа арчлан хамгаалж дайснаа дарж дархан цолоо мандуулж байна.
   “Жангарын үлгэр”˗т уран зохиолын давруулах аргыг үлэмж хэрэглэсэн юм. Нэг баатрын том аварга биетэйг хэлэхдээ:
  
   Тавлаад суухлаар тавин хоёр хүний зайд суудаг
   Тахийгаад суухлаар хорин таван хүний зайд суудаг
  
   гэжээ.
   Жангарын алтан торлог байшинг барихад огторгуйд хүргээд баривал арай хэтрэх юм. Огторгуйгаас гагцхан хуруу дутуугаар баръя гэж тогтсон байна.
   Жангарын хатныг бичихдээ:
   Цаашаа харахад нь цаад далайн зах гэрэлтмээр
   Наашаа харахад нь наад далайн зах гэрэлтмээр
   Цуснаас улаан хацартай
   Цаснаас цагаан санчигтай бөгөөд ерэн нэгэн чавхдастай индэр мөнгөн хуураа аваад татахад нь:
   Хулсан дундаа өндөглөсөн хунгийн дуун гараад
   Нуур дундаа өндөглөсөн нугасны дуун гараад
   Арван хоёр аясаар хангинаад байна
  
   гэж бичжээ.
   Монголчууд эртнээс бөө мөргөлийг шүтдэг байлаа. Бөө мөргөлд аман зохиол байхаас гадна нэлээд баялаг бичгийн зохиол байдаг юм. “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” зэрэг болно. Энэ бол цөм цэцэн үгтэй шүлэг байдгаас гадна үүний зарим нь шажин мөргөлд холбогдол багатай, ардын ерөөл хүслийн зохиол байдаг юм. Жишээ нь, харьсан шувууг буцаж ирэхэд баярлан угтах тахилга байна.
   Арван долдугаар зууны үеэс монгол оронд бурханы шажин их дэлгэрээд олон сүм хийд байгуулагдаж, энэ сүм хийдэд олон лам шавилан сууж төвд хэлээр ном үздэг болсон юм. Ингээд төвд хэл бол монгол оронд монгол хэлний адилаар буюу илүүгээр ч хэрэглэгддэг болов. Монголын лам нарын дотроос төвд хэлээр бичдэг эрдэмтэн зохиолч нар нэлээд гарлаа. Монгол лам нар Энэтхэгийн гүн ухааны номд өдий төдий тайлбар бичсэнээс гадна уран зохиолын онол ба уран зохиолыг ч цөөнгүй бичжээ. Эдний дотроос Говийн ноён хутагт Равжаа, Их Хүрээний Хайдав хамба, Зава Дамдин зэргийн зохиолчийг дурдаж болно.
   Мөн арван долдугаар зууны үеэс эхлэн төвд хэлээс орчуулсан ном маш үлэмжхэн байна. Арван наймдугаар зууны үед бурханы шажны гол зохиолын их цоморлог Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг монголчлон орчуулаад модон бараар хэвлэж гаргасан баймуй. Ганжуурын нэг боть “Үлгэрийн далай”˗д 52 үлгэр багтсан баймуй. Энэ үлгэрүүд их төлөв шажны уран зохиол юм. Жишээ болгож хэлбэл, нэг айлд нэг хүү төрж өсөв. Энэ хүүгийн гар газарт хүрэх бүр нэг алтан зоосыг атгаж ирдэг байна. Энэ хүү нэг өдөрт хэдэн зуун алтан зоосыг газраас авч баялаг болж тэр хөрөнгөөр лам нарыг хүндэлж их буяныг үйлдсэн байна. Яагаад ийм болсон бэ гэвэл энэ хүү урьд насандаа нэг ядуу зарц хүн байсан бөгөөд бүх л насаар айлд зарагдаж байж гагц алтан зоос олсон, түүнийгээ бурхан ламд хайргүй өргөсөн гэнэ.
   Тэр буянаар таван зуун төрөлдөө ингэж газраас бэлэн алтан зоосыг авдаг болсон гэнэ. Энэ бол лам нарт юмаа хайргүй өргөж хүндэлж бай хэмээсэн сургаал юм.
   Үүнээс гадна “Үлгэрийн далай”˗н дотор Илданди зэргийн ерийн үлгэр бас буй. Мөн ийм шажны номлолын орчуулгын зохиол монгол оронд үлэмжхэн дэлгэрч байсны заримыг дурдваас “Чойжид дагинын тууж”, “Очироор огтлогчийн тус эрдмийг үзүүлсэн тууж”, “Саран хөхөө шувууны тууж” зэрэг болно. “Чойжид дагинын тууж”˗ ийн дотор хаад ноёдыг хүндэлж байсан хүмүүс хойд насандаа бурханы жаргалант оронд очиж, хаад ноёдыг эсэргүүцсэн хүмүүс хойд насандаа тамд орж зовж байсан гэж бичсэн байна. Энэ зохиол бол хуучны уран зохиол ангийн чанартай байсны нэг гэрч болно. Үүний хажуугаар лам ноёдыг ил далдаар эсэргүүцсэн ардын ангийн чиглэлийн уран зохиол үлэмжхэн байжээ. Ийм чиглэлийн зохиолд "Алтан ордны үйсэн дээрх бичиг", “Өнчин хөвгүүний шастир”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр”, Ишданзанванжилын шүлгүүд, “Хав, муур, хулгана гурвын үлгэр” зэргийг оруулж болмуй. Үүнээс гадна шажны уран зохиолын нөлөөнд бичигдсэн шажны ба иргэний уран зохиолын завсрын хэлхээ болсон туужууд байдаг. Үүний жишээ нь “Цагаан дара эхийн тууж”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг болно.
