🕥 31-minute read
Чингис Хааны Их Өчиг - 2
Total number of words is 4071
Total number of unique words is 1885
0.0 of words are in the 2000 most common words
0.0 of words are in the 5000 most common words
0.0 of words are in the 8000 most common words
Энэ үеэс үлдсэн зохиолоос “Мандухай хатны домог”, “Убаши хунтайжийн тууж” хоёрыг дурдаж болмуй. Өнгөрсөн нэг мянган жилийн түүхэнд үзвэл бүх монголчууд хоёрхон удаа нэгдэж нэг улс болж байсан юм. Нэг удаа Чингис хаан Монгол улсыг нэгтгэсэн юм. Нөгөө удаа нь арван тавдугаар зууны үед Мандухай хатан нэгтгэсэн юм. Энэ баатар эмэгтэйн Монголын голомтыг сахих зориг төгөлдөр тангаргийн шүлэг байдаг. Убаши хунтайжийн тууж бол баруун, зүүн монголын хоорондын тэмцлээс сэдэв авч бичсэн бяцхан уран зохиол юм.
Монголд чухам хэдийд үүсэж хэдийд дэлгэрсэн нь сайн мэдэгдээгүй хоёр их баатарлаг тууль байдаг. Энэ бол Гэсэр, Жангар хоёр юм. “Гэсэрийн тууж” бол Төвд, Монгол оронд ам ба бичиг хоёр зүйлээр их дэлгэрсэн зохиол юм. Монгол Гэсэрийн эхний долоон бүлэг 1716 онд хэвлэгдэж гарчээ. Энэ үлгэр бол Грекийн Илиада, Одиссея, Энэтхэгийн Махабрататай зэрэгцүүлэн хэлэлцэж болох сайхан үлгэр юм.
“Ядуу доодсын өмөг түшиг болж өндөр язгууртны шилийг дарах”˗аар Хурмаст тэнгэрийн хөвгүүн Гэсэр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болон тэнгэрээс нисэж ирээд Лин орны нэг өвгөний хүү болон төржээ. Гэсэр багадаа ядуу хөвгүүн байсан боловч хожим их болоод баатар эр болж хаад ноёдтой тэмцэн ялж тус орны хаан болов.
Чингээд гадаадаас халдаж ирсэн мангасыг эгүүлэн хөөхөөр мордоод Гэсэрийг эзгүй байх завсраа Шарайголын гурван хаан Лин оронд халдаж ирээд Гэсэрийн хатан Рогмог булаан авав. Үүнд Лин орны ноён Цотон дайсны талд урваж орон нутгаа Шарайголын харьяат болгов. Гэсэр гадаадын дайсныг дарсны дараа нутагтаа буцаж ирээд урвасан Цотон ноёныг цээрлүүлэн шийтгэж Шарайголын гурван хааныг ялж Рогмо хатнаа буцааж авчирсан ийм явдлыг уран үгээр бичсэн юм.
“Жангарын үлгэр”˗т ард олны сайн сайхныг мөрөөдөх хүсэл тодорч гарсан юм.
Жангарын орон нутаг бол даарах хүйтэнгүй, халах халуунгүй, зовох зовлонгүй ийм орон юм. Энэ оронд хүн төрөх гэж байхаас биш, өтлөх үхэх гэж байдаггүй. Хүн бүр хорин таван нас хүрээд цааш өтлөхгүй тогтож мөнх амьдардаг байна. Гадаадаас халдаж ирсэн дайсныг мангасын дүрээр үзүүлсэн бөгөөд тэр аюулт мангасуудаас Жангар тэргүүтэй баатрууд төрсөн нутгаа арчлан хамгаалж дайснаа дарж дархан цолоо мандуулж байна.
“Жангарын үлгэр”˗т уран зохиолын давруулах аргыг үлэмж хэрэглэсэн юм. Нэг баатрын том аварга биетэйг хэлэхдээ:
Тавлаад суухлаар тавин хоёр хүний зайд суудаг
Тахийгаад суухлаар хорин таван хүний зайд суудаг
гэжээ.
Жангарын алтан торлог байшинг барихад огторгуйд хүргээд баривал арай хэтрэх юм. Огторгуйгаас гагцхан хуруу дутуугаар баръя гэж тогтсон байна.
Жангарын хатныг бичихдээ:
Цаашаа харахад нь цаад далайн зах гэрэлтмээр
Наашаа харахад нь наад далайн зах гэрэлтмээр
Цуснаас улаан хацартай
Цаснаас цагаан санчигтай бөгөөд ерэн нэгэн чавхдастай индэр мөнгөн хуураа аваад татахад нь:
Хулсан дундаа өндөглөсөн хунгийн дуун гараад
Нуур дундаа өндөглөсөн нугасны дуун гараад
Арван хоёр аясаар хангинаад байна
гэж бичжээ.
Монголчууд эртнээс бөө мөргөлийг шүтдэг байлаа. Бөө мөргөлд аман зохиол байхаас гадна нэлээд баялаг бичгийн зохиол байдаг юм. “Галын тахилга”, “Уул усны тахилга”, “Тэнгэрийн тахилга” зэрэг болно. Энэ бол цөм цэцэн үгтэй шүлэг байдгаас гадна үүний зарим нь шажин мөргөлд холбогдол багатай, ардын ерөөл хүслийн зохиол байдаг юм. Жишээ нь, харьсан шувууг буцаж ирэхэд баярлан угтах тахилга байна.
