🕥 35-minute read
Мөрч Буюу Дотоод Тэнгис - 04
Total number of words is 4510
Total number of unique words is 2018
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
— Тэр ч ёстой гонж байх! Тэд юм базааж сурдаг улс биш, юм л бол сайрхан сагсуурч магтдаг нутгийнхаа цэцэрлэг талбайд жагсдаг, хөл тавих, мөр зэрэгцэх сургуулиа энэ балар ойд хүрч ирээд ч орхихгүй байгаа улс хэдий юу сураа аж. Улаан арьст нэг хүний төрсөн арга ухаан, гадаад далайн тэртээгээс ирсэн хороо цэргийнхтэй тэнцэх юм чинь. Ой тайгынхны ов мэх арга ухаан тийм л байдаг юм. За нөгөө утаа маань чамлахааргүй боллоо, одоо хэдүүл нууц газар оръё. Залуу маань голоор нэг май тавьчихлаа, минго нар энд чинь хороо цэрэг тэр аяараа буучхаж гэж бодвол аюултай.
Мөрч ингэж яриут завиа бургаснаас гаргаж хэдхэн хором өнгөрөхөд ашгүй голын тохой тааралдаж тийш ороод мод, утаанаас далдлагдах нь тэр.
Манай аянчдын зорьсон санаанд үүнээс илүү тохиромжтой газар олохуйяа бэрх буй заа. Бургас нь өтгөн агаад голын усан дээгүүр их өнгийсөн учраас битүү асарт л орсон мэт авай. Тэрүүхэнд хайргатай жижигхэн жалгай байх нь аялагчдад бууж амрах бололцоо олгосноор үл барам хаанаасаа ч харагдахгүй, гагцхүү эсрэг талын эргийн зүгээс задгай мэт боловч нэл бургас модны навч ширэлдэх агаад нөгөө талдаа бол хүн нэвтрэхийн аргагүй шалбааг, намагтай аж.
Мөрч, буусан газраа нягтлан ажиж шинжээд,
— Энд аюул багатай юм, гэвч улам баттай болгох хэрэгтэй. Кэп гуай, танаас бол дуугаа татах, далай тэнгисээр аялахдаа олж авсан тайван байдалтай байхаас өөр юм гуйхгүй, харин Тускарора бид хоёр муу юм нүүрлэвэл яах ийх бэлтгэлээ хийнэ.
Мөрч, Индиан хоёр ширэнгэ рүү сэмхэн орж огт чимээ гаргалгүй зулзаган модны аль сагсгардуу навч мөчир огтлон авч ирээд голын шаварлаг газар зоож гүехэн усанд буй хоёр завиндаа халхавч хийв. Арваад минутын дараа гэхэд тэднийг олоод харчхаж магадгүй байсан ганцхан газар нэвтрэхийн аргагүй хаавч буй болов. Ийм хялбар халхавч хийхэд ихээхэн ур, ухаан шаарджээ. Голын энэх эрэг мурий сарий, эвтэйхэн тохой булантай, ус нь гүехэн, эрэг дээрх модных нь мөчир гол руу өнгийсөн зэрэг нь тэдний нуугдахад тун их тааламжтай. Мөрч, энд элбэг олдох ороонгоос угаар нь огтолж аваад голын шаварлаг хөрсөнд суулгахад тэдгээрийн орой нь ус руу бөхийгөөд угаас энд ургасан гэхэд сэжиг авах юмгүй харагдана. Товчоор хэлбэл, тун нарийн чанд хийсэн болохоор ямар ч сэжиг төрүүлэмгүй агаад гагцхүү юунд ч итгэхийг үл мэдэх туйлын хашир муу санаат хүн нуугдах газрыг эрэхүл түр зогсознож мэдэх биз ээ.
Мөрч, тэр хавиа эргэн тойрон харж ирээд тайвнаар инээж,
— Би ер нь ийм нууц эвтэйхэн газар олж үзсэнгүй. Сая огтолж ирээд суулгасан мөчир маань хуучинтай эвцэж нийлээд бүрхүүл болчихсон байна. Эртээдхэн манай цайзад зочлон ирсэн уран зураач үзсэн ч аль нь бурхны суулгасан, аль нь бидний суулгасныг ялгахгүй биз... Тэгэхдээ чиш-ш! Цэнгэг Ус маань, мөрөө баллах гэж усан дотуур балчигнуулсаар ирж явна. Одоо бид хэр зэрэг халхавчтай болсноо мэдэж авъя.
Жаспер, явсан ажлаа бүтээчхээд буцаж ирээд завь харагдахгүй болохоор наадуулыгаа асаасан галаас холдож далдрах гээд өөр булан тохой руу орж дээ гэж бодов бололтой. Угаас их болгоомжтой хүн болохоор мань хүн түүдэг, энэ хоёрын хооронд ямар ч мөр гаргахгүйн тул устай газраар л явж байна. Мөрч, Могой хоёр эрэг дээр гарч буцсан мөрийг нь канадын индиан нар мөшгөн хөөсөн ахул тэр хоёр шууд ус руу орсон болохоор цаашдын мөр нь усанд алдагдах ёстой аж. Залуу маань өвдөгцөө устай газраар яван тохойд хүрч тэндээсээ эрэг эмжээрлэн ахихдаа завь нуугдсан газрыг гярхайлан хайна.