   “Цагаан дара эхийн тууж”˗д нэг ядуу хүү их эрдэм сураад хааны шадар түшмэл болдог. Түүний эхнэр нь цэргийн жанжин болоод их гайхамшиг гавьяа байгуулж хааны нутагт халдаж ирсэн их хүчит дайсныг няцаан дарсан баймуй. Энэ баатар эхнэр дайсанд хорлогдож үхээд тамын газар эрлэг хааны хэрэг шийтгэж байхыг үзэж ирээд хуучин биедээ орж амьдарсан явдлыг хэлмүй. Цэргийн жанжин болсон эмэгтэйн явдал нь ерийн иргэний уран зохиол бөгөөд ийм зохиолд тамын орныг оруулсан нь шажны туужийн нөлөө юм.
   “Ногоон дара эхийн тууж”˗д бол далан долоон жил бясалгал хийсэн Ногоон дара хатан бурхан тэнгэр нарт залбирсны ачаар нэг хүүтэй болжээ. Гэтэл хүүгээ гэнэт алджээ. Чингээд Ногоон дара хатан орчлон ертөнцийг тойрон удтал эрсэн боловч олохгүй байлаа. Ногоон дара хатан олон жил бясалгал хийж их буянтай болсны хүчээр замд тохиолдсон зовлонт амьтныг зовлонгоос хагацуулсаар явав.
   Нэг өдөр огторгуйн мэргэн Цагаан аршаас хүүгээ асуусанд, “Хүүг чинь Шигэмүни (Шигмунь) бурхан аваачаад нууж байх бололтой” гэж айлдав. Чингэхлээр Ногоон дара хатан Шигэмүни бурханы оронд очоод айлын зарц эмэгтэй болж аргал түүж явав. Түүнийг Шигэмүни бурхан мэдээд хүүг нь олон давхар бумбад хийж бодисадва нараар харгалзуулж “Эхэд нь битгий өг” гэж зарлиг болов. Гэвч хүү нь эхийгээ ирснийг мэдээд олон давхар бумбыг хага өшиглөөд гарч эхтэйгээ уулзав.
   Шигэмүни бурхан хүүг нь авч нуусан учир бол Ногоон дара хатныг орчлонгийн элдэв орноор тэнүүлж зовлонт амьтныг зовлонгоос хагацуулах хэмээсэн санаа гэнэ.
   Бурханы оронд айлын зарц эмэгтэй аргал түүж явна гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд Ногоон дара хатан хүүдээ тэнгэрийн дагиныг эхнэр болгон авч өгөөд Замбуутивд ирж амьтныг жаргалантай болгоод тамын оронд очиж түүнийг жаргалангийн цэцэрлэг болгон хувилгасан гэнэ. Тийм учраас тамд зовох амьтан үгүй болж Эрлэг номун хаан хийх ажилгүй болоход хүрсэн байна.
   Энэ хачин сонин туужид Шигэмүни бурхан Эрлэг хаан зэргийг шог дүрээр үзүүлээд Ногоон дара хатныг бурхан тэнгэрээс илүү хүчтэй болгосон баймуй. Энэ хоёр “Дара эхийн тууж”˗ийг эрдэмтэн нар төвдөөс орчуулсан зохиол гэдэг боловч чухамдаа Энэтхэг, Хятадын зохиолыг бага сага дуурайлгасан Монголын зохиол гэж үзвэл зохих мэт. Төвд хэлэн дээр энэ хоёр “Дара эхийн тууж”˗тай адил зохиол олдохгүй байна. Арван зургаадугаар зууны үеийн Төвдийн зохиолч Даранатын зохиосон “Дара эхийн тууж” гэж байх боловч монгол “Дара эхийн тууж”˗аас огт өөр бөгөөд Дара эх бурханд залбирсны ачаар хулгай дээрэм, дайн, гал, ус, араатны аюулаас ангижирсан тухай арван хэдэн жижиг өгүүллэг баймуй.
   Ер нь Монголын зохиолыг нэлэнхийд нь буюу ихэнхийг орчуулгын зохиол гэж Европын эрдэмтэн нар хэлдэг заншлыг өөрчлөх цаг хэдийн болсон билээ. Эрдэмтэн Лауфер монголын уран зохиолыг “Уламжилж давтах” уран зохиол гэж Монголын уран зохиолын тухай номынхоо төгсгөлийн бүлэгт хэлсэн баймуй. Нарийвчлан хянаваас тэр орчуулж уламжилж давтсан гэдэг зохиолын нэлээд нь жинхэнэ монголын зохиол байна. “Эндүүрэл хааны тууж” гэж шүлэглэсэн зохиол байдаг.
   Энэ туужийн дотор Эндүүрэл хаан их хатнаа нөгчсөний дараа нэг шулам эмийг эхнэр болгож авав. Тэр эм нь хааны их хатны хоёр хөвгүүний бөөр, зүрхийг иднэ гэж шаардсанд хаан зөвшөөрсөн боловч хааны сайн санаат түшмэл нь нохойн зүрх, бөөрийг авч бага хатанд идүүлээд хоёр хөвгүүнийг алс газраа оргуулан явуулав. Тэр хоёр хөвгүүн өсөж эрдэм чадалтай болоод шулам хатан нь хааныг залгиж идэхийг завдаж байхад нутагтаа ирээд шулам эмийг мянган алд гүн нүхэнд хийж, эцэг хаанаа аварсан явдлыг өгүүлмүй.
