Latin

Манай Ардын Туульс - 5

Die Gesamtzahl der Wörter beträgt 4280
Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1759
0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
Францын нэрт зохиолч Виктор Гюгогийн 1831 онд “Парисын эх дагинын сүм” түүхэн роман бичсэнээс хойш энэ завсар маш олон хэлнээ орчуулжээ. Зарим хэлэнд хэд хэдэн удаа орчуулсан ч бий. Бас орчуулж завдаагүй улс, гол нь Ази Африкт нэлээд бий. Тэдгээр улсын уншигч нь мэддэг нэгэн гадаадын хэлээр амтархан уншсаар иржээ. Манай монгол уншигч, энэ зууны эхэн хагасаас ямар нэгэн гадаадын хэлээр Гюгогийн зохиолыг үзсээр ирсэн бөгөөд, уг “Парисын эх дагинын сүм” романыг саяхнаас тааруухан орчуулгаар уншиж гадарлах болжээ. Францын нэрт түүхэн роман “Парисын Эх дагинын сүм”-ээр манай залуу бүжигчин хамт олны бүтээсэн “Эсмералда” бүжгэн жүжгийг монголын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглох болсон нь нэгэн шинэ, тэмдэглэлтэй зүйл боллоо. Кинонд манай эринд “Парисын эх дагинын сүм”-ийг бууж орсныг манай уншигчдын нэг хэсэг нь үзсэн байх. Ингэхэд, кино бий болохоос бүр өмнө 1848 онд бүжгийн аргаар эл нэрт романыг үзэгч олонд сонирхуулсан бас зуу гаруй жилийн түүх уламжлалтай байна. Тэр бүжиг болгосон зүйлд хөгжмийн зохиолч Пунь уг романы машид гунилт явдлыг хөгжмийн аяар буулгаж, “Парисын эх дагинын сүм” зохиолд гардаг гол баатар Эсмералда охины нэрээр нь “Эсмералда” гэж нэрлэжээ. Бүжгэн жүжигт хөгжим, бүжиг хоёр хосолж, тайзны засал, бүжигчийн хувцас, бүжгийн хөдөлгөөнөөс өөр, үг дуу ордоггүй учир бүжгийн аргаар романыг үзүүлэхэд, сэтгэлийн хөдөлгөөнийг л голлон үзүүлж, бусад үгээр буюу гэрэл зургаар үзүүлж болох зүйлийг бүжгээр үзүүлж болохгүй тул бүжигт юу гарахыг нь нэг товчлол зохиол хийж, үзэгдэл бүрийн санааг тайзны засал, бүжиглэлээр үзүүлэх тул нэг хоёр цагийн бүжгийн богино хугацааны дотор романыг үсэгчлэн багтааж болдоггүй нэг учир байдаг байна. Тиймийн тул роман зохиолтой яг адил байх ёстой гэж киног ч, бүжгийг ч номын доторхыг ширхэгчлэн үзүүлэх ёстой гэж шаардах учир байдаггүй. Кино үзэгч нь, номд гарсан баатруудын дүрийг, тэдний зан араншин, сэтгэл санааг нь яаж жүжигчин үзүүлэв? гэдэгт гол анхаарлаа тавьдаг. Бүжгийг нь үзэхдээ мөн романаас санаа авч, бүжин хөдлөх бөгөөд хөгжимтэй хослох тоглолоор яаж уншигчийн таних болсон дүрийг үзүүлэн бүтээж байна гэдгийг сонирхдог байна. Үүнд: 1848 оноос олон улсын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа хэд хэдэн үеийн нэрт бүжигчид, Гюгогийн зохиолд гарч байгаагүй түмэн хүний сэтгэл хөдөлгөсөн хөөрхийлэлт охин Эсмералда, түүнд чин зүрхнээсээ сэтгэлтэй болсон бөгөөд гаднах байдал нь хүн үзэшгүй дутуу тахир, эрэмдэг зэрэмдэг мөртөө сүү шиг сайхан сэтгэлтэй Квазимодо, Парисын эх дагинын сүмийн их унзад багш Фролло Клод, наанаа номч багшийн дүртэй, цаанаа хүн алдаг, худал хэлж хов хөөцөлддөг, хилс бузрын эзэн хамаг муу муухайгаа санваартан лам багшийн хувцсаар халхалсан нэгэн харгис, Фебүс гэдэг Наран тэнгэрийн нэртэй, гаднаасаа гоё ганган сайхан эрийн байдалтай мөртөө цаанаа завхай, хүний үнэргүй муу амьтан байсныг жүжигчин хүн тэр байдлыг нь дүрслэн үзүүлээр ирсэн билээ. Сайн бүжигчин хэрхэн хосгүй сайхан дүрийг бүжин бүтээснийг шагшин магтаж бичсэн өгүүлэл, ном зохиол, Европын олон улсын урлагийн судлал, дуртгалын утга зохиол сонин, сэтгүүлд энэ зуу гаруй жилийн дотор өдий төдий бий болжээ. Үүнд: Одоо Азийн улс түмэн дотроос манай монголын ард түмний авьяастан залуу бүжигчид, Европын эл алдарт сонгодог бүжгийг монгол бүжгийн хүрээлэнгийн тайзанд саяхан анх удаа тоглон үзүүлснийг бахархан тэмдэглэлтэй байна. Зөвлөлт улсын бүжгийн сургуулийн уламжлалтай манай залуу бүжигч хамт олон маань энэ сонгодог жүжгийг тоглосноороо аль ч улсын бүжгийн хамт олны дунд улс ардынхаа урлагийн нэрийг нэрлүүлж чадах болсон авьяас, эрдэм төгөлдөр сайхан хамт олон болсноо үзүүллээ гэж бахархалтай байна. Бүжигчин Цэрмаа, ард олонд хайртай, үзэсгэлэн гоо бөгөөд сэвгүй сайхан сэтгэлтэй учраас муу муухай, харгис зальтайн ов живийг танилгүй түмэн зовлон амсаж, эцэс сүүлдээ харгис зальхай унзад Фроллын тачаангуйн сэтгэлийг дагасангүйн учир амь үрэгдсэн Эсмералдын дүрийг орчин үеийн бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлж, учралтай сайхан дүр бүтээсэн нь, дэлхийн бүжгийн хүрээлэнгийн тайзнаа бас нэгэн Эсмералдын дүр нэмэн баяжуулжээ. Түүний эх Гүдүлийн