Аялагчид, нуугдсан бут бургасныхаа араас навч мөчрийн завсар заалхайгаар шагайхдаа эргийн тэнд буйг бүгдийг сайтар харж байхад тэдний хавьд ойртож ирсэн хүн юу ч олж харахааргүй байлаа. Жасперийн гярхай нүд мөчрийн завсар заалхайгаар заримдаа тусах боловч эрэг, сүүдрийн бараа саад болох тул тэднийг олигтой ялгаж харж үл чадна. Цаадуул нь нууц завиндаа суучхаад Жасперийн бүхий л хөдөлгөөнийг ажиглахад Жаспер тэднийг нэгэнт олохоо болиод Мөрчийг чухам хаана нуугдсаныг тааварлан ядаж буй нь илэрхий байжээ. Тэгээд тохойрсон газрыг тойрон явахдаа асаасан түүдгээ ч одоо хаана буйг мэдэхээ больж, байн байн зогсон эрэг газрыг алга дармаар нь ажиглаж заримдаа арваадхан алхсанаа зогсож эрлээ дахиад л үргэлжлүүлнэ. Тэр хавьд ус тун гүехэн тул гүнзгийхнээр нь явж байж Мөрчийн хатгасан мод, бургасны дэргэд ирж хажуугаар нь өнгөрөхдөө гараа арай л хүргэсэнгүй. Юу ч олж үзэлгүй өнгөрөөд явахын нь даваан дээр Мөрч мөчрийг ялимгүй ярж нам дуугаар дуудав.
Мөрч инээд алдан,
— Үнэхээр сайн байр. Цагаан, улаан арьстны нүд янз бүрийн дуран шиг өөр өөр ч гэсэн, дэслэгчийн охины аав бүхэл хороо аваад энэ хавиар гарлаа гэхэд бидний хийсэн халхавчийг ажихгүй өнгөрнө гээд охинтой нь хожвол дун сондрыг нь авч, хожигдвол эвэр шахагаа бооцоолоход бэлэн байна! Харин минго нар Жасперийн саяын хүрч ирдэг газраар ирэх юм бол бидний суулгасан мод бургасыг ажиж орхих байх шүү. Голын нөгөө эргээс ажихад юу ч мэдэгдэхгүй болохоор бидэнд аргагүй л ашигтай байгаа юм.
— Эрхэм Мөрч өө, бид одоо энд ингэж мунгиналгүйгээр урсгалаа даган хамаг хурдаа шавхан явбал яасан юм, тэр муусайн зэрлэг махчид биднийг хөөгөөд гүйцэхгүй, далай тэнгисийн аялалд бол хөлгийн хойноос хөөгөөд хөөгөөд хөлийн гарз гэдэг юм гэж Кэп хэлэв.
— Дэслэгчийн хөөрхөн охиныг авч яваа цагт би, Могой юу хэлж ирэхийг нь сонсохоос нааш, цайз бүх дариа амласан ч эндээс хөдлөхгүй! Баригдах юм уу, амины хэрэг гарцаагүй гарна. Янзага шиг энэ охин маань ой модон дундуур хашир согоо шиг явж чаддаг сан бол ч бид завиа орхиод зам буруулан явлаа гэхэд үүр цайхаас өмнө цэргийн хороо орчихно л доо.
Мэйбл ийм үг сонсоод гэнэт бяр амтагдах шиг болж, огло харайн босож,
— Тэгвэл явъя. Би чинь залуу хүн, чадалтай, хашир суусан хүн, нагац ахаасаа илүү явж чадна шүү. Намайг тээр болно гэж битгий бодоорой. Та бүгдийн амь нас надаас болж аюул осолд орох ёсгүй гэв.
— Хаанаас, хаанаас, дүү минь. Тээр хийх байтугай, ер өчүүхэн төдий ч муу юм бодохгүй. Бид танд, ариун санаат дэслэгч хоёрынхоо төлөө чин сэтгэлээр зүтгэхдээ амь насаа хайрлахгүй. Ингэж би хэлдэг биз дээ, Цэнгэг Ус аа?
Жаспер охины төлөө гэдгийг онцгойлон,
— Чин сэтгэлээр зүтгэж Мэйбл Дүнхэмийг эцэгтэй нь эсэн мэнд уулзуулахын төлөө би амиа дүйнэ гэлээ.
— Сайхан ч үг, зоригтой, үнэн шударга үг байна, залуу минь. Би ч өөрцгүй, гар бие, зүрх сэтгэлээрээ чамтай нийлж байна. Хөөрхөн охин минь, би чам шиг нэлээд эмэгтэйг энэ зэрлэг ой тайга дундуур эсэн мэнд авч гарч байсан юм. Нэг л удаа гай дайрч муу болсноос биш бусад нь өлзийтэй өнгөрсөн юм даг.
Мэйбл амин чухал сахиус болж яваа тэр хоёрыг нулимс гүйлгэнэсэн нүдээр ээлжлэн харж хоёулын гарыг атгаж үг хэлэхэд хоолой нь эхлээд зангирч байлаа.
— Би, та нарын амь насыг аюулд өртөөх ёсгүй. Аав минь, би ч өөрцгүй та нартаа хязгааргүй талархана, гэхдээ та нар амь насаа гаргуунд нь хаяж хэрхэвч болохгүй. Би хол явган явж чадна, бишгүй олон бээр газар зүггүйтээд явдаг л байсан юм чинь одоо өөрийнхөө төлөө, та бүгдийн алтан амины төлөө явж чадахгүй гэж үү?
— Үгүй мөн номхон согоо л гэсэн үг юм, Жаспер минь! Бас хөөрхнийг нь яана! Мэйбл минь бид зэрлэг ой тайгад байсаар бүдүүн борог, сэтгэл хатуу болдог юм. Харин та мэтийн ийм хүний бараа харахад залуу насны сэтгэл зүрх сэргэж, үлдэж буй амьдралд маань гэрэл гэгээ тусах шиг болох юм. Жаспер ч гэсэн танд иймэрхүү л үг хэлэх байлгүй. Битүү ойн надад ч, Онтариод суудаг энэ залууд маань ч сэтгэлийг уярааж, хайрыг сэргээх ийм хүн өдрийн од мэт ховор тааралдана. Тийм биз дээ, Жаспер аа? гэхдээ Мэйбл даруудаа болон гараа татаж авахгүй болохоор атгасан хэвээр байлаа.
