🕥 35-minute read
Догшин Араатан - 3
Each bar represents the percentage of words per 1000 most common words.
Total number of words is 4514
Total number of unique words is 1828
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Сенгстерийн өв залгамжлагчдын хооронд өрнөсөн шүүх улс төр, аж үйлдвэрийн талаарх тэмцэл нь, тэдний дунд үхтлээ дайсагналцах үр цацаж Калифорнийнхон таваа хангасан билээ. Хамгийн бага хүү болох төдий л залуу биш Теодор гэгч, үзэл санаанд нь гэнэт эргэлт орж, бүх мал аж ахуйн ферм, хурдан морьдынхоо сүргийг худалдаж үрээд, өвгөн Жейкоб Сенгстерийн эрхэлж байсан ялзарсан системийг Дон Кихотын аргаар устган тонилгохыг оролдож, мужийнхаа доторх биеэ худалдсан этгээдүүд, түүний дотроос олон тооны тэрбумтан эрс тэмцэх ажилд шийдвэртэй орж одсон билээ.
Мод Сенгстер бол Теодорын том охин юм. Сенгстерийнхний ураг төрөлд бараг бүх эрэгтэйчүүд нь будилаан таригчид, бүсгүйчүүд нь гуа цэвэрхэн төрсөн хүмүүс байлаа. Модод ч энэ шинж дутагдаагүйн дээр адал явдалд дуртай эцэг өвгөдийн удамшлыг залгамжилсан учир балчирхан охин байхдаа л үеийнхээ охидын давж дийлшгүй тийм үйл явдлыг бүтээж байсан ажээ.
Ийм хүүхэн мянган эрийн дунд ганц олдохоор боловч, Мод эр нөхөрт очоогүй юм. Мод Европоор жуулчлан явж байсан боловч тэндээс хэргэмтэйхэн эр нөхөр дагуулж ирээгүй бөгөөд нутгийнхаа олон тооны өрсөлдөн санаархагчдыг ч гэсэн бүгдийг няцаасан билээ.
Мод спорт сонирхон штатынхаа3 бөмбөгний аварга ч болж байлаа. Түүний үйл явдлыг язгууртны бүх хэвлэл амьсгаа даран сонирхон ажиглах болжээ. Тэр мөрий тавьж Сан-Матьегоос Сан-Крус хүртэл явган явж, Бермингемд болсон усанд сэлэгчдийн хаалттай тэмцээнд эрэгтэйчүүдийн багт орж гайхалтай шуугиан дэгдээж ч явсан билээ. Мод бас уран зураг их сонирхдог. Сан-Францискийн латын хэсэгт өөртөө зургийн газартай байжээ.
Эцгийн шинэчлэлтийн гамшиг өөрийнх нь толгойд тусч ирэхийг хүртэл энэ бүхэн онцгой ач холбогдолгүй байжээ. Биеэ даасан бардам зантай Модод өөрөө дуртайяа эрхэнд нь орчихуйц тийм эр одоо болтол бас л тохиолдоогүй , оролдсон зарим нэг нь тэсгэлгүй уйтгар хүргэмээр тийм тохиромжгүй байдаг байжээ. Амьдралдаа аавыгаа оролдох гээд байхаар зэвүүцсэн Мод эцэг үрийн харьцаагаа тасалж “Зарлага” сонины газар албанд оржээ. Мод эхлээд долоо хоногт хорин доллар авч, удалгүй тавин долларын цалин авдаг болов. Мод гол төлөв үзэсгэлэн, жүжиг, концертод шүүмж бичдэг боловч, хэрэв сонирхолтой материал урьдчилж мэдэгдвэл спортын энгийн сурвалжлаг хийхээс ч татгалздаггүй байжээ. Жишээ нь Морганаас томоохон мэдээлэл авч дөнгөсөн юм. Модоос урьд Нью-Йоркийн хамгийн алдартай хэдэн арван сэтгүүлч тэр мэдээллийг олж авахаар ямар ч үр бүтээлгүй хөөцөлдсөн билээ. Бас усан доогуур явах хувцас өмсөж, Алтан хаалганы булангийн ёроолд шумбаж “хүн шувуу” гэж нэршсэн Руд гэдэг хүнтэй Риверсайд хүртэл тэр үеийн буултгүй нислэг хийх бүх тэргүүн байрыг ялахад хамт нислэг хийсэн юм.
Харин Мод Сенгстерийг эрэгтэй хүний дүртэй эрэмгий юм гэж бүү бодоорой. Тийм биш, энэ бол торомгор бор нүдтэй, гуалиг нарийн биетэй, ялангуяа хөл гар нь спортоор хичээллэдэг хүнд тохирмооргүй гайхалтай жижигхэн, дунд зэргийн нуруутай хорин гурав, хорин дөрөв орчим насны хүүхэн юм. тамирчин эмэгтэйчүүдэд ховорхон тохиолддог, эмэгтэй хүний шилдэг намба төлөв бүрдсэн, үзэсгэлэн төгөлдөр шинжийг хадгалж чадсан ажээ.
Пат Глендоны тухай сурвалжлаг хийе гэж Мод хэлтсийнхээ редакторт өөрөө хүсэлт тавьжээ. Боб Фитцсиммонсыг найран дээр цээживчтэй байхыг Мод хальт харснаас өөр амьдралдаа ёстой боксчинтой огт тохиолдоогүй байжээ. Нат Пауэрстэй тулалдах дасгал хийхээр Пат Глендон Сан-Францискод ирэх өдрийг хүртэл Мод ер нь боксчдод онцын сонирхол тавьдаггүй байсан юм. Энэ талаар Патын тухай хэвлэлд гарсан шуугиан их үүрэг гүйцэтгэжээ. Догшин араатан гэгч чухам ямар шүү хүн байдгийг үзнэ гэдэг бол сонирхолтой хэргээ! Глендоны тухай Мод хэвлэлээс уншсанаа үндэслэж халуун орны шугуйн зэрлэг адгуус араатан шиг зүйрлэшгүй мунхаг догшин, гүжир зоримог, аймшигтай хүчтэн амьтан байдаг байх гэж бодож байсан ажээ.