   Энэ сэдэв нь “Сайн төрөлхт хаан, Оюун чихт хөвгүүн хоёрын тууж” ба Төвдийн Банчинлувсан˗Ишийн зохиосон “Артасэд хааны тууж” зэрэгтэй төсөөтэй боловч түүний аль нэгийн орчуулга бус монгол хүн, харин дурдсан зохиолоос сэдвийг авч өөрөө зохиосон байна. “Эндүүрэл хааны тууж”˗д гарч байгаа хүмүүсийн дүр байдал, үг хэл нь цөм монгол шинжтэй юм. Энэ туужид нэг өвгөн нас барсан эмгэнийхээ тухай гашуудан дуулсан нь:
  
   Бөрт цоогчноо унаж
   Бөглүүхэн айлд очоод
   Бөөрний өөхийг хавтгалж
   Бөгцөр бөгцөр хатирч ирэгч
   Эмгэн минь
   Даарт цагаагчнаа унаж
   Далдын айлд очиж
   Дээлийн нэхий ганзагалан
   Дэвэр дэвэр хатирч ирэгч
   Эмгэн минь
   Алаг цоогчноо унаж
   Айл бүрийг хэсэж
   Аарц тараг хөнөглөж
   Амчир амчир хатирч ирэгч
   Эмгэн минь
  
   гэжээ. Бөөрний өөх, нэхий дээл, аарц, тараг гэж бичсэн зүйлээс үзэхэд Энэтхэгийн халуун орны зохиол бус монгол зохиол гэж мэдэгдэж баймуй. Үүний төгсгөлийн үгэнд Очирой сайн хааны Ач дүүрэгч ноёны зарлигаар Зарлигийн эрхт далай (Агванжамц буюу Гаванжамц) усан бар жил (1602) зохиосон гэж бичсэн баймуй.
   Энэтхэг, Төвдийн зохиолтой сэдвээр адил зохиол Монголд нэлээд байх, үүнд ямар нь орчуулга, ямар нь монгол зохиол болохыг нягтлан судалж мэдэх нь чухал байна.
   Энэтхэг, Төвдөөс орчуулсан зарим зохиолыг улмаар монголын ахуй байдалд зохицуулан монголчилж монгол зохиол болгосон явдал бас цөөнгүй. Үүний нэг жишээ нь Молон тойны тууж болмуй. Энэтхэгийн зохиол “Молон тойны (Модгилванийн) эхийн ач хариулсан тууж”˗ийг монгол хэлэнд хэд дахин орчуулсан баймуй. Үүний нэг орчуулгыг арван дөрөвдүгээр зууны үеийн орчуулга бололтой гэж “Руднеевын цуглуулсан номын тухай” өгүүлэлдээ Владимирцов багш бичсэн билээ. Бас энэ хэдэн орчуулгаас гадна монгол хэлээр найруулан бичсэн бололтой бөгөөд зураг хавсаргасан “Молон тойны тууж” Монгол оронд түгээмэл байдаг.
   Зохиолын байдал цөм монгол хэлбэртэй болсон баймуй.
   Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол үлэмжхэн нөлөөлсөн нь илт баймуй. Монголын билигт шүлэгч, зохиолч нар өөрсдөө зохиож бичихийг төдий л хайхрахгүй ямагт орчуулга хийсээр бүх насаа барж байсан нь цөөнгүй. Тэдний нэлээд орчуулга нь монголын уран зохиолын санд багтах чухаг эрдэнэ мөн болмуй. Арван дөрөвдүгээр зууны үеийн Чойжи˗Одсэр, Шаравсэнгэ, арван зургаадугаар зууны үеийн Хөх хотын Гүүш цорж, арван долдугаар зууны үеийн Ойрадын Зая бандид, арван наймдугаар зууны үеийн Цахар гэвш Лувсанчүлтэм, Авгын Дай гүүш Агвандампил, арван есдүгээр зууны үеийн буриад Номтын Ринчин нарын орчуулга бол жишээ болохуйц гайхамшиг бүтээлүүд болмуй. Энэтхэг, Төвдөөс орчуулсан зохиол дотор Энэтхэгийн Калидасын “Үүлэн элч” гэдэг найраг, Дандины “Яруу найргийн онол”, Наганжунын “Рашааны дусал”, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан Субашид” зэрэг ерийн иргэний зохиол үлэмжхэн байна.
   Энэтхэгийн ардын үлгэрийн цоморлогууд “Панчатантрын үлгэр”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг Монголд нэвтэрч түгээмэл дэлгэрээд монголын үлгэр болж шингэсэн баймуй. Үүний заримыг төвд хэлнээс монголчилсон бус харин энэтхэг хэлнээс монголчлон орчуулаад дараа нь монголоос төвд хэлэнд орчуулсан ч буй. Жишээ нь: “Гэсэнэ хааны бичмэл тууж”˗ийн төгсгөлд, “Ранза Гэсэнэ хаан богд Бигармижид хаан хоёрын энэ үлгэрийг Даранат Маха Гүрүгийн шавь Баха бандид азар Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд орчуулбай” хэмээжээ.
