🕥 36-minute read

Мөрч Буюу Дотоод Тэнгис - 03

Total number of words is 4634
Total number of unique words is 2081
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
   Завины анхны эзэд болсон хоёр эр, зам зуурдаа ачаагаа буулгаад завиа олон зуун алхам газар өргөж явсан удаа цөөнгүй агаад, нэг нь аваад явахаар хөнгөхөн атлаа их урт, ердийн нарийхан завинаас хамаагүй өргөн. Мэдэхгүй хүний нүдээр харвал хэврэг мэт харагдах боловч хэрэглээд хэдхэн цаг болбол ид шидийг нь бүрэн ойлгоно. Мэйбл нагац ах хоёулаа бол энэ завинд суухдаа төрсөн гэртээ ороод ирсэн шиг санагдах улс. Дээр нь гурван хүн нэмээд суухад ачаа нь хүндэдсэн шинж огт үгүй байв. Бөөрөнхий ёроол нь өргөн тул нэлээд их ус түрэн гаргах авч тэгтлээ гүн суухгүй боломжтой. Энэ завь хүний гараа гаргаж хийсэн бүтээл юм. Хажуу хавиргыг нь сураар бэхэлсэн нь харахад хэврэг бол уу гэмээр боловч дахин өдий чинээ ачсан нэмсэн ч алзахгүй бөх бөлгөө.
   Кэп завины голд намхан исар дээр сууж, Аварга Могой хажууд нь өвдөг сөхөрчээ. Гилбэр суудлаа залуурчинд арга буюу тавьж өгөөд эхнэртэйгээ хоёул тэр урдуур суув. Мэйбл, нагац ахынхаа ард өөрийн жаахан юм хумыг тохойлдон суужээ. Мөрч, Цэнгэг Ус хоёр нэг нь завины хошуун дээр, нөгөө нь хитэг дээр эгцлэн зогсоод голын усыг жигд, явц ихтэй, дуу чимээгүй сэлүүрдэж гарав. Тэд хоорондоо ярилцах аваас зөөлхөн шивнэнэ. Ой мод шингэрч цайзад дөхөж буй шинж бүрдэхэд манай аянчид бүгд маш их сэрэмжлэн болгоомжилно.
   Освего гол энэ хэсэгтээ нэг их өргөн биш гэх нь ээ ус элбэгтэй гүнзгий. Хоёр эргийн мод нь зарим газар хоорондоо нийлээд голын усыг нарны гэрэл ч нэвтрэхээргүй харанхуйлан ширэлдсэн байна. Хааяа аварга том мод эрэг өнгийн бөхийсөн байх тул мөчрийг нь мөргөчихгүйг хичээж явахгүй бол горьгүй. Эргийн дагуу жижгэвтэр модны навч мөчир бараг туушдаа голын усанд шүүрэн шүргэн алдана. Эндхийн байдал бидний дурлан уншдаг яруу найрагчийн шүлэгт гардаг зүйл биеэрээ хувилсан мэт учир бид энэ бүлгийнхээ эхэнд түүнээс эшлэл болгосон билээ. Олон эрин зуунд өвс модны сөлөөр баяжсан хар наангинцар хөрс, эргээ бялхам устай гол, «ханан хад мэт ярайн үзэгдэх хүчирхэг төгөл» гэж Брайант бичсэн нь одоо бидний нүдэнд тэр байгаагаараа харагднам. Цөөн үгээр хэлэхэд, эндхийн нутаг усны бүхий л байдал хүний дур зорго, шаардлагад захирагдаагүй баян байгаль унаган төрхөөрөө буй агаад шим тэжээл ихтэй, ирээдүйн их хүсэл мөрөөдөлд хөтөлсөн, унаган төрхтэй атлаа уран зураг мэт үзэсгэлэн төгөлдөр гэхэд болмуй. Энд өгүүлэн буй үйл явдал 175... онд буюу өөрөөр хэлбэл өрнөд Нью-Йорк иргэншлийн хүрээнд татагдан орохоос аль өмнө болсон гэдгийг бүү мартаарай. Тэрхүү урьдын цагт цэргийн холбооны шугам Нью-Йорк колонийн хүн оршин суудаг нутгийг Канадын хилд залгаа хилийн зурвас лугаа холбож байж. Хоёр шугамын нэг нь Шамплен нуур ба Жоржоор дайрч, нөгөө нь Мохок, Вуд-кирк, Онейд болон дээр нэр гарч байсан гол мөрнийг дайрдаг байж. Хоёр шугамын дагуу хэрэм цайз барьдаг байж. Гагцхүү Мохокийн эх дэх сүүлчийн харуулын байраас Освегогийн эхэн хүртэлх зуун бээрийн газар ганц ч бэхэлгээ цайз байсангүй, чухам энэ газраар Кэп, Мэйбл хоёр Гилбэрийн хамгаалал дор аялан явсныг дээр тодорхойлон өгүүлсэн зүйлээс мэдэж болох юм.
   — Заримдаа би энх амгалан цаг болоосой гэж их мөрөөддөг юм. Тийм цаг ирвэл зэрлэг ан араатан, загасыг л дайсан гэж үзэхгүй бол ой тайгаар хэсэхэд өөр ямар дайсан байх билээ. Могой бид хоёр гол мөрний эргээр ан агнаж, дуртай загасаа барьж, минго, хуйхны тухай санаа зоволтгүй өнгөрөөсөн тэр сайхан өдрүүдийг санахаас зүрх шимшрэн ёгхийнэ. Тийм сайхан өдрийн мөрөөдөл болдог маань би хүн хүнээ алахад дургүйдээ л энэ шүү дээ. Хүн төрөлтийн мууг үзэхдээ дуртай хүний шаар гэж намайг дэслэгчийн охин бодохгүй биз ээ.
