🕥 31-minute read

Догшин Араатан - 5

Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Total number of words is 4055
Total number of unique words is 1830
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
   — Эрхэм “догшин араатан” минь, чи энэ удаад чин үнэнээсээ араатан шиг авирлаж муйхарлах нь шив дээ! Пат инээж:
   — Тэгэхийг л чармайж үзнэ. Сүүлчийн тэмцээн мэдэв үү, хамгийн сүүлчийнх! Тэгээд дараа нь чамтайгаа ганцхан чамтайгаа үүрд хагацашгүй амьдарна аа. Гэвч миний энэ үгэнд чи дургүй байгаа юм биш биз? Тэгвэл надад хэлээрэй.
   — Яагаад дургүй байх вэ? Би аварга найзынхаа энэ байгаа төрх байдалд нь дурладаг юм шүү дээ. Тэгэхээр тааллаараа болог. Боксын тэмцээнд оролцох нь хэрэв чамд хэрэгтэй бол бас надад ч хэрэгтэй, чи бид хоёрт яг адилхан хэрэгтэй. Хэрвээ би “театрын тайзан дээр гарч жүжигт тоглох гэх юм уу, Номхон далай, хойд туйлд очих хүсэлтэй байна” гэвэл чи яах вэ?
   Пат сүрхий бодлогоширсон байдалтай:
   — Тэгвэл би “санаснаа хийж бай. Чи бол миний эхнэр болох учраас ямагт таалал зөнгөөрөө бол, юу дуртайгаа хий!” гэж хэлнэ дээ. Чи бол наддаа ганц. Чамдаа би хайртай гээд өөрийг нь тэврээд авахад Мод
   — Чи бид хоёр бие биедээ солиортол дурлажээ! гэж шивнэхэд,
   — Ямар гайхамшигтай юм бэ? гэж Пат хашхирна.
   Пат босож, нарны хэвийлтийг ажаад, үргэлжилсэн уул нуруудыг бүрхэж, огторгуйн хаяанд гудайсан оройн нарны гэрэл цацарсан хөвчин шугуй ойн зүг хоёр гараа сарвайн зогсоод,
   — Ойд унтах хэрэгтэй боллоо. Ойрын буудал хүртэл гучин модоос багагүй хол байна гэв.
  
  
  АРАВ
  
  
   Том Кэннем болоод түүнээс бүүр давуу хүчтэй өөр нэг боксчныг Голден Гейтийн боксын тавцан дээр Пат Глендоны муужруулан унагасан орой байсан бүх бокс сонирхогчид тэр тулалдааныг яахин мартах билээ? Ёстой ширүүн үймээн дүрсхийхэд бэлэн байсан асар том танхим дүүрэн хүмүүсийг Пат бүтэн цагийн турш эрхэндээ барьж байсан тэр үе, бас үүний дараа мөрдлөг эхэлж боксын тавцан дээр болсон зальт арга ажиллагааг шалгаж, түүнтэй холбогдуулан захиалгаар барилга баригчид, дамлан хожигчдод оногдуулсан хэрэг болоод, ер нь боксыг арилжаа наймааны хэрэг болгон ашиглагчид бүгд гүйцэд сүйрлээр төгссөн тэр сүрхий явдлыг хэн мартах билээ.
   Энэ түүхт явдал хэн бүхэнд гэнэтийн тохиолдол болсон билээ. Стюбнер ч ер сэжиг аваагүй юм. Үнэндээ түүний залуу боксчин нь Нат Пауэрстэй болсон түүхт явдлын дараа үг дуулахаа больж зугтаан одоод гэрлэсэн боловч энэ бүгд бүүр өнгөрч улирсан хэрэг болсон билээ. Пат боксын тавцан дээр болсон тэр заль мэх, хуйвалдааныг зохих ёсоор түр уучлан тэвчээд, гомдол хорслоо араандаа зууж бокст эргэж ирсэн билээ.
   Голден Гейтийн боксын тавцан дөнгөж шинэхэн байгуулагдаад байв. Тийм лут том барилга Сан-Францискод хэзээ ч байгаагүй юм. Шинэ танхимд анхны тэмцээн болж таван мянган суудлын билетийг бүгдийг нь худалдсан байв. Дэлхийн өнцөг булан бүрээс бокс сонирхогчид цугларч хамгийн сайн суудалд тавин доллар төлж, хамгийн хямд суудал таван долларын үнэтэй байжээ.
   Алдартайхан ахмад шүүгчийн нэг Билли Морган татуурга доогуур шурган орж буурал толгойгоо гарган малгайгаа авч зогсоход хэзээний дассан шуугиантай алга ташилтаар түүнийг угтлаа. Тэгээд Морганы үг дуугармагц, чих дөжрөм чимээ нирхийв. Энэ бол тавцангийн ойролцоох хэсэг эгнээ сандал туушдаа эвдэрч нурсан хэрэг байжээ. Олон түмэн чанга хөхрөлдөж хэн нэгэн хүнд төдий л ноцтой гэмтэл учраагүй боловч, гэмтэгсдэд зөвлөгөө өгөх, эмгэнэл илэрхийлэх зэргээр хошигноцгоож байх сонстоно. Сандлууд эвдрэн нурах чимээ сонссон үзэгчид нижигнэтэл инээлдэхэд сэргийлэхийн жижүүрийн ахмад хөмсгөө сүртэй атируулж, яггүй орой болох төлөвтэй, хурц сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн шиг туслагч тийшээ хялайж харна.
