🕥 30-minute read

Морь Шинжээч Жомбоо Хүү - 2

Total number of words is 3935
Total number of unique words is 1657
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
   Анжаа,жомбоо, Шонхоржав гурвуул морины хөлийг үзэж морио хайрлаж Жуужаа гуайн үгэнд ороогүйдээ гэмшиж гасалцгаав. Гэвч хэрэг нэгэнтээ өнгөрч морь доголон болсон байв. Харин Жуужаагийн хурдан хээр морь энэ наадамд айргийн тавд багтаж ирсэн тул Жуужаа, Жомбоотой дайралдаад,
   — Чи чинь том сайхан эр болох нь байна шүү гэж хэлээд толгойг нь илж үнсэв. Энэ бол түүнийг их дотноор үзэж байгаагийн шинж болно. Жуужаа зайсан бас Анжаагийн дэргэд ирж морины хөлийг үзээд,
   — За ингэнэ ээ, ингэнэ. Би хэлээгүй юу та нарт? Шөрмөс нь тасраагүй тул эдгэнэ байх гэв.
   — За яагаад морины хөл доголно гэж та мэдсэн юм бэ? Бидэнд хэлж өгөөч гэж Анжаа, Жомбоо, Шонхоржав гурвуул гуйв. Жуужаа зайсан их дотноор ярьж байна:
   — Муусайн ах дүү нар минь! Өнөөдөр сайхан баяр наадам болж байна. Морь сайн давхилаа. Би баяр хөөртэй явж байна. Харамсалтай нь чиний морины хөл доголджээ. Чи их битгий гашууд. Үүнийг эдгээж болно. Маргааш чи манайд хөтлөөд оч. Өнөө орой найр тарахлаар очсон ч болно. Хэдүүл элбээд цавьдар морины дэлбийсэн туурайг тойруулан цүүцдэж жаахан цомбогор болгоно. Дэлбийсэн туурай нь энгийн цагт нөгөө хөлөө шүргэж шархтуулж байгаа юм гэж тайлбарлаж ярив.
   — За тэгвэл яагаад туурай нь дэлбийгээ вэ? Гэдэг асуулт байна гэж Жомбоо хэлэв. Жуужаа сөргүүлэн асуув:
   — Харин? Яагаад туурай нь дэлбийсэн бол? Чи мэдэхгүй байна гэж үү? Чиний өнөөх их мэддэг чинь хаагуураа оров?
   — Миний их юм мэддэг нь ч гайгүй шүү дээ. Туурай дэлбийснийг одоо мэдлээ. Чухам яагаад дэлбийснийг мэдэхгүй байна. Багш минь тайлбарлаж өгөөч гэж мэхийн гуйв.
   — За чи сагсуурахаа больж намайг зөнөг мунаг гэж шоолохгүй бол миний бие мэдэж чадахаа хэлж өгнө. Жомбоо хэлэв:
   — Таныг хэн муу хэлж шоолох вэ? Та хов үгэнд битгий итгэ! Таныг шоолсон хүн бидэнд байхгүй.
   — За тийм болог. Морины туурай дэлбийсэн учир бол миний санахад ийм байна. Манайх хэдийнээс Матадын хавийн уулархаг чулуулаг хахир хатуу хөрстэй газар нутагласаар ирсэн айл. Тэгэхлээр адууны туурай дэлбэгэр болдоггүй, харин цомбогор байдаг юм. Цавьдар морины туурай цомбогор байсан юм. Харин Анжаа дархан хэдэн жил зөөлөн хөрстэй хөндий хоолой газар нутагласан учир адууны нь туурай элэхгүй дэлбийсэн байна. Тэгээд цавьдар морины туурай дэлбийсэн байна. Анжаа хэдэн адуугаа цэнгэг устай нуурт зогсоож цавьдар морио намагтай газар аргамжиж байсан нь туурайг дэлбийхэд бас нэг шалтгаан болсон биз гэв. Анжаа, Шонхоржав хоёр уулын тахилгын юмнаас хувинтай айраг, тавагтай мах авчраад Жуужааг хүндэлж хамтран ууж идэв.
   Жуужаагийн яриаг Жомбоо хүү амаа ангайж нүдээ бүлтийлгэж шохоорхон сонсов. Жомбоо хүү Жуужаа зайсанг их туршлагатай ажигч гярхай хүн гэдгийг улам гүнзгий мэдэв. Жомбоо хүү үүнээс хойш би хамаг юмыг мэднэ гэж биеэ тоож сагсуурахаа болиод хашир өвгөд настныг хүндэлж тэдний туршлага, мэргэн сургаалыг хичээж сонсдог байв.
  