Арван долдугаар зууны үеэс монгол оронд бурханы шажин их дэлгэрээд олон сүм хийд байгуулагдаж, энэ сүм хийдэд олон лам шавилан сууж төвд хэлээр ном үздэг болсон юм. Ингээд төвд хэл бол монгол оронд монгол хэлний адилаар буюу илүүгээр ч хэрэглэгддэг болов. Монголын лам нарын дотроос төвд хэлээр бичдэг эрдэмтэн зохиолч нар нэлээд гарлаа. Монгол лам нар Энэтхэгийн гүн ухааны номд өдий төдий тайлбар бичсэнээс гадна уран зохиолын онол ба уран зохиолыг ч цөөнгүй бичжээ. Эдний дотроос Говийн ноён хутагт Равжаа, Их Хүрээний Хайдав хамба, Зава Дамдин зэргийн зохиолчийг дурдаж болно.
Мөн арван долдугаар зууны үеэс эхлэн төвд хэлээс орчуулсан ном маш үлэмжхэн байна. Арван наймдугаар зууны үед бурханы шажны гол зохиолын их цоморлог Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг монголчлон орчуулаад модон бараар хэвлэж гаргасан баймуй. Ганжуурын нэг боть “Үлгэрийн далай”˗д 52 үлгэр багтсан баймуй. Энэ үлгэрүүд их төлөв шажны уран зохиол юм. Жишээ болгож хэлбэл, нэг айлд нэг хүү төрж өсөв. Энэ хүүгийн гар газарт хүрэх бүр нэг алтан зоосыг атгаж ирдэг байна. Энэ хүү нэг өдөрт хэдэн зуун алтан зоосыг газраас авч баялаг болж тэр хөрөнгөөр лам нарыг хүндэлж их буяныг үйлдсэн байна. Яагаад ийм болсон бэ гэвэл энэ хүү урьд насандаа нэг ядуу зарц хүн байсан бөгөөд бүх л насаар айлд зарагдаж байж гагц алтан зоос олсон, түүнийгээ бурхан ламд хайргүй өргөсөн гэнэ.
Тэр буянаар таван зуун төрөлдөө ингэж газраас бэлэн алтан зоосыг авдаг болсон гэнэ. Энэ бол лам нарт юмаа хайргүй өргөж хүндэлж бай хэмээсэн сургаал юм.
Үүнээс гадна “Үлгэрийн далай”˗н дотор Илданди зэргийн ерийн үлгэр бас буй. Мөн ийм шажны номлолын орчуулгын зохиол монгол оронд үлэмжхэн дэлгэрч байсны заримыг дурдваас “Чойжид дагинын тууж”, “Очироор огтлогчийн тус эрдмийг үзүүлсэн тууж”, “Саран хөхөө шувууны тууж” зэрэг болно. “Чойжид дагинын тууж”˗ ийн дотор хаад ноёдыг хүндэлж байсан хүмүүс хойд насандаа бурханы жаргалант оронд очиж, хаад ноёдыг эсэргүүцсэн хүмүүс хойд насандаа тамд орж зовж байсан гэж бичсэн байна. Энэ зохиол бол хуучны уран зохиол ангийн чанартай байсны нэг гэрч болно. Үүний хажуугаар лам ноёдыг ил далдаар эсэргүүцсэн ардын ангийн чиглэлийн уран зохиол үлэмжхэн байжээ. Ийм чиглэлийн зохиолд "Алтан ордны үйсэн дээрх бичиг", “Өнчин хөвгүүний шастир”, “Гэсэрийн тууж”, “Жангарын үлгэр”, Ишданзанванжилын шүлгүүд, “Хав, муур, хулгана гурвын үлгэр” зэргийг оруулж болмуй. Үүнээс гадна шажны уран зохиолын нөлөөнд бичигдсэн шажны ба иргэний уран зохиолын завсрын хэлхээ болсон туужууд байдаг. Үүний жишээ нь “Цагаан дара эхийн тууж”, “Ногоон дара эхийн тууж” зэрэг болно.
“Цагаан дара эхийн тууж”˗д нэг ядуу хүү их эрдэм сураад хааны шадар түшмэл болдог. Түүний эхнэр нь цэргийн жанжин болоод их гайхамшиг гавьяа байгуулж хааны нутагт халдаж ирсэн их хүчит дайсныг няцаан дарсан баймуй. Энэ баатар эхнэр дайсанд хорлогдож үхээд тамын газар эрлэг хааны хэрэг шийтгэж байхыг үзэж ирээд хуучин биедээ орж амьдарсан явдлыг хэлмүй. Цэргийн жанжин болсон эмэгтэйн явдал нь ерийн иргэний уран зохиол бөгөөд ийм зохиолд тамын орныг оруулсан нь шажны туужийн нөлөө юм.
“Ногоон дара эхийн тууж”˗д бол далан долоон жил бясалгал хийсэн Ногоон дара хатан бурхан тэнгэр нарт залбирсны ачаар нэг хүүтэй болжээ. Гэтэл хүүгээ гэнэт алджээ. Чингээд Ногоон дара хатан орчлон ертөнцийг тойрон удтал эрсэн боловч олохгүй байлаа. Ногоон дара хатан олон жил бясалгал хийж их буянтай болсны хүчээр замд тохиолдсон зовлонт амьтныг зовлонгоос хагацуулсаар явав.
Нэг өдөр огторгуйн мэргэн Цагаан аршаас хүүгээ асуусанд, “Хүүг чинь Шигэмүни (Шигмунь) бурхан аваачаад нууж байх бололтой” гэж айлдав. Чингэхлээр Ногоон дара хатан Шигэмүни бурханы оронд очоод айлын зарц эмэгтэй болж аргал түүж явав. Түүнийг Шигэмүни бурхан мэдээд хүүг нь олон давхар бумбад хийж бодисадва нараар харгалзуулж “Эхэд нь битгий өг” гэж зарлиг болов. Гэвч хүү нь эхийгээ ирснийг мэдээд олон давхар бумбыг хага өшиглөөд гарч эхтэйгээ уулзав.