   Хариу үг сонсохыг горьдсон ийм үг эцэст нь хэлээд Мөрч арагш харав. Түүний нар салхинд осгортож түлэгдсэн, ов тов байдалтай нүүрийг харсан гярхай хүн яавч сайхан гэж хэлэхгүй авч инээмсэглэл нь Мэйблд хүртэл аятайхан санагдсаны учир гэвэл түүний нүүрэнд хиргүй тунгалаг шударга чин чанар дусал усанд гялтганах нарны туяа мэт тодорсных болой.
   — Зэрлэг ой тайгад яваа охиныгоо амдуулах гэж хүн явуулахдаа эцэг маань арай таны хэлдэг шиг тийм хүн зарахгүй байх гэж бодож байна хэмээн залуу эмэгтэй бүр ч хайр хүрмээр инээмсэглэн хариулав.
   — Хаанаас, хаанаас, дэслэгч маань голдоо нүхтэй хүн. Өөрийнх нь хэлдгээр бид хоёр мөр зэрэгцэн бишгүй олон аялал, тулалдаанд явж үзсэн хоёр, тэгэхдээ би ойр хавь муу хулгай франц буюу минго байж магадгүй гээд үе мөчөө арай илүү чөлөөтэй байлгахыг боддог хүн л дээ.
   — Тэгвэл та чинь, аавын захидалдаа байнга бичдэг байсан тэр залуу найз нь байж таарах нь ээ?
   — Залуу найз гэдэг нь аргагүй, харин надаас насаар гуч ах шигээ надаас бас гуч дахин илүү хүн шүү дээ.
   — Охиных нь нүдэнд тэгж харагдахгүй байх шүү. Мөрч минь, гучин нас ах гэдэг бол арван есөн настай охинд тэр болгон давуу тал болж санагдахгүй байх гэж усны бараа харснаас хойш хийморь ихэд сэргэсэн Кэп хөндлөнгөөс хошуу нэмэв.
   Мэйблийн царай улайж завины хошуу талд суух хүмүүсийн нүднээс хараа буруултал хитэг дээр яваа залуугийн харцтай яг тулгарсан тул зөөлөн цэнхэр нүднийхээ бүлтгэнэх харааг гагцхүү усны зүг хандуулав. Гэтэл яг тэр агшинд гудамжлан жагссан мэт моддын дундаас хүнд нүсэр бүдэх чимээ лүгхийн голын усанд үл ялиг мяралз үүсгэх салхи сэрдхийлээ.
   Кэп, алсад хуцах чимээ сонссон нохой чихээ соотгонуулах мэт зэрмэсхийн.
   — Аятайхан дуулдаж байх чинь юу вэ, танай нөгөө нуурын ус эргээ дэлсэж байгаа нь энэ үү? гэхэд,
   — Тийм биш ээ, эндээс хагас бээрийн тэртээ голын ус хад цохионд дэлсэх чимээ л байна гэж Мөрч хэлэв.
   — Усны хүрхрээ энэ хавьд байдаг юм уу? гэж Мэйбл асуугаад царай нь улам их улайв.
   — Эрхэм Мөрч та эсвэл Цэнгэг Ус минь (хил хязгаар нутгийн ёс горимд илүү даслаа гэж Кэп бодоод Жасперыг ингэж дуудах болжээ) чигээ өөрчлөөд эрэгт дөхвөл яасан юм бэ. Хүрхрээтэй газар эргүүлэг заавал байдаг сан. Тийм юманд орчихвол нүхэнд унаснаас өөрцгүй юм болж харлах маань тэр шүү, золиг чинь.
   — Бидэнд итгэж үз, итгэж үз, Кэп найз минь. Бид хэдийгээр цэнгэг усны улс ч гэлээ, ялангуяа би бол шалихгүй усч, гэхдээ бид усны хүрхрээ, эргүүлэг, харгиа энэ тэрийг гадарладаг улс болохоор тэр зэргийн юмаар буухдаа нэрээ баастахгүй дөнгөнө шүү гэж Мөрч хариу өчихөд цаадах нь дуу алдан,
   — Уруудах гэнэ шүү! Үгүй ер нөхөр минь, чи арай ийм өндөгний хальс шиг юманд сууж байж хүрхрээ дотор орох гэж бодоогүй биз? гэв.
   — Орохоор барах уу, цайз хүрэхэд хүрхрээгээр гарах л амар, тэрнээс биш юм хүм, завиа аваад бүтэн бээр газар явах ямар олиг байх вэ.
   Мэйблийн царай баахан цайж хитэгт яваа залуу руу харахад яг тэр агшинд нөгөө бүдэх нүсэр чимээ дахин гарав. Чухам юун чимээ болохыг одоо нэгэнт мэдсэн тул их л аймшигтай санагдах ажээ.
   — Эмэгтэйчүүд, хоёр индианаа эрэг дээр буулгачхаад, ийм усанд долингоршсон бид гурвуул дажгүй гараад явчихна, ямар анх удаа гарч байгаа биш гэж Жаспер тайван хэлэв.
   Мөрч, дээгүүр харж Жасперт ирмээд,
   — Эрхэм далайч найз минь, бид танд л найдахаас өөр хэнд найдах билээ. Усны тонгочоонд тань шиг дассан хүн дэслэгчийн охины хамаг юм хүмийг норгон бүр алдчихгүйн тулд завиа гардах байх гэж бид итгэж байна гэхэд балмагдсан Кэп хариу дуугарч чадсангүй.