   Чанга алга ташилт нижигнэн алдар хүндэт ахмад долоон боксчин татуурга доогуур шурган орж тавцан дээр гарч ирэв. Урьд бүгдээр хүнд жингийн аваргууд байсан тэднийг үзэгч олонд танилцуулав. Билли Морган тэднийг танилцуулахдаа нэр алдрыг нь дөвийлгөн зусардаж байлаа. Морган тэдний нэгийг нь “найдварт эр, үнэнч шударга Жон”, нөгөөдхийг нь “ертөнцөд хосгүй гойд нинжин сэтгэлт байлдагч” гэж нэрлээд бусдынх нь тухай бас л дөвийлгөн магтаж “үл ялагдагч, угийн бат чийрэг, зуугаад тулалдааны баатар, хуучин гвардиас хамгийн хүчтэй нь, боксын тавцанд ямагт буцаж ирдэг байсан ганц хүн, хамгийн эрэлхэг зоригт дайчин боксчин, хэн ч цөмж дийлшгүй самар” гэх зэргээр алдар цол дуудаж танилцуулав.
   Үүнд зэгсэн цаг өнгөрлөө. Хүн бүрээс үг хэлэхийг шаардаж тэд өөрсдөөрөө бахархсандаа нүүр нь улайн эвгүйхэн болж зовонгуйрсандаа дороо хөлөө сэлэн хавчиж зогсох зэргээр бүгдээрээ л мэр сэр юм үглэж нуршицгаав. Нэлээд удаахан ярьсан нь “найдварт эр” юм. Түүний яриа бүтэн минут үргэлжилжээ. Дараа нь тэдгээрийн зургийг авах хэрэгтэй боллоо. Бүх алдарт аваргууд, цуутай дасгалжуулагчид, туршлагатай засуулчид, захирагч шүүгчид бүгд тавцан дээр цугларсан байлаа. Дунд болоод хөнгөн жингийн боксчид шуугилдан бие биеэ тэмцээнд уриалан дуудацгаана. Нат Пауэрс ч энд байлцаж бага Глендонтой дахин тоглохыг шаардана. Глендонд дэлсүүлсэн бусад хүчит боксчид ч бүгдээрээ тэгж шаардаж байв. Жим ариун Хэнфордыг тулалдаанд урихыг боксчин бүрийн өөрсдийн ариун үүрэг гэж үзнэ. Жим Хэнфорд ч түүний хариуд өнөөдрийн тэмцээнд ялсан хүнтэй тулахад бэлэн байгаагаа албан ёсоор зарлахад хүрлээ.
   — Үзэгч олон Глендон! гэж хашхиралдана.
   Бусад нь тэдгээрээс давуу хашхирахыг чармайн:
   — Кэннем! гэж орилолдоно.
   Энэ учир замбараагүй шуугианы үеэр бас нэг эгнээ сандлууд нурж зохих ёсоор суудлаа эзэлж байгаа хүмүүс ихээхэн хээл хахуулиар билетгүй олон хүн оруулсан билет шалгагчид руу хашхиралдан сүрхий будилаан дэгдээв. Сэргийлэхийн ахмад захиргаандаа утасдаж нэмэгдэл хүчин ирүүлэхийг шаардана.
   Олон түмэн хөгжилдөж тавцангийн хоёр талаас Кэннем Глендон хоёрыг гарч ирэхэд танхимд ёстой айхавтар чих дөжрөм шуугиан дэгдэж, баяр хүргэлтийн дуу чимээ өлхөн таван минут агаар донсолгосон билээ. Тавцан дээр тэр хоёроос өөр хүнгүй болоход Глендон засуулчдаар тойруулан өөрийнхөө буланд очиж суухад Стюбнер урьдын адил ард нь очиж зогсов. Эхлээд Кэннемийг олонд танилцуулахад хөлөө сэлгэн тавьж, толгой дохиход үзэгчид түүнээс үг хэлэхийг шаардан хашхиралдана. Кэннем үг хэлэхээс аргагүй болоход дуугарч өгөхгүй түгдэрсэн боловч, хоёр гурван өгүүлбэр хэллээ.
   — Би өнөөдөр энэ тэмцээнд оролцож байгаадаа баяр бахдалтай байна гээд Кэннем нижигнэсэн алга ташилтын чимээг ашиглан бас нэг хэлэх үг олж ядан байж,
   — Би ямагт ариун шударга тулалдаж бүх амьдралдаа шулуун шударга үзэлцэж ирсэн, үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Өнөөдөр ч гэсэн бүх чадал тэнхээгээрээ үзэлцэнэ! гэлээ.
   Хүмүүс суудлаасаа:
   — Тун зөв, Том оо! Бид чамайг мэднэ! Том, чи эр хүн! Кэннем хувьдаа оногдох хэрчим өөхийг хүртчихлээ! гэж хашхиралдана.
   Дараа нь Глендон босож ирлээ. Урьдах тулалдаанд ялагсад үг хэлдэггүй зуршилтай болохоор зүй журамд нийцэхгүй байлаа ч гэсэн Глендоноос үг хэлэхийг шаардацгаалаа. Билли Морган чимээгүй байхыг анхааруулж, гараа өргөхөд нам гүм болсон танхимд Глендоны баргил цээл дуу цуурайтна.