Шигэмүни бурхан хүүг нь авч нуусан учир бол Ногоон дара хатныг орчлонгийн элдэв орноор тэнүүлж зовлонт амьтныг зовлонгоос хагацуулах хэмээсэн санаа гэнэ.
Бурханы оронд айлын зарц эмэгтэй аргал түүж явна гэдэг хачин хэрэг шүү. Тэгээд Ногоон дара хатан хүүдээ тэнгэрийн дагиныг эхнэр болгон авч өгөөд Замбуутивд ирж амьтныг жаргалантай болгоод тамын оронд очиж түүнийг жаргалангийн цэцэрлэг болгон хувилгасан гэнэ. Тийм учраас тамд зовох амьтан үгүй болж Эрлэг номун хаан хийх ажилгүй болоход хүрсэн байна.
Энэ хачин сонин туужид Шигэмүни бурхан Эрлэг хаан зэргийг шог дүрээр үзүүлээд Ногоон дара хатныг бурхан тэнгэрээс илүү хүчтэй болгосон баймуй. Энэ хоёр “Дара эхийн тууж”˗ийг эрдэмтэн нар төвдөөс орчуулсан зохиол гэдэг боловч чухамдаа Энэтхэг, Хятадын зохиолыг бага сага дуурайлгасан Монголын зохиол гэж үзвэл зохих мэт. Төвд хэлэн дээр энэ хоёр “Дара эхийн тууж”˗тай адил зохиол олдохгүй байна. Арван зургаадугаар зууны үеийн Төвдийн зохиолч Даранатын зохиосон “Дара эхийн тууж” гэж байх боловч монгол “Дара эхийн тууж”˗аас огт өөр бөгөөд Дара эх бурханд залбирсны ачаар хулгай дээрэм, дайн, гал, ус, араатны аюулаас ангижирсан тухай арван хэдэн жижиг өгүүллэг баймуй.
Ер нь Монголын зохиолыг нэлэнхийд нь буюу ихэнхийг орчуулгын зохиол гэж Европын эрдэмтэн нар хэлдэг заншлыг өөрчлөх цаг хэдийн болсон билээ. Эрдэмтэн Лауфер монголын уран зохиолыг “Уламжилж давтах” уран зохиол гэж Монголын уран зохиолын тухай номынхоо төгсгөлийн бүлэгт хэлсэн баймуй. Нарийвчлан хянаваас тэр орчуулж уламжилж давтсан гэдэг зохиолын нэлээд нь жинхэнэ монголын зохиол байна. “Эндүүрэл хааны тууж” гэж шүлэглэсэн зохиол байдаг.
Энэ туужийн дотор Эндүүрэл хаан их хатнаа нөгчсөний дараа нэг шулам эмийг эхнэр болгож авав. Тэр эм нь хааны их хатны хоёр хөвгүүний бөөр, зүрхийг иднэ гэж шаардсанд хаан зөвшөөрсөн боловч хааны сайн санаат түшмэл нь нохойн зүрх, бөөрийг авч бага хатанд идүүлээд хоёр хөвгүүнийг алс газраа оргуулан явуулав. Тэр хоёр хөвгүүн өсөж эрдэм чадалтай болоод шулам хатан нь хааныг залгиж идэхийг завдаж байхад нутагтаа ирээд шулам эмийг мянган алд гүн нүхэнд хийж, эцэг хаанаа аварсан явдлыг өгүүлмүй.
Энэ сэдэв нь “Сайн төрөлхт хаан, Оюун чихт хөвгүүн хоёрын тууж” ба Төвдийн Банчинлувсан˗Ишийн зохиосон “Артасэд хааны тууж” зэрэгтэй төсөөтэй боловч түүний аль нэгийн орчуулга бус монгол хүн, харин дурдсан зохиолоос сэдвийг авч өөрөө зохиосон байна. “Эндүүрэл хааны тууж”˗д гарч байгаа хүмүүсийн дүр байдал, үг хэл нь цөм монгол шинжтэй юм. Энэ туужид нэг өвгөн нас барсан эмгэнийхээ тухай гашуудан дуулсан нь:
Бөрт цоогчноо унаж
Бөглүүхэн айлд очоод
Бөөрний өөхийг хавтгалж
Бөгцөр бөгцөр хатирч ирэгч
Эмгэн минь
Даарт цагаагчнаа унаж
Далдын айлд очиж
Дээлийн нэхий ганзагалан
Дэвэр дэвэр хатирч ирэгч
Эмгэн минь
Алаг цоогчноо унаж
Айл бүрийг хэсэж
Аарц тараг хөнөглөж
Амчир амчир хатирч ирэгч
Эмгэн минь
гэжээ. Бөөрний өөх, нэхий дээл, аарц, тараг гэж бичсэн зүйлээс үзэхэд Энэтхэгийн халуун орны зохиол бус монгол зохиол гэж мэдэгдэж баймуй. Үүний төгсгөлийн үгэнд Очирой сайн хааны Ач дүүрэгч ноёны зарлигаар Зарлигийн эрхт далай (Агванжамц буюу Гаванжамц) усан бар жил (1602) зохиосон гэж бичсэн баймуй.
Энэтхэг, Төвдийн зохиолтой сэдвээр адил зохиол Монголд нэлээд байх, үүнд ямар нь орчуулга, ямар нь монгол зохиол болохыг нягтлан судалж мэдэх нь чухал байна.