— Дүнхэм Мэйбл шиг ийм хүн хаана ч олон байхгүй, зэрлэг ой тайга, нуур далайд бүү хэл, хөдөөгийн гацаа тосгон, хот суурин газар эрээд ч олохгүй гэж залуугийн царай сэргэн албархаг янзтай хэлэх үгийнх нь цаана чин зүрхний үнэн нуттай оршино.
— Одоо завиа орхиод явган явцгаавал яасан юм, энд удах осолтой санагдана гэж Мэйбл хэлэв.
— Тэгж ердөө ч болохгүй. Шөнийн хав харанхуйд бут бударгана, шавар намагтай хорь гаруй бээр газар хэдүүл явна гэдэг чинь өргөн өргөн мөр гаргаж дайсанд мэдэгдээд цэргийн анги хүрэхийн наана дайсантай тааралдаж тулалдахад хүрнэ. Ямар ч болтугай Могиканаа хүлээе.
Тийм түгшүүртэй үед санал бодлыг нь мэдэж, шийдтэй үгийг нь сонссон тэд энэ талаар дахин юу ч ярилцсангүй хэдэн хэсэг болов. Гилбэр, эхнэртэйгээ бургасны ёроол д суугаад нам дуугаар ярилцах бөгөөд индиан эр захирах янзаар үг хэлэхэд ерөөс зэрлэг хүмүүсийн заншлаар эм нь эрийнхээ үгэнд үг дуугүй ордог доромж байдлаар эхнэр нь хариу дуугарна. Мөрч, Кэп хоёр нэг завинд сууж хуурай газар болон далай тэнгист тохиолдсон янз бүрийн адал явдлын тухай харилцан ярилцаж байхад Жаспер, Мэйбл хоёр нөгөө нэг завинд суун ойртож дотносох талаар өөр тайван нөхцөлд бол арван хоёр сарын хугацаанд ч дөнгөж үл чадам их амжилт олж байв. Тийм их түгшүүртэй байхад хоёр залууд цаг харвасан сум шиг өнгөрч, та хоёр яасан удаан ярилцдаг юм гэж Кэпийг хэлэхэд тэр хоёр их гайхжээ.
— Тамхи татаж болдог сон бол тун ч сайхан өрөө тасалгаатай хөлөг гэх сэн. Далайн хар шуурганд ч давгүй байхаар байрлуулж чадсан нь бас гайхмаар. Гачлантай нь гаанс нэрж болохгүй юм даа.
— Тамхины үнэрээр биднийг мэдчихнэ. Минго нарын хамарт өөрсдийнхөө нуугдсан газрыг шиншүүлэх байсан бол ингэж их хөл болж хоргодохын хэрэггүй болно. Сурсан зангаа сураар боохоос өөр аргагүй, боох л хэрэгтэй, индиан нар ганц хуйхны төлөө долоо хоног өл хоолгүй явж чаддаг тэвчээрийг ч сурах хэрэгтэй юм шүү. Чимээ байна уу, Жаспер аа?
— Могой маань ирж байна.
— Могиканы нүд хэр зэрэг гярхай болохыг одоо мэдэж авна даа.
Могикан, Жасперын хүрч ирсэн тэр зүгээс гарч ирэв. Шууд яваад ирэхийнхээ оронд голын дээд хэсгээс огт харагдахгүй дугуйрсан хэсгийг өнгөрмөгц голынхоо эргийн доод биеийг барин нэн болгоомжтой явсаар бут бургасан дундуур орж хаанаасаа ч харагдахаар болж авсан байв.
— Могой маань, тэр бузруудыг олж харсан байна. Муусайн ноход түүдгийн утаанд хууртаж, бүслэлт хийн бүгж л дээ! Энэ бол намайг арьс цагаан, мөргөл христос гэсэнтэй өөрцгүй үнэн гэж Мөрч хэлэхдээ хөх инээд нь хүрч сэмхэн инээж Кэпийг тохойгоороо нударна.
Тэгээд бүгд огт чимээ анир гаргалгүй Чингачгукийн хөдөлгөөнийг нүд цавчилгүй ажиглав. Могикан залуу арваад минут хадан дээр хөдөлгөөнгүй зогсож байснаа гэнэт нэг чухал юм олж харав бололтой арагш ухасхийн голын эрэг рүү түгшсэн янзтай ширтээд мөрөө алга болгохын тулд эрэг хавийн гүехэн усан дундуур туучихдаа сэтгэл нь нэлээд зовж уу гэмээр яаруухан алхаж байн байн эргэн харах бөгөөд сүүлдээ завь энэ хавьд байгаа бол уу гэсэн маягтай нэг тийш их л шимтэн ширтэх ажээ.
Делавар эр юунаас болж ийнхүү сэтгэл түгшсэн учрыг мэдэх сэн гэж тэсэж ядах Жаспер,
— Дууд, цаадхыгаа дууд, хажуугаар гараад явчих нь байна шүү гэж шивнэхэд наадах нь зөрөв.
— Байг, байг, залуу минь, яарах хэрэггүй, цаадах чинь болохоо байсан үед мөлхөж ч мэднэ. Нохой шиг хурц нүдтэй байж Чингачгук ч биднийг харахгүй нь ээ, миний худалчийг хараарай. Бурхан биднийг тэтгэж, мэргэн ухаанаа хайрлаг!
Мөрч үгээ хэлж бараг дуусаагүй байтал индиан эр тэдний байгуулсан халхавч тийш хэдхэн алхсанаа гэнэт зогтусаж, тэдний огтолж суулгасан бут бургасыг сүрхий ажиглан хараад хэдэн алхам яаран ухраад бөхийснөө модны мөчрийг болгоомжтой гэгч нь зайчлан тэлсээр яг дунд нь оров.