   Өндөр гэгээний намтарт Өндөр гэгээн, дурдсан хоёр үлгэрийг Баха бандидаар орчуулгасан гэж бичсэн байдаг. Баха бандид болбоос Өндөр гэгээний шадар бараа бологч Чулуун хуруут азар мөн гэж тэр намтарт бичсэн баймуй. Үүнд “Даранат Маха Гүрү” гэж Даранатын хувилгаан Өндөр гэгээнийг хэлсэн бололтой. “Гэсэнэ хаан”, “Бигармижид” хоёрын үлгэрийг монгол хэлнээс нэг монгол ламын төвд хэлэнд орчуулсан бичмэл ном Монгол улсын номын санд буй.
   Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол үлэмж байна.
   Үүнийг монголын уран зохиолын түүхэнд оруулж хэлэлцвээс зохимуй. Арван есдүгээр зууны эхээр ноён Хутагтын тавдугаар дүр Равжаа гэж алдартай шүлэгч байжээ. Үүний төвд, монгол хоёр хэлээр бичсэн олон шүлэг хэсэг бусгаар олдож байна.
  
   Ноёд ноёд гэмээнэ
   Нутаг зуураа хүндтэй
   Номтой ламын шавь нар
   Газар болгон хүндтэй
   гэх зэргээр түүний шүлэглэсэн дууг олон хүн мэддэг баймуй. Шүлэгч Равжаа “Цаасан шувууны үлгэр” гэдэг түгээмэл дэлгэрсэн уран шүлэглэлийг Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд зохиосон хэмээмүй. Үүний төвд орчуулга бас бий. Их хүрээний Хайдав хамбын зохиосон “Хонь, ямаа, үхэр гурвын үлгэр” монгол, төвд хоёр хэлээр дэлгэрчээ. Алшаагийн Дандар лхаарамбын зохиосон “Хүний номын баяр хурим”, Сүмбэ хамба, Цахар гэвш нарын шүлгүүд, Зава Дамдин гавжийн “Энэрэнгүй ёсны дуулал”, бадарчин Гомбодоржийн “Үнээний гомдол” зэрэг олон зохиол төвд хэлээр бичигджээ.
   Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Эрдэнийн сан Субашид”, Монголын “Оюун түлхүүр” зэрэгтэй төсөөтэй сургаал гэдэг тусгай хэлбэрийн шүлэглэсэн зохиолууд Монголд түгээмэл дэлгэрчээ. Энэ сургаалын дотор шашны номлол гол суурийг эзлэх боловч ертөнцийн амьдралын сургаал буюу ихэс лам ноёдыг шүүмжлэн буруушаасан зүйл цөөнгүй байдаг. Сургаалын шүлгийн уран чадвар нь ихэнхдээ гойд сайн баймуй.
  
   Сайхан цаст цагаан ууланд
   Сарны гэрэл тусваас нэн цаймуй.
   Саруул ухаант мэргэдийн чихэнд
   Сайн үгийг сонсговоос нэн мэргэжмүй
  
   гэх мэт уран сайхан шүлэг, сургаалуудын дотор үлэмж бий.
   Жанжаа хутагт, Нэйж тойн, Зая бандид, Өндөр гэгээн, Цахар гэвшийн намтар зэрэг намтрын зохиол нэлээд буй. Эдгээр зохиолд шашны зүтгэлтэн нарын амьдралыг гол төлөв бичдэг боловч түүхийн чухал мэдээ байхаас гадна мөн уран зохиол гэж үзмээр хэсгүүд ч байдаг.
   Хуучин цагт уран зохиол, ерийн зохиол хоёр сайн ялгараагүй байсан учир түүх зохиолыг бичихдээ ч уран шүлгээр чимэглэн бичдэг байсан. Энэ заншил болбоос “Нууц товчоо”˗оос эхэлсэн уламжлалтай юм. Ийм учраас нэлээд түүхийн зохиолуудыг уран зохиолд оруулан хэлэлцэх хэрэгтэй болдог юм. Арван долдугаар зууны үед Саган сэцэний зохиосон “Эрдэнийн товч", арван наймдугаар зууны үед баарин Рашпунцагийн зохиосон “Болор эрих”, арван есдүгээр зууны үед зохиогдсон “Болор толь” зэрэг зохиолд уран сайхнаар бичсэн хэсгүүд үлэмжхэн буй.
   Арван наймдугаар зууны үеэс эхлэн Хятадын сонгодог уран зохиол монгол хэлэнд үлэмжхэн орчуулагдаж гар бичмэлээр дэлгэрч байв. “Гурван улсын түүх, “Улаан асарт хаалга”, “Тансан ламын баруун газар жуулчилсан бичиг”, “Жүн дагинын тууж”, “Шүйху бичиг” зэргийг монголын сэхээтэн монгол хэлээр хэдийнээс уншсаар ирсэн юм. “Гурван улсын түүх”, “Лю Жай Жи” бичиг зэрэг монгол хэл дээр хэдэн удаа хэвлэгдсэн баймуй. Эдгээр зохиолын заримыг монгол үлгэрч, хуурч нар бүрэн цээжлээд шүлэглэн засаж хуурдан дуулж явах нь цөөнгүй болсон билээ.
   Ингээд зарим роман нь монгол оронд зохицон хувирч хятад эхээс танигдамгүй өөр болсон ч удаа баймуй.
   Хятадын уран зохиол, монголын уншигч зохиолч нарт сайн нөлөөгөө үзүүлсэн юм. 1871 онд монголын зохиолч Инжинаш “Хөх судар” гэдэг түүхэн романыг зохиож гаргав. Уран сайхан хэлээр баатарлаг зоригтой, идэвхтэй тэмцэгч хүмүүсийн дүрийг Инжинаш (Инжинааш) гаргаж бичсэн юм. Энэ зохиолын оршилд монголын феодалын нийгмийн ялзарсан байдлыг эрс ширүүнээр шүүмжилсэн байна. Инжинашийн зохиосон өөр хэдэн роман тууж буй. Хятадын уран зохиолын нөлөөгөөр бичигдсэн бололтой ядуу хөвгүүн, ихэмсэг багшийг цэцэн үгээр мухардуулан шантраасан тухай “Багш шавийн үлгэр” гэдэг зохиол баймуй.