Энэтхэг, Төвдөөс орчуулсан зарим зохиолыг улмаар монголын ахуй байдалд зохицуулан монголчилж монгол зохиол болгосон явдал бас цөөнгүй. Үүний нэг жишээ нь Молон тойны тууж болмуй. Энэтхэгийн зохиол “Молон тойны (Модгилванийн) эхийн ач хариулсан тууж”˗ийг монгол хэлэнд хэд дахин орчуулсан баймуй. Үүний нэг орчуулгыг арван дөрөвдүгээр зууны үеийн орчуулга бололтой гэж “Руднеевын цуглуулсан номын тухай” өгүүлэлдээ Владимирцов багш бичсэн билээ. Бас энэ хэдэн орчуулгаас гадна монгол хэлээр найруулан бичсэн бололтой бөгөөд зураг хавсаргасан “Молон тойны тууж” Монгол оронд түгээмэл байдаг.
Зохиолын байдал цөм монгол хэлбэртэй болсон баймуй.
Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол үлэмжхэн нөлөөлсөн нь илт баймуй. Монголын билигт шүлэгч, зохиолч нар өөрсдөө зохиож бичихийг төдий л хайхрахгүй ямагт орчуулга хийсээр бүх насаа барж байсан нь цөөнгүй. Тэдний нэлээд орчуулга нь монголын уран зохиолын санд багтах чухаг эрдэнэ мөн болмуй. Арван дөрөвдүгээр зууны үеийн Чойжи˗Одсэр, Шаравсэнгэ, арван зургаадугаар зууны үеийн Хөх хотын Гүүш цорж, арван долдугаар зууны үеийн Ойрадын Зая бандид, арван наймдугаар зууны үеийн Цахар гэвш Лувсанчүлтэм, Авгын Дай гүүш Агвандампил, арван есдүгээр зууны үеийн буриад Номтын Ринчин нарын орчуулга бол жишээ болохуйц гайхамшиг бүтээлүүд болмуй. Энэтхэг, Төвдөөс орчуулсан зохиол дотор Энэтхэгийн Калидасын “Үүлэн элч” гэдэг найраг, Дандины “Яруу найргийн онол”, Наганжунын “Рашааны дусал”, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан Субашид” зэрэг ерийн иргэний зохиол үлэмжхэн байна.
Энэтхэгийн ардын үлгэрийн цоморлогууд “Панчатантрын үлгэр”, “Шидэт хүүр”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг Монголд нэвтэрч түгээмэл дэлгэрээд монголын үлгэр болж шингэсэн баймуй. Үүний заримыг төвд хэлнээс монголчилсон бус харин энэтхэг хэлнээс монголчлон орчуулаад дараа нь монголоос төвд хэлэнд орчуулсан ч буй. Жишээ нь: “Гэсэнэ хааны бичмэл тууж”˗ийн төгсгөлд, “Ранза Гэсэнэ хаан богд Бигармижид хаан хоёрын энэ үлгэрийг Даранат Маха Гүрүгийн шавь Баха бандид азар Энэтхэгийн хэлнээс монгол хэлэнд орчуулбай” хэмээжээ.
Өндөр гэгээний намтарт Өндөр гэгээн, дурдсан хоёр үлгэрийг Баха бандидаар орчуулгасан гэж бичсэн байдаг. Баха бандид болбоос Өндөр гэгээний шадар бараа бологч Чулуун хуруут азар мөн гэж тэр намтарт бичсэн баймуй. Үүнд “Даранат Маха Гүрү” гэж Даранатын хувилгаан Өндөр гэгээнийг хэлсэн бололтой. “Гэсэнэ хаан”, “Бигармижид” хоёрын үлгэрийг монгол хэлнээс нэг монгол ламын төвд хэлэнд орчуулсан бичмэл ном Монгол улсын номын санд буй.
Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол үлэмж байна.
Үүнийг монголын уран зохиолын түүхэнд оруулж хэлэлцвээс зохимуй. Арван есдүгээр зууны эхээр ноён Хутагтын тавдугаар дүр Равжаа гэж алдартай шүлэгч байжээ. Үүний төвд, монгол хоёр хэлээр бичсэн олон шүлэг хэсэг бусгаар олдож байна.
Ноёд ноёд гэмээнэ
Нутаг зуураа хүндтэй
Номтой ламын шавь нар
Газар болгон хүндтэй
гэх зэргээр түүний шүлэглэсэн дууг олон хүн мэддэг баймуй. Шүлэгч Равжаа “Цаасан шувууны үлгэр” гэдэг түгээмэл дэлгэрсэн уран шүлэглэлийг Төр гэрэлтийн тавдугаар он буюу 1825 онд зохиосон хэмээмүй. Үүний төвд орчуулга бас бий. Их хүрээний Хайдав хамбын зохиосон “Хонь, ямаа, үхэр гурвын үлгэр” монгол, төвд хоёр хэлээр дэлгэрчээ. Алшаагийн Дандар лхаарамбын зохиосон “Хүний номын баяр хурим”, Сүмбэ хамба, Цахар гэвш нарын шүлгүүд, Зава Дамдин гавжийн “Энэрэнгүй ёсны дуулал”, бадарчин Гомбодоржийн “Үнээний гомдол” зэрэг олон зохиол төвд хэлээр бичигджээ.
Энэтхэгийн “Рашааны дусал”, Төвдийн “Эрдэнийн сан Субашид”, Монголын “Оюун түлхүүр” зэрэгтэй төсөөтэй сургаал гэдэг тусгай хэлбэрийн шүлэглэсэн зохиолууд Монголд түгээмэл дэлгэрчээ. Энэ сургаалын дотор шашны номлол гол суурийг эзлэх боловч ертөнцийн амьдралын сургаал буюу ихэс лам ноёдыг шүүмжлэн буруушаасан зүйл цөөнгүй байдаг. Сургаалын шүлгийн уран чадвар нь ихэнхдээ гойд сайн баймуй.