   Хүрхрээгээр гарна гэдэг усаар гатлах гэгчийн тухай ойлголтгүй хүнд ч хэчнээн аюултайг бодохоос Кэп бүр илүү аюултайд үзжээ. Байгалийн залуургүй хүч гэгч юу байдаг ба тийм юманд өртсөн хүн хэчнээн арчаа алддагийг мань эр даанч сайн мэдэх учир балмагдах нь арга байж уу, гэсэн ч нэрэлхүү бардам зантай хүн болохоор больё гэх нь ичгүүртэй санагдана, ялангуяа хамт яваа хүмүүс айж сандрах бүү хэл цааш явах зориг шийдэмгийг харваас бүр ч ёсон бус сангагдана. Гэтэл аюул заналд учирч цочоо нь гарсан, омог бардам зантай хэдий боловч хүний хуйхыг өвчдөг индиан нар толгойноос нь ер гарахаа больсон тул завийг гардахаа больё гэж хэлэхээс буцахааргүй байв. Тийм аюулыг бодох нь ээ завь гардан жолоодох бол аминд өлзийтэй мэт санагдах ажээ. Бас хайртай зээ охиныхоо төлөө санаа нь зовох тул Кэп,
   — Соронзонгоо яах вэ? Тэр муусайн дайсагнагч индиан нар дэргэд байгаа юм бол эрэг дээр гаргаад орхино гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж уурсангуй асуухад Мөрч их л итгэлтэйгээр,
   — Та бүү зов! Боомтын ойролцоо минго нар бузар үйлсээ үйлдэх боломжгүй учраас нэг нь ч хавьтахгүй. Аливаа амьтанд угийн төрх гэж байдаг. Индианы шинж төрх нь тэнд байж болзошгүй гэсэн газар байдаггүйд оршино. Их хөлийн газар тааралдахгүй, харин зэлүүд газар гэнэдүүлэн дайрна. Ямар нэг аргаар хуурч мэхэлж байгаад чадахыг боддог цуст яргачид байхгүй юу, тэр муусайнууд чинь. Эрэг рүү дөх, Цэнгэг Ус минь, тэр нэг дархины үзүүрт дэслэгчийн охиныг буулгая, гутлыг нь норголгүй эрэг дээр гаргачихъя гэв.
   Чингээд хэдэн хормын дараа Мөрч, хоёр далайчаас бусад нь завинаас бууж эрэг дээр гарав. Кэп, мэргэшлээрээ их бардамнадаг ч гэсэн хуурай газраар дуртайяа явах байсан авч цэнгэг усныхны нүдний өмнө өөрийнхөө унхиагүйг улайм цайм зөвшөөрөн хүлээхийг зүрхэлсэнгүйдээ бухимдан,
   — Энэ чинь, та минь, хуурай газар завиар явах гэснээс өөрцгүй юм болж байна. Голын хүрхрээ гатлахад далайчны ур чадвар шаардагдахгүй, ийм юманд хашир далайчин, шинэ завьчин хоёрын ялгаа алга гэж завинаас буухдаа хэлэв.
   — Та, Освегогийн хүрхрээг басамжлах хэрэггүй. Ниагар, Женеси, Кэхү, Глен, тэр ч бүү хэл Канадын хүрхрээнүүдтэй адилгүй ч гэсэн хэр баргийн шинэ усч зүрх алдмаар байдаг юм шүү. Дэслэгчийн охин одоо тэр хадан дээр гараад, ой тайгын бүдүүлэг бид тойрч гарч болохгүй замыг дайраад гарч чаддагийг сонирхог л доо. За, Цэнгэг Ус минь, нэгэнт Эрхэм Кэп эгэл жуулчлагчаас дээрдэх юмгүй байгаа тул чи гарын шөрмөс, нүднийхээ хурц хараагаар бүхнийг даах боллоо шүү гэж Мөрч хэллээ.
   Завийг хөдөлмөгц Мэйбл сэтгэл ихэд дэнслэн Мөрчийн заасан хадан дээр очиж хамт яваа хүмүүстээ авга ах минь яах гэж өөрийгөө ийм аюулд учруулна вэ гэхийн хамт хитэг дээр эгц зогсоод завиа залах залуурчийн ганагар хүчит биеийг байн байн ажиглана. Нөгөө хадныхаа дээр гараад хартал хүрхрээ үнэхээр аймшигтай учир Мейбл нам хоолойгоор дуу алдан нүдээ хоёр гараараа дарж хэсэг байзнаснаа дахин харахдаа дуугарч ч чадахгүй, ид шидийн хүчинд автсан адил амьсгаа даран мэлэрч зогсов. Хамт яваа хоёр индиан нь голын зүг нэг харахчаан аядсанаа огт тоохгүй шинжтэйгээр модны хожуул дээр суув. Харин Гилбэрийн эхнэр Зургаан сарын Шүүдэр л Мэйблийн хажууд ирж зогсон, үсрэн наадагч циркийн жүжигчний хөдөлгөөнийг сонирхож буй хүүхэд мэтээр завь тонгочин байхыг шохоорхон сониучилж байлаа.
   Мөрч, хүрхрээ рүү яг орох үед сөхрөн суугаад залуурчийн хөдөлгөөнийг дагуулж, түүндээ саад болохгүй гэсэн янзтайгаар сэлүүрээ аажуухан хөдөлгөж байгаа харагдана. Жаспер шаасан гадас шиг шулуун зогсохдоо завиа чухам хаагуур гаргах газраа шинжиж буй мэт ямар нэг цэгээс нүд салгалгүй ширтэн байв.
   — Баруун тийшихнээ, ус сахарч байгаа тэр зүг тийш. Тэр царсны орой, үхсэн хар модны иш хоёрын хоорондуур чигээ аваарай гэж Мөрч хэлнэ.
   Завь нь хүрхрээний яг гол руу орж, усны урсгал улам догширч байсан болохоор Цэнгэг Ус хариу дуугарах сөгөөгүй байв. Энэ агшинд Кеп иймэрхүү замаар алдар цуугаа дуурьсгах аливаа мөрөөдлөө дуртайяа орхиод голын эрэг дээр эсэн мэнд гарахын мөн болж байв. Усны хүрхрэх дуу тайзны цаанаас хүнгэнэх адил улам улам тодорсоор тэртээ дор үзэгдэх ой модыг тасчин хаях мэт догшин ширүүн ногоон ус эргэлдэж хамаг юмны холбоо хэлхээг зад татан бутаргаж байх шиг санагдах ажээ.