Сэтгүүлүүдэд гарсан гэрэл зургийг нь харвал үнэхээр тэгж хэлж болмооргүй гэвч түүний лут хүчирхэг том биеийн төлөвийг ажвал араатны шинжид зарим талаар тохирмоор гэж хэлж болохуйц тийм дүр байдал харагджээ. Мод тэгээд сонины гэрэл зурагчныг дагуулсаар Стюбнерийн тогтоосон цагт Клифф гэдэг клубийн дасгалын танхимд очихоор явлаа.
Үл хөдлөх хөрөнгийн эзэн энэ удаа хэцүү байдалд оржээ. Патын дургүй хүрч, түшлэгт сандлын тохойвч дээр хөлөө тээн сууж өвдөг дээрээ Шекспирийн шүлгийн ботийг үдээсээр нь дээш харуулан дэлгэж тавиад, орчин үеийн эмэгтэйчүүдийг зүхэн зэмлэж суув.
— Тэд нар газар сайгүй явж байхын хэрэг юу байна? гэж Пат зэвүүцэн бокс тэдэнд хүртээлтэй юм уу? Тэд боксын учрыг яаж ойлгох билээ? Эрэгтэйчүүд ч гэсэн хамаагүй юм биччихсэн байдаг. Би тэр эмэгтэйн үзэсгэлэн биш, тэр эмэгтэй миний тухай бичих ямар хэрэг байна. Спортын сурвалжлагч мөн ч биш ч би түүнийг дасгалын байранд оруулахгүй.
Стюбнер ятгаж:
— Энэ эмэгтэй спортын жирийн сурвалжлагч юм уу? Сенгстерийнхний тухай чи сонссон уу? Яагаа вэ өнөөх олон саятныг? Пат толгой дохино.
— Энэ эмэгтэй тэднийхний нэгний нь охин байгаа юм. Дээдсийн хүрээнд бас бус сүрхий талтай хүмүүс. Цалин хөөцөлдөхгүй дураараа туйлан амьдарч болох сон биз ээ. Түүний эцэг тавин саяас доошгүй долларын хөрөнгөтэй хүн.
— Тэгвэл тэр эмэгтэй яагаад сонинд ажилладаг билээ? Аль нэгэн ядуусыг үмх талхнаас нь хагацаах л гэж тэр биз.
— Эцгийгээ Сан-Францискийг цэвэрлэх асуудал эрхэлж байх үеэр ямар нэг юмнаас болж маргалдаад бүүр тангараг тасарч гэрээсээ зайлан гарч ажилд орсон юм. Пат аа, би чамд хэлэхэд, тэр эмэгтэй бол далайн эрэг дагуух бүх сониныхны нэг нь ч гүйцэхгүйгээр тийм сүрхий бичдэг юм.
Пат зарим талаар сонирхол тавьж сонсоно. Стюбнер яаран:
— Тэр хүүхэн шүлэг бичдэг тиймэрхүү элдэв янзын юм хүмд чамаас дутахгүй шуналтай. Харин үйл явдал нь бодитойгоор биелэгдэж байдаг юм. Ном бичиж гаргасан, бүх жүжгүүдэд шүүмж бичдэг. Энд ирсэн хамгийн алдартай жүжигчдийн тухай бичих зүйлийг түүнд л даалгаж байдгийг чи ойлго!
— Би тэр хүүхний нэрийг сониноос үзсэн юм гэж Пат нотлон хэлнэ.
— Үзэхгүй яах вэ дээ! Чиний тухай бичихийг түүнд даалгасан явдал Пат минь, чамд ч ёстой гавьяатай хэрэг. Чи бүү санаа зов, би хамт байлцаж тэр хүүхэнд бүгдийг нь тодорхойлж өгнө. Би ийм явдлыг дандаа биедээ хариуцдагийг чи мэднэ шүү дээ!
Пат, даамлаа талархалтайхан харна.
— Пат аа, ер нь чи иймэрхүү мэдээ сурвалжлагд дасах хэрэгтэй юм гэдэг нэг зүйлийг битгий март. Энэ бол чиний ажлын нэг хэсэг. Нүргээнтэй олигтойхон зар бичиж гаргана гэдэг чухал, тэгэх мөртөө үнэ төлбөргүй шүү! Тийм зарыг хэчнээн ч мөнгөөр гаргахгүй. Олон нийт сонор тавьдаг , түүний тулд сонин хэвлэл байдаг, тэд билет худалдан авцгааж, бидэнд мөнгө зөндөө урсаж ирнэ.
Стюбнер дуугүй болж, чагнаснаа, цагаа харж,
— За нөгөө эмэгтэй ирэв бололтой явж угтаж авъя, нааш нь оруулж ирье. Чамайг удаан битгий зүдрээгээрэй гэж би хэлнэ. Тэр хүүхэнд энд их суугаад ч байх хэрэг алга! гээд гарангуут босгон дээр эргэж , чи хүн шүү л байгаарай. Пат минь! Дун дотроо нуугдсан эмгэн хумс хорхой шиг битгий дуугарахгүй шигдээд суугаарай. Бага зэрэг ярьж асуултад нь хариулж байгаарай гэв.
Пат шүлгийн ботио хамхиж ширээн дээрээс сонин авч уншихаар суулаа. Стюбнер Модтой хамт орж ирэхэд Пат өөрийн эрхгүй боссон бөгөөд энэ уулзалт хоёулынх нь сэтгэлийг донсолгов.