Ийнхүү найзыгаа шивнэхэд ч дуулдахаар ойртож ирмэгц Мөрч,
— Нөгөө муусайн Минго нар яаж байна гэхэд,
— Ирокезууд... юм байна гэж ухаалаг индиан нөхөр нь хариулав.
— Ямар ялгаа байх вэ, Минго ч бай, ирокез ч бай, бүгд л адилхан чөтгөр. Аль нь ч бай надад бол минго юм чинь, за нөхөр минь, наашаагаа, тухтайхан ярилцъя.
Тэр хоёр зайдуухан газар очоод делавар хэлээр их л удаан ярилцана. Мөрч, хэрэгтэй бүхнээ мэдэж аваад бусад дээрээ очиж ярив.
Могикан эр, дайсны мөр мөшгөхөд тэд цайз орохоор явж байснаа Жасперын асаасан түүдгийн утааг хараад шууд тийш эргэсэн байжээ. Индиан нар олоод харчхаж магадгүй байсан болохоор Чингачгук тэднийг өнгөрөн өнгөртөл нуугдахаас өөр аргагүй болсон аж. Аз болоход ирокез нар гэнэт утаа олж харсандаа уугьчин уулгалсан болохоор орчин тойрноо төдий л ажсангүй. Ямар ч гэсэн нийт арван таван хүн хажуугаар нь ар араасаа цувран түргэн өнгөрөхөд Жаспер хойноос нь гэтэн явжээ. Ирокезууд мөр хөөнгөө Мөрч, могикан хоёрын мөрийг жимд нийлсэн газар хүрээд гол руу эргэв. Яг энэ үед Жаспер тохой тойрсон байж таарна. Зэрлэгүүд түүдгийн утаа суунаглан буйг сайтар хараад сэмхэн хүрч очихын тулд дахин мод руу орж алга болоход Чингачгук тэдэнд харагдалгүйгээр ус руу бууж тохойд хүрч хэрхэн зогссон тухайг бид саяхан өгүүлсэн билээ. Энэ завсар ирокезууд түүдгийг холуур нэгэнт бүсэлсэн боловч тэндээ төдий л мунгинасангүй.
Чингачгук, тэдний санааг гагцхүү хөдөлгөөнөөр нь тааварлан ойлгож байж. Тэд, түүдгийг хууран төөрөгдүүлэх санаагаар асаасан гэдгийг мэдэв бололтой ойр хавийг нь хурдан шинжиж үзмэгцээ хоёр бүлэг болон хуваагдаж нэг хэсэг нь ой руугаа буцаж, нөгөө нэг бүлэг-зургаагаас найман хүн Жасперын мөрөөр манай аялагчдын түрүүчийн буудлыг зүглэн хөдлөв. Тэнд хүрээд тэд яахыг нь тааварлаж болох учраас Могой нэн их аюултайг нь ойлгоод нөхөд дээрээ цаг алдалгүй хүрч очихыг зорив. Дайснуудын дохиог ажвал тэд голоор уруудах бололтой. Гэвч энэ бол таавраас цаашгүй ажээ.
Мөрч энэ тухайг нөхдөдөө ярьж өгөхөд нөгөө цагаан арьст хоёр нөхрийнх нь зуршил болсон зан байдал тод илэрч яавал эсэн мэнд бултан гарах арга замын тухай санал бодлоо хэлж гарлаа.
— Завиа ус руу бушуухан оруулаад, түргэн урсгал даган хар хүчээрээ сэлүүрдэхэд тэр муусайн чөтгөрүүд биднийг яаж гүйцэх вэ гэж Жаспер улайран хэлэхэд найз нь делаварчуудтай олон жил хамт байж тэдний чамирхуу уран үг ярианд автсан болохоор,
— Цагаан газар нахиалсан энэ цэцгээ шивэр ойн гүнд гундаах болж болж байна уу? гэхэд залуу эрийн нүүр царай зулайгаа хүртэл улайн,
— Бид бүгдээрээ амиа өрөх ёстой. Мэйбл, Гилбэрийн гэргий хоёрыг завиныхаа ёроолд хэвтүүлээд эрчүүл бид дайсантай тулалдах хэрэгтэй гэв.
— Цэнгэг Ус минь, сэлүүрдэхэд чамтай эгнэх хүн үгүй, өлзий бус хар муу үйлэндээ минго нартай эгнэх муу ёртнууд ч үгүйг би мэднэ. Завь хэчнээн хурдан ч сум түүнээс хурдан шүү дээ.
— Эцгийнх нь хайртай охиныг бид л амиараа даах ёстой.
— Гэсэн ч ухаалаг хичээнгүй байх нь бидний үүрэг биш үү?
— Ухаалаг хичээнгүй гэнэ! Дэндүү хаширлаж байж, зүрх зоригоо алдах хэрэг үү?
Тэд бүгдээр эргийн зурвасхан элсэн дээр зогсоход Мөрч ангийнхаа бууны хоолойноос хоёр гардан бариад бөгсийг нь газар тулжээ. Жасперын үндэслэл муутай гашуун үгийг сонсоод ажирсан шинж нүүрэнд нь өчүүхэн төдий ч илрээгүй боловч бууныхаа хоолойг барих гарынх нь хуруу бахь адил базаж буй нь түүний сэтгэл хөдөлснийг гэрчилнэ.
— Нас чинь залуу, цус чинь шингэн байна, харин би бол бүх насаа ямагт иймэрхүү аюулын дунд өнгөрөөсөн болохоор надад суусан хашир, хурсан эрдмийг жаал хүү тийм амархан сурчихгүй дээ. Жаспер минь, би чамайг төрсөн ухаан, сурсан эрдмийнхээ хэрээр чин үнэнээ хэлж байгааг чинь мэдэж байгаа болохоор чиний ууртай, утга учиргүй үгний чинь хариуд ууртай, утга учиргүй үг хэлэхгүй, харин чамайг нялх байх цагт минго нартай үзэлцэж явсан хүний үгийг дуул, ер нь тэгээд тэдний өмхий муу санааг мулгуу явдлаар биш ухаанаар дийлэх хялбар байдаг юм шүү гэж Мөрч арга ухаан хол давуутайгаа харуулж хэллээ.