   — Хүүе! Залуураа баруун тийш нь, баруун тийш нь дараач, яасан амьтан бэ, чи! гэж Кеп завь хүрхрээ рүү гулсах адил хөвж эхлэхэд тэсвэр алдан хашхичихад Мөрч баяртай маягаар инээмсэглэн арагшаа хяламхийн харснаа,
   — Тэгэлгүй яах вэ, одоохон. Гэхдээ хүү минь, зүүн талаа барь, зүүн тийшхэн нь болгоорой! гэв.
   Цаашдын явдал нүд ирмэхийн зуурд болж өнгөрөв. Цэнгэг Ус сэлүүрээ хүчтэй хөдөлгөн завиа эргүүлэг рүү оруулахад Кэпэд тогоотой буцлах усанд ороод явчих шиг санагдав. Завины хошуу усанд шааж, хажуу бөөрөөр нь хөөс сахарсан ус галзуу мэт эргэлдэж хөнгөн завь нь өндөгний хальс мэт бөндгөнөж буйг Кэп мэдрэн байтал завь нь хүрхрээ өнгөрөөд Жасперын сэлүүрийн аяар аанай дөлгөөхөн урсах усанд намуухан хөвж эхлэхийг үзээд баярлахаасаа илүү гайхах ажээ.
   Мөрч, инээсээр босож цад аяга, эвэр халбага хоёроо олж аваад хүрхрээ гатлахад завинд орж ирсэн усны хэмжээг зориуд хэмжиж эхлэв.
   — Цэнгэг Ус минь, арван дөрвөн халбага, асган цутгам арван дөрвөн халбага ус орж ирсэн байна шүү. Урьд арваас ч хэтрэхгүй байдаг л байсан даа.
   — Эрхэм Кэп суудал дээрээ тонгочоод, завины тэнцүүр олох гэж тун ч ярвигтай байлаа шүү гэж Жаспер хариуд нь тоглосон янзгүй хэлэв.
   — Магадгүй, магадгүй. Чамд тийм санагдсан бол үнэхээр ярвигтай байсан байж таарна. Ямар ч гэсэн чамайг завиндаа арван халбаганаас илүү ус оруулж байсныг би санахгүй байна.
   Кэп, хоолойгоо чанга гэгч нь зассанаа, гэзгээ бүтэн байна уу үгүй юу гэж шалгаж байгаа мэт тэмтэрч нэг үзээд, аюулыг нээрэн туулаад гарчих нь энэ үү гэж лавлах гэсэн мэт арагшаа нэг харлаа. Эсэн мэнд өнгөрчээ гэдгийг ойлгов бололтой. Ихэнх голын хүрхрээ арав, арван хоёр орчим фут өндрөөс буудаг боловч тэхий дундаа хүрэхийн алдад хад цохион дундуур усны урсгал нарийсдаг учир дөчөөс дөчин таван фут ташуу өнцгөөр буудаг байна. Тийм хүчтэй түргэн урсгал дундуур хад чулуу, харанхуйлан эргэлдэх эргүүлэг, булгилан оволзох усыг тойрч ядан хөвөх хэврэгхэн завь хэр баргийн хүний нүдэнд гарцаагүй хэмх бутрах тавилантай мэт харагдана. Гэтэл чухамхүү хөнгөн бөх завь учраас хүрхрээгээр буухад сайн талтай байсныг дурдвал, залуурч нь нүд гярхай, гар шандастайн ачаар сахран хөөсрөх хүчит давлагааны нэгээс нөгөө рүү үсчин дүүлэх адил замнаж хажуу бөөрөө ч усанд авхуулахгүй байсан болохоор цөөн тооны хад цохиог нь тойрч л чадаад чигээ алдахгүй бол цаашдын явцыг усны урсгал өөрөө шийдэж өгчээ.
   Кэпийг гайхсан гэж хэлбэл багадах билээ. Ихэнх далайчдын сүнсээ зайлтал айдаг хад цохионы бараагаар ихэд айхын зэрэгцээ залуурчийн эрэлхэг зоригийг бишрэн бахдаж явлаа. Гэсэн ч мань эр тийм сэтгэгдлээ хэлэхгүй байснаар барахгүй дээр дурдсанчлан хоолойгоо сүрхий зассанаа дотоод газрын цэнгэг усны хүмүүсийг нэг их магтахыг бодолгүй харин басамжилдаг зангаараа,
   — Эрхэм Цэнгэг Ус та голын тэмдэгт замыг анддаггүй хүн юм, ер нь тийм газрыг нь мэдэх гэдэг бол яах аргагүй гол зүйл. Надад хэд хэдэн сайн далайч байсан. Тэмдэгт замыг нь л мэдэхгүй болохоос биш иймэрхүү газраар өлхөн ханхалзах улс л даа гэв.
   — Замаа мэдсэнээр болдог гэвэл тийм биш шүү, далайчин минь. Завиа цэх жолоодох, хад хясаа тойрч чадах урлаг, зориг зүрх хэрэгтэй байдаг юм. Освегогийн хүрхрээг хэзээ боловч итгэлтэй гардаг хүн энэ нутагт Цэнгэг Уснаас өөр байхгүй гэж бараг болно. Ганц нэг хүн азын тэнгэрээ түшээд гарч байсан удаа бий нь бий. Би ч гэсэн бурхны авралаар ч юу юм гэхээс биш гарч чадахгүй, гагцхүү Жасперийн гарын шандас, хурц нүдний ачаар л эсэн мэнд гардаг юм. Арван дөрвөн халбага ус завинд цалгин орсон нь нэг их ус биш боловч дэслэгчийн охины ажиглаж байхад арван л халбаганаас хэтрээгүй бол уг нь зүгээр сэн гэж бодож байна гэж Мөрч хэлэв.
   — Ер нь ингэхэд, та л ингэ тэнгэ гэж тушаагаад завийг жолоодсон шүү дээ.