  
  V. БҮДҮҮН РАВЖААГИЙН ЗАЛЬ
  
  
   Жомбоо хүү нэг өдөр Шонхоржавт хурдан морь худалдаж авах сан гэж бодож байна гэв. Шонхоржав хэлэв:
   — Хурдан морийг худалдаж авах дэмий. Наад тал нь хэдэн мориноос өгнө гэнэ. Хурдан морь их үнэтэй. Чи хурдан морьтой болъё гэж бодож байгаа бол үүнд ганц сайн арга байна. Үнэ хайргүй өгч нэг хурдан үрээ олж аваад түүгээрээ азарга тавь. Тэгвэл чи хэдхэн жилийн дараа олон хурдан морьтой болно гэв.
   - Нээрээ тийм, тэр зөв арга гэж Жомбоо хүү Шонхоржавын үгийг их зөвшөөрч сайшаав.
   Тэгээд Жомбоо хүү хэд хоног хурдан үрээ олж авах тухай өдрийн бодол шөнийн зүүд болж явав. Жомбоо хүү нэг өдөр бас Шонхоржавт хэлэв:
   — Би баруун Матадад очиж Равжаа гуайгаас хурдан үрээ худалдаж авъя гэж гуйх санаатай байна. Шонхоржав хэлэв:
   — Тэгж болно. Гэвч Равжаа гуай их зальтай хүн шүү. Зарим хүнийг мунхруулж чаддаг гэж хүн хэлдэг юм. Чамд хурдан үрээ гээд муу үрээг өндөр үнээр зарчхаж магадгүй гэв.
   — Равжаа гуайг зальтай гэхэд би арай ч залилагдахгүй гэж санах юм. Сайн муу хоёр үрээг ялгаж таньж чадах болов уу гэж бодох юм гэв.
   — Тэр ч тийм, морины сайн мууг чи жаахан гадарлана л даа. Чи авах үрээгээ хэлэлцэж тохироод надад хэлээрэй. Би бүх насаараа адуу хариулсан хүн, сайн муу морийг бас гадарлана гэв. Жомбоо хүү:
   — Аа, тэгье гэж хэлсэн боловч дотроо тоомсорлохгүй “цавьдар морийг чөтгөр хардаг гэж Жуужаа гуайг залилснаас өөр энэ юу мэдэх вэ дээ” гэж бодож байв.
   Жомбоо хүү хаашаа явсан нь мэдэгдэхгүй хэд хоног алга болов. Тэгсэн нэг өдөр Жомбоо хүү нэг борлог үрээ хөтлөөд гэртээ ирэв. Шонхоржав Жомбоотой дайралдаад асуув:
   — Энэ борлог морийг чи хаанаас хэнээс авав? гэв. Жомбоо хүү хариулав:
   — Энэ чинь морь биш ээ. Агтлаагүй үрээ юм. Азарга тавья гэж бодож байна. Би бүдүүн Равжаа гуайд гурван морь, нэг гүү өгье гэж энэ үрээг авлаа. Би азтай шүү. Энэ үрээг агтлах гэж гаднаа барьж уяад байхад нь би амжиж авлаа. Шонхоржав тэр үрээг ажиглаж хараад,
   — Чи энэ үрээг авснаа аз гэж бодож байна уу? Ээ дээ ээ байж магадгүй шүү! Ийм хавчиг цээжтэй, том толгойтой адуу их хурдалдаггүй юм даа гэв.
   — Үгүй ээ, энэ чинь Равжаа гуайн хурдан борлог азарганы удам юм аа. Даага, шүдлэн насандаа наадамд дандаа айргийн тавд ирж байсан сайн үрээ юм аа. Би ер нь таны заавраар л явж байгаа. Та өөрөө хурдан үрээ авч азарга тавь гэж хэлсэн шүү дээ.
   — Тийм нь ч тийм. Би Равжаа гуайг зальтай хүн гэж хэлсэн шүү дээ.
   — Үгүй, Равжаа гуай яаж залилах юм бэ? Олон наадамд сайн давхисан алдартай сайн үрээ нь энэ байна гэв. Шонхоржав хэлэв:
   — Чи нэгэнтээ худалдаж аваад ирсэн юм болохоор одоо маргаад хэрэггүй. Намар ловх чулуун ноёныг тахихад морь уралдуулна. Чи түүнд энэ үрээгээ уралдуулаад үз. Тэгэхэд тамир нь танигдана гэж хэлэв.
   Намар нь Жомбоо хүү борлог үрээгээ аятайхан хагсааж ловхын наадамд уралдуулав. Тэгсэн чинь өнөөх үрээ нь сайн давхих байтугай пайз ч олж авсангүй. Ёстой баян ходоод гэмээр үрээ байлаа. Жомбоо хүү унаж үзэв. Тэгэхэд зүгээр л яндан янгиа шиг байлаа. Жомбоо хүү худалдаж авахдаа яагаад унаж үзээгүйгээ бодоод бодоод учрыг олсонгүй. Сүүлд нь бодоход бүдүүн Равжаа үрээгээ магтаж олон сайхан үг хэлж байгаад Жомбоог нэг айхавтар ширтэж харсан юм. Равжаагийн бүлтийсэн хар нүдний харц нь Жомбоогийн ухааныг мунхруулах шиг болсон юм. Үүнийг Жомбоо дахин дахин бодоод учрыг олохгүй байв.
   Нэг өдөр Шонхоржав Жомбоод хэлэв:
   — Хөөе. Би Тойромын цагаан нуурт нэг очоод ирмээр байна. Чи манай адууг нэг хоёр өдөр харж байгаач гэв. Жомбоо:
   — За гэв.
