🕥 35-minute read

Догшин Араатан - 1

Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Total number of words is 4536
Total number of unique words is 2061
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
   ЖЕК ЛОНДОН
  
   ДОГШИН АРААТАН
  
   Цогт охин тэнгэр сангийн захиалгаар Цагаан бамбарууш хэвлэлийн газарт 2020 онд газарт цахим хэлбэрт хөрвүүлэв.
  
  
   ЦАХИМ НОМЫН САН: www.e-nom.mn
  
  
  Уг номыг “Болор дуран” шалгуураар шүүсэн болно.
  Программтай танилцах бол сурталчилгаа дээр товшиж холбоос руу орно уу.
  
  
   Ж. Дамдинсүрэн орос хэлнээс орчуулав.
  
  
  НЭГ
  
  
   Сэм Стюбнер ирсэн бичиг сачгаа хайнгадуу түргэн гүйлгэж харна. Энэ хүн мэргэжлийн боксчны даамлын хувьд тун хачин, этгээд янзын захидлууд олонтоо хүлээн авч зуршсан ажээ. Стюбнерт бодол санаагаа нялзаахыг оролдохгүй тийм бокс сонирхогчид, тамирчин дамшгууд, хий юм зохиогчид гэж байгаагүй байхаа. Бараг ирсэн захидал бүрд тохиолддог элдвийн марзан хачин юм бүгдийг Сэм нэгд нэггүй мэднэ.
   Тэр нь түүнийг нэгмөсөн тонилгоно гэсэн булай муухай заналаас эхлээд, зүгээр л нармайг нь нээх гэсэн нэлээд амарлингуй сүрдүүлэг ч хүртэл байдаг. Үгүй бол, молтогчин туулайн савраас эхлэн, аз хийморь бэлгэдсэн морины тах хүртэл элдвийн таних тэмдгүүд, эсвэл ялимгүй хэдхэн доллароос эхлээд, 250 000 хүртэл доллароор мөрийцөх тухай, эсвэл үл таних ямар нэгэн хүний хайшраг тавьсан санал ч байх шиг, элдвийн хачин юм байдаг байжээ. Линчийн шүүлтээр хороогдсон негрийн арьсаар хийсэн тонгорог хурцлах нийлүүр,“үхлийн хөндийгөөс” олдсон цагаан арьстан хүний хүүрээс огтолж авсан нар салхинд хатаж үрчийсэн үхээрийн хурууг Сэм хүлээж авсан тэр нэгэн цагаас хойш шуудан зөөгч өөр ямар нэгэн гойд юм бараг авчирч чадахгүй биз ээ гэж үздэг болжээ. Гэтэл энэ өглөө хоёр дахин уншаад, өвөртөө хийснээ дахин гаргаж гуравдах удаагаа уншихаас аргагүйд хүрсэн тийм нэгэн захидал Сэмд иржээ. Захидлын дугтуйд дарсан тэмдэг дээр Сискогийн тойргийн урьд нь дуулж сонсоогүй хотын шуудангийн салбарын нэр бичээстэй байлаа. Уг захидалд ингэж бичжээ:
  
   “Эрхэм нөхөр Сэм ээ!
  
   Та миний нэрийг дуулснаас биш, намайг мэдэхгүй. Намайг боксчдын жагсаалаас аль хэдийн гаргачхаад байх үед та боксын тавцан дээр гарч ирсэн. Гэвч би спортчидын амьдралаас холдоогүй, нээрэн шүү. Би спортын ертөнцөд юу болж байгааг ажсаар байсан. Хэл Оуфмен таныг муужруулж унагасан тэр тэмцээнээс эхлээд, Нат Белсонтой тулалдах сүүлчийн үеийг хүртэл би таны тоглолтууд дээр байсан. Миний бодоход тан шиг ийм даамал энэ ертөнц дээр хараахан төрөөгүй биз ээ.
   За ингэхэд, би танд нэг зүйл мэдэгдэхийг хүснэм. Надад хосгүй гайхамшигтай нэг боксчин байна. Би дэмий хоосон хөөрч, төөрөлдөж байгаа юм биш шүү. Бодоод үз л дээ. Нас нь хорин хоёр, хүндийн жингээр 220 гаруй фунт1, миний ид гялалзаж байхад ч зүүдэнд минь ороогүй, тийм тэнхээтэй цохилттой хүчтэн байгаа юм. Энэ бол миний төрсөн хүү бага Пат Глендон юм шүү. Цаашдаа энэ нэрээр тэмцээнд орж яваг. Би бодож бодож ингэж нэрлэхээр шийдсэн юм. Хамгийн чухал нь та одоохон галт тэргэнд суугаад наашаа бушуухан ир.
   Би хүүгээ өөрөө сургаж хүмүүжүүлсэн. Өөрийнхөө мэддэг чаддаг бүгдийг түүнд зааж сургасан. Үнэмшээрэй та, тэр одоо надаас илүү, юм бүгдийг мэднэ. Түргэн шаламгай, нүдний харц баримжаа гэдэг нь ёстой л төрлөхөөсөө боксчин шүү. Цаг мөчийг секундээр хуваарилж, хол ойрын зайг ямхад хүртэл ч мэдэрнэ. Ухаан санаанд багтахын аргагүй, түүний хамгийн огцом цохилт нь ямар ч марзан зодоочийн бүрэн далайж цохихоос хүчтэй.
   “Цагаан арьстны найдвар”2 гэж нэг хэсэг ярьцгаасан. Тэр хүн чинь ёстой л энэ дээ. Ирээд өөрөө үзээрэй. Жефферистэй явж ан гөрөө хөөцөлдөхийг нь сонирхож байсныг тань би санаж байна. Хүрээд ир, танай ямар ч киног дагуулахгүй тийм ан гөрөө, загасчлалыг энд би танд буй болгоод өгье. Би бага Патаа тантай явуулъя. Би явж чадахаа больчихсон болохоороо таныг дуудаж байгаа нь энэ ээ.
   Анхандаа би өөрөө түүнийг боксын тавцан дээр гаргая гэж бодсон. Гэтэл амжихгүй нь ээ. Би бүүр доройтоод хадан гэртээ очих дөхсөн бололтой.
   Тийм болохоор түргэлээрэй. Хүүгээ би танд шилжүүлье.
   Та хоёрын өмнө их өргөн боломж нээгдэх болно. Харин гэрээг бол би өөрөө бичнэ шүү.
  