Сайхан цаст цагаан ууланд
Сарны гэрэл тусваас нэн цаймуй.
Саруул ухаант мэргэдийн чихэнд
Сайн үгийг сонсговоос нэн мэргэжмүй
гэх мэт уран сайхан шүлэг, сургаалуудын дотор үлэмж бий.
Жанжаа хутагт, Нэйж тойн, Зая бандид, Өндөр гэгээн, Цахар гэвшийн намтар зэрэг намтрын зохиол нэлээд буй. Эдгээр зохиолд шашны зүтгэлтэн нарын амьдралыг гол төлөв бичдэг боловч түүхийн чухал мэдээ байхаас гадна мөн уран зохиол гэж үзмээр хэсгүүд ч байдаг.
Хуучин цагт уран зохиол, ерийн зохиол хоёр сайн ялгараагүй байсан учир түүх зохиолыг бичихдээ ч уран шүлгээр чимэглэн бичдэг байсан. Энэ заншил болбоос “Нууц товчоо”˗оос эхэлсэн уламжлалтай юм. Ийм учраас нэлээд түүхийн зохиолуудыг уран зохиолд оруулан хэлэлцэх хэрэгтэй болдог юм. Арван долдугаар зууны үед Саган сэцэний зохиосон “Эрдэнийн товч", арван наймдугаар зууны үед баарин Рашпунцагийн зохиосон “Болор эрих”, арван есдүгээр зууны үед зохиогдсон “Болор толь” зэрэг зохиолд уран сайхнаар бичсэн хэсгүүд үлэмжхэн буй.
Арван наймдугаар зууны үеэс эхлэн Хятадын сонгодог уран зохиол монгол хэлэнд үлэмжхэн орчуулагдаж гар бичмэлээр дэлгэрч байв. “Гурван улсын түүх, “Улаан асарт хаалга”, “Тансан ламын баруун газар жуулчилсан бичиг”, “Жүн дагинын тууж”, “Шүйху бичиг” зэргийг монголын сэхээтэн монгол хэлээр хэдийнээс уншсаар ирсэн юм. “Гурван улсын түүх”, “Лю Жай Жи” бичиг зэрэг монгол хэл дээр хэдэн удаа хэвлэгдсэн баймуй. Эдгээр зохиолын заримыг монгол үлгэрч, хуурч нар бүрэн цээжлээд шүлэглэн засаж хуурдан дуулж явах нь цөөнгүй болсон билээ.
Ингээд зарим роман нь монгол оронд зохицон хувирч хятад эхээс танигдамгүй өөр болсон ч удаа баймуй.
Хятадын уран зохиол, монголын уншигч зохиолч нарт сайн нөлөөгөө үзүүлсэн юм. 1871 онд монголын зохиолч Инжинаш “Хөх судар” гэдэг түүхэн романыг зохиож гаргав. Уран сайхан хэлээр баатарлаг зоригтой, идэвхтэй тэмцэгч хүмүүсийн дүрийг Инжинаш (Инжинааш) гаргаж бичсэн юм. Энэ зохиолын оршилд монголын феодалын нийгмийн ялзарсан байдлыг эрс ширүүнээр шүүмжилсэн байна. Инжинашийн зохиосон өөр хэдэн роман тууж буй. Хятадын уран зохиолын нөлөөгөөр бичигдсэн бололтой ядуу хөвгүүн, ихэмсэг багшийг цэцэн үгээр мухардуулан шантраасан тухай “Багш шавийн үлгэр” гэдэг зохиол баймуй.
Арван есдүгээр зууны орчмоос феодалын ангийг эрс тэс шүүмжилсэн зохиолууд улам олширсон юм. Хатагины Гэндэн мэйрэний зохиосон “Хав, муур, хулгана гурвын үлгэр”˗т ихэс лам ноёдын хамжлага харьяат нараа булаалдсан явдлыг өгүүлсэн баймуй. Ордосын Данзанванжилын шүлэгт мөн феодал ангийн ялзарсан байдлыг хурц ширүүнээр шүүмжилсэн баймуй. Хуульч Сандаг Чонын үг, Зээрийн үг, Ингэний үг, Ботгоны үг гэх зэргийн богино хэлбэрийн шүлгүүдийг бичсэн юм.
Энэ зохиолууд нь их дэлгэрч зарим нь ардын аман зохиол болж хувирсан байна.
Ордосын Хишигбат, Үзэмчний Гамаал захирагч зэргийн олон шүлэгчдийн зохиолыг судлах байтугай цуглуулан авч чадаагүй баймуй.
Монголын дотор ерөөл гэж тусгай хэлбэрийн уран шүлэглэл байдаг. Ийм ерөөлийг бичдэг, хэлдэг зохиолч нар олон байсны дотор ялангуяа их алдаршсан нь ерөөлч Гэлэгбалсан болно. Гэлэгбалсан Тэнгэрээс хур гуйх ерөөл, Наадмын ерөөл, Сур харвахын ерөөл зэрэг олон ерөөлийг бичсэн юм. Ийм ерөөлийг баяр ёслолын үе, эсгий хийх, бэр буулгах, хурим, морь уралдах, бөх барилдах, наадам зэргийг эхлэхэд хэлдэг юм. Аягатай сүү хадгийг барьж байгаад ерөөлийг цээжээр хэлдэг юм. Ерөөлд монголчууд их дуртай. Ерөөлийг мэдэх хүн олон байдаг. Ерөөлийн тусгай дэвтрүүд ч бий. Одоо ч ардын дотор ерөөлч хүмүүс олон бөгөөд түүний зарим нь зохиолчдын эвлэлийн гишүүд болсон баймуй.
Энэ дурдсан зүйлээс үзэхэд монголын ард түмэнд уран зохиолын өв уламжлал үлэмжхэн байгаа юм. Шинэ уран зохиолыг бид нүцгэн газар байгуулж эхлээгүй.