Хөх цэнхэр, бор саарал хоёр нүдний харц эгц тулгарч, залуу ч, хүүхэн ч хоёулаа цаг ямагт эрж мөрөөдсөнөө гэв гэнэт олсон адил тэсгэлгүй баясан дуу алдах мэт санагдана. Гэвч энэ бол эгшин зуурхан болсон хэрэг юм. Тэд хэн хэнийгээ ийм байна гэж огт төсөөлөөгүй болохоор анх уулзангуут хэн хэндээ татагдан тэгж илтээр сэтгэл хөдөлсөндөө тус бүр тун их сандралд оржээ. Мод эмэгтэй хүн бүрийн ерийн төлөвөөр сэтгэл зовсноо аль ч талаар мэдэгдэлгүй, хамгаас түрүүн биеэ барьж чадаад Глендонтой мэндлэхээр урд нь явж очив. Мод тэр хоёрыг танилцуулах үед юу гэж хэлснийг ч Пат мэдээгүй билээ. Ёстой энэ чинь өнөөх л ганц болдог хүүхэн чинь мөндөө, ийм эмэгтэй хүн энэ ертөнцөд байдаг юм гэдгийг Пат ер мэддэг ч үгүй байжээ.
Паттай урьд өмнө учирч явагсад энэ хүүхэнтэй огт төстэй юм алгаа. Энэ хүүхэн өвгөн Патад таалагдах байсан болов уу? Мэдэх сэн. Энэ хүүхний тухайд юу гэж хэлэх байсан бол доо! Харин тэгвэл энэ хүүхэн нь өвгөн Патын өнөөх “хоёр гараараа бат зуурч ав” гэж хэлдэг хүүхэн мөн байж магад байлаа. Модын гар өөрийнхөд нь яагаад ч юм атгаатай байхыг Пат гэнэт ухаарч мэдлээ. Пат тэр гарын хэврэг турьгүйг гайхаж сэтгэл хөдлөн харна. Мод сэтгэлийг нь тийм тод содон хөдөлгөсөн гэнэтийн учралыг ухаарч ядан байв. Таньж мэдэхгүй хүнд ингэж санамсаргүй татагдаж, тийм гайхалтай их сэтгэл хөдөлж хэзээ ч үзээгүй билээ. Тэгэх мөртөө өөртэйгөө адил адгуус мэт хүмүүсийг цохиж унагадаг лут том биет зангидмал гарын байлдагч, догшин араатанд татагддаг байна шүү. Гэсэн ч Пат гарыг нь атгаад тавихгүй болохоор нь Мод инээмсэглэж:
— Эрхэмсэг Глендон та гарыг минь тавиач дээ, гайгүй. Гар минь ... гар минь над бас хэрэгтэй юм сан.
Пат сандарсан байдалтай Модыг харснаа, алгандаа чанга атгаатай хуруунууд руу хараагаа шилжүүлэн, царай нь нилдээ час улайж зовонгуйран гарыг нь тавилаа.
Патын царай улсхийхийг Мод хараад өөрийнхөө төсөөлж байсан тийм болхи адгуустай төстэй юм огт алга гэж гэнэт бодлоо.
“Адгуусны” царай ингэж улайх гэж байж болох уу. Тэгээд Пат учир зүггүй уучлалт гуйж чадаагүйд нь Модын сэтгэл тун их тааламжтай байлаа. Патын ширтэж байгаа гэдэг нь ердөө сэтгэл зовмоор, балмагдсан юм шиг тас гөлрөн харж, хацар нь улам тод улайна. Гэвч Стюбнер Модод сандал тавьж өгөөд суулгасан байлаа. Пат ч бас суудал дээрээ суулаа.
Даамал:
— Манай залуу жавхаатай байна. Эрхэм авхай Сенгстерээ тун жавхаатай байна шүү. Миний хэлдэг зөв биз. Пат, тийм ээ? Чи гойд цог хийморьтой байна, тийм ээ? гэж хэлнэ.
Пат энэ үгэнд зэвүүцэн хөмсөг зангидаж дуугүй сууна.
Авхай Сенгстер:
— Би эрхэм Глендон тантай танилцахыг эртнээс хүссэн билээ. Би эдүгээ хүртэл боксчны тухай сурвалжлаг хийж үзээгүй, тийм учраас асуултыг танд зүй ёсоор тавьж чадахгүй байж мэднэ та уучлаарай.
Стюбнер:
— Та эхлээд энэ хүнийг яаж ажилладгийг харсан нь дээр юм биш үү? Хувцсаа өмсөх зуур нь шинэхэн мэдээ баримт, бүх зүйлийг би ярьж өгье. Пат одоо Уолшийг дуудаж хоёр гурван үе харуулъя гэж санал тавихад, Пат:
— Бид юу ч үзүүлэхгүй! гэж ёстой адгуусан дүрээр гуншгинаж хэлээд, та сурвалжилгаа үргэлжлүүл гэв.
Гэвч сурвалжлаг ер эвлэж өгсөнгүй. Стюбнер л дандаа ярьж юу бичихийг хүртэл хэлж өгч байв. Энэ нь Мод Сенгстерийг сүрхий дургүйцүүллээ. Харин Пат бол ямар ч оролцоогүй суулаа. Патын тунгалаг том цэнхэр нүд, үл мэдэг гүдгэртэй шулуун хамар завжиндаа зоримог маягийн нугалаа бүхий уруултай, өлзий буян бүрдсэн эрэлхэг янзын ам, эелдэг сайхан зүс царай энэ бүгдийг Мод анхааралтай гэгч ажиж шинжин сууна. Баясгалангүй болхи мунхаг гэмээр шинж тэмдэг өчүүхэн ч алга аа! Хэрэв энэ хүний тухай сонин хэвлэлд үнэн юм бичдэг бол учрыг нь ойлгоход бэрх хүн юм даа. Түүнд “Догшин” гэмээр өчүүхэн төдий ч шинж тэмдэг байна уу гэж Мод нарийвчлан ажна. Бас жаахан ч гэсэн ярилцаад үзэх юм сан гэж хичээнгүйлэн оролдоно. Боксчид болоод ер нь боксын талаар эхлээд ярина гэхэд Модын мэдэх зүйл тун ялимгүй. Харин Патыг ярианд оруулахаар арай ядан оролдмогц мэдэмхий Стюбнер урдуур орчхоод байлаа.