   — Та Тойромд яах гэж очих нь вэ?
   — Аа ! Би чиний төлөө явна.
   — Миний төлөө гэнэ ээ?
   — Надад Тойромд очих хэрэг байхгүй шүү дээ.
   — Хэрэг байна. Бүдүүн Равжаагийн хуучин эхнэр Балжид, ах Оргийндоо ирсэн гэнэ. Би Балжид гуайгаас бүдүүн Равжаагийн элдэв заль мэхийг асууж мэдье гэж бодож байна.
   — Аа тийм үү?
   — Тийм. Равжаа баян хүн хэр нь хөгшин эхнэр Балжиддаа ганц тугалтай үнээ өгөөд хөөчихсөн гэнэ. Тэгээд залуу эхнэр аваад наргиж суудаг юм байх гэв.
   Шонхоржав нэг хоног яваад бөөн сонинтой буцаж иржээ. Шонхоржав Жомбоод ярьсан нь:
   — Балжид гуай ярьж байна. Равжаа, элдэв муу сайн арга чарга их мэддэг хүн гэж байна. Жил бүр хэдэн хусран гүүтэй байдаг. Эр сарваатай зарим гүүний хээлийг зориуд хаяулж гүүгээ хусран болгодог гэнэ. Уралдах морио үрээ, даага, шүдлэн ялгалгүй цөмийг хэд хоног хусран гүүг хөхүүлдэг гэнэ. Зарим моринд арц зээргэнийн хандыг цутгаж уулгадаг гэнэ. Равжаагийн морьд жинхэнэ хурдан морьд биш гүүний сүүний шимээр чадал орж нэг хоёр өдөр сайн давхидаг гэж байна. Галшараас хурдан борлог үрээ авч азарга тавьсан гэдэг худал үг гэнэ. Мөнх хаан хавиас нэг борлог үрээ авч азарга тавьсан нь үнэн. Тэр жинхэнэ Галшарын хурдан угсааны үрээ биш гэж ярьж байна. Равжаа гуай морьдодоо гүүний сүү, арц зээргэнэ уулгаж сайн давхиулдаг хурдан морь гэж худал хэлж өндөр үнээр зарж хөнгөн хуумгай хүнийг мэхэлж хонждог байна.
   Морийг унаган цагаас нь өөд уруу газар давхиулж сургадаг юм. Тэр нь хэрэг болдог байх аа. Тэдний адуучин хоёр хүн байдаг. Тэр хоёрыг ердөө зүгээр суулгахгүй их ажил хийлгэж зовоож байдаг гэнэ. Жишээ нь, арваад хориод унагыг барьж зэлэнд уяад эхийг нь салгаж өндөрлөг дов сэрвэнийн хяр дээр аваачиж зогсооно. Эхийнхээ хойноос тэмүүлж байгаа унагануудыг зэлнээс суллаж тавина. Тэгэхээр унаганууд хар хурдаараа давхиж эхдээ очно. Ийнхүү унагануудыг өөд газар давхиулж сургадаг байсан. Ингээд унагануудыг хярын орой дээр уяж гүүнүүдийг бэлд аваачиж мөн унагыг суллан тавьж уруу газар давхиулж сургадаг. Өдөрт хоёр гурван удаа унагаа ингэж өөд уруу давхиулж сургадаг байсан юм. Ингэж өөд уруу газар давхиулж сургасан унага хурдан сайн морь болдог. Ялангуяа бага насандаа давхихдаа их сурамгай болдог учир даага, шүдлэндээ наадамд сайн давхидаг. Урьдын сайн эрчүүд морио ингэж сургадаг байсан гэж манай Равжаа ярьдаг сан гэж байна.
   Балжидын ах орги гуайтай бас ярилаа. Орги гуай хэлж байна:
   — Бүдүүн Равжаа ер нь хүний ухааныг мансууруулж байгаад муусайн үрээ даагаа худал магтаж байгаад өндөр үнээр худалдаж чаддаг муу увдистай хүн гэж байна. Равжаатай наймаа хийсэн хүн заавал мэхлэгдсэн залилагдсан байдаг гэж байна. Шонхоржавын энэ яриаг сонсоод Жомбоо хүү, бүдүүн Равжаад мэхлэгдсэнээ ойлгож мэдэв.
   Үүнээс хойш Жомбоо хүү улам хашир хэрсүү болсон юм. Газар дээр сайн хүн байхаас гадна, муу хүн байдаг гэдгийг мэдсэн юм. Сайн хүний сайн явдал нь бусдад дуурайх сайн жишээ болохоос гадна, муу хүний муу явдал нь бусдад жигших муу жишээ болно гэдгийг Жомбоо хүү сайн ойлгож мэдсэн билээ.
   Жомбоо хүү нэг өдөр Жуужаа зайсангийнд очоод бүдүүн Равжаад яаж мэхлэгдсэнээ ярив. Тэгэхэд Жуужаа гуай хэлэв.
   — Тэгнэ, тэгнэ. Бүдүүн Равжаа базаахгүй хүн шүү. Өөртөө ашигтай бол хэнийг ч хорлохоос буцахгүй, юу ч хийхээс няцахгүй хүн шүү. Түүний муу явдлынх нь арандаг өөрт нь нэг тусах бий. Ээ хүү минь! Чадвал хүнд тус хийж чадахгүй бол мөрөөрөө яв. Хүнд хор хийж ердөө болохгүй. Хорын хариу хор шор хоёр болж ирдэг юм шүү. Тусыг усаар хариулахаас илүү муухай юм байхгүй гэв.
  