Урьдын зохиолч нарын бүтээлийн сайн тал ба ардын баялаг аман зохиолыг ашиглан түшиглэж шинэ уран зохиолыг хөгжүүлж баймуй. Бид хуучин зохиолын уламжлалыг хүндэтгэн хэрэглэхийн хамтаар социалист реализмын аргыг Зөвлөлтийн уран зохиолоос суралцаж байна.
ЧИНГИС ХААНЫ ИХ ӨЧИГ
Дээр тэнгэрийн заяагаар төрсөн
Тэнгэрлэг их нэрийг биедээ оршуулсан
Дэлхийн улсын төрийг авсан
Тэнгэрлэг төрсөн
Чингис хаан.
Суут тэнгэрийн язгуурт
Суу заль ихт
Сургаалгүй бэлэгт
Солбилгүй засагт
Суут төрсөн
Чингис хаан.
Тэмүжин баатар нэрт
Дөрвөн эрдэнийн хатант
Дөрвөн хүдэр дүүт
Дөрвөн хүлэг хөвгүүнт
Дэлхий улсын эзэн болсон
Чингис хаан.
Одот тэнгэрээс заяагаар үүдсэн
Онон мөрний Дэлүүн Болдогт төрсөн
Он хааны төрийг авсан
Олон хэрэйдийг эзлэн мэдсэн
Ордос түмнээ төвлөн суусан
Олон улсын эзэн болсон
Чингис хаан.
Бүтэхийн урьд учирсан
Бөртэгэлжин их цэцэн хатант
Богд эзэн цолт
Боржигон алтан урагт
Боорчи, Мухулай нөхөрт
Бүгд дэлхийн эзэн болсон
Чингис хаан.
Хувилгаадаар учирсан
Хулан цэцэн хатант
Хуур, цоор хөг дуут
Хурьцан дагасан есөн өрлөг нөхдөт
Хотол бүгдийн эзэн болсон
Чингис хаан.
Хэрлэн мөрний хөдөө арлаа хаан суусан
Хэмжээгүй их нэрийг биедээ оршуулсан
Хэлх бүгдийг хураасан
Гэгээн бэлэгт төрсөн
Чингис хаан.
Наран сарны гялбар төрсөн
Найманы Таян ханы төрийг авсан
Нармай улсын эзэн болсон
Насан бүр өлзийт төрсөн
Чингис хаан.
Түг түмэн цэргээ тэргүүлэн явж
Туул мөрний гурван улхын
Дэвсэх саглагар модны язгуураа
Туг бүрээгээ босгон суусан
Тугч болгон Жалайрдай Мухулайдаа бариулсан
Чингис хаан.
Гуу довыг даван явж
Гурван мэргэд Тайчуудыг гурил болгож
Хутагт их нэр цолыг биедээ оршуулсан
Хойд алтан урагтаа
Хугаршгүй хүнд нэр цолыг оршуулсан
Чингис хаан.
Хангай ханыг арлан явж
Хасбуу тамгыг ханцуйлан явж
Хатан цэргүүдээ бясалган явж
Хамаг улсаа тэргүүлэн явж
Харь дайсныг алан талан явж
Хан зайсангийн нэр цолыг биедээ оршуулсан
Чингис хаан.
Алтай ханыг арлан явж
Албат улсаа тэргүүлэн явж
Атаатан дайсныг алан талан явж
Алдарших нэр цолыг биедээ оршуулсан
Чингис хаан.
Зэлмэн ханыг арлан явж
Заарт тэхийг шорлон явж
Зан муут дайсныг эрхдээ оруулан явж
Засаг зарлигаа дэлгэн явж
Заяа ихт төрсөн
Чингис хаан.
Товхон ханыг арлан явж
Довцог тарганаа унан явж
Домогт начнаа тавин явж
Тогмог дайсныг тойндоо оруулж
Туг бүрээт цэрэгт төрсөн
Чингис хаан.
Сахар тарвагатайг аялан явж
Сартуулын залилзан
Султан хааны төрийг
Салбар шонхрыг тавин явж
Санасан гөрөөсийг бариулан явж
Салгаж хөвгүүндээ эзлүүлэн илгээсэн
Чингис хаан.
Шунхлан ханыг арлан явж
Шивэргэлтэн улсыг тойндоо оруулж
Шил сайт агтыг унан явж
Сартуул улсын төрийг аван явж
Симисгэлээс тэргүүлэн албыг авсан
Чингис хаан.
Өлөг газраа аялан явж
Өчгүүд Онгудыг эрхдээ оруулан явж
Өэлүн үжин эх юүгээн эзлүүлэн илгээсэн
Өлзийт төрсөн
Чингис хаан.
Муна ханыг арлан явж
Монгол улсаа тэргүүлэн явж
Тангууд улсыг тойндоо оруулж
Шударга ханыг шилгэ гаргаж
Гүрвэлжин гоог биедээ авч
Хүнд хан зайсан нэрийг биедээ оршуулсан
Чингис хаан.
Ургахуй нарнаас шингэхүй наран хүртэл
Улсыг хаман хаман явж
Унд дарснаар ундлан төрсөн
Улс иргэнийг эзлэн төрсөн
Уйтгаргүй нэр цолыг биедээ оршуулсан
Чингис хаан.
Дөрвөн хүдэр дүү нар чинь дархан шүтээн
Их тайш чинь хамгийн шүтээн
Есөн өрлөгүүд чинь төрийн шүтээн
Дөрвөн хүлэг хөвгүүн чинь ерөнхийд эзэн
Чингис хаан.