   — Далайчин минь, хүн их дутагдалтай байдаг юм. Би бол цагаан арьстны муу дутагдлаасаа салаагүй яваа хүн. Хэрэв миний оронд энэ завинд Могой явсан бол юу ч болж байсан ганц ч үг хэлэхгүй, дотроо бодлоо ч гэсэн гаргаж хэлнэ ээ хол хэвтэнэ. Индиан хүн амаа татаж чаддаг улс. Цагаан арьстан бид л ямагт бусдаас илүү их юм мэддэг гэж боддог амьтад. Би энэ гэмээсээ хагацахыг их хичээж байгаа боловч гучин жил ургасан модыг орвонгоор нь эргүүлэх тийм амаргүй шүү дээ.
   — Эрхэм минь, би ер бодсоноо хамаагүй хэлдэг хүн шүү. Энэ бол сүртэй сүрхий явдал биш, Лондоны гүүр доогуур завьтай гарахаас юуны өөрц байх вэ. Тэр гүүр доогуур өдөр бүр олон зуун хүн, сурвалжит язгууртан авхай нар, тэр ч бүү хэл ван өөрөө ч нэг удаа гарсан удаатай шүү.
   — Хүрхрээ туулах гэж завинд минь язгууртан авхай, ван хаад л битгий сууж үзээсэй (бурхан тэднийг ивээгтүн!), бүгдийг живүүлчихвэл яана! Цэнгэг Ус минь, дэслэгчийн зээг Ниагар мөрний хүрхрээгээр гаргаж, хил хязгаар нутгийн хүмүүс юу хийж чаддагаа харуулахаас өөр домгүй болж байх шив дээ?
   — Ай лүд байх гэж! Эрхэм Мөрч та алиалж байх шиг байна. Долоор хийсэн завь тийм хүчирхэг хүрхрээгээр гарчихна гэдэг даанч хүний ухаанд багтамгүй үл бүтэх хэрэг шүү дээ!
   — Эрхэм Кэп, та энэ насандаа ингэтлээ их эндүүрч үзээгүй байх аа. Тэрүүн шиг амархан юм байхгүй, олон завь туулаад гарч байхыг би энэ хоёр нүдээрээ олон удаа үзсэн. Хоёул амьд мэнд байдаг юм бол би танд тийм гавьяаг заавал ч нэг удаа үзүүлж өгөмз. Далайн том хөлөг ч байлаа хүрч ирж чаддаг л юм бол тэр хүрхрээгээр гаргаж болно гэж бодож байна.
   Мөрч, Жаспер луу учиртайхан ирмэхийг Кэп анзаарсангүй, тэгээд хэсэг дуугүй болов. Уг нь эргэцүүлэн бодсон бол тийм хүрхрээгээр уруудах маш амархан, харин өгсөх л хамгийн адармаатайг ухаарах байсан буй заа. Энэ үед тэд Жаспер завиа бургасанд нуугаад орхисон газар хүрч очоод Кэп, зээ охин, Жаспер гурав нэг завинд, Мөрч, Гилбэр эхнэрийн хамт гурвуул нөгөө завиа эзлэн суув. Могикан залуу, ойр хавь дайсан буй эсэхийг отог омгийнхоо зөнч, гярхай чанараар ширтэн ажиглахын тулд голын эргээр явах болжээ.
   Завь голын жирийн урсгал дагуу хааяа Жасперийн хүчтэй сэлүүрдэх аяар түргэн сайхан хөвөх болсон цагт Мэйблийн дотор сая онгойж нүүр царайных нь өнгө жавхаа хуучин янздаа оров. Үхлийн аюул нөмөрсөн хүчирхэг хүрхрээг гатлах үеэр нь Мэйбл жигтэйхэн айж, хэл ам нь ч татчихсан мэт юу ч хэлж чадахааргүй байсан хэдий боловч залуу усчны эрэлхэг зоригтойг бахадсаар байжээ. Цэнгэг Усны тийнхүү сийрэгхэн ухаан зарж, зориг төгөлдөр явааг Мэйблээс дор аймхай хүн ч бахархан бишрэхгүй байхын аргагүй билээ. Завин дээрээ шаасан гадас шиг зогсоод усны хүчтэй долгио савлагаанд хүрэн орой бөөр нь нэг ил гарч нэг далд орох хад хясааг арга ухаан, шөрмөс шандасныхаа хүчээр бултан тойрч, айх эмээх самгардахыг огтхон ч үл мэдрэх залуурч усны хүрхрээнд дийлдэх бүү хэл, харин түүнийг эрхэндээ захиран яваа мэт буйг эргийн тэртээгээс харагчид ажиглаж байлаа. Хүн нүдээр харсан бүхнээ үгээр тэр болгон илэрхийлж чадах нь үгүй. Мэйбл хараад хэчнээн айн балмагдаж байсан ч гэсэн залуурчийн гудиггүй зүрх зориг, хүчит долгио давлагаанд завины тонгочихыг нь хэзээ ч марташгүйгээр сэтгэлдээ буулган авч чадсан байх юм. Гэсэн ч гагцхүү энэ явдлаас л болж, бүсгүй хүн эр хүнд татагддаг сэтгэл төрсөн хэрэг биш ээ. Урьд нь Жаспер, Мэйблийн төлөө тавьж байсан анхаарал халамж сэтгэлийг нь уужруулж, итгэл найдвар төрүүлсэн агаад Станвигийн боомтоос анх гарсан цагаас хойш Мэйбл тэр жижигхэн завинд сууж явахдаа сэтгэл амар тайван болсон билээ.
   Хоёр дахь завь зуузай холбон хөвөх бөгөөд түүнийг залуурдагч Мөрч аялагчдын дотроос голчлон ярих бөгөөд Жаспер юм асуувал товчхон хариулаад залуураа тун их болгоомжтой барьж явааг харахад түүний хэзээд итгэл төгс байдгийг мэдэх хүн бол яагаад ингэнэ вэ хэмээн гайхах буй заа.