   — Энэ улс, та нарын өмнө тоглон тулалдахдаа баяр бахдалтай байна гэж бүгд ярьцгаасан. Би тэгж хэлэхгүй гээд Пат, гайхсан үзэгч олны зүг харж, хэлсэн үгээ тэдний ой тойнд нь гүйцэд хүргэхийн тулд зориуд азнаад,
   — Би мэргэжил нэгт нөхдийгөө ч бахдан үзэхгүй байна. Намайг ямар нэг юм ярь гэж та бүгд хүсэцгээж байна. Би, та нарт бүгдийг нь ярина. Би өнөөдөр тэмцээнд эцсийн удаа оролцоно. Үүний дараа би боксын тавцангаас бүрмөсөн зайлна. Ямар учраас вэ? гэж та бүгд асуух биз. Бокс эрхэлдэг хүн бүр миний сэтгэлд нийцэхгүй байна гэдгийг би та нарт хэлсэн билээ. Боксын тавцан бол зальт луйварчид орогнодог газар болон хувирчээ. Тусгай жижиг клубүүдээс эхлээд өнөөдрийн тэмцээн хүртлээ бүгдээрээ арилжаа наймааны зүйл болж, бүгд ялзарчээ! гэхэд танхимд гайхан дуугаралдах намуун чимээ, энэ үгийг сонсмогц жинхэнэ хашхиралдаан шуугиан болж хувирлаа. Исгэрэлдэх зэвүүцэн орилолдох “тэмцээнээ эхэл”, “түргэлээд аль”, “яагаад тулалдахгүй байна” гэж элдвээр хашхиралдах сонстоно. Глендон тэр шуугианы гол өдөөгсөд бол өмнөх эгнээнд сууж байгаа боксчид, наадамчид, тэмцээн зохиогсод болохыг мэдэж байв. Үзэгч олон ч хуваагдаж, зарим нь “тэмцээнээ эхэл” гэж хашхирч, зарим нь “ярь ярь” гэж орилно.
   — Танхим даяар арван минут хэртэй нижигнэн үймэлдэв. Глендоныг тэмцээнээ эхлээд өгөөч гэж Стюбнер, шүүгч, спортын танхимын эзэн бүгдээрээ аргадан гуйв. Глендон үүнийг татгалзахад.
   — Глендон нэгэнт үзэлцэх дургүй бол Кэннем ялсанд тооцно гэж шүүгч хашхирав.
   Глендон тайвнаар зөрж:
   — Тэгэх эрхгүй туршаад үз л дээ. Тэгвэл би бүх шүүхэд гомдол мэдүүлнэ. Хэрэв та нар олон түмний үзэж сонирхох зүйлийг тасалбал, тэд та нарыг эндээс амьд гаргахгүй шүү. Харин би бол заавал тулалдах болно. Гагцхүү урьдаар үгээ хэлж дуусгана.
   — Энэ бол зүй зарчимд нийцэхгүй! гэж шүүгч хашхирлаа.
   — Худлаа. Тэмцээний өмнө үг хэлэхийг хориглох ёс байхгүй. Өнөөдөр энд алдартай бүх боксчин гарч үг хэлсэн.
   — Тэгж цөөн хэдэн үг хэлсэн явдал ч бий! Гэхэд шүүгч аргагүй хүлээж, Глендоны чихэнд хашхиран, харин чи бол лекц хийж байна гэхэд, Глендон хариуд нь:
   — Лекц хийхийг ч хориглоогүй юм!
   — За та нар бүгд тавцангаас зайлцгаа. Үгүй бол би та нарыг өөрөө шидэлж орхино шүү гэв.
   Тэмцээн зохион байгуулагч, сухай шиг ув улаан болж урдаас дайрвал, Пат түүнийг заамдан авч, татуурга давуулан шидэв. Энэ лут бүдүүн хүнийг Пат өрөөсөн гараараа огт хүч гаргалгүй шидчихийг үзэгч олон хараад гайхан шагшралдан шуугина.
   Хэлэх үгээ үргэлжлүүл гэж хүмүүс улам их шаардах боллоо. Стюбнер, танхимын эзэн хоёр золтой амь тавилгүй ухарч гарлаа.
   Глендон үг хэлэх бололцоо олгооч гэж гараа өргөвөл, тэмцээн эхлэхийг шаардагсад урьдаасаа улам ширүүн орилолдоно. Бас нэлээд хэдэн эгнээ сандлууд эвдрэн нурж, суудалгүй болсон хүмүүс урдах сандалдаа суугчдын хоорондуур орохоор чихцэлдэн тавцанг халхлахад арын эгнээнийхэн тэднийг суу гэж шаардан орилолдоно.
   Глендон татуурга дээгүүр тонгойж, сэргийлэхийн ахмадыг дуудаад. Бүр доош бөхийж түүний чихэнд хашхиран хэлэхээс аргагүй байлаа.
   — Хэрэв би гүйцэд ярихгүй бол олон түмэн танхимыг нурааж орхино! Та нар юугаар ч хориглож дийлэхгүй гэдгээ өөрснөө ойлгож байгаа биз! Надад тусал л даа! Тавцан дээр хэнийг ч битгий гарга, харин би олон нийтийг номхруулъя гээд дахин тавцангийн дунд очиж зогсоод хоёр гараа өргөж:
   — Миний үгийг сонсох хүсэлтэй юу? гэж дүнгэнэсэн хоолойгоор хэлэв.
   Эхлээд энэ үгийг эхний хэдэн эгнээнд суусан хэдхэн зуун хүн сонсжээ.
   — Хүсэлтэй гэж хашхиралдана.
   — Миний үгийг сонсох хүсэлтэй хүмүүс хажуугийнхаа орилогчийн амыг тагла.