   Арван есдүгээр зууны орчмоос феодалын ангийг эрс тэс шүүмжилсэн зохиолууд улам олширсон юм. Хатагины Гэндэн мэйрэний зохиосон “Хав, муур, хулгана гурвын үлгэр”˗т ихэс лам ноёдын хамжлага харьяат нараа булаалдсан явдлыг өгүүлсэн баймуй. Ордосын Данзанванжилын шүлэгт мөн феодал ангийн ялзарсан байдлыг хурц ширүүнээр шүүмжилсэн баймуй. Хуульч Сандаг Чонын үг, Зээрийн үг, Ингэний үг, Ботгоны үг гэх зэргийн богино хэлбэрийн шүлгүүдийг бичсэн юм.
   Энэ зохиолууд нь их дэлгэрч зарим нь ардын аман зохиол болж хувирсан байна.
   Ордосын Хишигбат, Үзэмчний Гамаал захирагч зэргийн олон шүлэгчдийн зохиолыг судлах байтугай цуглуулан авч чадаагүй баймуй.
   Монголын дотор ерөөл гэж тусгай хэлбэрийн уран шүлэглэл байдаг. Ийм ерөөлийг бичдэг, хэлдэг зохиолч нар олон байсны дотор ялангуяа их алдаршсан нь ерөөлч Гэлэгбалсан болно. Гэлэгбалсан Тэнгэрээс хур гуйх ерөөл, Наадмын ерөөл, Сур харвахын ерөөл зэрэг олон ерөөлийг бичсэн юм. Ийм ерөөлийг баяр ёслолын үе, эсгий хийх, бэр буулгах, хурим, морь уралдах, бөх барилдах, наадам зэргийг эхлэхэд хэлдэг юм. Аягатай сүү хадгийг барьж байгаад ерөөлийг цээжээр хэлдэг юм. Ерөөлд монголчууд их дуртай. Ерөөлийг мэдэх хүн олон байдаг. Ерөөлийн тусгай дэвтрүүд ч бий. Одоо ч ардын дотор ерөөлч хүмүүс олон бөгөөд түүний зарим нь зохиолчдын эвлэлийн гишүүд болсон баймуй.
   Энэ дурдсан зүйлээс үзэхэд монголын ард түмэнд уран зохиолын өв уламжлал үлэмжхэн байгаа юм. Шинэ уран зохиолыг бид нүцгэн газар байгуулж эхлээгүй.
   Урьдын зохиолч нарын бүтээлийн сайн тал ба ардын баялаг аман зохиолыг ашиглан түшиглэж шинэ уран зохиолыг хөгжүүлж баймуй. Бид хуучин зохиолын уламжлалыг хүндэтгэн хэрэглэхийн хамтаар социалист реализмын аргыг Зөвлөлтийн уран зохиолоос суралцаж байна.
  
  
  НАРНЫ ГЭРЭЛ ДАГИНЫН ТУУЖ (ЦАГААН ДАРА ЭХИЙН ТУУЖ)
  
  
   Ум сувасди шидам.
   Эрт Жин улсын цагт, Нантай голын эхэнд, Нинчан нэрт балгасанд, Гау нэрт баян өвгөн сартваахь бөлгөө. Түүний хөвгүүний нэр нь Үнэнийг өгүүлэгч бөлгөө.
   Тэр цагт Лянхуа гэрэл нэрт газраа Мон нэрт баян сартваахь бөлгөө. Түүнд бус үр үгүй гагц охин бөлгөө. Тэр охин нь өнгө сайт маш үзэсгэлэнт, номд ихэд гийсэн, ааль номхон, сэтгэл зөөлөн чин зориг нь гайхамшигт. Нэр нь Нарны гэрэл аж. Тийм нэгэн охиныг сонсоод Гау нэрт баян одоод гуйн авч хөвгүүндээ гэргий болгож өгвэй. Төдий эр, эм хоёул маш... хайрлалдаж эцэг эх хоёртоо их хүндлэлт ажгуу.
   Тийн яван атал нэгэн өдрөө Гау нэрт баян Үнэнийг өгүүлэгч хөвгүүнээ дуудаад сургаж өгүүлрүүн: “Аяа хөвгүүн минь, хөгшин хүний сургасан үгийг сонс. Орчлонгийн явдал зүүдэн гилбэлгээн мэт буюу. Төрөх, өвдөх, үхэх, өтлөх энэ дөрвөн их далайг яахин гэтлэх бид. Эдүгээ миний олсон эд агуурсан, хүн мал, гэр балгасан хийгээд эцэст барагдмуй за. Чи дээд гурван эрдэнэ бурханы үсэгт номуудыг сурагдахуй хэрэг. Орчлонгийн ноён баян болох бичгүүдийг сурагдахуй.
   Басхүү хүний есөн эрдмүүдийг сурагдахуй хэрэг буй за. Хөвгүүн ээ, миний үг зөв болох бөгөөс би бэрх үнийг өгч багш нарыг хурааж эрдмүүдийг сургая” хэмээв.