   Таныг Хүндэтгэн ёслогч:
   Пат Глендон”
  
   Стюбнер яахаа ч мэдэхгүй мэл гайхчхав. Ер нь боксчид их бэрхтэй хошин улс байдаг учраас, тэд л өөрийг нь молигодохыг оролдож байх шиг. Стюбнер уг захидлыг уншиж түүнд Корбеттын бичгийн жиргэр нарийхан хэлбэр юм уу, үгүй бол Фитцсиммансын хүнд саврын хааш яаш таталсан бичгийн хэв маяг байх вий гэж ажиж танихыг оролдоно. Гэвч энэ захидал худал хуурмаг биш бол элдвээр оролдоод байхын хэрэггүй гэдэг нь илт байв. Стюбнер бүүр бага хүүхэд байхдаа Пат Глендоныг нэгэн удаа Жек Депстэй дасгал хийж байхыг нь харснаас биш боксын дэвжээнд тулалдаж байхыг нь үзээгүй юм санжээ. Бүүр тэр үед ч түүнийг “хөгшин Пат” гэлцдэг байлаа. Пат боксын тавцангаас аль эрт чөлөөлөгдсөн билээ. Пат бол Лондоны боксын журам ид мөрдөгдөж байсан Салливенийн үед гарч ирээд, алдраа буурах үед Маркиз Квинсберийн шинэхэн маягийн журам горимоор тулалдаж явсан хүн юм.
   Пат Глендоныг сонсоогүй бокс сонирхогч хүн гэж нэгээхэн ч байж болох уу даа? Патыг алдраа мандуулж явах үед нь үзсэн хүмүүсээс одоо цөөн үлдсэн нь мэдээж. Ер нь түүний жирийн танилуудаас нь ч үлдсэн хүн цөөхөн биз ээ. Гэвч түүний нэр боксын түүхэнд орсон юм. Түүний нэрийг дурдаагүй лавлах дэвтрүүд гэж байхгүй. Үнэндээ Патын алдар гавьяа нэг л жирийн биш юм. Пат бусдаас алдар цуутай боксчин мөртөө, нэг ч удаа түрүүлж аварга болоогүй, тун бүтэл муутай байсан учир түүнийг аз хийморьгүй боксчин гэлцдэг байлаа.
   Пат хүнд жингийн боксчдын тэмцээнд дөрвөн удаа дэлхийн аварга болчих шахсан, тэгэхдээ бүр чадлынхаа бүрэн давуугаар гэдгийг хэлэх хэрэгтэй. Хамгийн анхныхад Сан-Францискийн зээл дээр эсрэг этгээдээ бүүр бууж өгөх болчхоод байхад Пат гараа булгалчихсан юм. Дараа нь Темза мөрний арал дээр усны түвшин зургаан ямх хүртэл ихсээд байх үеэр болсон тэмцээнд мөн л түрүүчийнх шигээ ялахын даваан дээр хөлөө хугалчихсан. Бас Техаст болсон тэмцээнд баларсан нь олон түмний санаанд тодхон. Тэгэхэд Пат өрсөлдөгчөө эрхэндээ бүрэн оруулаад байсан яг тэр үед нь цагдаа нар хоморголон баривчлалт явуулсан юм. Хамгийн сүүлд Сан-Франциско дахь төмөр замчдын клубт болсон тулалдааны үеэр, Патын эсрэг мөрий тавьсан наадамчдаас хээл хахууль авсан шүүгчид тэмцээний эхнээс л Патыг сэмхэн дөнгөөд байлаа. Пат Глендон энэ тэмцээнд амжилттай тулалдаж, эсрэг боксчныхоо эрүү рүү баруун гараар, аюулхай руу нь зүүн гараар цохиж муужруулан унагасан боловч шүүгч хориотой цохилт хийлээ гэж Патыг тэмцээнээс хассан юм. Хориотой цохилт хийсэн гэж ярих үндэс ч байж болохгүй гэдгийг бүх үзэгчид болон мэргэжилтэн, засуулч цөм мэдэцгээж байлаа. Г эвч Пат Глендон боксын ёс заншлыг дагаж, шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөн хүлээгээд энэ амжилтгүй явдлаа бас л өнөөх зуршил болсон аз золгүй явдлынхаа нэг болов гэж тооцоод өнгөрчээ. Пат Глендон тийм л хүн байсан юм. Энэ захидлыг хэн бичив. Пат уу, эсвэл өөр хүн үү? гэдэг асуулт Стюбнерийг шаналгаж байв. Стюбнер захидлаа ажил дээрээ авч очоод “Пат Глендон хаана байгаа вэ, тэр чухам юу болсон бэ?” гэж бүх тамирчдаас сураглав. Гэтэл мэддэг хүн алга. Хэн ч яг таг нотлоогүй боловч Патыг зарим нь үхсэн гэж боддог ажээ. Өглөөний сонины спортын хэлтсийн редактор хуучин бичиг цаасаа уудалж үзээд ч Патын үхсэн тухай ямар нэг мэдээ олсонгүй. Түүний тухай Стюбнер гагцхүү Тим Доновеноос олж мэдлээ.
   Доновен:
   — Тэр яалаа гэж үхэх вэ? Тийм хүч тэнхээтэй, тэгээд бас архи уудаггүй, ерөөсөө амгалан тайван амьдарч байсан хүн юу гэж үхэх билээ. Пат их мөнгө олж түүнээ дэмий үрдэггүй улам хуримтлуулж үр ашигтайгаар эргэлдүүлж байсан юм. Түүнд бүхэл бүтэн гурван зоогийн газар байсан бөгөөд түүнээсээ их хэмжээний мөнгө олдог байсан юм. Сүүлчийн удаа түүнийг хамаг юмаа худалдаад байх үед нь уулзсан. Түүнээс хойш хориод жил өнгөрсөн байхаа. Тэгэхэд эхнэр нь дөнгөж нас бараад тэр өөрөө бүхнийг орхиж ойд гарч амьдрахаар шийдсэн байсан үе. Тэр цагаас хойш би түүнийг үзээгүй, харин амьд нь л лавтай! гэж ярив.
   Стюбнер:
   — Эхнэр нь үхсэн гэнэ ээ? Пат хүүхэдтэй байсан уу?
   — Бүүр балчир нэг хүүхэд байсан. Намайг уулзах үед Пат тэр хүүхдээ тэвэрч явсан юм.
   — Бүстэй хүүхэд үү?
   — Би яаж мэдэх вэ дээ! гэв. Нэгэнт ийм болохоор Стюбнер эрс шийдвэрлэж орой нь буухиа галт тэргээр хойд Калифорнийн хамгийн зэлүүд нутаг руу довтолгож гарав.
  