   Патын энэ үгэнд шууд орцгоолоо. Пат энэ үгээ давтан хэлэхэд хамгийн арын эгнээнийхний сонорт ч хүрлээ. Глендон дахин дахин хашхирахад, танхимд эгнээ эгнээ дараалан чимээ намжсаар зөвхөн үймэлдэх, бүгд нэг дуугаар хараалцах, дэлсэлт, тэр ч байтугай ямар нэгэн хүний ойчих ч сонстоно. Энэ бол хүн бүр хажуугийнхаа үймүүлэгчдийг номхотгож байгаа нь тэр ажээ. Шуугиан намдмагц тавцангийн яг дэргэдэх сандлууд эвдрэн нурав. Тэгэхэд бас л нирхийтэл инээлдэж дараа нь инээд аажмаар намсаж арын эгнээнүүдээс сонсогдмоор, нам гүм дуу:
   — Яриарай Глендон! Ярихыг чинь сонсъё! гэв.
   Глендон бол эртний кельт омгийн хүний хувьд, олон түмний санаа сэтгэлийг хурц зөн билгээрээ ойлгож байсан юм. Тун саяхан зэрлэг бүлэг амьтад шиг бужигнаж байсан үзэгч олныг Пат эрхэндээ бат оруулж чадсандаа баярлан, хүмүүст улам лавшруу нөлөө үзүүлэхийн тулд хэдий хугацаа хэрэгтэй байна, яг түүнд тохируулж, Глендон секундээс илүүгүйгээр зориуд түр азналаа. Хагас хэртэй минутын дараа огт чимээ аниргүй эл хуль хачин болчхов. Тэгээд дахин хөдөлгөөн эхэлж аяархан, дүнгэр дүнгэр хийлцмэгц, Глендон ярьж эхлэв.
   — Би яриагаа төгсгөөд Кэннемтэй тулалдана. Ёстой тулалдаан үзүүлэхээ та нарт амлая. Та нар тийм тулалдааныг ховорхон үзсэн байхаа. Би эсрэг этгээдээ хамгийн ахар хугацаанд муужруулж унагана. Тэмцээн дөчин таван үеэр тогтоогдсон юм гэж Билли Морган, та нарт зарлах байх. За тэгэхлээр энэ тэмцээн дөчин таван секунд ч үргэлжлэхгүй гэж хэлэхийг та бүгд надад зөвшөөрнө үү. Жинхэнэ мэргэжлийн бокс бол тэр аяараа заль мэх юм гэдгийг түрүүн миний яриаг тасалдуулах үеэр би та нарт тодорхойлж байсан билээ. Ер нь энэ талаар адгаасаа аваад эхээ хүртэл ялзарчээ. Бүгдээрээ хувааж идэх аргаар зохиогддог юм. Энэ нь юу болохыг та бүгд өөрснөө мэднэ. Ярилтгүй ойлгомжтой хэрэг. Үүнд оролцож баяждаггүй та нар мэт хүмүүсийг бүгдийг мэхэлж чадаж байгаа юм. Өнөөдөр ямар учраас сандлууд нажигнатал нураад байна? Үүгээр ямар нэг этгээд баяжиж байгаа нь тэр. Танхимыг мөн л луйвар аргатууд байгуулж, түүгээрээ боксоос олдог шигээ орлого олж байгаа юм.
   Глендон, олон түмнийг нэг минутын өмнөхөөс илүү бат барьж байгаагаа мэдэрлээ.
   — Харцгаа л даа, хоёр суудал дээр гурвуулаа сууж байгаа улс зөндөө байна. Тэр эндээс надад харагдаж байна. Энэ чинь юу гэсэн хэрэг вэ? гэвэл бас л бөөн орлого билет шалгагч нар орлого олдог юм гэж үзээд тэдэнд цалин хөлс олгодоггүй юм. Энэ бас л луйвар! Харин мөнгө нь та бүгдээс гарна. За тиймээ, бүгдийг та нар төлдөг юм. Тэмцээн явуулах зөвшөөрөл яаж олж авдаг вэ? гэвэл, хээл хахуулиар амжуулдаг юм! Хэрэв танхимын эзэд, билет шалгагч ч сул орлого олдог түшмэд хээл хахуул авдаг юм бол, тэмцээнд оролцогчид, түүнийг зохиогчид орлого олж яагаад болдоггүй билээ? гэж би та нараас асуухыг зөвшөөрнө үү? Тэд ч мөн орлого олдог юм. Харин төлдөг нь л та нар даа!
   Боксчид үүнд падгүй гэдгийг би та нарт хэлэхийг хүсэж байна. Тэмцээн зохиодог нь тэд бишээ, боксын тавцангийн эзэд дамчдын гарт бүгд байдаг. Тэд нар л бүх ажил хэргийг хөтөлцгөөдөг юм. Харин боксчид бол зөвхөн боксчид л юм шүү дээ. Тэд ямагт үнэнч шударгаар эхэлж гарч ирдэг. Гэтэл тэмцээн зохиогчид даамлууд тэднийг бузар хэрэгтээ татаж оруулдаг явдал байдаг. Хэрэв зөвшөөрч дагахгүй бол тэднийг хөөж тонилгож орхино. Үнэнч шударга боксчин байсан. Одоо ч байгаа юм. Гэвч тэд журам мэт тун бага мөнгө авцгаадаг билээ. Мөн үнэнч шударга даамлууд ч байсан байхаа. Жишээ нь манай даамал бол, бүх зальтуудынхаа дотроос давуугийн нэг нь байгаа юм. Хэчнээн хогшил гэртээ хурааж, элдвийн хөрөнгө зоорьтой болсон, мөн ядрах цаг ирэхэд хэрэглэхээр хэчнээн юм хуримтлуулсан бэ? гэдгийг түүнээс та бүгд өөрснөө асууцгаа л даа.