гунилтай дүрийг бүжигчин Шаравдорж бас чадамгай дүрслэн үзүүллээ. Унзад лам Фроллын дүрээр Гюго католик шашны бурангуйг нь үзүүлснийг бүжигчин Сэвжид бүжиж, ийм муухай дотортой амьтан байдаг юм байна гэдгийг нь мөн аятайхан харуулжээ. Вангийн шадар цэргийн дарга Фебүсийг бүжигчин Баатар маш чадамгай үзүүлж, зохиолчийн бодож бичсэн тэр хүний дүр чанарыг бүжгийн хөдөлгөөнөөр таатайхан үзүүлсэн нь үзэгчдийн анхаарал татлаа. Үзэшгүй муухай биетэй, гайхалтай сайхан сэтгэлтэй хөөрхий Квазимодыг жүжигчин Батчулуун бас сайхан дүрслэн бүжжээ. Фебүстэй гэрлэх болсон Флер де Лис эмэгтэйг бүжигчин Дашдулам, бүжигчин Ганбаатар Актеоны ролийг тоглохдоо, бүжгийн чадал авьяасыг гялалзуулан үзүүлж, Актеонтой бүждэг Дианыг бүжигчин Туул үнэхээр бахдалтай сайхнаар дүрсэлж, бүжгийн уран хөдөлгөөн, орь залуу гоо үзэсгэлэнгийн цогоор тайзыг гийгүүлжээ. Бүжигчин Энхтуяа Флер де Лисийн найзыг бүжин үзүүлсэн нь бас тэмдэглэлтэй сайхан бөгөөд авьяас, сургууль хосолсон бүжигчний маань нэг нь юм байна гэдгээ үзэгч олондоо баясгуулан харуулжээ. Цыгануудын дундаас тэдний тэргүүн болсон Хуниади, Клопен, Гийом болж бүжсэн Пүрэвжав, Цэдэндамба, Батсуурь нар бас үзэгчийн сонирхмоор сонин дүр бүжин бүтээжээ. Эмэгтэй цыган болж бүжигсдээс Навч, Мандхай, Оюундэлгэр нар гурван тун хөөрхөн цыган хүүхний дүрийг бүтээн чаджээ. Ер нь энэ бүжигт ард түмэн, жирийн олон гуйлгачин, цэрэг гэх зэргийн нэргүй дүр болж гарагсад ч гэсэн чадалтай сайхан тоглож, бүжгийн сайханд хүн бүр хувь нэмрээ оруулсан нь нийтдээ манай эл залуу бүжигчин хамт олон бол, тун ч сайхан авьяастай, ахин өссөөр байгаа дэлгэрэн өрнөж байгаа хамт олон юм байна гэж эл залуу хамт олны бүжиглэхийг үзсэн хэн ч баярлан бахархана. Монголын бүжгийн түүхэнд эдгээр бүжигчний бүтээсэн дүр нь тэмдэглээстэй байх учиртай юм. Эл бүжигт бүжгийн сургуулийн хүүхэд оролцсон нь таатай сайхан санагдаж байна. Хойшид бүжгийн сургуулийн сурагчдыг энэ мэтээр тоглолтод оруулан, бүжих авьяас дасгалд нь туслалцаж байх нь зүйтэй юм. Энэ сайхан бүжгийг аль ч улсын бүжгийн тайзанд гардгаас огт дутуугүй гаргасан манай бүжигчдийн тоглолт нь нэг хоёр цагийн тоглолт боловч, цаана нь бүжгийн сургууль хийсэн хэдэн жилийн шургуу хичээл, түүний наана нь тухайн бүжиг гаргах гэж хэдэн сар маш их ажил хийж сургуулилсан байдал илэрхий харагдаж байна. Эл хичээл хөдөлмөрийг нь хүндэтгэн дурдаж, үзэгч олныхоо нүдний хужир болсон энэ авьяастан залуу хамт олны ажил хөдөлмөр, ахуй нөхцөлд нь театраас эхлэн цаашлаад Соёлын Яамнаас халамж сэтгэлээ тавин, авьяастан эдгээр залуусаа зүйл зүйлээр дэмжиж байгаасай. Гэвч эл бүжгийн чимгийг боловсруулсан залуу зураач Сүхбаатар зарим зүйлд тэр үед, тэр улсад байгаагүй юм хийж, уг жүжгийн түүхэн үеийг харуулсан нь XV зууны байдалд XIX зууны бөгөөд Франц, Парист огт хамаагүй зүйлийг үзүүлсэн инээдэмтэй зүйл бийг цухас дурдаж, хойшид мэдцээ ахиулах, мөн мэддэг мэргэжилтний үг зөвлөгөөг анхааран авах зүйл байгааг тайзны заслын хувьд хэлмээр байна. Хувцас хунарын байдал өнгө нь бас тухай тухайн үед таарсан байхыг бодууштай бөгөөд хорьдугаар зууны үеийн манай хотын гар үйлдвэрийн гутлыг ХV зууны Парист өмсөж байсан гэхэд хэцүү хэрэг. Гуйлгачид гоё торгон хувцастай гэхэд бас хаашаа ч юм бэ? гэх зэргийн олон асуудал үзэгчийн сэтгэлд төрж байгааг зураач, чимэглэлч бодмоор байна. Үүнд аятайхан болсон зүйл бий боловч, эрдэм мэдцээ зузаан болгохыг үргэлж мэрийх зүйл бийг дурдалтай. Бүжгийн хөгжим мөн сайхан болж энэ бүжгийг гаргахад найруулсан Жамьяндагва, Хабаева нарын уран саналгын зүйл сургуулилсан хүч хөдөлмөр үлэмжхэн оролцох, манай бүжиг дэглэн найруулагч нар, дэлхийн сонгодог бүжгийг найруулах чадалтай, бүжигчин нь авьяас, сургууль төгөлдөр болсон нь бахархалтай бөгөөд энэ бүжигт үлэмжхэн хүч чармайлт гаргаж, амжилтад нь хувь нэмрээ оруулсан зөвлөлтийн гавьяат жүжигчин Ясинская, Мазманова, төгөлдөр хуурч Чаклин зэрэг олон нөхдийн зүтгэл нь, сайхан бүжиг манай тайзанд бий болгоход найртай ах дүү улсын мэргэжилтэн нар монгол бүжигчинтэй халуун санаа, нэгэн сэтгэлээр зүтгэж сонин сайхан шинэ бүжгээр үзэгч биднийг баясгаж, бүжигчин, хөгжимчин, зураач нар бүгдээрээ бүтээлчээр ажиллаж, монгол бүжгийг хөгжүүлж байгаа нь үзэгч бидэнд сайхан байна. Энэ “Парисын эх дагинын сүм” зохиолын сэдвээр бүтсэн нэрт бүжиг манай олон үзэгчдийн бахархан үздэг нэг сайхан жүжгийн нэг нь болж чадсан байна.