   — Бид эмэгтэй хүний зан чанарыг дэндүү сайн мэдэх учраас дэслэгчийн охиныг хүрхрээгээр авч гарах гээгүй, харин манай энэ хавийн нутагт ултайхан бодолгүйгээр тийм юмнаас буцдаггүй эмэгтэйчүүд байдгийг би мэднэ гэж Мөрч, нагац ахад нь ярихдаа Мэйбл рүү харж байлаа.
   Кэп, хариу өгүүлэв,
   — Мэйбл, эхтэйгээ адил аймхай. Тийм сул талыг нь хүндэтгэсэн тань зөв. Энэ хүүхэд далайн аялалд явж ер үзээгүй хүн шүү дээ.
   — Тэр нь ч яах вэ, харин таны аймшиггүйг бодохоос, та бол тийм юманд огтхон ч ажирдаггүй хүн юм! Би нэг юу ч мэдэхгүй залууг авч яваад яг уруудан завиныхаа хошууг доошлуултал нөгөөдөх маань завин дээрээс үсэрчхээд яасан гэж санана?
   — Зайлуул, тэгээд тэр хөөрхий амьтан чинь яасан бэ дээ? гэж Кэп асуув.
   Тийм газраас гарч үзсэн хүн л сайн ойлгох байх даа. Уг нь мань хашир далайчнаас арай өөр сөхөөтэйхөн хүн бол битүүдээ өөрийг нь л дөнгөж буйг ухаарах агсан билээ.
   — Таны хэлдэгчлэн тэр хөөрхий амьтан чинь бас арчаагүй амьтан байгаа юм. Юу ч мэдэхгүй харанхуй бидэнд ур чадвараа харуулахыг оролдсон боловч усанд годройтож унаад манайхны шүүх, цаазынханд тохиолддогрхуу юм болохгүй юу.
   — Тэдэнд завинаас үсрэх хэрэг гардаггүй л дээ, гэж Жаспер инээмсэглэн хэлэхдээ одоо хүрхрээний талаар яриагаа больсон дээр гэж найзаасаа илүү бодсон хэр нь ингэж хэлэв.
   — Залуугийн маань хэлдэг зөв, яах аргагүй зөв гэж Мөрч, хоёр завь бөөрөөрөө бараг нийлэн алдан ойр байсан тул Мейблийн өөдөөс харан хэлээд, — Ер нь ингэхэд саяхан бидний хүрхрээ туулан гарсан байдлыг юу гэж бодож байна вэ, юу ч хэлээгүй шүү дээ, та? гэв.
   — Аймшигтай ч, зоригтой ч юм боллоо. Хараад, дэмий л юм хийж дээ гэж бодож байсан шүү. Одоо нэгэнт бүтэлтэй болсон хойно шантаршгүй эрэлхэг зоригийг тань бахдахаасаа өөр юм бодогдохгүй байна.
   — Бид ийм юм хийхдээ эмэгтэй хүний нүдэнд өөрсдөөрөө гайхуулах гээгүй юм шүү, битгий тэгж бодоорой. Залуу хүмүүс нэг нь нөгөөгийнхөө сэтгэлийг татах гэж эрэлхэг баатар адбиш юм үйлдэж үзүүлэх аятайхан байдаг байж болох л юм. Харин Цэнгэг Ус, бид хоёрын хэн маань ч тийм бодолгүй улс шүү. Би бол угаасаа ийм тийм олон зан чанаргүй, шулуухан хүн, Могойгоос асуусан ч андахгүй. Ялангуяа албан үүргээ гүйцэтгэж яваа цагт тиймэрхүү ойворгон юмыг бүр ч цээрлэдэг. Жасперийн хувьд гэвэл Освегогийн хүрхрээг зуун хүний нүдний өмнө гайхуулан туулж гарснаас ганц ч хүн хараагүй байхад зүгээр туулж гарсан нь дээр гэж бодох хүн. Би өөрийг нь аль хэдийн сайн таних учраас онгироо сагсуу, нэр хөөх зангүйг нь анддаггүй юм.
   Мэйбл, Мөрчид инээмсэглэл шагнасанд энэ чих хулга нутагт залуу үзэсгэлэн гоо эмэгтэйн бараа харагдах нь ховор тул ой тайгын тэнүүлч анчин эр хэдийгээр хэр баргийн юманд автахгүй хэр нь навч цэцэг шиг өсөж торнин яваа хөөрхөн охины ялдамхан зан аашинд татагдах учир хоёр завь хэсэг зуур зуузай холбон хөвөхөд хүрчээ.
   — Бид, зорьсон хэргээ л бодсон юм. Хүрхрээгээр туулах л бүхий л талаар ашигтай санагдсан. Хэрэв бид завиа тээгээд явсан бол цаг их алдах байлаа. Минго нартай өрсөлдөн яваа цагт цаг хожих л хамгийн чухал байдаг юм.
   — Гэсэн ч одоо бидэнд айх юм алга байна. Завь хурдан явж байна, танай хэлснээр бид хоёр цагийн дараа цайзад хүрэх нь байна шүү дээ.
   — Бид, дэслэгчийнхээ төлөө, ийм хөөрхөн охины төлөө байдаг бүхнээ зориулж байхад, эсэн мэнд эцэгтэй нь уулзуулахын төлөө амь насаа зориулахад бэлэн байхад муусайн ирокезоос нэг нь ч таны толгойн ширхэг үсэнд ч болов санаархаад санааны гарз биз дээ! Хүүе! Цэнгэг Ус аа, тэр дор, гол дугуйрч эхэлсэн тэр хавийн бургасанд тэр нэг хадан дээр юу харагдана вэ?
   — Аварга могой л байна, Мөрч минь. Нэг дохио өгөөд байна, би учрыг нь ойлгохгүй юм.