   Олон түмэн, Патын үгийг тасалдуулж, гэнэт шуугилдав.
   — За аль вэ, миний үгийг сонсох хүсэлтэй хүмүүс наадах хашхирагчаа номхруул! гэж Глендон командлав.
   Танхим дүүрэн нижигнэсэн чимээ дэгдэж, хараал, цохилдоон ёвролдоон болж бужигнаж байгаад дараа нь овоо номхров.
   — Үнэнч шударга тулалддагаа нотлох гэж боксчин бүр яагаад хэр хэмжээнээсээ хэтэртэл гайхуулж байна? Яагаад тэд “Үнэнч шударга Жон”, “Үнэнч шударга Билли”, “Үнэнч шударга Блексмит” гэх мэтчилэн тийм нэг янзын нэр алдраар дуудагдах болов? Энэ бол тэд ямар нэгэн зүйлээс айж байгаа болох нь та бүгдэд ойлгогдохгүй байна гэж үү? Хүн хэрэв цээж рүүгээ балбаж, хоолойныхоо тэнхээгээр хашхираад байвал түүнийг ямар үнэнч хүн гэх билээ дээ. Тийм хүнийг нэг л биш дээ гэдэг бодол та бүгдэд төрөх байхаа. Жинхэнэ мэргэжлийн боксчин цаасан малгай өмсүүлчих гэж эрмэлзээд байхад нь та нар харин жингийн годил шиг дүмбийгээд байдаг юу билээ.
   “Давуу нь ялах болтугай” гэдэг үгийг Билли Морган та бүгдийн өмнө хэчнээн удаа тунхагласан билээ. Гэтэл олигтойхон боксчин ер дандаа ялдаггүй, яллаа ч гэсэн тэр нь зохиомол арга байдаг юм. Бүгд төлөвлөгөөгөөр явагдана. Бокс нилдээ хуурамч зохиосон төлөвлөгөөгөөр явагддаг юм.
   Тавцангийн эзэд боксын даамлууд зүгээр зугаацахын тулд л үүнийг эрхэлдэг юм гэж бодоцгооно уу? Огт тийм биш ээ. Т эд бүгдээрээ улайрсан луйварчид байгаа юм.
   Та бүгдийн өмнө Том, Дик, Гарри ийм гурван боксчин байлаа гэж бодъё. Дик бол хамгийн хүчтэй боксчин юм. Дик үүнийгээ анхны хоёр тэмцээнээр нотолж чадна. Гэтэл тэдний тулалдааныг яаж явуулах вэ? гэвэл Том Гаррийг, Дик Томыг, Гарри Дикийг тус тус ялна. Энэ нь сайн үр дүн үзүүлэхгүй болохоор, дахин халз тулалдуулах тэмцээн явуулж Гарри Томыг дэлсэнэ, Том Дикийг дэлсэнэ, Дик Гаррийг дэлсэнэ. Бас л үр дүн харагдсангүй. Тэгэхээр дахиад шинэчлэн уулзалт зохионо. Дик өөрийнхөө давууг үзүүлэх бололцоо олгохыг шаардаж маргаан гаргана. Энэ удаад бол ч Дик, Томыг ялж, мөн Гаррийг ч ялна. Дик бусдаасаа давуу болохыг нотлохын тулд хоёрхон тэмцээн хангалттай байтал найман тэмцээн хэрэгтэй болдог байна. Бүгдээрээ зохиомол, нарийн боловсруулсан төлөвлөгөөтэй байдаг юм. Гэтэл үүний мөнгийг та нар төлдөг байна. Хэрэв та нарын доорх сандал эвдэрч нурчихгүй л бол билет шалгагчдын үзэмжээр шургалан орсон олон хүмүүс та бүхнийг тал бүрээс шахан чигжинэ.
   Хэрэв үнэн шударгаар явуулах ахул, бокс гэдэг тун сайхан спорт юм шүү дээ. Гагцхүү бололцоог нь олгоод өгвөл боксчид ч үнэн шударга тулалддаг байх сан билээ! Гэтэл хэрэв гурван тэмцээн явуулахад л дөрөвний гурван сая долларыг хэдхэн хүмүүс амин хоорондоо хурааж авч болдог болохоор олох сул орлого дэндүү их юм гэхэд, Патыг хүчээр дуугүй болгож, танхим даяар учиргүй хүчтэй шуугилдлаа. Гэвч зарим нь “юун сая вэ?”, “ямар гурван тэмцээн?”, “яриарай, үргэлжлүүл!” гэх зэргээр хашхиралдаж зарим суудлаас “ховч, гүтгэгч!” гэлцэн исгэрэлдэж шал дэвслэн хашхиралдана.