  
  ХОЁР
  
  
   Сэм Стюбнер өглөө эрт Дир Лик гэдэг эл хуль жижиг тал өртөөн дээр галт тэрэгнээс бууж тэндхийн ганц зоогийн газрыг нээгдтэл бүтэн цаг гудамжаар холхив. Тэр зоогийн газрын эзэн нь Пат Глендоны тухай юу ч мэддэггүй, түүнийг сонсоо ч үгүй байлаа. Хэрэв тийм хүн энд байдаг л юм бол ууланд л хаа нэгтэй суудаг байж магад гэв. Түүний тухай зоогийн газрын байнгын үйлчлүүлэгчид ч зочид буудлынхан ч мэдэхгүй байлаа. Харин мухлаг шуудан нээгдмэгц л Стюбнер мөр сургийг нь гаргаж амжлаа. Пат Глендон тэнд оршин суудаг нь лав боллоо. Мухлагийн худалдагч хүүг нь үзжээ. Түүнийг бас Пат гэдэг бөгөөд хоёр жилийн өмнө Дир Ликид нэг ирсэн. Харин өвгөн Пат бол наргиантай маягийн буурал өвгөн төлбөрөө чекээр хийж хүнсний болон хэрэгцээт зүйлсээ худалдан авснаас хойш таван жил үзэгдээгүй гэхээс өөрийг худалдагч эс мэдэх аж. Чухам хаана гэдгийг бурхан л мэдэх болтугай. Өртөөний морин тэргээр Олпайн гэдэг модчины хуаран хүртэл дөчин мод яваад мориор Янгирын хөндийг гаталж, дараа нь даваа даваад, Баавгайтын горхи чиглэн явах хэрэгтэй байлаа. Тэр горхины цаад талд хаана ч юм бэ, Глендон оршин суудаг бололтой. Сэмийн хаашаа явах замыг Олпайны багачуул зааж өгнө гэж хэлэв.
   Стюбнерийн сэтгэл их л тайвширч бага Пат Глендон гэж үнэхээр байгаа, хөгшин эцэгтэйгээ хамт ууланд амьдардаг юм байна гэж мэдэв.
   Стюбнер Олпайн дахь модчиныд унтаад эндээс энэтхэг морь унаж, үүрээр гарч Янгирын хөндийгөөр өгсөн даваа давж Баавгайтын горхи руу буулаа. Стюбнер өдрийн турш явжээ. Тэр бээр ийм эл хуль зэлүүд газар явж байсан удаагүй ажээ. Үдшийн хэрд л дөнгөж Пинтогийн хөндийн эх өөд өгслөө. Тэр нь мориноосоо бууж явган явахаас аргагүй цавчим хавцал гангатай нарийн зөрөг замтай газар байлаа.
   Шөнийн арван нэгэн цагийн хэрд нүргэлсэн дуутай асар том анч ноход хуцаж угтсан дүнзэн байшингийн дэргэд хүрч буулаа. Тэгтэл төдхөн хаалга нээгдэж Пат Глендон гарч ирээд Стюбнерийг тэврэн авч мэндчилээд байшиндаа хөтлөн оруулав.
   Пат галаа ноцоон кофе чанаж, баавгайн мах шарах хооронд тасалгаандаа майжганан холхиж:
   — Сэм , чамайг ирнэ гэж би мэдсэн юм. Миний хүү өнөө шөнө гэртээ ирэхгүй. Бид махаа дуусчихсан учир буга агнахаар оройхон явсан. Би түүний тухай өөр нэг ч үг яримааргүй байна, удахгүй чи өөрөө үзнэ! Өглөө нь ирэхтэй нь зэрэг сорьж сонжиж үзээрэй. Бээлий нь ч тэр өлгөөстэй байна.
   ... Би ч яах вэ больчихсон хүн.
   Нэг сард наян нэгэн нас хүрнэ. Энэ бол хуучин байлдагчид тийм ч муу бишээ. Би шөнөөр хэрж доншуучилж явсангүй, лааг хоёр үзүүрээс нь шатааж болдоггүй гэгчээр биеэ ямагт хямгадаж явдаг байлаа Сэм минь. Би төрлөхийн чийрэг биетэй хүн байж билээ. Чи хараад хэл л дээ, миний бие махбод төдий л их муугүй байгаа биз? Би хүүгээ ч тэгж хүмүүжүүлсэн. Бодоод үз л дээ, тэр минь одоо хорин хоёр настай харин амьдралдаа нэг ч удаа архи уугаагүй, тамхины амт ч мэдрээгүй хүн дээ.
   Биеийнх нь том гэдэг, дандаа зоргоороо байсан юм. Чи хүлээж бай. Тэр чамайг ан гөрөөнд дагуулаад явна. Чамайг сунатал алхаж амьсгаадаад явахад тэр бол харин бүх зэр зэвсгээ зүүж, бас асар том буга үүрээд явахдаа юу ч тоохооргүй дээ.
   Хээрийн сэргэлэн агаарт бойжиж өсөөд, өвөл ч зун ч гэрт унтаж үзээгүй юм. Хээрийн саруул агаар гэдэг гол нь гэж түүнд сургасан юм шүү дээ! Гэрт унтаж хэрхэн дасах вэ? Боксын тавцан дээр тамхины утааг тэсвэрлэдэг болов уу даа? гэдэгт л миний санаа зовниж байна даа. Туйлдаж байх үед агаар дутагдан, амьсгаа давхацмаар тамхины утаа манарч байна гэдэг бас ч бэрх шүү. За за чалчихаа болъё, эрхэм нөхөр Сэм минь чиний нойрсох цаг боллоо. Замдаа ядраа биз дээ? Удахгүй чи түүнийг үзэх болно. Хүлээж л байгаарай.
   Гэвч Пат нас өтлөөд чалчаа болсон учир Стюбнерийг мөд унтуулсангүй, бас л цааш нь ярьж гарав.