  
  VI. МОРЬ ЭМНЭЖ ДОМНОСОН АРГА
  
  
   Нэг зун наадам хийх цаг ойр болж байх үед Жуужаа зайсангийн хоёр хурдан морь наадамд уралдаж чадахгүй болжээ. Хурдан хээр морь нь зоогоо авчээ. (Ууц нуруу нь гэмтжээ). Хурдан саарал морины нь хөлд цус буужээ. (Хөлийн судас нь бүдүүрч доголон болжээ). Жуужаа зайсан элдвээр эмнэж домносон боловч морьдын өвчин засрахгүй, харин улмаар дордож байв. Морьдоо засрахгүй болохоор Жуужаа гуай уурлаж адуучин Шонхоржавыг загнаж гарав. Чөтгөртэй газраар адууг бэлчээж бузартуулав гэж Шонхоржавыг зэмлэв.
   Тэгээд нэг өдөр Жуужаа гуай гаднаа арц агь, аргал хомоол овоолж их утаа май тавиад бүх адуу малаа ариулав. Жуужаа өөрөө Далха есөн тэнгэрт сүүгээр тахил өргөв. Дамжин чойжин сахиусанд балин өргөв. Морь ариулах судрыг монгол хэлээр хүнгэнэтэл дүнгэнэтэл уншив. Түүний уншсан зарим хэсэг нь:
   Ялж төгс нөгчсөн эрхт Хаянхирваа, хаан, хүн хийгээд морины сүрэг тэргүүтнийг хорлолоос сахин соёрх! Дөрвөн хөлтөн ба ялангуяа морийг сахитугай! Ракшаа ракшаа гэснээр морины өвчин хийгээд хамаг хорлолоос тонилох болъюу. Ом хри бадма дагри базар грода Хаянхирваа хүлүү хүлүү хум пад гэж олон удаа уншив. Тэгээд улаан утсыг тарнидаж хоёр морины хөхөлд уяв. Тэгээд хэд хоносон боловч хоёр морины өвчин бас л олигтой засрахгүй байв. Лувсан гэдэг ламыг залж ирээд элдэв гүрэм дором уншуулж өргөл харамжийг өргөв. Бас хоёр морь нь эмгэгтэй хэвээр байв. Тэгэхлээр нэг өдөр Шонхоржав Жомбоо хоёул Жуужаа зайсангийн хоёр морины өвчний тухай ярилцав. Шонхоржав хэлэв:
   — Хээр морь бол зоогоо авчихсан морь юм. Жуужаа гуай нэлээд халамцуу хээр морио унаж намаг дундуур мориныхоо хар хурдаар давхиж яваад мориныхоо зоог гэмтээсэн юм. Тэгээд морины нь хойд хоёр хөл бижилзэж явдаг болсон байна. Жуужаа гуай өөрөө чөтгөр сундалж морийг хорлосон гэж боддог байна билээ. Жомбоо хэлэв:
   — Тэгвэл Жуужаа гуайнд байдаг домын сударт зоогоо авсан морийг яаж эмнэх тухай сайхан заавар байдаг шүү.
   — Тийм ээ тийм. Тэр сударт байгаа зүйлийг би сайн мэднэ. Би дом олж засаж чадна гэж Шонхоржав шийдвэртэй хэлэв.
   — Тэгвэл эмнэж домнохгүй яасан юм?
   — Жуужаа гуай намайг муу зарц гээд тоохгүй юм. Би домноод хэрэв гай болж өвчин нь дордвол намайг баллана. Харин Жомбоо чи тэр морийг домноё гэж хэлбэл зөвшөөрөх байх. Чамд ер нь их ээнэгтэй байгаа шүү гэв. Чамайг эртээр “сайн хүү” гээд их магтаж байна билээ гэв. Жомбоо хэлэв:
   — Би хээр морийг эмнэж домнож үзье гэж хэлье. Тэгээд зөвшөөрвөл хоёул оролдоод үзье гэв. Шонхоржав:
   — За гэж зөвшөөрөв. Шонхоржав бас хэлэв:
   — Саарал морины тухай бол тэр морийг Жуужаа гуайн хүргэн Дамба унаж чоно хөөж яваад морио их ядрааж дараа нь алхуулж гишгүүлж амраахгүй, гэнэт зогсож уясан учраас хөлд нь цус буулгасан юм. Хөлд нь цус бууж доголлоо гэж Жуужаа гуай өөрөө ч мэдэж байгаа. Тэр морийг ханаж хатгаж хөлөөс цус авбал тэр эдгэх юм. Равжаа гуайг урьд мориныхоо хөлийг хануулна гэж Жуужаа гуай хэлж байна. Равжаад хүнээр хэлүүлсэн боловч тэр үнэрхээд ирэхгүй байна. Тэгэхэд Жомбоо хэлэв:
   — Анжаа хэлж байдаг шүү. Хөлд нь цус буусан морийг заавал ханаж хатгаж цусыг гоожуулах хэрэггүй. Цус буусан хөлийг давстай хар цайгаар шавшсан шар эсгийгээр ороогоод хэд хонуулбал цус нь хатаж бороолсон юм шиг бамбайсан хөл нь эдгэдэг гэж байна билээ. Анжаагийн үг домын судартай таардаг болов уу, үгүй болов уу? гэж бодоод шалгаж үзсэнд яг таарч байна билээ. Хоёул тэр морины хөлийг давстай нойтон эсгийгээр ороогоод үзье гэв. Шонхоржав зөвшөөрөв. Жомбоо хүү, Жуужаа зайсантай ярьж хоёр морийг эмнэж домнох зөвшөөрлийг авав.
   Хээр морийг эхлээд эмнэх болов. Хээр морийг адуунаас барьж гаднаа уяад нэг өдөр шавхрааж байгаад маргааш нь домнож эхлэв. Яаж домнов гэвэл ийм байна: нэг хүн хээр морины хазаарын цулбуураас чанга барьж байв. Нөгөө хүн суран аргамжаар морины хоёр цавь зоо нурууг бугуйлдан оосорлож аргамжийн үзүүрийг морины хойд хоёр хөлийн хоорондуур салтаагаар нь гаргаж хойш татав. Гурав дахь хүн морины салтааг араас нь модоор чичиж ард нь хавтгай банз барьж түүнийг тангаруулав. Морь хойд хөлөөрөө өшиглөж тангарахад зоо нь тэнийж засагдах учиртай ажээ. Ингээд хэд тангаруулсны дараа морийг их хөдөлгөхгүй уяж хагас өдөр зогсоов. Ингэж эмнэхийг ажиглаж байсан өвгөн Шаравжамц хэлэв:
   — Өөр арга бас байдаг. Хоёр барим богино ташуурыг ихээхэн бижилзэж байгаа хөл талын эмээлийн хавтсан доор хийж хүн мордоод тэр талын жолоог чангалан хэд эргүүлээд буувал зоо нь гэмтсэн зарим морь эдгэдэг. Энэ морины өрөөсөн хөл доголоогүй болохоор та нарын тангаруулдаг нь дээр байх гэж хэлэв. Тэд нар хээр морийг тэгээд хэд хоног гаднаа өргөмжилж өвс ус өгч байгаад адуун сүрэгт нь нийлүүлж тавив. Тэгэхэд хээр морины өвчин эдгэв. Хэдэн сар болсны дараа хээр морийг унаж эдлэхэд зүв зүгээр болсон байв. Гэвч тэр жилдээ түүнийг наадамд уралдуулсангүй.
   Нөгөө саарал морины бороолсон хөлийг давстай шар эсгийгээр ороож хэд хоног гаднаа уяв. Эсгийг үргэлж нойтон байлгахын тул малын шээсээр мөн эсгийг байн байн шавшиж байв. Ингээд долоо хоноход хөлийн бамбагар нь намжиж хориод хоноход бүрмөсөн эдгэрэв. Хэдэн сарын дараа тэр морийг унаж эдлэхэд хөл нь доголохгүй болов. Гэвч түүнийг мөн нэг жил уралдуулсангүй. Нэг хоёр жилийн дараа тэр хоёр морийг уралдуулахад зүв зүгээр болсон байв.
   Үүнээс хойш Жуужаа зайсангийн, хүүхдийг тоохгүй, ядуу адуучныг тоохгүй муйхар зан арилж аливаа аж амьдралд, ялангуяа морийг хагсаах сойх явдалд ямагт Жомбоо, Шонхоржав нараас асууж тэдний санал зөвлөгөөг авдаг болжээ.
  