— Боксчдын амьдрал ер нь сонирхолтой байхаа! гэж Мод хэлээд санаа алдсанаа нэмж боксын талаар бага зүйл мэддэг минь харамсалтай байна. Ингэхэд та ямар учраас энэ спортыг сонгох болсон билээ? Надад яриач. Үгүй ээ, үгүй би мөнгөний талаар холбогдуулж хэлж байгаа юм биш шүү гэж Стюбнерийг ярианд татчихгүйн тулд яаравчлан хэлээд, бокс танд хөгжилтэй байдаг уу? Бусад эрэгтэйчүүдтэй өрсөлдөн тэмцэж байх нь танд сонирхолтой юм уу? Би хэлэх гэсэн үгээ нэг л учрыг нь олж хэлж чадахгүй шиг байна, харин та надад сэлбэж залруулж хэлж өгөөрэй!
Пат Стюбнер хоёр зэрэг дуугарснаа Пат даамлаасаа урьтаж,
— Анхандаа надад сонирхолгүй байсан гэхэд Стюбнер үгийг нь тасалж:
— Үүнд бокс ердөө л амар хялбархан зүйл байсан юм гэв. Пат цааш үргэлжлэн:
— Тэгээд сүүлдээ, жинхэнэ чадамгай гавшгай боксчидтой тулалдаад ирэхэд би аргагүй л улам... улам гэхэд, Мод:
— Өөртөө улам илүү найдвар тавих болов уу? гэж нэмэн асуув.
Пат:
— Яг л тэгж өөртөө найдвар тавиад ирэхэд надад бүүр улам их сонирхолтой болсон. Тэглээ ч бокс миний дур сонирхлыг зохих ёсоор гүйцэд татаж чадахгүй байна. Бодоод үз л дээ,тулалдаан бүр надад хэцүү асуудал байлгүй яах вэ. Би ухаан самбаа, булчингийнхаа хүч чадлаар шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Гэвч тулалдааны үр дүн ямагт надад ашигтайгаар урьдчилан шийдвэрлэгдсэн байдаг юм. Стюбнер:
— Эргэлзээтэй үр дүн гарч байсан удаа нэг ч үгүй, дандаа цэвэр муужруулалт хийгээд ялалт бидний талд ирдэг юм! гэж бахархана. Пат:
— Ялалтдаа ингэж итгэдэг явдлаас л болж бокст байж болох тэр дур сонирхлыг төрүүлж өгөхгүй болчихдог байж магадгүй юм аа, гэж үгээ төгсгөв.
Стюбнер:
— Гайгүй хө! Жим Хэнфордтой үзэлцэх тулалдаан сэтгэлийг чинь сэргээх байх гэж би найдаж байна гэхэд Пат хариу хэлсэнгүй инээмсэглэнэ. Мод:
— Өөрийнхөө тухай ахиухан ярьж өгөөч, тулалдааны үед та ямар шүү байдаг аа тодорхойлон ярина уу гэж хүсэлт тавив.
Тэгэхэд Пат өөрийнхөө даамал, авхай Сенгстер хоёр байтугай өөрөө ч гайхмаар тийм үг санаандгүй алдаж:
— Үнэнээ хэлэхэд тэр тухай ярих хүсэл надад алга. Ер нь бид хоёр үүнээс илүү сонирхолтой, их чухал нарийн зүйлийг бие биедээ ярьж болох сон байхаа. Ингэхэд би... гээд юу хэлснээ ухаармагц дуугүй боллоо. Гэвч Пат яагаад гэнэт тэгж ярьснаа мэдээгүй билээ.
Мод халуунаар угтан дэмжиж:
— Зүйтэй! Таны хэлдэг зөв! Хүнийг ганцхан мөн чанараар нь мэдэж чадвал... сурвалжлаг ч сонирхолтой болдог юм гэв.
Гэвч Пат дахин дуугаа хураагаад, Стюбнер харин Сэндоу, Туркийн аянга, Жеффрис мэт сүүлийн үеийн хүнд жингийн боксчидтой харьцуулах зэргээр залуу аваргынхаа бие бялдар өндрийн хэмжээ, хүндийн жин зэргийн тоо баримтуудыг Модод тоочиж гарав. Мод Сенгстерт түүнийг сонсохоос ч залхуутай байсан бөгөөд тэр байдлаа ч нуусангүй. Модын харц Шекспирийн шүлгийн боть дээр санамсаргүй тусч, түүнийг аваад энэ юу вэ? гэсэн шинжтэй Стюбнер тийш харлаа. Стюбнер:
— Үүнийг Пат уншдаг юм. Шүлгэд дуртай, өнгөт гэрэл зураг оролдоно, үзэсгэлэнгээр гүйнэ гэх мэтчилэн элдэвтэй, бурхныг бодоод та гагцхүү энэ тухай битгий бичээрэй дээ. Тэгвэл та түүний бүх алдар нэрийг баллачих нь тэр шүү. Мод Патын өөдөөс харвал цаадхыг нь царай ичингүйрэн зовнисон харагдана.
Ямар гайхалтай сайхан хэрэг вэ! Боксын хаан, ийм лут эр мөртөө бяцхан хүүхэд шиг ичимхий бас шүлэг уншдаг, үзэсгэлэн сонирхдог, өнгөт гэрэл зураг оролддог байна шүү! Үгүй ээ, энэ хүнд “догшин араатан” гэмээр юм огт алга гэж Мод бодно. Энэ залуу угийн мулгуугаар тэр биш, ерөөсөө ичимхий, хянуур даруугаас тэгж зовонгуйрч байна гэдгийг Мод ойлголоо.
Шекспирийн шүлгийн цоморлог уншдаг гэнэ ээ! Гэтэл энэ зохиолын нарийн учир утгыг ойлгоно гэдэг яггүй хэрэг. Стюбнер тэдэнд нэг ч үг ярих зав олгохгүй мөн л өнөөх мангуу тоо баримтаараа Модыг булж гарав.