“Үнэн” 1967. 5. 21 № 141


ДУНДАД ЭРТНИЙ МОНГОЛЫН ТУХАЙ ХОЁР СОНИН БИЧИГ

Бичгийн их утгач бөгөөд нэгэн насаа энэтхэгийн соёл утгын зүйлд зориулсан зөвлөлтийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний нарийн бичгийн дарга бүлгээ эрдэмтэн Ольденбург агсны бие, 1925 онд академийнхаа 200 жилийн ойн баяраар Монгол Ард Улсын Судар бичгийн хүрээлэнгээс очсон төлөөлөгчидтэй уулзан ярих үед, монголын утга соёл нь Энэтхэгтэй ямар холбогдолтой тухай хичээлийг нь сонсолцож байсан шавийн хувиар мөн Судар бичгийн хүрээлэнд хойч өдөр ажиллах оюутны хувиар хүрээлэнгийнхээ төлөөлөгч Цэвээн гуай, Шагж гуай хоёрыг дагалдаж, зөвлөлтийн академийн эрдэм шинжилгээний нарийн бичгийн даргатай уулзах уулзалтад нь дагалдан очилцож, хэтийн монголын судлалын тухай харилцан ярилцахад нь суулцан сонссоноо нэхэн санаваас, Ольденбург эрдэмтэн, ардын түр засаг мандан тогтмогц, Монгол Улс тусгаар тогтнон бий болсон учир, эрдэм шинжилгээний дээд газар байгуулах нь чухал боллоо гэж найртай халуун сэтгэлээр бичгээр зөвлөн захиж, Судар бичгийн хүрээлэн гэдгийг байгуулахын саналыг анх үүсгэн сэдэвлэсэн эрдэмтэн бөгөөд зөвлөлтийн шинжлэх ухааны академийг манай судар бичгийн хүрээлэнтэй үргэлжийн холбоотой болгохыг ихэд хүсэн тусалдаг эрдэмтэн тул, монголын судлалын хойч өдөр зүтгэх монгол оюутанд хичээлийн цагаас гадуур Азийн музей гэдэгт тусгайлан монгол энэтхэгийн утга соёлын холбогдол уламжлалын тухай заан сургадаг байлаа.


Сергей Федорович Ольденбург
(1863-1934)
Чингээд, монголын эрдэмтэдтэй тийнхүү уулзахдаа, манж, хятад, төвд гурван хэлнээс европын хэлэнд орчуулж завдаагүй бөгөөд монголын судлал, энэтхэг-төвд-монголын утга соёлын түүхэнд холбогдолтой чухал бичиг судраас монгол хэлэндээ юу орчуулж байгааг сонирхож асуусанд, Цэвээн гуай, нангиад хэлнээс монгол хэлэнд тус хүрээлэнгийн гишүүн Дандаа гэдэг эрдэмтнээр Юань улсын судар гэдгийг орчуулгаж байгаа гэсэнд, Ольденбург машид сонирхож, Европын хэлэнд энд тэндээс нь түүж орчуулсан боловч, бүрэн гүйцэд орчуулга гараагүй тэр чухал тулгар бичиг монголоор орчуулж, хэвлэн нийтэлбэл тун ч хэрэгтэй юм бий болох гэж байгаа юм байна гэж баярлаж байсан билээ.
Бас манжаас тус хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, сайн манжич Бат-Очир, Сутайн Мишиг хоёроор манж Дайчин улсын тулгар бий болсон үеийн бичиг, Зүүн гарыг төвшитгөн тохинуулсан бичиг зэргийг орчуулгаж, Зы зий тун зиан ган муу бичиг зэргийг монгол болгон орчуулгаж нийтлүүлэхэд бэлдэн үүсгэж буйг дурдсанд, манай оросын Бичурин Иакинф эрдэмтний гүйцээгээгүй юмыг нь ийм охорхон хугацаанд гүйцэтгэх гэж байгаа нь, тэдгээр чухал тулгар бичгийг монголоор нийтэлбэл, монголын судлалд бахархан тэмдэглэлтэй лут бүтээл болж, цаашдаа монголын судлалыг дэлхий дэх олон улсын дунд өрнүүлэх их түлхэц болох юм байна гэж үнэн сэтгэлээсээ баярлаж байсныг нь сонсон сууж байхад миний дотор ихэд бахархалтай санагдаж байсан билээ.