  
  VII. ЖОМБОО ХҮҮГИЙН АРВАН СУРГААЛ
  
  
   Матадын хошууны бага сургуульд Санж гуай гэдэг өвгөн багш байв. Зуны чөлөө цаг болоход сургуулийн хүүхэд хөдөө гарч эцэг эхдээ очиж гэр ахуйн ажилд тусалж байдаг билээ. Тэдний зарим нь уралдааны морь унаж найр наадамд оролцох нь цөөнгүй байдаг. Хавар шувтарч сургууль тарах цаг ойртож байх үед нэг өдөр Санж багш Жомбоог урьж ирүүлээд сурагч хүүхдэд хурдан морийг шинжих, уях, сойх, унаж эдлэх тухай ярьж өгөхийг гуйв. Санж багшийн гуйсан ёсоор Жомбоо хурдан морины тухай хүүхдүүдэд хэд хоног ярьж өгөв. Жомбоогийн ярьсан зүйлийн заримыг товчлон бичиж хойно жагсаая.
  
  
  Хурдан морины гаднах арван шинж
  
  
   1. Хурдан морины хамар бүрээний амсар мэт дэрвэгэр байна.
   2. Хурдан морины чих тас шувууны сод өд мэт сөдгөр байна.
   3. Цээж нь арслангийн цээж мэт ханхар байна.
   4. Зоо нь бөх хүний зоо мэт толигор байна.
   5. Сүвээ нь боос гүүний сүвээ мэт цүдгэр байна.
   6. Ууц нь өмхий хүрний нуруу мэт бөгтөр байна.
   7. Харц нь ан үзсэн бүргэдийн нүд мэт хурц байна.
   8. Гэдэс нь хумх (бумба) мэт бөөрөнхий байна.
   9. Дөрвөн хөл нь байшингийн багана мэт эгц байна.
   10. Туурай нь хөмөрсөн тогоо мэт цомбогор байна.
   Морины шинжийн хуучин сударт ингэж бичсэн байна.
  