   — Миний хүү бугыг гүйдэл дунд нь онож унагаана. Ер нь амьсгаа задрахад ан гөрөө хөөцөлдөхөөс илүү сайн дасгал байдаггүй юм. Тэр янз бүрийн ном тэр ч байтугай шүлэг уншдаг боловч мэдэх юмаар маруухан, ёстой л байгалиас заяасан үр дээ. Чи түүнийг хараад л шууд мэдрэх болно. Түүнд эртний Ирланд сайн эрийн шинж бүрдсэн юм шүү. Заримдаа түүнийг ажвал ямар нэг бодол мөрөөдөлд автсан байх шиг! Гэвч тэр нь элдвийн ид шидэт амьтан юм уу, дагина гэх мэт янз бүрийн хачин юманд итгэдгээс зайлахгүй. Байгальд хэнээс ч илүү дуртай харин хотоос бол айдаг “тэднийг аятайхан тарааж нутаглуулбал илүүдэхгүй байхаа” гэдэг юм. Хоёр жилийн өмнө тэнд очиж анх удаа галт тэрэг үзсэнээс хойш өөр газар ер явж үзээгүй. Дэмий ч тэгж зэрлэг байдлаар хүмүүжүүлэв үү дээ? гэж заримдаа бодогддог л юм. Гэхдээ түүний амьсгаа, тэсвэр хатуужил, бяр чадал нь бух шиг л гэсэн үг. Хотын хүмүүсийн нэг нь ч түүнтэй эн зэрэгцэхгүй. Жеффрис ид гялалзаж явах үедээ байлаа гэж үзэхэд жаал хүүг ялимгүй үнгэж чадах сан биз, ялимгүйхэн шүү. Харин миний хүү бол түүнийг дэрс сүрэл адил хугачиж орхих байсан байхаа. Гэвч харахад ер тэгж хэлэмгүй, тун гайхамшигт амьтан. Гадаад байдлаараа бол зүгээр л нэг тэнхээ тамиртай, үзэсгэлэн гуа залуу боловч, булчин нь хүн бүхнийхээс өөр юм. Гайгүй ээ чи өөрөө үзээд бүгдийг ойлгоно оо.
   ... Саран саруулд навч цэцэг нуга зүлэг юм уу нарс мод, наран шингэх үеийн үүл, элдвийг үзэж харахдаа дуртай гэдэг нь тун гайхалтай. Эсвэл наран мандахыг буурал хангайн оройгоос харах их дуртай даа. Мөнхөд л зураг зурах юм уу, Люциферийн тухай ч юм уу, шөнийн тухай ч юм уу шүлгэрхүү юм бувтнаад байдаг болчихсон юм. Түүнд тийм номуудыг хонгор шар үстэй нэг эмэгтэй багш өгдөг байлаа. Энэ бол залуу насных нь юм даа. Хүү минь боксын спортыг сонирхож байгаа учир бид түүнд нь чиглүүлж өгвөл зохино гэж би бодсон юм. Хүү минь анхандаа том хотод сууж дастлаа бага зэрэг уйдаж ч болох юм. Чи түүнд нь урьдаас бодолтой байгаарай.
   ... Түүний бүсгүйчүүдээс эмээдэг нь сайн хэрэг. Тэдний тухай ойрын жилүүдэд бодох ч үгүй биз. Бүсгүйчүүдийн тухайд бол юу ч мэдэхгүй. Ер нь тэднийг бараг үзээ ч үгүй, шүлгээр миний хүүгийн толгойг эргүүлээд байдаг Самсоновын чөлөөний нэг эмэгтэй багш энд байсан. Хүүд минь ухаан жолоогүй дурлачхаад байхад түүний нь ер ойлгоогүй юм даг. Тэр бүсгүйн үс гэдэг нь ёстой л алт аа , алт. эндхийнх биш цаад хөндийгөөс ирсэн юм.
   Хөөрхий тэр бүсгүй цаашдаа залууг улам эргүүлдээд байх болсон юм. Тэгээд хүү маань юу болж байгаагийн учрыг ойлгомогц ямар арга бодож олсон гэж та санана? Туулайнаас дор цочин буу зэвсэг, хөнжил дэвсгэр хамаг юмаа аваад бүүр ойн гүн рүү ороод, бүтэн сар үзэгдээгүй.
   Дараа нь нэг шөнөөр сэмхэн ирээд үүрээр дахин алга болж өгсөн. Бүсгүйн захидлыг харах ч дургүй “та эднийг шатааж орхи” гэдэг байлаа. Самсоновын чөлөөний өнөөх бүсгүй морьтой хоёр ч удаа ирсэн ч хөөрхий хэчнээн өрөвдмөөр байв даа. Хүүгийн минь төлөө шаналан царай зүс алдаж гүйцсэн байв. Тэгээд гурван сарын дараа сургуулиа орхиод нутагтаа харьчихсан юм. Тэгэхэд л залуу маань сая гэртээ бүрмөсөн эргэж ирсэн.
   Ер нь бүсгүйчүүд олон сайхан боксчдыг хөнөөсөн удаатай. Тэр ямар нэг залуухан бүсгүй ганц хоёрхон ирмэх юм уу зүгээр жоготойхон хараадахвал жаахан охин шиг нүүр нь улайж орхих нь тэр. Ер нь ч түүнийг бүгдээрээ тэгж харцгаагаад амруулдаггүй юм. Харин тулалдах гэдэг нь аа яа яа, яаж тулалддаг гэж санана, бурхан минь! Түүний зангидсан гарт ган халуун цус зангираад ирэх нь ёстой ирланд хүний цус буцалж байгаа нь тэр ээ! Гэхдээ тэсвэр тэвчээр алдсандаа тэр биш, яагаад ч тийм биш ээ! Би идэр залуудаа ч тийм галзуу цогтой байгаагүй. Болчимгүй түргэн авираасаа болж аливаа гэм согог тохиолдож байснаа санахаар айх юм. Харин хүү минь мөн ч цогтой, тэгээд хүйтэн шүү! Дороос нь гал дүрэлзэж байгаа мөсөн цэвдгээ. Хөргөхөөр тавьсан зайн хүчдэл бүхий цахилгаан шугам л тийм байдаг байхаа.
   Стюбнер нам унтчихад хүрсэн боловч өвгөний үглээд сэрж, яриаг нь нойрон дундаа сонсоно.