Гэвч хэдэн минут болоход Мод хамгийн амин гол сэдвийг санамсаргүй хөндөж орхисон билээ.
Шекспирийн шүлгийн цоморлогийг Пат уншдагийг нь мэдмэгц Мод анх уулзахдаа түүнд татагдсан тэр сэтгэлийн хөдөлгөөн нь агшин зуур дахин дүрсхийв. Энэ гойд сайхан эр гуа үзэсгэлэн царай, ийм өлзий буян бүрдсэн уруул, бас энэ саруул тунгалаг нүд, тэвхийтэл тайрсан хонгор үсэн дор дунхайсан өргөн тэнэгэр магнай, идэр залуугийн саруул тунгалаг, эрүүл чийрэг эдгээр бүх шинж нь эдүгээ хүртэл аль нэг хүнд ер татагдаж байгаагүй тэр эмэгтэйн сэтгэл зүрхийг тэсгэлгүй бараг өөрийн эрхгүй тэмүүлтэл нь татах ажээ. Үүний зэрэгцээгээр Мод “Зарлага” сонины хэвлэлийн газар өчигдөрхөн сонссон булай бузар гүтгэлэг шуугианыг зайлуулж эс чадав.
Мод:
— Тиймээ, таны хэлдэг туйлын зөв. Бид хоёрт ярилцах юм үнэхээр бий. Миний сэтгэлийг нэг л зүйл зовоогоод ер болдоггүй, түүний учрыг олоход та туслалцаж өгөөч. Туслах уу? гэхэд, Пат хариу толгойгоо дохив.
— Илэн далангүй бүүр бүдүүлгээр хүртэл яривал болно биз? Боксын талаар ярианд ямар нэг урьдчилан тогтоосон үе, аливаа нэгэн мөрий барьцааны тухай сонсогддог явдал ч байдаг билээ. Үнэндээ, би энэ талаар гойд анхаарал тавьж байсан удаа үгүй. Гэвч бокстой холбогдсон ямар нэг хуурч мэхлэх, хуйвалдаж залилах явдалд хүмүүс оролцдог нь ерийн хэрэг байдаг юм шиг надад санагддаг. Гэтэл би таныг ажаад ер ойлгох биш. Үнэхээр та тийм хууран мэхлэх ажилд оролцдог гэж үү? Та бокст спортынх нь хувьд л дурладаг баймаар юм. Гэтэл танд орлого оруулдаг тийм мөнгөний төлөө надад огт ойлгогдохгүй байна гэхэд,
Стюбнер үгийг нь тасалж:
— Энд ерөөсөө ойлгож ядаад байх юм алга гээд Патын уруул ёжтойхон үл мэдэг инээмсэглэх төдий болохыг ажаад, энэ бүгд бол заль мэх, хэлэлцээ хуйвалдааны тухай оргүй хоосон санааны домог, дэмий донгосоо байгаа юм. Сенгстер авхай минь, энэ бүгд шал дэмий үг гэдгийг би танд батлан хэлж байна. Түүнд орвол эрхэмсэг Глендоныг би яаж нээж олсноо танд ярьж өгсөн нь дээр. Би анх түүний эцгээс нь захидал хүлээж авлаа л даа , гээд цааш нь ярих гэтэл Мод Сенгстерийн санааг үймүүлэх гэдэг тийм хялбаргүй бөгөөд бүсгүй Патад шуудхан хандаж:
— Та сонсооч, нэг ийм явдлыг би сайн санаж байна. Хэдэн сарын урьд, чухам хэн тоглосныг би мартчихаж. “Зарлага” сонины хэвлэлийн нэг ажилтан маргааш асар их мөнгө хожих болно гэж надад мэдэгдсэн юм. Мөнгө хожих төлөвтэй гээгүй шүү, үгүй ээ, яг л “хожно” гэж шууд хэлсэн. Тэгээд цаадах хүн нь тогтоосон үед мөрийцөж нэлээд мөнгө тавьсан тухай тэр ажилтанд баахан зүйл сэмхэн хэлсэн гэж надад тайлбарлаж байсан юм. Тэр ажилтан надад яг л “арван ес дэх үе дээр тэмцээн дуусна” гэж хэлсэн.
Бид хоёр тулалдаан болохын урьд өдөр ингэж ярилцсан. Маргааш нь тэмцээн үнэхээр тогтоосон үе дээрээ дууссан гэж надад тэр даруй ихэд гайхуулан ярьж байсан юм. Би ер түүнийг сайн бодоогүй. Тэр үед би боксыг сонирхдоггүй байсан, одоо бол сонирхдог. Тэр явдал боксын тухай миний үнэндээ бүрэг бараг ойлголтод бүрэн тохирсон билээ. Бод л доо, ямар вэ дээ энд бүгдээрээ хоосон санаа, үлгэр домог биш байж, тийм ээ? гэж ярилаа.
Глендон:
— Би тэр тэмцээнийг санаж байна. Суэн, Маруэзер нар тулалдсан юм даг. Үнэхээр ч арван ес дэх үе дээрээ дууссан даа. Сэмээ, тэгвэл энэ эмэгтэйд тэмцээний өмнөх өдөр яг тэдэн үе гэж нэрлэж байсан байдаг. Үүнийг Сэм та юугаар тайлбарлах вэ? гэв.
Стюбнер энэ гайт явдлаас яавал аятайхан гарах вэ гэдэг аргыг түргэхэн сүвэгчлэн бодож, дүйвүүлсэн байдлаар,
— Тэгвэл, хэрэв нэг хүн хонжвортой билет олоод татчихсан байвал түүнийг юу гэж тайлбарлах вэ? Үүнд л хамаг учир холбогдол байгаа нь тэр. Хэрэв боксын тэмцээний бүх үйл явц, дүрэм горимыг сайн мэдээд, боксчны байр байдал, туршлагыг зохистой тооцоолж боксыг оновчтойхон ойлгож чадах юм бол тэмцээнийг дуусгах цаг үеийг яг оноод хэлчихэд хэцүү биш. Хүмүүс морин уралдаанд ямар морь түрүүлэхийг урьдаас таацгааж, заримдаа зуун хүн тутмаас нэг нь онож, бай авдаг удаа байдаг шүү дээ!