  
  Хурдан морийг арчлах тухай арван сургаал
  
  
   Уралдаанд оролцдог сайн морийг онцгой сайн хайрлаж арчилж байх хэрэгтэй.
   — Уралддаг хурдан морийг ерийн цагт унаж эдэлж болно, унаж эдэлж бай ч хэрэгтэй.
   — Хурдан морийг ерийн цагт эдлэхдээ хааяа, сайн давхиж цуцааж биеийн чилээг гаргаж байх хэрэгтэй. Тэгэхдээ хөлсийг хусаж биеийг цэвэрлэж байвал сайн.
   — Хурдан морийг унаж явахдаа намаг бамбалзуур газар буюу хад чулуун дотуур ширүүн давхиж болохгүй.
   — Уралдах хурдан морийг их таргалуулах хэрэггүй, бас их тураах хэрэггүй, дунд зэргийн тарга хүчтэй байлгавал зохино.
   — Уралдах ба байнга унах морийг намрын эцэс, өвлийн эхээр хэдэн хоног уяж сойж биеийг чийрэгжүүлэх хэрэгтэй.
   — Хурдан морийг таних, танихгүй олон хүнд унуулах хэрэггүй. Мөн хурдан морины авир байдлыг мэддэг болсон, мориндоо халамжтай ганц хоёр хүнд унуулах хэрэгтэй.
   — Хурдан морины хөлийг доголгож болохгүй. Хуртай цагт намаг ширэг газар аргамжих, хэт богино сумтай чөдрөөр чөдөрлөх буюу хаа даруулан чөдөрлөж болохгүй. Ингэвэл улдах буюу хөл нь халж доголно.
   — Их давхиж хөлстэй байхад нь гэнэт зогсож хөдөлгөхгүй зогсоох буюу уявал хөлд нь цус бууж доголох гэмтэй.
   — Хурдан морины нурууг гамнаж, нар, шүүдэрт гэнэт эмээлийг нь авч удаан зогсоохоос байнга болгоомжлон нартай халуун өдөр ус шүршин тохом хөлсөвчинд салхи багаар оруулж сэвэн эмээлийг нь авч бай. Оройн шүүдэрт бол тохом татаж тавих нь ашигтай. Өвлийн хүйтэнд хөлөрсөн морины эмээлийг гэнэт авч болохгүй, улмаар сэвж авах буюу эмээлийг аваад хуурай тохмыг тохож байвал сайн.
   —Ер нь хурдан морийг хатуу хахир цагт удаан уяж хөл өвдгийг нь дааруулж олиг олгохоос байнга сэргийлж байх хэрэгтэй.
  
  
  Хурдан морийг уяж засах тухай арван сургаал
  
  
   — Уралдах морийг уралдааны өмнө хэд хоног уяж сойх хэрэгтэй. Тэгэхдээ өдөр бүр нэг удаа өртөө арай хүрэхгүй (хориод километр) газар давхиулж хөлсийг авч биеийг хөнгөрүүлэх хэрэгтэй. Хоёр удаа хагас өртөө арай хүрэхгүй (арваад километр) газар тарлуулж мөн хөлсийг авна.
   Морийг уралдахын өмнө уяж сойх хугацаа бол тав арван хоног буюу хорь хоног ч байж болно. Морь бүрийн өвөрмөц байдлыг харгалзаж уяж сойх хугацааг тогтооно. Гэвч их насны морийг гол төлөв зургаан удаа хөлсөлж хоёр удаа тарлуулдаг байна.
   Морины шинжийн сударт бичсэн нь: “адуу тус тус янзтай тул нэг адил уяж болохгүй”, “хол нутагтай хүнээс хурдан адууг авбал уяа засал солигдох мэт” гэжээ.
   — Морийг давхиулж хөлсийг авч хөнгөлөхөд эхлээд шавар хөлс гарна. Дараа нь тосон хөлс гарна, дараа нь усан хөлс гарна, дараа нь хөөсөн хөлс гарна. Хөлс эхлээд шорвог амттай байна. Хэдэн өдөр хөлсийг авсны хойно хөлс давслаг амтгүй шахам болно. Мориноос давслаг амтгүй шингэн хөлс элбэг амархан гарч байвал уяа тохирч байгаагийн шинж болно.
   Жинхэнэ уралдуулахаас өмнө хөлслөхдөө морины бүх тэнхээг шавхаж давхиулах хэрэггүй, морийг сайн хөлөргөх хэмжээгээр давхиулах хэрэгтэй. Морины хөлсийг хусаж цэвэрлээд дараа нь зогсоож болохгүй, цай чанах хугацаанд алхуулж гишгүүлж хөлсийг хатсан хойно сая уяанд уяж болно.
   — Уяа сойлт нь тохирсон морь цовоо сэргэлэн, хөдөлгөөн нь хөнгөн гавшгай, үс нь гялалзаж байдаг. Үс нь бүрзгэр, нүд нь нуухтай (луухтай), хөдөлгөөн нь ноомой байвал морины уяа тохироогүй буюу морины бие согогтой байгаагийн шинж болно.
   — Морины булчин нь бусад мах биеэс ялгаран гүрийж харагдвал бие чангарч уяа сойлт тохирч байгаагийн шинж болно. Морины хөх мах, салтааны булчинг сайн ажиглавал тодорхой мэдэгдэнэ.
   — Хурдан морины уяа ханаж байгааг баасаар нь шинжилдэг. Задгай, шингэн баахгүй, агшуун хомоолоор баавал уяа тохирч байгаагийн шинж мөн.
   — Хурдан морийг тарлаж үсэргэхдээ өгсүүр, уруу газар салхийг сөргөж, уруудуулж янз бүрээр уралдуулах нь чухал байдаг.
   — Зарим хурдан морь наадам нэлээд дөхсөн хойно уяхаар барьж авахад хүчтэй тарган шиг байвал хүйтэн худгийн усаар шавшиж, халуун өдөр нөмөртэй газарт эсгийгээр нэмнэж шогшиж хөлөргөн тарга хүчийг нимгэрүүлж болно.
   — Хурдан морийг уяж шавхрааж байхдаа хүйтэн тунгалаг усаар усалдаг. Бүлээн булингартай усыг моринд уулгах сайнгүй.
   — Хурдан морийг уралдахын өмнө дэндүү цатгаж болохгүй, дэндүү өлөн байлгаж болохгүй, дунд зэргийн өлтэй явуулах хэрэгтэй.
   Уралдаанд гарахын урьд шөнө морийг шимтэй хагд өвс идүүлж хүйтэн тунгалаг ус уулгах хэрэгтэй. Жинхэнэ уралдахын өмнө морийг шээлгэж баалгаж гэдсийг цэвэр хөнгөн болгох хэрэгтэй.
  