   — Түүнийг жинхэнэ эр хүн болгосноо бурхны өмнө тангараглая. Зангидсан гар нь тун гайхалтай хөл нь ч чийрэг нүд нь ч гойд хурц сэргэг. Би орчин үеэсээ хоцрохгүйн тулд бүх шинэ сэргэг зүйлсийг ажиж мэдсээр ирлээ. Хүү маань боксын бүхий л мэх барил, хэлбэр маягууд, хүчээ яаж гамнах гэх мэтийг бүгдийг тодорхой мэднэ. Мөн байраасаа 2 ямх, хэрэв бололцоотой бол бүтэн хагас ямх ч огт хөдлөхгүй, хүсвэл имж шиг харайж чадна. Огцом тулалдаанд ямар гэж санана. Чи өөрөө үзээд мэднэ ээ. Карбеттын ид мандаж байх үеийнхээс давж, Питер Жексонтой өлхөн эн зэрэгцэх байхаа. Боксын хувьд мэдэхгүй арга мэхгүй болтол би түүнийг бүх талаар сургасан. Тэр ч байтугай улам давуу юм мэддэг болсон гэдгийг би чамд хэлье. Миний хүү ер нь бокст суут гоц хүн. Түүний тэнхээг сорьж үзэх хүчтэн амьтад энэ ууланд мундахгүй шүү. Би бүх нарийн арга мэхэнд сургасан, тэдгээр нь тулалдана гэгч юу болохыг харуулсан юм. Тэдгээр амьтад мань залуутай үзэлцэхээс нэрэлхэж хулчийдаг гэж санана уу? Галзуу бух, зэрлэг баавгайтай барьцалдан үзэлцэхдээ өнхөртөл гуядаж, өмөртөл базаж орхидог билээ. Тэдгээр хүчтэнтэй тоглож байдаг юм чи дуулж байна уу? Бид нар гөлөгтэй яаж нааддаг билээ. Тэгж л тоглож байдаг юм!
   Стюбнер бас л унтчихсанаа өвгөний ярих дуунд сэрнэ.
   — Харин хамгийн хачин зүйл гэвэл тэр боксыг үнэн голоосоо шимтэн сонирхдоггүй юм. Бокс бол үл амтагдах хөнгөн хялбар болохоор түүнийг биеийн чилээ гарах төдийхнөөр үзнэ. Гэвч хүчтэй дайсантай учрахыг нь хүртэл хүлээгээрэй. Өөрийнхөө тэр хөргөлтөд зай залгахын хамт боксын урлагийн бүх дүрмээр нүдэлцэхэд л мэдэгдэнэ. Үгүй ээ, чи тийм гайхамшигтай юм ер үзээгүй!
   Уулын жихүүн үүрээр өвгөн Пат Стюбнерийн хөнжлөөс угзчиж баргиа дуугаар:
   — Хараач, өнөөдөх чинь тэр зөрөг замаар ирж явна! Бушуу босоорой, дэлхийн шилдэг боксчныг үз. Тийм эрийг боксын тавцан үзээгүй,мянган жил болоход ч үзэхгүй! гэв.
   Даамал нойрмоглон өндийж нулимс бүрхсэн нүдээ арчин байж нээлттэй хаалгаар харвал лут том залуу эр модны чөлөөгөөр гарч айсуй үзэгдэнэ. Нэг гартаа буугаа барьж, асар том буга мөрөн дээрээ эгэлдрэглэсэн мөртөө ер нь хүнд юм үүрсэн шинжгүй явна. Тэр залуу хөх өнгийн барзгар комбинезон дээр ноосон цамцны зах тавьж өмсөөд шаахайн оронд хөлдөө улавч угласан байлаа. Хүнд үүргийг тооцохгүйгээр өөрөө хоёр зуун хорин фунт жинтэй мөртөө огт ажиггүй муур мэт хөнгөн шаламгай явж байхыг хараад л даамалд асар их сэтгэгдэл төрөв. Үүний зэрэгцээгээр энэ залуу нэг л ер бусын онцгой хүн ажээ. Энэ бол огт үзэгдээгүй гоц маягийн байлдагч юм. Хорьдугаар зууны үеийн жирийн залуу эртэй адилгүй, үлгэрт гардаг аварга том хүн юм уу, эсвэл эрт урьд цагийн ардын домогт гардаг ой шугуйгаар шөнөдөө хэрэн явагч баатар эртэй ихээхэн төсөөтэй ажээ.
   Бага Пат төдий л яриа биш гэдгийг Стюбнер төдхөн ойлголоо. Өвгөн Пат зочныг танилцуулахад залуу дуугүйхэн гар бариад, гал ноцоож өглөөний хоол хийх ажилдаа орлоо. Эцгийнхээ тавьсан асуултад товч ганц нэгхэн үгээр хариулж, буга хаанаас агнав? гэж асуухад “урд даваанаас” гэхээс өөр үг хэлсэнгүй. Өвгөн:
   — Уулаар арван нэгэн мод явж хүрнэ. Тэр нь үнхэлцэг хагарчихмаар бэрх зөрөг замтай газар юм шүү,гэж Стюбнерт бахархан тайлбарлана.
   Өглөөний хоолонд хар кофе ууж, бин, цог дээр шарсан баавгайн мах идлээ. Залуу Пат шарсан мах том томоор үмхлэхийг хараад эцэг хүү хоёр Глендон бараг дан махан зуушаар амьдарч дассан юм байна гэж мэдлээ. Хоолон дээр өвгөн Пат л яриад байв. Өвгөн Пат сэтгэлдээ бодсон хамаг юмаа хоолны дараа л ярьж эхэллээ.
   — Пат аа, хүү минь, эрхмийн хэн болохыг мэдэж байна уу? гэж хэлэхэд бага Пат толгой дохиж, ухаалаг сэргэлэн нүд нь зочин дээр агшин зуур тусна.
   Өвгөн Пат:
   — За тэгэхээр энэ хүн чамайг Сан-Франциско руу аваад явна гэхэд бага Пат:
   — Би эндээ байсан нь дээрээ аав минь гэж хариулав.
   Стюбнер энд дэмий зүтгэж ирсэн мэт бодогдон урам хугаран гонсойв. Үнэндээ их тэнхээтэй ч гэлээ гэсэн хэрэв зодолдох дургүй бол ямар боксчин гэх билээ! Тийм тийм, аварга хүчтэн эрс залхуу хойргоосоо болж хөштөл таргалж харвинтсан гэж эртний үгэнд байдаг!
   Өвгөн Патын эртний кельт омгийн уур дүрсхийж сүртэй зандрангуй дуугаар:
   — Чи хотод очиж тулалдах хэрэгтэй. Дуулав уу? Би чамайг тулалдуулахын төлөө л сургаж хүмүүжүүлсэн юм! Залуу:
   — За тэгье гэж цээжний гүнээс бүдүүн дуугаар хариулав. Өвгөн:
   — Чөтгөр шиг үзэлцэнэ дээ хө! гэж нэмэн хэлнэ. Залуу:
   — За яах вэ, тэгээд хэзээ явах вэ? гэж дуртай дургүй хариу дуугарахыг хараад Стюбнер бас л дахин урам хугарч эхлэв. Өвгөн:
   — Сэм урьдаар загасчилж, ан гөрөө хийж чамайг сорьж шалгаж үзнэ гээд Стюбнер тийш харвал наадах нь нотолж толгой дохино.
   — За тайчиж энэ хүнд биеэ харуул! гэв.