   Глендон:
   — Миний яриаг сонсох уу? Тэгвэл чимээгээ намд! гэж хашхирна. Глендон бас л анхаарал татахаар, үгээ түр тасалснаа:
   — Жим Хэнфорд юу бодож байгаа бол? Түүний даамал миний даамалтай хамт, ямар төлөвлөгөө боловсруулсан бол? Би Хэнфордыг дэлсчихнэ гэдгийг тэд тун сайн мэднэ. Хэнфордыг би анхны үе дээр л муужруулан унагаж орхино. Гэтэл Хэнфорд бол дэлхийн аварга юм шүү дээ. Хэрэв би тэдний төлөвлөгөөнөөс гажвал тэд намайг түүнтэй ерөөсөө тулалдуулж өгөхгүй. Харин төлөвлөгөө ёсоор бид хоёр гурван удаа тэмцэлдэх ёстой. Анхны тулалдаанд ялах бололцоог надад олгоно. Энэ тэмцээнийг зохиохоор Сан-Францискийн клубүүдийг ятгаад болохгүй бол, Невад руу явах хэрэгтэй болно. Энэ тэмцээн далайцтай болох ёстой. Мөрийд тавих мөнгийг нэмэгдүүлэхийн тулд бид хоёр бас хорь хорин мянган доллар барьцаанд тавина. Мөнгө ч зэгсэн арвин олно. Гэвч бид хоёр үнэн хэрэг дээрээ түүний хонжворт оролцохгүй, бидний мөнгийг хоёуланд маань, нууцгайхан эргүүлж өгнө. Кассад мөн түүнтэй адилхан ажил явагдана. Хонжворт оногдох мөнгийг олон нийтийн өмнө ялагч жаран тав, ялагдагч гучин таван хувийг авах шиг үзэгдэх боловч, үнэн хэрэг дээрээ бид хоёр тэнцүү хувааж авах болно. Зарлал, кино фильмийн шагнал, бусад элдвийн орлогууд нийтдээ кассад хоёр зуун тавин мянгаас багагүй доллар болно. Түүнийг бид адилхан хувааж аваад, дараа нь даага нэхэлт явуулахаар тогтоно. Энэ удаад Хэнфорд ялж бид мөнгөө бас л адилхан хувааж авна. Уг хэрэг эцэстээ гурав дахь тэмцээнд хүрнэ. Үүнд ч харин надад олгосон эрхийн ёсоор би ялж гарна. Энүүхнээр л бид дөрөвний гурван сая хэртэй долларыг бокс сонирхогчдоос татчихаж байгаа юм. Тэдний зохиосон төлөвлөгөө энэ дээ. Харин тэр мөнгө бол бузар мөнгө юм. Ийм учраас би боксыг үүрд хаялаа.
   Гэтэл энэ үеэр Жим Хэнфорд, хориг тавьсан цагдааг үзэгч олны эгц урдаас гуядаж орхиод, мантгар том биеэ татуурга дээгүүр давуулан орж:
   — Энэ шал худлаа! гэж орилон галзуурсан бух шиг, Глендон руу үсрэн дайрна. Гэтэл Глендон угтаж тулгарахын оронд гэдрэг үсрэн шаламгай займарч гарлаа. Аварга том боксчин ухасхийж эрчдээ биеэ татаж чадсангүй, татуурга руу дайрч пүршинд түлхэгдсэн мэт гэдрэг савагдаад Глендоны зүг дайрахаар эргэтэл Глендон түүнийг барьж авлаа. Уужим тайван саруул сэргэлэн Глендон тэмцээнд оролцсон бүх үеийнхээ турш анх удаа гаргасан гүйцэд хүчтэй цохилтоо эсрэг этгээдийн эрүү рүү гойд цэцэн онож буулгав. Зангирсан булчингийн эрчилсэн хүчийг ингэж тайлахад Патын байдаг хүч гарсан билээ.
   Хэрвээ мэдээ алдсан бие махбодыг хүүртэй адилтгаж болдог бол, түүн шиг Хэнфордын амьгүй мэт болсон бие нь дээр хөөрч үсэрсэн байлаа. Глендоны зангидсан гар хүрэхийн хамтаар л Хэнфорд ухаан алдсан юм. Хэнфордын хөл газраас хөндийрөн хол шидэгдэн татуурган дээр тээн унаж, мэдээ алдсан бие нь татуургын хамт савлаж байснаа хамгийн урд талын эгнээнд сууж байсан спортын сурвалжлагчдын яг толгой дээр тэрийн унав.
   Танхим даяар уяанаас алдуурсан амьтад шиг болчихлоо. Үзэгч олон түмэн мөнгөө төлөөд, дэлхийн аварга агуу их Жим Хэнфорд ганцхан цохилтоор муужран унахаас илүү юу үзэхийг хүсэх билээ дээ.
   Энэ хэдийгээр албан ёсны тэмцээн биш ч гэсэн ёстой жинтэйхэн ганц цохилт болсон юм. Боксын түүхэнд ийм явдал хэзээ ч байгаагүй билээ. Глендон тулгарсан хуруунуудынхаа үеийг харамсалтайгаар хараад, дөнгөж ухаан орж, мансууран байгаа Хэнфордыг харснаа бас л гараа өргөв. Глендон нэгэнт үг хэлэх баттай эрх олж авсан учир олон түмэн төдхөн чимээ намдлаа.
   — Анх намайг энэ дэвжээнд гарч ирж байхад “нам цохидог Глендон” гэж нэрлэдэг байсан. Би Хэнфордыг ганц цохилтоор муужруулан унагасныг та бүгд өөрсдөө харцгаалаа. Ийм хүчтэй цохилт надад хэзээ ч байсан. Би эсрэг этгээд рүү шууд дайрч бүх хүчээ гаргахыг мэрийлгүй аяархан цохилоо ч гэсэн төдхөн муужруулан унагаж орхидог байсан юм. Дараа нь миний даамал надад сурган ятгаж олон түмнийг ингэж хохируулах явдал тусгүй хэрэг гэж тайлбарлаад үзэгч олон нийт төлсөн мөнгөнийхөө оронд мэр сэр юм үзэж сонирхохоор удаахан шиг тулалдаж байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Би мангуу гэнэн амьтан байжээ. Ууланд эл хуль газар өссөн бага залуу эрээс та юу хүсэх вэ? Би түүний хэлсэн үг бүрийг шижир алт мэт үнэлэн хүлээж авдаг байсан юм. За тэгээд би дайсныг хэд дэх үе дээр дэлсвэл зохих вэ гэдгийг миний даамал бид хоёр хэлэлцэж тогтдог боллоо. Гэтэл мань даамал өөрөө энэ тухай мөрийцөн наадагчдад сэмхэн мэдээлж, тэд нар тэр үе дээр мөрийцдөг байсан байж. Харин тэр мөнгийг та нар л төлдөг байсан юм шүү дээ. Би нэг зүйлийг сэтгэл бардам хэлж чадна. Энэ мөнгөнөөс би нэг ч зоосонд гар хүрч байгаагүй гэдгийг баяртай хэлж чадна. Тэд надад мөнгөн хахууль өгөх гэж зүрхлээ ч үгүй юм. Юу гэвэл хэрэв тэгсэн бол тэдний зальт арга илэрчих байсан билээ.