Тааж дийлсэн нэг хэсэг байхад, зохих үеийг нь тааж чаддаггүй дийлэгдэх нэг хэсэг байдаг юм гэдэг энэ чухал зүйлийг бүү мартаарай! Үгүй ээ, Сенгстер авхай бокст аливаа худал хуурмаг ямар нэг хуйвалдаан гэх мэт энэ... ерөөсөө тийм явдал байдаггүйг би танд ариун сэтгэлээсээ тангараглая гэж ярив.
Мод:
— Харин эрхэмсэг Глендон таны санал ямар вэ? гэж асуухад Стюбнер:
— Глендоны санал минийхтэй яв цав тохирдог юм гэж урдуур нь орж хариулаад, миний хэлдэг үнэн, чин үнэн гэдгийг Глендон мэднэ. Глендон өөрөө ямагт цэвэр ариун, үнэнч шударга тулалдсаар ирсэн юм. Миний хэлдэг үнэн биз, Пат аа! гэв.
Пат:
— Тиймээ, зөв! гэж нотолно.
Хамгийн гайхалтай нь Патын худлаа хэлээгүйд Мод Сенгстер итгэсэн явдал байлаа. Мод, сэтгэлээс ер гарч өгдөггүй дэмий бодол санаанаас салсан мэт духаа илээд:
— Сонсооч, одоогийн болох тэмцээний дуусах үеийг хүртэл урьдаас тогтоосон юм гэж өнөөх ажилтан надад өчигдөр орой ярьж байсан гэв.
Стюбнер цочин мэгдэж Патад юу хэлэхээ ч мэдэхгүй байхад, Пат урьтаж:
— Танай ажилтан худлаа хэлж байна! гэж сүржин дуугарав. Мод:
— Тэр хүн түрүүчийн тэмцээний тухай худал хэлээгүй шүү дээ.
— Тэгвэл түүний хэлдгээр Нат Пауэрс бид хоёрын тулалдаан хэд дэх үедээ дуусах юм бэ? гэв. Модод хариу хэлэх зав өгөлгүй Стюбнер учир зүггүй хөндлөнгөөс дайрч хашхичин:
— Ямар балай юм бэ, Пат аа! Дуугүй бай! Энэ бүгд бол ердийн худал хуурмаг, цуу үг! За одоо сурвалжилгаа дуусгавал дээр гэв.
Глендон Стюбнерийг харсан ч үгүй харин Модыг ширтэн харах эелдэг харц нь өөрчлөгдөж сүртэй ширүүн гэмээр боллоо. Бүх учир нь тодорхой мэдэгдэхгүй нэг л жигтэй, ямар нэгэн нууцыг санамсаргүй нээсэн гэдгээ Мод одоо л ойлгож эхэллээ. Патын дуу хоолой, харц төлөвөөс Модын бүх бие дагжих шиг болов. Энэ ёстой эр хүн дээ! Чухам энэ хүн л тэр эмэгтэйн бүх хүсэл мөрөөдлийг биелүүлж, амьдралыг нь гартаа атгаж чадах нь лав!
— Тэгээд хэд дэх үе дээр гэж тэр ажилтан танд хэлэв? гэж Пат зандрангуй асуухад, Стюбнер бас л хөндөлдөж:
— За чи минь бүх ариун сахиусыг бодож энэ дэмий үгээ боль гэв.
Мод:
— Надад хариулах бололцоо өгөөч дээ! гэж хүснэ.
Пат цааш нь авхай Сенгстертэй би өөрөө ярьж дөнгөнө. Сэмээ эндээс зайл, явж гэрэл зургаараа оролд! гэв. Тэд нэг минут хэртэй бие бие рүүгээ ширүүхэн харж байснаа даамал яаралгүйхэн үүдэнд очиж хаалга онгойлгоод чагнан зогслоо.
— За чухам хэд дэх үе вэ?
— Ташаараагүй байх гэж итгэж байна гээд Модын хоолой түгдэрч арван зургаа дахь үе дээр гэж тэр ажилтан хэлсэн байхаа гэв.
Стюбнерийн царай хэрхэн сандарч зэвүүцсэн төлөвтэй болж Пат, Стюбнерийг ямаршуухан хорсол харамсалтайгаар харж байхыг нь Мод хараад уг хэрэг яг онож туссаныг мэдлээ.
Тиймээ, Глендон бол Стюбнерт уурлах бүрэн үндэстэй юм. Олон түмэн мөнгөө төлснийх зодооныг хангалттайхан хараг, харин тэмцээнийг дэмий унжруулахгүйн тулд арван зургаа дахь үе дээр дуусгая гэж Стюбнертэй амин хоорондоо ярилцаж шийдсэн байтал сонины газраас нэг эмэгтэй хүрч ирээд тэр тогтоосон үеийг нэрлэж байдаг нь юу билээ! гэж бодов. Үүдэнд зогсож байгаа Стюбнер бүүр сандарч, царай нь зэвхийрэн биеэ барьж ядна.
Пат:
— Би тантай дараа ярина. Гараад хаалгаа хаачхаарай! гэж дуугарав. Хаалга хаагдаж Глендон Мод хоёр хоёулхнаа үлдлээ. Глендоны царайг харвал, сэтгэл зовж, их л гоморхсон байдалтай дуугүй сууна. Мод:
— За тэгээд гэж асуувал, Глендон босож Модын дээрээс өнгийн харснаа дахин суугаад хатсан уруулаа зууж байснаа шийдмэгхэн:
— Би танд нэг зүйлийг хэлж болох байна. Тэмцээн арван зургаа дахь үедээ дуусахгүй! гэв.