  
  Хурдан морь унах хүүхдэд захих арван сургаал
  
  
   — Уралдааны морийг унасан хүүхэд гуйвж дайвж болохгүй. Тэгвэл давхиж яваа морь амархан цуцах болно. Морь унаад давхиж яваа хүүхэд өчүүхэн төдий бөхийж явбал сайн. Бөхийж гэдийж байн байн хөдлөх муу. Морин дээрээ шув шулуун сууж явбаас өмнөөс үлээх салхины түрэлт үлэмж болж морины гүйдэлд саад болно. Хүүхэд эмээлийнхээ дөрөөний оосор сурыг хэт богино хийж эмээл дээрээ тогтворгүй өндөлзөж болохгүй.
   — Уралдааны морийг унасан хүүхэд хоёр хөлөөр давирч болохгүй. Томхон чийрэг хүүхэд өсгийгөөрөө морины дөрөөлүүрийг хүчтэй давирвал морь амархан цуцна.
   — Уралдааны морийг унасан хүүхэд, морины жолоог хумьж бариад жигд жаахан татаж амгайг шүдэнд нь зуулгаж явах хэрэгтэй. Жолоог чанга сул барих буюу угзарч явбал морины гүйдэлд хортой. Бас жолоог сул байлгавал морь амархан шургачиж ойчдог.
   — Хүүхэд уралдаанд гарахын өмнө уянгатай сайхан хоолойгоор гийнгоо дуулж мориныхоо цог жавхланг бадруулах хэрэгтэй.
   — Уралдаж явахдаа гүүг гүүг гэх мэтээр хашхиран мориныхоо гүйдлийг нэмэгдүүлэх аргыг сүвэгчлэх хэрэгтэй.
   — Уралдаж яваа морийг ташуураар зөөлөвтөр гуядаж чангаар гуядах байдал үзүүлэн зангаж явах хэрэгтэй.
   — Морины олмыг хэтэрхий чанга биш боловч чангавтар татаад олмыг дагаж гэдсэнд нь гарсан үрчлээг гараар хариулж илэн үрчлээгүй болгох хэрэгтэй. Олом татсан үрчлээг засахгүй болбол морины гэдэсний арьс шархалж олойр тогтоно.
   — Моринд хондого олгох газарт хоёр морь зэрэгцэн давхиж ирвэл зөв талын моринд урьдаар пайз олгодог заншилтай. Тэгэхлээр унаж яваа морио өмнөх морины зөв талаар оруулахыг хичээх хэрэгтэй. Гэвч буруу талын морины өмнүүр хөндөлдөх зэрэг муу аргыг хэрэглэж болохгүй. Унаж яваа морио гуядах далимаар арынхаа морины толгойг ташуурдахаас болгоомжлох хэрэгтэй.
   — Уралдаж явахдаа газрын эхний хагаст мориныхоо бүх чадлыг шавхахгүй, жаахан нөөж яваад газрын сүүлийн хагаст мориныхоо бүх чадлыг шавхаж уралдах хэрэгтэй гэж хашир хүмүүс хэлдэг байна.
   — Уралдаж ирсний хойно морины хөлсийг заавал хусаж цэвэрлэх хэрэгтэй. Дараа нь нэлээд хугацаанд алхуулан гишгүүлж хөлсийг хатаах хэрэгтэй.
  