   Хөвгүүн алгаа хамтатгаж үнэн сүсэг сэтгэлээр хариу өгүүлрүүн: “Их нигүүлсэгч өвөг эцэг, эмгэн эх минь таны өгүүлснээр болтугай” гэв. Төдий эцэг эх нь тэр үгийг нь сонсож баясаад төгс эрдэмт их багш нарыг урин ирүүлж бэрх үнийг хайрлалгүй өгч хөвгүүнээ сургавай. Тэр Үнэнийг өгүүлэгч хөвгүүн түдэлгүй хамаг эрдмүүдийг гайхамшиг сурвай.
   Тийн яван атал, Гау нэрт баян сартваахь цагтаа хүрч үхэв. Түүний хойно улам улмаар машид үгүйрэв. Тэр цагт Жин улсын хаан төрийг барих эрдэмт, билигт хүнийг эрнэм хэмээн их бичгийг тэр улсад тунхаг тархаавай. Тийн хэмээхийг бүгдэд сонствой. Эх нь сонсоод хөвгүүндээ өгүүлрүүн: “Авай минь. Тэнгэрийн хөвгүүний зарлигийг сонсов уу чи минь. Сурсан эрдэм билгээ хааны хотод одож үзүүлээсэй.
   Гурван эрдэнэ үнэн бөгөөс хэр ноён болох мэдээ үгүй, энэ үгээгүй дутуу явахаас дээр буюу” хэмээв. Хөвгүүн нь тэр эхээ сургасан үгийг сонсоод өгүүлрүүн: “Их нигүүлсэгч эх минь ээ, язгуурын баян сайн үгүй болов. Гэргий минь өчүүхэн, намайг хааны хотод одсоны хойно чамайг хэн тэжээх” хэмээн эс болов. Гэргий нь Нарны гэрэл бас сургаж өгүүлрүүн: “Нөхөр минь чиний сурсан эрдэм чинь маш их буюу.
   Эдүгээ хааны хотод одож ноён болоод
   Эртэх эцэгт чинь залгамж
   Энэ биед чинь алдар нэр их
   Эх эм хоёрт чинь ашдын хүнс буюу” хэмээв. Үнэнийг өгүүлэгч мөн үг өгүүлээд эс болов. Түүний хойно нэгэн айлын суух Жау нэрт өвгөн ирж Үнэнийг өгүүлэгчид өгүүлрүүн: “Ай эрдэмт хөвгүүн минь ээ, ойноо төөрсөн хөгшин хүний үгийг сонс.
   Тэнгэрийн хөвгүүн хааны зарлиг нь
   Тэнсэл үгүй төрийг тогтоохын тул
   Төгс эрдэм билэг сурсан хүнийг
   Түүдгэрэлгүй ноён шагнанам хэмээн сонсгов.
   Эдүгээ чиний эрдэм далай мэт
   Энэ учирт үл одох чинь юу вэ.
   Эрхэн гурван эрдэнийн адистидаар
   Эзэндээ хайранд хүртэх мэдээ үгүй буюу
   Чи үтэр одох зөв буй за” хэмээгээд суув. Үнэнийг өгүүлэгч ойлгоод хариу өгүүлрүүн:
   “Эцэг мэт өвгөн минь сонс.
   Эх минь насанд хүрсэн буюу
   Эм минь өчүүхэн, эд агуурсан барагдав.
   Эзэн хааны хотод одсоны хойно
   Илтэм яван ядах эхийг минь хэн тэтгэх
   Идэх өмсөх хэн өгмүү.
   Ил эчнээ зовох жаргахыг хэн өчмүй.
   Ямагт миний бие одож үл болох” хэмээв. Жау өвгөн өгүүлрүүн:
   “Ай хөвгүүн минь ер эх эмийн тул бүү зов.
   Зарах аран (ард) боол би өгсүгэй.
   Их бага идэх өмсөх би өгсүгэй
   Авай минь чи одож хэр бээр ноён болоод
   Ашдын хүнс олж
   Ачит эцэг эхийн
   Ач хариулж нэрээ дэлгэрүүл сайн бөлгөө” хэмээх үгсийг Үнэнийг өгүүлэгч сонсоод хэтэрхий бишрэн баясан өгүүлрүүн:
   “Гийсэн өвгөн асрахуй үнэн бөгөөс
   Хэв хэзээ эцэг минь чи болох буюу”. Тийн зөвшөөн тархвай. Тэр Үнэнийг өгүүлэгч хөвгүүн өөрийн эх, эм хоёртоо тэр өвгөний асрахуй үгсийг дэлгэрэнгүйеэ өгүүлэв. Эх, эм хоёр нь тэр үгийг сонсож баясаад идэх өмсөх хүнснийг бэлдэж, өдрийн сайныг үзэж хааны хотод одохуйг завдсанд эх, эм нь, өвгөн бүгдээр үдэж эх нь өгүүлрүүн:
   “Үнэнийг өгүүлэгч ноён мөр үтэр олох болтугай.
   Өтөлсөн эх юүгээн санах бөгөөс
   Үтэр буцан нааш ир Авай минь”
   Нарны гэрэл бас сургаж өгүүлрүүн:
   “Мэргэн билигт гэрийн эзэн минь
   Мундашгүй ноён болох болтугай.
   Мунсан эх юүгээн санах бөгөөс
   Мяталгүй нааш ирэн соёрх.
   Жау өвгөн бас сургаж өгүүлрүүн:
   “Их билигт хөвгүүн минь
   Зүдэлгүй ноён болох болтугай.