Жаспер, буруу юм хэлсэндээ гэмшиж, нөхрийнхөө гараас шүүрэн барьж,
— Намайг уучил, Мөрч минь, намайг уучилж үзээрэй, үнэн голоосоо гуйя. Сайн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ манай нуурын эргийн хадан хясаа мэт баттай зориулдаг хүндээ тийм дэмий үг хэлсэн миний түмэн буруу гэхэд Мөрчийн царай одоо л улаа бутарч албархуу байдал нь эгэл болж, угаас чин үнэнч сэтгэл нь нүдний өмнө ил харагдана.
Залуу найзынхаа гарыг угтан атгахдаа саяхан болсон эвгүй харьцааны ул мөр огт үгүй болж, нүдэнд нь илэрч байсан ялимгүй хүйтэвтэр өнгө арилж угийн сайн сайхан санааг илтгэсэн байдал тодров. Мөрч инээж,
— Зүгээр, зүгээр, Жаспер минь, би муу юм санахгүй, миний нөхдөөс ч муу санах хүн гарахгүй. Миний зан чанар цагаан хүнийх болохоор өс хонзон санахыг мэдэхгүй. Харин Могойд бол энэ зэргийн байтугай үг хэлж болохгүй, хэдийгээр делавар хүн ч гэсэн улаан арьстны угийн чанар гэдэг амаргүй шүү гэтэл мөрөн дээр нь хэн нэг нь зөөлөн дохиолоход мань эр үгээ таслан эргэж харахул Мэйбл завинд зогсоод ямар нэг зүйлийг их л шимтэн ажиглах ажээ. Мэйбл, навчны завсраар ажиглахын хамт нэг гартаа барьсан загасны уургын ишээр Мөрчийн мөрийг цохиж дохиолсон байж. Мөрч, ажиглах газраасаа хөдлөлгүй даруй навчны завсраар шагайн хараад Жасперт,
— Гайтай муусайн минго нар байна. Нөхөд минь, буугаа бэлдээд модны хожуул шиг хөдөлгөөнгүй хэвт! гэж шивгэнэв.
Жаспер чимээ огт гаргалгүйгээр бушуухан гэгч нь завь дээр очиж Мэйблийг завины ёроолд нуугдан хэвтэхийг ялдамхан гуйвч цаадах нь дайсны барааг харахын тулд толгойгоо өндийлгөхгүй байж эс чадах ажээ. Тийнхүү Жаспер, охины биеийг сайтар нуух арга хэрэглээд өөрөө хажууд нь буугаа шагайн хэвтлээ. Гилбэр, Чингачгук хоёр халхавч руугаа мөлхөж очоод гараа алдлаад могой мэт гулдайн хэвтэхэд Гилбэрийн эхнэр Зургаан сарын Шүүдэр өвдгөө дэрлэн зотон хормойгоор толгойгоо битүүлэн огт хөдөлгөөнгүй суув. Кэп, хоёр гар буугаа бүснээсээ салгаж авсан боловч хэрхэхээ мэдэхгүй балмагдан буй харагдана. Мөрч дайсныг алдалгүй намнахад хамгийн эвтэйхэн байраа олж зогссон болохоор тэндээсээ огт хөдөлсөнгүй, ер иймэрхүү эгзэгтэй түгшүүртэй үед ч барьц алдахыг мэддэггүй хүн билээ.
Байдал үнэхээр түгшүүртэй байв. Мэйбл дохио өгөх үеэр тэднээс гурван зуугаад алхмын тэртээ гурван ирокез гол орчмын газрыг шинжин явах бараа харагдахад ажвал бэлхүүсээ хүртэл нүцгэн биеэ эрээлэн будсан бөгөөд зэвсэг агссан харагджээ. Тэгэхдээ тэд чухам хаашаа явахаа мэдэхгүй ээрч буй нь андашгүй, нэг нь гол өгсөх, нөгөө нь уруудах зүг зааж, бас нэг нь нөгөө талын эргийг заах ажээ.
Тавдугаар бүлэг
Энд ч үхэл, тэнд ч үхэл,
Хаа хаагүй үхэл.