Харийн хар занчир дайсныг
Хатгалдах тутам мөн дарагч
Хавт Хасар мэргэн дүүт
Гайхамшиг төрсөн
Чингис хаан.
Балар эртний хортон дайсныг
Бэенхитэн явж дарсан
Бэлгүдэй бөх дүүт
Бэлэгт төрсөн
Чингис хаан.
Хатагин салжимад иргэнийг
Харцас боол болгосон
Хачигун нялх баатар дүүт
Хамгийн хаан эзэн болсон
Чингис хаан.
Өөр өөр омогт иргэнийг
Өөрийн эрхдээ оруулсан
Өчигин цэцэн нялх дүүг
Өлзийт төрсөн
Чингис хаан.
Төв их хааны биед чинь
Түшээ болон төрсөн эзэн хатан
Дөрвөн хүдэр дүү чинь
Энд бүхүйгээр ажаамуу.
Зорьж ирсэн дайсныг
Золгох тутам дарагч
Зочи эзэн их хөвгүүнт
Зохист төрсөн
Чингис хаан.
Цагаан харыг ялган явж
Цагаар өглөгийг соёрхогч
Цагаадай цэцэн хөвгүүнт
Цав алдар их төрсөн
Чингис хаан.
Өөр өөр хэлтэн иргэнийг
Өөрийн эрхдээ оруулсан
Өгэдэй хан хөвгүүнт
Өлзийт төрсөн
Чингис хаан.
Туул сайр цагаан хадыг
Түшин явж өөртөө нутаглуулсан
Тулуй эзэн отгон хөвгүүнт
Тугт, бүрээт, цэрэгт төрсөн
Чингис хаан.
Төрийн эзэн хааны
Төрсөн дөрвөн хүлэг хөвгүүн чинь
Ерөнхийд эзэн болсон
Сод богд нагацат
Сутай хатан эхт
Явган мэргэн эцэгт
Яаралгүй санаат
Ядашгүй хүнст
Нармайн дарлага болсон
Дөрвөн эрхчүүдийг мэдэгч
Төрөлчи (төрөлх?) тайши тэр ажаамуу.
Нарны гялт болсонд
Найман шарга агтыг чинь
Хулгай дээрэм авсан учирт
Буянт эзэн биеэрээ
Дарангатан нэхэж
Тархи хонгор морио унаж
Давтмал болдоо бөгтөрч
Хөх нуурын тэргэл дээр нөхцөн тус болсон
Наху баяны хөвгүүн хүлэг Боорчи
Нармайн эзний тул
Намга суулгаа газарт таглан булж
Найман шарга агтыг чинь нэхэлцэж
Төөрөхүй их хүрээний дотроос
Төмөр чөдөртэй дүүлэн гаргаж
Түртгэлгүй аван ирэхэд
Бодисун нэрт ордонд бууж
Бор дарсаар ундлан сууж
Нахун хөвгүүн Боорчи тэнд дархалж
Нас бүр хүчээ өгсөн
Чин зоригт үнэн сэтгэлт
Арулдай Боорчи ноён чинь тэр ажаамуу.
Түймэр мэт дайсныг чинь
Түртгэлгүй дарж
Туг сүлдийг чинь тэвэрч
Түүтгэрэлгүй санаат
Төөрөлгүй явдалт
Хуримын өдөр
Хусан тэнхлэгийг чинь барьж
Мөрийн өдөр
Мөсөн болдыг чинь барьж
Монголыг мохоож
Тайчуудыг дарж
Будан өдөр чинь эс төөрүүлсэн
Булх өдөр чинь эс буруулсан
Жалайрдай Мухулай ноён чинь тэр ажаамуу.
Бусгалгүй чин зоригт
Будилалгүй мэргэн санаат
Буруулалгүй зүтгэн явагч
Болзсон зарлигаар чинь бууж
Булха суманд унаж
Босоод хатуужин хатгалдсан
Бэх Сурагдайн хөвгүүн Үгүүштэй (Үгүүшний)
Борохул ноён чинь тэр ажаамуу.
Далай мэт их хумх сархдыг чинь хадгалж
Даашгүй (анлар мэт) өтгийг чинь засаж
Шивэр зарлигийг чинь сонсож
Ширви отоог чинь хадгалж
Шамдан явж хүчээ өгсөн
Тамга өчгийг эндэлгүй хэлэгч
Татардай Шихихутуг ноён чинь ажаамуу.
Харьтан дайсан лугаа
Хатгалдан явахуйд чинь
Эрмэг цагаагчнаа унаж эндсэнд
Эрдэнэт алтан бие чинь зовсонд
Эндүүрэлгүй ирж хүчээ өгсөн
Ал хиурыг чинь
Ардах нь тавьж
Алтан хуурыг чинь өвөртөө тэвэрч
Алгасалгүй хүчээ өгсөн
Бэсүдэй Зэв илдэч ноён чинь тэр ажаамуу.
Улсын урьд туршуул болж
Отох гөрөөсний отлого болж
Ус иргэнийг чинь сарнисан учирт
Унахын үгүйд морио унуулсан
Уухын үгүйд унд таргаар ундалсан
Улсын их Бөртэгэлжин хатныг ацарсан
Унталгүй нойр
Уйдалгүй сэтгэл
Урианханы Жарчудай дархны хөвгүүн
Урианхадай Зэлмэ ноён чинь тэр ажаамуу.
Ураг төрлийг чинь хүч болсон (больсон)˗д
Улсын эзэн богдыг нуган (ойгон) явахуйд
Учирч тус болж
Унгаст тэргэнд нууж
Улсын эзэн болгож
Халхаст тэргэнд нууж
Хамгийн хаан болгож
Харьтан тайчуудыг бэдрэн явахуйд
Хариг усанд халхалж
Харалгүй болзож
Хас эрдэнэ биеийг чинь гаргаж
Хан оронд чинь хүргэж
Хамаг их улсад чинь үзүүлж
Сур дөрөө үл өгөн
Султрах (судрах) эмээлт ам цагаан хулагчныг өгсөн
Сүлдэсүдэй торхон шар ноён чинь тэр ажаамуу.