   Зовсон эх эм юүгээн санах бөгөөс
   Зориглон үтэр ир Авай минь”
   Тийн хэмээн ерөөгөөд Үнэнийг өгүүлэгч хааны хотын зүг явж эчив. Эх, эм, Жау өвгөн өөрийн гэртээ харьж ирэв.
   Түүнээс Үнэнийг өгүүлэгч хурднаа одоод дээд хааны хотод хүрвэй. Хүрээд сац хааны хотод орж үзвээс элдэв зүйл эд таваар ба өмсөх идэх ба эрдэнэсээр дүүрсэн буюу. Орд харш ба ноёд түшмэд ба заан морин арслан ба үлэлгүй чимэгдсэн буюу. Тийн яван атал дээд хааны алтан хаалганы гадна наасан бичиг үзэгдвэй.
   Түүтгэрэлгүй гурван сарын гурван шинэд, тэнгэрийн хөвгүүн нь төрт эрдэм билигт хүнийг ноён болгоном гэнэм хэмээв. Үнэнийг өгүүлэгч тэр бичгийг үзээд баясаж бүрүүн, үнэ өгч хоноод гэр авч суув. Тэр гэрийн эзэн үзээд сац ийн сэтгэрүүн: “Энэ хүн өнгө сайт дүр нь ноён баян болох хүн буй за” хэмээн хүндэлж асууруун: “Ай хүн чи аль газрын хүн буюу. Юунд хэрэгтэй энд ирсэн буй” хэмээн асуусанд Үнэнийг өгүүлэгч өгүүлрүүн: “Би Нантай голын эхэнд Нинчан балгаснаа суусан хүн буюу. Хааны зарлигаар эрдэм билигт хүнийг ноён шагнанам гэхүйд ирлээ би".
   Илт тэр гэрийн эзэн баясаад
   Идээн ундаанаар өргөн хүндэлж
   Нэгэн сайн гэр сонгож
   Исэр дэвсгэр бэлдэж оруулав.
   Үнэнийг өгүүлэгч тэр гэрийн эзний архи уугаад
   Өөрийн эх, эм юүгээн санаж
   Өргөсөн хатгалах мэт унтаж эс болов.
   Бас гурван сарын гуравны шинэд
   Хотол эрдэм билигт хүнийг
   Хувьтай луун хаалгаар дамжиж
   Хурднаа ноён шагнах яаманд хүрэв.
   Мөнхүү Үнэнийг өгүүлэгч ноён болох цаг хүрсний тул
   Мөн тэнгэр нар тусалж
   Мон үгүй утгат үгийг
   Мандуулан долоон хавтсанд түүтгэрэлгүй бичив.
   Бичсэн утгат бичгүүдийг бүрнээр бичгийн ноёнд хүргэвэй. Тэр ноён бичгүүдийг нээж үзээд олон бичээчийн бичгээс гагц Үнэнийг өгүүлэгчийн эрдмийг сайшаав.
   Тэр бичгийн ноён олон бичээчийн бичгүүдийг үзэж сайн эрдэмт гурван мянган хүн эрдэмтэй гэж ноён тавих гэв. Түүний дотор үлэмж эрдэмт гагц Үнэнийг өгүүлэгч буюу хэмээн хаанд айлтгав. Хаан маш баясаад зарлиг болруун: “Ай түшмэд сайд та тийм эрдэмтэй үнэн бөгөөс тэр Үнэнийг өгүүлэгчийг миний дотоод яамныг мэдэгч ноён болгогдох их хэрэг” хэмээв.
   Хааны зарлигаар
   Хамаг түшмэд сайд зөвшөөж
   Хааны дотоод яаманд оруулж
   Халхай их ноён болговой.
   Тийн яван атал тэр цагт Жин улсын хаанд төрийг баригч бас нэгэн Лүгү нэрт их ноён бөлгөө. Тэр Лүгү нэрт ноён үр үгүй гагц охин бөлгөө. Үнэнийг өгүүлэгчийг эрдэм ихт гэж ноён болсныг сонсоод үлэлгүй хурим бэлдэж Үнэнийг өгүүлэгчийг дуудвай. Үнэнийг өгүүлэгч ирж Лүгүгийн их яаманд оров. Лүгү ноён угтаж гараад гэртээ оруулж өөрийн ёсоор суусны хойно Лүгү ноён архи барьж өгүүлрүүн:
   “Дээд сайн заяат буюу чи
   Төгс эрдмийг чинь ухваас
   Тэнсэлгүй улсаа амгалан болгох
   Тэмдэгтэйеэ сайдын манлай чи болой.
   Хөгшин хүн миний гагц охин бөлгөө.
   Хөвөө мэрэхүй арван зургаан наслав.
   Хөөр их надад нуган хөвгүүн үгүйн тул
   Хүргэн чи бол, чамд өгсүгэй”.
   Үнэнийг өгүүлэгч үл таалан хариу өгүүлрүүн: “Лүгү ноён чи сонсодхун. Миний гэрт тавьж ирсэн хөгшин эх минь бөлгөө. Салхин газраа тавьсан зул унтрах ойр.
   Бас өчүүхнээс учирсан гэргий юүгээн тэвчиж учиргүй бас эм авбаас огт муушаах нэрийг тавьж энэ орчлонд алдарших буй за.
   Хэтэрхий Лүгү дээд их ноён чи сонс
   Гийсэн нэгэн сайн хүнийг эрж өгвөөс зохьюу
   Хэрэггүй миний муу бие
   Хэтэрхий чиний охин яахин авах буй хэмээв.