Энэтхэгийн талаар монгол бичиг судрын зүйлд сонин юм юу олдож байна? гэхэд, монгол үсгийн шунхан Данжуурыг өнгөрсөн зууны европ зүгийн монголч эрдэмтэн бийн сураг сонсон тэмдэглээд, чухам бий үгүйг нь баталж чадахгүй, хэрэв бий болбол үнэхээр их сонин зүйл бөгөөд монгол утга зохиолын түүхэнд чухал болохоос гадна, Энэтхэгт зарим зохиол нь алдагдан үрэгдсэнийг төвд хэлнээ орчуулсан зүйлээс нь босгон үздэг бидний энэтхэгч хүмүүст монгол орчуулагч нар үг үсгийн нарийн утгыг нь монгол болгохдоо яаж орчуулан ухаарсан нь маш сонин сургамжтай зүйл болох юм гэж тэсгэлгүй бахдахад нь, тэр Данжуур доторх төвөдөөр Жойнжүг гэдэг Бодизарияавадарын монгол эртний орчуулгыг нь хожуугийн хэд хэдэн орчуулгатай тулган үзэхэд тун ч сонин юм болно. Монгол хэлний түүхэнд ч хосгүй сонин тулгар баримт болно. Манай академиас Щербатскийн үүсгэн байгуулж, олон улсын чанартай Библиотека буддика гэдэг латин нэртэй цуврал бичигт түүнийг оруулбал, нэг сайхан дэвтэр нэмэгдэнэ. Найрсаг хоёр улсын эрдэм шинжилгээний хоёр байгууллагын хамтран ажиллах бүтээлийн нэгэн зүйл болно гэж би бодож байна хэмээн ярьж байсан нь, дараагаар Владимирцов академич багшийг томилон одуулж, зөвлөлтийн академийн тэр “Библиотека буддика” гэдгийн нэгэн дэвтэр болгож, монгол Данжуурын доторх тэр Бодизарияавадарын монгол орчуулгыг нийтлэн гаргасан нь, дэлхийн монголч эрдэмтний чухалчлан судалдаг нэгэн чухал бичиг болж ирсэн билээ.
Монгол утга соёлын түүхэнд хойч өдөр чухал хэрэгтэй болох тул, монгол Ганжуур Данжуурын ойллого гарчиг хийвэл, энэтхэгээс төвд хэлнээ хэн орчуулж оршуулсан, монгол хэлэнд төвөдөөс буюу зарим зүйлийг нь нангиад зэргээс хэн хэн орчуулж шүүн нуталж оршуулсан, мөн энэтхэг хэлнээс төвд монгол хэлнээ хэн хэн, хэд хэчнээн увадьяй гүүш хэдийд орчуулсан зэргийг нь бүгд хэлхээнд гаргавал, дан монголч эрдэмтнээр ч барахгүй, энэтхэгийн соёлын хүрээний утга зохиолын судлалтанд чухал хэрэгтэй юм болох юм сан гэж байсан билээ. Энд далимд нь цухас дурдвал, 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд Жамьян гуай, намайг хүрээлэнд ирмэгц, Ганжуур Данжуурын ойллого гарчиг монголоор хийж бэлд гэж даалгасан нь, тэр 1925 онд Ленинград хотноо зөвлөлтийн академийн эрдэмтэдтэй зөвлөн хэлэлцэж байснаа тэр үеийн манай хүрээлэнгийн эрдэмтэн санан бодож, ажил төлөвлөлдөө тусган биелүүлэх гэж мэрийн хичээдэг байсан юм байна гэж одоо нэхэн бодож явдааг.
Төвөдөөс юу монгол болгож байна гэхэд, хүрээлэнд тусгайлан хошоод орчуулагчтай, нэг нь энэ гэж Цэвээн гуай, хамт яваа Шагжийг зааж, төвөдөөс орчуулах зүйлд манай хүрээлэнгийн гишүүн Бат-Очир Шадар гуай, төвөдөөс орчуулсан монгол ном судрыг их мэддэг бөгөөд Жамьян гуай түүнийг Шагжийн удирдагч болгон, төвөдөөс юу юу орчуулахыг сонгуулан гүйцэтгүүлдэг. Одоо Төвд Европт сонирхон буй эртний Ра лозавагийн намтрыг Шагжаар орчуулгаж, бас манай хүрээлэнгийн гишүүн Буяндалай (монгол хэлээр шинэ цагийн “орчлонт ертөнцийн байдал” гэдгийг зохиолцсон эрдэмтэн) тэр бээр бас нөгөө нэгэн орчуулагчийн орчуулах зүйлийг сонгон шилж, өөрөө бас монгол хэл түүхэнд холбогдолтой юмыг төвөдөөс орчуулан буй гэж байсан билээ. Тэр нөгөө орчуулагч нь одоо өндөр настны тэтгэвэрт орсон бөгөөд намын гишүүн профессор Дорж ажээ.
Ольденбург академич, төвөдийг судалдаг эрдэмтэн, эрхгүй монгол номын хэл гадарладаг юм. Учир нь, төвд зохиол орчуулгын нарийн утгыг ухаарахад, монгол сайн орчуулагч нар, төвөдөөс монгол болгохдоо, хатуу нэрийн зүйлийг юу гэж ухаарсныг олж мэдэхэд чухал байдаг юм. Төвөдөч эрдэмтнээс монголч эрдэмтэн нь арай илүү олон бөгөөд өсөн нэмэгдэх төлөвтэй тул, монголоор орчуулсан зүйлийг үзэх эрдэмтэн дэлхийн хэмжээгээр илүү олон. Бас хятадач эрдэмтний нэгэн хэсэг нь бас монгол номын хэл мэддэг тул, төвөдөч, монголч, хятадач эрдэмтэн нийлэн унших монгол чухал бичиг бий болгож байгаа тань их л бахархалтай байна. Энэ тухайд Монгол Ард улсын Судар бичгийн хүрээлэн болбоос, ганц Монгол улсын хэмжээний төдий бус, олон улсын ач холбогдол бүхүй чухал ажил үүсгэн явуулж байгаа нь нийт дорно дахины судлалд тус нөлөөгөө үзүүлэх эрхэм үүсгэл зүтгэл байна гэж байхад нь миний дотор тун ч сонин сайхан санагдаж байсан билээ.