   — Нат Пауэрстэй миний тулалдсаныг санацгааж байна уу? Би түүнийг муужруулж унагачихъя гэж бодоо ч үгүй юм. Би тэр үед сэжиг авч эхлээд байсан үе билээ. Хэсэг луйварчид Пауэрстэй хэлэлцэн тохирсныг би юу ч мэдээгүй, гагцхүү болзож тогтоосон арван зургаа дахь үе дээр гар хүрэхгүй. Харин цааш нь хоёр гурван үе тэсэж байх бололцоо олгоё гэж бодсон. Арван зургаа дахь үе дээр би Пауэрсэд дөнгөж гар хүрмэгц, ганхаа ч үгүй мөртөө хуурамчаар муужран унаж, та бүгдийг төөрөлдүүлсэн билээ.
   — Тэгвэл өнөөдөр яах вэ. Бас л зохиомол хэрэг үү? гэж нэг хүн хашхирах дуу гарлаа.
   Пат:
   — Тэгэлгүй яах вэ, гэж нотлон хэлээд , — Синдикат хэд дэх үе дээр мөрий тавьсан бэ? Арван дөрөв дэх үе дээр тавьсан байхаа? гэхэд орилолдоон, бахиралдаан Патын үгийг тасалдуулав. Пат бас л гараа өргөн,
   — Одоо дууслаа. Ганцхан үг хэлье. Синдикат өнөөдөр сүйрэлд орно. Шударга тулалдаан болно. Том Кэннем арван дөрөвдөх үе хүртэл тэсэж тогтохгүй тэр ч байтугай, Кэннем нэг дэх үеийг ч тэсэн өнгөрүүлж чадахгүй гэв. Кэннем босон харайж уур хилэн бадран цухалдаж:
   — Тэр огт бүтэхгүй ээ. Ганцхан үеийн дотор намайг дэлсчих хүн байхгүй гэж хашхирав.
   Глендон түүнийг хяламхийж харсан ч үгүй.
   — Би амьдралдаа сая л анх удаа бүх хүчээ гарган цохисон. Намайг Хэнфордыг хэрхэн цохисныг бүгдээрээ харцгаасан. Хэрэв Кэннем зохих цагт нь амжиж тавцангаас зайлж зугтаахгүй л бол би өнөөдөр хоёр дахь удаагаа бүх чадлаараа дэлсэнэ. За одоо дууслаа. Би тулалдахад бэлэн боллоо гээд, Глендон буландаа очиж, бээлийгээ өмсүүлэхээр засуулчдад гараа өгөв. Нөгөө буланд Кэннем байж ядан бухимдаж, засуулчид түүнийг тайтгаруулахыг чармайн оролдоно. Тулалдаан эхлэх тухай зарлах бололцоо Билли Морганд арайхийж олдлоо.
   — Тэмцээн дөчин таван үеэс илүүгүй хугацаатай явагдана. Маркиз Квинсбергийн журмаар тулалдана. Хүчтэйхэн нь ялах болтугай. Цаг боллоо! гэж хашхирав.
   Дохио дуугарахад эсрэг хоёр этгээд уулзлаа. Глендон ерийн заншлаар баруун гараа өгөхөд Кэннем ууртайгаар толгой сэжээд гар барилцахыг татгалзав. Кэннем бүх нийтээр гайхам тийм тайвуун байв. Кэннем хорсол зэвүүцлээ дарж хянуур сэрэмжтэй тулалдаж, бардам байдал нь дарагдан одоо нэг дэх үеийн турш тэсэж байхыг байдаг чадлаараа мэрийлээ. Кэннем хэд дахин дайралт хийсэн боловч, хамгаалалтаа сулруулахгүй хянамгай дэлсэлцэж байв. Глендон зүүн хөлөө урагш огцом ахиулсаар, Кэннемд сэхээ авхуулалгүй довтлон газар сайгүй хөөж түрнэ. Гэвч түүнийг нэг ч удаа цохиогүй, цохихыг ч завдсангүй, тэр байтугай гараа доош буулган хамгаалалтгүйгээр довтлон өөрийгөө цохиулахыг хичээн өднө. Кэннем хорсол зэвүүцэнгүй инээмсэглэх аятай боловч, өдөөлтөд орсонгүй, зохистой бололцоог ашиглахыг ч оролдсонгүй.
   Нэг дэх, хоёр дахь минут өнгөрмөгц Глендонд нэг л өөрчлөлт гарч, эсрэг этгээдтэй тооцоо дуусгах цаг боллоо гэж шийдсэн нь, түүний булчин шөрмөс, царай зүснийх нь бүх шинж төлөвөөс бүгдэд илт харагдлаа.