   Лүгү ноён маш хилэгнэж өгүүлрүүн:
   “Лянхуа мэт үзэсгэлэнт охиныг минь
   Луунаас гарсан муу гуйланч
   Лав бардамлан өгүүлэх чинь үнэн буй за”.
   Төдий Үнэнийг өгүүлэгч хариу өгүүлрүүн:
   “Төрийг баригч их ноён чи
   Түргэнээ бүү уурлагтун.
   Дорд миний бие гагц сэтгэлээс өөр үгүй” хэмээв.
   Аргат Лүгү ноён хуурч өгүүлрүүн:
   “Авай чи билэг ихт болоод
   Ааль чинь асар чухал буюу.
   Надад нуган хөвгүүн үгүйн тул
   Миний гагц охиныг чи авбаас
   Миний эд таваар улс хийгээд
   Магад чинийх бус хэний буй.
   Манагаар чиний эх гэргий хоёрыг авч ирээд хамтаар жаргалдъя”. Үнэнийг өгүүлэгч тэр үгэнд итгэж хариу өгүүлрүүн: “Их ноён оо, хайрлах чинь үнэн бөгөөс мөн төрүүлсэн эцэгт адил хэмээсэнд Лүгү ноён баясаад их хурим бэлдэж үр саднаа хурааж охиноо Тоонолжин гоог засаад Үнэнийг өгүүлэгчид өгвэй.
   Хойд өдөр нийлсэн ёс хэмээн
   Хурим хийж хотол бүгдээр
   Хуран чуулан уун идэн жаргалдав.
   Үнэнийг өгүүлэгч хойд гэргий авсан нэгдүгээр зүйл.
  
   * * *
  
   Үнэнийг өгүүлэгчийн язгуурын гэргий Нарны гэрэл нулимсаа асгаруулж өгүүлрүүн:
   “Эх минь өтлөв.
   Өвчнөөр басхүү дарагдав.
   Гэрт юм үгүй
   Гэрийн эзэн минь одсоор дөрвөн жил болов.
   Хэр бээр эх минь өвчин хөдөлж үхвээс
   Гээх цаас барих буян үгүй яахсугай хэмээн гаслан уйлаад
   Эх юүгээн дэргэд одоод асууруун:
   “Өвчин чинь эмлэж болох буюу” хэмээсэнд
   Эх нь өгүүлрүүн:
   “Өвчин минь агсаар байнам.
   Сэхээ үгүй муу хөвгүүний тулд
   Санасаар өвчин олбой би.
   Сайн бэр чи мах олох бөгөөс
   Сааралгүй гуйж ир би идсүгэй”.
   Бэр нь дуун үгүй гараад гасалж өгүүлрүүн:
   “Зүдэх цагт бусад хэн бээр мах үл өгмүү
   Их онгоц далайд дарвалгаа хугарсан мэт
   Зовлонт энэ биед минь
   Юуныг арга хийж үл болмуй” хэмээгээд хүж зул шатааж их нигүүлсэгч
   Хонсим бодисадвад залбиран өчвэй.
   “Нүднээр үзэгч их нигүүлсэгч
   Ил эчнээ амьтны зовлонг мэдэгч
   Нүглийн зовлон хүртсэн энэ биеийг
   Илт бууж аврах болтугай.
   Эх минь өвчит болов.
   Эр минь одсоор сураг үгүй
   Эх минь бас маханд дурласанд
   Эдүгээ өдөр олох арга үгүйн тулд
   Өөрийн биеийн махыг огтолж өгсүгэй би.
   Огтлохуйд минь
   Үнэн чин зориг үгүй бөгөөс
   Үхтүгэй үзэгч их нигүүлсэгч минь ээ” хэмээн хоёр алгаа хамтатгаж мөргөөд
   Хурц хутга барьж
   Хувьт өөрийн мөрний зузаан газраас
   Хурднаа нэгэн хэсэг мах огтолсонд
   Хотол үхэтхийж газарт унавай.
   Урссан цусан нь булаг мэт болж байв.
   Үзэгч Хонсим бодисадва нигүүлсээд
   Үнэн чин зоригоор ухваас
   Удалгүй яр нь анагаав.
   Эрдэмт Нарны гэрэл махнаа
   Элдэвчлэн амталж чанаад
   Эхдээ өргөв.
   Эх нь аваад удалгүй идэв.
   Эх нь өгүүлрүүн:
   “Энэ амтат мах идээд
   Өвчин минь хөнгөн болов.
   Эрдэмт сайн бэр минь
   Бас буй бөгөөс идсүгэй.
   Бэр нь биеэ бөхийж хариу өгүүлрүүн:
   “Барав мах үгүй бөлгөө”.
   Эх нь уурлаад харааж өгүүлрүүн,
   “Би өвчит хүн
   Бядан мах гуйж авсан нэрийг
   Бэлэн хоосноор хүлээж аваад
   Бирд мэт бэр чи.
   Мах хулгай хийж идэх юу вэ.
   Чиний мэт ач үгүй бэрийг тэжээж юун тус” хэмээн модон барьж элдээд ийн өгүүлрүүн: “Миний өвчин энэ мах идсээр харин энэгдэв. Миний хөвгүүн одохуй цагт магад чамайг над гагцаар орхисны тул муу өшөө барив чи” хэмээгээд нарийн дээсэн авч хүлж элдэхүйд төдий асрахуй Жау өвгөн сонсон ирж гаднаа байж сонсвоос эх нь бэр юүгээн харааж өгүүлрүүн:
   “Харин чамайг бэр гэж зарахул
  
You have read 1 text from Mongolian literature.