Чингээд, Ольденбург академич, монголын тухай мэдээ зүйлийг нягталж үзвэл эртний хүн түрэгийн үеэс аваад нүүдэлчний соёлын уламжлал нь монголчуудын дунд улиран ирсэн учир, ирээдүйд монголын өөрсдийн монголч эрдэмтэд, тэр дээр эртний хүн улсын үеийн тухай бичгийн соёл Ази Европын олон улсын өдий төдий бичгийн дотор ганц нэг хуудас, ганц нэг бадаг мэтээр буй бүх зүйлийг хураан цуглуулж, нэгэн иж болгон монгол хэлээрээ орчуулган буулгаж, уг сурвалжийг нь заан, зан заншил, хэв ёс, идээ унд, хувцас хунар, гэр ахуй, ан гөрөө, мал маллах, нүүдэллэн аж төрөх уламжлал ёс, нүүдэлчний соёл, утга соёл, овог яс, гарал үндэс, бусад улсын соёлтой харилцаатай байсны гэрч баримт, цэргийн арга эрдэм, эвэршээл өвчин анагаах арга ёс зэргийн төрөл зүйлээр нь ялган салгаж, төрөл зүйлээр нь нэгтгэн, нэгэн бүрэн гүйцэд иж болговол, ганц монголоор барахгүй, хүн төрөлхтний соёл түүхийн судлалд гарын авлага болгох тун сонин юм монгол хэлнээ бүрдэж, дэлхийн олон улсын эрдэмтний лавлах сонин зүйл болох юм асан. Энэ тухай монголын энэтхэгч, төвөдөч, нангиадач, манжич нар, тэдгээр хэлнээс хэрэгтэй зүйлээ сонгон орчуулах хүчин чадал төгөлдөр байнам. Чингээд, грек-латин соёлын хүрээний хэл бичиг мэдэх хүн гараад ирэхэд, тэр хүрээний олон хэлнээс орчуулан нэмэрлэх эрдэмтэн залган үргэлжлэх цаг болж ирлээ. Өнгөрсөн зууны үед Банзарын Дорж гэдэг сүрхий эрдэмтэн хүн монгол үндэстнээс гарч, франц хэлнээс монголд шинэ үед анх удаа нангиадын Фасианы Энэтхэг орсон тэмдэглэлийг орчуулсан нь, хойчийн монголч эрдэмтний хийх нэгэн зүйлийн чухал эл ажлын үүсгэлийг бий болгосон билээ. Гагцхүү, тэр орчуулга нь Казани их сургуулийн байшин барилгад гал гарсан үес үрэгдсэн бололтой гэхэд нь манай хүрээлэнд нэгэн хувь хуулбарыг нь Банзарын Доржийн нутгаас олж авсан. Манай нэгэн төвөдөч эрдэмтэн, түүнийг нэгэн зохиолдоо хэрэглэж байгаа гэж байсан билээ.
Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн дэлхийд нэрт их эрдэмтэн Ольденбург, манай хүрээлэнгийн төлөөлөгчид, тийнхүү дөч гаруй жилийн өмнө монголын судлалыг хөгжүүлэх хэтийн их ажлын тухай ийнхүү сайхан санал солилцож, ажил дээрээ төсөл төлөвлөгөөндөө тусгалцан, тэр дээр цагаас хамтран ажиллах явдлыг хэрэг дээр биелүүлж, их хол хэтийн хараатай байсны нь одоо санахад сайхан бөгөөд, монгол ардын соёлын түүх зэргийг судлахад тун чухал болох олон улсын бичиг үсгийн чухал баримт зүйлийг монгол хэлнээ ийнхүү нэгтгэн бий болгоход, юуны өмнө нийгэмлэгийг судалдаг ухаан болох хэлний шинжлэл, хэл бичиг, утга судлалын хүмүүс, эл чухал үүргийг гүйцэтгэх ёстой болж байгааг энд дурдалтай санагдаж, тэр үүсгэлийг нь дөчин хэдэн жилийн өмнө манай эрдэмтэн, зөвлөлтийн эрдэмтэнтэй санал нийлэн үүсгэлцэж ирсэн уламжлалыг нь цаашид дорвитой залгамжлууштайг тэмдэглэлтэй санагдана.
Тэр учраас ч, Судар бичгийн хүрээлэнг Шинжлэх ухааны хүрээлэн гэж нэр ажлыг нь өргөтгөхөд анх зөвлөлтийн академитай ах дүүгийн барилдлагатай, харилцан эрдэм шинжилгээний ажилд холбоотой ирсэн тэр уламжлал хэвээр үргэлжилж, дорно дахины олон улсын соёлыг судлагч зөвлөлтийн нэрт эрдэмтэнтэй санал нийлэн хэтийн хөгжлийг бодсон бодол төслийн залгамжаа нь уламжилсаар тул, тэр үед сайн гэж үзэж байсан Милаевын орос орчуулгаас Арван гутгаар зууны нэрт жуулчин Поло Маркийн тэмдэглэлийг монголоор үүсгэн орчуулж, Мин улсын үеийн тулгар бичгээс тэр үеийн монголчуудын цэргийн эрдэмд холбогдолтой Покотиловын орос орчуулга тэргүүтнийг монголчлуулж байсан байна. Эл орчуулгын зүйлийг тэр үед Хүрээлэнгийн дуун ухааны тасаг гүйцэтгэсээр иржээ. Тэр тасгаас одоо Шинжлэх ухааны хүрээлэнг Шинжлэх ухааны академи болоход одоогийн Хэл зохиолын хүрээлэн болж ирсэн хүрээлэнгийн утга судлалтан, дорно өрнийн хэлнээс эл дөчин илүү жилийн сайхан уламжлалтай бөгөөд зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн хоёр зуун жилийн ойн үеэр монголын шинжлэх ухааны төлөөлөгчдийн зөвлөлтийн нэрт хүмүүжүүлэгч эрдэмтэдтэй санал нийлэн зөвлөлдөж, хэтийн монголын судлалын хөгжлийг холч хараагаар бодон үүсгэсэн уламжлалыг залган үргэлжлүүлж, монгол хэлний тухай олон улсын эрдэмтний шинжлэл судлалын бичиг зохиолыг орчин үеийн монгол оюутан сэхээтний хүртээл болгон монгол болгох ажлыг явуулж байгаа үүнд, монгол ардынхаа соёлын түүх зэргийг сонирхон үзэх судлах, хүмүүст зориулан тэр сайхан үүсгэл уламжлалыг залган, ганц монгол хэлний төдийхнөөр явцууран хязгаарлагдахгүйгээр уудам их далайцыг нь бууруулахгүй ажиллавал сайхан аа гэж Октябрийн Нийгэм журамт их хувьсгалын тавин жилийн ойг тэмдэглэх гэж байгаа энэ жилд, анхнаас эхлэн зөвлөлт монгол хоёр улсын эрдэмтэд хэт холын хөгжлийн хараанд санаа бодол нэгтэй байсны нь тэмдэглэхэд сайхан санагдам.