Мод дуугүй байсан боловч, итгээгүй байдалтай ёжирхуу инээмсэглэхэд Патын зэвүү хүрч,
— Танай редакторт эндүүрэл болсныг авхай Сенгстер та өөрөө үзнэ ээ.
— Та программаа өөрчилье гэж ярих гэж байна уу? гэж Мод үг өдсөн шинжтэй асуув.
Пат энэ үгийг сонсоод юманд цохиулсан мэт бие нь арзасхийж,
— Би худал хэлж сураагүй тэгэх мөртөө эмэгтэйчүүдэд худал хэлдэггүй гэж хүйтнээр хэлэв.
— Тийм ээ, та надад худал хэлээгүй ээ. Гэхдээ та программаа өөрчлөгдөнө гэдгийг үгүйсгэхгүй биз дээ. Миний ярьж байгаа зүйл эвгүй ч байж болох юм эрхэмсэг Глендон. Гэвч тулалдаан хэд дэх үед дуусах нь ямар ялгаатайг би үнэндээ ойлгохгүй байна. Энэ тэмцээн дуусах үед урьдаас шийдвэрлэгдсэн, бас хэн нэгэн хүнд урьдаас мэдэгдчихсэн байгаа явдал л чухал байна.
— Үгүй ээ, би тэр үеийг ганцхан танд л хэлье. Өөр нэг ч амьд амьтан үүнийг мэдэхгүй.
Мод мөрөө хавчисхийж инээмсэглэн:
— Тэмцээнд аль нь түрүүлэхийг таадаг явдал байдаг. Ерөөсөө ч тийм явдал байдаг шүү дээ. Үнэн биз? Ер нь төдий л мунхаг биш, энд ямар нэг эвгүй явдал болоод байгааг ойлгож байна. Намайг тэр үеийг хэлэхэд та юунд уурлаа вэ? Яагаад та даамалдаа ширүүсэв? Яах гэж та түүнийг хөөж орхив.
Глендон хариу үг хэлэхийн оронд, гадаа гудамж руу харах гэсэн шиг цонхонд ойртож очсоноо болиод, Модын зүг эргэж харан зогслоо. Пат өөрийг нь шинжин ажиж байгааг Мод харалгүйгээр мэдэж байв. Пат сандалдаа ирж суугаад,
— Миний танд худал яриагүй гэдгийг авхай Сенгстер та надад батлан хэлсэн билээ. Тэр бол таны зөв. Би худал хэлээгүй гээд Пат тайлбарлах оновчтой үг олохыг эрж ядан байгаа мэт байзнаснаа, миний ярих зүйлд та үнэмшинэ биз. Боксчны үнэн шударга үгэнд та итгэх үү? гэв.
Мод толгой дохиод Патыг үнэн үг хэлнэ гэдгийг үнэн голоосоо итгэж Патын нүд рүү эгцлэн ажна.
— Би ямагт зөв шударга тулалдаж байсан. Бохир аргаар олсон ганц ч долларт гар хүрч явсан удаа үгүй. Бузар булай хуйвалдаанд нэг ч гар бие оролцоогүй. Тэгээд цааш нь хэлэхэд таны үг надад ёстой цохилт болж байна. Би энэ бүгдийг юу гэж ойлгохоо мэдэхгүй нь. Юу болов гэдгийг би шуудхан тодорхойлж чадахгүй байна. Энэ л намайг тарчилгаад болдоггүй. Одоо болох тэмцээний талаар Стюбнер бид хоёр амин хоорондоо хэлэлцэж тэмцээнийг би арван зургаа дахь үе дээр дуусгахаар шийдэж тогтсон явдал үнэн. Тэгсэн чинь харин та энэ үеийг нэрлэж байдаг. Танай тэр ажилтан хаанаас мэдэв. Надаас мэдээгүй нь лав.
Хэрэв тэгвэл ... хэрвээ л, гээд Пат юм бодож олох гэж байгаа мэт түр байзнаснаа, ... хэрэв тэр ажилтан азаа үзэх гэж тааварлаагүй бол Стюбнер илчилсэн биз ээ. Би огт учрыг нь ойлгохгүй байна. Чухам юу болсныг би хүлээж ажиж байж учрыг нь олох хэрэгтэй боллоо. Харин танд миний хэлсэн бүхэн чин үнэн. Би үүнийг баталж тантай гар барья гээд босож бөхийвөл Мод ч босож гараа өглөө. Түүний жаахан гар Патын том алганд далд орж байв. Тэр хоёр бие биеийнхээ нүд рүү эрээлэх юмгүй эгцлэн хараад барилцсан гараа өөрийн эрхгүй харцгаав. Мод өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хэзээ ч ингэж тодорхой ухаараагүй ажээ. Бүсгүй хүний турьгүй уяхан хуруунууд эр хүний чийрэг том алганд атгагдан байгаа нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уулзаж учирсны гайхамшигт охь, манлай болжээ гэж санагдмаар байв.
Глендон эхлэн ам нээж:
— Таны гарыг өвтгөе гэвэл хэчнээн хялбархан байх бол гээд чанга атгалтаа сулруулж, илэн таалах мэт болохыг Мод мэдэрлээ.
Тэр эмэгтэй пруссийн хаан болоод, түүний асар том биет торгон цэргүүдийн түүхийн тухай өгүүллийг санаад энэ уучлалыг түүнтэй гэнэт зүйрлүүлэн бодсоноо шал дэмий инээж, гараа угз татан авлаа.
— Та өнөөдөр ирсэн нь сайн боллоо гэж Пат хэлээд, бодол санаагаа илт хэлчхэж арай зүрхэлсэнгүй түүний гал бадарсан нүд нь огт өөр зүйлийг илчилж байлаа. Миний ойр тойронд болж буй заль мэхийг илрүүлж нүдийг минь нээж өгсөн байж магадгүй болохоор баярласнаа танд хэлэхийг хүсэж байна гэв.