   Нэг цаг болсны дараа Стюбнерт бүх байдал тодорхой боллоо. Стюбнер өөрөө боксчин, тэгэх мөртөө хүнд жингийнх байсан болохоороо боксчдыг гоц сайн мэддэг байлаа. Гэвч бага Патынх шиг тийм гайхалтай сайхан бие цогцос ер нь хэзээ ч үзээгүй ажээ.
   Өвгөн Пат алтан гургалдай мэт дуржигнан яриагаа урсгаж гарав.
   — Чи хар л даа, бие махбод нь хэчнээн уян хатан ёстой л хэрэгтэй бүгд нь бүрдсэн байгааг. Амьсгааны уужуухан гэдэг нь яана, мөрний өргөн тэнэгэр гэдэг нь жигтэйхэн! Цусны нарийн дусал нь хүртэл арчсан толь мэт тэр аяараа ариун тунгалаг юм шүү. Сэм минь, ертөнц дээр үзээгүй хүн өмнө чинь байгаа нь энэ дээ! Бүх булчингууд нь сайн хөгжсөн энэ хүү бол чиний бодсон шиг циркийн бөх юм уу, ямар нэг гимнастикч биш шүү! Булчингийн агшиж, эрчлэн зангирах гэдэг нь овойж товойгоод сум могой шиг биш гэхийн аргагүй, чи хар л даа цохиход л эрчилж тусах нь ёстой дуут могой доо. Дөчин үе тэр ч байтугай зуун үеийг ч тэсэн өнгөрүүлж чадна! За одоо эхлээрэй! Цаг үрчихлээ!
   Тэд эхлээд нэг минутын завсарлагатай гурван минутаар хэдхэн үе өнгөрөхөд Стюбнерийн эргэлзээтэй бодол арчсан мэт алга болов. Хашин хойрго, хөшүүн хөдөлгөөнгүйн шинж ер үгүй яаралгүй амгалан тайван наадаж байснаа гэнэт хөнгөн шаламгай хөдлөн оновчтой цохилт болон хамгаалалт хийж байгаа нь онцын дасгал хийчихсэн ёстой төрөлхийн боксчин л ингэж зодолддог биз ээ гэж санагдуулж байлаа.
   — Аяархан хүү минь аяархан! Сэм бол урьдынх шигээ биш шүү гэж өвгөн Пат болгоомжлон санамж өгнө.
   Сэм, илт ноёлогдоод ирлээ. Ингэхийг нь л өвгөн хүсэн хүлээж байсан юм. Стюбнер хамгийн уран аргаа хэрэглэж, гэдэс рүү нь гэнэт ёврох, хуурамчаар барьцалдах мэт хамгийн дуртай цохилтоо гаргалаа. Стюбнерийн хөдөлгөөн цахилгаан мэт хэдий хурдан боловч Пат учрыг нь ойлгож огцом займран амжиж цохилтын хүчийг нь бууруулж байлаа. Дараах үед нь залуу хэрж зогсохоо больж цохилтынх нь урдаас сөрж зүүн ташаагаараа мөргөн давшив. Дөнгөж хоёрхон ямх ахихад л цохилтыг нь няцааж амжив. Энэ минутаас эхлээд Стюбнерт ямар ч заль мэх тус болсонгүй. Хөдлөх бүрд бээлий нь Патын ташаанд тулаад байх болов.
   Томоохон боксчидтой хүч үзэлцэж байсан удаа Стюбнерт цөөнгүй тохиолдож байсан бөгөөд туршилтын тэмцээнд бол ямагт нэрээ хамгаалан гарч байсан юм. Гэтэл энэ удаад тэгж ярихын ч хэрэг алга. Бага Пат түүнтэй зүгээр л гарынхаа чилээг гаргаж байх шиг ажээ. Паттай тулгаран барьцалдахдаа Стюбнер өөрийгөө арчаагүй балчир хүүхэд шиг байгаагаа ухаарав. Пат юу хүссэнээ гүйцэтгэж, Стюбнерийг уран чадварлагаар эрхэндээ оруулж оновчтой хөнгөн шаламгай хөдөлгөөнөөр буланд шахаж байх нь ерөөсөө хүн байна гэж анзаарч байгаа шинжгүй, байгаль ертөнцийн сайхныг мөрөөдөн сонирхож огт өөр зүйл харж байгаа юм шиг байлаа. Стюбнер бас төдхөн нэг алдаа гаргалаа. Өвгөн Пат хүүдээ зааж сургасан мэх барил нь л энэ байх гэж шийдээд ойрхон зайнаас гэнэт огцом цохилт хийхийг завдтал Пат гарыг нь тавхийтэл хавчиж аваад хэдий чармайвч болсонгүй бас чих рүү нь дэлсэж орхив.
   — Цохилтыг андахгүй! Бурхан минь, тэгээд өөрөө ч бас зүгээр, мэдэхгүй дүр үзүүлэхгүй шүү! гэж өвгөн инээж, энэ ерөөсөө шулам шиг амьтан. Цохилт хаанаас аль руу чиглэж ирэхийг харалгүй анзаарч, хурдыг нь ч, хүч чадлыг нь ч, зай хэмжээг нь ч, онч тусгалыг нь ч бүгдийг андахгүй анзаарч мэддэг юм. Би энэ бүгдийг зааж сургаагүй боловч төрөлхийн авьяасаараа цөмийг өөрөө сурсан юм шүү.
   Нэгэн удаа барьцалдах үед, Стюбнер бээлийгээ бага Патын ам өөд явуулж орхитол, цаадах нь энэ шүргэлтээс уур нь хүрэх шиг боллоо.
   Стюбнер дахин барьцалдаж авахдаа, уруулдаа Патын бээлий тусахыг ухаарав. Цохилт хүчтэй биш боловч энэ тайвуун дэлсэлтэд Сэмийн толгой бүх заадсаараа яйртал доргин гилжийж хүзүү нь гэмтэв үү гэж агшин зуур бодогдсон ажээ. Стюбнер бууж өгснөө мэдэгдэн бүх биеэ сул тавьж гараа доош буулгаад арайхийж амсхийсэн байдалтай гуйвж дайвсаар хажуу тийш зайллаа.
   — Энэ ... энэ чинь эр хүн юм гэж Стюбнер амьсгаадан үглэнэ. Стюбнер үг дуугарах чадалгүй амьсгаа нь давхацсан боловч хэдий чинээ биширсэн нь түүний царайд илт байлаа.
   Өвгөн Патын нүд баярын нулимсаар мэлтгэнэж:
   — Заа хө, ямар байна. Хэрэв аливаа нэгэн овилгогүй этгээд даажигнах гэж оролдон хориотой арга барил хэрэглэвэл яах нь вэ, үзэв үү? гэхэд Стюбнер:
   — Энэ залуу тийм хүнийг дор нь нам унагаж орхих нь гарцаагүй гэв.
   — Яах бол доо! Энэ чинь дэндүү амгалан хүн шүү. Гэхдээ бузар булай арга явуулгыг бол ч залхаахдаа л залхаана даа! Стюбнер:
   — За одоо ингэхэд гэрээгээ бичье! гэхэд өвгөн Пат түдгэлзэж:
   — Азнаарай чи урьдаар түүний жинхэнэ мөн чанарыг мэдэж ав! Би хөнгөн болзол тогтоомооргүй байна. Чи түүнтэй хамт ууланд ан гөрөө хийж, тэсвэр хатуужлыг нь шалга! Тэр цагт л ёстой няцашгүй гэрээ гэгчийг бичиж гарын үсэг зурна.
   Стюбнер хоёр өдөр анд явж энэ өдрүүдэд өвгөн Патын амлаж байсан бүгдийг болоод, түүнээс ч илүү зүйлийг үзэж мэдээд ёстой далан таваар бууж өгнө гэгч болж, бүүр эцэж цуцсан байдалтай эргэж ирэв. Стюбнер нэлээд юм үзэж өнгөрүүлсэн хүний хувьд энэ залуу төдий л мангуу амьтан биш гэдгийг тун сайн мэдсэн боловч, чухам ... амьдралын нарийн үйл явдлуудад тун ч гэнэн байгаад нь ихэд гайхав. Үнэндээ түүний оюун ухаан нь огт задраагүй, уулын бөглүү амьдралд мэдлэгээр явцуухан боловч, төрөлхийн хурц сэргэлэн, юмыг гоц түргэн ухаарах билэг авьяас төгөлдөр юм гэдэг нь мэдэгдэв.
   Залуугийн гайхалтай амгалан тайван нь л Стюбнерт тааж мэдэхэд бэрх зүйл байлаа. Түүнийг юугаар ч уурлуулж зэвүүцүүлж дийлшгүй, эртний удамшилт хязгааргүй их тэсвэр хүлээцтэй ажээ. Тэр залуу журамтайхан багачуудын хараадаг учир холбогдол багатай, эвгүйхэн үгээр хараах нь ганц ч сонсогдсонгүй. Стюбнер түүнийг зэвүүцүүлэх гэхэд,
   — Хараая гэвэл ч харааж болох л доо. Ер надад хараах хэрэг юу байх билээ. Хэрэгцээ тохиолдвол ч бас л харааж чадна аа! гэж тайлбарлав.
   Өвгөн Пат өөрийнхөө хэлдгээр гэрийнхээ босгон дээр тэдэнтэй салах ёс гүйцэтгэж:
   — Пат хүү минь мөдхөн би чиний тухай сонин хэвлэлээс уншина. Би өөрөө явах хүсэлтэй байсан юм. Гэтэл тэгэх байтугай би үхтлээ эндээс хөдөлж чадахгүй биз гэв.
   Дараа нь даамлыг дуудаж, зайдуу аваачаад ширүүн бараг л ууртай байдлаар хандаж:
   — Би чамд нэг хоёрхон удаа биш үглэж яншиж байсныг санаарай. Ариун тунгалаг, үнэнч шударга, энэ залуу бокст бузар булай явдал хэчнээн их байдгийг мэдэхгүй. Бүх муу талыг би түүнээс нууж байсан юм, мэдэв үү! Ямар хуйвалдаан байдгийг ч мэдэхгүй шүү. Бокс бол түүний хувьд, эр зориг алдар гавьяанд хүрэх сайн сайхан зам байгаа юм. Би үүнд, боксын тавцангийн урьд үеийн баатруудын тухай ярьж өгдөг байсан минь дэмий хэрэг бишээ. Ер нь яагаад бокст дур шунал бадрахгүй байгааг нь гагцхүү бурхан л мэднэ биз.
   Боксын тэмцээний тухай сонин хэвлэлд гардаг дэмий балай зүйлийг түүнээс нууж, сэмхэн огтолж авдаг байсны минь чи ойлгоорой. Т эр харин түүнийг дурсгал болгон хайрлаж хадгалдаг гэж санадаг байсан юм. Боксчид зориуд хуйвалдаж, бууж өгдгийг ч мэддэггүй. Чи түүнийг бузар хэрэгт хутгаж урмыг нь бүү хугалаарай. Үүний тулд ч өчүүхэн төдий заль мэх гаргах юм бол уг гэрээ аяндаа хүчингүй болно гэсэн заалтыг энэ гэрээнд зориуд нэг зүйл болгож заасан юм. Тэмцээнд хол ойрын зай гэх зэрэг бусад зүйлээр кино операторуудтай урьдчилан тогтоосон ямар нэг нууц хуйвалдаан зохиох юм уу, мөрийцөж ашиг хонжоо харах явдал гаргаж огт болохгүй. Та хоёр бөөн мөнгөтэй болно. Чи гагцхүү наадмаа үнэнч шударга явуул, тэгэхгүй л бол хоосон хоцорно шүү мэдэв үү?
   Бага Пат мориндоо мордоод, эцгийнхээ юу хэлэхийг хүлээж мориныхоо амыг хүлцэнгүй татаж зогсоход, өвгөн Пат хүүдээ захиж:
   — За чи юу ч хийж явлаа гэсэн бүсгүйчүүдээс болгоомжлох хэрэгтэй гэдэг нэг зүйлийг ямагт санаж яв. Бүсгүйчүүдээс болж нүгэл, үхэлд хүргэдэг ч явдал байдаг юм гэдгийг чи бат санаж яваарай!
   За харин ганц жинхэнэ сайныг нь онож олбол, түүнийг бат атгаж ав! Тийм бүсгүй олдож гэмээ нь, алдар гавьяа, мөнгө, хөрөнгө хогшлоос ч үнэтэй. Харин урьдаар сайтар шалга. Тэгээд таарвал түүнийг битгий тавь! Хоёр гараараа лавхан атгаж аваад чанга гэгч нь зуураад бай. Нарт ертөнцөөс ангижрахад хүрлээ ч гэсэн зуураад бай! Пат аа, хүү минь сайн бүсгүй гэдэг бол ... гэдэг бол ... за нэг үгээр хэлэхэд сайн бүсгүй л хэрэгтэй. Чамд захиж хэлэх миний эхний болоод эцсийн үг энэ дээ!
  