Өрнө зүгийн хэл суран судалж байгаа сэхээтний тоо нэмэгдсээр буй үүнд, тэдгээр сэхээтний наанадаж сонирхон үзэж, цаанадаж, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн дөч гаруй жилийн сайхан уламжлалыг нь залгаж, монголоор орчуулах бичиг зохиолын онцгой сонин нэгийн тухай энэ Хэл зохиол гэдэг цуврал бичигт мэдээ шүүмж зэргийг гаргаж байх нь чухал гэж үзсэн учир, энд европын номын хэл болсон латин хэлээр ХIII-ХV зууны үед гарч байсан тулгар бичгийн зүйлээс соёлт монголын хэлнээ бусад улсын хэлнээ орчуулсантай адил орчуулах учиртай зохиолоос хоёрын зэргийг ойрмог үес гадаадад нийтэлснийг нь дурдсуу.
Үүний нэг нь хэмээвээс, дэлхийн олон улсын дунд нэр гарсан План Карпин гэдэг христосын гэлэн, 1245 онд Ром католик шашны Номунхан Дөрөвдүгээр Иннокентээс Лион хотноо болсон шашны их хурлын шийдвэрээр Монгол газар элчээр томилогдоод, Монголын түүх гэж латинаар Ystoria Моngolorum гэдэг ном бичсэнийг Францад 1965 онд урьдах хэдэн орчуулган дээр дахин шинэ орчуулга хийж, өмнөхийн олон орчуулгад ороогүй бөгөөд сүүлийн үес олон газрын ном судар, сүм дуган дотроос олдсон, тэр План Карпины ойролцоо үеийн сонин зураг зэргийг хавсарган, өнгөт буюу хар цагаан зураг болгон гаргасан нь, тэр үеийн европчууд, мөнхүү үеийн монголчуудыг ном зохиолоос сэдэн, өөрийнхөө сэтгэлд орсноор яаж дүрсэлж байсныг харуулан гаргасан нь одоогийн үзэгчид сонин санагдах бөгөөд бас тэр үеийн газрын зураг зэргийг нийтэлсэн нь, тухайн үеийн европчууд, манай энэ дэлхийн тухай ямар хэмжээний мэдэцтэй байсныг соёлын түүхийн үүднээс үзэхэд сонин зүйл болно.
Урьдын европ хэлний олон орчуулгыг сайн латинч нар хийсэн боловч, нэгд уг зохиолын зарим үг үсэг тун битүүлэг учир, чухам санааг нь ухан таньж орчуулахад маш бэрхтэй зүйл цөөнгүйгээс болж, янз янзаар таан орчуулсаар ирсэн байжээ. Үүнд бас, уг зохиогч План Карпин бол, бас тэр өгүүлэн буй зүйлдээ оновчтой нэр хэрэглэж чадаагүй, урьд өмнө нь огт сонсоогүй, үзээгүй зүйлээ үзэн сонссон тул, учрыг нь өөрөө ухааран тунгааж чадаагүйн харгаагаар өгүүлэн нэрлэсэн нь нийцгүй зүйл цөөнгүй гармуй. Хоёрт, уг зохиолд нь гардаг дорно дахины олон хэлний нэрийн зүйлийг XIII зуунаас нааш хуулсаар ирсэн бичээч болон барч нар нь алдаж сунжруулсаар ирсэн зүйл цөөнгүй нь, заримдаа юу гэсний нь танихуйяа бэрх. Мөн хүний нэрийг таахуйяа бэрх болсон зүйл цөөнгүй байжээ. Эртний бичигт дамжсаар ийм болсон мадаг байдагт гайхах газаргүй: Хувьсгалаас өмнөх сургуулийн тухай саявтар манай архиваас гаргасан баримтын товхимол дотор, эмхэтгэгч нь монголдоо ануухан учир, дээр дурдсан Юань улсын судрын монгол орчуулагч эрдэмтний нэрийг их инхлэгтэй бичдэгийг тэр инхлэгийг нь Г гэж бодоод, Дандаа гэдэг нэрийг нь Дагдан болгож кирилл үсгээр буулган, хойч үеийн хүн тэр дэвтэрт гардаг Дагдан гэдэг нэрийг Дандаа гэх байх ёстойг энэ тэмдэглэл үзсэнээр танихгүй бол, архивын уг эхийг нь үзэхгүйгээр танихын аргагүй болгосон ганцхан жишээгээр дурдахад, өөр улсын өөр хэлийн нэрийг долоон зуун жилээс наашлан хуулсаар ирсэн латин үсгийн олон үеийн бичээч яаж хөглөснийг гайхах газаргүй. Латин хэл бичигт нэвтэрхий, сайн латинтай европ хүн, тийм зүйлийг засах аргагүй учир миний өгүүлэн буй шинэ орчуулгад орчуулагч Дом Беке гэдэг хүн, тийм битүүлэг газрыг нь яахин орчуулан залруулах зэргийг тусгайлан Монголын Нууц Товчоог сүрхий судалсан бөгөөд манай Судар бичгийн хүрээлэнгийн анхны гадаадын гишүүн байсан Пеллио агсны шавь Амби Луи профессортой хамжиж, учир нь сайн ухагдахгүй латин үг өгүүлбэрийг монголчуудын зан заншил зэргийг олон ном зохиолоос олж үзсэн хирийнхээ чадлаар танин оноохыг хичээн орчуулсан талаараа