Мод:
— Харин би танд гайхаж байна. Аливаа хуйвалдаан арга мэх бол жинхэнэ мэргэжлийн боксчдод зайлшгүй байдаг ёстой гэж би итгэдэг. Гэтэл боксын гол оролцогчдын нэг, та яагаад түүнд хавьтаагүй хоцорсон байдаг юм бэ? гэдэг асуудал надад ер ойлгогдохгүй байна. Та тэр бүгдийг мэддэг байх нь бүрэн зүйн хэрэг мэт надад санагдсан. Харин одоо болоход тэр хуйвалдаанууд зүүдэнд ч ороогүй гэдгээ та надад итгүүлдэг байна. Үгүй та бусад боксчинтой огтхон ч төстэй биш бололтой байна гэж хэлэв. Пат нотолж толгой дохиод:
— Тийм байхаас аргагүй юм. Энэ бол тэр бүх компаниуд, бусад боксчид, тэдний эзэд, ерөөсөө спорт сонирхогч бүх хүнээс хол хөндий явдаг байсан учраас тийм болсон юм байна. Тэд намайг амархан төөрөгдүүлж байжээ. Гэвч тэд намайг гүйцэд төөрөгдүүлсэн эсэхийг нь үзнэ дээ. Би өөрөө эдгээрийн учрыг олно гайгүй гэв.
Модод бол Пат бодож санасан бүгдээ гүйцэтгэж чадах юм шиг санагджээ.
— Та бүх хэрэг явдлыг өөрчлөх нь үү? гэж Мод сэтгэл догдлон асуув.
— Үгүй ээ, бүгдийг орхино! Энэ наадам шударга биш бол, би түүнд оролцохыг хүсэхгүй. Харин танд нэг зүйлийг бат нотлон хэлэхэд, Нат Пауэрс бид хоёрын тэмцээн арван зургаа дахь үе дээрээ дуусахгүй. Хэрэв танай ажилтан болоод, үнэхээр урьдчилан мэдсэн хэн нэгэн хүн байгаа бол тэд бүгдээрээ мангуу болж хоцрог. Би Натыг арван зургаа дахь үе дээр нь муужруулж унагахгүй хорь дахь үеийг хүртэл тэсэж байх боломж олгоно, та харж байгаарай!
Мод:
— Тэгвэл би хэвлэлийн газартаа юу ч ярихгүй байх шив дээ? гэж хэлээд явахаар завдан босов.
— Ярихгүй байлгүй яах вэ. Хэрэв тэр ажилтан азаа туршиж байгаа бол, яах вэ хувь заяандаа горьдож үзэг л дээ. Хэрэв ямар нэг хуурамч арга мэх байгаа бол хожигдоцгоог. Тэгэх нь ч хэрэгтэй. Харин энэ бол та бид хоёрын нууц болж үлдэх ёстой. Миний яах гэж байгааг та мэдэж байна уу? Би дуусгах үеэ танд хэлье: Нат Пауэрсийг би хорь дахь үе хүртэл тогтоож байлгүй арван найм дахь үе дээр дэлсэж орхино.
— Харин би энэ тухай хэнд ч үг дуугарахгүй гэж Мод амлав.
— Бас танаас гуйх ганц гуйлт, тун ч том гуйлт над байна! гэж Пат түгдрэн хэлээд түүний нь Мод зөвшөөрч байгааг царайных нь төлөвөөс мэдэж, цааш нь үргэлжлүүлж эдгээр арга залийн тухай та сурвалжилгадаа бичихгүй гэдгийг ч би ойлгож байна. Гэвч би танаас ганцхан үүнийг хүсэж байгаа юм биш. Ерөөсөө та миний тухай бичихэд би дургүй байна.
Мод цовоо сэргэлэн нүдээр Патыг ширтэн харснаа өөрөө ч мэдэлгүй гэнэтхэн зөвшөөрч:
— За тэгвэл яах вэ! Сонинд юу ч бичихгүй, би нэг ч мөр бичихгүй! гэлээ.
— Би тэгнэ гэж бодсон юм гэж Пат нотлон хэлэв. Ингэж хэлсний хариуд энэ хүн яагаад талархал илэрхийлдэггүй билээ гэж Мод анхандаа гоморхсон боловч талархлын үг дуугараагүйд нь төдхөн баярлаж, энэ богинохон хугацааны уулзалтаа огт өөр утга холбогдолтойд үзэхийг хүссэн юм байж гэж ойлгоод, цаашид бүх учрыг тодруулж мэдэхээр зориглон шийдэв.
Мод:
— Та яаж мэд ээ вэ? гэж асуухад,
Пат:
— Би ойлгохгүй байна гээд толгойгоо сэгсрэн, би тайлбарлаж чадашгүй нь. Энэ бол аяндаа тодорхой юм шүү дээ. Ерөөсөө та бид хоёрын тухайд би ихээхэн зүйл мэдээд байх шиг надад санагдах юм.
— Танай даамлын гойд сайхан зар гэж ярьдаг шиг тийм зар хэвлэлд гаргахыг та юунд дургүйцдэг билээ. Пат яаралгүйгээр:
— Хэрэгтэйг мэднэ ээ. Гэвч тантай ийм янзаар учирч танилцахыг би хүсэхгүй байна. Хэрэв сурвалжлаг хэвлэлд гарвал би гомдох байна. Би тантай зөвхөн спортын сурвалжлагчийн хувьд нь танилцлаа гэж бодох дургүй байна. Бидний энэ уулзалтыг эрэгтэй эмэгтэй хоёр хүний жирийн уулзалт гэж санаж явахыг хүсэж байна. Юун тухай ярьж байгааг минь та ойлгож байна уу, үгүй юу, мэдэхгүй, би л тэгж бодож байна. Энэ уулзалтаа зөвхөн санамсаргүй танилцсан хоёр хүний уулзалт гэж бодохыг хүсэж байна гэв.

You have read 1 text from Mongolian literature.