Шелли
Голоор хүйт оргим нэн түгшүүртэй үе байлаа. Мөрдөн хөөгчид, утаанд хууртаж дөнгүүлсэндээ уур хилэн нь бадарч өвөр хоорондоо элдэв дохио өгөн харилцаж буйг нь сайтар ажиглахул тэдний санааг тааварлаж болох бөгөөд нэг хэсэг нь цайзын зүг буцсан нь лавтай болов. Түүдэг асаасны ач тус нэгэнт үгүй боллоо. Одоо гол даган яваа индиан нар манай аянчдыг хэдийд ч олоод харчхаж магадгүй аюул шууд нүүрлэж ирэв. Энэ бүхнийг Мөрч магадгүй зөн билгийнхээ хүчээр хэрхэхийг хурдан шийдээд бүгдээр хүч чадал, арга ухаанаа нэгтгэн үзэлцэхэд нэн даруй зэхэх хэрэгтэйг ухаарчээ. Ингээд чимээ огт гаргалгүйгээр хоёр индиан, Жаспер гурвыг дэргэдээ ирүүлж:
— Бэлдээрэй, бэлдээрэй. Хуйхны чөтгөр гурав ирж байна, гэтэл бид тавуулаар барахгүй, дөрөв маань энэ зэргийн зодооныг бишгүй үзээ биз дээ. Цэнгэг Ус аа, тэр биеэ үхэл мэт эрээлсэн золигийн учрыг чи ол. Чингачгук толгойлогчийнх нь, Гилбэр чи тэр залуугийнх нь бодийг хөтөлнө шүү. Андуурч болохгүй, нэг мондид хоёр сум гарздахгүй шүү. Дэслэгчийнхээ охиныг авч яваа ийм чухал үед сумаар хүүдгэнэж хэрхэвч болохгүй. Би өөрөө бэлтгэлд байя, юмыг яаж мэдэх вэ, дөрөв дэх чөтгөр гараад ирдэг ч юм уу, аль эсхүл та хэдийн аль нэгний чинь гар чичрээд алдчих ч юм бил үү, юмыг яаж мэдлээ. Намайг дохио өгөхөөс нааш гал нээж болохгүй. Тун аргагүй болсон үед л юу юм гэхээс биш, буу дуугаргаж болохгүй, бусад нь мэдээж холгүй байгаа, сонсчихно. Жаспер дүү минь, чи бидний араас сэжигтэй юм мэдэгдвэл завиндаа сууж дэслэгчийн охиныг аваад цэргийн хорооны зүг байдгаараа хурдлаарай. Тэнгэр харж үзэх болтугай гэж шивгэнэв.
Мөрч, ийм заавар өгч дөнгөж дуустал дайсан тун ойртсон тул манай аянчид өчүүхэн ч чимээ анир гаргалгүй отон хүлээв. Ирокезууд голын усаар эрэг рүү өнгийсөн бургас мод бараадан аажуухан наашлах бөгөөд хуурай мөчир тас няс хийх чимээ дуулдах нь бас нэг хэсэг этгээд мөн эрэг даган нөгөөдүүлээсээ түрүүлсхийн айсуй болох нь магад болов. Энэ бол үнэхээр аймшигтай хэрэг. Ургаа бургас, аялагчдын суулгасан бут бургасны завсар газар хүрч ирэхийн алдад дайсны хоёр бүлэг бие биеийнхээ барааг олж хараад зогсож хоорондоо дуу дуугаа авалцан ярилцах нь манай аялагчдын яг толгой дээгүүр дуулдах ажээ. Аялагчдыг ердийн зөөлөн салхинд ч уначихмаар суулгасан бургас мөчрөөс өөр юу ч халхлаагүй байлаа. Тэдний аз болоход ус ба хуурай газар зогсох хоёр бүлэг индиан нарт бургас мөчрөөс сэжиг авах юм ажиглагдахгүй байсан тул тэд алс зайдуу газар хараагаа сунгана. Мөрчийн зоригтой сийлсэн ухааны ач байж мэдэх л юм. Индиан нар юмыг яаж мэдэх вэ гэсэн маягтайгаар их л бүдэг хоолойгоор хянуур ярилцана. Ярьж буй хэл нь хоёр бүлэг болон Мөрчийн аль алинд ойлгогдох, тэр бүү хэл Жаспер ч хагас хугасыг нь гадарлах аялга ажээ.
Жасперын завинд буй загасны жадаар дэлсэхэд болмоор тийм ойрхон ирээд зогссон нэг индиан,
— Мөрийг нь ус арилгачхаж, енгизийн анч нохойн хамар ч олохооргүй болгоод хаячхаж гэхэд эргийн дэргэдэх нэг нь,
— Цонхигор царайтнууд завиндаа суугаад жилийжээ гэнэ.
— Тэгж чадахгүй. Манайхны буучид отож байхад мултрах номгүй.
Мөрч, Жаспер өөд учиртай хараад амьсгалаа дарахын тулд хөмхийгөө зуув.
— За, миний залуус бүргэд шиг нүдтэйн хэрэг юу билээ, олигтойхон л хараарай. Бүхэл сар яваад ганц хуйхтай байна гэдэг чинь юү гэсэн үг вэ. Цонхигорууд нэг хүүхэнтэй яваа шүү, манайханд эхнэр хүссэн хүн цөөнгүй бий дээ гэж усанд зогсох хамгийн ахмад индиан нь хэлж байна.
Аз болоход Мэйбл энэ үгийг сонссонгүй, харин Жасперын хөмсөг улам атирч, царай нь улам барайв.
Тэд яриагаа зогсоов. Эргийн тэндэх нь бургас мөчир дундуур аяархан явсаар хөлийн чимээ тасрахад усанд зогсогсод нь ийш тийш ажсаар агаад хачин маягтай будсан нүүр царайнаасаа болж нүд нь эгээ л цог шиг харагдана. Хоёр гурван минутын дараа тэд ч цааш эргэсэн боловч ямар нэг юмаа гээчхээд эрж буй хүн шиг хөлөө их л удаан зөөсөөр хоргодон хургасаар одоо л нэг аюул өнгөрөх шиг болоход Мөрч баярласандаа төрөлхийн заяасан өнөөх битүү сайхан инээдээ барьж ядан амаа нээтэл хэрэг биш болох нь тэр. Хамгийн сүүлд явсан нэг индиан зогтусан эргэж бут бургасны дотор ямар нэг сэжиг төрүүлэм юм буйг олж харав бололтой их л шимтэн ширтлээ.