сонирхолтой болсон. Энэ тухайд урдын Ван ден Вингертын латинаас орчуулан нийтэлсэн дэвтрээс эрс ялгаатай шинэ засамжилсан орчуулга болжээ. Чингэхдээ, бас тэр Ван ден Вингер ламбугайн латинаас орчуулахдаа олж үзээгүй хоёр гурван латин бичмэл эх олж, хооронд нь нийлүүлэн шүүж үзсэн байна. Энэ шинэ орчуулгын арга нь, урьдахын олон орчуулгын аргаас ийнхүү утга судлалын талаар шинэ арга хэрэглэснээрээ, эртний латин тулгар бичгийг орчин үеийн франц бичгийн хэлэнд утга санааг нь давуутай сайн нягталж гаргасан бөгөөд, номын сүүлд эрдэм шинжилгээний зарчмаар тайлбар, бүгд хэлхээ зэргийг хавсарган гаргасан нь, зорчсон замын жагсаалтыг нь хүртэл, анх Лион хотоос 1245 оны 4 сарын 16-д Улаан өндөгний дүйцэн өдөр мордсон, мөн оны 2 сарын 23-д анх монголчуудын барааг нь харсан гэх зэргээр өдөр сарын жагсаалт тэмдэглэл хавсаргаж, тэмдэглэл тайлбар дотор План Карпин номд нь Соланги гэж гардаг улсын нэр хожим монголчууд солонгос гэж нэрлэдэг болсон улсын нэр, 1598 оны нангиад-монгол толинд Солонго гэж байдаг гэх зэргээр тайлж, План Карпины эд номд Хар хориноос үдийн газар байсан Шар орд гэдэгт 1246 оны 6 сарын 22-т хүрч ирсэн гэдгийг эл тэмдэглэлд тайлбарлахдаа, хааны өргөөг Шар орд гэж байсан бөгөөд Ижил мөрөнд байсан Бат Сайн ханы өргөөг мөн Шар орд гэж байсан учир, тэр нэрийг нь Алтан Орд гэж улсын нь нэр болгож нэрлэх болсон гэх зэргээр дурдсан үүнд, манай үед ч гэсэн, тэр эртний монгол уламжлал хэвээрээ залган ирж, Хүрээнд богд ханы Шар орд гэж байсан нэрийг эл эртний нэрийн уламжлал болохыг нэмэн дурдаж болно. Эл тэмдэглэлд бас чухам юу гэж оноон таниагүй нэрийн зүйлийг, “оноож олсонгүй” гэх зэргээр тэмдэглэсэн нь, манай монгол эрдэмтэд, тэр зүйлийг нь судлан үзвэл бас сонин бөгөөд, оноож олоогүйтэй нь олох гэж оролдоод үзэхэд сонин сэдэв гарч байгааг дурдалтай. Бүгд хэлхээнд ямар нэг, хэддүгээр талд байсны нь заажээ. Үзэхэд, эртний монголын бөөгийн шүтлэгийг одоогийнхтой харшуулан үзэхэд сонин зүйл План Карпины зохиолд гарч байгаа нь сонин: онгод гэдэг нэрнээ бүгд хэлхээнд эсгийгээр хийсэн онгод, торго бөсөөр хийсэн онгод, өвчтэй хүүхдийн өлгийгөөс зүүдэг онгод гэх зэргээр долоон зуун жилийн өмнө ямар онгод хэрэглэдэг байсныг судлахад сонин мэдээ буйг заасан үүнд тахидаг зүйл нь гэхэд, Нар, Сар, Гал, Газар, Ус гэж тэмдэглэсэн нь, План Карпин сүрхий ажсан байнам. Орчуулгад хавсаргасан зургийн зүйлд урд өмнө огт гараагүй зураг олны дотор. Мажарын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Лигети профессор, ХIV зууны хэдэн зураг гэрэл зургаар хуулан өгчээ. Австрийн улсын номын сангийн захирал Унтеркирхер доктор, армяны Хайтоны эртний бичмэл судраас монголын тухайт зургийн хуулбар өгч, Хутагт Францискийн дуганы тэргүүлэгч ламбугай Жианнини Антонио, Сютад Францискийн ёсны гэлэнгүүдийг цаазаар авсан нь гэдэг туурганы зурагт Лоранцетти Амброглио гэдэг зураач, тэр дээр үеийн нэгэн монгол элч, тэр цаазаар авах үес байлцаж байсныг дуганы туурганд зурсан зураг байгаагийн хуулбар өгч туслах зэргээр сонин сонин зураг анх удаа гаргаж, XIV-XV зууны үес европ нар, ХIII-XIV дүгээр зууны жуулчны амаар баримжаа болгож, дэлхийн зураг зурсныг сонин болгон хавсаргаж, тэр үед газарзүйн ямар мэдэцтэй байсныг жишин үзүүлжээ.
План Карпины Монголын түүх гэдэг эл ХIII зууны тулгар бичгийг орчин үеийн франц хэлэнд ийнхүү нямбайлж орчуулсан эл бичгээс монгол болговол таарах юм байна гэж тэмдэглүүштэй. Эл шинэ орчуулгын Франц нэр нь: Jean dе Рlаn Carрin, Нistoire des Mongols. Тrаduit et annote par Dom Jean Bequet еt par Louis Hambis. Libraitie d’Amerique et d’Orient. Adrien-Maisonneuve, Paris. 1965, 206 tal.