   — Могой яах аргагүй мөн байна, эрэг рүү л гэж байна даа. Нэг муу юм мэдэж дээ, тэрнээс биш биднийг хэр баргийн юманд санаа зовоохгүй. За нөхөд минь, битгий сандраарай! Бид юун төлөө эрчүүл, цагаан арьстан билээ, тэр муусайн чөтгөрүүдтэй ухаан сийрэг үзэлцэнэ шүү. Ай даа, сайрхаад сайн юманд хэзээ ч хүрч байгаагүй аюулгүй боллоо хэмээн сайрхаж гүйцээ ч үгүй байтал аюул тулаад ирдэг байна шүү.
  
  
  Дөрөвдүгээр бүлэг
  
  
   Урлаг байгаль хоёр эртнээс арцалдав.
   Уран гараар бүтсэн ногоон сэхээвчийг
   Буржгар ороонго хучжээ.
   Бусдаас гоц мөчрөө нохойн хошуу
   Бас түүнд нь нэмэрлэжээ,
   Спенсер
  
   Освего голын урсгал хүрхрээнээсээ дээшхийг бодох нь ээ доошоо улам хурдан, улам жигд биш билээ. Гүн газраа их л дөлгөөхөн байвч бидний өгүүлэн буй тэр онгон төрхөө алдаагүй цагт харгиа, эргүүлэг олон учраас осолтой газар цөөнгүй байжээ. Хөвөн аялагчдаас байнгын чармайлт шаардахааргүй ч гэсэн харгиа, хад хясааны улмаас усны урсгал ширүүсэж, догшрох тул сүйрэх аюулд орохгүйн тулд залуурч хүнээс их болгоомж, хурц хараа, овсгоо, булчингийн чадал, сэтгэлийн тэвчээр бас л их шаардагдана. Могикан үүнийг эс андах учраас аюул багатай газар завиа зогсоож, заавал хэлбэл зохих хүндээ хэлэх зүйлээ ойлгуулав.
   Мөрч, улаан арьст найзынхаа барааг олж харан танимагц, Жасперт дохио өгч хүчтэй сэлүүрдэн завиныхаа хошууг эргийн зүг хандуулав. Хормын төдий өнгөрөхөд хоёр завь эргийн дээрх бургасыг халхавч болгон хөвөх бөгөөд хүмүүс зарим нь айж түгшин зарим нь болгоомжлох тул дув дуугай болцгоожээ. Тийнхүү ахисаар индиан нөхөртөө дөхөн очиход цаадах нь зогсох дохио өгч Мөрчтэй делавар хэлээр учиртайхан хэдэн үг солив.
   — Овгийн удирдагч өмх модыг дайсан гэж бодоогүй баймаар юм. Яагаад зогс гэж байгаа юм бол? гэж цагаан арьстан, улаан арьст нөхөртөө хэлж байна.
   — Ойд минго нар байгаад л тэр биз.
   — Бид энэ хоёр өдрийн турш тэднийг байгаа гэдэгт эргэлзээгүй, харин овгийн удирдагч үүнийг олж мэдэв үү?
   Могикан эр, чулуун гаансны толгойг нөхөртөө дуутай өгөнгөө:
   — Цэргийн хороо руу явсан шинэхэн мөр дээрээс оллоо гэв.
   Одоо цэрэг сууж буй эс ч цэргийн бэхэлгээ байсан газрыг хил хязгаарынхан цэргийн хороо гэж нэрлэдэг байжээ.
   — Цэргийн хүн хаясан ч байж мэднэ, манайхан улаан арьстны гаанс хэрэглэх дуртай шүү.
   Аварга могой жим дээрээс олсон зүйлээ нөхөртөө үзүүлэн,
   — Харахгүй юу гэв.
   Өөхөн чулуу сийлж хийсэн тэр гаансны толгой нэлээд нарийн, овоо дэгжин хийцтэй ажээ. Тэг дунд нь латин загалмай хичээнгүйлэн сийлснийг бодоход утга учир тодорхой амуй.
   Хүнийг эдэлж хэрэглэж буй юмных нь энэ мэт шинж тэмдгээр санаа бодлыг нь таадаг тийм мухар сүсэг бишрэл тэр үед энэ нутагт ихэд дэлгэрсэн нь эдүгээ хүртэл амь бөх хэвээр учир Мөрч мөн тийм үзэлдээ автан ихэд сэжиглэн айдас хүрч,
   — Энэ бол албин чөтгөрийн хар муу санаа, бузар үйлсийн шинж. Канадын башир хорон санаат лам нарын сурталд автаагүй ганц ч индиан хүн өөрийн хэрэглэдэг гаанс мэт юман дээрээ иймэрхүү юм сийлж суухгүй! Үүний эзэн өлзий бусын тэр амьтан гэмгүй хүмүүсийг мэхлэх буюу хүний ухаанд багтамгүй хэрцгий муу юм үйлдэх гэх бүрдээ үүнийгээ барин залбирдаг нь гарцаагүй. Дөнгөж саяхан гээсэн байна гэл үү! Чангачхук аа?
   — Цогтойгоо байсан шүү!
   — Халуун сэргэг дээр нь олж дээ! Мөр нь хаана байна!
   Могикан, тэднээс зуугаад алхмын тэртээх мөрийг заалаа.
   Байдал нэн осолтой болсон тул гол хоёр замчин хоорондоо түр зөвлөн ярилцсанаа эрэг өгсөн явж уг мөрийг маш нарийн шинжиж арван тав орчим минут болсны дараа цагаан арьст хүн наадуул дээрээ эргэн ирж, улаан арьст нөхөр нь модон дотор ороод бараа тасрав.
   Ердийн цагт Мөрчийн царайд хүчиндээ итгэж хамт яваа нөхдөдөө итгэл найдвар төрүүлдэг эгэл бөгөөд илэн далангүй, шударга шулуун байдал илэрдэг бол энэ удаа гүндүүгүй нүүр нь баахан түгшүүр зовлонтой байхыг тэд ажаад их л тавгүй болов.
   Кэп нөгөө ихэмсэг, хүнгэнэх дуугаар бус харин зэрлэг ой тайгатай газрын аюулт нөхцөлд овоо тохирох нам дуугаар,
   — За, эрхэмсэг нөхөр Мөрч минь юу болоод байна даа. Цайз орох замд маань дайсан отож байна уу? гэж асуув.