   Глендон жүжгийн дүрд маш сайн тоглож байгаа юм шиг л байлаа. үл шантрагч ган болдоор хийсэн пүрш мэт болжээ. Кэннем ч үүнийг илт мэдэрч, улам хянуур болсон байлаа.
   Глендон Кэннемийг хайр найргүй шахан түрж буланд оруулаад шахан барьж байхдаа ер нь цохиогүй, цохихыг ч хүсээгүй ажээ. Кэннем барьцалдаагаар түр амсхийхийн тулд Глендоныг барьж авахыг арай ч зориглосонгүй, шахагдсан булангаас гарахыг л чармайн тэмцэнэ.
   Тэгтэл цахилгаан мэт дараа дараагаар яралзсан дайралт хийж эхлэхэд Кэннем барьц алдлаа. Танхим нийтээр ч барьц алдсан билээ. Тэгэхэд юу болж өнгөрснийг үзэгчдийн дотроос хожим адилхан тодорхойлох хоёр хүн ч байгаагүй билээ. Кэннем нэг дайралтаас далдирч, нөгөө дайралтаас нүүрээ бээлийгээр хаацайлж тэнцвэрээ нэг хөлөөс нөгөө хөл дээрээ шилжүүлж тогтохыг оролдож байв. Глендон баруун талаараа эргэн, барс мэт хэрхэн үсэрч, бүх биеийнхээ жингээр Кэннем рүү шунган орсныг нэгдүгээр эгнээгээр сууж байсан хүмүүс хожим хойно залбиран дуу алдан шагширч байсан билээ. Кэннемийг байраа өөрчлөх яг тэрхэн зуур, цохилтын хүч эрүүн дор нь эгц туссан юм байжээ. Тэгээд Хэнфорд шиг мэдрэл алдан дээр үсэрч татуурга дээр ойгоод доош спортын сурвалжлагчдын толгой дээрээс тэрийн уналаа. Тэр орой Голден-Гейтийн боксын тавцан дээр болж өнгөрсөн явдлыг сонины нэг ч өгүүлэлд бодит байдлаар нь тодорхойлон бичиж чадаагүй юм. Цагдаа нар довжоог бүчиж амжсан боловч, танхимыг аврах нь нэгэнт өнгөрчээ. Энэ бол зүгээр нэг үймээн биш, бөөн дажин байсан юм аа. Нэг ч сандал бүтэн үлдсэнгүй. Олон хүмүүс тэр асар том барилгын багана тулгууруудыг гөжин мулталж хамтарсан хүчээр ханы нь дэлбэ дайрч байлаа. Боксчид цагдаа нараас хамгаалалт эрсэн боловч тэднийг аюулгүй газар аваачихаар ямар ч хүч хэрэглээд дийлсэнгүй. Тавцангийн эзэд даамлууд Хэнфордыг өршөөж, эрүү нь занхайтал аймшигтай хавдсаныг хараад өрөвдөж уучилсан ажээ. Олон хүмүүсийг арайхийж гудамж руу шахтал тэд нэг томоохон даамлын машиныг бүчин дайрч, долоон мянган долларын шинэхэн суудлын машиныг хэмхчин, төмрийн бөөн өөдөс золтос болгон хувиргаж орхив.
   Хувцасны бүх өлгүүрийг бусниулчихсан учир Глендон хувцсаа ч олж өмсөж амжилгүй, халаад нөмрөөд гарч машиндаа хүрсэн боловч, зугтааж амжсангүй, машины нь асар олон хүмүүс тойрон бүчиж, цагдаа нар тэр олон хүмүүсийг тайтгаруулах гэж бүх чадлаараа оролдоод дийлсэнгүй. Эцэст нь өөрсдөө тэдний талд нийлж, Глендоныг машинд нь суулган ухаан жолоогүй баясан талархагч таван мянгаад хүмүүсийн хамт хашхиралдаж дагасаар гудамжаар аяархан явуулав. Энэ үймээн шөнө дунд болж байхад Юнион Скверээр дайран Сан-Францискийн зүг дөнгөж уруудаж өнгөрсөн билээ. Зочид буудлын чанх үүдэнд олон түмэн Глендоныг үг хэл гэж шаардаад машинаас нь гаргадаггүй. Глендон, тэр баясан талархагч олон хүмүүсийн толгой дээгүүр дүүлэн зугтаан гарахыг завдсан боловч, түүнийг гудамжны довжоонд ч хүргэсэнгүй, биед нь ядаж гараа хүргэхийг хичээн зүтгэцгээж, гар мөр толгой дээрээ өргөн дамнаж машинд нь бас л эргүүлэн авчирлаа. Глендон эндээс үг хэлсэн билээ. Идэр залуу Геркулес шиг нөхөр нь олон хүмүүсийн дунд торойн зогсож байхыг Мод Глендон цонхоор хараад, өнөөдөр сүүлчийн удаа тулалдаанд боксын тавцангаас үүрд зайлан одлоо гэдгээ дахин давтан хэлж олон түмэнтэй салах ёс гүйцэтгэн, чин сэтгэлийн үгээ хэлж байгаа гэдгийг баттай мэдэж байлаа.
  
  
  Заметки
  
   [←1]
  Фунт гэдэг бол 409,5 граммтай тэнцэнэ.
  
  
  [←2]
  1908 оноос эхлээд Жек Жинсон гэдэг негр боксчин дэлхийн үнэмлэхүй аварга байсан. Түүнийг ялах гэж дийлдсэн боксчин бүрийг “цагаан арьстны найдвар” гэж нэрлэдэг болсон юм байжээ.
  
  
  [←3]
  Муж улсынхаа (ЦБ)
  
  
  
You have read 1 text from Mongolian literature.