Аялагчдын аз болоход тийнхүү сэжиг авсан дайчин бол нас залуу, онцгой гавьяа байгуулж нөхдийнхөө дотор нэр алдартай болж амжаагүй хүн байж. Ийм залуу насандаа ахас дээдсээ хүндэтгэх эгэл даруухан зантай байхыг хичээхийн хажуугаар хэзээ боловч худал дохио өгч нөхдөө үймүүлбэл бусдадаа элэг доог болно гэхээс ухаан алдталаа айна. Ийм учраас урсгал уруудан явж буй цаадуулаа дуулалгүйгээр ганц биеэр буцаж сэжиг авсан бут бургасаа нүд цавчралгүй ширтсээр дөхөж эхлэв. Наран талын хэдэн бургас ялимгүй эвэрч гундах янз орон ердийн байдлаас өчүүхэн төдий хазайсан байдлыг индиан хүний гярхай нүд алдалгүй ажсан аж. Дайн тулааны үед хэр баргийн хүн яавч ажиглахгүй тийм ялихгүй юмнаас хүртэл сэжиг авч цаашид явах замналаа хийдэг нь гагцхүү зэрлэгүүдийн онцгой шинж, соргог чанар билээ. Нөгөө талаас, түүний авсан сэжиг нь үнэхээр ялихгүй байсан учраас ч мань эр бусдынхаа санаа бодлыг сонсъё гэж зүрхлээгүй аж, худал байвал яана! Харин үнэхээр чухаг юманд сэжиг авсан бол энэ гавьяагаа хэнтэй ч хуваалцахгүйг боджээ. Залуу индиан, ой тайгад оршин суугч аливаа хүний нэгэн адил аливаа ил, далдын аюулаас ямагт болгоомжлох тул одоо ч гэсэн туйлын их хянуур хөдөлж байлаа.
Энэ бүгдээсээ болоод залуу ирокез сэжиг авсан газраа бүр тулж очихоос өмнө цаад нөхөд нь тавь жаран алхам лав холдсон байлаа.
Нуугдсан хүмүүс маань ийм их эгзэгтэй үе байсан боловч нүүр царайд нь дотоод сэтгэлийнх нь элдэв бодол илрэх тэрхүү залуу ирокезийн нүүрийг ширтсээр байлаа. Эхлээд мань эр отгийнхоо ахлагчдын байгуулж чадаагүй бөгөөд залуу насандаа бахдал болгох гавьяа байгуулах сан гэж бодож байснаа гундаж эхэлсэн гэж бодсон бут бургас нь сэвсээ салхинд найгалзан эхлэхэд худлаа юм бодож дээ хэмээн урам нь хугарч эхлэхийн хамт ер нь энэ хавьд далдын аюул байж магадгүй хэмээн айж буй нь андашгүй ажээ. Усанд тэг дундаа хүртэл шигдсэн бударганын ороонго зуны нарны төөнөм илчинд даанч бага нөлөөлөгдсөн тул залуу ирокез түүнд гараа хүргээд өөрийн бодлыг буруу байж хэмээн сэтгэв. Үнэхээр худал байж лавтай мэдэхээр нөгөөх мөчрийг зайчлан дотогш ормогцоо хөшөө шиг хөдөлгөөнгүй хэвтэх хүмүүсийг олж хараад дуу алдан арагш ухасхийхийн даваан дээр Чингачгук ганц далайхад том сүх нь индианы нүцгэн гавлыг хага дэлсэв. Индиан залуу хоёр гараа сарвасхийн гуйвлан палхийн унахад усны урсгал түүний амь тавин тэлчлэх хүүрийг авч одов. Делавар эр, ирокезын гараас шүүрэн авч хуйхыг нь олзлох гэж ихэд чармайсан боловч цус нь садрах хүүр түргэн урсгалд савчсаар алга болов.
Энэ явдал ганц минутын төдийд болж өнгөрсөн бөгөөд ер нь элдэв хэрэг явдал ингэж түргэн ээлж дараагаар солигдохыг ой тайгын дайн тулаанд долингоршсон Мөрч ба түүний нөхдөөс өөр хүмүүс ойлгохгүй тул яах ийхээ ч мэдэхгүй байх сан билээ.
Жаспер, бут бургасыг зайлуулахын хамт,
— Ганц ч агшныг алдаж болохгүй. Эрхэм Кэп, хэрэв та зээ охиноо аврахыг хүсэж байгаа бол миний үгнээс бүү гар, харин Мэйбл та завины ёроолд сунаж хэвт гэж чанга биш дуугаар боловч асар их нухацтай хэлмэгцээ өөрөө өвдөгцөө усанд зогссон хэвээр завины хошуунаас барьж эргийн дагуух урсгал руу татахдаа бургасанд аль болох ойр явж голын тохой хүрч дайсны нүднээс далд орохыг чармайна. Кэп араас нь тусална. Эргийн хажууд байсан нөгөө нэг завь нь эдний араас дагах ёстой аж. Делавар, эргийн нарийхан зурвас элсэн дээр үсрэн буумагцаа ой руу шууд орсон нь тэр хавьд дайсныг ажиглах үүрэг авсан ажээ. Гилбэр, цагаан арьст нөхрийгөө завины хошуунд гарч Жасперын араас явах дохио өгөв. Гэтэл голын тохой хүрэхийн алдад завь нь гэнэт их хөнгөхөн болсон санагдахад Мөрч эргэж харахул тускарора, эхнэрийн хамт хоёул алга болсон байв. Урваж дээ гэсэн бодол толгойд нь харван орсон боловч тэртээ доороос уй гашуутай дуун сонстох нь өнөөх ирокез залуугийн хүүр голын түргэн урсгалаар нөхдөө гүйцэн очсоны шинж тэмдэг гарцаагүй мөн тул хормын төдий ч цаг хугацаа алдаж болохгүй болжээ. Буун дуу тасхийтэл Мөрч харвал Жаспер тохойг ороон голыг гаталж, завины хитэг дээр зогсох ба Кэп хошуунд нь суучихсан сэлүүрдэхэд нь хамаг хүчээрээ тусалж буй харагдана. Хил хязгаарын дайн тулаанд долингоршсон хүмүүс бол нүдний ганц харцанд тодрох бодлоор бие биеийнхээ санааг дор нь ойлгодог юм. Мөрч, завины хитэг дээр үсрэн гарч, түргэн урсгал дагуу хүчтэй сэлүүрдэн нөгөө талын эргийг чиглэхдээ урсгалын доод биеийг барьж яваа нь нөхдөө дайснаас өөрийн биеэр хаацайлах гэсэн санаа ажээ. Дээрэмчин зэрлэгүүд түүний хуйханд шунахдаа өөр юм сэтгэхээ болино гэдгийг мань эр мэдэж байжээ.