Мөн Францад 1965 онд Бичиг уран зохиолын хүрээлэнгээс Загалмайтны аяны түүхэнд холбогдолтой баримт бичиг нийтлүүлэн буй цувралд Ришар Жан профессор, Де Сен-Кентэн Симоны Татарын түүх гэдэг нэртэй латин хэлээр бичсэн нэгэн тулгар бичгийг нийтэлсэн нь, мөн дээрх План Карпины Монголын түүх гэдэгтэй ойр шадар үеийн тэмдэглэл болно. Татар гэсэн нь, тэр үеийн европ нар, өмнө зүг явсан монголчуудын урагшлуур ангид Татар овогтон явсан учир, цөмийu нь тэр анхны татар гэж явсан цэргийн овгоор нэрлэжээ. Жинхэнэ Татар овогт монголчууд одоо манай Буйр нуурын хавиар уугал татар нутагтаа оршсоор буйг дурдалтай.
Эл Сен-Кентэн Симон бол, христос шашны доминикийн ёсны гэлэн аж, Асцелин тэргүүтэй доминик гэлэг элчийн тоонд багталцаж, Монголд томилогдоод, 1247 онд монгол жанжин (европоор) генерал Байжу гэгчийн өргөөнд хоёр сар болсон бөгөөд, Ром католик шашны номун хаан ламтан, Монголд элч явуулахад, Асцелин гэдэг элчин лам, Шипр буюу Акраар дайрахдаа Грек жич Хутагт орон (Францаар Terrе Sаintе, оросоор мөн адил орчуулгатай Святая Земля гэж Христосын мэндэлсэн дагшин орон) тэргүүтнээр ном гачой тавьдаг доминик ёсны лам Сен-Кентэн Симоныг зориутлан дайран авч явсан нь, Симон гэлэг, тэр үед дорно зүгийнхний хэл мэддэг хүн байсан учир, элчийн тоонд оруулсан байх нь ээ. Уг нь Хутагтай орны Орислимын нэгэн хийдийн шавь байсан гэлэн ажээ.
Арван гуравдугаар зууны европынхон Монгол улсыг машид сонирхож, хаанаас гарч ирсэн улс вэ? Ямар зан заншилтай, яах санаа бодлоготой байгаа юм бол гэж тэр үеийн европын шашин төрийн томчуул учир байдлыг нь таних асан гэж, Ромын католик шашны Номун хаан лам нь, болдог бол, монголчуудыг Христосын шашин номд оруулж ашиглах асан гэж илээр бол элчин сайд, далдуур бол, монголын байдал бодлого юу болохыг заншлан мэдэж авах гэж оролдож байсны учраас, тэдгээр элчин лам нарын тэмдэглэлээс План Карпины тэмдэглэл, мөн энэ Сен-Кентэн Симоны тэмдэглэл, биеэр явж үзсэн хүний гэрч тэмдэг тул тун сонин зүйл болмуй. Үүнд сүүлчийн зохиол бол, эх бичиг дээр үед алдагдаад, бүтэн байх цагт нь ХIII зууны сүүлийн хэдэн латин гар бичмэл, 1473 онд Страсбург хотноо Ментелэн Жеани хэвлүүлсэн түүхийн толь – Speculum historiale гэдэг 32 дэвтэр Де Бовээ Винсений эмхэтгэл дотроос Карпин Симон хоёрын зохиолыг салаавчлан нийлүүлж эвлүүлсэн зүйлээс уг Карпины бичигтэй нь тулгаж, түүнд нийлэхгүй үг өгүүлбэр нь даруй эл Симоны уул зохиол болно гэж түүн аваад нэгэн дэвтэр болгон, үзэн судлах хүнд зориулан уг латин хэлээр нь нийтэлжээ. Симоны тийнхүү одоо үед бүрэн олдохгүй болсон зохиолын тоймыг ийнхүү шүүн босгосон нь, шинжлэх эрдэмтэнд сонин бөгөөд, манай монгол эрдэмтэн ч түүнийг судалж, учир тайлбарыг нь олох зүйлд хувь нэмрээ оруулж болох зүйл үзэгдэн байнам.
Хэтийн нэгэн цагт манай утга судлалтан, эл Симоны латин бичгийг монгол болгож, латинтай нь хадмал гаргавал ч бас сонин зүйл болно. Учир иймд арван гуравдугаар зууны монголын тухайд латин хэлний эл План Карпин, Сен-Кентэн Симоны энэ хоёр зохиолыг Карпины нь дээрх франц орчуулгаас нь монгол болгоход сонин сайхан орчуулга бий болж, түүнээс нь буулгавал, одоо дээр бусад хэлнээ байгаа орчуулгаас илүү сайн эх болохыг дурдалтай.
Sie haben 1 Text von gelesen Mongolisch Literatur.
Weiter - Манай Ардын Туульс - 6
  • Teile
  • Манай Ардын Туульс - 1
    Die Gesamtzahl der Wörter beträgt 3792
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1654
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 2
    Die Gesamtzahl der Wörter beträgt 3974
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1766
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 3
    Die Gesamtzahl der Wörter beträgt 3846
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1681
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 4
    Die Gesamtzahl der Wörter beträgt 4176
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1681
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 5
    Die Gesamtzahl der Wörter beträgt 4280
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1759
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 6
    Die Gesamtzahl der Wörter beträgt 3552
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1457
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 7
    Die Gesamtzahl der Wörter beträgt 4351
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1746
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 8
    Die Gesamtzahl der Wörter beträgt 4309
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 2004
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.
  • Манай Ардын Туульс - 9
    Die Gesamtzahl der Wörter beträgt 3056
    Die Gesamtzahl der eindeutigen Wörter beträgt 1537
    0.0 der Wörter gehören zu den 2000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 5000 häufigsten Wörtern
    0.0 der Wörter gehören zu den 8000 häufigsten Wörtern
    Jede Zeile stellt den Prozentsatz der Wörter pro 1000 häufigsten Wörter dar.