Онгийн голын
Ой (хай) хавцгайг хайн явахуйд
Монголын эзэн
Морин дээр гарч
Зөөлөн явахуйд чинь
Зүхлэн дутааж
Зөвшөөрч харин эргэж
Гурван гурвийг даван явтал
Гурван хар тугт дайсныг золгож
Тайчууд биюү гэж
Танин ядаж
Монгол биюү гэж
Булха ядаж
Ойрад биюү гэж
Олон ядаж
Танлан таньж
Болгон мордож үзвээс
Хошууч нь
Цусан зээрд халзан морьт
Өвч улаан хуягт
Битүү хар сахалт
Хүний сагалдаргын доор
Хуруу чичим чөлөө заан өгч
Заасан зарлигаар чинь
Зайлуулан татаж
Сургасан зарлигаар
Сугалан татаж
Сум унатал харвасан
Зүрчидэй Чуу мэргэн ноён чинь тэр ажаамуу.
Хан эзнээ даган явж
Гайхамшиг зарлигийг чинь сонсон явж
Олон улсын оньсыг мэдэж
Уулжиргүйг чинь дуртган явж
Хамаг улсын хаалгыг мэдэж
Гадаад үйлсийг чинь хичээн явж
Даян монголын дотроос
Далдиралгүй
Олон монголын дотроос
Осолдолгүй хүчээ өгсөн
Ой тутмын сайн билигт
Ойрадын Хар Хиру ноён чинь тэр ажаамуу.
Энэ ертөнцийн тулга болсон
Эрдэнэт алтан биед чинь
Эндэлгүй хүчээ өгсөн
Эрдэмт төрсөн есөн өрлөгүүд чинь
Энд бүхийгээр ажаамуу.
Эндүүрэлгүй буянаар учирсан
Эрдэнэт биеийг чинь асран хадгалсан
Энэ бүхүйн эзэн болгосон
Төрсөн сайхан үрээ авалцаж
Түүтгэрэлгүй худ болгосон
Олхонууд иргэний хал баян
Хонгирадын Дай цэцэн
Хэрэйдийн Ун хан
Ойрадын Хутага Чинда
Барилдсан эд
Дөрвөн худ чинь тэр ажаамуу.
Аргумаг товцгийг унан явж
Алтат мөнгөтийг өмсөн явж
Асрал соёрхолд чинь хүртэн явж
Асар маш хүчээ өгсөн
Амраг баягудын Өлүй
Жамуха, Жахахамбу, Ишхамбу
Амрагаар учирсан дөрвөн анд чинь тэр ажаамуу.
Ирээдүй үйлсийг эчнээгээс мэдэгч
Итгэлт сайн сэтгэлээр ухаантан явагч
Сэцдийн аялгууг дуртган явагч
Саарал манжлагыг (манжлыг) чинь хадгалсан
Сэцдийн эхин болсон
Очир (өчиү) цэцэн
Уйгудын Сарман (ширмэн) сэцэн
Тангудын гоо сэцэн
Татарын Мөнх сэцэн (хуха)
Эндэлгүй билигт
Эрдэнэт дөрвөн сэцэд чинь тэр ажаамуу.
Буруу сэтгэлтнийг хүч болсонд
Бурхан тэнгэрийн ивээлээр
Богд эзний соёрхлоор
Бултралгүй хүчээ өгсөн
Богдын дөрвөн дархад
Сүлдэсийн Чимбай дархан
Ихэрисийн Болонцог дархан
Зүрчидийн Чуу дархан
Жүгүридийн Болотхон дархан
Эндэлгүй хүчээ өгсөн
Эрдэмтэн дөрвөн дархан' чинь тэр ажаамуу.
Дээр эзэн богдод
Дээлэй (дэнлэй) хуяг хийж
Тэмцсэн дайсныг доройтуулсан
Өвч хуяг хийж
Өшөөтөн дайсны сүрийг даруулсан
Болд төмөр зүрхт
Бор чулуун биет
Боловсон үнэнээр явж
Богд эзэндээ хүчээ өгсөн
Монголын Шир уран
Хятадын Ван уран
Сартуулын Гэнгэ уран
Тангуудын Балба уран
Уран аргат
Усан зүйлт
Үлэмж дөрвөн уран чинь тэр ажаамуу.
Хаан эзнээ
Харь дайсанд зорин одохуйд
Хайр их овоог
Хайн явахад
Харгуй их замыг гэтэн явахад
Өндөр уулын өлт хөтлийг зааж
Өргөн далайн олмыг зааж
Өшөөт дайсанд өлссөн барс
Өлөнгөдсөн чоно
Өрөнгөтсөн бүргэд мэт довтолж
Охид хөвгүүдийг нь олз болгож
Уулын оргилд тагт болж
Усан далайд олом болж
Өдөр идээгүй
Шөнө түүтээгүй газарчилсан
Сартуулын Вар газарч
Солонгосын Бэлэг газарч
Ойрадын Тооху газарч
Урианханы Дамага газарч
Эндэлгүй хүчээ өгсөн
Эд дөрвөн газарч чинь тэр ажаамуу.
Хаш чулуу мэт яст
Хар ус мэт цуст
Харилгүй санаат
Халтиралгүй зоригт
Харьтан дайсан лугаа тохиолдоход
Хатуужин явж хүчээ өгсөн
Сүбээдэй баатар

You have read 1 text from Mongolian literature.