  
  ГУРАВ
  
  
   Сэм Стюбнер Сан-Францискод ирсэн өдрөөс эхлээд сэтгэл амгалан байсангүй. Бага Пат эцгийнх нь санаа зовж байсан шиг үргэлж уцаарлаад байсангүй. Харин гайхалтай уриалгахан нийцтэй огт ондоо байлаа. Гэвч хөвчин уулын дассан нутгаа санан мөрөөдөх болжээ.
   Гудамжны их шуугианд улаан арьст индиан хүний намуун тайван байдлаа хадгалахыг мэрийж ядан байсан ч гэсэн сэтгэлийнх нь гүнд том хот гайхалтай соньхон байлаа. Пат долоо хоног болоод:
   — Би энд тулалдахаар ирсэн. Жим Хэнфорд чинь хаана байна? гэхэд Стюбнер дооглонгуй маягтай шогширч:
   — Тийм агуу их аварга хүн чамайг тоож харах ч үгүй. Урьдаар “ядаж нэр олж ав” гэж тэр чамд хэлнэ.
   — Би түүнийг дэлсэж орхино оо!
   — Гэтэл олон түмэн бол үүний чинь мэдэхгүй шүү дээ. Хэрэв чи түүнийг дэлсчихвэл аварга болчихно. Гэтэл ганцхан тэмцээнээр дэлхийн аварга болчихдог юм уу?
   — Надад бол болно оо.
  
You have read 1 text from Mongolian literature.