Latin

Лобо Чоно - 2

Total number of words is 836
Total number of unique words is 561
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Түүний шүд нь хатуу гинжийг хангинан харчигнатал хавирч байхад бууны гол төмрөөр миний хатгахаар завдахад түүнийг хонхойтол хазсан сорви нь одоо хүртэл буй болой. Чононоос айсны учир чичирхийлэн бүхий морин дээр суусан миний бие тийш Лобо шүдээ арзайлган хазахаар завдан бүхийд нүд нь тун ч муухай ба ууртайгаар харж байсан учир хурц ногоон өнгө орсон бөгөөд хоёр эрүү нь тачигнатал нэгэн хоосон дуу гаргав.
Хараахан бие өлсгөлөн байсан хийгээд ихээхэн цус асгарсны учир удалгүй ядарч газар дээр өнхрөн унав. Лобо нь урьд бусдыг зовнигдуулан амийг тасалсан ажлыг одоо түүний өөрийн бие дээр тусгаж гүйцэтгэхээр завдан бүхий үед өрөвдөн уучлах санал миний сэтгэлд түр оржээ. Иймээс «хуучны их араатан бөгөөд өчнөөн төчнөөн дээрмийн баатарлаг эзэн Лобо чоно насны хэмжээ эцэст тулгаран ирж, одоо хэдхэн хормын дотор чиний бие нэгэн том бөөн сэг болно. Үүнээс өөр уучлан өршөөх газаргүй болж» хэмээн би түүний зүг хандан өгүүлэв. Хаясан бугуйл түүний толгой дээгүүр исгэрэн одоход хараахан Лобо бас л дийлдэхгүй хэмээн хүзүүндээ бугуйлыг хүргэлгүй өмнөөс нь эсэргүүцэн нэгэн удаагийн давшилтаар түүнийг шүдэндээ авмагц аргамжны бүх бүдүүн эрчийг хоёр болтол хэсэглэн, хөл дороо хаяжээ.
Үүнд би биедээ буутай боловч чонын Вангийн сайхан үсийг хайрласнаас гэртээ давхин одоод нэгэн малчин хүнийг дагалдуулан, шинэ бугуйлтай эгж ирэв. Бид чононд гонзгой модыг хаяхын хамт үүнийг зуух завшаанаар бидний хоёр бугуйл агаарт исгэрэлдэн одоод чононд модыг орхих зав өгөлгүй хүзүүгээр нь чанга ороолджээ.
Лобын муухай нүд бүдэг болоход «алахыг түр түдгэлзэж гэртээ амьдаар аваачъя» хэмээн би нөхөр тийш хашхирав. Энэ зуур чонын чадал барагдсан тул, бид түүний аманд нэгэн гонзгой бүдүүн модыг хоёр соёоны араар хөндлөн амархнаар гулдруулан хоншоорыг модноос бэхлэн олсоор уяж зангилав. Ийнхүү модонд олсыг тэвхэлж мөн олсны модыг чагталсан учир чоно бидний биед ямар ч хор үл хүргэв.
Чоно, эрүүгээ чанга уягдсаныг мэдэрмэгц дахин нэг ч эсэргүүцсэнгүйгээс гадна, дуу чимээ ч үгүй болж бидний зүг хандан тайвнаар үзэх бөгөөд энэ нь «За одоо нэгэнт таны гарт орсон учир миний биед ямар ч хор хөнөөл хийх нь таны эрх болжээ» хэмээсэн мэт байв.
Үүнээс хойш Лобо биднийг үл хайхрав. Иймийн тул бид түүний хөлийг чанга уях зуур тэр нэгээхэн ч бархирах буюу, улихгүйн дээр толгойг хазайлган, биднийг үзсэн ч үгүй бүлгээ. Бид чоноо аваад туйлын ядарч миний морин дээр амьдаар ачаад явахад, тэр нь жигд төвшнөөр амьсгалах бөгөөд нүд нь дахин сэргэлэн тунгалаг боловч бидэн тийш үл харав. Харин нүдний хараа нь урьд эзэлж агсан бөгөөд одоо ч хүртэл алдарт сүрэг нь тархан яваа уудам талыг ширтэн үзэв. Ийнхүү хөдөө талыг алдалгүй үзэж явтал миний морь малын цувцаар уулын хавцлыг уруудан явсан тул тал нь хад байцад халхлагджээ. Бид алгуур сажлан явж гэртээ сайн хүрээд чонын хүзүүнд хүзүүвч хийж үүнээс бат гинжээр малын бэлчээрийн газраа манай гэрээс хараатай уяад, хөлийн боолтыг тайлан авав. Одоо би Лобыг анх удаа сайтар үзээд урьд хэлэлцсэн элдэв цуурхал яриа нь цөм худал болохыг гүйцэд батлав. Жишээлбэл, шулам лугаа хуйвалдсан хэмээгдэх ямар ч тусгай тэмдэг байсангүй бөгөөд энгийн нэгэн том чоно мөн байв. Гагцхүү түүний хавирган дээр өнөөх Теннерейн чоно барьдаг сүрэг нохойн удирдагч нэртэй нохойд шархтсан зурвас сорви байжээ. Урьд Юнона хэмээх нохой Лобод өндөр байцын оргилоос уулын хавцлын ёроолд хаягдаж амиа алдахаас өмнө энэхүү шархаар чонын биеийг тэмдэглээд үхсэн бүлгээ.
Би Лобын дэргэд ус мах тавиад орхисон боловч Лобо нь нүдээ эргүүлэн үзсэн ч үгүй амарлингуй байдалтай хэвтэж байв. Миний чанадах урьд түүний эрх мэдлийн нутаг агсан уулын хавцал ба түүний чанадах өргөн талыг хурц шар нүдээ эргүүлэн ширтэн үзэж хэвтэв. Түүний биед би хэдий хүрэвч, тэр өчүүхэн төдий хөдөлсөнгүй болой. Уулын оройд наран хэлбийж шингэхэд Лобо мөн урьдын хэвээр уудам цөлийн зүг ширтэн үзсээр байваас шөнө болоход Лобо бусад нөхдөө дуудах болов уу хэмээн сэтгэж, би эдгээрийг бодлоготой угтахаар хүлээсэн боловч энэ нь эндүүрэл болжээ. Зовлон зүдүүр тулгаран ирсэн тэр үест Лобо нэгэнт нөхдөө дуудсан боловч хэн ч ирсэнгүй тул дахин давтан дуудахыг үл хүсэв.
Хүч чадлаа барсан арслан, эрх чөлөөгөө алдсан бүргэд шувуу хийгээд янаг нөхрөөс хагацсан тагтаа шувуу зэрэг сэтгэл мөрөөдөн үхдэг гэдэг сэн. Гэтэл энэхүү хэцүү хорт араатан нь туйлын хүнд гурван давхар бэрхийг дааж чадна хэмээн хэн итгэх билээ. Лобо нь хүч ба эрх чөлөө хийгээд янаг нөхөр юүгээн алдсан бүлгээ.
Өглөө босож би түүнийг үзвээс тайван байдал нь урьдын хэвээр бөгөөд бие нь амарсан мэт боловч түүний халуун амь тасарч хөгшин Ван үхсэн байлаа. Би түүний гинжийг мултлан авахад, нэгэн малчин Лобын сэгийг малын саравчинд бүхий Бланкийн биеийн үлдэгдэл лүгээ зэрэгцүүлэн тавьж, «Чи нөхөр юүгээн эрсэн үү? Одоо та хоёрыг хэн ч үүрд үл салгана» хэмээн өгүүлсэн билээ.


Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.


1960 оны хэвлэл “Э. Сетон Томпсон : БОР БААВГАЙ” номын Гарчиг


БУГЫН МӨРӨӨР

БИНГО

ГУДАМ ЗЭЭЛИЙН ДУУЧИН

ЧИНК

БОР БААВГАЙ

ВУЛЛИ

СПРИНФИЛЬДИЙН ҮНЭГ

ЛОБО ЧОНО


1960 оны хэвлэл “Э. Сетон Томпсон : БОР БААВГАЙ” номын Хэвлэн нийтлэлийн мэдээлэл


Э. Сетон Томпсон

БОР БААВГАЙ
(Адгуусан амьтны тухай өгүүллэгүүд)

Орчуулсан Б. Ринчен
Редактор Г. Амар

“Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо”
Улаанбаатар
1960

Техник редактор Т. Тогтох
Хянагч X. Зандраабайдий

Хэвлэлд 1960 оны 2 дугаар сарын 28-нд оруулж
8000 хувь хэвлэв.
Хэвлэлийн хуудас 8.25
Цаасны хэмжээ 60 х 92 1/16
Б-04191
За № 105

Сүхбаатарын нэрэмжит төв хэвлэх үйлдвэрт хэвлэв.
Сүхбаатарын талбай. 2


You have read 1 text from Mongolian literature.
  • Parts
  • Лобо Чоно - 1
    Total number of words is 4486
    Total number of unique words is 1936
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.
  • Лобо Чоно - 2
    Total number of words is 836
    Total number of unique words is 561
    0.0 of words are in the 2000 most common words
    0.0 of words are in the 5000 most common words
    0.0 of words are in the 8000 most common words
    Each bar represents the percentage of words per 1000 most common words.