Зоригт замчин усыг хөндлөн чиглэлээр жигдхэн хүчтэй удаан гэгч нь сэлүүрдэн явах зуур,
— Жаспер, урсгалаа л олигтойхон барьж яваарай, энэ чигээрээ яваад эргийн бургас бараад. Дэслэгчийн охиныг л хамгаалж яваарай, тэр муусайн минго нарыг Могой бид хоёр дөнгөнө гэв.
Жаспер мэдлээ гэдгээ сэлүүрээрээ дохиолж байхад буун дуу байн байн гарч байх нь завиар яваа ганц сэлүүрчийг онилж буй хэрэг билээ.
— За, муусайн тэнэг адгууснууд, сумаа бараад бай, оногдохгүй бай, шагайгаад бай, би ч энэ хооронд та нарын сумны тусгал хүрэхээргүй хулжаад өгөмз хэмээн Мөрч хэлэх нь угаас ой тайгад удаан суусных, өөрөө өөртэйгөө л ярьж заншсаных ажээ. Цааш нь: Дайн тулааны үед христос мөргөлтөн хүн биеэ магтдаггүй юм. Би индиан биш, цагаан арьстан учраас та нарыг делавар юм уу могикан хүн шиг нэг их муу муухайгаар харааж зүхэхгүй. Гэхдээ би та нарыг бол цэцэрлэг дэх болжмороо буудаад онодоггүй хотынхноос арай эрт гэж хэлнэ. Энэ ч бүр догь байна! гэж шанааных нь үсийг сум шүргэхэд мань эр дуу алдаж хэлээд, — Гэхдээ л байнаасаа ямхын төдий зөрнө гэдэг чинь бууны амнаас сум гараагүйтэй адил хэрэг шүү дээ. Зүйтэй, Жаспер минь! Бид хуйхаа алдаж байгаад ч дэслэгчийнхээ охиныг аврах ёстой! гэнэ.
Яг энэ үед Мөрч голын тэг дунд хүрч ирокез нартай бараг зэрэгцсэн байхад Кэп, Жаспер хоёрын хүчээ дайчлан сэлүүрдсэн завь, голын эргийн очих гэсэн газартаа тув дөхсөн байв. Энэ удаа хуучин далайч нэрээ үнэхээр хадгалж далайн хөлгөөрөө хөвж буй мэт санагалзан зээ охиноо, бас өөрийгөө ч ихэд хайрлан явах бөгөөд урьдын туулж ирсэн зам нь хэдийгээр ялгаатай ч гэсэн иймэрхүү дайн тулааны үед бас л мөчөөгөө өгөхөөргүй шинжтэй гялалзана. Завины сэлүүр хэдэн удаа хүчтэйхэн ажиллахад завь эргийн бургасандаа хүрч Жаспер, Мэйблийг эрэг дээр дэмжиж гаргаад манай гурав ийнхүү хэсэг зуур осолгүй байдалд оров.
Харин Мөрчийн тухайд гэвэл тийм биш байлаа. Амь нас хайхралгүйгээр дайсны буун суманд биеэ зориуд илчилсэн байхад эрэг дээр явсан дайсан нөгөө нэг бүлэг этгээд голын ус руу бууж ирээд нөхөдтэйгөө нийлсний улмаас аюул ноцтой болох нь тэр. Освего голын ус энэ хавьдаа төдий л өргөн бус тул тэг дунд нь яваа Мөрчид дайсны буун сум лавтай онож тусах боломжтой.
Тийм онцгой аюултай байдалд Мөрчийн сийрэг ухаан, хатан зориг л тус болж байв. Аюулаас мултрах ганц зам бол үргэлжийн хөдөлгөөнтэй байх явдал мөнийг эрэлхэг замч мэдэх тул хэсэгхэн төдий ч нэг байдалд гацан оногдох бай болохгүйг чармайхын хамт ганц чиглэлээр хөдлөх нь зугтан яваа бугыг давхиа дунд нь алдалгүй намнадаг индиан нарт төдий л төвөггүй учраас Мөрч маань хөдөлгөөнөө байнга өөрчилж нэг хэсэг урсгал дагуу харвасан сум мэт хурдалж нэг үзэж, нэг хэсэг зүгээ огцом буруулж өөр тийш бултан сэлүүрдэж муриг сариг хөдөлгөөнөөр зугтаж явлаа. Мань эрийн аз болоход усанд сэлэн яваа зэрлэгүүд буугаа дахин цэнэглэж чадахгүй байхад эрэг хавьд буй нь зугтан яваа завьчныг нарийн шагайхыг хичээвч бут бургас саад болж байв. Ийнхүү тухайн таатай байдлыг далимдуулан бултан урсгал даган хурдалж нөгөө талын эрэгт дөхөж байтал бас нэг аюул гэнэт тохиолдлоо. Голыг ажиглуулахаар бүгүүлж орхисон хэдэн ирокез давхар аюул учруулах нь тэр.

You have read 1 text from Mongolian literature.
Next - Мөрч Буюу Дотоод Тэнгис - 05
- Parts
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 01
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 02
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 03
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 04
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 05
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 06
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 07
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 08
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 09
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 10
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 11
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 12
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 13
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 14
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 15
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 16
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 17
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 18
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 19
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 20
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 21
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 22
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 23
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 24
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 25
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 26
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 27
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 28
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 29
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 30
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 31
- Мөрч Буюу Дотоод Тэнгис - 32