   — Яалаа гэнэ ээ?
   — Тэр муусайн будаг шунх болсон салбадайнууд бидний очих боомтод биднийг замгүй болгох гэж зангуугаа хаясан хэрэг үү?
   — Кэп найз минь, чиний хэлсэнчлэн байж мэдэх л байх, гэхдээ би үгний чинь учрыг олигтой ойлгосонгүй. Иймэрхүү эгзэгтэй эвгүй үед хүний үг яриа ухаарахад хэчнээн эгэл тод байвал төчнөөн амар байдаг юм даа. Би, тэр боомт, зангуу мангуу гэдгийг чинь мэдэхгүй, ямар ч гэсэн бидний эндээс зуугаадхан алхам зайтай газар эрээн мяраан будагтай мингогийн саяхан аяга цай ууж амжихаас өмнөхөн байсан халуун сэргэг мөр л үзэгдлээ. Нэг тийм чөтгөрийн мөр олдсон бол нэг хэсэг тийм амьтад байгаа гэсэн үг. Тэгэхээр цэргийн хуаран очихоор цагаан газраар гарах ганц ч хүн тэр чөтгөрүүдийн шунаг нүдэнд нь харагдалгүй, суманд нь өртөхгүй гэх юмгүй шүү дээ.
   — Яриад байгаа тэр цайзаас их бууны гал нээж энэ хавийг цэвэрлэчхэж чадахгүй гэж үү?
   — Үгүй ээ. Эндхийн цайз, суурин газрынхтай адилгүй. Голын аманд л хоёр гуравхан хөнгөн үхэр буу зоосон байдаг. Тэрнээс гадна мод, чулууны ар өврөөр бүгсэн төдий олон мингог буудлаа ч гээд хайран дарийн л гарз болно. Харин ганц, тэгэх мөртөө нэг сайн арга бий. Энд ирэхийг маань ар талаас л харчхаагүй бол хоёр завь маань өндөр эрэг, мод бургастай ийм далд газар орсон болохоор аюулгүй, ингэхлээр айх юм алга. Одоо тэр муусайн махчдыг ямар аргаар дахиад гол өгсүүлэх билээ? Аа тийм, мэдлээ, мэдлээ. Ямар ч болтугай нэг их сайн болохгүй гэхэд хор л лав болохгүй нэг арга оллоо. Жаспер, голын тээр тэндэх мушгираагийн наад талын эрэгт байгаа саглагар гэгчийн туулай бөөр модыг харж байна уу?
   — Унанги нарсны ойролцоох уу?
   — Яг мөн. Хэт, цахиур авч, голын эргийн хажуугаар дагаж тэнд очоод түүдэг асаа. Тэр хооронд чинь бид урсгалын дагуу болгоомжтой явсаар бас нэг хоргодох газар очоодохъё. Бүгэх газар ихтэй иймэрхүү нутагт бут бургас, халх хийх навч мөчир юу эс мундах вэ.
   — За тэгье, Мөрч минь, арван минутын дараа түүдэг асаана гэж Жаспер хэлээд эрэг рүү үсрэн буулаа.
   — Цэнгэг Ус минь, энэ удаа нойтон мод их оролцуулаарай, өтгөн утаа гаргахад ус тус болдог шүү гэж нөхөр нь хойноос нь шивнэж хэлээд үнэн голоосоо өвөрмөц байдлаар инээв.
   Залуу эр, өчүүхэн л саатвал их аюултайг сайн мэдэх тул очих газар луугаа шаламгайлан явлаа. Мэйбл түүнийг тийм осолтой юманд явахад дурамжхан хэдий байвч бусад нь огт хэрэгссэнгүй, тэгээд тэд Жасперийн очсон тэр газраас завиа харагдах тийм газар очихоор хөдлөхөд бэлдэж эхлэв. Нэг их яарах хэрэггүй байсан болохоор аажуу уужуу зэхэж, ойр хавиа их л болгоомжтой ажиглацгаана. Хоёр завиа бургасан дотроос гарган авч хэдхэн минутын дараа голын урсгал дагуу сэмхэн хөвөв. Жаспер, ёроолд нь түүдэг асаах гэж буй тэр газар далдрахын даваан дээр тэд дороо зогсоод хүн бүр тэр зүг нүд цавчилгүй ширтэнэ. Газраас шингэн уур шиг нарийхан утаа дээш годхийн голын усны дээгүүр мушгиран өгсөхийг олж харсан Мөрч,
   — Утаа гарлаа! гэж огцом хэлээд, — Сайн цахиур, жаахан хэт, хуурай мөчрөөр түүдэг хурдан асааж шүү! Одоо Цэнгэг Ус маань нойтон мод мөчир хийхээ мартахгүй нь лав юм чинь сайхан юм болно доо гэв.
   — Дэндүү их утаа, — дэндүү их овсгоо юм даа гэж Гилбэр бодлогошронгуй хэлэв.
   — Тускарора минь, энэ нутагт цэрэг байдгийг минго нар андахгүй. Харин цэргүүд буудаллахдаа хоолоо л идэхийг бодохоос биш, ухаан сийлэх, аюулын тухай боддоггүй юм. За, тэр яах вэ, залуу маань олигтойхон гал өрдөж, ихээхэн май тавиг, болж болж, тун сайн. Шотланд юм уу ирландын тэнэг амьтад л индиан нарын заль мэх, буу сумны аюулыг бодохоосоо хар гурил, болсон төмсөө л боддог юм чинь.
   — Цэргүүд, заль мэх гаргах талаараа улаан арьстнуудаас дутдаггүй юм гэнэ лээ гэж хотынхон ярьдаг шүү дээ гэж Мэйбл хэлэв.
  
You have read 1 text from Mongolian literature.
Next - Мөрч Буюу Дотоод Тэнгис - 04