  
  VIII. ТӨГСГӨЛ
  
  
   Нэг зун, хоёр Матадын наадмыг нийлүүлж хошуу наадам гэж нэрлээд хошуу хотлоор цугласан их наадмыг хийлээ. Урьдын наадмаас цугласан хүн нь олон, уралдах морьд нэн үлэмж болжээ. Энэ наадам дээр Жомбоо, Шонхоржав нарын нэр олон сонсогдож байв. Хоёр зуугаад морь уралдахад Шонхоржавын загал морь түрүүлж ирэв. Загал морийг унаж уралдсан хүүхэд нь Жомбоогоор хурдан морийг унах аргыг заалгасан Матадын бага сургуулийн сурагч батаа байв. Хоёр-дугаарт Анжаагийн цавьдар морь давхиж ирэв. Цавьдар морины уяа сойлтыг тааруулахад Жомбоогийн заасан аргаар Анжаа дархан хийсээр нэлээд хэдэн жил болжээ.
   Энэ наадам дээр олны сонирхлыг татсан нэг зүйл бол Шонхоржавын загал морь, Анжаагийн цавьдраас түрүүлж ирсэн явдал болно. Унах морьгүй шахам байсан Шонхоржав хаанаас морьтой болов? Жуужаа зайсан зөнөөд бас нэг хурдан морио Шонхоржавт худалчихсан юм биш байгаа. Энэ мэтийн олон асуулт гараад олон хүн гайхаж зөв буруу элдэв цуурхал яриа гарч байв. Энэ асуултуудын хариуг сонсохоор Шаравжамц, Дамдинжав, оргил тэргүүтэй хэдэн хүн Шонхоржавыг дуудаж дэргэдээ суулгаад яриулав. Шонхоржавын ярьсан нь:
   “Хурдан азарганаас хурдан унага төрдөг гэж олон хүн боддог байна. Энэ ч үнэн. Гэвч үүнд өрөөсгөл тал байна. Хурдан унагыг төрөхөд эцэг азарганаас гадна, бас эх гүү нь хурдан байх хэрэгтэй шиг байна. Жуужаа зайсан гуайнд хурдан саарал морины нь дүү хурдан цагаагч гүү байдаг. Тэр гүүг би өртөөчин цэндийн хурдан азаргатай зориуд нийлүүлээд энэ загал унагыг төрүүлсэн юм. Загал унагыг үрээ болоход Жуужаа гуайгаас би адуу хариулсан хөлсөнд гуйж авсан юм. Жуужаа гуай хурдан саарал мориныхоо садан сүлбээг хайрладаг боловч над харамлалгүй өгсөн. Би загал үрээгээ бага цагаас нь Равжаа гуайн аргаар өөд уруу газарт байн байн давхиулж амьсгаадахгүй болгосон. Загал үрээгээ морь болоход уяа сойлтыг тааруулж хэд хоног хөлслөхөд бие нь гүйцэд хөнгөрч хурд нь нэмэгдэж байна гэдгийг мэдсэн билээ. Загал мориныхоо уяа сойлтыг тааруулахад би үргэлж Жомбоотой зөвлөдөг байсан. Ингээд би хурдан загал морьтой боллоо. Би Жуужаа зайсан гуайгаас эхлээд Жомбоо, Цэнд гуай бүгдэд талархаж байна” гэв. Сонссон хүмүүс Шонхоржавыг азтай авхаалжтай хүн гэж магтав.
   Гуравдугаарт давхиж ирсэн морь нь Жомбоогийн шаргал байв. Унасан хүүхэд нь Жомбоогийн шавь Должин гэдэг арваад настай жижигхэн бүсгүй байв.
   Үүнээс хойш Жуужаа зайсан, Жомбоо хүү, Шонхоржав нарын адуу маллах арга барил, хурдан морийг шилэх сонгох, уяа сойлтыг тааруулах зэрэг арга барилыг олон хүн магтаж ярьдаг болов. Тэдний морь уях сойх аргыг хэрэглэсэн хүн ч улам олон болов. Ялангуяа Матадын бага сургуулийн олон сурагчид морь шинжих, уяа сойлтыг тааруулах, унаж уралдахдаа авхаалжтай байх зэрэг аргыг зааж өгсөн Жомбоог багшаа гэж дууддаг болов.
   Намар нь Матадын сургуулийн хүндэт самбар дээр Жомбоо, Батаа, Должин нарын зургийг хамт хадсан байв.
  
   1985.
  
  
   Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
  Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
  
  
  1988 оны хэвлэлийн Хэвлэн нийтлэлийн мэдээлэл
  
  
   Ц. Дамдинсүрэн
  
   МОРЬ ШИНЖИГЧ ЖОМБОО ХҮҮ
   (Өгүүллэг)
  
   Редактор Ч. Дагвадорж
   Хэвлэлийн редактор Д. Хүү
   Зураач Н. Буян
   Уран сайхны редактор Ц. Оюунцэцэг
   Техник редактор Г. Шаалай
   Хянагч Д. Батсүрэн, Б. Намсрай.
  
   А № 05998
   Зах № 014
   ХГ № 36/88.
  
   Өрөлтөд 1988 оны 3 сард орж
   Хэвлэлтэд 1988 оны 6 сард шилжиж
   16000 хувь хэвлэв.
   Цаасны хэмжээ 84x108/32
   хх 1,25,
   хнх 2,10.
   тх 1,73
   Үнэ 80 мөн.
  
   Улаанбаатар 46, Их сургуулийн гудамж 3.
   БНМАУ. АБЯ-ны Сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакцын газар.
  
   Д. Сүхбаатарын талбай 6.
   Д. Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатад хэвлэв.
   Улаанбаатар— 46. Шмералийн гудамж 2
  
  
  
You have read 1 text from Mongolian literature.